Манай өнөөдрийн Монгол улс оршин тогтнож буй газар нутаг, хил хязгаар анхны Төрт улс үүсэн хөгжиж эхэлсэн түүхтэй харьцуулан авч үзэхүл одоогийн газар нутаг хил хязгаар маш хомсхон болсон болохыг бидний өнгөрсөн түүхийн эх сурвалжууд баттай нотолж өгдөг. Бидний өвөг дээдэс ХХ зууны эхэнд уугуул Төр улсаа сэргээн мандуулах гэж оролдсон 1911 оны хувьсгал, түүний үргэлжлэл 1921 оны хувьсгалуудын үед амьдарч байсан аугаа Эх оронч баатарлаг тэмцэгч нарын яс, цус, сэтгэлээс өдий дайны нутаг дэвсгэр, хил хязгаар авч үлдсэн нь өнөөгийн бидний Монгол улсын бүрэн эрхт тусгаар тогтносон энэхүү газар нутаг юм.
Бидний Монголчуудын түүх бусад хүн төрлөхтөний туулж өнгөрүүлсэн жам ёсны түүхийг чулуун зэвсгийн эрин үе, хүрэл зэвсгийн эрин үе, төмөр зэвсгийн эрин үе хэмээн ангилсан үйлдвэрлэлийн хөгжлийн шинж чанараар нь ялган ангилсан тэр л түүхэн үеийг туулж ирсэн.
Харин Монголчууд бидний байгуулсан Төрт улсын маань лавтай 4500 жилийн тэртээгээс эхэлсэн шиг байна. Манай Монгол улсын өнө эртний байнгын хөрш БНХАУ-ын эртний түүхийн сурвалж бичигт дурьдснаар “ ...Умардын цагаан чоно, буга сүлдтэй улстай байлдан умар зүг хөөв...” гэсэн бичгийн мэдээ 5000 жилийн өмнөх эртний хятадын ЖОУ улсын үе бөгөөд өмнөд хөрш маань хойт хөршийнхээ тухай тэмдэглэсэн анхны түүхийн бичгийн эх сурвалж болно.
Тэр цагаан чоно, буган сүлдтэй ард түмэн хаана оршиж байсан? Хэн байсан? Болох нь өнөөгийн манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа археологийн \эртний түүхийн\ бодит эх сурвалжуудаар баттай тогтоогдож байна.
“Сэргэлэн интернашинал экспедишин”-ны хамт олон Бид өнөөдөрөөс эхлэн аугаа их энэ баян түүхээ “сургаар” биш, археологийн эх сурвалжаар нь Та бүхэндээ хүргэж байх болно.
ЧУЛУУН ЗЭВСГИЙН ЭРИН ҮЕ.
Манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр хуучин Чулуун зэвсгийн эрин үе эхэлж оюун ухаант хүн үүссэн он цагийн тухай асуудлыг Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дахь Цагаан агуйн чулуун зэвсгийн үеийн эртний бууц суурингийн судалгааны ажлын үр дүнгээр 800 000-12 000 жилийн тэртээд холбогдоно гэдгийг Монгол орны 51 дурсгалт газрын 421 олдвор, эх хэрэглэгдэхүүнээр археологичид нэгэнтээ \Монголын чулуун зэвсэг. – Монголын археологийн өв. I боть. УБ.,2016 он. 14-219-р талд\ нотлон үзүүлжээ.
Манай анхны Төрт улс үүсэн бий болсон Хангайн нурууны төв хэсэг Этүгэнээс холгүй орших өнөөгийн Өвөрхангай аймгийн Хар Хорин сумын нутаг дэвсгэр дээр орших Мойлтын ам, Орхон -1,7, Ухны гацаа зэрэг газрууд болон Хангайн нурууны хойт талын хэсэгт Булган аймгийн Бугат сумын нутагт Төлбөр, Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутгаас хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгалууд маш элбэг илрэн олдож байна. Хэдийгээр өнөөдөр манай Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс хуучин зэвсгийн үеийн хүмүүсийн хэрэглэж байсан чулуун зэвсэг, тэдгээрийг хийж байсан дарханы газар, бууц суурингууд илэрч олдоод буй боловч энэхүү чулуун зэвсгийн үеийн соёлыг бүтээж байсан хүн хараахан олдоогүй байна. Гэхдээ энэ нь байхгүй гэсэн үг биш юмаа. Харин зардал ихтэй чулуун зэвсгийн эрин үеийнхээ археологийн судалгаагаа байнга тогтвортой судалгааны ажлын санхүүжилтээр хангаад өгвөл манай археологичид Чулуун зэвсгийн үеийн хүний бүтээсэн соёлоо эзэнтэй нь илрүүлэн олж судлах боломжтой болно. Манай өмнөд хөрш БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр алдарт Цагаан хэрмийн архан талд хуучин чулуун зэвсгийн бууц суурин эзэнтэйгээ олдоод 1 сая жилийн тэртээд холбогдоно гэдгийг тогтоон, түүнийгээ “Хятад хүн” буюу “синантроп” хэмээн латин нэрээр дэлхий даяар алдрашуулаад байна. Хойт хөрш маань ялгаагүй Сибирьт “Мальтийн суурин” хэмээн алдаршсан газраас олдсон хуучин чулуун зэвсгийн бууцаа эзэнтэй нь олж судлаад мөн л “Мальтийн хүн”, “Мальтийн хуучин зэвсгийн соёл” хэмээн алдаршуулсаар байна. Дунд нь манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр хуучин чулуун зэвсгийн үеийн 50 гаруй дурсгалт газар судлаачаа хүлээгээд байж байна.