Ус-Су-Суй
"Ус" гэх үгийн тайлбар
2692 10

Ус энэ үг Хүн хэлний хамгийн эртний үгсийн нэг. Энэ үгний утгыг сэрээхийн тулд орос “река”, “вода”, англи “river”, “water” гэх ухагдахууныг хэрэглэе. Өнөө Үсүнь дэх хасаг хэлээр река, river гэх ухагдахууныг өзен, Бага Ази дахь туркууд nehir гэж өгүүлнэ. Харин вода, water гэх ухагдахууныг хасаг хэлээр су, турк хэлээр su гэнэ.

Хүн үндэстэн монголчууд өөрөөр өгүүлж байна гэж өчих хүмүүс өнөө цөөнгүй байна. Тийм биш гэдгийг баталцгаая.

Юуны өмнө мал аж ахуйтны нэгдмэл Хүн хэл нь хүрэл бий болсон цаг үеэс, Хүн гүрнийг бий болохоос хоёр мянган жилийн өмнө Шар тэнгисээс Каспийн тэнгис хүртэл, Бир голоос (Ганц томоос-өнөөгийн Бай гол) Шар мөрөн хүртэл ийм үлүг газар усанд Буган сүлдэт төрийн үеэс ижилдэн, адилсжээ гээн СИЭ-ны судлаачид тааварлаж байна. Мал аж ахуйтны хэл соёлын төв нь Үсүнь биш, Дунху (Киданы нутаг) биш Өтүгэн (𐰈‏𐱅‏𐰜‏𐰤). Өтүгэн (Хангай) нь хамгийн олон гол горхитой, хамгийн үлэмж малтай, хамгийн арвин хүн амтай мал аж ахуйтны газар ус тул, мөн үе үеийн мал аж ахуйтны төр нь Өтүгэнд оршидог тул Өтүгэн (𐰈‏𐱅‏𐰜‏𐰤) нь мал аж ахуйтны хэл соёлын өлгий юм. Үүнийг хамтаар баталъя.

Ус гэх үгийг хадан бичээсэнд угус 𐰈‏𐰏‏𐰔 ⁚ ‏‏𐰈‏𐰏‏𐰈‏𐰔–үгс, үгүс гэж бичигджээ. Жийргэвч Г-ээг гээхээр үгс нь үс болно. Үс нь үзийн дуудлага ус нь угын дуудлага. Ингээд ус гэх үгний 1400 жилийн тэртээх эх утгыг нь сэрээцгээе. Хадан бичээст 𐰈‏𐰏‏𐰈‏𐰔⁚𐰘‏𐰃‏𐰨‏𐰈‏ Үенч ус (Үенч гол Ховд аймаг), 𐰈‏𐰏‏𐰔‏⁚𐰼‏𐱅‏𐰾‏ Эртэс ус (Иртыш мөрөн) 𐰈‏𐰏‏𐰔 ‏⁚ 𐱃‏𐰞‏𐰆‏𐰖‏ Талуй ус (СиЛяо [Баруун Ляо] мөрөн болов уу. Энэ нэр хожим үүссэн), мөн Сэлэнгэ, Туул, Орхон гэх голын нэрс гарна. Энд водоток, watercourse гэх орос, англи ухагдахууныг, мөн химийн H2O томъёог хэрэглэх шаардлага гарав. Тэгэхээр 1400 жилийн тэртээд Өтүгэнд ус гэж гол, горхи булгыг нэрэлдэг байжээ. Ус нь орсоор водоток, англиар watercourse буюу урсгал (урсгал гэх үгний эх утга урсах биш ч энэ удаа өнөөгийн утгаар нь хэрэглэв) гэх утга болно. Яагаад өнөө Хангайд ус (урсгал) ууна гэж өгүүлж байна? Яагаад суй ууна гээн өгүүлэхгүй байна? Хариулт нь Хүн хэлэнд биш газар усанд оршино. Хангай нутгыг Алтай, Хэнтийтэй харьцуулваас мал орших уулын ам болгон булаг, горьхитой тул, хангайнхан булгын ус, горхины ус, голын ус гэж өгүүлнэ. Хангайд тогтонг хэрэглэхгүй, булаг, горхи, голынхоо усыг хэрэглэнэ. Үсүнь, Үсүний дийлэнх ард нуур, сайр, шанд, худгаас тогтонги су-г хэрэглэнэ. Ялгаа нь хэлэнд биш газар усанд оршино.

Су гэх үгийг эх сурвалжаас олцгооё. Хадан бичээсэнд газар ус гэх ухагдахууныг жир суй 𐰘‏𐰃‏𐰼‏ ‏⁚‏ ‏𐰽‏𐰖‏𐰆‏ гэнэ. 𐰽‏𐰖‏𐰆 сйу гэж бичигдсэн ч суй гээн дуудаж болно. Тэгэхээр Түрэг төрийн ихэнх нутгаар булаг, горхи, гол ховор тул, ихэнхи нутагт худаг, шандны ус хэрэглэдэг тул су буюу суй гэх үгийг нийтлэг хэрэглээнд оруулжээ.

Су буюу суй нь саванд орших H2O болно. Ус нь булаг, горхи, голд орших H2O болно.

Өнөө Өтүгэнийхний сав суулаг (суулга) гэх хос үгний утгыг гаргая. Сав гэх үг Тариатын бичээст 𐰾‏𐰋 - сэб гэж үзийн дуудлагаар оржээ. Мөн Мөнгөн савны ёроолд 𐰾𐰃‏‏𐰋‏ - сиб гээн оржээ. Дээшээ харах амтай, доороо ёроолтой багтаамжийг Хүн хэлэнд сав гэдэг юм байна. Суулаг (суулга) гэх үгэнд морфологийн шинжилгээ хийе. “Су” нь үндэс, нэр үг, тогтонг H2O; “+лаг” нь нэр үгнээс тэмдэг нэр үүсгэгч, лаг нь өөрт буюу дотор байгаа гэх утга илэрхийлнэ. “Сав суулгаа” угаа гэдэг нь дотроо шингэнтэй саваа угаа гэх утга болно. Тэмдэг нэр нь нэр үгийнхээ араас орох нь Монголын нууц товчоонд арвин байна. Хэрэв “сав суутай” угаа гэвэл манай дээдэс су нь саван дотроо гэж билрэхгүй. Үүнээс харахад мануус ус су хоёрыг ялгадаг юм байна. Өнөө суулгах гэж шингэн алдахыг өгүүлнэ. Суулгах гэх үгэнд морфологийн шинжилгээ хийе. Су нь үндэс, нэр үг;+л үйл үг үүсгэгч;+х үйл тодотгол үүсгэгч. Суулгах гэдэг нь шингэнээ алдах гэх утга болно. Орчин цагийн монгол хэлний дүрэм нь зохиомол, манай хэлний зүй тогтолд таарахгүй тул СИЭ зохиомол ангилал хэрэглэхгүй байгаа.

Ингээд су гэдэг нь турк үг, ус гэдэг нь монгол үг гэх буруу ухагдахууныг бид засав. Аль алиныг нь Өтүгэн дэх Хүн үндэстэн хэрэглэсээр байна.

Өнөө зарим нуурын нэрсийг Туркынх гэж мэдэмхийрхэх нөхдийн амыг үүгээр таглая. Хүн хэлэнд “Гол”, “Кол” үлэмж, том гэх тэмдэг нэр. “Гол”, “Кул” нь нуур гэх нэр үг биш. Кул, Гол нь Үсүньд хожим тэмдэг нэрнээс үүсмэл нэр буюу нэр үг болжээ. Монголын нууц товчоонд Бир Кол (Ганц Том) гэж Бай колыг нэрэлжээ. Ганц том нь Бай кол юм бол дэргэд нь орших Хөвсүкүл гэх үгэнд том (күл) гэх үг орох ёсгүй. Яагаад оров? Ингээд Көвсүкүл буюу Көв+сү+күл гэх гурван үгний ижгүрт (иж бүрдэлд) морфологийн шинжилгээ хийе.

Көв нь Диван Лугат толины 3345-д кум-босох, давлах гэж оржээ. Сув кумд[ж]и гэдэг нь сув давалгаалжээ. Хүн хэлэнд “В” “М” зармих тул кум нь көв болно. Өнөө хөвөө нь далай, нуур, голын зах биш давалгаа очдог хэсэг гэх эх утга болж байна. Давалгаа гэх үгний үндэс даваа бөгөөд энэ үгний эх утга өөр тул хожим тайлбарлая. Давалгаа гэх үг хожим гарчээ.

Су нь- 𐰽‏𐰖‏𐰆 нэр үг, тогтонги H2O болно. Тогтонг гэдэг нь аяга, сав, нуур, худаг, шандад орших, үл урсах H2O-г хэлж бүй.

Күл нь 𐰚‏𐰈‏𐰠‏ тэмдэг нэр, юмны томыг заана. Жийргэв Г-г буюу 𐰚 гээхээр үлү 𐰈‏𐰠𐰈‏‏ буюу том гэх тэмдэг нэрийнхэ утгыг хадгална. Үлүмж гэх үг үүнээс үүсэлтэй. Үлүү (илүү) гэх нь том, үлэмж гэх утга агуулна.

Ингээд Көвсүкүл нь өндөр давлах тул манай дээдэс нуурыг нь том гээгүй, хөвөө буюу давалгааг күл гэж нэрэлжээ. Бир колын дэргэд орших уг нуурыг суй кол буйу ус их нуур гээн нэрэлж огт болохгүй. Тэгэхээр көвөө нь буюу давалгаа нь том учир ингэж нэрэлжээ.

Ингээд “вода”, “water” гэх үгсийг хасагууд су, туркууд su гэж зөв дуудаж байна. Өнөө Өтүгэнийхэн саванд орших H2O-г мөн су-суй гэж байна.

Харин “река”, “river” гэх ухагдахууны казакууд өзен буюу үсүн гээн Хүн хэлээр зөв нэрлэжээ. Үсүн үзийн орон нутгын дуудлага, ус нь Өтүгэний дуудлага. Харин Туркууд nehir гэх харь үгийг хаанаас авав гэдгийг тогтооё. Таджик (дорно перс) хэлэнд усыг дарё гэнэ, араб хэлэнд نهر nahr гэжээ. Туркууд نهر nahr гэх үгийг Арабаас авжээ.

Энэхүү нийтлэлийг бичиж суух зуур Хүн үндэстэн өнөөгийн монголчууд бид хүн хэл тээгч нэр юм байна гэдгийг дотроо дээдийн дээдээр мань билрэв. Монголчууд бид Гол, Күл гэх үгээ эх утгаар нь тэмдэг нэрээр нь хадгалж ирэв. Хасагууд үүсмэл утга буюу нэр үгээр хэрэглэж байна. Манай хадан бичээсэнд гарах 𐰚𐰈‏‏𐰠‏𐱅‏𐰃‏𐰏‏𐰔 Күль тигэн гэх үгийг Гол тигэн гээн билэрнэ. Хасгууд нуур тигэн гэж билэрнэ. БНХАУ-ын Шинжааны Жисмсайраас олдсон зоос дээр “Көл билгэ Букук уйгур тэнгри каган” гэж бичсэнийг (уг зоосыг СИЭ судлаагүй тул мануусын хувьд энд бичиж буй зүйл эх сурвалж биш дэд сурвалж болно) Гол уйгур хаан буюу өнөө Чингис хаан нь монгол төрийн гол (том) хаан гэх утгаар билэрнэ. Хасагууд нуур хаан гэж л хэлж чадна. Хасаг, туркууд хүн хэлнийнхээ кодыг (хөрөнгийг) аль хэдийнээ гашилгажээ. Өнөө манай газар ус, су-ийн бүх нэр нь Хүн хэлээр бичигджээ. Өнөө Хөвсгөл гэх нэрэнд үүнээс өөр тайлбар байхгүй болов уу. Хүн хэлэнд олон нуурын томыг нь кол гэнэ, олон усны томыг нь гол гэнэ, олон хаадын томыг нь гол гэнэ, олон хүний томыг нь гол гэнэ. Хүн үндэстэн өнөөгийн монголчууд мянга мянган жилээр Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голынхоо сав газар оршин өнөөг хүрэв. Өнөөгийн Монгол улсын газар усны нэрсийг манай дээдэс манай хүн хэлээр нэрийджээ. Өнөөгийн монголчуудад судлах түүхэн эх сурвалж арвин байна. Харин өнөө бид “судалгааны ядууралд” оршино.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Ухагч
2020-06-11 · 103.80.211.111
Үнэхээр ухаарав. Манай өвөг дээдэс хэл ярианы маш өндөр баялагтай цэгцтэй дэгтэй зөв ярьдаг байжээ. Байгаль нуурын утга нь баян нуур буюу баян гол -> баян том. Тэгвэл түүний дэргэд жижигхэн Хөвсгөл нуур гол буюу том гэх утгыг усны хэмжээний хувьд авах ёсгүй. Яагаад Хөвсгөл нуур гөл (гол) буюу том гэх утга авав. Хөв хөвөө давалгаа нь том болохоор. Яг зөв. Давалгаат ус нь гол том гэсэн утгатай юм байна гэдгийг ухаарлаа. Таньд баярллаа.
Odbayar
2020-06-11 · 107.77.214.152
Za yostoi yumnii uchir tailagdana gej ene dee. Tanid ih bayarlalaa.
монгол хүн
2020-06-11 · 202.126.89.66
бид ер нь хаана явав аа?одоо л нэг зүг чигээ олох бус уу
Золош
2020-06-11 · 66.181.161.33
Хөвсгөл гэж цэвэр ариун ус гэдэг үг гээд тууль судлаачаас сонссон хуучны Монгол хэллэг гэсэн
Дэмжигч
2020-06-11 · 192.82.72.141
Нэг уулын аманд хоёр бар багтахгүй гэдэг шиг хоёр нууранд кол гэх хоёр нэр байх ёсгүй юм байна. Хөвсүгөлд көл гэх нэрийг арга ухаан сэдэж өгсөн байна. Нуурныхаа томоор биш хөвөөнийхөө томоор ийм нэр авжээ.
2020-06-11
Косогол буюу Хос нуур гэж Родословная древних тюрков ном дээр уншсан санагдана
Нямлүнцог
2020-06-13 · 66.181.161.125
Хөв гэж тогтонги усыг зарим нутгийнхан одоо ч нэрлэсээр
Д.Батчунаг
2020-06-20 · 111.239.155.100
Их сонирхолтой гаргалгаа байна шүү. Шинэ ойлголттой болж авлаа. Тогтонги/савтай ус, урсгал ус гэдгийг салгаж ухаарахад чухал юм гэж ойлголоо. Уншиж байхдаа бодсон бодол: - (Босч)Суух гэдэг утгаараа суулгах гэвэл үр суулгах, машинд суулгах гэх мэт хэрэглээ ойлгоход амар. - Нөгөө талаас дээр дурдсан бие эвгүйрхэж суулгах гэдгийг "суйлгах" гэсэн ч болохоор санагдлаа. Судлаачийн тайлбараар шингэн алдах гэсэн утгатай суулгах(суйлгах) гэдэг үгийг илүү тайлбаргүй маш амархан ойлгож чадаж байна. Мөн "сав суулга" гэж юу гэсэн хэлц, яагаад үүссэн бэ гэдгийг ч ойлгож авлаа. Ус/шингэн (савлаж )хадгалж ч болно, (суйлж) урсгаж юүлж ч болдог гал тогооны хэрэгсэл(үүд) юм уу даа.
Д.Батчунаг
2020-06-21 · 133.106.45.233
Эхлээд уншихдаа тогтонги - су, урсгал- ус гэдгийг нь эсрэгээр нь ойлгосон байна. Сав суулга: аль аль нь савтай усаа хэлж байгаа хоршоо үг болох юм байна. Суух гэдэг үгийн үндэс нь су-тай холбоотой болж байна уу даа.
Цэндаюуш
2020-12-18 · 202.9.47.13
Сууж байж (сур харвадаг ) болохоор суулгах гэсэн үг гарсан байх