“Бүү” үйл хориглох үг нь VIII зууны хүн үсэгт хадан бичээст одоогоор илрээгүй, XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид 71 удаа орсон тул уг үг дорно умарын Эргүнэ аялгаас үүсэлтэй гэж СИЭ ТББ-ын судлаачид тодорхойлж байна.
Зөвхөн шууд үгүүлэх үед хэрэглэгддэг “бү” үйл хориглох үг нь үйл үгийн эхэнд орж, хойд үйлээ I бие, олон тоонд,, II бие, ганц ба олон тоонд орших этгээдээр хийлгэхийг хориглох утга илэрхийлнэ. Бү үйл үгүйсгэлийн хойноос орох үйл үг нь захирах өнгө, үргэлжлэх явц, бодит хугацаат явц, уриалах ирэх, заах ирэх цагт оршино.
Одоо дээрх тодорхойлолтын зөв эсэхийг эх сурвалжаар шалгая.
1. Үйлийн эзэн I бие, олон тоонд орших, шууд үгүүлэл үгүүлбэр: “Бороан бэр болуасу болжалдур, қура бэр болуасу қуралдур бү қожидайа” эсэү кээлтүлээй бида гэж Жамуух шууд үгүүлжээ. Уг үгүүлбэр нь “Бороон бэр (байх) болуасу болзал дор, хур бэр (байх) болуасу хурал дор бүү хожигдъё (уриалах ирэх цаг, I бие олон тоо)” эсэү (эс+ү давхар үгүйсгэл нь батлах үг болно) кээлтүлээй (хуучин цаг, үйлийн эзэн I бие, олон тоо) бид. “Бүү хожигдъё” гэх үйлийн эзэн нь бид (I бие, олон тоо) тул Жамуха хожигдах үйлийг өөрсдөдөө хориглож байна.
2. Үйлийн эзэн II бие, ганц тоонд орших, шууд үгүүлэл үгүүлбэр: “Намайи үчэпэ кээн күүнэ үзэктээсү үзэктэпэ кээн бү кэлэлэ” гэж Сорқан Шира Тэмүжинд шууд үгүүлжээ. Уг үгүүлбэр нь “Намайг үзэв гээн хүнээ үзэгдээсү үзэгдэв кээн бү хэлэл (хэл-нэр үг; +л үйл үг үүсгэгч)”, үйлийн эзэн нь II бие, ганц тоонд орших Тэмүжин. Сорқан Шира Тэмүжинийг өөртэй нь уулзсан тухай хэн нэгэнд хэлэх үйлийг хоригложээ.
3. Үйлийн эзэн II бие, олон тоонд орших, шууд үгүүлэл үгүүлбэр: “...Арқача, эдэни экэс көүти нунтуқтур гэжү нэвүткүн та бэр, бү абжу йабутқун” гэж Орбай, Соқатай жирин қатут Тарқутай Кирилтуқ, Тотоэн Киртэ тан нарт Өэлүн эхийн эхэс (насанд хүрэгч), хүүдийг (насанд хүрээгүй бага насныхан) авч нүүхийг хоригложээ.
“Бүү” үйл үгүйсгэл үгийн дээрх тодорхойлолт зөв болох нь эх сурвалжаар батлагдав.
Ингээд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүйн 2009 онд гаргасан “Монгол хэлний үгүйсгэх харилцаа түүний илрэх хэлбэрүүд” нийтлэл дэх судалгааг нягталцгаая.
Ж.Бат-Ирээдүй: “Бүү-энэ үг үйл үгийн өмнө гэхдээ голдуу захирах хэлбэртэй үйл үгийн өмнө тохиолдоно. Үгүүлбэр төгсгөхгүй” гэж “бүү” үгийн үндсэн үүргийг тодорхойлохын оронд тэр бидэнд оньсого үлдээжээ. “Хон хон дуутай хондлой дээрээ дэгээтэй” гэх энэ оньсого, Ж.Бат-Ирээдүйн өгсөн тодорхойлолт хоёрт шинжлэх ухааны үнэр үгүй.
Түүний жишээнд: “Гарах хүүгээр гал бүү түлүүл” гэж оржээ. Энэ нь хэн нэг нь нөгөөдөө шууд үгүүлж буй үйл. Гуравдагч этгээдэд “гарах хүнээр гал түлүүлэх ёсон үгүй” гэж хамааруулна.
Бүтүгэй санал, шийдэл, сэдэл хориглох үг.
“Бүтүгэй” санал, шийдэл, сэдэл хориглох үг нь VIII зууны хүн үсэгт хадан бичээст одоогоор илрээгүй, XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид 5 удаа орсон тул уг үг дорно умарын Эргүнэ аялгаас үүсэлтэй гэж СИЭ ТББ-ын судлаачид тодорхойлж байна.
Бүтүгэй нь зөвхөн харилцан ярианд (үгүүлэлд) хэрэглэгдэнэ. Хэн нэгнээс гарах шийдэл, сэдэл, саналыг хориглон, оронд нь илүү сайн шийдэл, сэдэл, санал хүргэх үед “бүтүкэй” хориглох үгийг хэрэглэнэ.
Одоо дээрх тодорхойлолтын зөв эсэхийг эх сурвалжаар шалгая.
Алтан дэвтэр 73-р хэсэг дэх кирил галиг:
1. Тэмүжин, Қасар қойар кэртүр ирэчү үчин экэтэ үгүлэрүн: "никэн кэкээн соқосун кэйки жауқсани Бэктэр, Бэлкүтэй ақа дэү қойара булижу абтаба ба” кээсү үжин экэ үгүлэрүн: "йэкүүжээй, ақа нар дэү нэр йэкин тэйин килтүмүй та. Сэүтэрэчэ бусу нөкөр үгэй, сэүнэчэ бусу жижуа үгэй буй бида Таййичиут ақа дэүйэйэн қашиу кэр абурақун бида кээжү бүкүйдүр эртэ Алан экэйин табун көүт мэтү йэкин эйэ үкэүн буй та. Бүтүгэй" кээпи.
Товч утга нь: Хамт дөрвүүл алсан (барьсан) сугас загасыг нь Бэхтэр, Бэлгүтэй хоёр булааж авав гэх хов үгийг Тэмүүжин, Хасар хоёр Өэлүн эхдээ хэлэхэд Өэлүн эх нь ах нар дүү нэрийн хооронд ийм үйл хийгдэх ёсгүй, Алан эхийн таван хүүд мэт эвтэй бай гэж хариулжээ. Энд Тэмүүжин, Хасар хоёр болсон үйлийг тайлбарлахад Өэлүн эх Бэхтэр, Бэлгүтэй хоёрыг үл буруутган, болсон үйл ах нар, дүү нарын дунд байх ёсгүй, оронд нь эвтэй байх гэх санааг хэлжээ.
Алтан дэвтэр 189-р хэсэг дэх латын галиг
...t'ajaŋ qan ükülerün: “ene tↄrↄna ʧ'o'ek'et' mↄŋqↄl puj k'e'ek'temüj. T'ete irken ot'okü jek'e ert'enü ǔaŋ qanni qↄrijarijan aju'ulʧu tajjiʧi'ulʧu ük'ü'ülpe. Eto'e mün qan pↄlsu k'e'en aqunu t'ete. T'eŋkeri te'ere naran sara qↄjar keret'en keke'en pↄltuqaj k'e'en naran sara qↄjar puj ʧe. Qaʧar te'ere qↄjar qat' k'er pↄlqu. Pita ↄt'ʧ'u t'etek'et' mↄŋqↄli apʧ'iraja” k'e'eʧü'üj. T'e'üntür ek'e inu kürpesü ükülerün: “jek'i'üʧe t'ete'eri mↄŋqↄl irken hünür mav'ut'an, qupʧ'asu parat'ut'an püle'ej. Aŋkita qↄlↄ püʧü, püt'ükej. ʃili'ün perinet' ok'iti anu maqa apʧ'ira'ulʧu qar k'ol anu uk'ija'ulʧu üni'et' qↄnintijan maqa sa'a'ulqun ele” k'e'eʧü'üj.
Товч утга нь: Энэ дорно зүгт цөөхөн монгол буй, очиж тэд монголчуудыг авчиръя гэх санааг Наймаан Таян хаан гаргахад эх Күрбэсү нь бүтүгэй, охидыг нь авчирч үнээ, хонио саалгах нь чухал гэж хариулжээ. Күрбэсү Таян хааны санааг хориглож ажил хийлгэх хүн авчирах нь илүү зөв гэх санааг хүргэжээ.
Яг ийм мэтээр “бүтүгэй” үг Алтан дэвтэрийн 131, 174, 242-р хэсэгт оржээ.
“Бүтүгэй” санал, шийдэл, сэдэл хориглох үгийн дээрх тодорхойлолт зөв болох нь эх сурвалжаар батлагдав.
Одоо “бүтүгэй” үгээ морфологоор нь задалцгаая.
Бүтүгэй нь бү+түгэй хоёр үгийн ижгүр; “бү” үйл хориглох үг, үйл үгийн эхэнд орж, хойд үйлээ I бие, олон тоонд орших, II бие, ганц, олон тоонд орших нэгнээр хийлгэхийг хориглох утга илэрхийлнэ; +түги үйл үг, үндэс, Диван Лугат толины 5961-т тука-дуусгасан, хийгдсэн, хангалттай байх; +эй заах ирэх цаг.
Тук үйл нь угын дуудлага, түг үйл нь үзийн дуудлага бөгөөд түг +с (нэр үг үүсгэгч) залгахаар “төгс” гэх үг үүснэ. Төгс бүтээл гэвэл бүрэн дуусгасан бүтээл, эсвэл уг бүтээлд орох иж бүрдэл нь бүрдсэн гэх утга.
Тук гэх үг VIII зууны хүн үсэгт хадан бичээст 𐱃𐰸𐰃𐱃𐰑𐰢 – (тукитдм) гэж оржээ. Тукитдм үгээ морфологоор задалцгаая.
Тукитдм үйл үг, хуучин цаг, үйлийн эзэн олон тоонд; тук үйл үг, үндэс, Диван Лугат толины 5961-т тука-дуусгасан, хийгдсэн, хангалттай байх; +т үйлд өртүүлэгч; +дм хуучин цаг, үйлийн эзэн олон тоо, халх, ойрд аялгаар +цым. Бичээс туктцым – бичээс дуусгагдцым.
Тугай, түгэй нь заах ирэх цагаар Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид өктүгэй, мэдэтүгэй, үжэтүгэй, оттуқай, болтуқай гэж оржээ.
XIII зууны Эргүнэ аялгат “бүтүгэй” үг нь Үтүгэнд төв аялгаар “битгий” болон нутагшив. Ийм аялгын зөрүү Шар тэнгисээс Каспийн тэнгис хүртлэх нутагт элбэг байна.
Ингээд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүйн 2009 онд гаргасан “Монгол хэлний үгүйсгэх харилцаа түүний илрэх хэлбэрүүд” нийтлэл дэх судалгааг нягталцгаая.
Ж. Бат-Ирээдүй: “Битгий энэ нөхцөл бол голдуу үйл үгийн захиар хэлбэрийн өмнө тохиодоно. Асуух үгүүлбэр болон үгүүлбэрийн бүрэн үгүйсгэл хэлбэрээр тохиолдоно” гэж тодорхойлт биш таавар бичжээ. Ж.Бат-Ирээдүй судлаач хүний нүдээр биш ажиглагч хүний нүдээр асуудалд өнгөц ханджээ.
Түүний авсан жишээ бүрд дүгнэлт хийе.
1. Гарах хүүгээр гал битгий түлүүл.
СИЭ-ий тайлбар: “Гарх хүүгээр гал бүү түлүүл”, бүү нь зөвхөн үйлийг хориглоно, битгий нь санал, сэдэл, шийдлийг хориглоно.
2. Зунд битгий суу, зуданд битгий сандар.
СИЭ-ий тайлбар: “Зунд бүү суу, зуданд бүү сандар”, бүү нь зөвхөн үйлийг хориглоно, битгий нь санал, сэдэл, шийдлийг хориглоно.
3. Дүү минь битгий ай, ах нь нэг ядарсан хүн байна гэж паргсан дуугаар хэлэхэд Хонгор жалга руу орж ойртон очив. (Ч.Лодойдамба “Тунгалаг Тамир”).
СИЭ-ий тайлбар: “Дүү минь бүү ай, ах нь нэг ядарсан хүн байна гэж паргсан дуугаар хэлэхэд Хонгор жалга руу орж ойртон очив”, бүү нь зөвхөн үйлийг хориглоно, битгий нь санал, сэдэл, шийдлийг хориглоно.
4. Та битгий биеэ барь, чөлөөтэй хөдөлж, ярьж хөөрч болно шүү дээ (Д.Батбаяр, Мөнхрөх хүсэл)
СИЭ-ий тайлбар: “Та бүү биеэ барь, чөлөөтэй хөдөлж, ярьж хөөрч болно шүү дээ”, бүү нь зөвхөн үйлийг хориглоно, битгий нь санал, сэдэл, шийдлийг хориглоно.
Ингээд СИЭ-ий судлаачид “битгий” үгийг зөв хэрэглэх зөвлөгөө та бүхэндээ хүргье.
Ерөнхийлөгчийн зөвлөх А: -Энэ жил Намын 100 жилийн түүхэн ой, наадмаа цахимаар хийх нь зүйтэй болов уу. Хийхгүй байж яахан болох билээ.
Ерөнхийлөгчийн зөвлөх Б: -Битгий. Хүн ардын маань сэтгэл санаа амар амгалан биш, өвчин зовлон газар авч байна. Одоо наадам хийх зай завсар гэж алга. Байдлыг намдтал хүлээе. Харж байгаад яахаа тогтох нь зөв.
Ийм мэтээр “битгий” хориглох үгийг ашиглана. Битгий гэх үгийг хэн нэгэн хэлэхэд араас нь илүү санал гарна гэх хүлээлт ярианд оролцож буй хүн бүрд үүсдэг юм байна.