Халх судалгаа
Цуврал 1 - Халх түмний түүх
7651 1
Халх ястаны түүх нь Хүн үндэстний түүхийн ноён нуруу бөгөөд өнөөгийн түүх бичвэр дэх завхарлыг засах цорын ганц зам нь халх ястаны түүхийг сэрээх үйл. Өнөөгийн Монгол улсын хүн амын дийлэнх халх ястан өөрсдийнхөө агуу үүх түүхийг мэдэх, түүхэн үүргээ ухаарах үүрэгтэй.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Халх хүний дээдэс нь хэн болохыг, халх нутгын онцлог ба халхын дээдсийн овог аймгийн нэр яагаад хамгийн өндөр давмтамжтай солигддог тухай, халх гэх нэрний тайлбарыг, хамгийн дэвшилтэд аялга нь халх аялга болох тухай, халх хүний мөн чанар ба түүхэн үүргийг СИЭ та бүхэндээ Халх судалгаа цувралаар хүргэнэ.

Хүн үндэстэн

Хүн үндэстэн нь бусад үндэстэний адил дундын хэл, түүх, угсаа, соёл, газар устай бүлэг хүмүүс амой. СИЭ-ий суурь судалгаа нь Хүн үндэстний хэл, түүх, угсаа, соёл, газар усыг та бүхэндээ тайлбарлах хэмжээнд хүрэв. Ингээд Халх ястаны дээдэс ба тэдний товч түүх судалгааг та бүхэндээ хүргэе.

Халх ястаны дээдэс ба тэдний товч түүх

Хүннү гүрнийг үүсгэгч Моду жангараас (шаньюгаас) буюу нийтийн тооллоос урьд 234 оноос эхэлж өнөөг хүртэл дундаа хоёр зуу орчим жилийн “цоорхойтоогоор” Үтүгэн дэх Хүн үндэстний 2200 гаруй жилийн түүхэн үйл явдлыг он дараалуулж, зарим үеийг он алгасуулж эх сурвалжид бичжээ. Хүннү гэх нэр анх дурьдагдсан НТУ 318-оос Моду жангар хүртэлх нийт 84 орчим жилийн үйл явдал эх сурвалжид бүтэн бичигдээгүй ажээ.

Хүн үндэстний түүх Үтүгэнээр буюу халх ястаны дээдсээр бичигджээ. Энэ бол маргашгүй баримт. Манай бусад аль ч ястаны дээдсийн түүх халх ястаны дээдсийн түүх шиг бүрэн бичигдээгүй ажээ. 2300 орчим жил Хүн үндэстний хэл ижилсэлийг, түүх соёлых нь мөн чанарыг, гарал үүслийх нь дэс дарааг, газар усных нь дархлааг буюу нэг үгээр Хүн үндэстний ноён нурууг зөвхөн халх ястан ба тэдний дээдсийн түүхийг хөөж босгоно.

Халх ястаны дээдэс

Хүннү, Сяньби, Жужань, Түрэг, Уйгур, Их монгол төрийн түүхийг эх сурвалжаас судалсан мэдээллээ СИЭ “Хэл, түүх, археолог үгүүлсэн нийтлэлүүд” цувралаар https://sergelen.org/post/1308cfb7 та бүхэндээ бид хүргэвэй. Энэ удаа нэмэлт мэдээлэл хүргэнэ.

Хүннү төр

Хүн үндэстний Хүннү төрийг Ху янь, Лань, Шуй бо овогтоны дээдэс үүсгэсэн ажээ. V зуунд Фань Э-ийн Хожуу Хан улсын бичиг Өмнөд Хүннүгийн шастир номдоо Шуй лиан, Ху яан, Лань, Шуй бо, Чиу линь овог нь Хүннүгийн голлох овог гээн тэмдгэлжээ. Овог хэрхэн үүсч, хэрхэн салбарладаг тухай судалгааг “Овог. Айл. Аймаг. Улс. Ил” нийтлэлээр https://sergelen.org/post/c009ae60 бид та бүхэндээ хүргэвэй. Нэмэлт мэдээллийг хожим хүргэнэ.

Хүннү төрийн тухай “Түүхэн тэмдэглэл”, “Хан төрийн түүх”, “Хожуу Хан төрийн түүх”, “Давс төмрийн зөвлөлдөөн” гэх мэт олон баримт байгаа тул энэ удаа үүгээр өндөрлөе.

Үтүгэн дэх Сяньби төр НТ 97-234

Хожуу Хан улсын бичиг Ухуань, Сяньбийн шастирт Юн Юаны 永元 (НТ 97 он орчим) дунд үед Сяньби Хүннүг цохиж, Хүннүгийн жангар нь хойд зүг зугтан одож, Сяньби түүний газарт орж суув гээн тэмдэглэгджээ. Мөн уг шастиртаа Фань Э “Хүннүгийн үлдсэн угсаанууд арав илүү түмэн өрх байв. Бүгдээр өөрийгөө Сяньби хэмээцгээж, Сяньби түүнээс эхлээд аажим хүчирхэгжив” гэж бичжээ.

Дүгнэлт:

Арван түмэн өрх нь 100 000 өрх буюу 700 000 орчим хүн болно. Мал аж ахуйтны өрнө төвлөрөл Үсүнь дэх хүн амын тоог Бан Гу Баруун орны шастир номдоо “ Үсүнь улсын өрхийн тоо 120 000, хүн амын тоо 630 000” гэж бичжээ. Тэгэхээр нэг өрх Үсүнь улсад дунджаар 5 хүнтэй байжээ. Үтүгэн нь мал аж ахуйтны төв нутаг учир нэг өрхөд ноогдох хүн амын тоо илүү байх ёстой. Баримжаагаар 7 гээн авч болох болов уу. Тэгэхээр Үтүгэн дэх 700 000 орчим хүннү нэр Сяньбитэй нийлж, Сяньбийг хүчирхэг болгожээ. НТ-оос урьдах буюу НТУ 97 оны 700 мянга гэх тоо нь Үтүгэнд орших үе үеийн мал аж ахуйтны дундаж тооноос их доогуур үзүүлэлт ажээ. Учир нь НТУ 46-47 онд буюу Сяньбийд дагаар орохоос 50 жилийн урьд “Хүннүд он дарааллан ган, царцааны аюул нүүрлэж, хэдэн мянган ли газар хувхайрч, өвс мод бүгд хатаж, хүн мал өлсөж, өвчилж, их хагас нь үхэж дуусжээ” гэх баримт Хожуу Хан төрийн бичигт тэмдэглэгджээ. Хүннүчүүдийн өрхийн бага хагас нь буюу үлдэгдэл нь 100 000 өрх бол их хагас нь 100 000 дээш байх ёстой гээн тооцохоор тэдний өрхийн тоо 230 000 дээш, хүн амын тоо 1,6 саяас дээш орчим ажээ.

Анхаарах зүйл:

Барууны түүхчид Хүннү нэрийг Сяньбичууд хөөж нутгаас нь зайлуулсан гээн үздэг нь үнэнд нийцэхгүй болохыг СИЭ дээрх баримтаар нотлов. Дунху-гын хойчис Сяньби төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь хүннүчүүд ажээ. Нийтийн тооллоос урьдах 318 оноос нийтийн тооллын 234 он буюу нийт 552 жилийн турш Хүннүчүүд Үтүгэнээс хашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй ажээ.

Жужан (Ру ру) төр НТ 330 - 552 он

Битигч Вэй Шоу (506-572) Вэй төрийн түүхийг номдоо Шэлүн нь говийн өмнөөс цөөн хүммүүстэй ирж Тэлэ нарын нутгыг, дараа нь үлдэгдэл хүннүчүүдийн нутгыг эзэлж хүчтэй Жужаан төрийг үүсгэв гэж бичжээ.

Тэлэ (铁勒) буюу өндөр тэрэгтэн гэж хэн бэ?

Вэй төрийн бичигт “Гаоцзюй нь чиди угшлых байж таарна. Эхэлж тэд өөрсдийгөө дили, умарынхан тэднийг чилэ, Дунд оронд тэднийг гаоцзюй динлин (өндөр тэрэгтэн) гэнэ. Тэдний хэл нь хүннүгийн хэлтэй ерөнхийдөө ижил боловч жаал зөрүүтэй.” гээн тэмдэглэгджээ. Тэлэ нь Хүннүгийн жангарын охины хүү буюу зээ хүүгээс гаралтай. Тэдний аймаг нь Диш, Бяохэши, Хүлюйши, Цзэпиши, Хүгүш, Ицицзньши овгоос бүрдэнэ гэж уг номд бичжээ.

“Жангарын бага охин чонотой нөхцөж дундаас нь хүү төржээ. Тэдний үр хойчис үлэмж их болж тэд төр байгуулжээ. Тэд чоно шиг ульж уртын дуу дуулдаг нь ийм учиртай.” гэж тухайн үеийн домгийг Вэй Шоу уг номдоо бичжээ.

Вэй шу буюу Вэй төрийн бичигт Шэлүн умаршаа говийг гэтлэн өндөр тэрэгтний нутагт гүн цөмрөн тэдний олон овгуудыг өөртөө нэгтгэн Туул голын дэргэд суурьшив гээн тэмдэглэжээ. Тэгэхээр Шэлүн нь өнөөгийн Өмнөговь, Дундговь, Төв аймгийн нутагт орших тэлэчүүдийг хурааж, Туул голын савд суурьшсан ажээ.

Дараа нь Шэнлүн Орхон гол дээр Жибайцзи ахлагчтай үлдэгдэл хүннүчүүдийн аймгийг цохиж, тэднийг нэгтгэн өөрийгөө каган (хаан) гээн өргөмжилжээ гэх баримт Вэй төрийн бичигт оржээ.

Тэлэ ба Хүннү

Хожуу Хан төрийн бичиг номдоо Фань Э V зуунд “Шаньюгийн (жангарын) овог нь Шуй лиан ти, өөр овгоос Ху яан овог, Шуй бо овог, Чиу линь овог, Лань овог гэх дөрвөн овог нь улсынхаа нэр хүндтэй овгууд болно. Байнга жангартай ураглана. Ху яан овог нь зүүн, Лань овог, Шуй бо овог нь баруун...” гээн тэмдэглэжээ. Шуй лиан ти овог нь тухайн үеийн жангарын овог болохоос эртний бүх жангарын овог биш. Тэлэ нь тухайн үеийн жангарын зээ хүүгийн эзэмшил дэх хүн ам бөгөөд дээрх эх сурвалжид бичигдсэнээр нөлөө бүхий овгууд хоорондоо байнга ураглалдаг учир Тэлэгийн нутаг нь эртний нэгэн жангарын нутаг ажээ

Таван зуун жилийн хугацаанд нэгдмэл төрийг барьсан 22 жангар, умард төрийг барьсан 4 жангар, өмнөд төрийг барьсан 21 жангар түүхэнд тэмдэглэгджээ. Мал аж ахуйтны овгын зүй тогтлоор овог салбарлах тул бүх жангарууд нэг “уза ортой” (нэг хувь хүн дээдэстэй) ч өөр өөр овогт хамрагдах ёстой.

Тэлэ Хүннүгийн соёл нэг

Тэлэчүүдийн хэл нь хүннүгийн хэлтэй ерөнхийдөө ижил боловч жаал зөрүүтэй гэдэг нь өнөө халх аялга дотор аялгын жижиг зөрүү оршихтой ижил утга буй. Шэлүний хураасан уртын дуутай Тэлэчүүдийн нутаг нь өнөөгийн Дундговь, Төв аймгийн газар нутаг ажээ. Манай урлаг судлаачид уртын дуучдыг нутаг усаар нь судлаад Дундговь, Өвөрхангай аймгийг дамнасан уртын дууны нэгэн гол төвлөрлийг олж тогтоожээ.

Тэлэ нэр уртын дуу дуулдаг гээн Вэй төрийн бичигт бичигдсэн баримт манай урлаг судлаачдын судалгаатай газар усны хувьд таарч буй.

Фань Э Тэлэчүүд урдын дуу дуулдаг гэдэг нь Орхон гол дахь Хүннүчүүд уртын дуу үгүй гэх ухагдахуун огт биш. Уртын дуу нь Үсүнь дэх казах, киргиз, Анатоли дахь турк ард түмний дуулах соёлд үгүй учир тэд Хүннү, Тэлэчүүдийн үр хойчис биш ажээ.

Дүгнэлт:

Вэй төрд алба хааж байсан хүмүүсийн хойч Шэлүн нь цөөн хүмүүстэй өмнөөс говийг гэтлэн ирж Тэлэ, Хүннүгийн хойчсийг хураажээ. Вэй төрийн хүн ам хуучны Тэлэ аймаг, Хүннүгийн хойчсийн аймгийн хүн амаас иж бүрджээ.

Анхаарах зүйл:

Барууны түүхчид Үтүгэнд Сяньбичуудыг Жужан нар хөөсөн гэдэг нь түүхэн баримтаас ангид, мунаг (дэмий, логик холбоогүй) таамаг буй зэ. Нийтийн тооллоос урьдах 318 оноос нийтийн тооллын 552 он буюу нийт 870 жилийн турш Хүннүчүүд ба тэдний салбар Тэлэчүүд Үтүгэнээс хаашаа ч яваагүй ажээ.

Түрэг төр

Түрэг төр НТ 552-603 он, 683-742 он (Тан төрийн хур 603-683 он)

Түрэг төрийг үүсгэгч нь Ашна овогтон ажээ. Ашна овгыг үүсгэгчдийн дээдэс өнөөгийн Хакас (Абакан гол) нутгаас гарал үүсэлтэй. Тэд төрөө муу барьсан тул хөөгдөн Хөх нуурт очжээ. Хөх нуурт Ашна гэх овог үүсжээ. Энэ тухай Түрэг овогтоны тухай судалгааг та манай https://sergelen.org/post/9a07378e линкээс ухаарай.

Умард төрийн түүх Түрэг Тэлэ шастирт: “Вэй Тай У 太武帝 (424-452 он) хуанди нь Чи чү овогтныг мөхөөхөд (445 он) Ашна таван зуун өрх дагуулан Ру ру-д одов. Алтан уулын өвөрт суурьшин Ру ру-гийн төмөрчин болов. Алтан уул нь дуулга адил байдаг. Энгийн үгэнд дуулга нь түрг болж нэршив” гэж тэмдэглэжээ.

НТ 546 онд Түрэг аймаг Тэлэгийн зарим аймгийг эвдэж өөртөө түм илүү өрхийг (70 000 орчим хүнийг) буулган авжээ.

НТ 552 онд Түрэг аймаг нь Ру ру-г цохиж Түрэг төрийг үүсгэн байгуулжээ.

Битигч Ли Янь Шоу VI зуунд Умард төрийн түүх Түрэг Тэлэ номдоо “Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө далайгаас зүүншээ уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон аж. Ду Ло хэ голын хойгуур Пү Гү, Тун Ло, Вэй хэ, Ба е гү, Дян Ло бүгдээр Ай жин гэж нэрлэгдэнэ. Мэн чэн, То РҮ хэ, Жин ши, Хун Ху ше зэрэг олон овог буй. Цэрэгт морьдох эр хоёр түм буй. И у-гаас барууншаа Ян чэ-гээс хойшоо, Цагаан уулын хажууд Чи би, С-но, Н хэ, У ху, Чи гү, Е ши, Ю ни гү зэрэг буй. Цэрэгт морьдох эр хоёр түм буй. Алтан уулын баруун өмнө Шю ян то, Үи лэ до, Ши пань, Да чи зэрэг буй. Түмэн өнгөрүү цэрэгтэй. Кан го уулын хойд, А дэ шэ голын хажууд Хэ ши, Хэ жэ, Ба ху, Бин ган, Жу хай,Хэ би шу, Хэ цай сү, Ба е мо, Хэ да зэрэг буй. Цэрэгт морьдогчид гурван түм буй. Ду ни хай-н зүүн, баруунд Сү лэ жэ, Сан сү ян, Ме чү, Са ху зэрэг олон овог буй. Бараг найман мянга илүү байна. Фэй лин-гээс зүүнш Эн чү, Ан лан, Бэй ру, Жю ли, Фу вэн, Хун зэрэг буй. Бараг хоёр түмэн хүнтэй. Хойд далайн умард Дү ло зэрэг буй. Овгийн нэр нь зүйл бүрийн боловч бүгдийг нь Тэ лэ гэдэг. Ахлагчгүй, зүүн баруун хоёр түрэгт харъяалагдана. Нэгэн газар суудаггүй. Ус өвс даган нүүдэллэнэ. Онож намнахдаа сайн, өлөрхөж хэтэрхий шунана. Дээрэм тонуулаар амжиргаагаа тэтгэдэг. Тариалдаггүй. Үхэр ихтэй, адуу багатай” гэж бичжээ.

Дээрх баримтаас Тэлэчүүд цэрэгт морьдох 110 000 орчим хүнтэй гэдгийг бид мэдэв. Тэлэчүүдийн өрхийн тоог гаргахын тулд НТ I зуунд Бан Гу Баруун орны шастир номд гарсан нэгэн баримт бидэнд хэрэг болно. Уг номд “Үсүнь улс, их күнь-ми нь Үй-гү-чэн хотыг захирна. Түүнээс Чан-ань хүрэхэд найман мянга есөн зуун ли газар. Арван хоёр түмэн (120000) өрхтэй, жаран гурван түмэн (630 000) хүн амтай. Цэрэгт морьдох арван найман түм найман мянган найман зуун (188800) хүн бий” гэж тэмдэглэгджээ. Нэг өрхөд ногдох цэргийн тоог гаргахын тулд 120 000 өрхийг 188 800 цэрэгт хувааваас нэг цэрэгт 0,6 өрх буюу 3 өрхөөс 5 цэрэг гарч байна. Тэлэчүүдийн өрхийн тоо нь 66 мянга болж буй. Энд Үтүгэн дэх Түрэг их улсын дотор орших олон ястангуудаас хамгийн олон хүн амтай тэлэ ястаны хүн амын тоог Үсүнь улсын НТУ II зуунд хамрах бүх ястаных нь тоотой харьцуулж буйг ухагч та анзаарна уу.

Тэлэгийн (铁勒) тухай

Битигч Вэй Шоу (506—572) Вэй төрийн бичиг номдоо “Тэлэ нь жангарын зээ хүүгээс үүссэн аймаг”, битигч Ли Янь Шоу VI зуунд Умард төрийн түүх Түрэг Тэлэ номдоо “Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис”, битигч Лиу Шү X зуунд Хуучин Тан төрийн бичиг номдоо “Тэлэ нь хүннүгийн өөр удам” гэж бичжээ. Дээрх битигч нэр Хүннүгээс үүссэн нь Тэлэ, эсвэл дундын нэг овгоос Хүннүтэй хамт салаалсан нь Тэлэ гэх хоёр тайлбарыг хийжээ. Дээрх бичвэрээс Тэлэ Хүннү нэр нэг үндэстэн ажээ.

Хуучин Тан төрийн бичигт “Түрэгийн үеэс эхлэн хүчирхэгжин мандав. Тэлэгийн олон аймаг нь сарниж бутран харъяат олон өнчирч доройтов. У дэгийн үе (武德 618-626 он буюу Тан төрийн доор байх үеийн хэсэг) хүрээд Шө янь то, Чи би, Хуй хэ (уйгур), Ду бо, Гу ли гань, До лан гэ, Пу гу, Ба е гу (барга-буриад, хадан бичээст энэ үг бий), Тун ло, Хүн аймаг, Сы же, Ху шө, Ши жэ, А де, Бай ши зэрэг нь цөлийн (говийн) араар тархана... Тэдний ноёд түшмэд, цэргийн зэвсэг болон зан заншил нь Түрэгтэй ихэнхдээ адил” гэж оржээ.

Битигч Лиу Шү X зуунд “Тэлэчүүдийн зан заншил Түрэгтэй ихэнхдээ адил” гэж бичсэн бол битигч Ли Янь Шоу VI зуунд түргүүдийг “эртний Хүннү лугаа адил” гэж бичжээ.

Түрэг нь төрийг үүсгэгч Ашна овгынхан өнөөгийн Стамбулын туркын дээдэс биш гэдгийг Хүн үндэстэн монголчууд мах ясаараа мэдрэх ёстой.

Тайлбар: Хүн амын тоо

Таван түм долоон мянган буюу 66 000 өрхтэй тэлэчүүд Жужан төрийн доор байх үед Ашна овгыг Эсянь гэгч 500 өрхийг буюу тэлэчүүдийн өрхийн тооноос бараг зуун гуч дахин бага өрхийг 445 онд Алтан ууланд ачирж, Ру Ругын төмөрчин болжээ. 107 жилийн хойно буюу 552 онд Түрэг аймаг Үтүгэнд ирж, Жужаны (Ру ругын) Анагуай хааныг цохиж, төрөө байгуулжээ.

Дунд орны бичигт Хойд Түрэг гэж тэмдэглэгдэх Үтүгэн дэх Түрэг төрийн Хүн амын үнэмлэхүй дийлэнх нь Үтүгэний ууган ард Тэлэ нэр байжээ.

Анхаарах зүйл:

Барууны түүх судлаачид Түрэг нь Жужан төрийн бүх хүн амыг хөөсөн мэт ташаа бичнэ. Эх сурвалжид Түрэг Ай жин хаан Жужан төрийн Анагуай хааныг амиа хорлосны дараа хаанаар өргөмжлөгдсөн түүний авга ах Жэн Шү зи болон гурван мянган дагагчдыг орогнож байсан хотоос нь хотын эзэн Жоу Вэн ванаар гаргуулж, хаалганых нь гадна бүгдийг нь алсан баримт бий.

Түрэг төрийн хүн амын дийлэнх, Хүннүгийн хойчис Тэлэ нэр нийтийн тооллоос урьдах 318 оноос нийтийн тооллын 742 он хүртэл нийт 1060 жилийн турш Үтүгэнээс хаашаа ч яваагүй ажээ.

Баруун Түрэг 603-704 он

Битигч Лиу Шү X зуунд Хуучин Тан төрийн бичиг номынхоо Түрэгийн шастир, доод хэсэгт “Баруун Түрэг хойт Түрэгтэй дээдэс нэгтэй. Анх Мо ган болон Ша бэн ло хаан завсартай (салсан) учир хуваагдаж хоёр болов. Түүний улс нь даруй Үсүний хуучин газар нутаг болно. Зүүн тийш Түрэг улс (Үтүгэн дэх төр), баруун тийш Лэ жу хай далай (Каспийн тэнгис)... Тэдэнд Ду лу болон Гун ши ви, Гэ ло лу, Чу юуй, Чу ми И у зэрэг олон овог холбогджээ. Зан заншил нь Түрэгтэй адил. Ганцхан үг хэл нь жаахан зөрүүтэй…” гэж бичжээ.

Тэгэхээр Түрэг Мо ган хаан Үтүгэн дэх Ша бэн ло хаанаас салж Үсүний мал аж ахуйтан овог аймгийг хурааж, Баруун Түрэг төрийг байгуулжээ. Баруун Түрэг, Хойд Түрэг гэх нэршил нь Дунд Орны дотоод хэрэглээний нэршил гэдгийг анхаарна уу. Үсүнь дэх мал аж ахуйтны овог аймгийн нэрс Хүн үсэгт хадан бичээст яаж тэмдэглэгдсэнийг бид хожим та бүхэндээ хүргэнэ.

Өнөөгийн казак улсын эртний нэр нь 𐱅‏𐰈‏𐰼‏𐰏‏𐰾‏ – (Түргэс) ажээ. Үтүгэнээс Иртыш 𐰼‏𐱅‏𐰾‏ – (Эртс) мөрнийг гэтэлж очих нутаг нь өнөөгийн мал аж ахуйтан казах ард түмэн амой.

Тэнгэр уулын баруун бэлд орших киргиз ард түмнийг 𐰶‏𐰃‏𐰺‏𐰴‏𐰔‏ – (кырказ) гээн хадан бичээст тэмдэглэгджээ.

Баруун Түрэг төр 704 онд мөхжээ.

Баруун Түрэг төрийг Билгэ хааны дүү Мо чо хаан үгүй болгосон баримт

“Чу хунгийн оноос (688 он) хойш, арван овогт аймгийг Мо чо олон удаа халдан түрэмгийлсэнээр үхэж дуусав. Ху би ло-г дагасан нь зургаа долоон түмэн хүн байлаа. Дотор газар нүүв. Баруун Түрэгийн А ши на овог уг тасрав” гэж Хуучин Тан төрийн түүх номын Түргийн шастир доод хэсэгт бичигджээ. Энэ үйлийг Гол тигэн хүн үсэгт хадан бичээст мөн бичжээ.

Тайлбар:

603 онд Үсүнь газар усанд Баруун Түрэг төрийг байгуулагч Ашнаа овгын үлдэгсэд 704 онд Дунд орон руу зургаа долоон түмэн (60 000 - 70 000) хүнээ аваад нүүснээр Түрэг төр Үсүньд үгүй болов. 704 оноос хойш Түрэг гэх улс Үсүнь үүсээгүй, үүсэх боломж үгүй, мөн Түрэг төр шиг нөлөөтэй том төр Үсүньд үүсээгүй ажээ. 603 онд Үсүньд Түрэг төр үүсэхээс урьд уг нутагт аж төрж байсан Ду лу, Гун ши ви, Гэ ло лу, Чу юуй, Чу ми И у гэх овог аймгийн хойчсийг перс, арабын ертөнц 704 оноос хойш турк гэж ерөнхийлөн нэрлэх болжээ.

Үсүнь дэх киргиз, казак ард түмэн нь Үсүнь нутгын уугул ард түмэн амой. Анатолийд анх нүүж ирсэн турк ард түмний дээд овог нь Үсүнь нутгаас гаралтай бөгөөд тэд перс араб, грекүүдтэй хожим холилдон зүс царайгаа өөрчилсөн хүмүүс амой. Үүнийг Хүн үндэстэн өнөөгийн монголчууд заавал мэдэх ёстой.

Баруун Түрэг нь Стамбулын турк биш https://sergelen.org/post/a0ac4c82 тухай энэ линкээс ухаарай.

Уйгур төр 744-850

Үтүгэнд Түрэг төрд хүчин зүтгэж асан уйгур ард түмэн Түрэг төрийг мөхөөгөөгүй ажээ. 742 онд Түрэг төрийн зүүн шад цэрэглэж Түрэг Дэн ли хааныг дайрч алав. Зүүн шад өөрийгөө У су ми ши хаан гээн өргөмжилжээ. Энэ үед буюу 742 онд Билгэ хааны охин Да ло гүнж, А бо сы Же ли фа нар харьяат олноо дагуулан Тан төрийг дагажээ. Тэднийг Тан төрийн хуанди Хуа э асарт идээ будаагаар дайлсан баримт тэмдэглэгдэн үлджээ.

Уйгур Е ху түшмэл 744 онд Басмалыг ялж өөрийгөө Гу дө ло билэгч хаан гээн өргөмжилжээ. СИЭ-ий судалгаагаар Түрэг төрийн Зүүн шад Басмалтай хамт Түрэг Дэн ли хааныг дайлсан эсэх нь одоогоор тодорхойгүй буй. Уйгур төрийн Могой шинэ усны бичээст орших уйгур нь түрэг У су миш хааныг, Басмалыг ялсан тухай баримт нь Хуучин Тан төрийн бичиг, Шинэ Тан төрийн бичигт орших баримттай таарч буй.

Уйгур гэх хэн бэ?

Хуучин Тан төрийн бичигт “Уйгурын дээдэс нь Хүннүгийн Хойчис бөлгөө. Урьд Вэй улсын үед Те лэ аймаг гэсэн нэртэй байв. Гао чегийг (өндөр тэрэгтнийг) түшин, Түрэгт харьяалагдана. Тэлэ-д анх По гу, Ту ло, Хуй Хэ (Уйгур), Ба е гу (Барга), Гай ло бу байв. Сы жин гэж нэрлэж байгаад хожим Уйгур болсон ажээ ” гэж тэмдэглэгджээ.

Мал аж ахуйтны нийгэм байгууламжаар Сы жин нь овгын нэр, Уйгур нь аймгийн нэр болно.

Хуучин Тан төрийн бичигт Уйгур төрийг 744 онд үүсгэсэн Билэгч хаан биш, Үтүгэн дэх мал аж ахуйтан ард түмэн Тан төрийн хур байх (603-683 он) үеийн Үтүгэний мал аж ахуйтан Пуса (Бука) хааныг нэрэлжээ.

836 онд Уйгур төр үймж, уйгур Жун лу мо хэ жанжин Киргизын арван түмэн морьт цэргийг дагуулан ирээд Уйгар хотыг (Орд балгыг) эвдэж, уйгур хаан Са же лу угийг алжээ. Энэ мөчөөс олон уйгур аймаг таран бутаржээ. Энэ тухай СИЭ-ий Уйгур IX–XIII зуун судалгааг https://sergelen.org/post/3c33c490 энэ линкээс ухаарай.

Тайлбар:

Уйгур нь Хүннүгийн хойчис ажээ. Нийтийн тооллоос урьдах 318 оноос нийтийн тооллын 850 он хуртэл нийт 1116 жилийн турш Хүннүгийн хойчис Үтүгэн нутгаас хаашаа ч яваагүй ажээ.

Ляо төр 916–1125

Ляо төрийн түүхийг Юань төрөөс бичүүлсэн Ляо ши辽史 буюу Ляо төрийн түүх ном, Өмнөд Сун төрөөс бичүүлсэн Цзидан го жи ном байх бөгөөд уг номд Үтүгэн дэх мал аж ахуйтан ард түмэн Ляо төрийн мэдэлд байсан мэдээлэл үгүй ажээ. Дунд орны түүхчид Ляо төрийн тухай мэдээлэл үлдээсэн боловч Үтүгэн дэх мал аж ахуйтан ард түмний тухай мэдээлэл эс үлдээжээ. 200 орчим жилийн түүхийн цоорхой нь энэ үед хамаарана.

Их Монгол төр 1206 -1271 он

Уйгуртай холбоотой дараагийн чухал мэдээллийг Рашид-ад-Дин XIV зууны эхэнд Судрын чуулган номондоо : “Найманууд Чингис хаантай дайсагнахаас урьд, тэдний [найманы] хааныг Инанч-Билгэ Бугу хаан гэдэг байжээ. Инанч гэдэг үгний утга нь “үнэнч”, билгэ гэдэг үгний утга нь “том” (энд Рашид алджээ). Эрт урьд Бугу хаан маш том эзэн байсан, мөн нэг модноос гаралтай гэдгээ уйгур болон олон овгууд хүндэтгэн ярьдаг. Инанч билгэ Буку хаан үнэхээр хүндтэй эзэн байсан бөгөөд олон хөвүүнтэй байжээ. Том хүүг нь Бай-Бука (Баян Бугу) гэсэн нэртэй байжээ. Киданы эзэд түүнийг Ай-Ван гээд дууддаг нь тэдний хэлээр “хааны хүү” болно” гэж бичжээ. Найман, уйгур болон олон овгууд уйгарын Билгэ Бугу хаанаас гаралтай гэдгээ мэдэж байсныг Рашид ад Дин гэрчилжээ.

Хэрэйд, Найман нэг гаралтайг Найманы Гүрбэсү хатны үгээс бид мэдэв. Найман, хэрэйдийн тухай судалгааг https://sergelen.org/post/51d94d1c ликээс ухаарай.

Их Монгол төрийн хүн амын дийлэнх нь Хэрэйд, Найман аймаг болох тухай баримтыг Алтан дэвтэр түүхэн эх сурвалжаас хүргье.

Алтан дэвтэрт Найманы Даян хаан “энэ дорона чөэкэт (цөөхөд - цөөхөн) монгол буй кээкдэмүй” гэж үгүүлжээ. Монголчуудын хүн амын тоо Найман, Хэрэйдээс үлэмж бага ажээ.

Дүгнэлт:

Их Монгол төрийн хүн амын үлэмж хэсэг нь Хэрэйд, Найман улсын иргэд ажээ. Нийтийн тооллоос урьдах 318 оноос нийтийн тооллын 1271 он буюу нийт 1589 жилийн турш Хүннүгийн хойчис хэрэйд, найман Үтүгэнээс хаашаа ч яваагүй ажээ.

Умард Юань төр. Батмөнх Даян хаан (1464-1517)

Батмөнх Даян хаан тайж, чинсайн цолуудыг халж хүн амын дахин хувиарлалтыг хийжээ. Хуучны тайж, чинсайн цолуудыг хална гэдэг нь тэр цолтонгуудын доорх иргэдийг чөлөөлж дахин хувирлалт хийх үйл ажээ. Ийм хүн амын дахин хувиарлалтыг НТУ III зуунд Модун жангар хийж 24 засаг захиргааны нэгжтэй болсон, НТ IV зуунд Шэлүн ийм засаг захиргааны өөрчлөлтийг хийсэн, НТ XIII зуунд Хэрэйд улсыг хураасны дараа хүн амын дахин хувиарлалтыг Чингис хаан мөн хийжээ.

Батмөнх Даян хааны хүн амын дахин хувиарлалтаас хэрэйд, найманы хойчис хүн амын дийлэнх “халх” гэх нэртэй болжээ. Халх гэх нэрний үндэс нь хал буюу кал гэсэн үйл үг бөгөөд “үлд” гэх утга агуулна. Зур гэдэг үйл үгэнд +г залгаж зураг гэдэг нэр үг гардаг шиг хал гэдэг үйл үгэнд +г залгаж халх гэдэг нэр үг үүсэж, дахин хувиарлалтаас үлдэгсэд гэх утга ажээ. Халх гэх үгийн “хал” үйл үндэс Бурхан Халдун гэх үгийн “хал” үйл үндэстэй нэг утга ажээ.

Дүгнэлт:

Нийтийн тооллоос урьдах 318 оноос хойш 1571 он хүртэл нийт 1889 жилийн турш Хүннүгийн хойчис халх түмэн Үтүгэнээс хаашаа ч яваагүй ажээ.

Өнөө нийтийн тооллын 2021 онд Монгол улсын хүн амын дийлэнх нь халх түмэн амой. Нийтийн тооллоос урьдах 318 оноос өнөөг хүртэл нийт 2339 жилийн турш Хүннүгийн хойчис халх түмэн Үтүгэндээ аж төрж амой. Халх түмний 2339 жилийн түүхийг СИЭ хөөн тогтоов.

Халх түмний хүн ам хамгийн их байдаг нь газар устай нь холбоотой, халх түмний нэршил эрт дээр үеэс өөрчлөгдөж ирсэн нь мал аж ахуйтны овог аймгийн мөн чанартай холбоотой, халх түмний хэл хамгийн баян, хамгийн дэвшилтэд байдаг нь Үтүгэнд төр үүсдэгтэй холбоотой амой.

Үргэлжлэл бий...

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
bilguun5rfk
4 долоо хоногийн өмнө · 122.201.31.185
Лүз