Түүх-хэл гэхээр хэдэн түүх-хэлний багш нарын ажил, түүх нь зөв буруу байхаас, хэл нь ариг эвдэрхий байхаас монголчуудын өдөр дутмын амьдралын чанар огт хамаарахгүй гэж өнөөгийн Монголчуудын дотор дийлэнх олонх нь сэтгэж байгаа болов уу.
Үнэхээр бидний өдөр дутмын амьдралын чанар түүх хэлнээс минь шууд хамаарахгүй.
Харин бусдын боол болох уу, эс болох уу гэдэг нь манай түүх хэлнээс шууд хамааралтай. Өнөөгийн Монгол улсын хүн амын дийлэнхи Халх, Ойрд, Буриад овогтонууд мянга мянган жилээр Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голынхоо сав талд оршиж ирэв үү гэдгийг зөвхөн манай түүх хэл батална. Стамбулын турк мэтийн харийн улсын дээдэс манай газар усанд оршиж байгаагүй гэдгийг мануус түүх хэлээрээ л батална. Тийм учир манай Үндсэн хуулийн 13 зүйлээс бүрдэх Бүрэн эрхт байдал нэртэй нэгдүгээр бүлгийн 7-р зүйлд түүх, 8-р зүйлд хэлийг оруулжээ.
Яагаад эрүүл мэнд гэсэн үг Бүрэн эрхт байдал хэсэгт ороогүй байхад түүх хэл гэх ухагдахуун уг хэсэгт оров гэдгийг үндэсний судлаач, мунхаг миний бие ухагч та бүхэндээ тайлбарлахыг хичээе. 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан хүний тоонд миний бие орохгүй. Харин 1992 онд Төв банкны буюу Монгол банкны дүрмийг боловсруулах ажилд миний бие оролцсым. Манай улс түүхэндээ анх удаа Төв банк, арилжааны банк гэх хоёр шатны системтэй болж буй нөхцөлд Төв банканд өөрийн дүрэмтэй болох шаардлага үүсэв. Үүнийг Олон Улсын Валютын Сан мөн зөвлөв. Монгол банкны дүрэм ямар байх ёстой гэдгийг тэр үед төсөөлөх ганц ч хүн банкны системд байсангүй. Монгол банкны ерөнхийлөгчийн хамтаар бид таван ажилтан Америк, Япон болон хэд хэдэн улсын төв банкны дүрмийг англи хэлнээс монгол хэл рүү буулгасны үр дүнд Төв банкны дүрэм ийм байх ёстой гэсэн “араг яс” нь гарав. Үр дүнд нь Монгол банк дүрэмтэй болов. Хожим 1996 онд ТӨВ БАНК /МОНГОЛБАНК/-НЫ ТУХАЙ ХУУЛЬ батлагджээ.
1992 оны Үндсэн хууль боловсруулагдсан цар хүрээ нь Монгол банкны дүрмээс өргөн боловч уг хуулийн “араг яс”-ыг нь босгосон зарчим ижил гэдэгт ман зуун хувь эргэлзэхгүй. Нэг үгээр хэлэхэд эртний түүхтэй, нэгдмэл (унитар) улсын үндсэн хуулийг судалж дараа нь “нутагшуулжээ”. Үндсэн хууль доторх бүлэг, зүйл дэх логик дарааллын зарчим нь жишиг буюу загвар үндсэн хуулиндаа аль хэдийнээ боловсруулагдсан байжээ. Логик сайтай бичигдсэн Үндсэн хууль гэдэг нэг асуудал, Логик сайтай Үндсэн хууль нь улс орны үндсэн эрх ашигт нийцэх эсэх нь огт өөр асуудал гэдэгтэй ухагч та санал нийлэх байхаа.
Монгол улсын Үндсэн хуулиар Монгол улсын бүрэн эрхт байдлын иж бүрдэлд Монгол улсын нэр, нэгдмэл төрийн байгууламж, засгийн бүх эрх мэдлийг эзэмшигч ард түмэн, улсын хилийн халдашгүй дархан байдал, нийтийн болон хувийн өмч, газар (түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг), түүх соёлын дурсгал, монгол хэл, төрөө дээдэлсэн шашин, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, тусгаар тогтнолоо батлан хамгаалах төрийн үүрэг, бүрэн эрхт байдлын бэлгэ (билгэ) тэмдэг, нийслэл Улаанбаатар хот оржээ. Эдгээр арван гуравхан иж бүрдэлээс Монгол улсын Бүрэн эрхт байдал бүрэлдэнэ гэж Үндсэн хуулиндаа Монгол ард түмэн заажээ.
7-р зүйлд Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл,..төрийн хамгаалалтад байна гэж оржээ. Тэгэхээр 7-р зүйлд орсон түүх нь Үндсэн хуулийнхаа логик дарааллаар өмнөх 6 зүйлийг батлах үүрэгтэй. Үүнийг хийцгээе.
1-р зүйлд Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт ... улс мөн гэж оржээ. Монгол гэдэг нэр анх XI зуунд үүсжээ. XIII зуунд үүссэн Их Монгол улс нь зүүн хойноос ирсэн манай Хамаг Монгол овогтны үүсгэсэн төрийн нэр болно. Монгол гэдэг нэр нь ОХУ, БНХАУ, Казакстан улс болон БНТУ огт хамаагүй гэдгийг зөвхөн түүх л батлана. Монгол гэдэг төрийн нэрийг уламжлан өвлөгч нь Монгол улсын иргэд болно. Энэ бүхнийг зөвхөн түүх батлана.
2-р зүйлд Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гэж оржээ. Нэгдмэл төрийн байгууламж гэдэг нь унитар бүтцийг хэлж буй. Монгол улсын хүн амын дийлэнх өнөөгийн халх, ойрд, буриад болон бусад овогтнууд Хүн үндэстэн бөгөөд зан заншил нэг. Манай түүхэнд өнөөгийн Монгол улсын газар усанд зөвхөн унитар буюу төрийн нэгдмэл байгууламж оршжээ. Газар нутаг тэлэгдэхээр төрийн байгууламж нь холбооны хэлбэрт орж байжээ. XIII зууны хувьд Зүчийн Улс, Цагаадайн Улс, Ил хаант улс гэх мэт.
3-р зүйлд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж оржээ. Хүмүүн төрлөхтний түүхэнд ард түмэнд төрийн эрх мэдэл ирж байсан үе эрт дээр үед хором хугацаанд байжээ.
1924 оны Анхдугаар Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд Бүх монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг улсын их хурал ба мөн хурлаар сонгогдсон засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагаваас зохимой гэж оржээ.
Ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэх нь төр барьж буй нэгний эрхэм үйл болохыг 1300 жилийн өмнө бичигдсэн Гол тигэн хадан бичээсэнд Билгэ хаан өгүүлжээ. Ардын нам, Ардчилсан нам гэгч хоёр намын нэрний үндэс ард гэсэн үг болно. Ар гэдэг нь угын дуудлага, эр гэдэг нь үзийн дуудлага, +д олон тоо үүсгэгч болно. Ард гэдэг нь олон тоог агуулах нэр үг болно. Хадан бичээс болон МНТ ард гэдэг үгийг мөн аран гэж дуудна. +н олон тоо үүсгэгч болно.
4-р зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна гэж оржээ. Түүхэн үед манай өвөг дээдсийн төрийн хил нь ихсэж багасаж байсан боловч өнөөгийн хилээс доторх газар ус нь манай өвөг дээдсийн газар ус гэдэг нь түүхэн баримтаар хөдлөшгүй батлагдана.
5-р зүйлд Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Манай түүхэнд жил болгоны 9-р сард төр нь хүн ам болон малынхаа тоо толгойг нэгтгэдэг байжээ. Эрт дээр үед өмч нь овогт хамаарна. Овгын ястан иргэд өмчөө эзэмшдэг байжээ. Овог нь төрдөө татвар, губчуур төлдөг байжээ. Төрийн дээд эрх мэдэл ард түмэнд ирснээр нийтийн болон хувийн өмч үүсэв.
6-р зүйлд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж оржээ. Монгол улсын газар ус буюу Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй сав талдаа Халх, Ойрд, Буриад овогтны дээдэс мянга мянган жилээр эзэн суусаар иржээ. Үүнийг түүх баталж байна. Стамбулын туркууд болон Казахстаны хасагуудын дээдэс манай газар усанд оршоогүй бөгөөд тэдний дээдэс Өтүгэнийх биш Үсүний ууган ард гэдгийг мөн манай түүх баталж байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 7-р зүйлд Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл,..төрийн хамгаалалтад байна гэж орсон нь ийм учиртай.
Өдгөө Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр сайд манай Өтүгэн гал голомт нутгыг Бүгд Найрамдах Турк Улсад барина гэдгээ олон нийтийн хэрэгслээр мэдээлчээд байна. СИЭ ТББ Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд ил захидал илгээж хариугаа одоо хүртэл аваагүй байна.
Азаар Монгол улсын Үндсэн хуулийн 3-р зүйлд Монгол Улсад засгийн бүх эрх Ухнаагийн Хүрэлсүхийн засгийн газрын мэдэлд байна гэж ороогүй Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж оржээ.
Азаар Монгол улсын Үндсэн хуулийн 7-р зүйлд Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газрын хамгаалалтад байна гэж ороогүй Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна гэж оржээ.
Дөрвөн жилээс бага настай У.Хүрэлсүхийн Засгийн газарт мянга мянган жилийн өвөг дээдсийн минь үүх түүхийг урсгал эрх ашгийнхаа төлөө Стамбулын туркад барих эрх байхгүй. Энэхүү нийтлэлийг СИЭ ТББ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ухааруулах гэж бичээгүй, үндсэн хуулиар засгийн бүх эрх мэдлийг эдлэгч ард түмнээ ухааруулах зорилгоор бичиж буй.
СИЭ ТББ-гын үндсэн зорилго нь үндэсний эх сурвалж судлалыг бэхжүүлэх арга замаар үндэснийнхээ ой санамжийг сэрээхэд оршино. СИЭ ТББ Үндэснийнхээ бүрэн эрхт, ангид орших амин чухал үйлийг аль нэгэн улс төрийн нам болон засгийн газрын урсгал эрх ашгаар солиулахгүй. Мөхсөн Үндэстэнд улс төрийн нам, засгийн газар хэрэггүй. Мөхсөн үндэстэнд сэрэмжлүүлэг хэрэггүй шүү.
Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газрын энэхүү мунхаг санааг Монгол улсын Үндсэн хуулийн цэцээр таслуулахаас өөр зам СИЭ ТББ-д үлдсэнгүй.
Манай өнөөгийн өдөр дутмын амьдрал түүх хэлнээс шууд хамаарахгүй ч гэсэн манай маргаашийн өдөр дутмын амьдрал түүх хэлээ хэрхэн хайрласнаас шууд хамаарна. Түүх-хэл гэхээр хэдэн түүх-хэлний багш нарын ажил, түүх нь зөв буруу байхаас, хэл нь ариг эвдэрхий байхаас монголчуудын өдөр дутмын амьдралын чанар огт хамаарахгүй гэж сэтгэх нь Бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолоо алдахын эхний шинж тэмдэг болно. Төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг өвлөгч нь Үндсэн хуулиар Монгол ард түмэн болно. Түүхээ зөв сэрээх, хэлээ ариг байлгах нь зөвхөн үндэсний судлаачдын үүрэг төдийгүй үр хойчсынхоо ирээдүйн төлөө хүчин чармайх монгол улсын иргэн болгоны эрхэм үүрэг мөнөөс мөн.