Энэ удаа ухагч (унш гэдэг нь чанга дуу гарга гэсэн эх утгатай) та бүхэндээ Атамалик Жүвейнийгийн “Ертөнцийг эзлэгч”, Рашид ад Дины “Судрын чуулган”, Плана Карпины “Монголын түүх”, Гильом де Рубрукийн “Дорны улсаар аялсан нь” эх сурвалжуудыг харьцуулан судалсны үндсэн дээр Их Монгол улс төрийн үсэг бичгээ христийн несториан шашинт Уйгуруудаас буюу Хэрэйдээс авжээ гэдгийг батална.
Татарууд (Монголчууд) бичиг үсэггүй байсан тухай.
“Татар (нийт монголчуудыг Жүвейни хэлж байна) хүмүүс өөрийн бичиг үсэггүй байсан тул тэр (Чингис хаан) монгол хүүхдэд Уйгур бичиг сургах зарлиг буулгажээ; бүх ёсос (ёсууд), зарлигуудыг [цаасан дээр] бичин хуульдаг байв” гэж Жүвейни “Ертөнцийг эзлэгч” номондоо бичжээ. Монголчууд тухайн үед өөрийн бичиг үсэггүй байжээ.
Тэд хаанаас үсэг бичиг авсан тухай баримт дэлгэцгэе.
“Тататууд тэдний (Уйгур) үсэг бичгийг авав. Тэд дээрээс нь доош бичнэ, бичсэн шигээ ухна (уншина), мөр нь зүүнээсээ барууншаа үргэлжилнэ” гэж Гильом Рубрук “Дорны улсаар аялсан нь” номондоо бичжээ.
“Хархорин хот нь тэдний (Уйгурын) нутаг дээр оршиж буй шиг, Пресвитер Иоанна буюу хааны бөгөөд түүний дүү Унка-гийн (Он хааныг буюу Ван хааныг өгүүлж байна) газар ус нь тэдний газар усны эргэн тойронд нь оршиж буй. Сүүлийх нь умард дахь бэлчээр нутагт, Уйгурууд нь өмнөшөө уулсын дунд амьдардаг. Монголууд тэднээс үсэг бичгийг нь авжээ. Уйгурууд тэдний гол бичиг үсэгтэнгүүд бөгөөд несториан болгон нь бараг бүгд тэдний үсэг бичигтэй” гэж Гильом де Рубрук “Дорны улсаар аялсан нь” номондоо бичжээ. Рубрукийн хоёр өгүүллийг дүгнэхэд Монголууд яах аргагүй Уйгуруудаас үсэг бичгээ авчээ. Тэр Хархоринг уйгурын газар ус гэж хэлж байна. Мөн несториан шашинт Хэрэйд Ван хааныг Рубрук уйгурт оруулж байна. Несториан болгон Уйгур бичиг мэднэ гэж тэр хэлжээ.
Дараагийн нэг эх сурвалж.
“Тэд уйгур хэл, уйгур бичгийг эрдэм мэдэхийн оргил гээн өргөмжлөв” гэж 27 насандаа буюу 1252 онд Өтүгэнд ирсэн Жүвейни “Ертөнцийг эзлэгч” номондоо бичжээ.
Уйгур хэл гэдэг нь Бэш балагын уйгур болон Хэрэйд, Найманы дээдэс Орд Балагын хойчисийн уйгур хэлийг хэлж байна. Уйгур хэл гэдэг нь нийт мал ахуйтаны төв аялга болно. Уйгур аялга гэдэг нь Хүннүгийн хүн аялга болно. Энд нэг чухал нотолгоо нь “Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис болно” гэж Дунд орны үе үеийн төрийн 24 баримтат түүх доторхи “Хуучин Тан төрийн түүх” дэх “Уйгурын шастир”-т бичжээ.
Ингээд Бэш балгын уйгураас бичгийн авсан уу? Христийн шашинт Хэрэйд, Найман уйгуруудаас бичгийг нь авсан уу? Үүнд хариу ийм нэг эх сурвалжид байна.
“Тодорхой хугацаанд амарсны дараа Чингис дахин аян дайныхаа бэлтгэлийг хангаж Уйгурын нутаг руу дайдав; тэр хүмүүс-несториан урсгалын загалмайтнууд; тэр тэднийг хураав, Татарууд урьд нь бичиг үсэггүй байсан тул тэдний үсэг бичгийг аваад Монгол гэж нэрлэв. Эндээс тэд Сари Уйгур, Каранит болон Ойратын...” гэж 1246 онд Поп Иннокентий IV –гийн элч, Өтүгэнд ирсэн Плано Карпины “Монголын түүх” номондоо бичжээ. Энд тэр Татарууд загалмайт шашинт уйгуруудаас үсэг бичгээ авав гэж тэмдгэлжээ. Мөн Сари Уйгур Каранит (Хар хаант) улс руу морьдсон тухай өгүүлжээ.
Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бэш балгын буюу өнөөгийн Шинжан дахь газар усанд оршиж байсан Буддыш шашинт уйгураас үсэг бичгийг аваагүй гэж байна. Бэш балгын уйгур нь Буддын шашинтай байжээ гэдгийг Жүвейни “Ертөнцийг эзлэгч” номондоо маш тодорхой бичжээ.
Ингээд бүх Уйгурууд Өтүгээнээс IX зуунд нүүсэн үү, үгүй юу тухай эх сурвалжаа харцгаая.
“Арван таван аймаг баруун тийш Хэ ло луд (Харлагад) очив. Нэг нь Ту фанд (Турфан-өнөөгийн Шинжаан Уйгурын өөртөө засах орон, Турфан тойргийн хот) очив. Нэг нь Ан шид очив” гэж “Хуучин Тан төрийн бичиг” дэх “Уйгурын шастир”-т бичигджээ. Энд Нүүсэн аймгийн тоог бичсэн болохоос бүх Уйгурууд нүүжээ гэж өгүүлсэнгүй. Энэ нь Турфанд очсон Буддын шашинт уйгуруудын түүх болно.
“Гурван жил болоод (850 он) Ша га сыгийн заяшан түшмэл А бо олон харийн цэргүүдийг дагуулан долоон түмэн хэмээн алдаршуулан, баруун хойнох Тяан дэгийн Хойд хилээс ирж Э нян болон олон Уйгур нарыг авч, Ши вэйг ихээр ялав. Уйгурын Ши вэйд байсан бүх хүмүүсийг А бо авч цөлийн хойно (говийн хойно буюу Өтүгэнд) буцав” гэж “Хуучин Тан төрийн бичиг” дэх “Уйгурын шастир”-т бичигджээ. Энэ түүх нь Хэрэйд, Найман, Мэргэдийн дээдсийн түүх болно.
Хэрэйд, Найман нь Уйгуртай холбоотой юу?
“Чингис хаан наймануудтай дайсагнахаас урьд найманы хааныг Инанч-Билгэ Буку хан гэдэг байжээ. Инанч гэдэг нь итгэх; билгэ гэдэг нь “аугаа” гэсэн цол. Буку-хаан эрт үеийн аугаа хаан байжээ. Түүнийг уйгур болон олон овгууд ихээр хүндэлдэг бөгөөд тэд нэг модноос гаралтай гэж өгүүлнэ” гэж Судрын чуулганд бичигджээ. Уйгур, Хэрэйд, Найман нь нэг модноос, буюу нэг үндэстэй гэдгийг хоёргүй санаагаар бичжээ. Инанч билгэ Буку хааны тухай “Хуучин Тан төрийн бичиг” дэх “Уйгурын шастир”-т, уг сурвалж дахь “Түргийн шастир дээд”-д, мөн Жүвейнигийн “Ертөнцийг эзлэгч” номонд тодорхой бичжээ.
Ингээд бүх зүйл байрандаа орж байна. Бидний хуучин бодлоор Их монгол улс Бэш балга буюу Турпан дахь Буддын шашинт уйгураас төрийн бичгээ эс авжээ. Өтүгэн дэхь христийн шашинт Хэрэйд, Найман уйгуруудаас Их монгол улс төрийнхөө бичгийг авжээ. Энэ бол факт. Өтүгэнд манай брахми үсэг бичигтэй Буддын шашны агуулга бүхий Хүйс толгой бичээс, хүн үсэг бичгээр бичигдсэн манай Түрэг, Уйгур төрийн хадан бичээс байна, Уйгур бичээс маань байна. Өтүгэн нь үеэс үеэд мал аж ахуйтны бичиг соёлын төв байжээ. Уйгур нь Рубрукийг Өтүгэнд буюу Хархоринд 1254 онд очиход хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй нутаг усандаа оршиж байжээ. Модун жангур Рубрук хоёрын хооронд 1500 орчим жилийн зөрүү байна. Өнөөгийн халхуудын дээдэс Өтүгэний Уйгуруудын хойчис болно.