МУИС Түүхийн тэнхмийн багш, Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр
МУИС Түүхийн тэнхмийн багш, Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр Interview Mongolia хуудсанд манай үйл ажиллагаатай хамаатай ярилцлага өгчээ.
1187 0

Хичээл 1

МУИС Түүхийн тэнхмийн багш, Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр Interview Mongolia хуудсанд манай үйл ажиллагаатай хамаатай ярилцлага өгчээ. Иймд Д.Анхбаярын өгүүлбэр болгонд эх сурвалж судлаач СИЭ ТББ хамт олон түүхэн баримт болон нотолгоогоор ийнхүү цуврал хариу барьж байна. Ийм хариулт нь зөвхөн Д.Анхбаяр гэгч этгээдийн бодол биш өнөөгийн конспект судлаач МУИС түүхчдийн баримтлалыг дэлгэхэд хэрэг болох болов уу.

Д.Анхбаярын ярилцлагаа ингэж эхэлжээ: “Руни бичиг чинь угаасаа олон улсын хэмжээнд судлаачид хүлээн зөвшөөрчихсөн угаасаа турк бичиг, бичсэн хэл нь түрэг хэл”.

Д.Анхбаяр та “Руни бичиг чинь ... угаасаа турк бичиг” гэж өгүүлжээ.

СИЭ танд тайлбарлая: Руни гэдэг нь умард Европын хойд хэсгээс олдсон арамей бичгийн салбар бичгийг өгүүлнэ. Арамей бичиг нь Европт латын бичгээр шахагдаж үгүй болжээ. Европчууд уг бичгийг Руни буюу үл танигдлах бичиг гээн хожим нэрэлжээ. Манай хүн бичигт европ руни бичигтэй төс ижил хэдэн үсэг байх боловч дуудлага нь өөр. Тэгэхээр манай бичгийг Руни гэж нэрлэж огт болохгүй. Арамей бичиг нь Ахменедийн гүрний үед Энэтхэгийн баруун хэсэг, Европ болон манай өвөг дээдэст иржээ. Хүн гүрэн өөрийн бичиг үсэгтэй байжээ гэдгийг Дунд орны “Давс төмөрийн зөвөлдөөн” эх сурвалжаас уншиж болно. Мөн Умард төрийн түүх Түрэг Тэлэ шастирт Түрэг төрийн бичгийг Ху (Хүннү) луугаа ижил гэж бичжээ. Энэ тухай өгүүлсэн болно.

Д.Анхбаяр аа! Таны хэлснээр угаасаа турк бичиг гэдэг нь цаг хугацааны хувьд огт таарахгүй байна. Манай Хүн бичиг нь Түрэг төр байгуулагдахаас 1000 орчим жилийн урьд бий болсон гийгүүлэгч ултай бичгийн систем болно.

Д.Анхбаяр аа! Өнөөгийн турк хэл нь араб, перс толь давамгайлж буй хэл болно. Өнөөгийн халхуудын хэл нь хүн хэл болно. VI-VIII зуунт Өтүгэнд оршиж байсан Түрэг төрийн хүн амын дийлэнхи нь Тэлэчүүд байжээ. Тэд Хүннүгийн хойчис болох тухай Умард төрийн түүх Түрэг Тэлэ шастирт бичжээ.

Д.Анхбаяр та : “Руни бичиг чинь угаасаа олон улсын хэмжээнд судлаачид хүлээн зөвшөөрчихсөн” гэж дэлхийн судлаачдаар бамбай хийв.

Академич Василий Владимирович Бартольд (1869- 1930) Орос улсад дорнын түүх судлалын сургуулийг үндэслэгч Дундад Азийн түрэг ард түмний түүхийг өгүүлэх “Түрэг” хэмээх 12 цуврал лекц уншжээ. Уг лекцэндээ тэр ингэж өгүүлжээ: “Данийн эрдэмтэн Томсон бичээсийг унших түлхүүрийг олоод гуч гаруй жил болж байгаа ч бичээс бүрэн тайлагдаагүй, зарим хэсгийн тайлан маргаантай хэвээрээ байна. Одоогийн байгаа орчуулга нь уг хэлний үндэс мэдлэг дээр суурилаагүй болбоос аливаа түүхийн дүгнэлт хийхдээ маш хянамгай байх нь зүйтэй”.

Д.Анхбаяр аа! Зуун жилийн урьд ЗХУ-ын судлаачид уг бичээсийн сэргээлт дутуу дульмаг гэдгийг мэдэж байжээ. Учир нь уг хэлний үндэс суурийг мэдэх хүн тэр үед байсангүй. СИЭ уг бичгийг үндэс суурийг нь тавив.

Д.Анхбаяр аа! Уг хадны бичгийн хэлийг Дундад Азийн түрэг үндэстнүүдийн хэлээр тайлсангүй, мөн хэзээ ч тайлахгүй нь зуун жилийн өмнө тодорхой байжээ. Өнөөгийн Стамбулын туркуудын толь хамгаас их перс араб үгтэй буюу хадны бичээсийн хэлнээс холоос хол байна.

Д.Анхбаяр аа! Манай хадны бичээсэнд ганц хоёр улсын нэрнээс өөр перс араб үгс байхгүй.

Д.Анхбаяр аа! Барьтолд Томсоны ажлын үр дүнг маш оновчтой дүгнэжээ. Уг дүгнэлтийг өнөөг хүртэл хэн ч батлаагүй билээ. “Сэргэлэн интернэйшнл экспедишн” Барьтолдын дүгнэлтийг батлаад зогсохгүй уг хэлтэй холбогдолтой бүх төөрөгдлийг арилгав. Бүх юм цэгцрэв.

Д.Анхбаяр аа! Үндэсний эх сурвалж судлал үүсэв. Одоо баримт нотолгоогоор өгүүлэх цаг болжээ.


Хичээл 2

МУИС Түүхийн тэнхмийн багш, Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр Interview Mongolia хуудсанд хийсэн ярилцлагандаа манай Түрэг төрийн тухай өгүүлсэн хэсэг нь эх сурвалж, судалгаанаас ангид, нэг үгээр хэлэхэд шинжлэх ухаанч биш байна. Д.Анхбаяр өгүүлж буй сэдвээ огт мэдэхгүй байна.

Д.Анхбаяр ингэж өгүүлжээ: “Түрэгийн түүхэн ч тодорхой бичигдчихсэн байдаг. Хүннүгийн үед одоо гарч ирсэн, Хүннүгийн доторх аймгуудын нэгэнд нь, захиргаанд байсан Түрэг угсаатан”.

Д.Анхбаяр аа! Юуны өмнө танд “түрэг угсаатан” гэдэг үгний утгыг тайлбарлая. Түрэг угсаатан гэдэг нь Түрэг гарал үүсэлтэй гэсэн утга. Угсаатан гэдэг үгний үндэс нь “уг” бөгөөд түрэг угтай гэсэн утга. Шууд хэлэх юм бол Түрэг гэдэг этгээдээс угтай буюу гарал үүсэлтэй гэсэн утга. Угсаа, угш гэдэг үг манай Гол тигэн, Билгэ хааны хадан бичигт гарна. Энэ тухай хожим өгүүлнэ. Угсаатан гэдэг нь олон тоо. Өнөө уяачид Тогоруу хээрийн угшилтай гэдэг нь Тогоруу хээрээс угтай гэсэн утга буюу Тогруу хээрийн үр төлийг ингэж өгүүлнэ.

Д.Анхбаяр аа! Та судлаач хүний амнаас гарах ёсгүй зүйл өгүүлэв. Яаж “Хүннүгийн доторх аймгуудын ...захиргаанд Түрэг угсаатан байсан” байж болох вэ?

Д.Анхбаяр аа! Эх сурвалж судлаачийнхаа хувьд танд Ашна овгыг үүсгэгчдийн дээд түүх, Ашна овог, Түрэг аймаг болон Түрэг төрийн үүх товч түүхийг дэлгэе: Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ эх хэлнээ хөрвүүлсэн Умард төрийн түүх Түрэг Тэлэ-гийн шастирт ингэж бичжээ:

“Түрэгийн дээдсийг бас Суо улсаас гаралтай гэж хэлдэг. Хүннүгийн хойдод буй. Тэдний аймгийн ихсийг А Бан Бү гэдэг. Ах дүү долуул байв. Тэдний нэгийг И жи ни ши дү-г чоноос төрсөн гэдэг. А Бан Чүэ мэт ухаан мунхаг, улс нь мөхөв. Түүний нэг нь А фү шүй, Жянь шүй-гийн хооронд улстай, Чи гу гэж нэрлэнэ. Түүний нэг нь Чү зэ шүй голд улстай, түүний нэг нь Бао сы зэ Шан шань ууланд байдаг. Хүйтэнд ч нүцгэн шахуу, өлсгөлөн амьдардаг”. Эдгээр өгүүлбэрийг задлан дүгнэцгээе.

Хүннүгийн хойдод буй Суо улс нь Хүннү өвөр умард хуваагдсаны дараа буюу барагцаагаар НТ 48-155 онуудад оршжээ. А фү шүй нь өнөөгийн Абакан гол болно. Суо улсад төр барьж байсан ихсийн овог нь А Бан болно. Тэгэхээр А Бан овог нь өнөөгийн Хакас, Тува-гын газар нутгаас урагш Өрнөд далай буюу Хөх нуур луу нүүжээ. Нүүх шалгаан нь А Бан овгын Чуэ-гийн ухаан мунхагаас Суо улс нь мөхсөн тул.

Уг эх сурвалжид ийм нэгэн сонин баримт оршино: “Арван хөвүүн өсөв. Гаднаас эхнэр авав. Тэгээд тэд нь өөр өөрийн овогтой болов. Ашна нь тэдний нэгэн овог болно. Хамгаас мэргэн тул ахлагч болов”. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Ашна овог нь Өрнөд далай буюу Хөх нуурт үүсжээ. Ашна овог нь НЭ II-III зуун хооронд үүсжээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна.

Дараагийн хоёр сонин баримтанд ингэж бичжээ: “Вэй Тай У хуанди нь Чи чү овогтныг мөхөөхөд Ашина таван зуун өрх дагуулан Ру ру-д одов. Алтан уулын өвөрт суурьшин Ру ру-гийн төмөрчин болов. Алтан уул нь дуулга адил байдаг. Энгийн үгэнд дуулга нь түрг болж нэршив”.

“Хэдэн зуун үе болоод Эсянь гэгч хүн аймаг улсаа дагуулан агуйгаас гарч Ру ру-д албат болов. Да е хугийн үе хүрээд энэхүү отог хүчирхэгжив”.

Дээрх хоёр эх сурвалжийг нэгтгэхэд Эсянь гэгч нь таван зуун өрх буюу ойролцоогоор 2500 хүнээ дагуулан Ру ру буюу Жужаныг дагажээ. Энэ нь IV зууны сүүлээс V зууны эхэн болно. Алтан ууланд ирээд Ашна овог Жужаны нэгэн аймгийг ахалжээ. Уг аймгийн нэр нь Түрэг болно. Билгэ хаан, Голтигэн хадан дээр “түрүг” гэж бичжээ. Тэгэхээр Түрүг гэдгийг Түрүү гээн ухаж болно. Толгой түрүү гэдэг нь өнөөгийн толгой малгай болно. Дуулга бол нэг төрлийн түрүү. Хөл адаг нь хөл гутал болно. Ингээд Түрүг гэдэг үгний утгыг бид мэдэв.

552 онд Ашна овгыхны удирдах Түрүг аймаг нь Жужаны Анагуй хааны цохиж Өтүгэнд төрөө байгуулжээ. 552 оноос урьд Түрүг аймаг нь Тэлэ овогтноос түм илүү өрхийг (.50000 орчим иргэдийг) буулган авч хүчирхэгжив.

Д.Анхбаяр аа! Түрүг төрийн хүн амын дийлэнх олонх нь Тэлэ овогтон байжээ. Тэлэ-гийн дээдэс Хүннү-гийн хойчис болно гэж Умард төрийн түүх Түрүг Тэлэ-гийн шастирт бичжээ.

Ингээд базалт хийе. Ашна овог нь Өрнөд далай буюу Хөх нуурт НЭ II-III зуунд үүсжээ. Аажмаар хүчирхэг болж 500 өрхөө аван НЭ IV зууны сүүлээс V зууны эхээр Жужан төрийг дагажээ. Түрүг гэдэг нэр нь V зууны сүүлд үүсжээ. Түрүг угсаатан гэхээр V зуунаас хойш үүссэн этгээдүүдийг өгүүлнэ.

Д.Анхбаяр таны өгүүлснийг эргэж харцгаая: “Хүннүгийн доторх аймгуудын нэгэнд нь, захиргаанд байсан Түрэг угсаатан”.

Яаж V зууны сүүлээр үүссэн Түрүг гэдэг нэр Хүннүгийн үед орших вэ? Эх сурвалж судлаач хүн өгүүлж буй өгүүлбэр болгоноо хянан. Яагаад хянадаг гэхээр эх сурвалж судлаачийн дотор мэдлэг оршино. Мануус хэзээ ч Түрүг угсаатан Хүннүгийн захиргаанд байсан гэж хэлэхгүй. Ер нь Түрүг угсаатан гэж өгүүлэх нь манай ёсонд таарах эс таарах тухай хожим өгүүлнэ.

МУИС Түүхийн тэнхмийн багш, Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр та эх сурвалж судлахгүй бол цэцэрлэгийн хүүдийн хэмжээндээ байсаар л байна.

Шинжлэх ухаанч гэж албан тушаалтанг эс хэлнэ. Шинжлэх ухаанч гэж шинжлээд ухааныг нь олдог нэгнийг өгүүлнэ.


Хичээл 3

МУИС Түүхийн тэнхмийн багш, Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр Interview Mongolia хуудсанд өгсөн ярилцлагандаа “Уйгурууд Түргүүдийг мөхөөж улс байгууллаа” гэж өгүүлсэн нь эх сурвалж, түүхэн баримтаас ангид, нэг үгээр хэлэхэд МУИС-ийн Д.Анхбаяр шинжлэх ухаанч биш байна. Ийм судалгаа шинжилгээгүй, дэл сул яриаг МУИС багш өгүүлж буй нь МУИС-д суурь судалгаа байхгүй гэдгийг гэрчилж байна.

Д.Анхбаяр ингэж өгүүлжээ: “5 дугаар 6 дугаар зууны үед тэ, нэг удаа төрийн эрхийг авч, Түрэг гэж улс байгууллаа, дараа нь уйгурууд, түргүүдийг уйгурууд нь мөхөөж улс байгууллаа”.

Д.Анхбаяр аа! 552 онд буюу VI зууны дундуур Ашна овгыхны Түрэг аймаг Өтүгэнд Түрэг төрийг байгуулжээ.

Д.Анхбаяр аа! “Дараа нь түргүүдийг уйгурууд нь мөхөөж улс байгууллаа” гэдэг чинь түүхэн баримттай нийцэхгүй, худал мэдэгдэл. Уйгурууд Түрэг төрийг мөхөөсөн баримт байхгүй.

Түүхэн баримтыг сөхөцгөөе.

“Хорин найман он (НТ 740 оны луу жил) дээдсээс Ю жин у жанжин Ли жи-д тамгат бичиг бариулан явуулжээ. Дэн лиг хаан өргөмжлөв” гээн Хуучин Тан төрийн бичиг дэх Түрэг дээд шастирт бичигджээ. Өөд болсон түрэг Билгэ хааны хүү Дэн ли нь 740 онд хаанд өргөмжлөгдөн орсуусан тухай дээр өгүүлжээ.

Мөн уг эх сурвалжинд ийм баримт гарна: “Харин зүүн Ша аюул ирэхээс имээж цэрэг аван Дэн лийг дайрч алав. Өөрийгөө өргөмжлөв. У су ми ши хаан гэдэг”. Тэгэхээр түрэг Усу ми си НТ 741-743 оны хооронд Өтүгэнд ирж өөрийгөө хаанаар өргөмжилжээ.

Хуучин Тан төрийн бичигт “Зүүн ша-г улсын хүмүүс нь хүлээн дагахгүй байв. Басмал аймаг бослого гарган дайрав. Зүүн ша их ялагдаж зугтан одов. Улс нь үймэв” гээн бичжээ.

“Гурван жил болоод (Тянь бао-744 оны бичин жил) Ба сы мийг дайран ялж өөрийгөө Гу дө ло би га чө хаан гэв. Элч явуулан (Тан) төрд ирж энэрэнгүй хаан хэмээн өргөмжлөгдөв””. Хуучин Тан төрийн бичиг Уйгурын шастир.

Тэгэхээр Хуучин Тан төрийн бичиг номоор Түрэг төрийн хамгийн сүүлийн Усу ми си хааныг Уйгурууд биш Басмал аймаг мөхөөв. Улс нь үймжээ. Харин Басмалыг дайран ялсан уйгур ясту нэгэн нь өөрийгөө Гу дө ло билгэ чө хаан гээн өргөмжилжээ.

Д.Анхбаяр аа! Эх сурвалж судлал гэж Монголд удаагүй ч аль хэдийнээ үүсжээ. “Түргүүдийг уйгур нь мөхөөж улс байгууллаа” гэдэг чинь худал мэдэгдэл болж байна.

Д.Анхбаяр аа! Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ энэ үеийн үйлийг Шинэ Могой усны хэмээх Ач голох хааны хадан бичгээр баталсан билээ.

Шинэ Могой ус дахь уйгур хадан бичээсийн N9-д “Усмс тигэн хан болсон” гэж оржээ. Энэ нь Тан төрийн бичигт гарах өөрийгөө хаанд өргөмжилсөн Усу ми си болж байна. Манай эх сурвалж Дунд орны эх сурвалжтай мөргөж байна.

Басмалыг дарсан тухай Шинэ могой усны бичгийн W-баруун хэсэгт бичигджээ. Уг хэсэг балархай ихтэй тул бүтэн өгүүлбэрийг сэргээхэд бэрх боловч “Басмал Карлаг үгүй б(ол)жээ хонио жилээ” гэжээ. 743 он нь хонь жил болно. Басмалыг хонь жилийн сүүлээр үгүй болгож тэр өөрийгөө хонь жилдээ хаан гээн өргөмжилжээ. Харин 744 оны бич жилдээ Тан төрөөс “Энэрэнгүй хаан” буюу “Гу дө ло билгэ чө хаан” хэмээн өргөмжлөгджээ.

Гу де ло билгэ чө хаан 36 насандаа Түрэг их улсад хүчин зүтгэж явжээ. Ямар алба хашиж байсан хэсэг нь хадан дээр балархай болжээ.

Манай Шинэ могой ус дахь уйгур хадан бичээс Хуучин Тан төрийн бичиг дэх Уйгур шастирт бичсэн хэсэгтэй таарч байна.

Д.Анхбаяр аа! 742 онд “…Билгэ хааны охин Да ло гүнж, А бо сы Же ли фа нар харъяат аймаг олноо дагуулан хойно хойноосоо (Тан улсад) ирж дагав” гэж Хуучин Тан төрийн бичигт гаржээ.

Харин Баруун Түргийн тухай Хуучин Тан төрийн бичигт “Ху би ло-г дагасан нь зургаа долоон түмэн хүн байлаа. Дотор газар нүүв. Баруун Түрэгийн Ашна овгын уг тасрав” гэж бичжээ. Энэ нь 701-703 оны хооронд болсон үйл.

Д.Анхбаяр аа! Үүнийг бүх насаараа санаж яв. 703 он гэхэд Түрэг гэдэг улс Үсүньд үгүй болжээ. Түрэг төрийг үүсгэгч Ашна овгынхан Тан төрийг дагажээ. 742 онд буюу морин жилд Өтүгэнд Түрэг төр үгүй болжээ. 742 оноос хойш Түрэг төр үгүй болсон гэдгийг түүхч хүний хувьд бүү март. 1923 онд өөрсдийгөө Бүгд Найрамдах Турк Улс гээн өргөмжлөсөн нөхдийн дээдэс Өтүгэнд хэзээ ч төр барьж байсангүй, Ашна овогтой тэд огт хамаагүй. Тэдний үүх түүхийг дараагийн өгүүллээр танд хүргэнэ.

Д.Анхбаяр аа! Эх сурвалжийг дурын аавын хүү судалж эс чадна. Төрөлхийн билгэ буюу өгөгдөлтэй хүмүүс л ийм ажлыг хийнэ. Хот, улсын математикийн олимпиадад шилэгдээд орж буй сурагчдаас сайн нь эх сурвалж судлалд таарна. Дараа нь тэдэнд зохих боловсрол олгож байж энэ ажилд тэднийг сургана. Өнөөгийн түүхийн салбарын 100 багшаас нэгэн нь эх сурвалж судлалд тэнцвэл онц үзүүлэлт. Харамсалтай нь тэнцэхгүй байх магадал өндөр.

Монгол улсад үндэсний эх сурвалж судлал үгүй болохоор манай түүхчид хамхуул шиг харийг дагаж байна. Үүний үүх түүх нь ийм. Социализмын үед зөвлөлт багшаар манай түүхчид замаа заалгадаг байжээ. Үндэсний эх сурвалж судлалыг тэр үед хорьдог байсан. Өнөө зөвлөлт багшийн шавийх нь шавь та нар өөрсдөө үндэсний эх сурвалж судлал бий болгох, үндэсний эх сурвалжийн сан бүрдүүлэх чадваргүй учир, чадваргүйг чинь Турк улс мэдэж буй тул Орос багш нарын орыг эзэлж эхлэв.

Д.Анхбаяр аа! Үндэсний түүх хэлний эх сурвалж судлалгүй үндэстэн дархлаагүй үндэстэн болно. Ямар ч вируст хялбар өртөнө.


Хичээл 4

МУИС Түүхийн тэнхмийн багш, Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр Interview Mongolia хуудсанд өгсөн ярилцлагандаа “Токус огз, есөн огз. Тэр аймаг дундаас Кае ч гэдэг юм уу хоёр гурван тэр огзын аймаг нь Анатолияд орсон” гэж өгүүлжээ. МУИС-ийн Д.Анхбаяр эх сурвалж судлах чадваргүйдээ ингэж түүх гуйвуулж байна уу, зориудаар Турк улсын талд түүхийг бичиж байна уу? Ямар ч байсан ялгааг нь түүхэн баримтаар гаргаж өгье.

Анхбаяр аа! Токуз угс нь Кайи овогтонтой цаг хугацааны хувьд, гарал үүслийн хувьд огт хамаагүй гэдгийг хэлье. Токуз гэдэг нь хүн хэлнэ ес гэсэн тоо болно. Хамаг монголын дээдэс удаан хугацаанд Киданы хур байсан тул XIII зуунд төр барихдаа кидан тоо манай өвөг дээдэс Хэрэйд, Найман, Ойрдуудад авчиржээ. Анхбаяр таны дуудаад байгаа огз гэдэг үг манай Тонуйкук, Голтигэн, Шинэ могой ус дахь хадан бичээсэнд оршино. Хүн хэл нь Шар тэнгисээс Каспийн тэнгис хүртэл ижилссэн хэл тул орон нутгын дуудлагаар угс, угш, огз, огш гээн дуудаж болно. Өтүгэн дуудлагаар угс буюу угсаа гэсэн утга агуулна. “Хуучин Тан төрийн бичиг” дэх Уйгур шастир дээр ингэж бичжээ: “Угтаа есөн овогтой аймаг байв. Нэг дэх нь Ёо ло гэ хааны угсаа болно. Хоёрдох нь Ху дө гэ, гурав дахь нь Дө ло у. Дөрөв дэх нь Мө гэ ши чи. Тав дах нь А у ди, зургаа дахь нь Гэ са, долоодох нь Ху вэн су, наймдах нь Ёо у гэ, ес дэх нь Ши е у гэдэг. Нэг аймагт нэг ду ду түшмэлтэй. Басмалыг ялаад нэг аймгийг нэгтгэн авав. Гэ ло луг ялаад нэг аймгийг нэгтгэн авав. Тус бүрд нь таван ду ду түшмэл тавьж нийлүүлээд арван нэгэн аймаг хэмээн нэрлэв. Аянд дайн болгонд тусгай хоёр аймгаар хошууч болгон явуулдаг”.

Манай Тонуйкукын хадан бичигт анх Илтэрс хаан Есөн угсыг хураасан тухай өгүүлнэ. Мөн Шинэ могой ус дахь Ачколог хааны бичээсийн N3-т ...он (арван уйгур) токуз (есөн) угс дээр зуун ж..(жил гэсэн үг болов уу) гэж бичжээ. Уг бичээс балархай ихтэй.

Тэгэхээр 643 оноос 743 оны хооронд оршиж байсан есөн угс нь Тэлэ-гийн хойчис болно. Яагаад Хуучин Тан төрийн бичиг дэхь Уйгурын шастирт Есөн угсыг бичив гэвэл тэд уйгуртай ижил Тэлэ-гийн хойчис тул. 743 онд Басмалыг хурааж ес биш арван угс болжээ. Угс гэдэг үгний үндэс нь уг болно. Тийм учир Ёо ло гэ хааны угсаа нь Ёо ло гэ хаанаас угтай гэсэн утга болно.

Түрэг угсаатан гэж өгүүлж болохгүй юм байна. Учир нь Түрэг нь аймгийн нэр, төрийн нэр. Угсааг тодорхой хүнээр, тэр хүний хойчсийг нэрэлдэг юм байна. Өнөө мануус угсаа залгамжилна гээн өгүүлдэг нь ийм л учиртай юм байна.

Угсаа буюу угс гэдэг үгийг хүн хэлэнд арвин хэрэглэнэ. Гол тигэн хадан бичээсэнд Билгэ хаан “ул барих угшм (угшил минь)” гээн өгүүлжээ.

Анхбаяр аа! Одоо Кайи угсаа анх удаа Диван Лугат толинд гарсныг танд хүргэе. Уг толийг 1077 оных гэдэг. Дотор буй агуулгаар бол X зууны эхэн гэж мануус тодорхойлно. Диван Лугат толинд ингэж бичжээ Угуз нь Туркманы (Туркман гэж Үсүнь дэх бүх мал аж ахуйтныг VIII зууны дундаас буюу Уйгур төр байгуулагдсанаас хойш Перс, Арабын ертөнц хэлдэг болсон) нэг овогтон болно. Хорин хоёр овгоос иж бүрдэнэ.

1. Киник 2. Кайиг 3. Байундур 4. Ива 5. Салгур 6. Афшар 7. Бактили 8. Букдуз 9. Байат 10. Йазгир 11. Аймур 12. Кара булук 13. Алка булук, 14. Икдир. 15. Уракир. 16. Тутирка 17. Ула йундлуг 18. Тукар 19. Бажанак 20. Жувалдар 21. Жабий 22. Жаруклуг.

Эдгээр овгууд Үсүньд оршиж байжээ. Цаг хугацааны хувьд ч, байршлын хувьд ч эдгээр 22 угсаа манай есөн угсаатай хамаарал үгүй.

Анхбаяр аа! Тэгэхээр эндээс буюу Өтүгэнээс Кайи овогтон Үсүнь рүү нүүгээгүй. Учир нь Өтүгэнд Кайи овогтон оршсонгүй. Кайи овогтон Үсүнь дээ л оршиж байжээ. Анхбаяр аа! Яагаад манай дээдсийн түүхийг Стамбулын туркад бариад байна.

Анхбаяр аа! Рашид XIV зууны эхэнд “Судрын чуулган” номондоо Огуз буюу Угс хааны угсааг дөрвөн хүүд нь тус бүр дөрвөн овог ногдуулан ингэж бичжээ: 1. Кайи 2.Баят 3. Ал караули 4. Кара уйли 5. Язер 6. Дукер 7. Дордига 8. Япарлы 9. Аушар 10. Кызык 11. Бек Дэли 12. Каркын 13. Баяндур 14. Бичинэ 15. Джаулдур 16. Чибни 17. Салор 18. Имур 19. Алаюнтли 20. Уркиз 21. Бекдир 22. Букдуз 23. Йива 24. Кынык.

Анхбаяр аа! Энд хоёр сонин зүйл бий. Рашид Судрын чуулган номондоо Кара хааны хөвүүн Огуз нь нэг шүтлэгтэй (Исламд орсон) гэжээ. Исламын шашныг үндэслэгч Мухамед 571 онд төржээ. Манай Түрэг төр 573 онд Буддын шашин залжээ. Манай Уйгур төр мөн Буддын шашинтай байжээ. Тэгэхээр Огуз нь VIII-IX зуунд Исламын шашин авсан нэгэн байж болох.

Анхбаяр аа! Рашид Судрын чуулган номондоо Огузын үр хойчис Ираны нутаг орсон тухай өгүүлнэ. Сельджук удмын султанууд Кынак овгоос гаралтай гэдгээ мэддэг гэжээ. Кынак овгыг Махмуд ал Кашгари Диван Лугат толиндоо нэгдүгээрт бичжээ. Харин Рашид 24-т бичжээ.

Анхбаяр аа! Манай есөн угс нь 643 оноос 743 оны хооронд Өтүгэнд оршиж байсан овгын нэр болно. Есөн угс нь Уйгуртай ижил Тэлэ-гийн хойчис болно. Таны өгүүлж буй Кайи овогтой огт хамаагүй. Огуз хаан исламын шашин авжээ. Өтүгэнд Исламын шашинтай аймаг түүхэнд байсангүй. Исламын шашинтай аймаг анх удаа Алтан ууланд буюу Баян Өлгийд зуу орчим жилийн өмнө иржээ.

Анхбаяр аа! Түүхийг битгий гуйвуул.


Хичээл 5

МУИС Түүхийн тэнхмийн багш, Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр Interview Mongolia хуудсанд өгсөн ярилцлагандаа “Аан зүгээр энэ дээр болбол, мэдээж монгол түрэг хэл чинь төрөл хэл ч гэдэг юм уу тэ, Алтай язгуур ч гэдэг юм уу тэ, ийм учраас дундын үг маш олонтой байдаг” гэж өгүүлжээ. МУИС-ийн Д.Анхбаяр танд ямарч мэдлэг алга. Стамбулын турк багш нартаа энэ өгүүллийг дамжууларай. X зууны өмнөх түрэг хэл нь Ху буюу хүн хэл болохыг хэлж өгье.

Манай Ху буюу Хүн хэл нь Шар тэнгисээс Каспийн тэнгис хүртэл, Хүн гүрэн үүсэхээс өмнө мал аж ахуйтны ижилссэн хэл байжээ. НЭ I зуунд Бан Гу “Хань төрийн түүх” номныхоо Баруун орны шастирт мал аж ахуйтан Роуджи болон Үсүнь улсын зан заншил нь Хүннүтэйгээ ижил гэж бичжээ. Мөн тэд Хүн гүрний тахилгад очдог байсан тухай өгүүлнэ. Хожим хүчирхэг болоод тахилганд нь очихоо больсныг өгүүлжээ. Зан заншил ижил гэдэг нь хэл ижил гэсэн үтга.

Үүнийг Лиу Шү НЭ X зуунд “Хуучин Тан төрийн түүх” номныхоо Түрэг доод хэсэгт ингэж бичжээ: “Баруун түрэгийн хойт Түрэгтэй дээдэс нэгтэй. Анх Му гань болон Ша бэн ло хаан завсартай учир хуваагдаж хоёр болов. Түүний улс нь даруй Үсүнийн хуучин газар нутаг болно. Зүүн тийш Түрэг улс баруун тийш Лэ жу хай (Каспийн тэнгис) далай, урагшаа Су лэ, хойшоо Хан хай хүрнэ. Чанганаас хойш долон мянган ли-д бий. Тэ ли, чиу ци болон баруун орны олон Хугийн улсууд бүгдээрээр захирагдана. Тэдэнд Ду лу болон Гун ши ви, Гэ ло лу, Чу юуй, Чу ми, И у зэрэг олон овог холбогджээ. Зан заншил нь ихэнхдээ түрэгтэй адил. Гагцхүү үг хэл нь жаахан зөрөөтэй. Тэдний ноёд И ху тэ лэ бий, хааны хөвгүүд дүү нар болон удам угсааныхан хариуцна. Бам И жин, чюй ли цо, Яан хун да, Же ли фа, Ту дун, Сы жин зэрэг ноёд бий. Бүгдээрээ үе уламжлан ор залгамжилна”.

Үсүньд Ашна овгын хэсэг нь Баруун Түрэг төрийг байгуулжээ. Тэдний хур Ду лу болон Гун ши ви, Гэ ло лу, Чу юуй, Чу ми, И у зэрэг олон овог аймгууд дотор Огуз ханы дээдэс байх ёстой.

Зан заншил нь ихэнхдээ түрэгтэй адил. Гагцхүү үг хэл нь жаахан зөрөөтэй гэдэг нь Өтүгэн дэх хүн амын дийлэнх олон Тэлэчүдийн хэлтэй Үсүнь дэх овог аймгуудын хэл ижил боловч аялга жаахан зөрүүтэй гэдгийг баталжээ. Өтүгэнд төр барьж буй Ашна овгыхны аялга Үсүньд төр барьж буй Ашна овгыхны аялга хооронд зөрөө байх ёсгүйг бүү мартаарай.

Мөн XI зуунд Махмуд ал Кашгари Диван Лугат толиндоо “Хэл яриандаа хамгийн сайн нь, хэлээ хамгийн сайн эзэмшиж байгаа нь ганц хэлтэнгүүд. Тэд перс хэлтэй өөрийн хэлээ хольдоггүй бөгөөд бусдын зан заншлыг авдаггүй. Хоёр хэлээр ярьдаг, хотын хүн амтай холилдсон нөхдүүдийн хэл нь хазгай болдог. Ийм хэлтэй нь Сугдаг, Канжаг, Аргу” гэж бичжээ.

Мөн Махмуд ал Кашгари номондоо “Уйгур ариг (цэвэр) түрэг хэлтэй. Тэдэнд бас хоорондоо ярьдаг хэл байна. Тэд мануустай харилцахдаа 24 үсэгтэй түрэг бичгээр харьцдаг. Энэ тухай би номныхоо эхэнд дурьдсан. Тэдэнд бас өөр бичиг байна. Тэр бичиг (брахми бичгийг Махмуд өгүүлж буй) нь Синд (Киданд) байдаг бичигтэй ижил бөгөөд түүнийгээ гэгээн ном бичигт хэргэлдэг бөгөөд түүнийг нь шашныхан л хэргэлдэг” гэж тэр бичжээ.

Тэгэхээр Анхбаяр аа! XI зуунд хамгийн ариг мал аж ахуйтны хэлтэй нь Өтүгэнд дэх Уйгур байжээ. Яагаад гэвэл тэд персүүдтэй холилдоогүй.

Махмуд Түрэг хэлний тархалтыг Крымээс Кидан хүртэл зааж байна. Дунд орны эх сурвалжаар бол Ху хэлний тархалтыг Каспийн тэнгисээс Дорно Ху-гийн нутаг хүртэл заажээ.

Анхбаяр аа! Түрэг гэж хэзээнээс Перс, Арабын ертөнц Өтүгэн, Үсүнь дэх мал аж ахуйтныг дуудах болов гэдэг асуултанд хариулах ёстой болов уу.

Хуучин Тан төрийн түүх Түрэг доод хэсэгт “Суй улсын Да егийн сүүлчээр (НОТ 605-618) Баруун Түргийн И ху хаан олон удаа дайлж тэдний улсыг ялав. Персийн ван Ку са хэг баруун Түрэг алав. Түүний хөвгүүн Шэ ли өргөмжлөгдөв. Е хугаас тэдний цэргийн захирагчийг хуваан, улсыг нь хянан захирснаас Перс нь Е хугийн албат болов” гэж бичжээ.

Д.Анхбаяр аа! Энэ бол маш чухал баримт. VII зууны эхнээс перс, арабын ертөнц бүх мал аж ахуйтныг түрэг гэж нэрлэх болжээ. Харин Өтүгэнд 744 онд Уйгур төр байгуулагдсан цагаас хойш уг нэр зөвхөн Үсүнь дэх овог аймгуудад хамаатай болжээ. Үсүньд Ашна овгыхны байгуулсан Баруун Түрэг төр 701-703 онд үгүй болсон ч Үсүнь дэх овог аймгуудын хэл нь хэвээр, хүмүүс нь хэвээр байсан тул перс-арабын ертөнц тэд нарыг нийтэд нь түрэг гэж нэрэлсээр байжээ.

Д.Анхбаяр аа! Үүнийг бүх насаарай тогтоож яв. VIII зуунаас урьд Дунд орныхон мануусын дээдсийг Ху гэж нэрэлж байхад Перс, Арабын ертөнц мануусын дээдсийг Түрэг гэж нэрэлж байжээ. Яг өнөөгийн China Китай гэдэг нь хоёр өөр дуудлага боловч нэг утга зааж буйтэй ижил. Өнөөгийн турк хэл хэрхэн перс, араб үгсээр бохирдсон нь өөр нийтлэлийн сэдэв болно.

Д.Анхбаяр аа! Яагаад СИЭ Хүйс толгой бичээс, Билгэ хаан, Гол тигэн болон бусад бичээсийг өөрийн халх, ойрд аялгаар бүрэн тайлж байгаа нь Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүний голынхоо сав талд манай өвөг дээдэс мянга мянган жилээр хашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй оршиж буйгын учир юм.

Д.Анхбаяр аа! Монгол нь хэлний нэр огт биш, мөн үндэстний нэр огт биш. Монгол нь төрийн нэр юм шүү. Бид Хүн хэлтэй, хүн үндэстэн юм шүү. Үүнийг Анкара дахь хайрт чиглүүлэгч нэртээ мэдэгдээрэй.


Хичээл 6

МУИС Түүхийн тэнхмийн багш, Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр Interview Mongolia хуудсанд өгсөн ярилцлагандаа “Хамаг юм нь Туркых болчоод байгаа юм шиг тийм зохиомол юм, олон нийтийн зохиомол юм үүсгэж болохгүй л дээ. Хэн нэгний нэг дурсгал нэг нэгний нутаг дээр байлаа гээд тэрний түүх болчдог, ийм юм биш” гэж өгүүлжээ.

Д.Анхбаяр аа! Стамбулын Туркын дээдсийн ганц ч дурсгал Монгол улсын нутаг дэвсгэр дээр байхгүй. Үүнийг Анкара дахь зааварлагч нартаа дамжуулаарай.

Перс Арабын нутагт Их Селджук улсыг байгуулсан султанууд нь Үсүньд байсан Огузын олон овгыхноос Кынык овгынхны хойчис гэдгийг Рашид Судрын чуулган номондоо өгүүлжээ. Их Селджук улсын султанаар: Тогрул-бек (1038-63), Алп-Арслан (1063-72), Мелик-шах I (1072-92), Махмуд (1092-94), Баркиярук (1094—1104), Мелик-шах II (1104—1105), Мухаммед (1105-18), Санджар (1118-57) нар байжээ.

Огуз угсааны Санджар султан 1157 онд өөд болсноор Их Селджук улс ангид улсуудад хуваагджээ.

  1. Трансоксан дахь Хорсан Селджук улс
  2. Иран дахь Кераман Селджук
  3. Султанат Ром буюу хожмын Кони улс
  4. Иран дахь Атабеклик Салгхуридс
  5. Иран-Азербайджан дахь Элдигузид Атабеклик
  6. Сири дэх Бори Атабеклик
  7. Ал Жазира дахь Атабеклик Занги
  8. Бага Ази дахь Туркоман Беклик.

Д.Анхбаяр аа! Манай VI-VIII зууны Түрэг төр нь Селджук овгын султануудтай огт хамаагүй.

Өтүгэн дэх мануусын дээдсийн үгсийн сантай ижил үгс тухайн үеийн Их Селджук улсын султануудад байсан гэвэл тэдний дээдэс Кынык овог нь Үсүнь дэх мал аж ахуйтан байсны учир. X зуунаас өмнө Үсүнь Өтүгэний хэл нь ижил байсан тухай өгүүлсэн болно. Селджукууд Перс, Азербайджан, Ал Жазира, Бага ази, Сири, Трансоксан дахь олон үндэстний хэлийг өөртөө шингээжээ. Селджукууд төрийн хэлээ өөрсдийнхөө хэлээр биш ялагдсан тариалан аж ахуйтны хэлээр явуулдаг байжээ. Ийм учир Селджук угсааны жижиг ханилиг буюу бэкликүүдын толь араб, перс үгсийн сангаар дүүржээ. Мөн тэд ялагдсан тариаланч улсуудтай урагласны улмаас тэдний гени араб, перс цусаар дүүржээ. Эдгээр бэглик буюу ханилигуудыг орон нутгын тариаланч улсууд бүгдийг нь Турк гэж нэрэлж байжээ. Нэрлэх шалтгаа нь Суй улсын Да егийн сүүлчээр (НОТ 605-618) Баруун Түргийн И ху хаан Персийг эзэлж өөрсдийн албад болгосны учир болно.

Д.Анхбаяр аа! Селджукууд Перс, Арабын ертөнцийг удаан хугацаагаар ноёлсны улмаас Түрэг хэл гэдэг нь өөр хэл болон хувирав. XII зууны Селджукын хэлээр манай Билгэ хааны хадан бичгийг ухаж дийлэхгүй. Харин VIII зууны Кынык овгын хэл Өтүгэн дэх Тэлэчүүдийн хэлтэй ижил боловч бага зэрэг зөрүүтэй байсан тул тэд уг бичээсийг ухаж дийлэх байжээ.

Мөн XI зуунд Махмуд ал Кашгари Диван Лугат толиндоо “Хэл яриандаа хамгийн сайн нь, хэлээ хамгийн сайн эзэмшиж байгаа нь ганц хэлтэнгүүд. Тэд перс хэлтэй өөрийн хэлээ хольдоггүй бөгөөд бусдын зан заншлыг авдаггүй. Хоёр хэлээр ярьдаг, хотын хүн амтай холилдсон нөхдүүдийн хэл нь хазгай болдог. Ийм хэлтэй нь Сугдаг, Канжаг, Аргу” гэж бичжээ. Махмуд тэр үедээ түрэг хэл өөр болж буйг сайн анзааржээ.

Өнөө Монгол улсын иргэн бүрт хэл соёлынхоо үүх түүхийг мэдэх боломжийг СИЭ ТББ эх сурвалж судлан, түүхий баримтыг дэлгэсэнээр бүрдүүлэв. Үндэсний эх сурвалж судлал бий болж буй тул харийн түүх, хэл соёл түрэмгийллээс бид дархлаатай болж байна.

Д.Анхбаяр аа! Та “Хэн нэгний нэг дурсгал нэг нэгний нутаг дээр байлаа гээд тэрний түүх болчдог, ийм юм биш...” гэж өгүүлсний хариуд нэг үг хэлье. Стамбулын Туркын “дусал” ч түүх соёлын дурсгал Монгол улсын нутаг дээр байхгүй гэдгийг Д.Анхбаяр та яс махандаа шингэтлээ мэдэж ав.

Д.Анхбаяр аа! Эдгээр Селджукуудын дээдсийг манай Түрэг төрийг үүсгэгч Ашна овогтой холбох түүхэн баримтаа гаргаад ир. Стамбул дахь зааварлагч нараасаа тусламж аваарай.


Хичээл 7

МУИС Түүхийн тэнхмийн багш, Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр Interview Mongolia хуудсанд өгсөн ярилцлагандаа “хоёр гурван аймаг нь Анатолия руу цөмөрч орсон байна. 1185? (оныг тод хэлсэнгүй) оны үед. Аан тэгээд, тэд нүүдэлчин байдлаар амьдарч байгаад анх, тэндээсээ хожим нь суурьшаад тэгээд Османы эзэнт гүрэнг байгуулсан” гэж өгүүлжээ. МУИС-ийн багш Д.Анхбаяр та монголчуудыг боловсрол мууд тооцож байна. Та түүхийг санаатайгаар гуйвуулж байна.

Д.Анхбаяр аа! Огуз угсааны Санджар султан 1157 онд өөд болсноор Их Селджук улс олон улс бэгликт хуваагджээ. Хожим эдгээр жижиг улсууд үгүй болох үеэр Бага Азид орших улс дотроос Осман өөрийн бэгликийг байгуулан түүнийгээ 1299-1324 онуудад удирдажээ. Түүнийг Осман төрийг үүсгэгч хэмээнэ.

Осман I тухай мэдээлэл маш ховор бөгөөд түүнийг ахлагч байх үеийн ганц ч бичгэн эх сурвалж өнөө үгүй юм байна. Хамгийн анхны бичгэн эх сурвалж нь 1476 оноос хөтөлсөн “Тева-рих-и аль-и Осман” буюу “Осман угсаатны түүх” болно. Яхши Факых хэмээх нь XV зууны эхэнд “Йылдырымхана хүртэлх Осман угсаатны алдар гавъяа” тэмдэглэл бичсэн сурагтай. Уг бүтээлээс өнөө зөвхөн сураг нь үлджээ. Осман I Гази-гийн тухай XV зууны сүүлээс буюу түүнийг өөд болсноос хойш 150 орчим жилийн дараа Осман гүрний султанууд ном бичүүлжээ. Түүний намтар хожим бичигдсэн учир зохиомол гэж үзэх бүрэн үндэслэлтэйгээс гадна мал аж ахуйтны нийгэм байгууламжинд үл таарах хэсэг байна. Энэ бүхэн энэхүү өгүүллийнх биш өөр нийтлэлийн сэдэв болно.

Осман I гэгч хэн бэ?

Хэрэв Осман I уза ор Үсүнь дэх мал аж ахуйтан бол тэд Османыг төрөхөөс 250 жилийн өмнө Бага Азид Селджук эздийнхээ удирдлага доор иржээ. Манай дэмжигч нар Бага Азийг “Эртний түүх 16” өгүүллэл буюу Геродотын Түүх битигийн Мельпомена хэсгээр мэднэ. Ази нь Прометейн гэргий, Европа нь Финик их хүний охин гэж Геродот бичсэнийг дэмжигч та мэднэ. Азийн цаана жинхэн том ази тив илэрхээр Европынхон Бага Ази гэсэн засвар газрын зурагтаа оруулжээ. Бага Азид перс, мидян, саспир, колхи нар оршиж буй тухай Геродот бичжээ. Бага Ази нь Хүн буюу Түрэг хэлний орчин огт биш гэдгийг Дунд орны эх сурвалжаас, Диван Лугат тольноос бид мэднэ. Тэгэхээр Осман I дээдэс перс, араб хэлтний орон зайнд ирж тэд нэртэй урагласан болж байна. Бага Азид ирээд 250 жил болж байгаа хүмүүсийн хөвүүн Осман I Гази манай Билгэ хаан хадан бичгийг ухаж дийлэхгүй болов уу. Тэдний хэлний орчин эрс өөрчлөгдсөн байжээ. Түүхэн баримтаар Осман нь Сэлджук султаны угсаа гэсэн баримт үгүй. Тэгэхээр Осман I Кынык овогт хамаагүй. Кынык овогт хамаагүй бол Үсүньд алдар нэрээ цуурайтуулж байсан Огуз хааны угсаанд Осман I тооцогдох ёсгүй. Осман I Гази-ийг өөд болсноос хойш 150 жилий дараа түүнийг Кайи овгынх гэж бичсэн нь Мал аж ахуйтны нийгэм байгууламжтай огт таарахгүй. Тэгэхээр Осман төрийг үүсгэгч Осман I Гази нь тодорхой намтаргүй, перс-араб цус давамгайлсан, перс-араб үгс нь ноёлсон тольтой нэгэн нь байжээ гээн СИЭ дүгнэж байна.

Осман төрийн эзэд:

  1. Осман I 1299—1324
  2. Орхан 1324—1362
  3. Мурад I 1362—1389
  4. Баязид I Йылдырым 1389—1402
  5. Сулейман 1402/1403—1411
  6. Муса Челеби 1411—1413
  7. Мехмед I 1413—1421
  8. Мурад II 1421—1444, 1446—1451
  9. Мехмед II 1453—1481
  10. Баязид II 1481—1512
  11. Селим I 1512—1520
  12. Сулейман I 1520—1566
  13. Селим 1566—1574
  14. Мурад III 1574—1595
  15. Мехмед III—1603
  16. Ахмед I 1603—1617
  17. Мустафа I 1617—1618 1622—1623
  18. Осман II 1618—1622
  19. Мурад IV 1623—1640
  20. Ибрагим I 1640—1648
  21. Мехмед IV 1648—1687
  22. Сулейман II 1687—1691
  23. Ахмед II 1691—1695
  24. Мустафа II 1695—1703
  25. Ахмед III 1703—1730
  26. Махмуд I 1730—1754
  27. Осман III 1754—1757
  28. Мустафа III 1757—1774
  29. Абдул-Хамид I 1774—1789
  30. Селим 1789—1807
  31. Мустафа IV 1807—1808
  32. Махмуд II 1808—1839
  33. Абдул-Меджид I 1839—1861
  34. Абдул-Азиз 1861—1876
  35. Мурад V 1876
  36. Абдул-Хамид II 1876—1909
  37. Мехмед V 1909—1918
  38. Мехмед VI 1918—1922

Дэлхийн нэгдүгээр дайн (1914-1918) нь аливаа дайны мөн чанарын дагуу дэлхий дэх эрх мэдлийг дахин хуваарилах, шинэ ёс журмыг тогтоох, газар нутгыг дахин хуваарилах үйл явдал болжээ. Осман эзэнт гүрэн XVIII-XIX зууны Аж үйлдвэрийн хувьсгалаас их хоцорсон, өргөн уудам газар устай боловч боловсрол, эдийн засаг, цэрэг дайны хувьд сул султант гүрэн болсон байжээ. Османы эзэнт гүрэн дэлхийн их гүрнүүдийн газар усны дахин хуваарилалтанд өртөх нь тодорхой байжээ. Газар усны дахин хуваарилалт болов.

Лозаны энхийн гэрээ.

1923 оны 7-р сарын 24 нд дайнд үг дуугуй бууж өгсөн Османы Турк засгийн газар Их Британ, Франц, Итал, Япон, Грек, Румын, Серб-Хорват-Словений Хаант улстай 1920 оны Севрскийн энхийн гэрээг өөрчлөн Лозани чуулганаас гарсан баримтуудад гарын үсэг зуржээ. Уг гэрээгээр Турк нь Аравийн хойг, Египт, Судан, Триполитан, Киренайк, Месопотам, Палестин, Транс Иордан, Ливан Сири болон Эгийн тэнгист орших зарим арлуудаас татгалзжээ. Османы Эзэнт гүрэн хураасан газар усныхаа том хэсгийг алдав.

Лозаны энхийн гэрээг шил даран буюу 97 хоногын дараа 1923 оны 29 нд Бүгд Найрамдах Турк улсыг тунхаглажээ.

Яагаад Турк гэдэг нэрийг Османы хойчис сонгов? Энэ асуултанд СИЭ хариулж чадна гэж бодож байна. Нэгт. Осман төрийг үүсгэгч Осман I Гази-гийн гарал үүсэл балархай. Осман төр нь Их Сельджук улсын угсаа залгамжлагч биш. Үүнийг батлах ганц ч баримт байхгүй. Хоёрт Осман эзэнт гүрэн нь солонгын долоон өнгө шиг олон үндэстэнээс иж бүрджээ. Солонгын долоон өнгө хоорондоо үл холилдоно. Османы эзэнт гүрний хүн амын цус маш их холилджээ. Дийлэнх нь Араб, Перс, Курд, Грек болон Балканыхны цус холилджээ. Үсүнээс очсон мал аж ахуйтны цус 2 хувь хүрэх үгүйтэй болов уу. Олон зүсийн хүмүүсийг нэгтгэдэг ганц нэр бол Суй улсын Да егийн сүүлчээр (НОТ 605-618) Баруун Түргийн И ху хаан албадаа болгосноос хойш перс арабын ертөнц бүх мал аж ахуйтныг Түрэг гэж нэрэлсэн тэр нэр л үлджээ. Осман эзэнт гүрнийг тэдний хур Араб, Перс, Египт, Орос, Балкан нар аман яриагаар Турк гэж нэрлэдэг байжээ. Үнэндээ хамгийн сүүлийн Түрэг төр Өтүгэнд 742 онд үгүй болжээ. Мустафа Кемаль болон түүний багт гарал үүслээ мэдэхгүй, олон үндэстний цуглуулга улсаа Турк гэдэг нэрээр нэгтгэхээс өөр сонголт байсангүй. Бүгд Найрамдах Турк Улс гээн тунхагласны учир ийм болно.

Д.Анхбаяр аа! Энэ бичиж буй зүйл монголчуудад цоо шинэ байж мэдэх юм. Харин та үүнийг маш сайн мэдэж байх ёстой нэгэн нь. Танай Анкара дахь зааварлагч нар үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэд охор түүхээ тэлэх гэж Д.Анхбаяр тантай хамт манай түүх рүү түрэмгийлэл үйлдэж байна.


Хичээл 8

МУИС Түүхийн тэнхмийн багш, Анкарагийн их сургуулийн докторант Д.Анхбаяр Interview Mongolia хуудсанд өгсөн ярилцлагандаа “Туркийн бичиг үсгээс өмнө, Түргүүдээс өмнө тэ, түрэг хэлний баримтаас өмнө Монгол хэлний баримт олдчилоо ш д. Тэр Хүйс толгойн бичээс гээд Түрэг хэлний баримтаас өмнө, эрт, өөрөөр хэлбэл хэлний баримтын хувьд Түргүүдээс илүү түүхтэй болчихгүй юу” гэж өгүүлжээ. МУИС-ийн багш Д.Анхбаяр та эх сурвалж судлаач болох хол байна. Эх сурвалж судлал гэдэг нь өөр соёл. Энэ удаа конспектчин, эх сурвалж судлаач хоёрын арга барилыг дэмжигч олондоо таниулая.

Хүйс толгой бичээс

2019 оны 5 сард Хүйс толгой бичээс судлах ажил эхлэв. Юуны өмнө 2017 онд EHESS CRLAO (Дорно азийн хэл судлал) гэдэг Нийгмийн ухааны хэвлэлд гарсан Мехмед Өлмез, санскрит судлаач Дитер Мауэ, бичиг тайлагч Александр Вовин, түүхч Этьен де ла Вейсьере нарын ажилтай танилцав. Хүйс толгой бичээс Гол тигэн бичээс шиг хүснэгт татаж сийлээгүй учир үсгийг нь гаргах бэрх байв. Дасаагүй нүдээр нэг үсгийг маш олон янзаар бичсэн юм шиг харагдана. Үсэг бүрийг тодруулах, цаг авсан, удаан явцтай ажил хийж байв. Энэ хугацаанд А.Вовинтой мэйлээр харьцаж брахми үсгийг нь хүсэхэд ул эр “копи райт” гээн өгсөнгүй. А.Вовины хийж буй ажлыг галигаар нь судлахад ул эр манай хүн хэлний мэдлэг дутуугаасаа мухардалт орсныг нь эх сурвалж судлаачийн хувьд ман мэдэв. Үүнийг нь өөрт нь бичихэд ул эр холбоогоо надтай таслав. Галигаар нь зөвхөн А.Вовинг дүгнэж болно. Галигаар бичээс сэрээхгүй. Брахми үсгээ таниж, бичгийнхээ системийг мэдэрч байж аливаа эртний бичээсийг сэрээнэ. Үүнийг хэн дуртай аавын хүү хийдэг ажил огт биш.

2019-07-26 нд Герман улсын иргэн Солонгод овогт Хурцбаатар Хүйс толгой бичээсээр хэлэлцүүлэг хийв. Ман эр Дитер Мауэ-гээс авсан брахми үсгийн кодыг номондоо оруулжээ. Манай Хүйс толгой бичээс судалгаанд эрс өөрчлөлт оров.

Д.Анхбаяр “Тэр Хүйс толгойн бичээс гээд Түрэг хэлний баримтаас өмнө, эрт, өөрөөр хэлбэл хэлний баримтын хувьд Түргүүдээс илүү түүхтэй болчихгүй юу” гэж өгүүлсэн нь хариуцлаггүй мэдэгдэл болохыг дэмжигч та бүхэндээ харуулая.

International Journal of Eurasian linguistic I (2019) 162-197 сэтгүүлд А.Вовин “Хүйс толгой бичээс 604 оноос 620 оны үед бичигдсэн” гэжээ.

Хүйс толгой хадан бичээс нь өөд болсон Хааны хойд насыг уншиж буй Буддын шашны зан үйлийг агуулж буй бичээс болохыг СИЭ хөдлөшгүйгээр тогтоов.

Уг бичигт “Будда их хүний ухаг (ном) ухажу (уншижу)” гэсэн өгүүлбэр гарна. Буддын шашинг Түрэг Табэн хаан 573 онд Чи улсаас анх залсан тухай баримт Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д бий. Үүнийг манай дэмжигч нэр мэднэ. Харин уг бичээст Түрэг хаан, Нири хаан гээн гарна. Баруун Түрэг төрийн Нири хаан нь 601 онд Тэлэчүүдэд ихээр ялагджээ. 587 онд Түрэг Шүтэ хаан өөд болжээ. Тэгэхээр уг хадан бичээсийг 587 оноос 601 оны хооронд босгожээ.

Д.Анхбаяр аа! Манай түрэг төрийн хүн амын дийлэнх Тэлэчүүд нь Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голынхоо сав талаас хашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй Хүн үндэстний хойчис болно. Хүйс толгой бичээс нь брахми үсгээр, хүн хэлээр бичигджээ. Манай Билгэ хааны бичээс хүн үсгээр, хүн хэлээр бичигджээ.

Д.Анхбаяр аа! Брахми бичгийг манай Түрэг төрийн үед, манай Уйгур төрийн үед зөвхөн Буддын шашны үйлд хэрэглэж байжээ. Махмуд ал Кашгари номондоо “Уйгур ариг (цэвэр) түрэг хэлтэй. Тэдэнд бас хоорондоо ярьдаг хэл байна. Тэд мануустай харилцахдаа 24 үсэгтэй түрэг бичгээр харьцдаг. Энэ тухай би номныхоо эхэнд дурьдсан. Тэдэнд бас өөр бичиг байна. Тэр бичиг нь Синд (Киданд) байдаг бичигтэй ижил бөгөөд түүнийгээ гэгээн ном бичигт хэрэглэдэг бөгөөд түүнийг нь шашныхан л хэрэглэдэг” гэж тэр бичжээ. Түрэг төр Уйгур төрөөр солигдсон ч хүн ам нь хэвээр байжээ.

Д.Анхбаяр аа! Хүйс толгой бичээс Монгол бичиг гэдэг бол дээд зэргийн тэнэглэл. Тэр үед Бөртчино, Гоа марал тэнгис гатлаагүй байжээ. Алангоа, Добу мэргэний үед монгол гэдэг нэр бий болоогүй байсныг Судрын чуулган номноос хараарай. Их монгол улсын төрийн бичиг уйгур, төрийн хэл нь уйгур байсан тухай баримтыг СИЭ “Их Монгол Улсын соёл” нэртэй 56-р нийтлэлээр хүргэсэн билээ. Өтүгэнд үеийн үед Хүн хэлний төв аялга ноёлж байжээ.

Д.Анхбаяр аа! МУИС багш ийм нимгэн мэдлэгтэй байж болохгүй. Манай Хүн үсэг бичиг маань арамей ултай бичиг. Манай Түрэг төрийг 552 онд үүсэхээс урьд хүн үсэг бичгийг манай дээдэс хэрэглэжээ. Энэ тухай манай “Хүн битиг, Уйгур битиг манай үндсэн хоёр битиг” нэртэй 70-р нийтлэлийг ухаарай.

Бид конспектчин гэж өөрөө судалгаа хийх чадваргүй, мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг өгүүлдэг нэгнийг хэлнэ. Конспектчин хүнд цогц мэдлэг үгүй тул цээжлэн тогтоосон олон мэдээллийг хоорондон логикоор ийм хүн гүрдэг. Үр дүн нь цаг хугацааны хувьд, логик дарааллын хувьд, утга учрын хувь авцалдахгүй өгүүлэл болдог. Нэг үгээр хэлэх юм бол өөрөө мэдэхгүй зүйлээ конспектчид яг Д.Анхбаяр шиг өгүүлнэ. Конспектчин нэгэнд асуулт тавихаар хариулж эс чадна. Конспектчид асуудлыг судалдаггүй учраас мэтгэлцэж эс чадна. Конспекчин нь асуудалд өнгөц хандана, асуудлын хэсгийг нь харна. Судлаач хүн асуудлын гүнийг харна, мөн чанарыг тогтооно. Конспектчин нэгэн нь зөвхөн өөрийнхөө бодлыг илэрхийлнэ. Үүнээс цаашлахгүй.

СИЭ Хүйс толгой бичээсийн сэргээлтээ ном болгож гаргахаас өмнө заавал эх бичиг буюу хадан бичигтэйгээ харьцуулж тулгана. Хэрэв хадан бичиг Дитер Мауэ-гийн буулгасантай зөрвөл монголчууд бид дахин төөрөгдөлд орно. Эх сурвалж судлаач ийм алдаа гаргаж болохгүй. СИЭ Гол тигэн бичээсийг хадан бичиг буюу эхтэй нь тулгахад Хөх Түрэг биш Хохь Түрэг болохыг тогтоов.

Д.Анхбаяр аа! Судлаач гэж судалж чаддаг нэгнийг хэлнэ.


Хичээл 9

СИЭ ТББ-ын цуврал хичээлийн зорилго нь Турк улсаас түүхийн ухаанаар доктор зэрэг горилогч нэгэн нь манай дээдсийн түүх соёлын өвийг хаашаа, хэрхэн хуваарилж буйг монгол ард түмэндээ учирлан билэрүүлэхэд оршино.

Монгол улсын Үндсэн хуулийн тунхаг хэсэгт “Монголын ард түмэн бид: …төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, … хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” гэжээ. СИЭ ТББ нь Монгол улсынхаа иргэдэд төрт ёс, түүх, соёлыг нь таниулан өвлүүлэхийн тулд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү цуврал хичээлийн сэдэв нь Д.Анхбаярын буруу үйл боловч гол зорилго нь Монгол ард түмэндээ түүх соёлынхоо уламжлалыг таниулан өвлүүлэхэд оршино. Учир нь Д.Анхбаяр өөрийн сонголтоо аль хэдийнээ хийжээ.

МУИС Түүхийн тэнхмийн багш, Анкарагийн их сургуулийн докторант Interview Mongolia хуудсанд өгсөн ярилцлагандаа “Ийм учраас зүгээр жаахан сэтгэлийн хөөрөл гаргаад ингээд яахад тэ дундын үгүүдээр нь ингээд дамжуулаад яахад яахав дэ монголоор уншигдчих ч гэж байгаа юм шиг сэтгэгдэл зүгээр зарим хүмүүст төрөнгүүт зүгээр тэрнийгээ л нээлт хийчлээ гээд бодоод яваад байх шиг байгаан” гэж өгүүлжээ.

Д.Анхбаяр аа! Шинжлэх ухаанч үгүйсгэл гэж байна. Хурган овогт Сэрээнэндагва овогтой Сэргэлэн Гол тигэн Бага бичээс дэх (энэхүү бичээс ШУА-д хүргэгдсэн учир) тэр өгүүлбэрийн утгыг, тэр үгийг ингэж буруу тайлбарлажээ гээн бичих ёстой. Дараагаар зөв нь энэ, буруу энэ гэж шинжлэх ухаанч харьцуулалтыг хийх ёстой. Үүний тод жишээ нь Туркын ШУА хүндэт гишүүн Л.Болдын “Орхоны бичгийн дурсгал” номонд нь орсон Гол тигэн Бага бичээсэнд СИЭ-гийн Хүн бичгийн гуравдугаар төгсөлтийн хийсэн дүгнэлт. Тэд зөв болон буруу хувилбарыг хадан бичээс эхтэй нь тулгаж өгүүлбэрийн утга, үгсийн тоог гаргахаас гадна төрөлх хэлээ Л.Болд маш муу эзэмшиж буйг нь тогтоов. Л.Болдын хийсэн үйлийн тухай “Янаглан хорлогч” нэртэй 69-р нийтлэлээс ухаарай.

Мөнгөн савны ёроол дахь бичээс, Алтайн ятган дахь бичээсийг МУИС Ц.Баттулга хэрхэн тайлсныг өөрийн гаргасан зөв гэх тайлбартай харьцуулж нийтлэл бичсэн. Заавал буруу, зөв хувилбарыг эхтэй нь харьцуулна. Ц.Баттулгын ажлын тухай “Мөнгөн савны ёроол дахь Хүннү үсгээс бүрдсэн бичээсийн тухай” нэртэй 4-р нийтлэлээс ухаарай.

Д.Анхбаяр аа! “Ийм учраас зүгээр жаахан сэтгэлийн хөөрөл гаргаад ... яахав дэ монголоор уншигдчих ч гэж байгаа юм шиг сэтгэгдэл зүгээр зарим хүмүүст төрөнгүүт зүгээр тэрнийгээ л нээлт хийчлээ гээд бодоод яваад байх шиг байгаан” гээн өгүүлсэн нь Анхбаяр таны хундагны үг болно. Д.Анхбаяр аа! Худагныхаа үгээ найрын ширээний араас хэлээрэй. Бидэнд хундагны үг хэрэггүй.

Д.Анхбаяр аа! Та “...нээлт хийчлээ гээд бодоод яваад байх шиг байгаан” гэж бичжээ. Нээлт гэдэг үгийг мануус биш та хэллээ. Таны хэлсэн зуу хувь үнэн. Нээлт хийлээ гэдэг үгийг бид зөвхөн харийханд хэлнэ. Манай улсын газар усанд орших хүн болон брахми үсгээр бичигдсэн дурсгалыг сэрээх үйлсэд бид хувьсгал хийв. Мануусын дэргэд алхах гадны нөхөд өнөө байхгүй. Томсон, Радловын хүрсэн амжилтыг хол ахиулж, мөн тэдний хийсэн алдааг бид засав.

Д.Анхбаяр аа! Мэдэх ёстой байсан зүйлээ мэдэж аваад үүнийгээ нээлт гэж мануус яахан хэлэх билээ. Өвөг дээдсийнхээ бичээсийг сэрээснээ нээлт гэж хэрхэн тунхаглах билээ? Харийн өвөг дээдсийн бичээсийг сэрээсэн бол энэ нь манууст нээлт байх байсан. Манай тохиолдол нээлт хийлээ гэвэл тэнгэрт буй өвөг дээдэсдээ “алгадуулах” байх. СИЭ ТББ хийх ёстой ажлаа хийсээр ирэв.

СИЭ ТББ Хүн бичгийн цагаан толгойг урьд байгаагүй тодоор сэрээв. Шуугих гийгүүлэгчийн дуудлагыг Радлов Үсүнь дэх улсуудын аялганд оруулсан байсныг хадан бичээсийнхээ дэргэд орших Өтүгэн дуудлаганд оруулав.

СИЭ ТББ Хүн үсэг бичиг сургалтаар гурван анги буюу 36 хүн төгсгөв. Өнөө хоёр ангийн хичээл завсарлав.

Д.Анбаяр аа! Манай сургалтанд 20-74 насныхан оролцов. Хүн битиг их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт орно гэдэгт огтхон ч бүү эргэлз!

Өнөөдөр монгол улсын төрт ёс, түүх соёлын дархлаа нь монгол улсын иргэн болгоны дотор орших үндэстний ой санамж болно. МУИС түүх, хэлнийхны салбарт бий болж буй докторын тоо нь манай төрт ёс, түүх соёлын дархлаа болж эс чадна. ШУА Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, МУИС түүхийн тэнхим улсынхаа иргэдэд түүх соёлых нь тухай түүхэн баримт дээр суурилах цогц мэдлэг өгч чадаж буй эсэхээр тэдний үйл ажиллагааг дүгнэх цаг болжээ. Үндсэн хуулиар түүх соёлоо уламжлан өвлөх үүрэгтэй бид. Монгол улсын жирийн иргэнд билэрэгдэхгүй түүх соёлын сэдэв гэж байх ёсгүй. Үүнийг хүргэж буй түүхийн доктор нь конспектчин бол тэр цогц мэдлэг иргэдэд хүргэж эс чадна. Монгол улсын түүх соёлын дархлаа нь иргэд бид болно.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...