Болж буй, үргэлжлэх явц
Ш.Лувсанвандан тан Хүн хэлний үйлийн явц, цаг тээх үйлийг хоорондон хутган хольсоор үйлийн явцын утгыг бүдэгрүүлж, эзнийнхээ бие, тоог даган хувирах мөн чанарыг нь цаг тээх үйлээс салгаж, хүн хэлний нарийн дэг болох амин сүнсийг нь тасалжээ.
Үр дүнд нь өнөөгийн монголчууд зөвхөн үйл үгийнхээ үндсээр баримжаалан утга санаагаа хагас дутуу илэрхийлдэг болмой. Манай хүн хэлэнд нүүрлэх энэхүү гамшгийг хүн арддаа ухааруулан залруулахын тулд эдгээр цувралуудыг бид туурвиж сууна.
Болж буй, үргэлжлэх явц (“Болун үргэлжлэх явц” -ын шинжилсэн нэр нь болно. “Болун” үйл нь бодит хугацаат явц бөгөөд уг явцыг та бүхэндээ тайлбарлаагүй учир энэ удаа хуучин нэрээр нь уг явцыг дуудна).
Болж буй, үргэлжлэх явц нь VIII зууны хүн үсэгт хадан бичээст:
𐰋𐰃𐰼𐰚𐰃⁚𐰃𐰲𐰼𐰚𐰃⁚𐰖𐰺𐰞𐰴𐰑𐰸𐰃𐰤⁚𐰢𐰆𐰶𐰃⁚𐰃𐰲𐰚𐰓𐰜 ичэндүги (ичигдэх): муки (буух): йарлагдакын (зарлагдах +ын харьялах тя): ичэрхи (ичрэх): бирхи (барих) гэх мэт үйл үгсээр бичигджээ.
Өнөө Үтүгэн дэх халх аялгаар явах, ирэх, очих, одох гэх мэтээр яг VIII зууны хүн үсэгт хадан бичээс дэх аялгатай ижил үгүүлж байна. Бид хашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй гэдгийн баталгаа, нотолгоо нь манай хэлний аялганд ингэж оршино.
XIII зууны Эргүнэ аялгаар бичигдсэн Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид Болж буй, үргэлжлэх явц нь ақу (аах), шиңгэгү (шингэх), қарқу (гарах), асаулчақу (асуулцах), итқақу (итгах-болиулх), отқу (одох) гээн галиглагджээ. Тэмүжин, Жамух хоёрын нутгын аялгаар Болж буй, үргэлжлэх явц нь +қу, +гү, +кү гээр дуудагдаж байна. XIII зуунд төр барьсан Хамаг монголчуудын Эргүнэ аялгыг дагаж уйгур үсгээр Болж буй, үргэлжлэх явц ᠠᠬᠣ, ᠱᠢᠩᠬᠡᠬᠦ, ᠭᠠᠷᠠᠬᠣ, ᠠᠰᠠᠭᠣᠯᠴᠠᠬᠣ, ᠶᠠᠳᠠᠭᠠᠬᠤ, ᠣᠳᠬᠣ гэж бичигдэнэ.
Болж буй, үргэлжлэх явц нь болж буй хугацааг, мөн цаашид үргэлжлэх хугацааг заана. Үргэлжлэх төгс явцын араас болж буй, үргэлжлэх явц орвоос уг үйл нь тухайн үгүүлбэртээ гол утга санааг илэрхийлэх үйл болно. Болж буй болох явц нь үйлийн эзний (этгээдийн) үйлийг тодруулна. Болж буй болох явц нь бусад явцын нэгэн адил тийн ялгалаар ангилагдана. Болж буй, үргэлжлэх явц нь бусад явцын адил тийн ялгалаар ангилагдахгүй, цаг тээхгүй, мөн үйлийн эзний бие, тоог даган үл хувирна.
Ингээд дээрх тодорхойлолтод орших дөрвөн мөн чанарыг эх сурвалж дахь үгүүлбэр дээр шалган тулгая.
1. Болж буй, үргэлжлэх (Болун үргэлжлэх) хугацаа
Жишээ 1.
Кирил галиг: “Чи тэйин кү кэптэ үлү жаақу би...” (Алтан дэвтэр).
Бичиг шилжилт: “Чи тийн хү хэвт, үл заах би...” Алтан дэвтэр.
Тайлбар: Тэмүүжинг усны харгиа дор гэдрэг хэвтэж байхад Сорган Шар яг таарч, үзэж “…үл заах би…” гээн үгүүлжээ. Энэ нь одоо чамайг энд хэвтэхийг чинь би заахгүй, үргэлжлэн цаашид ч чамайг энд хэвтэхийг чинь заахгүй гэх утга. Тэгээхээр болж буй, үргэлжлэх явц гэдэг нь үүгээр батлагдаж байна.
Жишээ 2.
Кирил галиг: Жарақа эбүкэни “кэр итқақу чи?” кээн қойинача жидабар жо қутус қатқужуу.
Бичиг шилжилт: Жарга өвгөнийг “Хэр итках (болиулах) чи” гээн хойноос жадаар жо гутус хатгажээ.
Тайлбар: Үг зүй: итках – болж буй болох явц; итак үйл үг, үндэс, Алтан дэвтэрт уг үндэс 18 удаа орж, болиулах гэх утгыг тээнэ; +х болж буй болох явц.
Монгол хэлний их тайлбар тольд “ятгах-Бусдад юмны учир начир, хор холбогдол зэргийг ухуулан сэнхрүүлэх” гэх утгаар оржээ. Харин Алтан дэвтэрт тодорхой үйлийг нь болиулах гэх утгаар байна.
Тоотон Киртэ Жарга өвгөнийг нүүж бүй иргэдийн нүүх үйлийг болиулах үйл хийснийх нь төлөө “Хэр итках (болиулах) чи” гээн жадаар бага зэрэг хатгажээ. “Хэр итках чи” гэх шууд үгүүлэлд итгах нь одоо хугацаа, цааш үргэлжлэх хугацааг заана. Болж буй болох явц нь цаг заахгүй, хугацааг заана. Хүн хэлэнд хугацаа нь аль ч цагт оршино.
Жишээ 3.
Миний бие даруй дор ташуурыг аван шаламгайлан гарч, морин дээр мордсон боловч аль зүг до одох ба Чоно саарал ямар ертөнц дор оршиж байхыг огтхон ч мэдэх үгүй тул дэмий л мориныхоо хоёр чихийг ширтэн гайхаж нэлээд удав. (Д.Нацагдорж Морь эрэхээр одов)
Тайлбар: Уг үгүүлбэрийн цаг тээх үйл нь холбох хуучин цагт орших “удав”. Харин “одох”, “байхыг” (заах тийн ялгал), мэдэх үгүй гэх үйлс болж буй, үргэлжлэх явцаар дээрх үгүүлбэрт оржээ.
2. Үргэлжлэх төгс явцын араас болж буй, болох явц орвоос уг үйл нь гол үйл болно.
Жишээ:
Кирил галиг: Сөнид бүри чэвгэн шира хүүн гэрүн эрүкэ, дотоқайин гэгээр орожу, кээли мину билижү, гэгээн ину кээлитүр мину шиңгэгү бүлээ. (Алтан дэвтэр).
Бичиг шилжилт: Шөнөд бүр цэвгэн шар хүн гэрийн өрх доодохын гэгээр орж, хээлийг минь билж, гэгээн нь хээл дор минь шингэх билээ. (Алтан дэвтэр).
Тайлбар: Дээрх үгүүлбэрийн цаг тээх үйл “бүлээ” нь хуучин цагт оршино. Битигч уг үгүүлбэрт “орж” үйл, “билж” үйлийг үргэлжлэх төгс явцаар, “шингэх” үйлийг болж буй үргэлжлэх явцаар бичсэнээр шингэх үйлийг уг үгүүлбэрийн гол үйл болохыг тодруулав. Хэрэв “орж”, “билж”, “шингэж” гээн бичвээс онцолсон гол үйл үг үгүй, бүгд ижил дараалсан үйл болох байжээ.
3. Болж буй болох явц нь үйлийн эзний үйлийг тодруулна.
Жишээ 1:
Кирил галиг: Қарбисубан қажақу қасар ноқай мэтү... (Алтан дэвтэр).
Бичиг шилжилт: Харвисаан хазах хасар нохой мэт...(Алтан дэвтэр).
Тайлбар: Дээрх үгүүлбэрийн хэсэгт нохой гэх нэр үгийн үйл тодруулга нь хазах буюу “хазах нохой” гэх утгыг зааж байна.
Жишээ 2:
“…дарангуйлан захирах хатуу засгийг...” (Д.Нацагдорж “Залуучуудын үнэн”).
Тайлбар: засаг гэх нэр үг уг үгүүлбэрт засгийг гээн заах тийн ялгалд оршино. “Засгийг” гэх нэр үгийн үйл тодруулга нь “захирах” болж буй, үргэлжлэх явцаар илэрхийлэгдэж, “захирах засаг”, “захирах засгийг” гэх утга болно.
Жишээ 3
Гол тигэн хадан бичээс дэх Бага бичээсээс: 𐰆𐰞...𐰋𐰃𐰼𐰚𐰃⁚𐰆𐰍𐱁𐰢
Кирил галиг: Ул ... бирхи : угшм :
Бичиг шилжилт: ул...барих угшм, овогтонм
Тайлбар: Ул нь ул суурь буюу төрийн ул суурь гэх утга, угш нь хойч үе, нэг үгээр төр барих угшм гэх утга. Барих болж буй, үргэлжлэх явц.
Өнөө үйлийн эзний (этгээдийн) үйл тодруулгыг хэрхэн зөв хэрэглэх зөвлөмж:
Өнөө Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн гэх байгууллага бий. Шинжлэх ухааны академи гэх хуулийн этгээд бий. Уг хуулийн этгээдийн харьяанд Хэл зохиолын хүрээлэн гэж байна. Тийм учир ШУА-ийн гээн харьяалалаар нь тодотгох нь зөв. Харин Хэл зохиол гэх субъект нь хуулийн этгээд биш тул Хэл зохиолын гэх харьяалалаар нь үл тодотгож, зөвхөн үйлээр нь тодруулах ёстой. Хэл судлах хүрээлэн. Зөв нэр нь ШУА-ийн Хэл судлах хүрээлэн болно. Хүн хэлнийхээ дэгээр сэтгэж сурцгаая.
4. Тийн ялгалаар ангилагдана
СИЭ-ий судалгаагаар Хүн хэл дэх үйлийн явц тийн ялгалаар ангилагдаж, хувирна. Цаг тээх үйл, үйл үгийн үндэс тийн ялгалаар үл ангилагдана.
Жишээ 1:
Гол тигэн хадан бичээс дэх Бага бичээсээс: 𐱅𐰭𐰼𐰃⁚𐰖𐰺𐰞𐰴𐰑𐰸𐰃𐰤⁚𐰈𐰲𐰈𐰤
Кирил үсэг: тэңри : йарлакдуқин : үчүн
Бичиг шилжилт: Тэнгэр зарлигдахын учир
Тайлбар:
Үг зүй: зарлигдахын – үйл үг, харьялах тийн ялгал; зар нэр үг, үндэс; +л үйл үг үүсгэгч; +г нэр үг үүсгэгч; +д үйл үг үүсгэгч; +х болж буй, үргэлжлэх явц; +н харьяалах тийн ялгал.
Жишээ 2:
…. Чоно саарал ямар ертөнц дор оршиж байхыг огтхон ч мэдэх үгүй тул дэмий л мориныхоо хоёр чихийг ширтэн гайхаж нэлээд удав. (Д.Нацагдорж “Морь эрэхээр одов”).
Тайлбар:
Үг зүй: байхыг - (болж буй, үргэлжлэх явц, заах тя); бай үйл үг, үндэс, гурван хэмжүүрт (урт, өргөн, өндөр) орших гэх утга, үйлийн эзэн нь заавал биет байна; +х болж буй, болох явц; +г заах тийн ялгал.
Уг явц тийн ялгалаар ангилагдаж, хувирна.
Жишээ 3:
Кирил галиг: Энэ манақар наран урқуқуйин урита ширқа ақтатан найман морит эүбэр һүлтэчү йоржипа. (Алтан дэвтэр).
Бичиг шилжилт: Энэ манагар наран ургахын урьд ширга актатан найман морьд үүгээр үлдэж зорчив. (Алтан дэвтэр).
Тайлбар:
Үг зүй: Ургахын - болж буй, үргэлжлэх явц; заах тийн ялгал; урга үйл үг, бий болох гэх ухагдахуун; +х болж буй, үргэлжлэх явц; + н харьяалах тийн ялгал.
Ингээд СИЭ Болж буй үргэлжлэх явцын чухал гээн тооцсон дөрвөн мөн чанарыг та бүхэндээ эх сурвалж дээр шалгаж, хүргэв. Дээрх дөрвөн мөн чанараас хамгийн чухал нь “болж буй, үргэлжлэх” хугацаа.
Болж буй, үргэлжлэх явц Орчин цагын гэх зохиомол хэлэнд хэрхэн ангилагдсаныг харцгаая.
Олон улсын монголч эрдэмтний VI их хуралд зориулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс 1992 онд гаргасан “Монгол хэл шинжлэл” товхимолд Л.Балдангын “Тодотгох холбох нөхцөлийн байрлалын тогтолцоо, найруулгын үүрэг” гэх нийтлэл оржээ.
Л.Балдан ямар конспект хуулбарласнаа нийтлэлийнхээ эхэнд “Монгол хэлний тодотгон холбох нөхцөлийг эрдэмтэд эртнээс нааш нэлээд судалсан боловч өөр өөр саналтай байдаг билээ. Монголч эрдэмтэн О.Ковалевсий гч, сан сан, А.Бобровников –гч, -даг, -дэг, -сан, -сэн, -га, -гн, -ху, -хү, Н.Н.Поппе –гч, -даг, -дэг, -ху, -хү, -хуй, -хүй, -хун, -хүн, -га, -гэ, -сан, -сэн, Г.Д.Санжеев –ха, -хэ, -нхай, -нхой, -hан, -hен, -аа, -даг, -гша, -мал, -маар нөхцөлөөр хэлбэржсэн үгийг причастие, Ш.Лувсанвандан “Монгол хэлний зүй”...багтаажээ” гэж бичжээ.
Л.Балдангын нийтлэлийг эхийг Mongol_hel_shinjlel_Todotgon_holboh_nohtsol_byBaldan.pdf эндээс ухаарай.
Л.Балдан Болж буй, үргэлжлэх явцыг Тодотгон холбох нөхцөл гээн нэрэлж, дөрвөн шинжийг нь тодорхойлжээ.
“-х” нөхцөл
1. “-х” нөхцөлөөр хэлбэржсэн үгийг нэрийн өмнө бичвэл уг нэрийн ямар байдалтай болохыг тодотгох найруулын үүрэг гүйцэтгэнэ. Жишээлбэл: Алсын улирлыг авцгаах багачууд мөн өө бид бэлхэн ээ (Д.Н.), Чиний тормолзох нүд, инээмсэглэх ааш миний сэтгэлийг баярлуулав (Ц.Д).
СИЭ-ээс тайлбар: “байдалтай” гэх үгийнхээ утгыг үл мэдэх Л.Балдан утга зүйн буруу тодорхойлолтыг найруулжээ.
Ингээд байдал гэх үгийг Я.Цэвэлийн толиос, мөн Монгол хэлний их тайлбар толиос харцгаая.
Я.Цэвэлийн тольд Байдал – алваа юмны янз, дүр, төлөв.
Янз – овор, дүр, хэв, хэлбэр гэж Я.Цэвэл тодорхойлжээ.
Дүр – дүрс, царай, овор, байдал гэж Я.Цэвэл тодорхойлжээ.
Төлөв – юмны янз байдал гэж Я.Цэвэл тодорхойлжээ.
Монгол хэлний их тайлбар тольд:
Байдал - Байгаль, нийгэм, сэтгэхүйн юм үзэгдлийн дүр төлөв: гадаад байдал (гадаад төлөв, дүр төрх), дэлгэрэнгүй...
Байдал - [хэл шинжлэл] Тухайн цаг хугацаанд үйлийн болох шинж заах үйл үгийн ай;
Я.Цэвэл байдал гэх үгийг “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд гардаг “тал еэвэн” шиг тайлбарлажээ. Үг зүйд ийм тайлбар байх ёсгүй.
Монгол хэлний их тайлбар тольд “үйлийн болох шинж заах үйл үгий ай” гээн маш буруу тайлбарлажээ.
Байдал гэх үг бай (үйл үг, үндэс) + дал (үйлээс нэр үүсгэгч) гэж задарна. Явдал, суудал, нүүдэл, боодол гэх мэт үгс нь байдал гэх үгтэй ижил бүтэцтэй.
Алтан дэвтэрт “ütürün japutal” үдүрийн явдал, “hↄjjin irkenü japutal” ойн иргэний явдал гэж галиглагджээ. Йабу (яв) үйл үндэс Алтан дэвтэрт 163 удаа оржээ. Харин “бай” үйл үндэс Алтан дэвтэрт баййичу, баййижууй, баййи, баййипа гэх мэтээр 73 удаа галиглагдан оржээ. Байх гэх үйлийн үндэс, байлдах гэх үйлийн үндэс бай нь “баййи” гээн Алтан дэвтэрт ижил галиглагджээ.
Алтан дэвтэр дэх үгүүлбэрээс хоёр жишээ хүргье.
Тэмүжин үгүлэрүн: “нөкөр чи эндэ баййи...” кээпэ.
Шарга агтатан найман морид гэрийн дэргэд...баййижу… .
Дээрх хоёр үгүүлбэр дэх баййи (бай), баййижу (байж) хоёр үйлийн эзэн нь чи, морид гэх биет болно. Алтан дэвтэр орох “бай” үйл үндэс бүрийн үйлийн эзэн нь биет этгээд байна. Бай-үйл үг, үндэс, гурван хэмжүүрт (урт, өргөн, өндөр) орших гэх утга, үйлийн эзэн нь заавал биет байна.
Энэ бүхнийг их зохиолчийн бүтээл дээр шалгацгаая.
Ц.Нацагдоржийн 1926 оны “Улаанбаатараас Берлин хүртэл” бүтээлээс хоёр жишээ:
"Хараагийн өртөөнөө очоод ажиглан үзвээс
Газрын байдал уул ус жигдэлжүхүй”.
Байдал нь уул, ус буюу биет гэж их зохиолч тодотгожээ.
“СССР улсын хилд нэгэнт ормогч
Элдэв зүйл цөм гадаадын байдал болвой”.
Зүйл нь байдал гэж их зохиолч тодотгожээ. Зүйл нь үйл биш гэдгийг мөн анхаарна уу.
Я.Цэвэлийн тольд зүйл – юмны төрөл ялгал, анги аймаглал гэж тайлбарлажээ. Зүйл нь биет болно.
Мөн их зохиолчийн “Цэнхэрлэн харагдах” шүлгээс “байна” гэх үйлийн эзэн нь биет болохыг та ажаарай.
Орчин цагын гэх зохиомол хэлний нөхөд үгүүлбэрийг зөв задалж үл чадахаас гадна үгийн эх утгыг буруу тогтоож, буруу хэрэглэж байна. Байдал, баймж, өнгөрсөн цаг, ирээдүй цаг, дагавар, тусагдахуун гэх мэт олон үгсийн эх утгыг үл мэдэх нөхөд эдгээр үгсийг орчин цагын гэх зохиомол хэлдэн буруу хэрэглэж байна. Энэ тухай нийтлэл бэлтгэгдэж буй.
Ингээд манай Л.Балдангын “-х нөхцөлөөр хэлбэржсэн үгийг нэрийн өмнө (зөв нь эхэнд) бичвэл уг нэрийн ямар байдалтай болохыг тодотгох найруулгын үүрэг гүйцэтгэнэ”.
“авцгаах багачууд” гэх ухагдахуунд авцгаах үйл нь багачуудын хийх үйлийг тодруулахаас багачуудын байдлыг үл тодорхойлно. Тормолзох, инээмсэглэх үйл үгс нүд, аашны байдлыг тодруулахгүй, үйлийг тодруулна. Ааш нь биет бус учир байдал гэх үгэнд хэл зүйгээр хамаарах учир үгүй.
СИЭ-ий судалгаагаар уг явцын нэг мөн чанар нь үйлийн эзний буюу этгээдийн үйлийг тодруулна. Авцгаах багачууд, тормолзох нүд, инээмсгэлэх ааш нь бүгд үйлийн эзний болж буй, үргэлжлэх үйлийг тодруулж байна.
Инээмсгэлэх ааш (нүүр, хүн) гэж байх уу? Энэ нь семантик буюу утга зүйн асуулт.
“Улирлыг авч” болох уу? Жилийг авч болох уу? Энэ нь мөн семантик буюу утга зүйн асуулт учир энэ сэдвийг энэ удаа энд нь орхиё.
Л.Балдан ингэж бичжээ:
2. “-х” нөхцөлөөр хэлбэржсэн үгийн ард минь, чинь, нь уу, шиг зэргийг дагуулж хамаатуулах, асуух, адилтгах утга найруулгатай болгоно. Жишээлбэл: Уул ус тэгш бол жигүүртэн донгодох нь яруу (Д.Н). Шаналсан зүрх нь тайвшрах шиг болдог байжээ (Д.С). Үүл өөд нисэх үү? Уул өөд харайх уу? гэх шиг хүлэг минь тогтож ядан дүүхэлзэнэ (Д.С).
Алтан дэвтэрт
“Уйилақдақу чину усут олон кэтүлпэ. Тэбэрикү чину дабаат олон дабапа.” гэж оржээ.
Л.Балдан уг явцын мөн чанарыг биш бүх явцад орших шинжийг нь бичжээ.
3. “-х” нөхцөлөөр хэлбэржсэн үгийг ард гүй өмнө нь үл, эс-ийг оруулж, үгүйсгэх эсвэл үгүйсгэн батлах найруулгатай болгож болно. Жишээлбэл: Энэ хүлэг минь өтөлөхгүй ээ. Энэ хүлэг мин эцэхгүй ээ (Жан.Ш). Хоёр нүдээр үзсэнээ эс алдах вэ (М.А.А.З.Д.Б).
Энэ хэсэгт Л.Балданг шүүмлэх ганц л зүйл байна. Эс гэх үгүйсгэл болж буй, үргэлжлэх явцын эхэнд үл орно. Хоёр нүдээр үзсэнээ эс алдах вэ биш үл алдах вэ гэнэ. Энэ тухай Үйл үгүйсгэл “үл”, “эс” - Билгэ Тооныукук 1300 жил энэ линкээс ухаарай.
4. “-х” нөхцөлөөр хэлбэржсэн үгийг өгүүлбэрийн эцэст туслах үгтэй хамжуулан, батлан илэрхийлэх найруулгаар хэрэглэнэ. Жишээлбэл: Болор шил шиг тунгалаг усан байх юм (С.Д).
Энэ хэсэгт шүүмж үгүй.
Л.Балдан эх сурвалж судлахын оронд гадаадыхны конспект ухжээ.
Үр дүнд нь Л.Балдангын тодорхойлт байнд ч үгүй, банзанд ч үгүй болжээ. Болж буй, үргэлжлэх явцын хамгын чухал мөн чанар нь түүний хугацаа. Хугацаа, цаг гэх хоёр ухагдахууныг Л.Балдан холин хутгаж болж буй болох явцыг ирээдүй цаг гээн тодорхойлжээ. Энэ тухай нийтлэл хожим та бүхэндээ хүргэнэ.
Л.Балдан судалгааныхаа бай үгүүлбэрийг эх сурвалжаас авах ёстой байтал Ш.Лувсанвандангаар хэлээ эвдүүлсэн нөхдийн (үүнд эх зохиолч үл орно) бүтээлээс авч байна. Энэ нь буруу. Орчин цагын гэх зохиомол хэлний нөхөд манай хэлийг энэ мэтээр ихээр дампууруулж байна.
Энэ удаа “Болун үргэлжлэх” буюу Болж буй үргэлжлэх явцын мөн чанарыг СИЭ-ий судлаачид та бүхэндээ тайлбарлав.
Үргэлжлэл бий...