+лаа, +лээ төгсгөлтэй Шууд үгүүлэх хуучин цаг, +лай залгавартай Сэтгэмж явц
Дээрх Шууд үгүүлэх хуучин цаг, Сэтгэмж явцыг үгүүлэхийн урьд МУ-ын ардын багш Ц.Өнөрбаян “Орчин цагийн монгол хэлний үг зүй” номдоо энэ тухайг хэрхэн тайлбарласныг харцгаая.
“Өнгөрсөн цагаар төгсгөх “-лаа, -лээ, -лоо, -лөө” нөхцөлийг үйл үндсэнд залгаж тухай үйл болж өнгөрсийг өгүүлэгч этгээд өөрийн биеэр мэдсэн, (үзсэн, харсан) гэх мэт баймж утга илтгэнэ.
Жишээлбэл, Намайг бага байхад манай нутагт нэгэн цэцэн цэлмэг өвгөн байлаа (Б.Н). Бид хэдийг шагай харваад сууж байтал нэгэн бадриун эр орж ирлээ (С.Д ) гэх мэт. Өнгөрсөн цагаар төгсгөх “-лаа, -лээ, -лоо, -лээ” нөхцөл нь зарим тохиолдолд өнгөрсөн цаг заах утгаа алдаж өгүүлэгчийн сэтгэлийн хөдөлгөөн бодот байдалд харьцах баймж харьцааг заадаг.
Жишээлбэл: “Хүүе, яана! Наад мод чинь толгой дээрээс уналаа шүү. Чи хүлээж бай, би одоохон очлоо гэх мэт.” гээн Ц.Өнөрбаян номдоо буулгажээ.
Тайлбар: Ц.Өнөрбаян “+лаа” нь баймж утгыг заадаг, мөн баймж харьцааг заадаг гэж хоёр мөн чанарыг буюу ухагдахууныг олж харжээ. Хүн хэлэнд үйл үгийн “+лаа” нь үгүүлбэрт залгаварын үүргээр орвоос ганц ухагдахууныг, төгсгөлийн үүргээр орвоос мөн ганц ухагдахууныг илэрхийлэх ёстой. “Баймж утга” ухагдахуун, “баймж харьцаа” гэх тодорхойлтод орших үг сонголт, утгын алдааг тайлбарлая.
Баймж гэх үгний “бай” үйл үндэс нь зөвхөн биет этгээдийг гурван хэмжүүрт орон зайд байршуулах, байршлыг нь үгүүлэх үүрэг гүйцэтгэн. Үйлээс үүсэх сэтгэмж, батламж, боломж гэх нэр үг Эргүнэ аялгаар бичигдсэн XIII зууны Алтан дэвтэр-т үгүй, VIII зууны хүн үсэгт хадан бичигт билмж гэх мэтээр оршино. Утга гэх бодит биш ухагдахууныг байршуулж үл болох тул хүн хэлний сэтгэлгээний дэгээр “баймж утга” нь утга зүйн буруу хэллэг болно. Оршимж утга гээн үгүүлж болно. Үг бүрийн ард хүн хэлний сэтгэлгээ оршино. Энд зөвхөн буруу үг сонголтын тухай бид үгүүлэв. Нийт утгыг нь ухагч та өөрөө дахин нэг ухаарай.
Ухагдахуун бүр хоорондоо тэмээ, ямаа мэт өөр учир, хоёр өөр ухагдахууныг илэрхийлэх хоёр өөр дуудлага нь хоорондоо ойролцоо учир, сүүлд “+лаа” гэх дуудлагад нийлжээ.
Дээрх сэдвийг СИЭ-ий судлаачид эх сурвалж дээр тайлбарлая.
Жишээ 1. (Алтан дэвтэр)
Кирил галиг: Боорчу үгүлэрүн: "нөкөжэсү кээн ирэлээ. Би энтэ, йэкин баййиқу” кээт қамту добтулчу ороат ширқа ақтатани һүлтэчү қарпа.
Бичиг шилжилт: Боорч үгүүлэрүн: “нөхцөнө (нөхөр болно) гээн ирлээ. Би энд яахын байх” гээд хамт довтолж ороод шарга агтананыг үлдэж (хойноос нь хөөж бую элдэж) гарав.
Шинжилгээ: Дээрх үгүүлбэр нь шууд үгүүлэх үгүүлбэр бөгөөд ирлээ үйл үгийн үйлийн эзэн нь I бие, ганц тоонд оршино.
Жишээ 2.
Кирил галиг: Дэй сэчэн үгүлэрүн: “Йэсүгэй қуда кэнтүр жоричу айисулаа” кээжүү.
Бичиг шилжилт: Дэй сэцэн үгүүлэрүн: “Есүгэй худ хэн дор зориж айсулаа” гэжээ.
Шинжилгээ: Уг үгүүлбэр нь шууд үгүүлэх үгүүлбэр бөгөөд айсулаа үйл үгийн эзэн нь II бие, ганц тоонд оршино.
Ийм мэтээр Алтан дэвтэр-т орших +лаа, +лээ төгсгөл бүрийг СИЭ-ий судлаачид судлав. СИЭ-ий судалгаагаар +лаа, +лээ төгсгөлтэй хуучин цаг заах үйл үг нь зөвхөн шууд үгүүлэх үгүүлбэрт орж, үйлийн эзэн нь I, II, III бие, ганц тоонд оршино. +лаа, +лээ төгсгөлтэй хуучин цаг заах үйл үгийг хүүрнэх үгүүлбэрт эс хэрэглэжээ.
Жич: Алтан дэвтэрт “бүлээ” (бү+лээ) үйл үг шууд үгүүлэх үгүүлбэр, мөн хүүрнэн үгүүлэх үгүүлбэрт оржээ. СИЭ-ий судалгагаар Тэмүжин, Жамуух хоёрын дээдэс амаар өвөг дээдсийнхээ үүх түүхийг багачууддаа хүргэж байжээ. Ийм аман яриа нь Алтан дэвтэр номын эхэн хэсэгт “Дува соқор ақа ину дөрбэн көүтү бүлээ” гэх мэтээр оржээ. Нэг үгээр аман яриа буюу шууд үгүүллийг номныхоо эхэнд хүүрнэх үгүүлбэр үл болгон оруулжээ. Бага насанд нь хүүхэддээ өөрсдийнхөө гарал үүслийг ихэс (томчууд) нь заавал хэлж сургадаг тухай “Судрын чуулган” номдоо Рашид мөн бичжээ.
Жишээ 3. (Д.Нацагдорж, “Хэлхээгүй сувд” тууж).
…Дэжид өгүүлрүүн: “Нэгэн хүүхэд олж авч, чам дор хань болгосугай хэмээн ижий, эгч хоёр чинь хэдийнээс хэлэлцэж агсан билээ. Батжирынх жаалаа хүн дор өгөх гэнэ хэмээн сонсоод очвоос, хүү болох учир хэрэг үгү биз хэмээсэн ба авбал нилээд сүйтгэл гарах тул зогссон билээ” хэмээнэ.
Билээ үйл үг шууд үгүүлэх хоёр үгүүлбэрт хоёр удаа оржээ. Д.Нацагдорж +лээ төгсгөлтэй Хуучин цагыг заах үйлийг зөвхөн шууд үгүүлэх үгүүлбэрт хэрэглэж байна.
VII-VIII зуун хүн үсэгт хадан бичээст ихэнхи үйл явдлыг хүүрнэн үгүүлэх үгүүлбэрээр бичиж, шууд үгүүлэх үгүүлбэр захирах өнгөөр тоотой хэд оржээ. Ийм учир хадан бичээсээс хүргэх жишээ одоогоор бидэнд үгүй.
CИЭ-ий тодорхойлолт: “-лаа, -лээ, -лоо, -лээ” төгсгөлтэй Хуучин цагыг зөвхөн шууд үгүүлэх үгүүлбэрт хэрэглэх бөгөөд үйлийн эзэн нь заавал ганц тоонд орших ёстой. Тийм учир бид уг цагыг Шууд хуучин цаг гээн нэрлэв.
Ингээд Ц.Өнөрбаяны авсан хоёр жишээн дээр тайлбар хийе.
- Намайг бага байхад манай нутагт нэгэн цэцэн цэлмэг өвгөн байлаа (Б.Н).
- Бид хэдийг шагай харваад сууж байтал нэгэн бадриун эр орж ирлээ (С.Д ) .
Эх сурвалж судлаач бид дээрх хоёр үгүүлбэрийг өвөг дээдсийнхээ хэл зүйгээр шууд үгүүлэх үгүүлбэр гэж тодорхойлно. Хэрвээ уг хоёр үгүүлбэрийг хүүрнэх үгүүлбэр болговоос “Намайг бага байхад манай нутагт нэгэн цэцэн цэлмэг өвгөн байбай”, “Бид хэдийг шагай харваад сууж байтал нэгэн бадриун эр орж ирвэй” гээн Гэрч хуучин цагаар илэрхийлэх ёстой. Гэрч хуучин цагыг аливаа цагтай адил шууд үгүүлэх үгүүлбэрт, мөн хүүрнэн үгүүлэх үгүүлбэрт хэрэглэнэ.
Алтан дэвтэрт “+лаа” төгсгөлтэй хуучин цагыг заах, шууд үгүүлэх үгүүлбэрт орших үйлийг хийгч эзэн нь заавал ганц тоонд орших тул олон тоонд орших эзэнтэй үйл үг ямар төгсгөлтэй болохыг жишээ дээр харуулая.
Жишээ 4.
Кирил галиг: ...Жамуқа үгүлэрүн: "Бороан бэр болуасу болжалдур қура бэр болуасу қуралдур бү қожидайа эсэү кээлтүлээй бида? Моңқол “жэ” андақартан бусуту, “жэ” дэчэ қожидақсани жэргэдэчэ қарқайа кээлтүлээй" кээпэ.
Бичиг шилжилт: …Жамуух үгүүлэрүн: “Бороо бэр болоос болзал дор, хур бэр болоос хуралдор бү хожигдъё эсү гээлтүлээй бид? Монгол “за” андгартан бусуту, за дээсээ хожидагсаныг зэргэдээсээ гаргая гээлтүлээй” гэв.
Дээрх шууд үгүүлэх хоёр үгүүлбэрт “гээлтүлээй бид”, “гаргая гээлтүлээй” гээн хоёр удаа хуучин цагаар оржээ. Үйлийн эзэн “бид” нь I бие, олон тоонд оршино.
Хүн хэлэнд цаг нь субъектив ухагдахуун учир цаг нь үйлийнхээ эзний бие, тоог даган ингэж хувирна. Тийм учир шууд үгүүлэх үгүүлбэрт орох ганц тоог заах “+лаа” төгсгөл, олон тоог заах “+лаай” төгсгөлийг Шууд хуучин цаг гээн бид нэрлэв. Шууд нь шууд үгүүлэх үгүүлбэр гэх утгыг төлөөлнө.
“+лай” залгавартай Сэтгэмж явц
Сэтгэмж явц нь үйлийг болох, үл болох гээн сэтгэл дотроо дүрслэх үйл. Сэтгэл дотроо дүрслэх явц учир бид Сэтгэмж явц гээн нэрлэв.
Жишээ 5. (Алтан Дэвтэр).
Кирил галиг: Ани тарқаулун барачу доторабан сэткичү: “Өчикэн айил битүүлчү қоноулқуйдур Сорқан Ширайийн кэртүр қонобасу Жимбай, Чилавун қойар көүт инү өрө жирүкбэн эбэтжу, сөни намайи үчэчү, буқау минү абжу, сулалжу қоноаулулай...Эдоэ мүн кү тэд намайи абураму жэ” кээжү, Сорқан Ширайин кэр эрин Онан мүрэн һуруу йоржипа.
Бичиг шилжилт: Ану таруулан барж, доторбан сэтгэж: “Өчигэн айл битүүлж хоноулхуйдор Сорган Ширайгийн гэрдор хоновоос Чимбай, Чулуун хоёр хүүд нь өр зүрхбэн өвдөж, шөнө намайг үзэж, бугуй минь авч, сулалж хоноауллай...” гэж, Сорган Ширайгийн гэр эрин Онон мөрөн уруу зорчив.
Тайлбар: Тэмүүжин Соргон Ширайгийн гэрт очиж, Чимбай, Чулуун хоёр хөвүүнтэй уузаагүй байх үедээ сэтгэл дотроо түүнийг сулалж гэртээ “хонууллай” гээн сэтгэжээ. Нэг үгээр хонуулах үйл болно гэж сэтгээд Тэмүүжин Соргон Ширайгийн гэрийг эрин Онон мөрөн уруу зорчив. Эс хонууллай гээн сэтгэвээс тэр Соргон Ширайгийн гэр рүү үл зорчино. (хоновоос-бодит агшинт явцыг бид хожим тайлбарлана).
Сэтгэмж явцаар хэлээ эвдэж амжаагүй манай малчид өнөө үгүүлж байна.
Нилээн олон жилийн урьд Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн би нутагтаа гэр бариулан амрах үе нутгын ах Лхавгажир, гэргий Билгэ эгч мөн бусад нутгын ах нар, дүү нэр над дээр ирж айраг, дарс, хоол идэн уун үд дундаас бүрий болтол хөөрөлдөв. Маргааш нь манайхан Лхавгажир ах, Билгэ эгч хоёрыг “харилай”, “явлай” гээн маш олон үгүүлээд яваагүйг нь гайхан ярцгаав. Хүн хэлээ мэдэхгүй мануус ах, эгч хоёрын юу үгүүлэхийг нь эс билэржээ.
Хожим “Алтан дэвтэр”-ээс сэтгэмж явцын мөн чанарыг тодорхойлсны дараа тэртээх өдрийг эргэн санахад нутагтаа мал сайтай, хүн хүч багатай тэр хоёр маань арынхаа ажилд сэтгэл нь уягдаад “харилай”, “явлай” гээн үгүүлснийг мань билрэв. Харих, явах үйл болоогүй байх үед харих, явах үйл болно гээн тэр хоёр сэтгэжээ. Ийм тохиолдолд гарваас та сэтгэж буй зүйлийг нь заавал асуугаарай.
Нодлин ийм нэгэн тохиолдолд нутгын дүү Улаанаа би “харилай” гээн үгүүлэхэд “тэр мөд явахгүй” гэх бодол дотор минь шууд төрөв. Улаанаа хөөрөлдөөнийг дуусгаад харьвай.
Алтан дэвтэр-т орших сэтгэмж явц, хэлээ эвдэж амжаагүй малчдын хэл зүйд орших сэтгэмж явц зөв таарч байна. Уг явцыг СИЭ-ий судлаачид сэрээв.
Ингээд Ц.Өнөрбаяны жишээлсэн хоёр үгүүлбэр дээр тайлбар хийе.
1. Хүүе, яана! Наад мод чинь толгой дээрээс уналаа шүү.
Зөв бичлэг нь “Хүүе, яана! Наад мод чинь толгой дээрээс уналай шүү.” болно. Үгүүлэх этгээд мод толгой дээрээс унах үйл болно гээн дотроо сэтгэснээ үгүүлжээ.
2. Чи хүлээж бай, би одоохон очлоо.”
Зөв бичлэг нь “Чи хүлээж бай, би одоохон очлой.” болно. Энэ тохиолдолд үгүүлж буй этгээд очих үйлийг хийж эхлээгүй, хийнэ гээн сэтгэж бүйгээ үгүүлж байна.
Охор дүгнэлт: Ц.Өнөрбаяны “+лаа” дуудлага зарим тохиолдолд өнгөрсөн цаг заах утгаа алдаж өгүүлэгчийн сэтгэлийн хөдөлгөөн бодот байдалд харьцах баймж харьцааг заадаг гэх тодорхойлолт буруу болох нь эх сурвалж судлалаар ийнхүү батлагдав. “+лаа” гэх дуудлагад Шууд хуучин цаг заах “+лаа”, Сэтгэмж явц заах“+лай” ойролцоо дуудлагынхаа улмаас, эх сурвалж судлал үгүйн улмаас нийлжээ.
Ц.Өнөрбаян таны анхаарлыг нэгэн чухал зүйлд хандуулая.
Ц.Өнөрбаян та О.Есперсен, А.М.Пешковский, А.Толстой, Г.Д.Санжеев, Ш.Лувсанвандан гэх нөхдийн нэрийг барьж, хэл судалдаггүй зохиолчдын үгүүлбэрийг ишлэн өөрийнхөөрөө найруулж, уг найруулгаа ардын хүүхдэд зааж байна. Нэг үгээр та “би ардын багш тул, би доктор тул миний мэдэж буйг тануус мэдэхэд хангалттай” гээн ардын хүүхдийн танин мэдэхүйг өөрийнхөө конспектоор “оромж” үүсгэн хашиж байна. Үр дүнд нь үе үеийн оюутнууд үндэснийнхээ хэлийг судлан сурахын оронд таны найруулга, зохиолыг ухаарч үл чадах тул цээжилсээр өнөөг хүрэв. Таны ийм мэт найруулга Орчин цагын гэх зохиомол хэлний дүрэм болж, ийм зохиомол дүрмийн дагуу хүн хэлийг танигдахгүй болтол нь гашилгаж байна. Таныг ямар эх сурвалж, яаж судалсныг үл мэдэх оюутнууд таныгаа “хамгийн мундаг багшаа” гээн бодоохоос өөр сонголт тэдэнд үгүй. Нэг үгээр танд тэд дөрлөгдөж байна. Та тэднийг дөрлөж байна. Шинжлэх ухаанч гэдэг нь шинжилж, ухаж болохыг хэлнэ. СИЭ өөрийн судалгаагаа таны найруулагтай харьцуулан үр дүнгийн ард түмэндээ хүргэн буй. Энэ нь рентгений хоёр зургыг харьцуулан харахтай ижил үйл бөгөөд ямар байх ёстойг ямар болгов гэдэг нь тодоос тод бидэнд харагдана. Эх сурвалж судлал үүсээгүй үед таны энэхүү найруулгыг аливаа найруулагтай адил дотроос нь шинжилж, ухаж үл болно.
Найруулга нь судалгаа биш.
СИЭ-ийхэн бид түүхэн эх сурвалжаас мэдлэгийг нь ухаж аваад эх сурвалж дээр хүн хэлнийнхээ зүй тогтлыг тайлбарлаж байна. Судлаач хүн бүр бидний тодорхойлолтыг эх сурвалж дээр шинжлэн ухах, нэг үгээр шалгах боломжийг бид бүрдүүлэв. Ямар ч судлаач бидний алдааг олж, залруулах боломжтой, мөн үүрэгтэй. Шинжлэх ухааны шалгуурыг аливаа судалгаа давах ёстой.
Ц.Өнөрбаян та мэдэхгүй, мэдлэггүйнхээ улмаас Шууд хуучин цагыг баймж утга, Сэтгэмж явцыг баймж харьцаа гээн найруулжээ.
Ц.Өнөрбаян танд эх сурвалж судлалын талаар хэдэн үг хүргэе.
Манай улс маш эртний үсэг бичгийн соёлтой улс. Судлах зүйл дуусашгүй арвин боловч эх сурвалж судлах боловсрол үгүйн улмаас монгол хэлний гэх тодотголтой нөхөд Л.Болд, Ц.Өнөрбаян тан харийнханы конспектоор найруулга хийж өнөөг хүрэв. СИЭ-ий судлаачид эх сурвалж судлан хүн хэлнийхээ зүй тогтлыг эрчимтэй сэрээж буй. Эх сурвалж судлал нь суурь буюу ул судалгаа тул уг судалгаагаар гарах нээлт бүр түрүү түрүүчийн судалгаанд их бага хэмжээгээр өөрчлөлт авчирхаас гадна Орчин цагын гэх тодотголтой зохиомол хэлний салшгүй иж бүрдэл болох хиймэл найруулга, зохиомол ухагдахууныг орших орон зайгүй болгож буй. Энэ бол жам. Үүний нэг жишээ нь таны энэхүү найруулга буй зэ.
СИЭ “Хүн хэл ба Орчин цагын гэх зохиомол хэл” судалгааныхаа цувралыг эзэн биетэй нийтэлж байгаа. Хүн хэлний хамгийн чухал хэсэг нь үйлийн явц, цаг тээх үйл үг болно. “Орчин цагийн монгол хэлний үг зүй” ном дахь таны гаргалгаатай өөрсдийн судалгааг харьцуулан ард түмэндээ хүргэж буй бид. Одоогын байдлаар дөнгөж таван үйлийн явц, гурван цагыг таны гаргалгаатай харьцуулав. Энэ мэтээр үргэлжлэх болно.
Хүн хэлний дараагын том хэсэг бол үгүүлбэр зүй. Энэ хэсгийг М.Базаррагчаагын “Монгол хэлний өгүүлбэр судлал” ном дахь түүний гаргалгаатай өөрсдийн судалгааг харьцуулан ард түмэндээ хүргэнэ.
Хэл зүйн түүх сэдвээр Д.Төмөртогоогын “Монгол хэлний түүхэн хэл зүй” номд дахь түүний гаргалгаатай өөрсдийн судалгааг харьцуулан ард түмэндээ хүргэнэ.
Монголчууд аа! Эх хэл маань хэн нэгний субъектив гаргалгааны түвшинд баригдан эвдэрч, агших ёсгүй. Хэн нэгэн нь өөрийн хиймэл гаргалгаагаар ард түмний оюун санааг эх сурвалж дахь мэдлэгээс нь боймлох ёсон үгүй.
Эх хэлний мэдлэг, түүний цар хүрээ нь эх сурвалжийнхаа хүрээнд тэлэн арвижих ёстой. Судлаачид ард түмний танин мэдэхүйг эх сурвалжаар баяжуулж, оюутан, судлаач бүрт эх сурвалж судлах ул суурийг нь бий болгох үүрэгтэй.