Эрхэм хүндэт уншигч та бүхэнтэйгээ намрын ээлжит нийтлэлээрээ дахин уулзаж байгаадаа Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-гын хамт олон баяртай байна. Намрын нийтлэлүүдээр уншигч та бүхэнтэйгээ VI-XIII зууны өнөөгийн монголчууд түүн дундаас халхчуудын дээдсийн түүхийг өгүүлсэн түүхэн баримтуудыг эргэн харах болно. Социализмын үед Зөвлөлт Холбоот Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын харилцаа муудсанаас болж дээрх түүхэн үеийн эх сурвалжуудыг судалсангүй өдгөөг хүрлээ. Уг үеийн түүхийг монгол эрдэмтэд зөвлөлтийн багш нарын сургаалиар бичин үлдээсэн нь монголчуудын албан ёсны түүх болов. Монголчуудын албан ёсны түүх нь эх сурвалжуудтай нийцэхгүй буюу хол зөрж байна. Аливаа харийн улстай газар ус, түүхийн маргаан гархад хэн эх сурвалжуудаа зөв тайлбарласан нь хожино. Энэ өдгөө монголчууд ийм чухал эх сурвалжууд байгаа эсэхийг огт мэдэхгүй, мэдэж байгаа нь судлаад билрэхгүй явна. Сэргэлэн Интенашионал Экспедишион нилээд олон түүхийн эх сурвалжуудыг монгол хэлнээ хөрвүүлсэн ч хөрвүүлэх эх сурвалжууд олон үлдэж байна.
Ямар баримтуудыг судлах вэ? Хан үндэстэний үе үеийн төрийн албан бичгүүдэд мал ахуйтан хойд хуншийнхээ (хөршийнхээ) үе үеийн төрийн тухай, өнөөгийн монголчууд түүн дотроо халхуудын дээдсийн тухай өгүүлж буй эх сурвалжуудыг та бүхэндээ дэлгэнэ. Түрг, Уйгур төрүүдийн үед тугайтсан (бүтээж дуусгасан) хадны бичиг доторх чухал баримт, тодорхойлолтуудыг та бүхэнд мөн хүргэнэ. Хадны бичиг цаасан бичиг нийлж байж мануус түүхээ тодорхой хэмжээнд билирч эхэлж буй.
Энэ удаагийн нийтлэлүүдэд түүхэн эх сурвалжуудыг уншигч таньд эхэлж хүргэнэ, дараа нь уг эх сурвалжийн тайлбарыг хүргэнэ.
“Умарт төрийн түүх Түрэг, Тэ лэ” Ли янь-шоу. Энэ бол түүхэн маш чухал эх сурвалж бөгөөд монголын түүхчид, түүх судлаачид заавал судалсан байх ёстой. Хан үндэстний үе үеийн төрийн түүхэн тэмдэглэлүүд нь зөвхөн тэдний дотоод хэрэглээнд зориулагдана бичигдэж байв. Манж Чингийн сүүлээр дэлхий нийтийн хүртээл болсон. Энэ удаа “Умарт төрийн түүх Түрэг Тэ лэ”- г уншигч та бүхэнд хүргэснээр монголчуудад огт байхгүй түүхийн ухагдхуунуудыг билрэх болно. Аливаа улсын түүхчид өөрийн улсын газар ус, түүхийн дархлааг хамгаалах үүрэгтэй. Ингээд эх сурвалжруугаа орцгооё.
“Түрэг хэмээгч дээдэс нь Өрнөд далайн баруунд амьдардаг. Тусгаар аймаг болно. Хүннүгийн өөр угсаа болох магадалтай ажээ. Овог нь Ашина болно. Хойно нь хөрш улстаа дарагдаж тэдний угсаа мөхөв. Нэгэн хөвүүн байв. Есөн настай гэнэ. Цэрэг түүнийг бага хэмээн алсангүй. Гар хөлийг нь цавчин тахир дутуу болгоод хаяв. Нэгэн өлөгчин чоно мах авчран тэжээв. Өсөв. Чонотой нийлэв. Тэгээд хээлтэв. Нөгөө Ван энэ хөвгүүний амьд байгааг сонсоод алуулахаар ахиад хүн явуулав. Түүний хажууд чоно байгааг үзээд бас алсугай хэмээв. Энэ цагт шидэт юм туслав гэнэ. Чоныг баруун далайн зүүнд хүргэн хаяжээ. Гао чан уулсын баруун хойд ууланд унав. Ууланд агуйтай, агуй дотор тэгш бөгөөд өвстэй, үргэлждээ хэдэн зуун ли газар байжээ. Дөрвөн зүгтээ уултай. Чоно түүний дунд нуугдав. Тэгээд арван нуган үр төрүүлэв.”
Тайлбар:
- Өрнөд далай бас баруун далай гэнэ. Хөх нуур (Чин хай - хан хэлээр хөх далай) , Бост нуур (Шинжаангийн Баянгол аймаг) хоёрын аль нэг болно.
- Чоныг чонотой газар нутгийхан дээдэлдэг. Перс, арабууд Арсланг дээдэлдэг байжээ. Энэ тухай дараа өгүүлнэ. Чоныг мал ахуйтны овогууд дээдэлнэ.
“Арван хөвүүн өсөв. Гаднаас эхнэр авав. Тэгээд тэд нь өөр өөрийн овогтой болов. Ашина нь тэдний нэгэн овог болно. Хамгаас мэргэн тул ахлагч болов. Майхныхаа өмнө чонын толгойтой туг босгов. Уг үндсээ мартахгүй гэсэн ажээ. Хэдэн зуун өрх болон өсөв. Хэдэн зуун үе болоод Эсянь гэгч хүн аймаг улсаа дагуулан агуйгаас гарч Ру ру-д албат болов. Да е хугийн үе хүрээд энэхүү отог хүчирхэгжив. Вэй улсын сүүлчээр Или хан гэгч цэрэг аван Тэ лэ-г цохиж дийлээд тэдний таван түм илүү өрхийг буулгаж авав. Тэгээд Ру Ру-гийн вангаас ураг гуйв. А На Гүй ихэд уурлаж элч явуулан хараав. И Ли түүний элчийг алаад олныг дагуулан Ру ру-г дайрч эвдэв. Нас барав. Дүү А И Ке Хан (хаан - Орч) болов. Ахиад Ру ру-г эвдэв. Өвчлөөд нас барав. Хөвгүүн Шэ Тү-г огоорч дүү Ай Шү бээр Мү Гань хаан болов”.
Тайлбар:
- Или хан нь Тү мэнь хаан болно.
- Тэ лэ нь Хүннүгийн хойчис болно. Энэ тухай дараа өгүүлнэ.
- Ру ру нь Жужан болно.
“Түрг уул нь Пин лянгийн эрлийз ху болно. Овог нь Ашина гэдэг. Вэй Тай У хуанди нь Чи чү овогтныг мөхөөхөд Ашина таван зуун өрх дагуулан Ру ру-д одов. Алтан уулын өвөрт суурьшин Ру ру-гийн төмөрчин болов. Алтан уул нь дуулга адил байдаг. Энгийн үгэнд дуулга нь түрг болж нэршив”.
Тайлбар:
- “Пин лянгийн эрлийз ху” гэдгийг докторант Б.Батжаргалаас дахин тодруулахад олон овгууд нийлсэн гээн хөрвүүлэхэн зөв гэсым. Профессор Учралт (Дунд улсын иргэн) олон үндэстэн холилдон нийлсэн гэж ойлгох нь зөв гэсым. Тэгэхээр түрг гэдэг нь нийлж холилдон бий болсон овог болох нь. Энд Перс арабуудтай холилдсон тухай огт өгүүлээгүй болно.
- Вэй Тай У хуанди гэж хэн бэ гээн докторант Б.Батжаргалаас дахин тодруулахад Вэй (220-280 онууд буюу Вэй, Шу, У Гурван төрийн үе гэнэ) улсыг байгуулаад ойчсоны дараа нэхэн өргөмжилсөн цол нь Тай У хуанди. Уг хүний нэр нь Цао Цао болно.
- “Алтан уулын өвөрт суурьшина” гэдэг нь өнөөгийн Ховд аймгийн Булган, Үенч сумын нутгийг хэлж байна.
- “Түрг гэдэг үг дуулга” гэсэн утга агуулжээ гэж бичсэнийг сэргээе. Монголчуудын гутлын түрүү гэдэг нь гутлыг дээд хэсэг гэсэн утга. Толгой түрүү гэдэг нь толгойны түрүү буюу толгойн дээр угалдаг бүх төрлийн бүрх болон малгайны нэр. Түрүү гэж дуулгыг хэлж болно. Жийргэвч Г- тэй дуудлага нь түрүг болно.
“Түрэгийн дээдсийг бас Суо улсаас гаратай гэж хэлдэг. Хүннүгийн хойдод буй. Тэдний аймгийн ихсийг А Бан Бү гэдэг. Ах дүү долуул байв. Тэдний нэгийг И жи ни ши дү-г чоноос төрсөн гэдэг. А Бан Чүэ мэт ухаан мунхаг, улс айг нь мөхөв. И жи ни ши дү нь ер бусын юмнаас шалтагтай болж салхи татан бороо оруулж чадна. Хоёр эхнэр авав. Зуны бурхан, өвлийн бурхны хүүхэн хэмээн өгүүлнэ. Нэг нь жирэмслээд дөрвөн хөвгүүн төрөв. Түүний нэг нь цагаан галуу болж хувилав. Түүний нэг нь А фү шүй, Жянь шүй-гийн хооронд улстай, Чи гу гэж нэрлэнэ. Түүний нэг нь Чү зэ шүй голд улстай, түүний нэг нь Бао сы зэ Шан шань ууланд байдаг. Тэдний ууган хөвгүүн болно. Уулан дээр А Бан Бү-гийн хүмүүс буй. Хүйтэнд ч нүцгэн шахуу, өлсгөлөн амьдардаг. Ууган хөвүүн нь гал гарган бүгдийг дулаацуулж асран туслав. Тэгээд бүгдээр ууган хөвүүнийг эзэн болгон Түрг хэмээсэн нь На дү лю шэ болно. Дү лю арван эхнэртэй, төрсөн хүүхэд бүгдээр эхийнхээ овгийг даган овоглов. А ши на нь хамгийн бага эхнэрийнх нь хөвгүүн болно. Дү лю үхэв. Арван эхнэрийн хөвгүүдээс нэгийг нь ор залгамжлуулна гээд бүгдээрээ том модний доор цуглаж хамтаар хэлэлцэн тогтоосон нь “Мод өөд үсэрнэ. Хамгийн өндөр үсэрсэнээр нь ор залгуулна” гэжээ. А ши на-гаас төрсөн хөвгүүн нас бага, хамгийн өндөр үсэрчээ. Олон хөвгүүн түүнийг өргөж эзэн болгов. А сян шэ гэдэг. Өгүүлж буй энэ яриа нь сонин боловч үнэнхүү чонын үр сад болно”.
Тайлбар:
- Хүннүгийн хойдод буй гэдэг нь Байгаль нуураас хойшхи нутаг. А фү шүй гэдгийг одоогийн Оросын Сибирийн Абакан гол. Түргийн гарал үүслийн тухай хоёр таамаг байна. Нэг нь Хүннүгийн хойд нутгаас гаралтай, нөгөө нь Өрнөд далайгаас гаралтай.
“Түүний хойнохыг Тү мэнь гэдэг. Аймаг улс нь баахан хүчирхэг болмогц хилд хүрч торго дурдан авдаг байв. Хятадтай наймаа хийх дуртай байлаа. Баруун Вэй улсын Да тун-гийн арван нэгэн он (НТ545 он). Жо Вэн ди хаанаас Жю чуань-ий ху хүн Ань нуо пан туо-г Түргт элчлүүлэв. Тэдний улс баярлалдан өөр хоорондоо “Их улсын элч ирэв. Манай улс мандах болно” гэцгээнэ. Арван хоёр он (НТ 546 он). Түмэн элч явуулан орон нутгийн бэлэг юм өргөв. Тэр үе Тэ лэ нь Ру ру-г дайлах гэж байв. Түмэн аймаг улсаа дагуулан дайлж Тэ лэ-г ихээр эвдэв. Тэдний түм илүү өрхийг буулгаж авав.
Хүчиндээ эрдэж Ру ру-гийн вангаас ураг гуйв. А На Гүй ихэд хилэгнэж элч явуулан “Чи миний төмрийн боол, юу гэж зүрхлэв” гэж гутаан хараав. Түмэн бас уурлан элчийг алж тэдэнтэй холбоогоо тасалж, Вэй-гээс ураг гуйв. Жоу Вэнь-ди хаан зөвшөөрөв. Арван долоон оны зургаан сар, Вэй-гийн Чан-лэ гүнжтэй гэрлүүлэв. Тэр он Вэй Вэнь-ли хаан нас барав. Түмэн элч явуулан гашуудал мэдүүлэв. Хоёр зуу өнгөрүү адуу бэлэглэв. Фэй ди-гийн анхдугаар оны (НТ 552 он) цагаан сар, Түмэн цэрэг гарган Ру ру-г цохиж Хуай хуан-гийн хойдод ялав. А На Гүй амиа хорлов. Түүний хөвгүүн Ань Луочэн нь Чи улсад оргов. Үлдсэн ард нь А На Гүй-гийн авга ах Жэн шү зи-г хан болгов. Түмэн тэгээд өөрийгөө И ли кэ хан гэв. Эртний шаньюй лүгээ адил гэсэн утгатай үг буй. Эхнэрээ Кэ хэ тун гэв. Эртний янжи лугаа адил гэсэн үг буюу. Тэгээд Чи лүгээ элчлэн явалцдаг байв”.
Тайлбар:
Тү мэнь (Түмэн) Алтан (Алтай) уулын өвөрт суурьшиж байжээ. Уг нутаг нь мал ахуйд Өтүгэн нутагтай харьцуулашгүй муу. Хүн ам бага. Гэвч Их айл нутаг буюу Өтүгэн нутаг их хагаралтай байсан тул эхэлч Тэлэ-г дараа нь Ру ру-г (Жужаныг) цохижээ. Түмэнгээс анх Түрг төр үүсжээ.
Түмэн Ру ру-гийн (Жужааны) А На Гүй хаанаас ураг гуйгаад дийлээгүй учир Баруун Вэй улсын Вэнь-ди хаанаас (НТ 535-551 он) ураг авчээ.
Уншигч таньд хадны бичгээс сэргээсэн хоёр нээлтийг яг энэ цаг мөчид хүргэсэн нь зөв гэж үзэв. Эдгээр хоёр тодорхойлолтыг уншигч та билирснээр дараа дараагийн түүхэн эх сурвалжуудыг илүү гүн ойлгох болно. Уг хоёр тодорхойлолтыг тайлбарласны дараа түүхэн эх сурвалжаа үргэлжлүүлэн тайлбарлах болно.
Бодн . Төр.
Бодн-𐰉𐰆𐰑𐰣 энэ үгийг “хүмүүс” гээн В.Томсон, В.Радлов, С.Е. Малов нар буулгажээ. Бодн гэдэг үгийг обогдон (обогтон) гэж төв халхууд уншиж болно. Уг хүннү бичгийн зүй тогтолоор үгний эхний гийгүүлэгч урдаа эгшиггүй бичигдсэн ч урдаа эгшигтэй уншигдаж болно. Энэ тухай дараа дэлгэрэнгүй тайлбар хүргэнэ. Харин бодон обогдон гэсэн хоёр дуудлага зэрэг оршиж байжээ. Өнөөдөр халхууд сүүг сүү гээн аялахад, Өөлдүү үс гээн аялна. Хадны бичигт 𐰚𐰃𐰾𐰃 ихэс гэсэн энэ үгийг Диван Лугатад киси гээн дууджээ. Богд эзэн гэдэг нь обогд эзэн гэсэн үг болно. Богд хаан гэдэг нь обогд хаан гэсэн утга болно. Диван Лугатад “бодон” болон “бузун” гэдэг үгсийг ард түмэн, хүмүүс гэсэн утгаар тэмдэглэжээ. Диван Лугат 1077 онд дууссан бүтээл ба тэр үеийн туркууд буюу хуучны баруун туркууд лалын шашин аван, персүүдтэй ураг болон овгын ёсоо ихээр гээчээд байсан үе болно. Овог үгүй болхоор үндэстэн бий болдог зүй тогтол туркуудээс ажиглагдаж байна.
Төр энэ үг хадны бичигт
“Түмэн үхэв. Хөвгүүн Кэ Луо ор залгамжлав. Кэ Ло-гийн цол нь И ши жи кэ хан болно. Жэн шү жи-г Вуо е-гийн хойд Лан шань ууланд алав. Үхэхээсээ өмнө хөвгүүн Шэ тү –г огоорч дүү Ай жин-г кэ хан болгов. Му гань кэ хан гэдэг”.
“Ай жин-гийн өөр нэгэн нэр нь Ян дү. Дүрс байдал сонин жигтэй, нүүр нь тохой өргөн, арьс нь хэтэрхий улаан, нүд нь шир мэт, цөстэй бөгөөд ухаалаг, дайн байлдаанд гарамгай байв. Цэрэг дагуулан Жэн шү зи-г дайлж эвджээ. Жэн ши зи нь цэргээ дуусгаад Баруун Вэй улс уруу одов. Ай жин бас барууншаа Янь да-г эвдэж зүүншээ Хятаныг хөөж хойшоо Чи гу-г нэгтгэн хилийн гадна улсыг номхтгов. Тэдний нутаг нь өрнөөшөө Ляо хай-гийн баруунаас эхлэн Баруун далайд хүрнэ. Түмэн ли газар. Өмнөөшөө элсэн цөлийн хойдоос хойд далайд хүрнэ. Таван зургаан мянган ли газар. Бүгд харьяат болой. Хятадтай эсэргүүцэлдэн хойно Вэй Тай чи-г дайлж Бин жоу-д хүрчээ.
Тайлбар:
- Ли Янь-Шоу анх удаа VI зуунд амьдарж байсан түрг хааны зүс царайг зураглажээ: “Дүрс байдал сонин жигтэй, нүүр нь тохой өргөн, арьс нь хэтэрхий улаан, нүд нь шир мэт, цөстэй бөгөөд ухаалаг, дайн байлдаанд гарамагай...”. Энд өнөөгийн монгол хүний нүүр царайг өгүүлж байна. Энд ямар ч Перс Арабуудтай холилдсон шинж алга.
- Ли Янь-Шоу Түрг Чи Луохоу хааныг ингэж дүрсэлжээ: “ …царай урт, нуруу бөгтөр, нүд хөмсөг цэвэр тунгалаг, цөстэй бөгөөд ухаалаг хүн байв” . Хан үндэстний үе үеийн төрийн бичигт баруун орон болох Перс Араб хүмүүсийн гадна төрхийг нүд, үсний өнгөөр нь маш тодорхой тэмдэглэсэн байдаг. Перс, Арабын тухай өгүүлэл хүргэхээр уншигч таньд маш тодорхой болно. Энд ямар ч Перс Арабуудтай холилдсон шинж алга.
- Янь да нь өөрсдийгээ Хүннү гэдэг. Тиймээс тэдниыг Хүннү гэх буюу Цагаан Хүннү гэж нэрлэдэг. Анх Монголын өндөрлөгөөс гаралтай нүүдэлчин байв.
“Заншил нь: сул хаясан гэзэгтэй, солгой зүүн энгэртэй, жолом эсгий майханд суудаг, ус бэлчээр даган нүүнэ. Мал хариулах, ан агнаж харвахыг адал (ажил) болгоно. Мах идэж айраг ууж арьсан дах өмсөнө. Хөгшнийг хөнгөвчилж залуусыг хүндэлнэ. Бэлэвсэрхийг ичгүүрт үзнэ. Ёс журам үгүй нь эртний Хүннү лугаа адил. Түүний эзэн анх ор суух үед ойр дотно хүмүүс болон түшмэд нь түүний тэргэн дээр суулган эсгийгээр бүтээж нар даган есөн удаа тойрно. Тойрох болгондоо түшмэд нь мөргөнө. Мөргөж дуусахад түшиж морьдуулан бөс торгоор хүзүүг нь бооно. Үхүүлэхгүй амьсгалтай байлгаж байгаад султгаж “Чи хэдэн жил кэ хан суух вэ” гэж асууна. Эзэн нь ухаан төөрснөөс хэдэн жил хаан суухаа хэлж үл чадна. Түшмэл мэт нь түүний үгээр хэдийчинээ ор суухыг нь шалгана. Том ноёнд нь е ху, зи шэ, зи ху, зи тэ чэнь, зай ай чинь, за ай жин ли фа, зи түн дүнь фа болон бусад бага ноёд буй. Нийт хорин найман зэрэглэл буй. Цугаар удам залгасан болно. Цэргийн зэвсэгт эвэрт нум, дуут сум, хуяг дуулга, хутга сэлэм, зүүлт чимэглэлд нь ахар хутга буй. Туг далбаан дээр нь алтадсан чонын толгой буй. Шадар дайчдыг фү ли гэнэ. Хятадаар бол чоно гэсэн үг болно. Чоноос үүссэн учир угаа мартахгүй гэсэн байжээ. Онож харвахад сайн, ааш догшин хэрцгий, үсэг бичиг үгүй, цэрэг татах буюу татвар авах, мал сүргийг мод сийлэн тоолно. Нэг алтан сумтай нийлүүлэн лаагаар тамгалан битүүмжилж итгэмжтэй болгоно. Сар дүүрхийг ажиглана. Дээрэм тоноо хийнэ. Тэдний эрүүгийн шийтгэл нь: уравсан, хүн алсан болон бусдын эмийг хүчирхийлсэн, адуу хулгайлсныг бүгдийг нь ална. Садарлаваас бэлгийг нь хэрчиж, ууцыг нь хугална. Бусдын охиныг хүчирхийлсэн хүнд болвоос эд хөрөнгөөр торгож охиныг эхнэр болгож авна. Зодоон хийж хүнийг шархдуулбал хүнд хөнгөнөөр нь хөрөнгөөр торгоно. Нүдийн нь шархдуулбал охиноороо төлнө. Охин үгүй болвоос эхнэрийн эд хөрөнгөөр төлнө. Үе мөч хугалсан бол адуугаар төлнө. Үхвэл эсгий гэрт цогцсийг нь байлгана. Үр хүүхэд болон төрөл төрөгсөд, эр эм нь хонь адуу гаргаж эсгий гэрийн өмнө дэлгэж тахилга үйлдэнэ. Эсгий гэрийг эргэн долоон удаа давхина. Эсгий гэрийн хаалганы өмнө уйлж нүүрээ хутгаар зүсэж цус нулимсаа зэргээр урсгана. Ингэж долоон удаа үйлдээд зогсоно. Өдөр сонгон талийгаачийн унаа морь, эдэлж байсан эд юмсыг цогцостой хамт шатаана. Чандрууг нь хурааж аван цагийг хүлээж байгаад булна. Намар, өвөл нас барсаныг өвс мод урган хөхрөн дэлгэрхийг хүлээж байгаад газарт нүх ухан оршуулна. Оршуулгын тэр өдөр нь төрөл төрөгсөд тахилга үйлдэх бөгөөд морь уралдуулан нүүрээ зүсэх нь урьдах гашуудал хийх лугаа адил. Газрын хөрсөн дээр булш овоолон гаргаж байшин барьж дунд нь талийгаачийн дүрсийг зурж мөн түүний амьддаа байлдаж байсанг нь харуулна. Нэг хүн алсан бол нэг чулуу босгоно. Зарим нь мянга, зуун чулуу босгох нь бий. Тахилганд хэрэглэсэн хонь адууны толгойг бүгдийг нь шонд өлгөнө. Энэ өдөр нь эр эм бүгдээр сайхан хувцаслаж оршуулгын газарт хурна. Эрэгтэй нь нэгэн эмэгтэйд дурласан бол харьсныхаа дараа хүн явуулан бэлэг барьж гуйна. Эцэг эх нь ихэнхдээ зөвшөөрдөг. Эцэг, ах, авга, авга ах нь нас барсан хөвүүн, дүү болон ач нь хойд эх, авга эх, бэргэн авна. Ахлагч ихэс (дээдс) нь авч болохгүй. Нүүж суух нь тогтворгүй боловч өөр өөрийн хувиар газартай, кэ хан нь Юй дү жин ууланд байнга байна. Эсгий гэрээ зүүн зүг харуулна. Наран ургах зүгийг хүндэлж байгаа шиг байна. Кэ хан нь жил болгон ихсээ дагуулан одож дээдсийнхээ агуйг тахина. Бас таван сарын дундуур бусад хүмүүсийг цуглуулан тэнгэр сахиусаа тахина. Юу дү жин уулнаас баруун тийш таван зуу ли газарт өндөр уулын дээр өвс модгүйг Буо дэн нин ли гэнэ. Хятадын үгээр газрын савдаг болой. Тэдний үсэг бичиг нь ху лугаа адилавтар. Он тооллыг мэдэхгүй өвс ногоорхоор тэмдэглэнэ. Эрэгтэйчүүд нь чү пү-д дуртай. Эмэгтэйчүүд нь тэвэг өшиглөдөг. Адууны айраг ууж согтоно. Хоорондоо дуу дуулан баярлацгаана. Чөтгөр сахиусыг хүндэлнэ. Бөө удганд итгэнэ. Байлдаж үхэхийг бах болгоно. Өвчилж үхэхийг ой гутна. Зан заншил нь хүннүтэй ихэнхдээ адил”.
Тайлбар:
- “Хөгшнийг хөнгөвчилж залуусыг хүндэлнэ”. Энэ үйл нь Хүннүтэйгээ адил.
- “Нүүж суух нь тогтворгүй боловч өөр өөрийн хувиар газартай, кэ хан нь Юй дү жин ууланд байнга байна. Эсгий гэрээ зүүн зүг харуулна. Наран ургах зүгийг хүндэлж байгаа шиг байна”. Энэ үйл нь Хүннүтэйгээ адил.
- “Бас таван сарын дундуур бусад хүмүүсийг цуглуулан тэнгэр сахиусаа тахина”. Хүннүгийн Лүнгийн тахилга таван сард болдог байсан. Таван сар гэдэг нь Цагаан сарын дараах таван сар буюу өнөөгийн Монголчуудын Наадамын үе болно.
- “Эцэг, ах, авга, авга ах нь нас барсан хөвүүн, дүү болон ач нь хойд эх, авга эх, бэргэн авна. Ахлагч ихэс (дээдс) нь авч болохгүй”. Энэ ёс Хүннүгийн үед байсан, Их монгол улсын үед ч байв.
- “Эсгий гэрийн хаалганы өмнө уйлж нүүрээ хутгаар зүсэж цус нулимсаа зэргээр урсгана”. Зүсэх үү эсгэх үү? Культегины (Гол тэгиний) хадны бичигт уйл -үйл үгийг LGoY уйгл гээн бичжээ. Уг үгийг жийргэвч Г –г аван уншихаар уйл болно. Харин зүс гэсэн үйл үгийн оронд эсэг Gis гэж оржээ. Тэгэхээр нүүрийг зүсэх биш эсгэдэг байжээ. Нүүрээ зүсхэн буруу харин эсгэх нь зөв гэсэн мэдлэг Б.Батжаргал мань хоёрт уг номыг хөрвүүлж байх тэр үед эс байсым.
- Бичиг үсгийн хувьд зөрчилтэй зүйл гаржээ. “…үсэг бичиг үгүй, цэрэг татах буюу татвар авах, мал сүргийг мод сийлэн тоолно” гэжээ. Бас “Тэдний үсэг бичиг нь ху лугаа адилавтар” гэжээ. Бичиг үсэг зөвхөн Түрг төрийн үед биш Хүннү төрийн үед байжээ гэсэн утга. Түрг төр бичиг үсэгтэй байсны нотолгоо нь Билгэ хааны болон бусад хадны бичгүүд болно. Энгийн иргэд бичиг үсэггүй байж болох. Тиймд тэд тоологонд модон дээр зуу зуугаар сийлэн кодолж дараа нь нэгтгэдэг байж болох юм.
- “…кэ хан нь Юй дү жин ууланд байнга байна”. Юй дү жин уул нь Өтүгэн уул буюу Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Хотонд сумуудын голд буй уулыг хэлнэ.
- “Зан заншил нь хүннүтэй ихэнхдээ адил”. Түрг овогтны илийн (улсын) төр шинэ төр, тэд урьд бусдын Төмрийн боол байснаас ингэж мандаж үзээгүй. Яагаад тэдний байгуулсан төрийн зан заншил хүннүтэй ихэнхдээ адил байсан бэ? Хариулт маш энгийн. Орхон, Сэлэнгэ, Туул голдоо үеийн үед амьдарч байсан хамгийн их хүн амтай Хүннүгийн шууд хойчис Тэ лэ нар түрг төрт дотор орсон учир Хүннүгийн заншил давамгайлжээ. Түргийн дээдс өөрсдөө Модон шанүйгийн албад байжээ. Модон шанүйгийн үеийн овог аймгийн нэрс солигдсон ч Түрг төрийн үед хүмүүс нь хэвээрэй байжээ. Малгай солигдсон ч толгой үл солигджээ. Түрү солигдсон ч үл толгой солигджээ.