Нийтлэл 1
Төрийн зан үйл нь төрийн удирдлагын дээд хэлбэр
Дунд орны түүх эх сурвалжийн эцэг Сыма Цяни хэмээгчийн “Түүхэн тэмдэглэл” бүтээлийн “Зан үйлийн бичиг” нэртэй 23-р хэсэгт зан үйл нь төрийн удирдлагын дээд хэлбэр болох тухай өгүүлжээ. Дунд орны нэн эртний түүх нь 5 их эзний (хуандигийн) үеэс эхэлдэг бөгөөд тэд Дунд орны гол усыг номхотгосон, мал аж ахуйтнаас салаалан хэсгэлсэн ард түмний хойч байжээ. Тэд мал аж ахуйтны зан үйлийг Дунд оронд нэн эрт цагт хүргэжээ. НЭӨ I зуунд оршиж байсан Сыма Цяни өнөөгийн Монгол улсын төр бэхжихэд нэн хэрэгтэй эртний сургаалийг бичин үлдээжээ. Түүний бичин үлдээсэн төрийн зан үйлийн тухай Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие уг эх сурвалжийг нь үгчлэн толомчлохгүйгээр (орчуулахгүй) утгыг нь өөрийн үгээр ухагч та бүхэндээ тайлбарлах нь үр дүндтэй гэж тооцов. Миний нийтлэлд эргэлзэж буй нэгэн нь уг эх сурвалжийг судлаарай.
Зан нь дахин буюу давтагдах гэсэн утгыг илэрхийлнэ. Зан гэдэг үгийг өдгөөгөөс 1000 жилийн урьд бичигдсэн Диван Лугат толинд 4722, 5474 Зан-снова буюу дахин гээн тайлбарлажээ. Зан үйл нь дахин үйл буюу дахин хийдэг үйл болгоныг хэлнэ.
Төрийн зан үйл нь удирдлага болон хүмүүсийн нийгмийн ялгааг харуулж буй дээд хэлбэр, улсын хүч болон бат бөхийн үндэс болохоос гадна үүгээр (төрийн зан үйлээр) төр эрх мэдлээ зузаатгаж, ард олныхоо хүчин зүтгэл болон өөрийн алдар гавъяагаа цуурайтуулдаг. Хэрэв орон нутгын ноёд зан үйлээ мөрдөх юм бол орон нутаг дахь удирдлага сайжирна. Хэрэв орон нутгын удирдлага зан үйлээ эс мөрдвөөс тэд газар тариалангийн сүнс болох савдаг навдгаасаа холдоно. Ийм учир дан ганц хуяг дуулга, зэвсгийн хурц ирээр ялалтан хүрдэггүй, дан ганц өндөр хэрэм, гүн далан нь хамгаалт болж эс чадна. Мөн дан ганц хатуу зарлиг, олон тушаалууд нь ард олны итгэлийг хаан олж авч эс чадна. Чу улсын хуяг дуулга нь аврага загас, усан үхрийн ширээр хийгдсэн тул хөнгөн бөгөөд төмөр, чулууны дайтай хатуу байжээ. Тэд Юаньд сайн чанарын төмрөөр сунгуг жадаа хийжээ. Тэдний цэрэг бэлтгэл сургууль сайтай байжээ. Гэвч Чу улсад ард олны бослого гарч Чу улс олон хуваагдав. Энэ нь хуяг дуулганы мууд биш буруу замаар ард олноо удирдсанд оршино.
Амьдралын утга учрыг зөвхөн өөрийн амиа хадгалахад оршино гэж боддог нэгэн нь гарцаагүй үхдэг, олз олоход оршино гэж боддог нэгэн нь гарцаагүй гай гарз, өрөнд баригддаг, өөрийгөө зовоохгүй гэж боддог нэгэн нь заавал зовлонд унадаг, өөрийн хүсэл тачаалд хүрэх гэж боддог нэгэн нь гарцаагүй осолд орж өөд болдог. Тийм учир зан үйлээ дээдэлдэг билгэ нэгэн нь бүх харилцаанд хождог. Өөрийнхөө хүслийг туйлын зорилгоо болгох нэгэн нь хүмүүний харилцааны аль алинд нь алдана.
Тэнгэр газар нь амьтай бүхний өлгий; манай анхны дээдэс овгын маань эх; эзэд болон улсын багш удирдлагын ул. Тэнгэр Газар байсангүй бол хэрхэн амьдрал үүсэх билээ? Өвөг дээдэс байгаагүйсэн бол үр хойчис хэрхэн бий болох билээ? Эзэд, улсын багш байгаагүйсэн бол хүмүүсийг хэн удирдах билээ? Энэ гурван суурь улын нэгэн нь үгүй бол хүмүүс амар амгаланг үзэхгүй. Тийм учир зан үйлийн утга нь дээр тэнгэрт, доор газартаа зүтгэхэд, өвөг дээдсээ дээдлэхэд, эзэд, улсын багшаа хүндэтгэхэд оршино. Энэ бүхэн төрийн зан үйлийн гурван үндэс болно.
Тэнгэр нь өндөрийн дээд, Газар нь намын доод, Нар болон Сар нь гэрлийн дээд бөгөөд огтор оргүйн дээд, билгэ нэгэн нь зөв золын (замын) дээд.
Түүхэн эх сурвалжаар манай мал аж ахуйтан дээдэс дээрх зан үйлийг хэрхэн мөрдөж байсан тухай түүхэн баримт сөхөцгөөе!
“Он болгоны анхны сарнаар удирдагчид Шаньюгийн өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг. Таван сард Лүн хотод их чуулганд ирэн өвөг дээдэс, Тэнгэр газар, хүний болон Тэнгэрийн сүнс-гүйшнд тахил өргөдөг. Намар адуу таргалахаар дахин Их чуулганыг Дайлинд хийж, хүн малын тоог нягталдаг”. Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл” НТӨ I зууны эхэн үе. Эдгээр гурван баяр нь хүннүгийн уламжлалт баяр болох тухай НТ V зуунд Фань.Э Хожуу Хан илийн бичиг “Өмнөд Хүннүгийн шастир”-т давхар дурджээ.
Энэ тухай Өмнөд төрийн Сун улсын түүхч Фан.Э-гийн V зууны эхэнд бичсэн Хожуу Хан төрийн бичиг дэх Өмнөд Хүннүгийн шастирт ингэж бичжээ: “Хүннүгийн заншилаар жилд гурван удаа тахилга хийнэ. Үргэлжид цаг он сар, таван сар, есөн сарын нохой өдөр тэнгэр сахиусаа тахина. Өмнөд жангур (шанью) дотогшоо дагаснаас хойш Дунд орны Ди-г хамтатган тахих болов. Олон аймгууд хурж төрийн хэргийг зөвлөлдөн морь болон тэмээ уралдуулан цэнгэнэ”.
Зан үйлийн мөн чанарыг тунгааж чаддаг нэгнийг сэхээрэх чадвартай гэнэ. Сэрээх чадвартай нэгэн нь зан үйлийг өөрчлөхгүй мөрдөж чадаж байвал түүнийг тууштай нэгэн нь гэнэ. Зан заншлынхаа мөн чанарыг ухааран сэхээрч, түүнийгээ өөрчлөхгүй тууштай мөрддөг нэгэн нь энэ зан үйлийнхээ ёсонд хайртай бол түүнийг билгэ нэгэн нь гэнэ гэж билгүүн дээдэс өгүүлдэг байжээ.
Тийм учир дээрх гурван зан үйлээс цагаан сар буюу цаг он сар баярыг өнөө Хүн төрийн хойч Монгол төр тэмдэглэж байна. Лүнгийн тахилга нь цаг оны 5-р сар буюу өнөөгийн Наадамтай хугацааны хувьд тохирч байна. Бид уг зан үйлийн наадгайны хэсгийг л өвлөн үлджээ. Дайлин-гийн тахилга яагаад хийгдэхээ больсны хожим ухагч танд хүргэнэ.
Зан үйл гээгддэг боловч түүнийг сэрээж болно. Төрийн зан үйлийг сэрээхдээ хүмүүний сэтгэл мэдрэмжээс эхэлнэ. Зөвхөн хүний чанар дээр тулгуурлан төрийн зан үйл болон түүнд орох ёсыг боловсруулан сэрээнэ. Нэн эртнээс ингэж л зан үйлийг бий болгож байжээ. Эрт дээр үед байдал ийм байжээ, өдгөө Монгол улс зан үйлийнхээ мөн чанарыг сэрээж үр хойчисдоо өвлүүлэх үүрэгтэй.
Өдгөө тэнгэр илбэрсэн, тэнгэрт илбэрэгдсэн гэж өгүүлэхийн цаад утга нь тэнгэр их улс барьсан буюу хаан-их эзэн болгосон болно. Тэнгэрийн илбэрлээр буюу цаг нь ирээд ерөнхийлөгч, ерөний сайд болсон нэгэн нь Монгол улсаа хөгжин дэвжихийг өөр өөрийн үүднээс, өөр өөрийн боломжоор хардаг боловч хөгжин дэвжих гэдэг ухагдахуун нь ард олны хүслээр тодорхойлогдоно. Өвөг дээдсийнхээ зан үйлийг ард олонтойгоо сэрээж байж удирдлагын системийг бий болгон. Аливаа эзний үйлийг өвөг дээдсийн үйлтэй харьцуулан магтан дуулах нь ард олон биш гэж үү? Ард олноо өвөг дээдсийнхээ зан үйлээр удирддаг үндэстэн дардан зам руу гарна. Өөр буюу доод хэлбэрийн удирдлагыг сонгосон үндэстний ард олон нь мөнхийн зовлонд оршино.
Ингээд үндэсний ой санамжийг сэрээх хүрээнд төрийн зан үйлийн тухай цуврал нийтлэл ухагч та бүхэндээ СИЭ хүргэж байна.
Нийтлэл 2
Он цаг
Аливаа эртний түүх соёлтой үндэстэн оршино тогтнохын тулд түүх, хэл соёлоо ариг цэврээр нь хадгалж, төрийн удирдлагын дээд хэлбэр болох төрийн зан үйлээ тууштай мөрдөх үүрэгтэй. Энэ бүхнийгээ үр хойчдоо өвлүүлэх үүрэг Монгол улсын үндсэн хуулиар Монгол улсын төрд ногдож буй. Төрийн зан үйл нь төрийн удирдлагын дээд хэлбэр тул төрийн зан үйлэнд аливаа түүхэн буруу тайлбар орох ёсгүй бөгөөд аливаа гадаад дотоодын буруу тайлбарыг нотлох баримтаар няцааж, эх түүхээ хамгаалах үүрэг үндэстний эх сурвалж судлаачдад ногдож буй.
Удахгүй Цагаан сар болно. Цагаан сар нь манай төрийн зан үйлийн том хэсэг тул уг баяртай холбоотой аливаа буруу тайлбар байж үл болно.
Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дулам “Mонголчууд цагаан сарыг эрт цагаас тэмдэглэн ёсолж ирсэн. Нэгэн үе цагаан сарыг намар хийдэг байснаа их эзэн Чингис хааны үеэс хаврын эхэн сард тэмдэглэх болсон” гэж эх сурвалжаас ангид ярилцлага SONIN мн сайтанд 2019 оны 1-р сарын 18 өгжээ. Энэхүү ярилцлагаар эх сурвалж үл судлаач С.Дулам нь түүхэн үнэнд нийцэхгүй мэдэгдэл хийснээр Хүн үндэстний ой санамжийг бохирдуулан төрийн зан үйлийн үүх түүхэнд ард олны итгэх үнэмшлийг сарниаж байна. Түүхэн баримт нотолгоогоор С.Дуламын цагаан сарыг намар хийдэг байсан гэсэн мэдэглийг үндсээр нь СИЭ ТББ энэхүү нийтлэлээр няцаана.
Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ Эртний түүх нийтлэлүүдээр Дунд орны тариалан аж ахуйн соёлын эхийг, байсинг буюу зуун нэртнийг нэгтгэн хураасан төр нь эх Шар мөрний зүүн өмнө хэсэгт орших мал аж ахуйтан овгоос үүсэлтэй тухай өгүүлсэн. Энэ баримтлалыг Дунд орны цөөнгүй судлаачид дэмждэг болно. Энэ тухай Сыма Цяни Түүхэн тэмдэглэл номондоо олон талаас нь бичжээ. Мал аж ахуйтнын Шар мөрөн оршиж байсан тэдгээр овгууд Дунд орны түүхэнд хамгийн гол усыг номхотгосон түүхтэй.
Таван их эзний үе дөрөвдүгээр их эзэн Яо ингэж он тооллыг хөтөлж байжээ:
“Тэр нар, сар, од эрхсийг тооцож ард олондоо ажиллах хугацааг мэдээлдэг. Ул их эзэн Сичжуну-г Юйи газар суулгаж нарны мандалтыг мэдээлсээр хаврын ажлын явцыг чиглүүлдэг, хаврын өдөр шөнө тэнцэх өдрөөр Няо одоор хаврын хоёрдугаар сарыг тогтоодог. Энэ үед хүмүүс салж (хаврын ажлын үеэр залуус тариалангийн талбайд гарч, хөгшчүүд гэртээ үлднэ), шувууд өндөглөнө, мал төллөнө.
Ул их эзэн Си-шү-г Наньцзяо-д суулгаж зуны ажлыг чиглүүлдэг. Зуны хамгийн урт өдөр Хо одоор зуны хоёрдугаар сарыг тогтоодог. Энэ үеэр хүмүүс тариан талбайд гарна, шувууд өдөө унагаана, малын үс ноос гуужина?.
Ул их эзэн Хэ-чжуну-г Баруун нутагтаа суулгаж нар харихыг ажиглуулж намрын ургац хураалтын ажлыг чиглүүлдэг. Намрын өдөр шөнө тэнцэх үеэр Сюй одоор намрын хоёрдугаар сарыг тогтооно. Энэ үед хүмүүс тайвширч шувуу малын өд, үс ноос ургана.
Ул их эзэн Хэ-шу-г умард нутагтаа суулгаж өвлийн ажлыг зохицуулна. Тэр ичиж буй амьтдыг ажиглаж, өвлийн хамгийн урт шөнө Мао одоор өвлийн хоёрдугаар сарыг тогтооно. Энэ үеэр хүмүүс дулаан газраа цугларч, амьтад болон шувуудын үс ноос болон өд бүрэн ургана.
Жил гурван зуун жаран зургаан хоногоос бүрдэнэ. Нэмэлт сараар дөрвөн улирлаа засна”. Түүхэн тэмдэглэл Үндсэн бичвэр 1-р бүлэг.
Эрт дээр үеэс он тооллын эхлэлийг газар боловсруулах хаврын сарын эхнээс тооцож байжээ. Ургац хураах намрын сараас он тоолол нэн эрт үед эс эхэлж байжээ. С.Дуламд хэлэхэд нэн эрт ийм л байжээ.
Түүхэн эх сурвалжаар Хүн гүрний он тооллыг сөхөцгөөе!
“Он болгоны анхны сараар удирдагчид Шаньюгийн өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг. Таван сард Лүн хотод их чуулганд ирэн өвөг дээдэс, Тэнгэр газар, хүний болон Тэнгэрийн сүнс-гүйшнд тахил өргөдөг. Намар адуу таргалахаар дахин Их чуулганыг Дайлинд хийж, хүн малын тоог нягталдаг”. Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл” НТӨ I зууны эхэн үе.
С.Дулам танд тайлбарлая. Жил гурван зуун жаран зургаан хоногоос бүрдэнэ. Нэмэлт сараар дөрвөн улирлаа засдаг гэдгийг бид Түүхэн тэмдэглэл Үндсэн бичвэр 1-р бүлгээс мэдэж авав. Тэгэхээр манай Хүн гүрэн Намар адуу таргалахаар Дайланд Их чуулган хийдэг болохоос анхны сараа Намрын сараас тоолдоггүй байжээ. Үүнийг эх сурвалж нотолж байна.
Өмнөд Хүннү-гийн он тоололтой холбоотой нэгэн түүхэн эх сурвалжийг сөхөцгөөе!
“Хүннүгийн заншилаар жилд гурван удаа тахилга хийнэ. Үргэлжид цаг оны сар, таван сар, есөн сарын нохой өдөр тэнгэр сахиусаа тахина. Өмнөд жангур (шанью) дотогшоо дагаснаас хойш Дунд орны Ди-г хамтатган тахих болов. Олон аймгууд хурж төрийн хэргийг зөвлөлдөн морь болон тэмээ уралдуулан цэнгэнэ” гэж Өмнөд төрийн Сун улсын түүхч Фан.Э-гийн V зууны эхэнд бичсэн “Хожуу Хан төрийн бичиг”-тээ бичжээ. Энд намар адуу таргалахаар Дайлан хийдэг Их чуулганы хугацааг есөн сар гэж тодотгож байна. С.Дулам танд хэлэхэд: “Хүн гүрний үед он тоолол намар эхэлж байгаагүй гэдгийг эх сурвалжууд хөдлөшгүйгээр баталж байна”.
Манай түрэг төр нь НТ 552 оноос 742 он хүртэл оршжээ. Ингээд Гол тигэн хадан бичээс болон Умард төрийн түүх дэх Түрэг Тэлэ-гийн шастираар Түрэг төрийнхөө он тооллыг С.Дулам танд хангалттай тайлбарлаж ман чадна.
Гол тигэн хонин жилийн шөнийн арван долоонд өөд болжээ. Түрэг Тэлэ шастирт ингэж бичжээ: “Үхвэл эсгий гэрт цогцсийг нь байлгана. Үр хүүхэд болон төрөл төрөгсөд, эр эм нь хонь адуу гаргаж эсгий гэрийн өмнө дэлгэж тахилга үйлдэнэ. Эсгий гэрийг эргэн долоон удаа давхина. Эсгий гэрийн хаалганы өмнө уйлж нүүрээ хутгаар зүсэж цус нулимсаа зэргээр урсгана. Ингэж долоон удаа үйлдээд зогсоно. Өдөр сонгон талийгаачийн унаа морь, эдэлж байсан эд юмсыг цогцостой хамт шатаана. Чандрууг нь хурааж аван цагийг хүлээж байгаад булна”.
Гол тигэн хадан бичээсэнд: 9-р сарын 27-ны өдөр уй гашуудлын зоог барьжээ гэж бичжээ. Тэгэхээр чандрыг нь 9-р сарын 27 нд булжээ. Түрэг Тэлэ шастирт ингэж бичжээ: “Намар, өвөл нас барсаныг өвс мод урган хөхрөн дэлгэрхийг хүлээж байгаад газарт нүх ухан оршуулна. Оршуулгын тэр өдөр нь төрөл төрөгсөд тахилга үйлдэх бөгөөд морь уралдуулан нүүрээ зүсэх нь урьдах гашуудал хийх лугаа адил. Газрын хөрсөн дээр булш овоолон гаргаж байшин барьж дунд нь талийгаачийн дүрсийг зурж мөн түүний амьддаа байлдаж байсанг нь харуулна. Нэг хүн алсан бол нэг чулуу босгоно. Зарим нь мянга, зуун чулуу босгох нь бий. Тахилганд хэрэглэсэн хонь адууны толгойг бүгдийг нь шонд өлгөнө. Энэ өдөр нь эр эм бүгдээр сайхан хувцаслаж оршуулгын газарт хурна”.
Түрэг төр н 573 онд Буддын шашин залсан тул цогцсыг чандралах болжээ. Чандрыг хадгалж болно. Есөн сарын 27-н гэдэг нь өнөөгийн 10 сарын сүүл орчим болно. Зундаа сааль сүүгээ базаж, намар мах хөлдөх үеэр идшээ хийсний дараа 9-р сарын 27 нд Гол тигэний чандрыг булж том зоог барьжээ. Манай Түрэг төрийн үед мөн он тоолол намрын сараас эс эхэлж байжээ. Түрэг төрийн хүн амын 95 хувь нь Хүннүгийн хойчис Тэлэчүүд байжээ.
С.Дулам танд хэлэхэд: “VI-VIII зуунд Түрэг төр он тооллоо намрын сараас эхлүүлж байсангүй”.
Хүн гүрний хур байсан Сяньби төрийн хойчис IX-XII зууны Кидан төр он тооллыг хэрхэн хөтөлж байсан баримтыг И Лүн ли-гийн “Кидан төрийн бичиг” номны 27-р бүлгээс харцгаая!
Киданчууд цаг оны сарын шиний нэгэнд хаан ноёд нь хундан цагаан хонины тархийг наалдамхай тутрагтай холиж цангидсан нудрагны хэмжээтэй зуурна. Орой нь хөгжимдөн дуулж бүгд найр хийнэ гэжээ. IX-XII зууны Кидан төр нь Буддын шашны зан үйлийг дагаж байжээ.
Мөн цагаан (цаг он) сарын дараа хавар эхэлдэг тухай уг бүлэгт бичжээ.
С.Дулам танд хэлэхэд: “IX-XII зууны Кидан төрийн он тоолол нь намар цагт эхэлдэггүй байжээ”.
Монголын нууц товчооны 26-р хэсгийн хамгийн сүүлийн өгүүлбэрийн төгсгөлд “...хон гарпа” – он гарав. 27-р хэсгийн эхний өгүүлбэрийн эхний хоёр үг “капар болупа”-хавар болов. Тэгэхлээр эхлээд он гардаг, дараа нь хавар болдог гэдгийг Монголын нууц товчоо баталж байна.
С.Дулам танд хэлэхэд: “Эхэлж он гардаг юм байна. Дараа нь хавар болдог юм байна. Он тоолол манай Буган сүлдэт төрөөс эхлэн Хүн гүрэн, Түрэг төр, Уйгур төр, Их монгол улс хүртэл өвлийн тачир хүйтэн цаг дуусахад эхэлж хаврын улиралтай золгодог байжээ”.
“Mонголчууд цагаан сарыг эрт цагаас тэмдэглэн ёсолж ирсэн. Нэгэн үе цагаан сарыг намар хийдэг байснаа их эзэн Чингис хааны үеэс хаврын эхэн сард тэмдэглэх болсон” гэж С.Дулам та бичжээ. Та цагаан сар гэдэг үгнийхээ утга учрыг мэдэхгүй, ихээр төөрч буй нэгэн нь байна. Иймд Цагаан сар нь цаг он сар болох тухай нийтлэлийг таны алдааг засахын ялдам ард олондоо хүргэнэ. Эх сурвалж судлахгүйгаар үндэсний ой санамжтай холбоотой нандин зүйлийг доктор зэрэг болон ардын багш цолоор өгүүлж үл болно
Нийтлэл 3
Цагаан сар нь цаг оны баяр болно.
Энэхүү нийтлэлийг туурвих зуур манай ард олон нэн эртний (уза) Цагаан сар баярынхаа мөн чанарыг гээж, нэрнийх нь утгыг ихээр гуйвуулсныг Хурган овогт миний бие сэтгэл зүрхээрээ мэдрэв. Энэ нь үндэсний ой санамж ихээр тасарсны учир болно. СИЭ ТББ 1400 жилийн урьдах Түрэг төрийнхөө брахми үсгээр бичигдсэн Хүйс толгой бичээс, 1300 жилийн урьдах хүн үсгээр бичигдсэн Сир Түрэг төрийнхөө Гол тигэн, Билгэ хаан, Тонуйкук бичээс, Уйгур төрийнхөө Шинэ могой ус болон Тэс дэх бичээсийг сэрээж буй тул, Дунд орны үе үеийн төрийн баримтад түүх болох Сыма Цяни Түүхэн тэмдэглэл, Бан Гу Хань төрийн түүх, Фань Э Хожуу Хань төрийн түүх, Умард төрийн түүх Түрэг Тэлэ, Хуучин Тан төрийн түүх гэх зэрэг олон эх сурвалжуудаас өөрийн өвөг дээдэстэй холбоотой хэсгийг судлан эх хэл рүүгээ толмолсон тул Цагаан сар гэдэг үгийг та бүхэндээ бүрэн эхээр нь тайлбарлахад бэлэн болов.
Цагаан сар баярынхаа нэрний утгыг тайлбарлая.
Өнөө Цагаан сар гэдэг үгний цагаан гэдгийг өнгө зүс гэж нийт мал аж ахуйтан дундаас зөвхөн Өтүгэн дэх манай халхууд буруу билэрч байна. Үүнээс үүдээд цагаан идээний баяр, цагаан хувцас өмсдөг баяр, бүх зүйл сүү шиг цагаан байх ёстой гээн мөн чанараасаа хазаан тайлбарлах болов. Зарим нь цагаан идээний баяр тул Намар цагаан сарыг хийдэг байсан гэж мэдэмхийрнэ. Энэ бүхэн ор үндэсгүй.
Өвөг дээдсийн хадан бичээсийг сэрээхээр өвөг дээдсийн сахилгатай сэтгэхүйг миний бие билэрэхийн дээдээр билэрэв. Хэрэв нэгдүгээр сарны зүс хоёрдугаар сарны зүснээс өөр бол яг адуу шиг манай өвөг дээдэс сарыг зүслэх байсан. Цагаан сар, шар сар, ногоон сар, хар сар, алаг сар гэх мэт. Адууг хээр, зээрд, алаг гэж зүсэлдэг шиг. Саранд ийм өөрчлөлд ордоггүй тул цагаан гээн сарыг хэзээ ч манай дээдэс зүслэхгүй. Учир нь тэд сахилгатай сэтгэдэг тул.
Цагаан сар нь цагаан идээний буюу хоолны баяр мөн үү? Манай өвөг дээдэс мал аж ахуй эрхэлхээсээ урьд буюу одоогоос 8000 жилийн тэртээ амуй тариалж байсан археологийн олдвороор хөдлөшгүй батлагдсан бөгөөд энэ тухай өгүүлсэн. Өтүгэнд манай дээдэс 4000 жилийн урьд ирснээр тариалан аж ахуй мал аж ахуй хоёр нь салжээ. Энэ нь хүмүүн төрлөхтний түүхэнд бие болсон хөдөлмөр хувиарлалтын түүхэн үйл болов. Түүхэн эх сурвалжуудыг судлахаар хоолны баяр гэсэн зүйл гарч ирэхгүй байна. Цагаан идээний баяр гэдэг нь оргүй зүйл болно.
Цагаан гэдэг нь өнгө зүс биш юм бол юу болох вэ?
Түүхэн эх сурвалжууд Хүн хэлийг шар тэнгэсээс Каспийн тэнгэс хүртэл ижилссэн тухай өгүүлж байна. Энэ тухай нийтлэлүүд хүргэсэн болно. Цагаан сарыг мал ахуйтнууд балар эртний үеэс тэмдэглэж иржээ. “Он болгоны анхны сарнаар удирдагчид Шаньюгийн өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг” гэж Сыма Цяни НЭӨ I зуундТүүхэн тэмдэглэл номондоо бичжээ. Тэгэхээр өнөөгийн Алтайчууд, Тувачууд цагаан сарыг хэрхэн нэрэлж буйг сонирхоцгооё. Алтайчууд “Чага Байрам” буюу Цагын баяр минь гэж өгүүлж байна. Тувачууд “Шага праздник” буюу цаг баяр гэж өгүүлж байна. Тэгэхээр Цаг+аан гэдэг үгний цаг нь өнөөгийн “тэнгэр цаг” гэдгийн цаг болж байна. Харин +аан гэдэг нь юу болох вэ? Цагаан гэдэг нь изгүр буюу холбоо үг болох нь гарцаагүй. Цаг он гэдэг үг засагдаагүй удсан тул цагаан болжээ. Бай гол гэдэг үг засагдаагүй удсан тул Байгаль болжээ. Дай сун гэдэг үг засагдаагүй удсан тул дайсан болжээ. Ингээд цагаан сарын шинийн нэгэн гэдэг нь цаг он сарын шинийн нэгэн болж байна.
Цаг он гэх хоёр үгийг монголчууд Цаг оныхоо баяраар хэрхэн хэргэлж буйг тогтооцгооё!
Цагт тарган оров уу? Онд мэнд оров уу? гээн мэндлэхийн учир ийм юм байна.
Цагаалах буюу цагайлах гэдэг үгний эх утгыг сэрээцгээе. Цаг йалах буюу цаг залах гэсэн утга болно. Й болон З хүн хэлэнд зармина.
Өдгөө хүн үндэстэн монголчууд цаг залах буюу цаг йалах ёсыг цаг он сарын шинийн нэгэнд, мөн талийгаачийг оршуулсны дараа түүний хойд цаг залах ёсыг хийнэ. Энэ хоёр тохиолдолд идээ будаагаар цаг залдаг буюу цаг йалдаг. Адуу, үхэр, хонь гаргаж идээ будаагаа галд өргөхийг тахилга гэнэ. Тахилгын зан үйлийн тухай хожим өгүүлэх болно.
Өдгөө мануус цаг залах буюу цаг йалах үйлийг цагаан идээнд хүрэх гэх дөмөг утгаар билэрч байгаа нь үндэстний минь ой санамж доройтсоны учир.
Цагаан гэсэн дуудлага болгон нь өнгө зүс заахгүй. Өдгөө монголчууд цагаачлах, цагаачдын алба гэж өгүүлнэ. Энэ нь цагаан гэсэн зүстэй огт хамаагүй. Мянган жилийн урьд бичигдсэн Диван Лугат толинд 5826 цагай гэж ядуу хүнийг хэлж байна. Тэгэхээр харийн цагаачид гэхээр харийн ядуу хүмүүс гэсэн эх утгатай болно. Зэвсэгтэй ирэгсэд нь эзэн болдог гэдгийг бүү мартаарай. Цагай гэдэг үндсээс цагайч, цагайчлах гэсэн үгс үүсэлтэй гэдэг нь хөдлөшгүй болж байна.
Цагаан идээ гэдэг нь идээний зүс биш цагийн идээ гэсэн утга. Зөвхөн зун цагт гарч, намар цагт дуусдаг идээ. Цагаан нь анхнаасаа өнгө биш цаг хугацаа гэсэн утгыг агуулж байжээ. Өнгө дагахаар хонины ээзгий улаан, бяслаг шар, ааруул бор, нэрмэл архи хар (хар ус, хар архи гээн өгүүлнэ), шар тос гэх мэтээр цагаан өнгө ороогүй идээ дийлэнхи нь байна. Цагаан (цагийн) идээний гол түүхий эд нь сүү. Мал аж ахуйтаны сэтгэхүйгээр сүүн идээ гэх байсан. Уг идээний гол мөн чанар нь жилийн дөрвөн улиралд гардаггүй тул цагийн идээ буюу цагаан идээ гээн нэрийджээ.
Энэхүү нийтэлээр цагаан идээний баяр биш цаг оны баяр болохыг хөдлөшгүй, эргэж буцалтгүй баримтаар Сэргэлэн Интернашионал Экспедишион батлав.
Дараагийн нийтлэлээр Цаг оны баяр нь мал аж ахуйтны дээдсээс уламжлагдана ирсэн баяр уу, тариаланч Дунд орны дээдсээс уламжлагдана ирсэн баяр уу гэдэгт цэг тавина.
Нийтлэл 4
Цаг он сарын шинийн нэгний баяр нь Дунд орны дээдсээс үүх түүхтэй баяр уу, өнөөгийн монголчуудын дээдсээс үүх түүхтэй баяр уу? Үүнийг энэ нийтлэлээр цэглэнэ.
Цагаан сар нь Хятадын (Дунд орны) баяр гэх хандлага өнөөгийн залуусын дунд олширж байна. Энэ нь манай үндэсний ой санамж бохирдож буйгын илрэл. Ингээд мал аж ахуйтны цаг оны баярын тухай доорхи нэгэн эх сурвалжийг сөхөцгөөе!
“Он болгоны анхны сараар ахлагч нар Шаньюгийн өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг. Таван сард Лүн хотод их чуулганд ирэн өвөг дээдэс, Тэнгэр газар, хүний болон Тэнгэрийн сүнс-гүйшнд тахил өргөдөг. Намар адуу таргалахаар дахин Их чуулганыг Дайлинд хийж, хүн малын тоог нягталдаг”. Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл” НТӨ I зуун.
Уг эх сурвалжинд Хүннү нар Цаг оны эхний сард тахилга хийдэг байсан тухай цагаан дээр хараар бичжээ. Энэ бол факт.
Хүн үндэстний Цаг оны баяр буюу Цаг оны зан үйл нь Дунд орны өвөг дээдсийн баяр мөн эсэхийг эх сурвалжаар тогтооход Сэргэлэн Интернашионал Экспедишины хамт олонд бэрхшээл үгүй. Учир нь бид харийхны конспект цээжилдэггүй, эх сурвалж судалдагт оршино.
Ингээд Хүн гүрнээс урьд Дунд оронд оршиж байсан Домогт Таван их эзний үед зан үйл нь ямар байсан, Чжоу төрийн үед (НТӨ 1046-500 он) мөн Хүн гүрний үед оршиж байсан Цинь төрийн үед (НТӨ 221-207 он) зан үйл нь ямар байсныг эх сурвалжаар нотолцгооё.
Таван их эзний үе
Оны хоёр сард Шүнь их эзэн дорно зүгт орших Тайшан ууланд гал өрдөж уул мөрөндөө тахил өргөдөг. Дорно булангийн (зүгийн) ахлагч нартай чуулж төрийн хэргийг хэлэлцдэг. Оны таван сард Шүнь их эзэн өмнө булангийн (зүгийн) Хуашань өндөрлөгт гарна. Оны арван нэгдүгээр сард Шүнь умард Хэншань өндөрлөгт гарна. Таван жил болгоно энэ үйлийг тэр заншиж (давтаж) байжээ.
Их эзний (Хуанди) үеийн зан үйл нь Хүн гүрний зан үйлтэй таарахгүй байна. Зан үйл хийх сар нь зөрж байна. Таван жилд нэг удаа зан үйл хийж байхад Хүн гүрэн он болгоны анхны сард удирдагчид Шаньюгийн өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг байжээ.
Чжоу төр НТӨ 1046-500 он
“Чжоу түшмэд” бичигт өвөл нар хамгийн нам мандах үед өмнөшөө очиж Тэнгэрт тахил өргөнө, зун нар хамгийн урт (өндөр) мандах үед газарт тахил өргөнө. Тахил өргөх үеэр дуу бүжгээр сүнсийг аргадана. Орон нутгын ахлахгч нар гол усандаа тахил өргөнө. Тэнгэрт ганц ван (хаан) тахил өргөнө. бусад ахлагч нар газар усанд тахил өргөнө.
Чжоу их улсын тахилга манай Хүн гүрний бага тахилгатай цаг хугацааны хувьд таарахгүй байна.
Цинь төр НТӨ 221-207
Цинь ши хуанди он тооллын эхлэлийг арван сараас буюу өвлөөс болгов. Тэр найман тахилыг сэрээжээ. Эхний сүнс нь Тэнгэрийн эзэн, хоёр дахь сүнс нь газрын эзэн бөгөөд Тэнгэр арганд (инь) дуртай тул түүнд өндөр уулын бэлд эсвэл багахан уулын орой дээрээс тахил өргөнө. Газар билгэнд (ян) дуртай учир намаг тодорхи толгой дээрээс тахил өргөнө. Гурав дахь нь дайны сүнс тул хориг газраас (оршуулгын газраас) тахил өргөнө. Дөрөв дэх нь аргын сүнс. Тав дахь нь билгэ-ийн сүнс. Зургаа дахь нь сарны сүнс. Долоо дахь нь нарны сүнс. Найм дахь нь дөрвөн улирлын сүнс. Бүх сүнсэнд нэг мал, хас чулуу болон тахилын давуу өргөдөг байжээ. Эдгээр найман сүнсний тахилыг Цинь төрийн үед сэрээжээ. Цинь төр Шар мөрний урьд оршиж байсан мал аж ахуйтан угшлын хүмүүсийх болно.
Цинь төрийн найман сүнсний тахилга-д манайтай таарах зүйл олон байна. Гэвч Хүн гүрний үед баримтжуулагдсан гурван тахилгатай таарахгүй байна. Цинь төрийн Цинь ши хуандитэй Модун жангарын аав Түмэн жангар Шар мөрний өмнө хэсгийн газраа буцааж авах гэж тулалдаад дийлсэнгүй тухай Түүхэн тэмдэглэл номны 110-р хэсэгт өгүүлжээ.
Дүгнэлт:
Хүннү гэдэг үг Түүхэн тэмдэглэл номонд НТӨ 318 оны үйлийг бичихэд анх тэмдэглэгджээ. Тэгэхээр НЭӨ IV зуунд Хүн төр байжээ. НЭӨ I зуунд Сыма Цяни Хүннүгийн гурван баярыг Түүхэн тэмдэглэл номондоо баримтжуулан үлдээжээ. Цаг он сарын баяр нь баримтжуулагдсан нь Хүн төрийн үед болохоос тэмдэглэж ирсэн нь Хүн төрөөс мянган (олон гэдэг утгаар) жилийн урьд гэдгийг ман нотолж чадахгүй ч үүнд эргэлзэх нэгэн нь үгүй биз ээ. Шар мөрний өмнө орших Дунд орны үе үеийн төрийн тахилга манай Хүн төрийн тахилгатай цаг хугацаа, утга учирын хувьд таарахгүй байна. Иймд Цаг оны эхний сарын тахилга буюу цаг оны баяр нь Дунд орны соёлоос ангид байна. Дунд оронд Хүн төрөөс өмнө цаг оны эхний сарыг эс тэмдэглэж байжээ. Энэ бол факт.
Цаг оны баяр нь манай Хүн төрийн баяр болохыг хөдлөшгүйгээр баталж буй дахин нэгэн баримтыг сөхье!
“Хүннүгийн заншилаар жилд гурван удаа тахилга хийнэ. Үргэлжид цаг оны сар, таван сар, есөн сарын нохой өдөр тэнгэр сахиусаа тахина. Өмнөд жангур (шанью) дотогшоо дагаснаас хойш Дунд орны Ди-г хамтатган тахих болов. Олон аймгууд хурж төрийн хэргийг зөвлөлдөн морь болон тэмээ уралдуулан цэнгэнэ” гэж Өмнөд төрийн Сун улсын түүхч Фан.Э-гийн V зууны эхэнд “Хожуу Хан төрийн бичиг”-тээ бичжээ. Сыма Цяни-аас 600 жилийн хойно оршиж байсан Сүн төрийн түүхч Фан.Э хүннүгийн заншил гэж тодотгон цагаан дээр хараар бичжээ.
Цаг оны баяр нь Буддын шашны баяр мөн үү?
Цаг оны баяр нь Буддын шашинтай огт хамаагүй гэдгийг баталцгая.
Буддын шашныг үндэслэгч энэтхэг Сиддхарта Гаутма буюу хожим Будда Шакьямун хэмээгч нь НЭӨ VI-IV зуунд төрсөн нэгэн нь. Будда-г төрөхөд манай өвөг дээдэс Цаг оныхоо тахилгыг хийж байжээ. Буддын шашинг брахми үсэгтэйн Өтүгэнд 573 онд Түрэг Табэн хаан Чи улсаас залжээ. Үүнээс өмнөх манай түүхэнд Буддын шашны ул мөр байхгүй. Будда-гийн үеийн Энэтхэг он тоолол манай он тоололтой зөрнө. Энэ тухай өгүүлсэн болно. Буддын шашинд өөрт нь тахилгын зан үйл байхгүй. Сүүн тахилга гэж мөн байхгүй. Цаг оны баярын үүх түүх нь Буддын шашинтай огт хамаагүй бөгөөд Будда Шакьямунаас хамаагүй урт түүхтэй баяр болно. Цаг оны баяр маань Буддын шашинд хамаарахгүйн ижил мөн Христ болон Исламын шашинд хамаарахгүй. Үүх түүхэндээ халх, ойрд, баргу ахан дүүс шашин сольж байсан болохоос өвгө дээдэс, Өтүгэн нутаг, зан үйлээ сольж байсангүй. Ямарч шашингаас өвөг дээдэс, Өтүгэн нутаг, зан үйл нандин.
НТӨ 202 оноос НТ 2020 он хүртэл Дунд орон 2222 жилийн турш хэдэн мал аж ахуйтны төртэй байсныг сөхөцгөөе. Цинь (МЭӨ 221-207), Вэй (386-535) Тан (НТ 618-907), Юань төр (НТ1271-1368), Манж Чин (1644-1912) гэх мал ахуйтан төрүүд нь тариалан ахуйн дунд оронд 803 жилийн турш төр барьжээ. Цинь төрийн үед Цаг оны баяр байсангүйг бид эх сурвалжаар мэднэ. Тэгэхээр Юань төрийн үед Цаг оны баяр Бээжинд очсон байх магадал их гэж өнөөдрийн өндөрлөгөөс, энэ тухай одоогоор судалгаагүй ман баримжаалж байна. Цаг оны баярыг Дунд орон хожим тэмдэглэж эхэлжээ гэдэг нь эх сурвалжаар ийнхүү нотлогдож байна.
Дараагийн дугаараар Цаг оны баярын мөн чанарын тухай, ямар зан үйлийг нь өдгөө мануус гээсэн тухай өгүүлнэ.
Нийтлэл 5
Цаг оны баяр нь өвөг дээдэсдээ тахил өргөн цаг угтаж буй төрийн зан үйл болно.
Халх, Ойрд, Буриад (төлөөлүүлэв) ахан дүүс настангуудтайгаа хамт үндэсний баяр гэдэг бүрэн утгаар нь Цагаан сар буюу Цаг оны баяраа тэмдэглэдэг. Харин уг баярын мөн чанарыг илэрхийлэх гол зан үйл нь хадгалагдан үлдсэнийг мануус олж харахгүй өдийг хүрэв. Олж хараагүй удсан тул Түвдийн нөлөөтэй баяр гэж мэдэмхийрэгчид мөн олширов. Энэ нь манай үндэсний ой санамжийг доройтуулж буй. Энэ удаагийн нийтлэлээр уг баярын мөн чанарыг сэрээнэ.
Юуны түрүүнд эх сурвалжаа сөхөцгөөе.
“Он болгоны анхны сараар ахлагч нар Жангурын (Шаньюгийн) өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг” гэж Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл” номондоо НТӨ I зуунд бичжээ.
“Хүннүгийн заншилаар жилд гурван удаа тахилга хийнэ. Үргэлжид цаг оны сар, таван сар, есөн сарын нохой өдөр тэнгэр сахиусаа тахина” гэж Өмнөд төрийн Сун улсын түүхч Фан.Э-гийн V зууны эхэнд “Хожуу Хан төрийн бичиг”-тээ бичжээ.
Дээрх хоёр зан үйлээс харахад Хүннүчүүд зургаан зууны турш уг үйлийг хийжээ. Дахин хийдэг үйлийг зан үйл гэнэ.
Энэ зан үйлийг Үсүньд хийж байсан уу?
“Үсүнь улс, их күнь-ми нь Үй-гү-чэн хотыг захирна. Түүнээс Чан-ань хүрэхэд найман мянга есөн зуун ли газар. Арван хоёр түмэн (120000) өрхтэй, жаран гурван түмэн (630 000) хүн амтай. Цэрэгт морьдох арван түм найман мянга найманзуун (188 800) хүн бий.
...Газар нь тэв тэгш. Хур ихтэй, хүйтэн. Ууландаа хар мод ихтэй. Газар тариалж мод тарихгүй. Мал хар өвс усыг дагана. Хүннүтэй заншил адил. Улс нь адуу ихтэй. Баян хүн нь дөрөв таван мянган адуултай. Ард нь зоримгой догшин, өлөн бөгөөд итгэлгүй, хулгай дээрэм их хийнэ. Анхнаасаа Хүннүг хүлээн дагадаг байжээ. Хойноо хүчирхэгжин харъяатаа аван бараалхахгүй болжээ (Лүнгийн тахилганд бараалхахгүй болсон тухай өгүүлж байна)” гэж Бан Гу “Хан төрийн түүх” номныхоо Баруун орны шастир, жаран зургаа, доод-д бичжээ.
Тэгэхээр Каспийн Тэнгисээс Шар Тэнгис, Бай гол-оос Шар мөрний өмнө хүртэлх уудам нутгын дунд оршиж байсан бүх аймаг овгууд бүгд Хүннүтэй зан заншил нэг тул Цаг оны баярыг хамтаар тэмдэглэдэг байжээ. Хожим XI зуунаас XV зууны хооронд Үсүнь дэх Казахстан, Туркменистан, Киргыз, Узбек нарын дээдэс Исламын шашинд орж, Ислам он тооллыг мөрдөж, Хүн гүрний зан үйлийг орхив. Хүн гүрний хур улсуудын үр хойчис Алтайчууд, Туваачууд, Якутууд Цаг оныхоо баярыг энэ өдгөө тэмдэглэсээр байна. Хүн гүрэн болон тэдний дээдэс зан үйлээрээ Шар тэнгисээс Каспийн тэнгисийн хооронд оршиж байсан бүх улсуудыг удирдаж байжээ. Ийм уудам нутаг дэвсгэрийг зан үйлээр удирдах нь хамгийн сайн зам биш цорын ганц зам болно.
Эрт дээр үеэс төрөө дээдсийнхээ зан үйлээр удирдахыг удирдлагын дээд хэлбэрт тооцож байжээ.
Өдгөө дэлхийн том гүрнүүд Зул сарын баяр, Шинэ оны баяр, Валентины баяр, Талархалын баяр, Мартын 8 гэх мэтээр энэ ухааныг хэрэгжүүлсээр л байна.
Төрийн зан үйл нь удирдлага болон хүмүүсийн нийгмийн ялгааг харуулж буй дээд хэлбэр төдийгүй улсын хүч болон төрийн бат бөхийн үндэс. Зөвхөн төрийн зан үйлээр төр эрх мэдлээ зузаатгаж, өөрийн ард олон болон хур ард олныхоо хүчин зүтгэл, алдар гавъяаг нь цуурайтуулдаг.
Тэнгэр газар нь амьтай бүхний өлгий; манай анхны дээдэс мануусын эх; эзэд болон улсын багш нь удирдлагын ул юм. Тэнгэр Газар байсангүй бол хэрхэн амьдрал үүсэх билээ? Өвөг дээдэс байсангүй бол үр хойчис хэрхэн бий болох билээ? Эзэд, улсын багш байсангүй бол хүмүүсийг хэн удирдах билээ? Энэ гурван суурь улын нэгэн нь үгүй бол хүмүүс амар амгаланг үзэхгүй. Тийм учир зан үйлийн утга нь дээр тэнгэрт, доор газартаа зүтгэхэд, өвөг дээдсээ дээдлэхэд, эзэд, улсын багшаа хүндэтгэхэд оршино. Энэ бүхэн төрийн зан үйлийн гурван үндэс болно.
Цаг оны тахилгыг бага тахилга гэж Түүхэн тэмдэглэл номонд бичжээ. Тэгэхээр энэ нь Тэнгэр газар усны тахилга биш. Өвлийн сүүлээр энэ тахилганд Каспийн тэнгисээс, Шар тэнгисээс, Бай голын умард хэсгээс ахлагч нар ирэхэд бэрх.
Бага тахилга буюу Цаг оны баяр дахь туслах зан үйл гэж хардаг хэсгийг эргэж харцгаая.
Цаг оны баяр нь эзэд болон улсын багшийн хамтаар (Төрийн хар хайрцагны бодлого боловсруулагч нэгнийг өгүүлнэ) өвөг дээдэсдээ тахил өргөн цаг оноо хамтаар угтаж буй зан үйл болно.
Аливаа тахилаар гал өрдөж түүндээ мах, гурил будаа, даавуу өргөнө. Ингэж дээдсийнхээ сүнсийг баярлуулж буй үйл. Энэ үйлийг хийхдээ дуу бүжгээр сүнсийг аргадана. Энэ зан үйлээс өдгөө манууст өвлөгдөөтэй хэсэгт анхаарлаа төвлөрүүлцгээе.
Тувачууд Цаг он сарын нэгний өглөө эрт босон гоёлоо өмсөж, хонины өвчүүг бусад идээ будаатайгаа модон тэвшин дээр засаж өндөрлөг газар аваачина. Тэд “сан салыр” гэх зан үйлийг хийнэ. Тэд гал өрдөнө. “Сан сылар” гэдэг нь халх аялгаар “сансул”. Энэ нь тахил өргөдөг буюу дээдсийг тавьдаг газар гэж доктор Г.Буянтогтох өгүүлэв.
Алтайчууд Цаг он сарын нэгний өглөө зориулалтын тайзанд хүний болон малын дүрсийг бяслагаар хийнэ. Гал өрдөж бүх хүмүүний амар амгаланг хүснэ. Энэ үйлийг овгын ахлагч эсвэл бөө удирдана. Оролцогчид сүү галд өргөж сайн сайхныг гэр бүлдээ хүснэ.
Буриадууд Цаг он сарын нэгний өглөө “Даллага” хийнэ. Энэ нь галын эзэнд гэр бүлийн төлөөлөл тахил өргөж буй зан үйл. “Гай барцад холуур сайн бүхэн нааш” гээн тэд хундан цагаан хонины өвчүүгээр тахил өргөнө.
Архангай аймгийн Хотонт сумынхан (энэ сумаар төлөөлүүлж байна) шиний нэгний үүрээр гоёлоо өмсөж овоон дээр идээ будааныхаа дээжийг авчирж ургах нарыг хамтаар угтана. Гал өрдөж, галдаа болон овондоо идээ будааныхаа дээжийг өргөнө.
Энэ зан үйлийн хялбарчилсан хэлбэр нь гэртээ зуухандаа (галдаа) өвчүүний бүдэрхий, богино хавирга, ууц таллахдаа ууцны хоёр талын хэсгийг өргөж буй үйл.
Тахил өргөх зан үйл нь өвөг дээдсийнхээ сүнсийг баярлуулж буй хамгийн чухал хэсэг бөгөөд уг баярын утга учир мөн чанар үүнд оршино. Хүннүчүүд өвөг дээдсийн сүнсэнд тахил өргөдөг гэж НЭӨ I зуунд Түүхэн тэмдэглэлд бичигдсэн нь ийм учиртай. Өвөг дээдсийнхээ сүнсэнд тахил өргөх энэ зан үйл маань Исламын шашинг үндэслэгч Мухаммед НТ 570 онд төрөхөөс урьд, 2020 жилийн өмнө Христос мэндлэхээс урьд, Буддын шашныг үндэслэгч, НЭӨ VI-IV зуунд төрсөн энэтхэг Сиддхарта Гаутма буюу хожим Будда Шакьямун хэмээгчээс урьд оршиж байжээ.
Цаг оны баяр маань настангуудын баяр гэж хэлж эс болно. Овгынхоо дээдэстэй хамгийн ойр байсан нь, овгынхоо дээдсийг хамгийн сайн мэддэг нь настангууд болохоор өдгөө мануус настангуудаараа очиж золгож буй нь ийм учиртай.
Цаг оны баяр нь цагын баяр тул хүмүүс хоорондоо цаг гарлаа гээн цагын золголт хийнэ. Цагт тарган оров уу? Онд мэнд оров уу? гээн золгоно. Хоорондоо уулзаж учраагүй хүмүүс цагын золголтоо хожим хийнэ.
Энэ удаагийн нийтлэлээр Цаг оны баярын мөн чанарыг ухагч та бүхэндээ толилуулав.
Цаг оны баяр нь эзэд болон улсын багшийн хамтаар (Төрийн хар хайрцагны бодлого боловсруулагч нэгнийг өгүүлнэ) өвөг дээдэсдээ тахил өргөн цаг оноо хамтаар угтаж буй зан үйл болно.
“Он болгоны анхны сараар ахлагч нар Жангурын (Шаньюгийн) өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг” гэж Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл” номондоо НТӨ I зуунд бичсэний учрыг өнөө бид олов.
Өнөө Хүчтэй төртэй болохын тулд Цаг оны баярын зан үйлийг сэрээх ёстой. Төрийн зан үйлийг сэрээхдээ хүмүүний сэтгэл мэдрэмжээс эхэлнэ. Зөвхөн хүний чанар дээр тулгуурлан төрийн зан үйл болон түүнд орох ёсыг боловсруулан сэрээнэ. Нэн эртнээс ингэж л зан үйлийг бий болгож байжээ. Эрт дээр үед байдал ийм байжээ, өдгөө Монгол улс зан үйлийнхээ мөн чанарыг сэрээж үр хойчисдоо өвлүүлэх үүрэгтэй.