Билгэ Тооныукук 1300 жил
Цуврал 1-5.
2073 1

Билгэ Тооныкук хүн үсэгт хадан бичээс урласны 1300 жилийн ой энэ жил тохиож байна. 1300 жилийн ой дахин тохиохгүй гэдгийг судлаач бид гүн ухаарч байна.

Цуврал 1.

Монгол улс дахь Турк улсын элчин сайдын байрны гол хаалганы дэргэд Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөө босгосны 1300 жилийн ой гэсэн самбар оршино.

Эх сурвалж судлаачийн хувьд Хүн хэлэнд “билгэ” гэх үгийн утга “мэргэн” гэх үгийн утгаас өөр учир энэхүү хоёр үгийн утгыг та нартаа тайлбарлая. Мөн Тониукук нэрийг дараагийн цуврал дээр тайлбарлана.

Билгэ

Я.Цэвэлийн толинд: билиг (билгэ 𐰋‏𐰃‏𐰠‏𐰏‏𐰀‏‏) оюун ухаан төрөлхийн гарамгай, авьяас, оюун билиг, ухаан билиг гэж оржээ.

Харин XI зууны Диван Лугат толины 2485-д билкэ – ухаалаг, 2489-д билгэ судлаач, 2460-д билкэ оюунлаг гэж бичжээ.

Диван Лугат толины 3330-д бил – мэд, мэдэх гэж оржээ. Тэгэхээр бил гэх үйл үг дээр нэр үг үүсгэгч +гэ залгаж Билгэ гэх нэр үг үүсжээ.

“Алтан дэвтэр” буюу оросуудын нэрлэсэн “Монголын нууц товчоо” түүхэн эх сурвалжийн 20-р хэсэгт: “...кээли мину билижү (мэдэжү)...” гээн оржээ. Энэ билижү гэх үгийг “поглаживает мне чрево” буюу хээлийг минь илэх гэж С.А.Козин анх буруу орчуулжээ. Үүнийг нь монголчууд шууд хуулбарлан дагажээ. Хүн хэлэнд ил-бил, илэх-билэх нэг үг биш. Кээли мину билижү нь утга төгөлдөр болж байна.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжинд “Чарақай Лиңгхуйин көүн Сэнгүм билгэ, Амбақай тан тауичиуд обоқтан болупа” гэж оржээ. “Сэнгүм билгэ”, “найману Инанча билгэ хаан”, “Билгэ Бэки” гэх утгаар оржээ.

Өнөөдөр бидний таних Сайханбилгэ, Билэгт гэх хүмүүсийн нэрний утга нь ийм болно.

Билгэ нь оюуны хүчний ажил хийх чадвар.

Мэргэн

Энэ үгийн тайлбар Алтан Дэвтэр түүхэн эх сурвалжид оржээ. “...Һөэлүн үжин эмэ мэргэн төрэжү, үжүкэт көүтийэн тэчиэрүн уқитала боқталачу, һочитала бүсэлэжү, Онан мүрэн өэтэ ирата гүйүижү, олирсун мойилсун тэмкүжү, үдүр сөни қоолай тэчиэпэ”. Мэргэн үжин Онон мөрний өөд гүйж, олирсун мойилсун тэмкүжү, өдөр шөнө хоолай тэжээв гэж оржээ. Мэргэн гэдэг нь биеийн хүчний ажил хийх чадвар болно.

Мэргэн харваач.

Биеийн хүчний их хөдөлмөр, их мэрийлт гаргаж байж мэргэн харваач болно. Мэргэн харваач буюу мэргэжлийн харваачийг орчин үеийн мэргэжлийн хөлбөмбөгчинтэй харьцуулж болно. Хөлбөмбөгчин өөрийгөө талбайн аль хэсэгт байгаагаа, хаалга хаана байгааг байнга нарийн мэдэрдэг тул тэр хаалга руу харахгүй, хаалга руу бөмбөг өшиглөнө. Үүнийг мэргэн, мэргэжил гэнэ.

Мэргэн харваач нь хөдөлгөөнт байг шагайхгүй харвана. Шагайх боломж, хугацаа түүнд үгүй.

Өнөө сур харваа нь наадгай гэдгийг бүү мартаарай. Харваач үл хөдлөх байг онилж харвана. Энэ бол наадгай.

Я.Цэвэлийн толинд: “Мэргэн, туршлагаар үндэслэсэн их ухаан билэгтэй, сэцэн сэргэлэн, сэцэн мэргэн” гэж оржээ.

Я.Цэвэл эх сурвалж дээр бага ажилласан нэгэн тул мэргэн гэх үгийн утгыг гаргаж эс чаджээ.

Мэргэн нь тухайн ажлыг дээд зэрэгт эзэмшсэн нэгэн нь. Мэргэжил, мэргэн, мэрэгжилтэн, мэрэгшил гэх үгсийн үндэс нь мэрийх гэх үйл үг болно.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “Добун мэргэн”, “Борчигидай мэргэн”, “Корилартай мэргэн” гэж гарна.

Билгэ гэх үг нь оюуны чадвар, мэргэн гэх үг нь биеийн чадварыг илэрхийлнэ.

“Мэргэн үг” гэх ухагдахуун хожим үүсжээ.

Мэргэн Тониукук гээн өгүүлж эс болно. Тониукук нь оюуны ажил хийдэг нэгэн байжээ.


Цуврал 2.

Билгэ Тоныукукын хадан бичээсийн түүхэн 1300 жилийн ой болж байна. Хүн үндэстэн монголчуудын бичиг соёлын том түүхэн үйл болж байна.

Ингээд Тоныукук гэх үгийн утгыг СИЭ ТББ та бүхэндээ хүргье!

Тоныукук нь хувь хүний нэр биш, цол учир уг цолны утгыг гаргаж болно.

Юуны түрүүнд Тоныукук нь Тоны + укук гэх хоёр үгний нийлбэр болно.

Диван Лугат толины 5266 кук-дээдчүүдийн цол гэж оржээ. Хүн үсэг нь гийгүүлэгч ултай учир 𐰸‏𐰸 гэх үсэг нь ук+ук, ку+ку гэх хоёр дуудлагатай байна.

Тоны 𐱃‏𐰆‏𐰪 гэх үгийн эхний үе 𐱃‏𐰆 тоо гэх үгийг зааж байна. Билгэ хааны их бичээст 𐱅‏𐰈‏𐰼‏𐰜‏ ⁚‏‏𐰉‏𐰆‏𐰑‏𐰣‏𐰭‏⁚‏𐰃‏𐰠‏𐰃‏𐰤‏𐱅‏𐰈‏𐰼‏𐰈‏𐰈‏𐰾‏𐰃‏𐰤‏𐱃‏𐰆‏𐱃‏𐰀‏ ‏𐰋𐰃‏‏𐰼‏𐰢‏𐰾‏ “Түрг обогтанынха илин (улсын) төр үүсэн тоота бирмс” гэж оржээ. (Тоота 𐱃‏𐰆‏𐱃‏𐰀 ) барих гэх үгний 𐱃‏𐰆 Тоны кукын 𐱃‏𐰆 ижил бичигджээ. ( ‏𐱃‏𐰆‏𐱃‏𐰀 тоота) гэх үгийг задалцгаая.

Тоо үйл үг, тоох гэх үгний үндэс; +т нэр үг үүсгэгч; +а үйл чиглэх, орших тийн ялгал. Тоота гэдэг нь бүртгэлд орсон бүх зүйлээ барих гэх утга гарч байна. Тоот гэх ухагдахуунд хүн амын тоо, малын тоо орно. Хүн төрийн үеэс намар болгон хүн малынхаа тоог Хүн үндэстэн гаргадаг баримт бий.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид үйл чиглэх, орших тийн ялгал: қабчала ширқусу; қажара қарақу бүлээ; гэх мэтээр оржээ.

Тэгэхээр Тооны кук нь хамгийн том тооны хүн болж байна. Сангаа мэддэг хүнийг сангийн сайд гэнэ. Үүнтэй ижил утга. Сан гэх үгийг өнөө монголчууд сан хөмрөг гэж билэрнэ. Я.Цэвэлийн толинд Сан - улсын мэдэл, өмчид холбогдох зүйл; сангийн яам (улсын мөнгөн хөрөнгө, түүний эргэлт, төсөв, зээлдэгч тэргүүтнийг хариуцах яам) гэжээ.

XI зууны Диван Лугат толинд 5405-д сан – тоо гэж оржээ.

3350-д сан – тэнцүүлэх, адилтгах гэх утгаар оржээ. Сангийн яам гэх үгний эх үндэс нь мөн тоо гэх утга болж байна. Монгол хүн тоо цээжээр бодохдоо санаж боддог.

Энэ хүртэл бид Тооны кукын тоо, тоот гэх үгний үндэс хүн үсгээр ижил бичигджээ гэдгийг батлав.

Одоо Дунд орны эх сурвалжийг сөхөцгөөе!

《隋书》Сүй улсын бичгийг НТ622 оноос эхэлж НТ 636 онд бичин дуусгажээ. Сүй улсын бичгийн 84-р шастир дотор Ши вэй-гийн тухай ийм тэмдэглэл бий:

室韦,契丹之类也。其南者为契丹,在北者号室韦,分为五部,不相总一,所谓南室韦、北室韦、钵室韦、深末怛室韦、大室韦。并无君长,人民贫弱,突厥常以三吐屯总领之。

Ши вэй нь Киданы төрөл болно. Урагшаа байсныг нь Кидан, хойшоо байсныг Шивэй гэнэ. 5 аймагт хуваагдана. Нэг нэгэндээ захирагдахгүй. Өмнөд Шивэй, Хойд Шивэй, Бо Шивэй, Шэн мо да Шивэй, Их Шивэй гэж хуваагдана. Эзэн байхгүй, хүн ард нь ядуу буурай, Түргээс гурван Ту түн түшмэлээр ерөнхийлөн захирна.

Энд орсон Ту түн гэх үгийг судлахаар Хань хэлний дунд зууны 吐屯 tuo i̯uĕn (吐tuo 屯 i̯uĕn), Миннан аялгаар То дун, Гоанжоу аялгаар тоу туон, кэжиа аялгаар ту тун болж байна. 吐屯 энэ ханз үсгээр Түрэг төрийн түшмэлийн цолыг галиглажээ. Түрэг гурван тоотон түшмэл нь Шивэйн таван аймгийн хүн ам, малын тоог авч төврүүгээ илгээдэг, татварыг нь ногдуулж, цэрэг татлагыг зохион байгуулдаг юм байна.

“Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид Төдөэн Одчигин, Төдөэн Киртэ, Төдөэн Барула гэж оржээ. Төдөэн нь үзийн дуудлага, тоотон нь угын дуудлаг болж байна. Тэгэхээр эдгээр тоотон түшмэлүүд нь овгынхоо хүн ам, малын тоог бүртгэдэг юм байна.

Төдөэн (тоотон) Киртэ Йэсүгэй баатарыг үгүй болсны хойно хураасан улсыг нь авч оддог. Тоотон Киртэ өөрийн дансандаа улсыг нь бүртгэж авжээ. Тоотон буюу төдөэн гэх албан тушаалыг үүрэг маш тодорхой “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид бичигджээ.

Тэгэхээр Тонуйкук биш Тооны кук нь Түрэг төрийн хамгийн том тоотон буюу өнөөгийн сангийн яамны сайд нь байжээ. Билгэ Тооны кук нь улс оронд болж буй мэдээллийг хамгийн түрүүнд авдаг, мэдээллийг боловсруулж хаандаа зөвөлдөг нэгэн байжээ.

Ингээд Хуучин Тан төрийн бичигт гарах сонирхолтой хэсгээс та бүхэндээ танилцуулая:

  1. “Мо чогийн (Ачум хаан) үе бага түшмэл Тооны кук нь арга ухаан гаргадаг байв. Урьд Мо чогийн доорх бага түшмэл бүгдийг Чуай тэлэ (Гол тигэн) алжээ. Тооны кук охиноо Шао ша-д (Билгэ хаанд) хатан болгосноор үхэхээс хэлтэрчээ. Тушаалаа хасуулж урьдах аймагтаа буцсаны дараа дахин хэрэглэгдэв. Нас сүүдэр далан хэдтэй байв. Харьчууд түүнийх их л хүндэлдэг” гэж бичжээ.
  2. Билгэ хаан (Шао ша) нь дагасан өрхүүдийг эзэлмэгц өмнө зүг хөдөлж дээрэм хийх санаатай байв. Тооны кук хэлсэн нь: “Тан улсын эзэн эрэмгий байна. Хүн ард нь амар амгалан, жилийн өнгө бас тэгш сайхан байна. Зай завсар гэж алга. Халдаж үл болно. Манай нутаг шинэхэн тогтсон ядаргаа тарчиг нь арилаагүй учир гурван жил амарч амьсгалах хэрэгтэй. Түүний хойно харж байгаад яахаа тогтоох нь зөв” гэв. Тооны кук нь дотоодынхоо байдлыг маш сайн мэдэхээс гадна Тан улсын байдлыг сайн мэдэж байна. Билгэ Тооны кук нь Түрэг төрийн мэдээллийг зангидаж байна.

Цуврал 3.

Билгэ Тооныкук 1300 жил ба Хүн үндэстэн монголчууд

Билгэ Тооныкук хүн үсэгт хадан бичээс урласны 1300 жилийн ой энэ жил тохиож байна. 1300 жилийн ой дахин тохиохгүй гэдгийг судлаач бид гүн ухаарч байна.

Хүн үндэстэн монголчууд бид “Билгэ Тооныкук 1300 жил” түүхэн үйлээс ямар ухаарал авах ёстой вэ? СИЭ ТББ уг ойд зориулж ямар ажил зохион байгуулах вэ? гэх хоёр асуултын хариуг энэ цувралдаа СИЭ бичиж байна.

“Билгэ Тооныкук 1300 жил” түүхэн ой.

Үтүгэнд төрөө үүсгэсэн Хүннү төр, Жужаань төр, Түрэг төр, Уйгур төрийнхөө түүхийг СИЭ ТББ-ын судлаачид олон улсын судлаачдын адил Дунд орны эх сурвалжаар судална. Одоогоор судлах өөр эх сурвалж үгүй.

Түүх бичих аргачлалыг түрүү тооллын I зуунд Дунд оронд Сыма Цяни үүсгэж, нийтийн тооллын I зуунд битигч Бан Гу нь Дунд орны төрийн түүхийг мэргэжлийн түвшинд бичжээ. Энэ хоёр түүх битигчээс Дунд орны хожмын түүхчид түүх бичих ухааныг уламжлан авав. Дунд орны үе үеийн түүхчдийн бичиж үлдээсэн Дунд орны төрийн баримтжуулагдсан 24 түүхэнд Үтүгэнд төрөө үүсгэсэн бэлчээрийн мал аж ахуйтны төрийн түүх Хүннүгийн шастир, Жужааны шастир, Өндөр тэрэгтны шастир, Түрэг Тэлэ шастир, Түрэг шастир дээд, Түрэг шастир доод, Уйгурын шастир гэх бүлэгт бичигджээ.

Үтүгэнд төрөө байгуулсан дээрх дөрвөн төрийн долоон шастирыг Дунд орны үе үеийн түүхчид ижил аргачлалаар бичжээ. Дунд орны битигч нэр түүхийг төрөөр нь бичдэг тухай хэдэн үг хэлье:

  • Тийм учир Үтүгэнд төрөө үүсгэсэн овгын гарал үүсэл, тэд өөрсдийгөө хэн гэж тооцдог
  • Төр байгуулахаас урьд тэд хаана, юу хийж хэрхэн хүчирхэг болсон, хэзээ ямар нэртэй аймаг үүсгэсэн тухай бичдэг.
  • Мөн хэрхэн Үтүгэнд ирж төрөө байгуулсан тухай мөн бичдэг.
  • Хаадынх нь нэрс, гол үйл явдлууд, Дунд орны төртэй хэдий үед ямар төртэй холбоотой, хэрхэн дайтаж, мөн ямар бодлогыг Дунд орны үе үеийн төрөөс явуулж байсан тухай дээрх долоон шастирт бичдэг.
  • Эдгээр төрийн хүн амын зан заншил нь бүгд Хүннүтэйгээ ижил гээн дээрх шастир бүрд бичдэг.

Хүннүгийн шастир нь Дунд орны “Түүхэн тэмдэглэл” номын 110-р хэсэгт орших бөгөөд уг Түүхэн тэмдэглэлийг бичсэн Сыма Цяни нийт бичлэгийнхээ 3 хувийг Хүннүгийн төрд зориулжээ. Дунд орны хожмын түүх битигч нэр энэ хувийг их бага хэмжээгээр мөрджээ.

Нэг үгээр, Үтүгэнд орших манай үе үеийн төрийн түүх Дунд орны түүх шиг дэлгэр биш ч гэсэн бүтэн бичигджээ.

Түрэг төрийн их тоотон өнөөгийн ухагдахуунаар “сангийн сайд” Билгэ Тооныкукын хүн үсэгт хадан бичээс нь нийт 850 орчим үгээс бүтжээ. (Судалгааны төгсгөлд уг бичээст орсон давхардсан, давхардаагүй үгийн тоо гарна).

Тооныкукын бичээс нь Түрэг төрийн 680-721 оны түүхийг хүн үсгээр, төв аялгаар бичин үлдээсэн баримт болно.

Брахми үсэгт Хүйс толгой бичээс нь Түрэг төрийн Буддын шашны зан үйлийг бичин үлдээсэн баримт болно. Хүйс толгой бичээс нь төрийн биш шашны зан үйл агуулжээ. Харин Тооныкук бичээс нь Хүн үндэстэн Түрэг төрийн сайд төрийнхөө үйлийг, төрийнхээ үсгээр хадан дээр сийлсэн түүхэн баримт ажуу.

Үтүгэнд төр улсаа байгуулсан Хүннү төр, Хүн үндэстний Жужаан, Түрэг, Уйгур, Их монгол төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь хүн үндэстэн болно. 1300 жил, 13 зууныг илээсэн Билгэ Тооныкук бичээсийн түүх, үсэг бичиг, хэл соёлын үнэ цэнийг эрэгцүүлэн ухаарах цаг Хүн үндэстэн монголчуудад өнөө ирэв.

СИЭ ТББ-ын судлаачид ба Билгэ Тооныкук 1300 жил.

СИЭ ТББ-ын судлаачид “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжийг сэрээх ажил дээр бүх хүчээ төвлөрүүлэн зав зай муутай учир түүх, хэлнийнхээ нийтлэлийг урьдых шиг өндөр давтамжтай эс бичиж байгааг ухагч та бүхэн мэдэрч байгаа болов уу.

1300 жилийн тэртээд төрийнхээ үйлийг, төрийн үсэг бичгээр, төв аялгаар хадан дээр анх сийлэн баримтжуулсныг Хүн үндэстэн өнөөгийн монголчууд ухаарах түүхэн үйл болж байна.

Бид эртний түүхээ дан ганц Дунд орны бичгэн сурвалжаас судалдаг бол VIII зууны Билгэ Тооныкукын бичээс нь бэлчээрийн мал аж ахуйтан хүн үндэстэн хүн үсгээр, төв аялгаар түүхээ бичин үлдээсэн анхны баримт болж байна. Одоогоор хүн үндэстэнд Билгэ Тооныкукын уралсан бичээсээс эрт бичигдсэн үндэсний түүхэн баримт үгүй.

СИЭ ТББ-ын үндэсний эх сурвалж судлаачид уг түүхэн ойн утга учир, ач холбогдлыг нь монголчууддаа сургалт, шинжлэх ухааны цуврал нийтлэлээр тайлбарлана. Энэ үйлийг дэмжигч та бүхэнтэйгээ хамт хийж найман зуун жилээр огтлогдсон эх түүхээ ургашлуулна.

Бид Билгэ Тооныкук хадан бичээсээ амжилттай сэрээж байна. Удахгүй сэрээж дуусна.

Билгэ Тооныкукын 1300 жил буюу 13 зууны хугацааг билгэшээн 13 хүнтэй анги бүрдүүлж “Билгэ Тооныкукын хадан бичээс” сургалтыг СИЭ явуулна. Энэ сургалтанд “Гол тигэн” бага, их бичээс судалсан СИЭ ТББ-ын сурагчид оролцоно. Намрын тэргүүн сард монгол хэл, түүхийн ахмад багш болон төрийн албан хаагчдаас 13 эрхмийг урьж анги бүрдүүлэн “Билгэ Тооныкук 1300 жил” сургалт зохион байгуулна.

Намрын дунд сард “Билгэ Тооныкук 1300 жил” эрдэм шинжилгээний хурал СИЭ ТББ удирдан зохион байгуулж, оролцсон илтгэл бүрийг нэгтгэж та бүхэндээ хүргэнэ.

“Билгэ Тооныкук 1300 жил” эрдэм шинжилгээний хуралд урьдчилсан байдлаар ач холбогдолтой ийм сэдвийн судалгаа орох болов уу.

1. Нэр үгийн тийн ялгал:

Үүнд Түрэг төрийн хадан бичээс дэх нэр үгийн тийн ялгал бүрийг “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалж дахь нэр үгийн тийн ялгал, орчин цагийн монгол хэлний тийн ялгал болон халх аялга дахь тийн ялгалтай харьцуулсан судалгаа.

2. Үйлийн цаг:

Үүнд Түрэг төрийн хадан бичээс дэх үйлийн цаг, “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалж дахь үйлийн цаг, орчин цагийн монгол хэлний үйл үгийн цагийн хэлбэр, халх аялга дахь үйлийн цагтай харьцуулсан судалгаа.

3. Үйлийн явц:

Үүнд Түрэг төрийн хадан бичээс дэх үйлийн явц, “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалж дахь үйлийн явц, орчин цагийн монгол хэлний буруу ангилал, халх аялга дахь үйлийн явцтай харьцуулсан судалгаа.

4. Үгийн сан:

Үүнд Тооныкук хадан бичээс дэх үгийн санг “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалж дахь үгийн сан, өнөөгийн монголчуудын үгийн сантай харьцуулсан судалгаа.

5. Тооныкук, Билгэ хаан, Гол тигэн хадан бичээс дэх түүхэн үйл:

Үүнд Түрэг төрийн хадан бичээс дэх түүхэн үйл явдлыг Хуучин Тан төрийн бичиг, Шинэ Тан төрийн бичиг, Умард төрийн түүхэнд бичигдсэн үйл явдалтай харьцуулсан судалгаа.

6. Хүн тоо, кидан тоо өнөөгийн хэрэглээ, харьцуулалт:

7. Газар усны нэрийн тайлал:

8. Цол хэргэм:

9. Гадны судлаачдын судалгааны бурууг өгүүлбэр зүй, үг зүй, утга зүйгээр задлан батлах судалгаа:

Ийм сэдвээр хийгдсэн судалгаа эрдэм шинжилгээний хуралд орох болов уу.

“Билгэ Тооныкук 1300 жил” эрдэм шинжилгээний хурлын бас нэг ач холбогдол нь Монгол улсад хүн үсэгт бичгэн эх сурвалж судлал үүсэж, энэ чиглэлээр олон улсад тэргүүлж бүйгээ тунхаглан харуулах үйл болно.

СИЭ ТББ Монгол төрдөө “Билгэ Тооныкук 1300 жил” түүхэн үйл дээр хамтран ажиллах санал хүргэнэ.

Түүх соёл, үсэг бичиг, төрт ёсныхоо “Билгэ Тооныкук 1300 жил” ойг Хүн үндэстэн монголчууд бид утга төгөлдөр тэмдэглэх түүхэн үүрэгтэй!

“Билгэ Тооныкук 1300 жил” ойн мэндийг та бүхэндээ хүргье!

Цуврал 4.

Билгэ Тооныкук хүн үсэгт хадан бичээс урласны 1300 жилийн ой энэ жил тохиож байна. СИЭ-ны урсгал судалгаа олз арвинтай байна.

Цуврал 3-т СИЭ (𐱃‏𐰆‏𐰪 ) “Тооны” гэх үгийн утгыг тайлбарлав. Үгийн үндэс нь (𐱃‏𐰆 ) “тоо” болохыг мөн тайлбарлав.

Энэ удаа укук гэх үгэнд орох “ук” + “ук” (𐰸 + ‏𐰸) гэх хоёр үсгийг тайлбарлая. Диван Лугат толины 5266 кук – өргөмжлөл цол, Туркман ястан, дээдсийн цол гэж бичсэн боловч уг үгийнхээ утгыг Махмуд ал Кашгари эс тайлбарлажээ.

Ингээд “укук” (𐰸𐰸 ) гэх үгийн утгыг гаргацгаая.

Хүн хэлэнд “ук”, “уки” гэх хоёр үйл үндэс хоёр орших бөгөөд нэг нь ухаан гэх үгийн үндэс, нөгөө нь Хүйс толгой бичээст гарах “ухах” гэх үгийн үндэс болно.

Өнөө Хүн үндэстэн монголчууд “ухаан” гэх үгийг сайн мэдэх боловч үндэс ух (ук) нь үйл үг болохыг сайн мэдэхгүй тул уг үгт морфолог задаргаа хийе:

Ухаан (укаан) – нэр үг; (ух) үйл үг, үндэс, Диван Лугат толины 952-т ук-юмны учрыг олох, ойлгох; +аа нэр үг үүсгэгч; +н бүтэн үг үүсгэгч.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “ук” үйл үндэстэй, Диван Лугат толины тайлбартай ижил утгыг тээх үг олон орсноос цаг хэмнэх үүднээс хоёрыг нь танд хүргье:

“Гэр дотора қақча Маалиқ баййаудай хүүн буййу. Эдэ қурбан көүт тэүнүэй буй жэ" кээн экэ йүэн эчинэ кэлэлдүкүййи экэ ану Алан қоа уқажу,...”...

“Тэлэм йэкин үгүлэт та тэвүбэр уқаасу тэмдэк ину тэңгэрийн көүт буййу жэ”. Укажу, укаасу гэх хоёр үйл үг дээрх хоёр өгүүлбэрт юмны учрыг мэдэжү, ойлгоосу гэх утгаар оржээ. Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид ийм жишээ олон байна.

“Ук” (𐰸 ) гэх үйл үгийг “тоо” (𐱃‏𐰆 ) гэх нэр үгтэй “тоо ук” (𐱃‏𐰆‏⁚‏𐰸‏ ) буюу тоо ойлго, тооны учрыг ол гэх утга үүснэ.

Мөн “Ук” (𐰸 ) гэх үйл үндэсийн хойноос +ук (𐰸) залгаж (𐰸𐰸) “укук” гэх нэр үг хүн хэлэнд үүснэ. Хүн хэлэнд “зур” үйл үндэсийн хойноос +г залгаж “зураг”, “бич” үйл үндсийн хойноос +г залгаж “бичиг” нэр үг үүсдэгтэй адил аргаар нэр үг бүтэж байна.

Шинээр үүсэх “укук” нэр үг нь ойлгомж; юмны учрыг мэдэгч гэх утга тээнэ.

“Укук” нэр үг “тоо” гэх нэр үгтэй харьяалахын тийн ялгалаар Тооны+укук гэж холбогдоно. Тооныукук нь тооны ойлгомж, “тооны ухаан” гэх утга бөгөөд “Тооныукук” хадан бичээст тур (𐱃‏𐰆‏𐰺 ) гэх үйл үндэсийн араас +ук (𐰸 ) залгаж туруг гэх нэр үг үүсгэжээ. Хүн хэлэнд үйлийн үндэс захирах өнгөнд оршино гэж Махмуд ал Кашгари XI зуунд бичжээ. “Чи тур”, “Чи зур”, “Чи бич” нь захирах өнгө болно. Я.Цэвэлийн толинд уг үйл үгийг “тур” биш “турах” гэж тодорхойлсон нь эх сурвалж бага судалсны үр дүн болно. Үйлийн үндэс нь турах биш тур (𐱃‏𐰆‏𐰺 ) болно.

“Тооныукук” нь “тооны ухаан” болно.

Үүнээс илүү утга агуулах өөр ийм хувилбар байна.

Уки үйл үндэс; Диван Лугат толины 5895-т уки – унш, битик уки, битик унших.

Түрэг төрийн шашны зан үйл бүхий брахми үсэгт “Хүйс толгой” бичээсийн эхний өгүүлбэрт “укиг укижу” буюу ном ухажу гэх утгаар оржээ. Унш гэх үйл үг нь чанга дуу гарга гэх утга болохоос уки гэх утга биш.

“Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид:

  1. …Таййичиут уңшижу үгүлэрүн...
  2. “ақабан Тэмүжини илэ. Бусути, тану кэрэк үгэй” кээн уңшиқтачу
  3. ...Тэмүжин дүрбэжү айисуқун иргэндүр "Бөртэ! Бөртэ!" кээн уңшижу йабуқуйдур учиражу,...

ийм өгүүлбэр олон оров. “Унш” үйл үндсээс үүсэх үг бүр “чанга дуу гарга” гэх утга тээжээ.

Унш гэх үгийн морфолог задаргаа нь: ун - нэр үг, үндэс, Диван Лугат толины 43-т ун – дуу, авиа; +ш үйл үг үүсгэгч. Унш гэдэг нь дуу гаргах, авиа гаргах үйл.

“Уки” үйл үндсээс үүсэх “укук” Тооныукук (𐱃‏𐰆‏𐰪‏𐰸‏𐰸 ) нь тоо бүртгэдэг, тоо бичилт ухдаг “уншдаг” гэх утга тээнэ.

Ингээд Тооныукук ямар хэмжээний тоон мэдээлэл дээр ажиллаж байсныг дүрслэхийн тулд Түрэг төрийн дотоод үйл ажиллагааны цар хүрээг баримтаас гаргая:

“Ши Ви хаан нь До жи хэмээгч Чи мин хааны хөвүүн болно. Тэдний угсаа нь хүчирхэгжин мандаж зүүн тийш Кидан, Ши вэй, баруун тийш Ту юу хун, Гао Чангийн олон улс бүгдээр түүний харьяат болов. Зуу илүү түмэн (сая илүү) нум агсагчтай. Хойд бүдүүлгүүдийн мандал ерөөсөө ийм байгаагүй. Ин Шаныг илүүд үзэж, Дунд орныг дорд үзэх хандалагатай байв” гэж Хуучин Тан төрийн бичигт бичжээ.

Түрэг төрийн газар ус дорношоо Шар Тэнгис, барууншаа Үсүнь орж байна. Ийм асар том газар усанд төр үйлээ явуулахын тулд төрийн тоо бүртгэл нягт сайн байх ёстой.

Үтүгэнд төр солигдож байснаас үндэстэн нь солигдож байгаагүй тул Хүн үндэстэн бид Их гүрэн байх үедээ төрийн тоо бүртэлээ хэрхэн явуулж байсныг газар ус, хүн амаар хоорондоо дөхүү Хүннү төр, Түрэг төр, Их монгол төрийнхөө баримтаас сэрээж болно.

Сыма Цяни Түүхэн тэмдэглэл бичигтээ: “Намар адуу таргалваас Дай линд их найр хийж хүн, мал, агуурсаа бүртгэнэ” гэж бичжээ.

“Түүхэн тэмдэглэл” бичигт Хань төрийн гүнжийг даган ирсэн Жон Хан Юэ тайган Хүн төрийн шанью болон холбогдох албан тушаалтанд хүн мал агуурсаа хэрхэн бүртгэж данслах тухай сургав гэж оржээ. Жон Хан Юэ нь Хүн төрийн тоо бүртгэлд Хань төрийн тоо бүртгэх аргачлалыг нэвтрүүлжээ.

Түрүү тооллын I зуунд Хүн үндэстний төрийн тоо бүртгэлийг Сыма Цяни баримтжуулжээ. Хүн, мал, агуурсын бүртгэл үгүй бол Мал аж ахуйтны төр үгүй.

Дунд орны битигч Фань.Э “Хожуу Хань төрийн бичиг”-т “Ухуань хэмээгч нь уг нь Дунху болно. ... Ухуань нь Модууд эзлэгдсэний дараа хүн бага, хүч сул, үргэлжид Хүннүг бөхийн дагадаг. Жил болгон үхэр, адуу, хонины арьс барьдаг, цагтаа өгөөгүй бол эхнэр хүүхдийг нь бариад явна” гэж бичжээ.

Фань.Э-гийн бичвэрээс Хүн төр нь Үтүгэнээс дорно өмнө нутагт, 1500 километрийн алсад орших Ухуань аймгийн овог бүрээс хэдий хэмжээний арьс татахыг тооцон гаргаж, хэдийд хэдийг орлогдохоо төлөвлөдөг нь тод харагдаж байна.

XII зуунд армен, хар лам Киракос Гандзакеци “Армений түүх” номдоо: “1254 онд Мөнх хаан зарлиг буулгаж Армен, Гүрж, Агаанка болон тэдний дагалдах нутагт эмсийг нь үл оруулан арван наснаас дээш бүх хүмүүсийг нь бүртгэж, бүртгэлд орсон хүн бүрээс татвар нэхэмжилнэ. Татвараа нуухыг оролдсоныг нь алж, хугацаандаа төлөөгүй нэгний хүүхдийг нь барьцаална” гэж бичжээ. Их Монгол төрийн тоо бүртгэл Хүннү төрийн тоо бүртгэлийн ижил зүйл нь хүнээ бүртгэх, татвараа төлөөгүй өрхөөс нэгнийг нь барьцаалах үйл байна. Хүн үндэстэн хүн амаа мянга мянган жилийн хугацаанд хэрхэн бүртэж байсныг XIII зууны Их Монгол төрийн бүртгэлийн жишээн дээр бидэнд Киракос Гандзакеци маш тодорхой баримт үлдээв.

Армен, Гүрж-д бэлчээрийн мал аж ахуй үгүй тул Их Монгол төр уг нутагт малын тоо бүртгэл гэж төрөл бүртгэлийг эс үүсгэжээ.

Уг номдоо Кирикос Гандкакеци Үтүгэнээс 4500 километрийн алсад орших Армен үндэстний Давсны орд бүрийг Монголчууд төрийнхөө мэдэлд аван, давсныхаа үнийг төр тогтоох болсон тухай бичжээ. Тэгвэл Хүннү төр бүх арьс ширийг төрийн мэдэлд авч үнийг нь төр мэдэн тогтоож байжээ.

Татварыг зөв тогтооход билгэ ухаан хэрэгтэй.

Ли Янь Шоу VII зуунд “Умард төрийн түүх” номдоо: “Да е-гийн анхдугаар онд (605 онд) Түрэгийн Чү лэ хаан нь Тэлэ-гийн олон аймгийг дайрч хүнд татвараар хөрөнгийг нь хураан авав. Бас Шю Яэ тоо зэргийг хардан сэжиглэж, урвуузай хэмээн эмээж, тэдний ахлагч ихэс хэдэн зуун хүнийг хураан бүгдийг нь алан хяджээ. Түүнээс урвалга гарч, Чүло-г эсэргүүцсэн байна” гэж бичжээ.

Ли Янь Шоу-ийн бичвэрээс буруу татварын улмаас хүн ам нь төрөөсөө урван дайжиж буй нь харагдаж байна.

Тоо бүртгэлийн тухай Хүн үндэстний гурван их төрийн дээрх мэдээлэл энэ цувралд хангалттай гээн үзээд Билгэ Тооныукукын ажил үүргийг сэрээе.

Билгэ Тооныукукын үүрэг бол Түрэг төрийн захиргаа дахь нэгж бүрээс намар ирэх хүн ам, мал, агуурсын тоо бүртгэлийг нэгтгэж төрийн тоог гаргаж хаандаа нөхцөл байдал, төлөвийг танилцуулдаг төрийн тооны хүн болох нь харагдаж байна. Эрийн бүртгэл арван наснаас эхэлж байгаа нь төрд төлөвлөх боломжийг олгож байна. Тооныукук нь татварын бодлогыг оновчтой тодорхойлдог учир, түүний жилүүдэд Түрэг төр хүчтэй байсан тул Тооныукукык “билгэ” гэж чимгэлэн өргөмжилжээ.

Одоо Тооныукукын доорх үгийг өөр өнцгөөс харцгаая!

Билгэ хаан (Шао ша) нь дагасан өрхүүдийг эзэлмэгц өмнө зүг хөдөлж дээрэм хийх санаатай байв. Тооныукук хэлсэн нь: “Тан улсын эзэн эрэмгий байна. Хүн ард нь амар амгалан, жилийн өнгө бас тэгш сайхан байна. Зай завсар гэж алга. Халдаж үл болно. Манай нутаг шинэхэн тогтсон, ядаргаа тарчиг нь арилаагүй учир гурван жил амарч амьсгалах хэрэгтэй. Түүний хойно харж байгаад яахаа тогтоох нь зөв” гэв.

Тооныукук гурван жил хүлээх хэрэгтэй гэдэг нь гурван жилийн дараах цэргийнхээ тоо, эдийн засаг нийт улс орныхоо байдлыг төлөвлөж бүйн учир байна.

Монгол улсад эх сурвалж судлал үүсч, эрчимтэй хөгжиж байна.

Тоо (𐱃‏𐰆 ) гэх үг зөвхөн Үтүгэнд оршино. Хасаг, Киргиз, Туркмэн, Истамбулын туркууд энэ үгийг мэдэхгүй.

Зарим хасаг нөхөд Тооныу гэдэг нь хувцас, кук гэдэг нь хөх гэж мэдэмхийрч байна. Хүн хэлний утга зүй талаас “хувцас хөх” гэж хэлэхгүй, “хөх дээлт” гэж хэлнэ. Хөх дээлт нь өргөмжлөл биш хоч болно. Ийм суут тооны укук хүнийг өмд цамцаар дүгнэж байгаа нэгнийг оюуны дороотолтой гэвэл зохино.

Хадан бичээст дуудлага дөхүү боловч гарал үүсэл өөр, утга ангид үг бүрийг өөр үсгээр ингэж тэмдэглэв:

  1. хөх (𐰚‏𐰈‏𐰚 ) тэнгри (𐱅‏𐰭‏𐰼‏𐰃 );
  2. хохь (𐰜‏𐰈‏𐰚‏‏‏ ) түрэг (𐱅‏𐰈‏𐰼‏𐰚‏ );
  3. тооны (𐱃‏𐰆‏𐰪 ) укук (𐰸‏𐰸 )

Хөх түрэг гэх үг нь эрэмдэг, зэрэмдэг судлаачдын буруу тайлсан үг бөгөөд ийм утга түүхэнд байхгүй. Харин хохь түрэг гэх утга байна.

Энэ жил Тооныукук бичээсийн 1300 жилийн ой болж байна. Манай санхүү, бүртгэл, статискийн салбарынхан уг ойн баярыг анхааралдаа аваарай!


Цуврал 5.

Буйла багатарыг Тооныкукукын санаачлагаар Илтэрс хаанд өргөмжлөгдсөн тухай өгүүлье!

"Хаан буух (байх) сайн" гэж Билгэ Тооны укук хэлжээ. (𐰴‏𐰍‏𐰣‏𐰢‏𐰆‏𐰶‏𐰃‏𐰽‏𐰖‏𐰃‏𐰤)

Түрэг төр 50 орчим жил завсардаж, бүх мал аж ахуйтнууд Тан төрийн хур болов. Мал аж ахуйтны нутагт анх их хаанд өргөмжлөгдсөн нь Го до луй буюу Буйла багатар байжээ. Энэ тухай Хуучин Тан төрийн бичигт: “Го до луй (Буйла багатар) хэмээгч Жэ лийн харьяат байв. Ашна овогтой. Түүний өвөө нь Шан юй-гийн Ю юун жун ду ду түшмэл Шэ ли юань ингийн гар доорх ахлагч байжээ. Үе улирсан Ту дун ши байв. Фу нян ялагдахад салж бутарсаныг нь Гу ду луй хурааж Зун зай уулд орж, дээрэмчин болов. Таван мянга илүү хүмүүн цугларсан байв. Есөн овогтныг дээрэмдэж, хонь адуугаас асар олныг олзолжээ. Алгуур хүчирхэгжиж өөрийгөө хаанд өргөмжлөв” гэж бичжээ.

Го до луй Тооны укукаас яах уу гээн асуухад тэр (𐰴‏𐰍‏𐰣‏𐰢‏𐰆‏𐰶‏𐰃‏𐰽‏𐰖‏𐰃‏𐰤) "Хаан буух (байх) сайн" гэж хэлжээ.

Энэ алдарт үгийг та бүхэндээ хүргье!

𐰴‏𐰍‏𐰣‏𐰢‏𐰆‏𐰶‏𐰃‏𐰽‏𐰖‏𐰃‏𐰤

Үсэг шилжилт: Қаһанмукисаийн

Бичиг шилжилт: “каган муки сайн”

Үг зүй:

  1. (𐰴‏𐰍‏𐰣) Қаһан нэр үг, төрийн тэргүүн
  2. (𐰢‏𐰆‏𐰶‏𐰃) муки болж буй болох явц; му үйл үг, үндэс, М Б заримлана, төв аялгаар бу; +ки болж буй болох явц. Муки нь төв аялгаар буух, байх гэх утга болно
  3. (𐰽‏𐰖‏𐰃‏𐰤) сайин нэр үг, шинж тодотгол, төв аялгаар “сайн” ЦТ сайн зохистой, тохиромжтой

Дээрх гурван үгээс (𐰢‏𐰆‏𐰶‏𐰃) муки - бууки - буухи гэх үгийг тайлбарлая.

Хүн хэлэн бич-мич; буян-муян; говь-гом гэх мэтээр Б үсэг М үсэгтэй заримлах тул муки нь буки буюу төв аялгаар буух болно.

Буух гэх үйл үгийн үндэс нь “бу”. Энэ үгийн үзийн дуудлага нь “бү”, “бө” болно.

“Бү”, “бө”, “бу” үйл үндсийн эх утга “бай”, “бий” гэх үгийн утгатай дүүцнэ.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжаас дөрвөн жишээ авахад хангалттай гэж үзэв.

  1. хүүнэ эсэ өктэксэн бөэсү (байвасу), Добун мэргэн дэүдээн, чимада қуйуйа" кээжү Добун мэргэн дэүйүэн үжэрэ илэпэ.
  2. амин элэ чину бөэсү (байвасу), өлжикэ тутун өкит, қарау тутун қатут буй.
  3. Тэмүжин ақа нар, дэү нэр морилачу эртэ бөэт (байхад) Бурқан чүк қарпа.
  4. Тоқтоа Бэкийи кэптээ бөэтэлэ (байтал) хүргүйи Килқо мүрэннэ бүкүн жиқачин, булуқачин, көрөүлүчин талбиқсат "дайин айиши" кээн сөни дүлин кэлэн хүргэн отчууй.

Энд гарах “буух” гэх явц нь дээрээс буухын “буу” үндэс биш, байх гэхийн “бай” үндэс гэдгийг анхаарна уу.

Тэгэхээр Билгэ Тооны укук “Хаан байх сайн” гэх хэний ч толгойнд ороогүй санааг хэлж бусад нь түүнийг дэмжиж Ашна овог 50 орчим жилийн дараа дахин Кагантай болжээ.

Энэ алдарт гурван үг дээр С.Е.Малов, Л.Болд нар хэрхэн будилсныг харуулахад та бүхэн эх сурвалж судлал ямар чухлыг хангалттай билэрэх болов уу.

С.Е.Малов: (Не) каганом ли (мне его) пожелать.

С.Е.Малов “Хаанд л (би түүнийг) хүсэж байна” гэж хэлжээ.

Л.Болд: “Хаанд (хэн нэгнийгээ) өргөмжлөе үү?!” гэж айлдав.

СИЭ: “каган муки сайн” гэж ганц ч үг нэмээгүй, ганц ч үг хасаагүй М, Б заримлах зарчмын дагуу уг гурван үгийг бүтэн сэрээв.

Л.Болд Хаанд, өргөмлөе үү?! Энэ үгсийг хаанаас олж наав?

Сайн гэх үг Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид хадан бичээс дэх (𐰽‏𐰖‏𐰃‏𐰤) “сайин” үгтэй галиг ижил байна.

Дараа Буйла багатур яагаад Илтэрс хаан гэдгийг өгүүлбэр зүйгээр тайлбарлаж батална.

Хүн үндэстэн монголчууд аа! Бид их эртний бичиг соёлтой үндэстэн шүү!
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...