ХАЛХ ТҮМНИЙ ДЭЭДЭС ХҮННҮГИЙН ХОЙЧИС
Монгол Улсын Хүн үндэстэн ард түмний ноён нурууг үнэн зөв сэрээхийн тулд халх түмний угсаа гарал, түүх, хэл зүйг судлан тогтоох ёстой.
6346 5

Энэхүү судалгааг битигч хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие халх ястан бөгөөд манай дээдэс Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны уугуул ажээ. Монгол Улсын Хүн үндэстэн ард түмний ноён нурууг үнэн зөв сэрээхийн тулд халх түмний угсаа гарал, түүх, хэл зүйг судлан тогтоох ёстой.

2020-р оны Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр: “Монгол Улсын хүн ам 3.296.866 болжээ. Монгол Улсын харьяат суурин хүн амын 83.8 хувийг халхууд эзэлж, урьдах тооллогоос 1.4 пунктээр өсөв. Нийт хүн амд казахуудын эзлэх хувь 3.1 болсноор халхуудын дараа оров. Харин дөрвөд, баяд, буриад угсаатнууд 2010 оноос буурсан байна.

1-р зураг

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын 91.2 хувийг халхууд, 2 хувийг дөрвөдүүд, 0.7 хувийг казахууд эзэлжээ” гэх баримтыг 2-р зургаас [хүснэгтээс] харна уу.

2-р зураг

Өнөө Монгол Улсын хүн амын 83,8 хувь буюу 2,762,773 халх түмэн өөрсдийнхөө гарал үүслийг зөв тодорхойлох үүрэгтэй. Халх түмэн түүх, угсаа, хэлнийхээ зүй тогтлыг мэдвээс түүх, хэлний олон төөрөгдөл засагдаж Монгол Улсын Хүн үндэстэн ард түмний түүхийн ноён нуруу тэгширч, өнөө цагт газар аван буй олон ташаа ойлголт хумигдсаар үнэн түүх сэрнэ. Үтүгэн буюу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын савд олон мянган жилээр нутагласаар буй үндэстэн XVI зууны эхэнд халх хэмээн нэрлэгджээ. Халх нь XVI зууны нэршил боловч уг нэрээр нэрлэгдсэн, өнөө хүртэл уг нэрийг тээсээр буй Үтүгэн нутгийн үндсэн ард түмний түүх XVI зуунаас огт эхлэхгүй гэдгийг Халх хүн Та ухаарна уу.

Биомедикал судалгаа нийтлэх эрх бүхий PubMed Сentral® байгууллагын цахим сэтгүүлд нийтэлсэн АНУ-ын анагаах ухааны салбарт ажиллах Uğur Hodoğlugil, Robert W. Mahley хоёр профессорын 2012 оны “Турк улсын хүн амын бүтэц ба тэдний генетик угсаа [өвөг дээдэс] нь Евроазийн хүн амтай холбогдоно” судалгаанаас, ОХУ-ын ШУА-ийн Сибир салбарын судлаачдын “Archaeological and Anthropological Sciences” сэтгүүлд гарсан “Эртний Төв Ази дахь мал аж ахуйтан хүннүчүүдийн митохондраль ДНК-г судалж, тэдний эм генийн сан нь төв Азийн орчин үеийн монгол хэлт хүн амынхтай машид ижил байгааг олж мэдсэн нь” судалгаанаас гарсан үр дүнг эх сурвалжаас олсон баримтад түшиглэн “СИЭ” ТББ-ын судлаачид халх түмэн яагаад Үтүгэн нутгийн үндсэн хүн ам буюу хүннүгийн хойчис болохыг тайлбарлана.

1-р ташаарал: ХАЛХУУДЫН ДЭЭДЭС ХЯТАДААС ГАРАЛ ҮҮСЭЛТЭЙ.

2012-р оны “Турк улсын хүн амын бүтэц ба тэдний генетик угсаа нь Евроазийн хүн амтай холбогдоно” судалгаандаа Uğur Hodoğlugil, Robert W. Mahley хоёр профессор дорно Азичууд болох Якут, Монгола (Монгол), умард Хань үндэстнүүдийн ген цул болохыг тогтоожээ.

3-р зураг. 3-р зургаас генийх нь бүтцийг харна уу.
4-р зураг. Дээрх Дорно Азийн гурван ард түмний байршлыг 4-р зургаас харна уу.

Монгола, умард Хань, Якут гурвын генийн бүтэц яагаад цул улаан өнгөөр будагдав? Энэхүү асуултын хариуг олохын тулд юун түрүүнд “Монгола” болон ”Хань, Умард хань” ухагдахуунуудыг нягталцгаая.

“МОНГОЛА” УХАГДАХУУН

Монгола (Mongola) нь испани, итали, латин хэлээр монгол гэх утгыг илэрхийлнэ. Монгол Улсын хүн амын 83.8 хувийг халхууд эзлэх тул Монгола гэх ухагдахууныг халх түмнээр бүрэн төлөөлүүлнэ. Халх түмний генийн бүтцийн 95 хувь нь умард Хань үндэстэнтэй ижил тул халх түмний дээдэс умард Хань үндэстнээс гаралтай гэх өнгөц ойлголт үүсжээ. Энэхүү генетик судалгааны үр дүн дэлхий даяар аль хэдийн тарж, дүгнэлтүүдийг нь олон судлаач ишилсээр байна. Харин Монгол Улсын хүн ам дээрх судалгаатай саяхан танилцсан тул зарим харийн судлаач биднийг умард Хань үндэстнээс гаралтай гэж тооцдог тухай ихэнх халхууд ойлголтгүй яваа билээ.

Халх түмэн өнө удаан оршин тогтнохын тулд умард Хань гэх ухагдахууныг бусад ард түмнээс илүү гүн мэдэх үүрэгтэй.

ХАНЬ ҮНДЭСТЭН БУЮУ ХАНЬ ЗУ (汉族 HÀNZÚ) НАР

Хань үндэстэн гэх өргөн ухагдахууны мөн чанарыг өнөөгийн халх түмний дийлэнх олонх мэдэхгүйн улмаас хятад гэх ганц үгээр 百姓Байсингүүдийг илэрхийлсээр байна. Хань үндэстэн гэх ухагдахууныг халх хүн бүр 百姓 Байсинг гэх утгаар нь зөв билрэх ёстой юм.

Хань үндэстэн 汉族 гэх ухагдахуун дахь хань 汉 дүрс үсэг нь Хань төр буюу Хань чао 汉朝 үгийн хань 汉 дүрс үсэг болно. Хань төр нь НОТ-оос урьдах 206-р оноос НОТ 220-р онд оршсон бөгөөд Дунд орны хоёрдахь эзэнт гүрэн ажээ. Дунд орны 1-р эзэнт гүрэн Цин төр нь НОТ-оос урьдах 221-р оноос НОТ 207-р оны хооронд буюу дөнгөж 14 жил оршин тогтножээ.

5-р зураг. Цин төрийн нэгтгэсэн газар нутгийг 5-р зургаас харна уу.
6-р зураг. 426 жил оршсон Хань төрийн газар нутгийг 6-р зургаас харна уу.

Дунд орон өөрсдийгөө 汉族 hànzú Хань үндэстэн гэж нэрлэсэн шалтгаан нь Хань төр Цинь төрөөс 30 дахин удаан оршсон бөгөөд илүү их газар нутаг эзэмшиж байсны учир болно. Хань төрөөс илүү өргөн газар нутаг эзэмшсэн дараагийн төр нь НОТ 618-р онд үүссэн Тан төр болно.

Хань үндэстэн нь 283 [энэ тоо байнга буурна] хэлтэй, өөр өөр угсаа гаралтай, үндэстнийхээ түүхийг үгүй болгуулсан, өөр өөрийн түүхэн нутагтай Шар тэнгисээс Кошгар [өнөөгийн Шинжаан буюу Шинэ хил гэх], Өмнөд далайгаас Цөлийн [Говийн] өмнөх нутагт аж төрөх 283 үндэстний нэгдэл болно. 283 үндэстэнг Дунд орны эртний түүх бичлэгт 百姓 Байсинг буюу “Зуун овогтон” гэж бичжээ. 百 – бай нь зуу; 姓 – синг нь овогтон, ард түмэн гэх утга болно. “Зуу” гэх ухагдахуунд нэг зуугаас 900 буюу 99 -өөс нэг мянгын хооронд орших “зуу” орсон бүх тоог илэрхийлнэ.

Сүүлийн жилүүдэд орос хэлний нөлөөгөөр бид зуу гэх ухагдахуунаар зөвхөн нэг зууг илэрхийлэх болов. Инжинаш “Хөх судар” номдоо “зуун хонь” биш “нэг зуун хонь”, Д.Нацагдорж “бүгд зуун арав болох” биш “бүгд нэгэн зуун арав болох” (110) гэж бичжээ. Мөн Дунд оронд зуу гэх ухагдахууныг ялгаагүй адил утгаар хэрэглэнэ. Тиймээс энэхүү “3уун овогтон”-д өнөөгийн 283 үндэстэн нь бүрэн харьяалагдана. “Зуун овогтон” ухагдахуунаар Дунд орны “Бүх овогтон”, “Бүх ард түмэн” хэмээх утгыг мөн илэрхийлнэ.

Танай ард түмэн ямар хэлтэй, ямар соёлтой, ямар аж ахуйтай байх нь огт чухал биш, авиат үсэг бичиггүй, зөвхөн ханз үсэг бичигтэй байх ёстой. Танай ард түмэн өөрийн түүхгүй байх ёстой. Хань үндэстний дундын түүхэнд танай ард түмний түүх захирагдах ёстой. Энэ нөхцөлийг хангаваас тухайн ард түмэн жинхэнэ “Хань үндэстэн”-д тооцогдоно.
Хань үндэстэнд тавигдах шаардлага:

ХАНЬ ҮНДЭСТНЭЭС ДУНД УЛС ҮНДЭСТЭН, ДУНД СОЁЛТ ҮНДЭСТЭН БОЛСОН НЬ

Хамгийн сайн түүх бичлэгтэй, 24 албан түүхтэй Дунд орны Байсинг сэхээтнүүд Ханьчууд нь зөвхөн умрын мал аж ахуйтан байж, хожим нь тариаланч болж, Хань төрийг үүсгэж, Байсингүүдийг хураасан ард түмний нэршил гэдгийг тодорхой мэдсээр буй. 汉族 hànzú буюу Хань үндэстэн гэх ухагдахуунд дийлэнх олонх Байсингүүд огт орохгүй гэдгээ тэд мэдсээр байна. “Хань” үндэстэн гэх ухагдахууныг залруулах түүхэн шаардлага Манж Чин төрийн төгсгөл үед үүсжээ.

7-р зураг. “Хань үндэстэн” гэх түүхэн ухагдахуунд орохгүй газар нутгийг 7-р зургаас харна уу.

1900-гаад оны эхэн үед Манж Чин төрийн сул удирдлагыг шүүмжлэгч олширч тэдний нэг Лианг Чи чао 梁啟超 (1873-1929) 1901-р онд “Хятадын түүхийн тухай үгүүлэх нь” хэмээх үгүүлэлдээ Хань үндэстэн гэх ухагдахууныг анх Дунд улс үндэстэн ард түмэн буюу Жун гуо минзү 中国民族 гэх ухагдахуунаар орлуулжээ. Дараа нь Лианг Чи Чао Дунд соёлт үндэстэн (Дундын хээнцэр үндэстэн, Дундын хөгжилт үндэстэн) буюу Жун хуа минзү 中华民族 гэх ухагдахууныг боловсруулжээ.

中 “Дунд” ухагдахуун нь дөрвөн далайн дунд орших ард түмэн гэх утга агуулна. Дунд соёлт үндэстэн 中华民族 гэх ухагдахуун нь, хамгийн товчоор Хятад буюу China гэх ерөнхий утгыг, мөн эртний Хань үндэстэн гэх ухагдахуунуудыг бүрэн орлохоос гадна, аль нэг төр барьсан үндэстний нэрээр нэрлэгдээгүй нь нийгэм журамт ёсонд ихэд нийцсэн хэмээн Байсингүүдэд их таалагдсанаар өнөө хүртэл Дунд орны төрийн хэллэгт өргөн хэрэглэгдэж буй юм.

8-р зураг. “Жун хуа минзү” ухагдахуун дор Дунд орны бүх Байсингүүдийг оруулах боломж үүссэнийг 8-р зургаас харна уу.

Халх түмний дийлэнх олонх маань эртний мал аж ахуйтан умард Хань гэх түүхэн ухагдахууныг Дунд орны 283 Байсингүүдээс ялгаж ойлгохгүйгээр өнөөг хүрвэй. Умард Хань гэх үндэстний генийн бүтэц халх, якут ард түмний генийн бүтэцтэй их ижил байгаа нь Дунд оронд Байсингүүд олон мянган жилийн хугацаанд хоорондоо маш бага холилдсоныг харуулж байна. Цөөн үгээр Дунд оронд орших тариаланч Байсингүүдийн гентэй умард Хань үндэстний ген олон мянган жилийн хугацаанд бараг холилдоогүй байна.

УМАРД ХАНЬЧУУДЫН ДЭЭДЭС

Умард Хань нь Дунд орны 283 үндэстний нэг нь бөгөөд газар зүйн хувьд эрт үедээ өнөөгийн Дунд орны газар орны хамгийн умардад орших мал аж ахуйтан гарал үүсэлтэй үндэстэн гэж тооцогдсоор байна.

Умард Хань үндэстний дээдэс Байсинг мөн үү?

Түүхэн бичлэгт буюу Сыма Цянь “Таван эзний тухай үндсэн бичлэг”-т, “Шя-гийн тухай үндсэн бичлэг”-т, “Инь-ийн тухай үндсэн бичлэг”-т, “Чжоу-гийн тухай үндсэн бичлэг”-т, “Циний тухай үндсэн бичлэг”-т Байсинг гэх ухагдахууныг хэрэглэхдээ өөрсдийгөө биш тариаланч ард түмнүүдийг заажээ. Харин НОТ-оос урьдах III зуунд Цинь төрийг үндэслэгч Цинь Ши хуанди “байсинг” ухагдахууныг “хар тэриүт буюу хар толгойт” ухагдахуунаар сольжээ.

Гол усыг номхотгох үйлээс урьд Дунд оронд Таван Ди буюу Таван Хуанди, Шя улс үүсжээ. Гол усыг номхотгох ажил Шя, Ин, Чжоу улсын үед хийгджээ. Дунд орны Байсингүүд гол усны үерээс ихэд айдаг учир гол усны ойролцоох үр өгөөж өндөр, нам газар тариалан эрхэлдэггүй ажээ. Таван хуанди-гийн төр нь мал аж ахуйтны төр байсан тухай нэгэн баримт: “Яо (эзэн) Шүнд нарийн даавуугаар хийсэн хувцас, цинь [хөгжмийн зэмсэг], саравч түүнд барьж, мөн хэдэн шар, хонь өгчээ” гэж бичжээ.

Шя улсын дунд үед есөн голын голдирлыг засжээ. Шя улс нь мал аж ахуйтан улс юм.

Сыма Цянь Түүхэн тэмдэглэл номынхоо 110-р бүлэгт буюу Хүннүгийн шастирт: “Хүннүгийн дээдэс Шя-гийн хойчис Чүньвэй хэмээдэг. Тан, Юй-гаас урьд Шань-рун 山戎, Шянь-юнь 獫允, Хүн-жоу 葷粥 гэдэг бүлгээ. Хойд газар нутаглаж мал сүргээ тууж нүүдэллэнэ. Мал агуурсанд нь голдуу адуу, үхэр, хонь буй. Хачин адгуусаас бөхт тэмээ, илжиг, луус, жижиг луус, тахь, хулан буй” гэж бичжээ. Дунд орны эртний түүхийг судлаагүй нөхөд Хүннү нь Шя-гаас гаралтай учир хятад гэх нөхөд цөөнгүй бий. Шя улс нь мал аж ахуйтны төр болно. Сыма Цяни “Тан-гаас урьд, 禹 Юй-гаас урьд” гэдэг нь Шан төрийг үүсгэгч 成湯 Чен Тангаас урьд , Ся Төрийг үүсгэгч 禹 Яогаас урьд гэх утгаар үгүүлжээ. Сыма Цянь хоёргүй утгаар Хүннүчүүдийн дээдсийг Шань-рун 山戎, Шянь-юнь 獫允, Хүн-жоу 葷粥 гэдэг, тэд Хойд газар нутаглаж мал сүргээ тууж нүүдэллэнэ гэж бичжээ. Энэ бүгдээс Шя улс нь мал аж ахуйтан улс гэдэг нь бүр тодорхой болж байна.

Гол усыг Чжоу төрийн үед бүрэн номхотгожээ. Чжоу гэх мал аж ахуйтан төрийг үүсгэгчийн тухай Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл” номынхоо эртний түүх хэсэгт Чжоу төрийг үүсгэгчид мал аж ахуйтан байсан тухай баримтыг: “Хоу-цзи өөд болоход оронд нь хүү Бу-ку нь суужээ. Буку газар боловсруулах ажилд муу тул халагдаж, рун [мал аж ахуйтан] болон ди-гийн [мал аж ахуйтан] нутаг руу зугтжээ. Бу-ку-гийн хүү Цзюй, Цзюй-гийн хүү Гүн-лю нь мал аж ахуйтан жун болон ди-гийн нутгаас буцан ирж газар боловсруулах болов. Байсингүүдээс Гүн-лю-г дагах хүмүүс олон байв. Чжоу эрхэм нэртнийхэн мандаж эхлэв” гэж бичжээ. Чжоу төрийг үүсгэгч мал аж ахуйтан Гүн-лю тариаланч Гүн-лю болсныг хоёргүй санаагаар дээрх баримтад бичжээ.

Түүхэн бичлэгээс умард Хань ард түмний дээдэс мал аж ахуйтан бөгөөд Дунд орны Эртний төрт улсуудыг үүсгэж, байсингүүдийг удирдаж байжээ.

УМАРД ХАНЬ гэж хэн бэ?

Умард хань 北汉 гэж түүхэнд анх бичигдсэн нь НОТ 951-979-р онд Шанси мужид байгуулагдсан төрийн нэр болно.

9-р зураг. 9-р зургаас Умард хань төрийн байршлыг харна уу.

Шанси нь эртний мал аж ахуйтны нутаг болно. Гол усыг номхотгохоос урьд Таван эзэн, Шя, Шан, Чжоу төрүүд нь мал аж ахуйтны төр байсан тухай “СИЭ” ТББ-ын 2020-р онд нийтэлсэн Эртний түүх 1,2,3,4,5,6,7,8,9,10-ыг https://www.sergelen.org/post/68741dce линкээс ухаарай.

УМАРД ХАНЬЧУУД МАЛ АЖ АХУЙТНЫ ГЕНТЭЙ

Профессор Uğur Hodoğlugil, Robert W. Mahley нар судалгаандаа умард Хань гэх ухагдахуун доор Дунд орны умар нутаг болох Шанси 山西, Шэнси 陕西 мужид өнөө аж төрөх, эртний мал аж ахуйтан, хожим тариаланч болсон үндэстнийг бичжээ. Генетик судалгаагаар, умард Ханьчуудын генийн бүтэц Якут, Монгола ард түмний генийн бүтэцтэй ижил байгаа нь тэд мал аж ахуйтан гарал үүсэлтэй байсны учир болно. Нэг үгээр эрт үедээ Монгола, Якут, умард Хань ард түмний дээдэс мал аж ахуйтан ажээ.

Монгола, Якут ард түмэн ууган нутагтаа мал аж ахуйгаа эрхэлсээр XXI зуунтай золгосон бол умард Хань үндэстэн тариаланч ард түмнийг хурааж, хожим өөрсдөө тариаланч болсон ард түмэн болно. Тэгэхээр Монгола буюу өнөөгийн Халх түмэн, Якут ард түмэн тариаланч умард Хань үндэстнээс салбарлаж мал аж ахуйтан болсон ард түмэн биш, умард Хань үндэстэн нь мал аж ахуйтнаас тариаланч ард түмэн болжээ.

СИБИРИЙН СУДЛААЧДЫН ТӨӨРӨГДӨЛ

Оросын ШУА-ийн Сибирь салбарын Цитолог генетикийн хүрээлэн, Археолог этнографийн хүрээлэн дундын молекулын түвшинд палеогенетикийг судлах секторын удирдагч Александр Пилипенкогийн “Archaeological and Anthropological Sciences” сэтгүүлд гаргасан дээрх нийтлэлдээ, “Эртний хүннүчүүдийн митохондраль ДНК судалгаанаас Дунд орны суурин иргэншилт хүн амын генийн нөлөө хүннүгийн генфондод маш бага нөлөөлснийг олж тогтоолоо” гэж бичжээ.

Уг нийтлэлдээ Александр Пилипенко, түүхч Наталья Польсмак хоёр “Яагаад хүннүчүүдийн генд суурин иргэншилт [Дунд орны] хүн амын генийн нөлөө маш бага байна вэ? Яагаад археологийн өгөгдлүүд Дунд орны бичгэн эх сурвалжаас зөрүүтэй байна вэ?” гэх асуултыг гайхширан сөхжээ.

Дунд орны эртний түүх гэгдэх Таван эзэн, Шя, Шан, Чжоу төрийн гол аж ахуй нь мал аж ахуй байсныг, эдгээр нэн эртний түүх нь мал аж ахуйтан ард түмний түүх болохыг огт мэдээгүй, ийм төсөөлөлгүй Наталья Польсмак генетик судалгаа, түүх бичлэг хоёрт зөрүү байна гэх ташаа дүгнэлт гаргажээ.

10-р зураг. Гол усыг номхотгох үйлээс урьд Дунд оронд аж төрсөн мал аж ахуйтан, тариалан аж ахуйтны нутгийг 10-р зургаас харна уу.

Түүхч Наталья Польсмак:

“Хүннү гүрэн сэргэн мандалтынхаа үед Хань төртэй “Энх ургийн гэрээ”-тэй, удирдагч нар нь нэгнийгээ ах дүү гэж дуудаж байсан тухай Дунд орны түүхэн тэмдэглэлээс бид мэднэ. Дунд орны гүнжийг шаньюд (жангарт) гэргий болгож байжээ. Шанью (жангар) нар нийт дөрвөн хань гүнж авчээ. Хоёр гүнжийг нь Хүннү эзэнт гүрнийг үүсгэгч Модун авч, нэгийг нь түүний хүү, нөгөөг нь хамгийн сүүлд түүний ач НОТ-оос урьдах 135-р онд авчээ. НОТ-оос урьдах 35-р онд Хань төрийн 11-дэх эзэн хаан Юань-ди таван үзэсгэлэнт эмийг шаньюд хүргүүлжээ. Тэр татвар эмсээс нэгэн нь шаньюгийн хайрт гэргий болж, хүү төрүүлжээ. Энэ бүхнээс Хүннү төрийн дээдэс дотор бага хэмжээний Дунд орны цус байх учиртай гэж дүгнэжээ.

11-р зураг. Түүхч Наталья Польсмак

Генетигч Александр Пилипенко:

“Өөр нэг сонирхолтой асуудал нь хүннүчүүдтэй идэвхтэй харилцаатай байсан Дунд орны суурин иргэншилт хүн амын генийн нөлөө тэдэнд маш бага байна. Ястан [хаад болон хаадын угсааны] хүннүчүүдийн генфондын цаашдын судалгаа өөр үр дүнд хүргэх байх” гэж уг сэтгүүлд бичжээ.

12-р зураг. Генетигч Александр Пилипенко

Түүхч Наталья Польсмак зөвхөн шаньюгийн генд, мөн ястан хүннүчүүдийн генд заавал суурин иргэншилт хүн амын генийн нөлөө орох ёстой гэж үзжээ.

“СИЭ” ТББ-ын судлаачид түүх бичлэгт умард Ханьчуудтай зөвхөн жангар болон түүний төрөл хүмүүс энх ураг болж байснаас гадна жирийн хүннүчүүд умард Ханьчуудтай маш ихээр цус холилдож байсан баримтуудын зах зухаас дэлгэе.

Дунд орны түүх бичлэгийн эцэг хэмээх Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл” номынхоо “Хүннүгийн шастир” -т:

  • “НОТ-оос урьдах 177-р онд Хүннүгийн Баруун ван Шар мөрний өмнө хэсгээс ... хүн амыг олзлов”.
  • “НОТ-оос урьдах 166-р онд Хүннүгийн 140 000 морин цэрэг Чжаоно-г дайлж ...маш олон хүнийг олзлов”.
  • “НОТ-оос урьдах 159-р онд Хүннүгийн 30 000 морин цэрэг Шанцзюнь, 30 000 морин цэрэг Юньчжуныг дайлж ... маш олон хүнийг олзлов”

гэж бичжээ. Энэ үед Хань төр Хүннүд олзлогдсон хүнийнхээ тоог гаргаж чадаагүй юм байна.

Үүнээс хойш үед олзлогдсон хүмүүсийг тоог НОТ-оос урьдах 128-р онд анх 2000 хүн, дараа нь 1000 гаруй, дараа нь хэдэн мянган хүн; НОТ-оос урьдах 126-р оны зун нь 1000 гаруй хүн, намар нь 1000 гаруй хүн гэж бичжээ. Энд зөвхөн түрүү тооллын 177-126 оны үйлийг л оруулав. Хүннүчүүдэд мал аж ахуйд ажиллах хүн хүч хэрэгтэй тул умард хань иргэдийг ихээр олзолж, нутагтаа авчирж ажиллуулдаг ажээ.

13-р зураг. Ажиллах хүч олзолдог газар нутгийг 13-р зургаас харна уу.

Хүннүчүүд болон тэдний дээдэс хэзээ ч Байсинг буюу Тариаланчдын нутгаас ажиллах хүчин авдаггүй ажээ. Учир нь тэд хуурай, дөрвөн улиралтай Үтүгэн нутагт аж төрж чадахгүйгээс гадна, тэднийг бэлчээрийн мал аж ахуйд сургах үйл нь маш их зардалтай. Байсингүүдээс мань, и, цзяочжи, бэйфа, жун, сичжи, цзюйсоу, няои, хуайи, даои, саньмяо, юмяо, мяо гэх ард түмнийг мөн тэдний орших нутаг, эрхлэх аж ахуйг нь Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл” номдоо бичжээ. Эдгээр Байсингүүдээс Хүннүчүүд хүн амыг нь олзолсон түүхэн баримт ганц ч үгүй.

СУДЛААЧДЫН ТӨӨРӨГДЛИЙН МӨН ЧАНАР

Генетикч Александр Пилипенко, түүхч Наталья Польсмак хоёр эртний мал аж ахуйтан болох умард Хань гэх ард түмнийг Байсинг гэх тариалан аж ахуйтан ард түмнээс ялгаж салгаагүйн улмаас, түүхэн бичлэгийг гүйцэд судалж чадаагүйн улмаас генетик шинжилгээнийнхээ үр дүнг зөв тайлбарлаж эс чаджээ.

“Яагаад хүннүчүүдийн генд суурин иргэншилт [Дунд орны] хүн амын генийн нөлөө маш бага байна вэ?” гэх генетикч Александр Пилипенко, түүхч Наталья Польсмакын асуултад “СИЭ” ТББ-аас “Түүхч Наталья Польсмак умард Хань гэх ухагдахууны талаар огт ойлголтгүй учир, түүхэн судалгаа нь дутуу учир генетик судалгааныхаа үр дүнг зөв тайлбарлаж эс чадав” гэж хариулна.

Хүннүчүүдийн генд байсингүүдийн буюу суурин иргэншилт ард түмний ген байх учиргүйг бид түүхэн бичлэгээс баримт гарган нотолсон бол, генетикч Александр Пилипенкогийн дээр үгүүлэх генетик судалгааны үр дүн мөн үүнийг давхар батлав. “СИЭ” ТББ-ын эртний түүх бичлэгээс гаргасан судалгааны үр дүн ОХУ-ын ШУА-ийн Сибир салбарын генетик судалгааны үр дүнтэй 100 хувь таарч байна.

ХАЛХ ТҮМЭН ХҮННҮГИЙН ХОЙЧИС БОЛОХ ТУХАЙ ГЕНЕТИК СУДАЛГААН ДАХЬ БАРИМТУУД

Профессор Uğur Hodoğlugil, Robert W. Mahley хоёрын судалгаагаар Монгола (Халх түмэн) түмний генийн бүтэц Якут, умард Хань ард түмний генийн бүтэцтэй ижил байгаа нь дорно Ази нутгийн ууган ард түмэн болохыг баталж байна. Генетикч Александр Пилипенко хүннүчүүдийн генийн бүтцэд Дунд орны суурин иргэншилт хүн амын генийн нөлөө маш бага байна гэж бичсэн нь халх түмний дээдэс Хүннүчүүд болохыг баталсан үгүүлбэр болно. Үүнийгээ тайлбарлая. Умард Хань ард түмэнтэй түүхэн баримтаар олонтоо цус холилдсон Хүннү ард түмний генийн бүтцэд Дунд орны суурин иргэншилт Байсингүүдийн генийн нөлөө маш бага байсан нь умард Хань үндэстний генийн бүтэц, Хүннүчүүдийн генийн бүтэц ойролцоо байсны учир болно.

Халх түмний генийн бүтэц Якут, мал аж ахуйтан гаралтай умард Хань ард түмний генийн бүтэцтэй ойролцоо байгаа нь баримт. Мөн умард Ханьчуудтай олонтаа цус холилдсон Хүннүчүүдийн генийн бүтцэд суурин иргэншилт ард түмний генийн нөлөө маш бага байсан нь бас баримт. Тиймээс Халх түмний генийн бүтэц Хүннүчүүдийн генийн бүтэц нэг болно.

ХАЛХ ТҮМНИЙ УГСАА ГАРАЛ БУЮУ ХҮННҮЧҮҮДИЙН ХОЙЧИС ХЭРЭЙД, НАЙМАН, МЭРГЭД, БАРГУ...

Дунд орны түүх бичлэгт НОТ-оос урьдах 318-р оны үйл хэргийг үгүүлэх нэгэн хэсэгт анх Хүннү гэж дурдагджээ.

Жужан төрийн хүн амын үнэмлэхүй олонх нь хүннүчүүд байсныг, Түрэг төрийн хүн амын үнэмлэхүй олонх нь хүннүчүүдийн хойчис байсныг, Уйгур төрийн хүн амын үнэмлэхүй олонх нь уйгурчууд байсныг, уйгурчууд нь Хүннүгийн хойчис болохыг, Их Монгол төрийн хүн амын үнэмлэхүй олонх хэрэйд, найман, мэргэд, баргу Хүннүгийн хойчис болохыг түүхэн бичлэгээс хөдөлшгүй баримт цуглуулж та бүхэнд бид хүргэсэн билээ.

НОТ-оос урьдах 318-р оноос НОТ-ын 1311-р он (Хэрэйд, Найман, Мэргэд, Баргу ард түмний тухай дэлгэр мэдээлэлтэй “Судрын чуулган” бичигдэж дууссан он) буюу 1600 гаруй жилийн хугацаанд Үтүгэн нутагт Хүннүчүүдийн хойчис аж төрсөөр байжээ.

1600 жилийн хугацаанд Хүннүчүүд ба түүний хойчис Үтүгэн нутаг буюу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй нутгаас хаашаа ч яваагүй, уг нутагтаа солигдох олон төрийн доор аж төрсөөр байжээ. 1311-р оноос хойш өнөөг хүртэлх 713 жилийн хугацаанд Хүннүгийн хойчис буюу Хэрэйд, Найман, Мэргэд хаачив? Хүннүгийн хойчис 1206-р онд шинэ төрийнхөө хүн амын ээлжит босоо хуваарилалтад өртөөд Хэрэйд, Найман, Мэргэд нэрээ үгүй болгожээ.

ШИНЭ ТӨРИЙН ЭЭЛЖИТ БОСОО ХУВААРИЛАЛТ

XIII зуунд Хамаг монголчууд Хэрэйд, Найман, Мэргэдийг хураасны дараа хүн амыг нь шинэ төрийн ээлжит босоо хуваарилалтад оруулсныг “Алтан дэвтэр” буюу хожим “Монголын нууц товчоо”-ны 202-р зүйлд бичжээ. 1206-р он буюу барс жил Онон мөрний тэриүнэ шинэ төр үүсгэгчид хурж, Чингис каганд хаан цол өгч, Үтүгэний буюу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгийн үндсэн хүн амыг шинэ төрийн босоо хуваарилалтад оруулжээ.

Босоо хуваарилалт нь хуучин төрийн нум агшаагч эрчүүдийг нийгэм байгууламжаас нь буюу овог, аймгаас нь салгаж, нэг мянгат бүрээр багцлаад, тэдгээрээ арван нэг зуут бүрээр багцлаад мянгатын ноёд, зуутын ноёдыг томилж, тийнхүү хүн амаа хуваарилах нь шинэ төр бүрийн үйл болно. Өөрөөр хэлбэл, босоо хуваарилалт нь шинэ төр бүрээс зайлшгүй хийдэг удирдлагын аргачлал бөгөөд шинэ төрийн эзэн өөрийн янагуудад [дотны үнэнч хүмүүст] хураасан ард түмнээ хуваарилаад, тэднээр удирдуулах төрийн үйл болно. Босоо хуваарилалтын үр дүнд, шинэ төрийг үүсгэгч хаан шинэ улсаа өөрийн биеэр удирдаж буй мэт удирдаж чаддаг байжээ.

Өрхийг ямар ч хүн амын хуваарилалтаар задлахгүй. Босоо хуваарилалтын үр дүнд хуучин төрийн захиргаа үгүй болно. Хүн амын босоо хуваарилалтын үр дүнд төр захиргаа солигдох боловч ард түмэн эс солигдоно.

Хүннү, Жужан, Түрэг төрийн үед “Босоо хуваарилалт”-ыг буюу хүн амыг нэг мянгат, нэг зуут болгож хувиарласан түүхэн баримт эх сурвалжид бий. Үтүгэн дэх ард түмэн шинэ төр үүсэх бүрд хүн амын босоо хуваарилалтад ордог тул “дахин” гэх ухагдахууныг үүссэн шинэ төрд биш, Хүннүгийн хойчис Үтүгэний ард түмэнд хэрэглэв.

Их монгол төрийн хүн амын босоо хуваарилалт “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид маш тодорхой бичигджээ.

Их монгол төрийн мэдэлд орших Эсгий туургатан иргэдийг [цэрэгт морьдох эрсийг] нэг мянгат бүрээр 95 багц болгоод 89 ноёнд хуваарилжээ. Эдгээрээс 85 ноён бүрд нэг мянган нум агшаагчийг (иргэнийг), Алч хүргэнд 3 мянган нум агшаагчийг, Буту хүргэнд 2 мянган нум агшаагчийг, Алагуч дигит, Кури хүргэн хоёрт тус бүр 5000 иргэнийг [нум агшаачийг] хуваарилжээ. Алч хүргэн, Буту хүргэн, Алагуч дигит, Кури хүргэн хоёрт хуваарилсан нэг түмэн иргэд нь Үтүгэний хүн амд орохгүй. Үтүгэн дэх Хүннүгийн хойчис ард түмнээс 85 нэг мянгат үүсжээ.

14-р зураг

Хүн амын босоо хуваарилалтад Хүннү, Жужан, Түрэг, Уйгур, Их монгол төрийн төв, хүн амын нягтаршил хамгийн их, бэлчээрийн мал аж ахуйн өлгий нутаг, өнөөгийн халх түмний дээдсийн нутаг болох Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав үеэс үед өртөж байжээ.

1206-р оны хүн амын тоо нь 95 000 нум агшаагчийг тавд үржүүлэхээр (мал аж ахуйтан нум агшаагч иргэн болон хүн амын тооны харьцааг “СИЭ” эртний сурвалжаас 1:5 гэж гаргасан бөгөөд энэ тухай мэдээлэл хүргэсэн) 475 000 орчим болно.

Үтүгэн дэх ард түмний тоог нийт 95 000 нум агшаагчаас хонгирад, онгут, икирис, ойн иргэдийн тоог буюу 10 000 нум агшаагчийг хасаж гаргах бөгөөд энэ нь 85 000 нум агшаагч болно. 1206-р онд Хүннүгийн хойчис ард түмний тоо нь 425 000 болно. VII зуунд Түрэг төрийн үед Тэлэ ард түмний хүн амын тоо 550 000 байсныг доорх баримтаас харна уу.

“Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө далайгаас зүүншээ уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон ажээ. Ду Ло хэ (Туул) голын хойгуур Пү Гү, Тун Ло, Вэй хэ, Ба е гү (Баргу), Дян Ло бүгдээр Ай жин гэж нэрлэгдэнэ. Мэн чэн, То Рү хэ, Жин ши, Хун Ху ше зэрэг олон овог буй. Цэрэгт мордох эр хоёр түм бий. И у-гаас барууншаа Ян чэ-гээс хойшоо, Цагаан уулын хажууд Чи би, С-но, Н хэ, У ху, Чи гү, Е ши, Ю ни гү зэрэг буй. Цэрэгт морьдох эр хоёр түм буй. Алтан уулын баруун өмнө Шю ян то, Үи лэ до, Ши пань, Да чи зэрэг буй. Түмэн өнгөрүү цэрэгтэй. Кан го уулын хойд, А дэ шэ голын хажууд Хэ ши, Хэ жэ, Ба ху, Бин ган, Жу хай,Хэ би шу, Хэ цай сү, Ба е мо, Хэ да зэрэг буй. Цэрэгт морьдогчид гурван түм буй. Ду ни хай-н зүүн, баруунд Сү лэ жэ, Сан сү ян, Ме чү, Са ху зэрэг олон овог буй. Бараг найман мянга илүү байна. Фэй лин-гээс зүүнш Эн чү, Ан лан, Бэй ру, Жю ли, Фу вэн, Хун зэрэг буй. Бараг хоёр түмэн хүнтэй. Хойд далайн умард Дү ло зэрэг буй. Овгийн нэр нь зүйл бүрийн боловч бүгдийг нь Тэ лэ гэдэг. Ахлагчгүй, зүүн баруун хоёр түрэгт харьяалагдана. Нэгэн газар суудаггүй. Ус өвс даган нүүдэллэнэ. Онож намнахдаа сайн, өлөрхөж хэтэрхий шунана. Дээрэм тонуулаар амжиргаагаа тэтгэдэг. Тариалдаггүй. Үхэр ихтэй, адуу багатай” гэж “Умард төрийн түүх дэх Түрэг Тэлэ” шастирт бичжээ.

Нийт цэрэгт мордох эрсийн тоо арван нэгэн түм буюу нэг зуун арван мянган эрс тоологджээ. Нийт Тэлээчүүдийн тоо эмс, хөгшид, багасыг нэмэн оруулахаар 55 түм буюу 550 мянга орчим болно.

Халх хүн таны XIII зууны дээдэс, XIII зуунд үүссэн шинэ төрийн босоо хуваарилалтад орсон Хэрэйд, Найман, Мэргэд ард түмэн болно.

ЗАХИРГААГ НЬ ХАДГАЛЖ УДИРДАХ ТӨРИЙН АРГА БАРИЛ

Мал аж ахуйтан ард түмнээс шинэ төрдөө Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй нутгийн хүн ам босоо хуваарилалтад зайлшгүй өртдөг бол мал цөөн, хүн ам цөөн, эдийн засгийн чадамж доогуур хязгаар нутгийн ард түмний захиргааг нь хөндөхгүйгээр өөрийн удирдлагыг томилж захирдаг байжээ. Захиргааг нь хадгалж удирдах аргыг Түрэг төрийн үед хэрэглэж байсан баримт бий. Түрэг төр дорно зүгт орших Шивэйчүүдэд гурван тоотон түшмэл томилж, тэдний хүн ам, малын тоо, үйлдвэрлэх төмрийн хэмжээг авч, татвар тогтоож, цэрэгт эрчүүдийг нь татаж ажээ. Шинэ төр бүр алс орших, өөрийн онцлогтой, хүн ам цөөн ард түмнийг зардал, бэрхшээл бага, тодорхой үр өгөөжтэй захиргааг нь хадгалах аргаар удирддаг ажээ.

Захиргааг нь хадгалж удирдах төрийн үйлд овог, аймгийн бүтэц үл хөндөгдөнө. Үүний тод жишээ нь Баргу буюу Барга ард түмэн болно.

659-р оны “Умард төрийн түүх дэх Түрэг, Тэлэ” шастирт гарах Баргу (Барга) 拔野古, ард түмнийг “Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө далайгаас зүүншээ уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон аж. Ду Ло хэ (Туул) голын хойгуур Пү Гү, Тун Ло, Вэй хэ, 拔野古 Баргу, Дян Ло бүгдээр Ай жин гэж нэрлэгдэнэ.

945-р оны Хуучин Тан төрийн түүх Уйгурын шастирт “Уйгурын, дээдэс нь Хүннүгийн хойчис бөлгөө. Урьд Вэй улсын үед Те лэ аймаг гэсэн нэртэй байв. Тэ лэ-д анх По гу, Тун ло, Уйгур, 拔野古 Баргу, Гай ло бу байв. Сы жин гэж нэрлэж байгаад хожим Уйгур болсон ажээ”.

XIII зууны “Алтан дэвтэр”-т Баргун, Баргужин орон гэж гарна.

XIV зууны “Судрын чуулган” номд баргу овогтон Баргуджин токумд аж төрнө гэж бичжээ.

Өнөө XXI зуунд Баргужин тохомдоо үлдсэн барга ард түмэн аж төрсөөр байна.

ЗАХИРГААГ НЬ ХАДГАЛЖ УДИРДАХ ТӨРИЙН АРГА нь Үтүгэнд төр солигдох үед биш хаан солигдох үед бас хийгдэнэ.

ХҮННҮ ХЭЛ, ХАМАГ МОНГОЛ ХЭЛ

“СИЭ” ТББ-ын судлаачид Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав нутгийн ард түмний хэл Хамаг монголчуудын хэлээс өөр хэл болохыг хөдөлшгүй, эргэж буцалтгүйгээр баталсан билээ. Түрэг төрийн Тоонай укак, Көл тигэн, Билгэ хаан, Уйгур төрийн Тариат, Могой шинэ ус дахь хадан бичээс дэх үг зүй, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг нь өнөөгийн халх түмний хэл зүй юм.

Мөн Хан төрийн бичигт 180 орчим хүннү үгсийг хүннү дуудлага бүрээр ханз бичгээр бичжээ. Эдгээр үг нь Хан төрд /Дунд орны хэлд/ нэвтэрсэн зээллэг үгс бөгөөд “СИЭ” ТББ-аас уг үгсийг сэрээх үйл амжилттай явагдаж байна.

Номыг удахгүй гаргахаар бид төлөвлөж байна. Хүннү хэл, Хамаг монгол хэл өөр хэл болох тухай “СИЭ” ТББ-аас хөдлөшгүй баримтуудыг нийтэлж гаргасан тул энэхүү нийтлэлээ хэт урт болгохгүйн тулд хэлний хэсгийг үүгээр өндөрльё.

Халх хүн таны хэл Хүннү хэл болно.

ХАЛХ ХҮН ТАНД!

“СИЭ” ТББ-ын судлаачид Халх хүн танд, таны генийн бүтэц Үтүгэн нутгийн буюу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав нутгийн үндсэн ард түмний генийн бүтэц болохыг дээр дурдагдсан Америк, Орос судлаачдын хийсэн генетик судалгааны үр дүн, түүх бичлэг дэх баримт хоёрыг тулгаж, хөдөлшгүй нотолгоогоор тайлбарлав.

Халх хүн таны дээдэс, Халх хүн Та Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав нутагт НОТ-оос урьдах 318-р оноос өнөөг хүртэл аж төрсөөр буйг он дараалсан түүх бичлэгээс баримт сөхөн бид батлав. Хүн амын ээлжит босоо дахин хуваарилалтад олонтаа өртөж Хүннү, Тэлэ, Уйгур, Хэрэйд, Найман, Мэргэд нэрээр нэрлэгдэж, үеийн үед Үтүгэн нутагт оршсоор буй ард түмэн өнөө Монгол Улсын хүн амын 83,8 хувь болох 2,762,773 халхууд та бид болно.

Халх хүн таны дээдэс, Халх хүн Та, хамгаас их малтай, хамгаас их тариа будаатай, эсгий туургатан ард түмний үе үеийн төрийн түүхэн төв нутаг болох Үтүгэнд аж төрсөөр өнөөг хүрвэй.

Халх хүн Та, Халх хүн таны дээдэс хязгаар нутгын эсгий туургатан ястан бүртэй, мөн тэдний дээдэстэй үеэс үед буюу олон мянган жилийн хугацаанд тогтмол урагласны үр дүнд үүссэн ард түмэн болно. Халх хүн Та цөөнх ард түмэндээ хайртай, тэднийгээ гадуурхахгүй аж төрдөг нь хязгаар нутгийн олон ард түмний дундаас үүссэн Үтүгэний хүн ард болохоо далд генийнхээ түвшинд ухамсарладгийн учир болно.

Үндэстний эв нэгдэл үеэс үед Халх хүн таны дээдэс дээр тогтнож, өнөө Халх хүн та Үндэстнийнхээ эв нэгдлийг тээсээр явна.

Халх хүн Та бусад ястнаасаа олонх учир бид давуу эрхтэй гэж огтхон ч боддоггүй нь төрийн түвшин нурууг бүтэн байлгах, ястан хоорондын эв нэгдлээ хадгалах түүхэн үүргээ өвөг дээдсийн адил нэр хүндтэйгээр тээсээр буйн учир болно.

Халх хүн таны XIII зууны дээдсийн Их хаан нь эзэн Чингис хаан мөнөөс мөн. Хүн амын босоо хуваарилалтад орсон Хэрэйд, Найман, Мэргэдийн хойчис өнөөгийн халх түмний дээдэс нь Их монгол улсын хүн амын үнэмлэхүй олонх бөгөөд их хаандаа үнэнч зүтгэсээр их хааныхаа дэлхийн талыг байлдан дагуулах үйлд хамгаас чухал үүргийг гүйцэтгэсэн ард түмэн ажээ.

Халх хүн таны XIII зууны дээдсийн Их хаан нь эзэн Чингис хаан мөнөөс мөн боловч Халх хүн таны угсаа гарал, эзэн Чингис хааны угсаа гарлаас өөр гэдгийг та мэдэх ёстой.

Халх хүн таны дээдсийг баримтжуулсан түүх бичлэгээр НОТ-оос урьдах 318-р оноос өнөөг хүртэл нийт 2500 гаруй жилийн турш Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй төв нутагтаа аж төрсөөр байгаа нь халх хүн та Хүннүгийн хойчис болохын учир болно. Халх хүн таны дээдэс XIII зуунд Чингис хааныг Их монгол төрөө Үтүгэнд байгуулахаас 1500 жилийн урьд Үтүгэндээ аж төрсөөр байжээ. Халх хүн таны дээдсийн түүх 1206-р оноос эхэлсэнгүй, Халх хүн таны Их монгол төрийн түүх 1206-р оноос эхэлж, мөн XVI зууны босоо дахин хуваарилалтаар таны дээдэс Халх нэрийг авчээ.

Халх хүн таны дээдэс эртнээсээ үсэг бичгийн соёлтой, эртнээсээ үр хойчисдоо үсэг бичгийнхээ соёлыг үлдээх ухаантай ард түмэн байжээ.

Түрэг төрийн Нэрэ хаанаас брахми үсгээр бичүүлж үлдээсэн, бурхны шашны дэгээр хааныг оршуулах зан үйлийг харуулах Хүйс толгойгоос олдсон бичээс, мөн Түрэг төрийн Тоонай укакын хадан бичээс, Гөл тигэн, Билгэ хаанд зориулсан хадан бичээс, Уйгур төрийн Тариат, Могой шинэ ус дахь хадан бичээс нь Халх хүн таны хэл зүйгээр, таны дээдсээс танд бичиж үлдээсэн бичиг соёлын өв сан болно.

Халх хүн та! Бүгд Найрамдах Турк Улсын ерөнхийлөгч Реджэп Эрдоганд Түрэг, Уйгур төр нь Стамбулын туркуудад огтхон ч хамаагүй, Түрэг, Уйгур төрөөс үлдээсэн хадан бичээс нь халх түмний хэл зүйгээр бичигдсэн, бидний бичиг соёлын өв гэж огт эргэлзээ түгдрээ үгүйгээр хэлэх бүрэн эрхтэй, үүрэгтэй ард түмэн болно.

Халх хүн таныг зарим нөхөд хятад гаралтай, Дунд орноос Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав талд ирсэн гэх мэтээр доромжилсоор өнөөг хүрвэй. Халх хүн та “бид генетик судалгаагаар, түүхэн бичлэгээр, хэл зүйн судалгаагаар Үтүгэн нутгийн үндсэн ард түмэн, уг нутгаасаа хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй” гэж өнөө бардам хэлж чадна, хэлэх үүрэгтэй нэгэн нь Халх хүн та!

Үтүгэн дэх түүхэн ололт амжилт, алдаа дутагдал халх хүн таны дээдэс, болон өнөөгийн тантай шууд холбоотой. Ололт амжилтыг халх хүн таны дээдэс хийдэг, алдаа дутагдлыг ч халх хүн таны дээдэс хийдэг. Өөр хэн ч хийхгүй. Халх хүн таны түүхэн хариуцлага хамгаас их байсан, байсаар байна.

Халх хүн та түүхээ МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1949-10-27-ны өдрийн хурлын “БНМАУ-ын Түүх ба Утга зохиолыг сургуулиудад зааж байгаа байдлын тухай” нэртэй 56/104 дүгээр тоот тогтоолоор СССР-ийн ШУА-ийн хамт олноор бичүүлэх болжээ. 1955-р онд СССР-ийн ШУА-иас бичиж өгсөн “БНМАУ түүх” ном Улаанбаатар хотноо хэвлэгджээ. Халх хүн таны түүхийг ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академиас академич Е.М.Жуков 1966-р онд бичсэн бол 1984-р онд Халх хүн таны түүхийг ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академиас академич А.П.Окладников бичжээ. Харь улсын түүхчид эх сурвалжид орших Жужан, Түрэг, Их монгол төрийн хүн амын дийлэнх олонх нь Хүннүчүдийн хойчис болохыг эс бичжээ. Халх хүн таны XIII зууны дээдэс Хэрэйд, Найман, Мэргэд болохыг, тэдний дээдэс Уйгур болохыг, Уйгурчуудын дээдэс Хүннү болохыг тэд танаас ор тас нуужээ. Харь улсаар түүхээ бичүүлж болохгүй!!!

Халх хүн Та, 1955-р оноос эхлүүлсэн түүхийнхээ төөрөгдлөөс гарах үүрэгтэй! Үндэстнийнхээ түүхийн ноён нурууг бид өөрсдөө засав. Үндэстнийнхээ түүхийг судлаачид нь засах үүрэгтэй.

2023-р оны Үндэстнийхээ их баяр наадмаа Тулгар (Хүннү) төр байгуулагдсаны 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жилийн ойд зориулан хийсэн билээ. Хүннү төрийг үүсгэгч овог болон салбар овгийнхон, Их монгол төрийг үүсгэгч овог болон салбар овгийнхны гарал үүсэл өөр. Хүннү төрийг, Жужан төрийг, Түрэг төрийг, Уйгур төрийг, Их монгол төрийг үүсгэгчдийн гарал үүсэл өөр бөгөөд тэд хоорондоо нийлэх учиргүй. Уйгур нь Хүннүгийн хойчис боловч Уйгур төрийг үүсгэсэн Сэцэн овгийнхон Хүннү төрийг үүсгэсэн Хуянь, Лань, Сюйбу овгийхны шууд хойчис гэх баримт үгүй, ийм баримт үлдээх боломжгүй ажээ.

Хүннү төр, Жужан төр, Түрэг төр, Уйгур төр, Их монгол төрийг үүсгэгчид хоорондоо угсаа гарлын холбоогүй ч төр хоорондын уялдаа холбоо нь Үтүгэний үндсэн ард түмэн юм. Халх хүн таны үе үеийн дээдсээр төрүүд хоорондоо холбогджээ. Дээрх төрүүдийн хүн амын үнэмлэхүй олонх нь үеэс үед Үтүгэний ард түмэн байжээ.

“СИЭ” ТББ-ын судлаачдаас та бүхэнд хүргэн буй энэхүү түүхийн ноён нурууг буюу Халх түмэн Хүннүгийн хойчис болохыг Монгол Улсын ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгээс үгүйсгэж чадахгүй, үгүйсгэх баримт түүхэн эх сурвалжаас тэд олж эс чадна.

Түүхэн эх сурвалжид Халх түмэн Хүннүгийн хойчис болохыг нотлох баримт бий бөгөөд уг баримтаас тодорхой хэсгийг нь “СИЭ” ТББ-ын судлаачид дэлгэлээ.

Зарим нөхөд “СИЭ” ТББ-ын хамт олноос Халх түмнийг Хамаг монголчуудаас гаралтай биш гэх судалгааг гаргасанд гоншигонож мэдэх юм. Түүхэн баримтаар суурь судалгааг няцаадаг болохоос гоншигнолоор хэзээ ч няцааж байсангүй, мөн няцаахгүй.

Парадигм шифт буюу Оюуны тогтолцоо өөрчлөгдөх гэх ухагдахуун шинжлэх ухаанд бий. Дэлхий хавтгай гэж эртний хүмүүс дүрсэлж байсан бол, дэлхий бөмбөрцөг гэдгийг мэдсэнээр оюуны тогтолцоо өөрчлөгддөгтэй адил Халх түмэн Бөртчино, Гоа марал хоёроос үүсээгүй, Халх түмэн Хүннү нэрийн хойчис гэдгийг мэдэх боллоо гэж хэлье.

“СИЭ” ТББ-ын судлаачид XIII зуунаар огтлуулсан түүхээ олон мянган жилээр урагшлууллаа гэж бардам хэлье.

Монгол улсын Хүн үндэстэн ард түмний үнэн түүх сэрснийг та бүхэндээ хэлье.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Мандахбаатар
2023-11-05 · 66.181.161.137
Гайхалтай сайхан санагдлаа. Эх түүхээ гадаад улсын нөлөөлөлгүйгээр сурах мэдэх судлах цаг нь болсоон .
Halh hyn
2023-11-06 · 66.181.161.194
Saihan l shaadag uym bna.
Halh hun
2023-11-07 · 90.108.69.24
Гайхалтай нийтлэл байна.
Халх хүн
2023-11-07 · 66.181.189.72
Сайн судалж байж нийтлэлээ бичиж бай
Зочин
2023-11-08 · 202.55.188.108
Түүхээ ингэж бичихгүй ээ.Эхлээд сайн унш аа