Ажлын явцын тухай
2019-8-2-нд БСШУСЯ-ны сайд А/497 дугаар тушаал гаргаж “Ажлын хэсэг байгуулсан” ба энэ ажлын хэсэг нь:
550 0

2019-8-2-нд БСШУСЯ-ны сайд А/497 дугаар тушаал гаргаж “Ажлын хэсэг байгуулсан” ба энэ ажлын хэсэг нь:

1. “Монгол орны нутаг дэвсгэр дээрх түрэгийн үеийн дурсгал болон түрэг бичээсийн талаар гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлуудын тайлантай танилцан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах”,

2. “Монгол орны нутаг дэвсгэр дээрх түрэгийн үеийн дурсгал болон түрэг бичээсийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлтийг боловсруулан, 2019-11 сард багтаан танилцуулах \ажлын хэсгийн ахлагч, БСШУСЯ-ны Инновацийн хэлтэсийн дарга Д. Одгэрэл\ үүрэг хүлээж, үүний хажуугаар:

3. “Ажлын хэсгийг шаардлагатай мэдээллээр хангах, мэргэжлийн дүгнэлт, санал гарган хамтран дэмжлэг үзүүлэн ажиллах” үүрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын захирал, дарга нарт өгөгдсөн.

Энэхүү тушаал гарсан өдрөөс хойш 2 сар 10 хоног \70 хоног\ өнгөрсөний дараа л 2019-10-11-нд ажлын хэсгийн гишүүд дуудагдаж эхний уулзалтаа хийсэн.

Энэ уулзалтаар ажлын хэсгийн гишүүдээс энэ сэдвийн хүрээнд:

1. урьд өмнө хийгдсэн байсан, өөрөө биечлэн болон тухайн байгууллага, судалгааны ажлын хүрээнд хамтран оролцсон болон одоо оролцож буй судалгаа, тайлангууд, өөрийн болон бусдын баримталдаг эх сурвалжууд бүгдийг татаж цуглуулан, ажлын хэсгийн судалгаанд хамруулан, санал дүгнэлт боловсруулахад өгөгдөл бааз болгон ашиглах, мөн

2. ямар нэг хэлбэрээр энэ сэдэв, асуудалд хамааралтай болох монгол хэл, түрэг хэл, түүхийн болон бусад салбарын эрдэмтэн мэргэд, судлаач, мэргэжилтнүүдээс тодорхой хүмүүсийг нэр заан ажлын хэсэгт урьж оролцуулах, өргөн хүрээнд ажиллаж, дүгнэлтээ боловсруулах нь зүйтэй гэсэн санал гарч, бүгд дэмжсэн.

СИЭ-ний зүгээс 3 хоногийн дараа буюу 2019-10-14-нд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд СИЭ-ний талаар болон хийсэн ажлынхаа тайланг танилцуулах хүсэлт, товч танилцуулгын хамт ажлын хэсгийн ахлагчид илгээсэн. СИЭ зохион байгуулан явуулж буй “Хүн бичиг сургалт”-ын хичээлдээ ажлын хэсгийн гишүүн, ахлагчийг 2019-10-12, 2019-11-2-ны өдрүүдэд тус тус урьж, сургалтынхаа агуулга, чанар, явцтай танилцуулав.

Үүнээс хойш ажлын хэсгээс дараагийн ганц ч алхам хийгдсэнгүй, ямар нэг ажил, санаачилга өрнөхгүй байсаар БСШУСЯ-ны сайдын тушаалд заасан Санал дүгнэлт боловсруулан танилцуулах 11 дүгээр сар гэсэн хугацаа дуусав. Сайдад танилцуулах 4 сарын хугацаа дууссан ч ажлын хэсэг хүчинтэй хэвээр эсэх, хүчинтэй бол шинээр хэдий хүртэл хугацаа товлогдсон нь тодорхойгүй байж байгаад 2018-12-9-нд ажлын хэсгийн уулзалт товлогдож хоёр дахь уулзалт боллоо. Өмнөх хурлаар хэлэлцэж тогтсон асуудлаас:

- Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмж оруулахаар нэр заасан эрдэмтэн мэргэд, судлаач, мэргэжилтнүүдээс ганц ч хүн нэмэгдээгүй байна. Нэр заасан хүмүүст ажлын хэсгээс урилга очоогүй, эсвэл урьсан ч тэд нь оролцох хүсэлгүй, боломжгүй байсан эсэх нь тодорхойгүй үлдэв.

- Энэ сэдэвт хамаарах ёстой гадаад, дотоодын эрдэмтэд, ЭШ-ний байгууллагуудын хийсэн урьд өмнөх болон сүүлийн үеийн ямар ямар бодит судалгаа, тайлан, эх сурвалжууд байгаа талаар мэдээлэл байхгүй, СИЭ-нээс хүргүүлсэн товч танилцуулгаас өөр цуглуулсан судалгаа тайлан, материалын жагсаалт гараагүй байна.

Ийм судалгаа тайлангийн жагсаалт байхгүй байгаа нь манай Түрэг төрийн үетэй холбоотой сэдвийг хэн, хэзээ, ямар чиглэлээр \аль салбарын үүднээс\ судалж, хичнээн тооны судалгаа, тайлан, дүгнэлтүүд гаргасан байдаг, тэдгээрээс манай эрдэмтэн мэргэд алийг нь эх үндэс, ул сууриа болгож ирсэн нь тодорхойгүй үлдэв.

Уул санаа нь энэ ажлын хэсгийн бүрэн бүрэлдэхүүн хамтдаа суугаад эрт дээрээс өнөөг хүртэлх хугацаанд бүтээн туурвиж, нээн илрүүлсэн бүх өгөгдөл, материалуудтай нэг бүрчилэн танилцан, тэдгээрээс алийг нь, юуг нь үндэслэж лавшруулан судлах, энэ чиглэлээр цаашид ямар ямар ажил хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар санал дүгнэлтээ гаргах чиг хандлага тодорхой болох байлаа.

Хоёр дахь уулзалтын үеэр ажлын хэсгийн гишүүдийн байр суурь сонирхолтой өнцөгт хүрч очсон байгаа нь ажиглагдав.

Түрэг төрийг БНТУлсын өвөг дээдэс мөн хэмээж, Түрэг төрийн үед бичсэн бичээсийг Түрэг хэл буюу Өвөг Турк хэл гэж баталж, хадан бичээсийг монгол хэл рүү хадмал орчуулгаар буулгасан МУ-ын ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргасан Л. Болдын номыг хариуцах эзэн, хамгаалах хүнгүй болов.

Л. Болдын энэхүү номын орчуулгыг гардан гүйцэтгэсэн гэгдэх МУИС-ын Түрэг судлалын тэнхимийн профессор Ц. Баттулга нь энэ ном надад хамаагүй, би түрэг хэл мэдэхгүй хэмээн байр сууриа илэрхийлэв. Түрэг судлаач, түрэг хэл зааж буй тэрбээр “Хэрэв монгол хэлний өнөөгийн ноён оргилд тооцогдож буй Төмөртогоо, Чоймаа мэт эрдэмтэд энэ бичээсийн хэл нь түрэг хэл биш, монгол хэл мөн гэж тодорхойлбол надад татгалзах зүйлгүй” хэмээв. Харин тэрээр, Шагдарсүрэн номондоо өмнө зүгийн улс түүхэндээ бичиг үсгийг ханзи, вензи гэж ялгасан байдаг. Ханзи нь тэдний хэрэглэдэг ханз үсгийг хэлж байна. Вензи гэдэг нь ханзнаас өөр, бусад бичиг үсгийг хэлж байгаа бөгөөд тэд ханз хэрэглэдэг улсыг бичиг үсэгтэй, ханз хэрэглэдэггүй вензи хэрэглэдэг улсыг бичиг үсэггүй гэж үздэг байжээ. Түрэгүүд төв азид анх түрүүн авианы үсэгтэй болсон нь тогтоогддог. Үүнийг Сянбигийн үед 240 ном орчуулсан тухай тэмдэглэлээр баталсан гэв. Мөн, СИЭ-ийг Диван Лугат ат Турк хэмээх номын талаар түрэг судлалын ангийн төгсөгч Саранзаяагийн дипломын ажлыг хуулбарлан авч ярьж байна гэж хэмээв.

ШУА-ын Түүх, археологийн салбарын эрхлэгч доктор. Ц. Төрбат Түргийн үеийн бүхий л булш бунхан, зураг, бичээс, археологийн олдвор эд бүгдийг манай улсын нутаг дэвсгэрээс олдсоноор нь бид эзний ёсоор бүртгэж, эхэн шатны боловсруулалт хийж, төрөл ангиллаар нь каталоги гаргах ёстой. Энэ каталоги орчуулж дэлхийд таниулах ёстой, эхлээд салбартаа, дараа нь дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх ажлыг дэс дараатай, ном журмын дагуу хийх ёстой. Алийн болгон хөрөнгө мөнгөний асуудлаас болж Туркүүдээр хийлгэж байх вэ. Одоо өөрсдөө хийе. Миний бодлоор бол Түрэг нь ноёлогч аймаг байсан, тэд монгол хэлтэн байсан ба тэд дарагдаж устаж алга болсон, тэдний ард түмэн нь Тэлэ нар буюу түрэгүүд. Тэгэхээр Тэлэ нарын дээдэс Хүннү нар нь түрэг байсан болж байна. Эндээс Хүннү нь Монголчуудтай хамааралгүй гэх хандлага дэлхийд гараад эхэллээ гэв.

ШУА-ын хэл зохиолын хүрээлэнгийн Алтай судлалын тэнхимын эрхлэгч О. Самбуудорж СИЭ-ний “Хүн хэл” гэсэн онолыг бүрэн хүлээн зөвшөөрөх аргагүй, үүний тулд энэ хэлний гарал үүсэл, хөгжил хувьсалыг багтаасан, өнөөгийн монгол хэл болон бусад олон хэлтэй харьцуулан жишиж, аль нь альнаасаа салж, салбарлан гарсан төрөл хэл болохыг тогтоосон, ямар үг яаж өөрчдөгдсөн, яаж солигдсон гэдгийг судалж, шинжлэх ухаанч хандлагатай бүрэн хэмжээний эрдэм шинжилгээний ажлын тайлангаар батлан танилцуулах ёстой гэв.Олон улсын сэтгүүлд шинжлэх ухааны материал тавих хэрэгтэй. Руни бичиг нь дотроо түрэг, монгол гэж тусдаа юм байхгүй гэв.

ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г. Билгүүдэй СИЭ эхний ээлжинд гадаадын нэртэй сэтгүүлд эрдэм шинжилгээний нийтлэлээ тавьбал дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, манайд, салбартаа хүлээн зөвшөөрөхөд асуудалгүй хэмээв.

Энэ бүгдээс дүгнэж харвал манайд манай Түрэг төрийн үеийг БНТУ-ын өвөг дээдэстэй холбох албан ёсны баримт, нотолгоо, ямар нэг сэжим сэжүүр байхгүй юм байна.

Мөн, Түрэг төрийн үе бол ямар нэгэн харь орны түүх бус, манай эртний түүхийн нэг хэсэг, бидний дээдэс гэдгийг эрдэмтэд тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрдөг юм байна.

Түрэг төрийн үеийн хэл, бичиг соёлыг “түрэг хэл, түрэг бичиг” гэж үздэг үзэл, онол нь гаднаас импортолсон, хийсвэр ойлголт юм байна. Түрэг хэл, түрэг бичиг гэгчийг баталж нотлон, хамгаалах хүн, байгууллага одоогоор монголд алга юм байна. Харин энэ нь энгийнээр бол монгол, нарийндаа бол хүн хэл, хүн бичиг мөн юм гэдгийг гадаад, дотоодын хэн нэгэн эрдэмтэн эсвэл аль нэг байгууллага нотлохыг л хүлээзнэж буй юм байна. Тэр болтол гадныханы жишгийг дагаж түрэг хэл гэсэн ойлголт, нэршилийг хэрэглэж буй бололтой юм. СИЭ-ний түүх, хэл, үндэсний ой санамж сэргээх судалгааны ажлын хүрээнд Түрэг төрийн үеийн бүрэн түүх, хэл үндсэндээ бүрэн сэргээн тайлагдсан, харин үг нэг бүрчилэн задалж сэргээх, тайлбарлах, толь бичиг, сурах бичиг бүтээх ажил бол тодорхой цаг хугацаа, хүн хүч зарцуулах ажил юм.

Ажлын хэсэг Түрэг төрийн үеийг хуучин хэвээр нь Түрэг гэх харь үндэстэн эсвэл БНТурк улсын өвөг гэж үзэх, эсвэл Хүн хэлт, хүн бичигт манай дээдэс гэж үзэх талаар бүх талуудын тайлан, судалгааг танилцан судалж дүгнэлт хийх ёстой. Гэтэл нэг талд, Түрэг эсвэл Турк гэж үзсэн ямар нэг бодитой байр суурь, судалгаа тайлан алга байна. Нөгөө талд байгаа СИЭ-ний Түрэг төрийн судалгааны ажилтай албан ёсоор танилцаагүй байгаа. Ажлын хэсгийн зарим гишүүд СИЭ-ний судалгааг 2018 онд ажлын хэсэгт өгсөн танилцуулга, ажлын хэсгээс гарсан дүгнэлтийн хэмжээнд төсөөлж байгаа нь харагдаж байна.

Ийм тохиолдолд, ажлын хэсэг Түрэгийн үеийн талаар цаашид ямар ажил хэрэгжүүлэх, яаж дүгнэх талаар гишүүдээс өнөөдөр санал хурааж байгаа нь урьд өмнө болон сүүлийн үед гарсан бүх судалгаа, тайлантай танилцалгүйгээр ажлын хэсгийн дараагийн алхам руу орсон хэрэг болж байна.

Энэ үед, СИЭ-ний зүгээс 2019 оны байдлаар судалгааны ажлаа танилцуулах нь зайлшгүй эхний үүрэг болж байна.

Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ Ерөнхий нарийн бичгийн дарга Р. Амар
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...