Бус үгүйсгэл үг огт биш - Билгэ Тооныукук 1300 жил
Цуврал 15
886 0

СИЭ ТББ Билгэ Тооныукук хүн үсэгт хадан бичээсийн 1300 жилийн ойд зориулан VIII зууны Тооныукук бичээс дэх, XIII зууны Алтан дэвтэр дэх, өнөөгийн халх аялга дахь, мөн орчин цагын монгол хэл дэх хэлний зүй тогтлыг хооронд нь харьцуулж, үр дүнг нь та бүхэндээ цуврал нийтлэлээр хүргэж байна.

11-р цувралд VIII зууны хүн үсэгт хадан бичээс дэх эсрэг утга үүсгэгч “үл”, “эс”, XIII зууны Алтан дэвтэр дэх “үл”, “эс”, халх аялга дахь “үл”, “эс”, орчин цагын монгол хэл дэх “үл”, “эс” –ийг хоорондон харьцуулж, дүгнэлтээ бид та бүхэнд хүргэсэн билээ. Орчин цагын монгол хэлний төлөөлөл Ж.Бат-Ирээдүйн “Монгол хэлний үгүйсгэх харилцаа түүний илрэх хэлбэрүүд” нийтлэл дэх “үл”, “эс” үгийн тайлбар, мөн бусад үгүйсгэл үгсийн тайлбар нь шинжлэх ухааны судалгаанд тавих наад захын шаардлага хангахгүй, үгүйсгэлд огт хамаагүй үгсийг үгүйсгэл болгож, үгүйсгэлд орох үгсийг нь эс оруулж, эрэмдэг зэрэмдэг бичигдсэн тул, мөн уг судалгаа нь зөвхөн Ж.Бат-Ирээдүй гэх хувь хүнийх биш, өнөөгийн орчин цагын монгол хэлний нөхдүүдийх тул СИЭ-ий судлаачид буруугын засахаар шийдэж, залруулгаа та бүхэндээ хүргэж байна. Хэдэн цувралын дараа энэ сэдвийг бүрэн дуусгана. Ж.Бат-Ирээдүйн ---Үгүйсгэл үг.pdf---- нийтлэлийг та заавал нэг ухаарай.

Билгэ Тооныукук бичээс нь Үтүгэн төв аялгаар, хүн үсгээр бичигдсэн манай анхны цогц бүтээл учир, мөн хүн хэлний бүх зүй тогтол уг бичээст орших тул бид цувралаа “Билгэ Тооныукук” гээн нэрийдэв. 15-р цувралын маань сэдэв нь “бус” үгийн утга.

“Бус” нь үгүйсгэл үг огт биш.

VIII зууны Гол тигэн хадан бичээст Тан төр умар нутагт орших мал аж ахуйтан ардаас зуун түмийг нь нутагтаа ачирж, нэхмэлчин, тариаланч болгох зорилгыг төрийнхөө түвшинд боловсруулан хэрэгжүүлжээ. Заагдсан газар усанд нутаг усаа орхин ирэх малчдад тэд татаас өгөж, өөрийнхөө төрд тэднийг хурааж, мал аж ахуйн нутгыг эзэнгүй болгож байв. Энэ үйлийг нь Гол тигэн бичээст: 𐰉‏𐰆‏𐱁‏𐰍‏𐰆‏𐰺‏𐰆‏𐰺 -(бушхурур) гэж тэмдэглэжээ. “Буш” нь чөлөөт, эзэнгүй, хэнд ч хамаагүй ,“хур” нь хураах, +ур үйл бий болгогч. “Бушхурур” ижгүр нь чөлөөт, эзэнгүй хүмүүсийг өөртөө хураах гэх утга.

XI зууны Диван Лугат толинд буш-чөлөөт, буш киши-бус экэс /насанд хүрсэн хүн/, чөлөөт хүн, бус урагут /ураг нэр үг; +т шинж тодотгол үүсгэгч/-салсан эм /ургаас чөлөөт гэх утга/.

Өнөө Өвөр монгол ахан дүүс “бүсгүй” гэж чөлөөт биш гэх утгаар авгай, гэргийгээ дуудна. Бүсгүй гэх үгэнд “залуу эм” гэх утга үгүй, мөн бүслэх бүстэй уг үг ямарч холбоо үгүй /энэ тухай нийтлэл хүргэв/.

XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “бус” үг нь “бусу” галигтай дараах утгы илэрхийлжээ:

1. “...эқэ ину набдарқай нэкэй дээлтэй жэвүн эүдэнбэр қаруат қадана бусу хүүннэ үгүлэрүн: ...” гэх өгүүлбэрт “…гараад гаднаа бусу /өөрт хамааралгүй/ хүннэ үгүлэрүн...” утга гарч байна.

Бусу нь өөрт хамааралгүй, гадны гэх утга.

2. Сэүтэрэчэ бусу /өөр, гадна/ нөкөр үгэй, сэүнэчэ бусу /өөр, гадна/ жижуа үгэй буй бида

Бусу нь өөр, гадна гэх утга.

Дүгнэлт: Бус нь VIII зууны бичээст чөлөөт, сул, хэн нэгнээс хамааралгүй гэх утгаар оржээ. XI зууны Диван Лугат толь бичигт чөлөөт, сул, хэн нэгний доор биш, хэн нэгнээс хамааралгүй гэх утгаар оржээ. XIII зууны Алтан дэвтэр эх сурвалжид хамааралгүй, өөр, гадна” гэх утга тээжээ.

Чөлөөт, сул гэх ухагдахуун нь нөгөө талаасаа хэн нэгэнд хамаарал үгүй гэх ухагдахуун. Өөрт нь хамааралгүй нэгнийг гадны хүн, гадаад хүн, гадуур хүн гэж хэлнэ. Өнөө “хууль бус” нь хуулиас гадуур, хуулиас чөлөөт гэх ухагдахуун, “ёс бус” нь ёсоос гадуур гэх утга. Одоо уг үгнийнхээ тодорхойлтыг гаргая.

“Бус” нь нэр үг, чөлөөт, сул, хэн нэгэнд хамаарал үгүй, ямар ваа харьяалалаас гадуур, өөр гэх утга. Бус гэх үгийн утга VIII зуунаас өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй байна.

Ингээд Ж.Бат-Ирээдүйн ажлыг шалгая.

“Бус – энэ үг өмнөх нэр үгээ годуу харьяалах тийн ялгалд, заримдаа үйлдэх, гарах, өгөх оршихын тийн ялгал, эсвэл үндэс хэлбэрээр захирч ордог үгүйсгэх харьцаа илэрхийлэх утгатай бие даасан үг юм. Үгүүлбэр төгсгөж чадна гэхдээ нийтлэг биш” гэж Ж.Бат-Ирээдүй тодорхойлжээ. Ж.Бат-Ирээдүй “бус” гэх үг юуг үгүйсгэж буй тухай эс дурдаж, судалгаанд шууд хамааралгүй зүйл бичжээ.

Ж.Бат-Ирээдүйн авсан жишээ:

1. “Өтгөс хуучид энэ хоёрын үгнээс бус үнэн юмгүй, өвөлжөө, зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргүй хэмээн санаж хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ”. (Д.Нацагдорж, “Хуучин хүү”). Их зохиолж “энэ хоёрын үгнээс бус (гадуур, өөр) үнэн юмгүй” гэж уг үгийг зөв хэрэглэжээ.

2. Нэг эрхэм хүн Занабазарын бүтээсэн Цагаан дарь эхийг олж өгвөл мөнгө хайрлахгүй, төгрөгөөр бус хатуу валютаар худалдаж авъя... (Т.Баасансүрэн, “Тэрбумтан”). “Төгрөгөөр бус” гэхийн оронд “...төгрөгөөс бус хатуу валютаар худалдаж авъя...” гэж хэлэх ёстой.

3. “Бүх юм мөнх бус. Гагцхүү урлаг л мөнх” (Д.Батбаяр, “Мөнхрөх хүсэл”). “Бүх юм мөнх бус” нь мөнхөөс “гадуур”, мөнхөөс “өөр”, мөнхөөс “чөлөөт”, мөнхөөс “сул”, мөнхөөс “хамааралгүй” гэх утга тээх ёстой. Мөнхөөс чөлөөт, мөнхөөс сул, мөнхөөс өөр, мөнхөөс хамааралгүй гэх холбоо үгс нь утга зүйн алдаатай байна. Мөнх бус гэж бичиж болохгүй. “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид: “Төрөэксэн элэ амитандор мөнх үгэй ажуу” гэж оржээ. “Мөнх үгүй” гэж үгүйсгэнэ. “мөнх бус” нь утга зүйн алдаа. Д.Батбаяр бус гэх үгийг буруу хэрэглэжээ.

4. Харанхуй тэнгэрээс бус газраас огшин хөөрч байх шиг санагдав. (П.Сандуйжав, “Гүйгүүл”). “Тэнгэрээс бус” нь тэнгэрээс өөр, тэнгэрээс гадуур, тэнгэрээс чөлөөт, тэнгэрээс сул гэх утга тээх ёстой. Энд утга зүй алдаа оршиж байна.

5. “Нас ахиж, сэтгэл зөөлрөөд ирэхийн цагт хүн өөрийнхөө ганц хар толгойг бус ёс жудгийг эрхэмлэн хичээж, хорвоогийн жамаар уул овоондоо хүртэл сүшиглэн залбирч, бишрэх хоргодох юмтай болдог ажээ.” (Б.Догмид, “Нутаг”). Б.Догмид “бус” гэх үгийн утгыг мэдэхгүйн улмаас “биш” үгтэй андууран “Толгойг бус” гээн буруу хэрэглэж байна.

Дээр таван жишээнээс зөвхөн их зохиолч Д.Нацагдорж “бус” гэх үгийг утга төгөлдөр зөв хэрэглэжээ. Бусад нь үгийнхээ утгыг огт мэдэхгүй байна.

Орчин цагын тодотголтой зохиомол хэлэнд үгийн утгыг зохиолчид нь ингэж эвдэж байна. Үүнийг засаж, залахын тулд эх сурвал судлах ёстой. Орчин цагын монгол хэлний нөхдөд ийм боломж үгүй, ийм боловсролд тэд суралцаагүй байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...