Монгол нэрээр манай төр хэдэн жил нэрлэгдэв.
Энэхүү дөхөм өгүүллийн гол зорилго монгол гэдэг маань манай төрийн нэр болохоос хэл, үндэстний минь нэр биш гэдгийг билэрүүлэхэд оршино.
Хамаг Монгол нь их улс биш аймаг байжээ. Аймагт төр байхгүй.
1206 онд Их Монгол улсыг Боржигон овогтны угш Киан овгын Чингис хаанаар удирдуулсан Хамаг Монгол аймаг үүсгэв. Их Монгол улсын хүн амын дийлэнх нь хэрэйд, найман аймгийн хүн амаас бүрдэнэ. 1251 онд хэрэйд Соргогтон бэг өөрийн хүү Мөнхийг хаан болгов.
Соргогтон бэхийг хүн амын дийлэнх хэрэйд ястангууд (сурвалжид гарлыхан) дэмжсэн учир Мөнх хаан болов. Энэ тухай Соргогтон бэх нэртэй 57-р нийтлэлд өгүүлсэн.
1260 онд Мөнх хааны ин (эр дүү) Хубилай хаан ор суув.
1271 онд Хубилай хаан Их Монгол улсын нэрийг 65 жилийн дараа Юань болгож, төрийг Өтүгэнээс Бээжин нүүлгэж, өөрийн удмын төрийг үүсгэв. Энэ тухай мал аж ахуйтны нийгэм байгууламж талаас тайлбарлая. Хубилай их улсын нэрийг сольсноор өөрийн ах Мөнх, дүү Аригбөхийн хойчсийг хаан болох замыг хаав. Хубилай Чингис хааны үр хойчсоос зөвхөн өөрийн удмыг хаан болгох замыг их улсын нэрийг сольсноор хашив (хамгаалав). Юань гэж улс бий болсноос хойш Их Монгол гэдэг нэрийг Хубилайн хойчис хориглоно. Энэ нь мал аж ахуйтны нийгэм байгууламжийн жам. Олон Шивэй овгуудыг Монгу Шивэй аймагласны дараа тэд Шивэй гэж өгүүлэхийг хориглоно. Учир нь Их Шивэй, Шар толгой гэх мэт Шивэйгийн ясту байсан хүмүүс аймгийн тэргүүн болох замыг нь хааж буй. Уйгур төрийнхөн Тэлэ нэрийг цээрлэхтэй адил.
Тэгэхээр манай дээдсийн төр Их Монгол нэрээр 65 жил нэрлэгдэжээ.
Юань төр 1271-1368 он буюу 97 жил оршижээ.
Умард Юань улс XIV-XVII зуун. Энэ хугацааг энэ өдгөө сайн ангилаагүй байна. Ойрд хаантай байсан үе ч, Татар хаантай байсан үе ч байжээ. Батмөнх Даян хаан тайж, чинсайн цолуудыг халж хүн амыг дахин хувиарлав. Дахин хувиарлалтаас халх үүсэв. Халх гэдэг нэрний үндэс нь хал буюу кал гэсэн үйл үг бөгөөд үлд гэсэн утга агуулна. Зур гэдэг үйл үгэнд +г залгаж зураг гэдэг нэр үг гардаг шил хал гэдэг үйл үгэнд +г залгаж халх гэдэг нэр үг үүсжээ. Энэ тухай өгүүлсэн болно.
Манж төрийн хур XVII зуунаас XX зуун хооронд халхууд байжээ.
Өнөөгийн Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй савыг Халхын газар ус гэдэг байв. Энэ тухай мэдээлэл арвин тул дөхөм хэлбэрээр өгүүлж буй. Ар, Өвөр монгол гэдэг нэрийг Манж Чин төр өгжээ. Тэр үед Ар, Өвөр Юань гэдэг нэрийг хэргэлж үл болно. Тийм учир хуучин төрийн нэрээр нь Ар, Өвөр монгол гэж тэд нэрлэв.
1911 онд Манж Чин төр унах нь тодорхой болсонтой тохион Халх ноёдуудад ангид төрөө байгуулах боломж гарав. Тухайн үеийн хүн ам бараг зуун хувь Буддын шашныхаа хүчтэй нөлөөн доор байв. Тухайн үеийн өрсөлдөгчгүй гол улс төр, эдийн засгийн хүч нь яах ч аргагүй Жавзандамба хутагт байв. Халхын ноёд нөхцөл байдлыг зөв дүгнэж Жавзандамба хутагтыг тэргүүнээ болгожу 1911 оны 12-р сарын 29-нд Богд хаант Монгол улсыг тунхаглав. Энд яагаад 640 жилийн дараа төрийн нэрийг Монгол гэж авав. Манай баримтат түүхэнд төрийн нэрийг дахин хэргэлж байсан түүх байсангүй. Энд юу болов?
Учир Жавзандамба хутагтад оршиж байв.
Богд хааны хувьд асуудал түүхэнд байгаагүй ээдрээтэй нөхцөл үүсэв. Түвд Богд хаантай бол улсых нь нэр нь Түвд байх учиртай. Хүн ам нь халхууд учир ийм байж болохгүй. Богд хаант Халх улс гэвэл хаан нь заавал халх хүн байх ёстой учир Халх улс байж болохгүй. Энд гарц нь Монгол байв. Энэ нэрийг Жавзандамба хутагттай булаалдах хүн аль эрт үгүй болсон учир улсын нэрийг монгол дээр тогтжээ. XIII зуунд түвд хаантай монгол улс гэвэл үүнийг хүлээн зөвшөөрөх хүн ганц ч гарахгүй байх байсан болов уу.
Энэ өдгөө мануус 1911 оноос хойш төрийнхөө нэрийг 108 дахь жилдээ Монгол гэж нэрийдэж яваа нь ийм учиртай. Энд СИЭ Монгол гэдэг нэрийг авсан нь зөв үү, буруу юу гэдэг тухай биш яагаад уг нэрийг дахин авах болсныг тайлбарлав.
Монгол гэдэг нь манай төрийн нэр. Монгол хүн гэдэг нь Монгол төрийн доор байгаа бүх хүнийг хэлнэ. Монгол улсын иргэн бол Монгол хүн. Энэ өдгөө Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын иргэн болсон Моллаей Саеид бөх нь монгол хүн болно. Монгол улсын Халх, Буриад, Торгод, Өөлд, Дархад (бүгдийг нэрлэж амжихгүй) ястангууд нь бүгд Хүн хэлээр өгүүлдэг, Хүн үндэстэн болно. Моллаей Саеид нь монгол хүн болсон боловч Хүн үндэстэн болж эс чадна. Тэр Монгол улсын иргэн Перс үндэстэн болно.
Бид түүхээ сэрээх дутам манай түүх, хэл соёл, газар усны дархлаа нэмэгдэж байна. Төр байгуулсан хүнийхээ овог аймгаар төрийн нэр нэрлэгдэнэ. 1911 онд урьд байгаагүй нөхцөл байдал үүсжээ. Улсын нэрийг Халх биш Монгол гэж нэрлэсэн нь ийм учиртай.