Билгэ Тооныукукын билгэ ухаан
Цуврал 6.
1327 1

Билгэ Тооныукук хадан бичээст Буйла багатар хантай нэгдэж Түрэг төрийг дахин үүсгэсэн Тооныукук өнөө Монгол төрд, хүн үндэстэн монголчуудад хэзээ ч хуучиршгүй төрийн ухааныг, төрийн “хар” хүний ёсыг бичин үлдээжээ.

Билгэ Тооныукук 700 хүн ахлах шад цолтой Буйла багатарыг “та хаан бол” гэж цочоосонгүй, “хаан буух (байх) сайн” холч ухааныг бүгдэд нь хүргэж чаджээ.

Хуучин Тан төрийн бичигт Сир Түрэг овогтон Буйла багатар нь цуглуулсан 5000 хүнтэй, хадан бичээсд бичигдсэн тэдний хүнсний хэрэглээг, газрын нэр нь Хар гом (хар хөрс), Үтүгэнд яаж хүрсэн замыг нь судлахад тэд Баянхонгор, Говь-Алтай нутгаар орогнон байжээ. Орхон, Туул, Сэлэнгэ нутгаар орших, хүн амаар тэднээс зуу дахин илүү, тэдэнтэй харьцуулашгүй баян чинээлэг Есөн Угс аймгийнханы дэргэд сул дорой Сир овогтон хаан буулгана гэдэг нь орших эс орших эрсдэл дагуулах үйл байжээ.

Тооныукук бэлчээрийн мал ахуйтны ухаанаар “туранхайг бух болгох, сэмжийг бух болгох алсад (цаг хугацааны алсад) ухаарахаар туранхай бух, сэмж бух дүйнэ” гэж бусдыгаа сэхээрүүлжээ. Туранхай нь туранхай байнга байхгүй, сэмж (тарган) нь сэмж байнга байхгүй гэх сэхээрлийг тэр хүргэжээ.

Дараагын алдарт өгүүлбэр нь “Билгэ Тооныукук Буйла багатар хан нэгдэж Илтэрс (Их улс цуглуулагч) хаан болун өмнийн Табгачиг, дорнын Киданыг, умрын Угзыг, угсааг үгүй хийжээ”.

Билгэ Тооныукук Буйла багатарыгаа Их хаан болгов гэж хүүрнэл бичихийн оронд Үтүгэн дэх мал аж ахуйтан ард түмний Тан төрөөс ангид Их улс, их хаантай болох мөрөөдлийг Илтэрс (Их улс цуглуулагч) их хаан болун гэж бичжээ. Билгэ Тооныукук Хүн үндэстэн төрөө алдсан үедээ юунд зорьж, ямар хүсэл мөрөөдөлтэй байсныг, яаж хүсэл зорилгодоо хүрдгийг хадан дээр тайлбарлан тунхаглажээ.

Үүнийг харь судлаачид билэрч чадаагүйн улмаас уг өгүүлбэрийг буруу тайлбарлажээ. Хүн хэлийг мэдэхийн тулд заавал хүн хэлний өгүүлбэр зүйг мэдэх ёстой. Хэлний систем өгүүлбэр зүйдээ оршино. Аливаа хэлний өгүүлбэр зүйг мэдэхгүй, зөвхөн үг таних нэгэн тухайн хэлний суурь мэдлэггүй нэгэнд тооцогдоно. Ийм гадаад дотоодын хүмүүс эртний бичиг тайлж үл чадна.

Энэхүү алдарт өгүүлбэрийг СИЭ-ний судлаачид та бүхэндээ одоо тайлбарлая.

Хүн үсэг:

𐰋‏𐰃‏𐰠‏𐰏‏𐰀‏⁚‏𐱃‏𐰆‏𐰪‏𐰸‏𐰸‏⁚‏𐰉‏𐰆‏𐰖‏𐰞‏𐰀‏𐰉‏𐰍‏𐰀‏𐱃‏𐰺‏𐰴‏𐰣‏⁚‏𐰋‏𐰃‏𐰼‏𐰠‏𐰀‏⁚‏𐰃‏𐰠‏𐱅‏𐰼‏𐰾‏𐰴‏𐰍‏𐰣‏⁚‏𐰉‏𐰆‏𐰞‏𐰖‏𐰣‏⁚‏𐰈‏𐰭‏𐰼‏𐰀‏𐰴‏𐰃‏𐱃‏𐰪‏𐰍‏⁚‏𐰖‏𐰃‏𐰺‏𐰖‏𐰀‏𐰆‏𐰍‏𐰔‏𐰍‏⁚‏𐰈‏𐰚‏𐰾‏𐰜‏⁚‏𐰈‏𐰠‏𐰼‏𐱅‏𐰃‏𐰋‏𐰼‏𐰘‏𐰀‏⁚‏𐱃‏𐰉‏𐰍‏𐰲‏𐰍‏⁚‏

Үсэг шилжилт:

билгэ : тоныуқуқ : буйалабгатрқн : бирлэ : илтрсқһн болйан : брйэ : тбгчг : үңрэкитныг : йирйаугзг : үгск : үлрти

Бичиг шилжилт:

Билгэ Тооны укук, Буйла багатар хан бирлэ Илтэрс каган болайн бэрэй (өмнө) Табгачиг, өнгрэ (дорно) Китаныг, йирай (умар) Угзыг үгсиг үл эрти.

Өгүүлбэрт орших 19 үгсийг эхэлж тайлбарлая. Дараа нь тайлбарласан үг бүрийг Үтүгэн дэх монгол, Үсүни дэх казак, Анатоли дэх турк ард түмний үгийн санд байгаа эсэхийг тодруулна.

1. Билгэ - нэр үг, бил үйл үг, үндэс, Диван Лугат толины 3330-д бил – мэд, ойлго, ухаар; +гэ нэр үг үүсгэгч. Я.Цэвэл билиг-оюун ухаан төрөлхийн гарамгай, авьяас; оюун билиг, ухаан билиг төгс; Алтан дэвтэрт Чарахай лингхуйин көүн Сэнггүм билгэ; кээли мину билижү гэж оржээ. Билгэ нь оюуны өндөр чадвар. Билгэ гэх үг хасаг хэлээр білу, Истамбулын турк хэлээр bilge. Билгэ гэх ухагдахууныг монгол, хасаг, истамбулын турк ард түмэн ижил утгаар хэрэглэж байна.

2. Тооны - харьяалах тя; тоо нэр үг, үндэс, математикийн үндсэн ухагдахуун, юмыг дугаарлах, тоолох үйлд хэрэглэнэ; +ны харьяалах тя. “Тоо” гэх үндэс хасаг хэлээр “саны”, Истамбулын турк хэлээр “sayı”. Тоо гэх үг казак, истамбулын турк ард түмний үгийн санд алга.

3. Укук нэр үг; ук үндэс, үйл үг, Диван Лугат толины 952-т ук-юмны учрыг олох, ойлгох; ухаан гэх үгийн үндэс ух; +ук нэр үг үүсгэгч. Укук гэдэг нь ухаан. Тооны укук нь тооны ухаан болно. Ук гэх үйл үг нь хасаг хэлээр бөлшектелуі, түсіну; Истамбулын турк хэлээр anlamak. Укук, ухаан гэх ухагдахуун казак, истамбулын турк ард түмний үгийн санд алга.

4. Буйла – оногдмол нэр; буйл нэр үг, тэмээний хамарт хийж бурантаг уях хорин сантиметр хэрийн урт шор мод. Алтан буйл, мөнгөн буйл гээн өгүүлнэ. Энд шүдний буйл гэх ухагдахуун ороогүй болов уу.

5. Багатар нэр үг, албан тушаал, овгын ахлагч, төв аялгаар баатар, Алтан дэвтэрт Ийсүгэй баатур гэж оржээ. Баатар гэх ухагдахуун казак хэлэнд батыр, Истамбулын турк хэлэнд энэ ухагдахуун үгүй.

6. Хан нэр үг, бага хаан, Алтан дэвтэр-т Тоорил кан гэж гарна; Энэ үгийг зөвхөн хүн үндэстэн монголчууд хэрэглэнэ.

7. Бирлэ үйлт нэр; бир нэр үг, хүн тоо, кидан тоогоор нэг, хүн үндэстэн монголчууд “бүр” гэх утгаар өнөө хэрэглэж байна; +л үйл үг үүгэгч, нэглэ (нийл) буюу хамтар гэх ухагдахуун;+э нэр үг үүсгэгч, Диван Лугат толины 2480-д бирлэ-хамт түүнтэй, р үсгийг гээж билээ гэж бичдэг хэмээн бичжээ; бирлэ нь өнөө хамт гэх утга болно. Энэ үг монгол хэлэнд нэгдэж, хамт; казак хэлэнд бірге; истамбулын турк хэлэнд birlikte.

8. Илтэрс – өргөмжлөл цол; Ил их улс, Гүег хааны тамган дээр “улс” гэж ороогүй “ил” гэж төрийн хэллэгээр оржээ; тэр-үйл үг, Диван Лугат толины 5540-д тир – хураах, хамтатгах бүтэн болгох; +с нэр үг үүсгэгч. Илтэрс нь Ил хураагч, Ил бүтэн болгогч; дэрсхэн өслөө нь хамт (нэг доор) өслөө. Ил энэ үг монгол хэлэнд, казак хэлэнд, истамбулын турк хэлэнд байна.

9. Каган - нэр үг, төв аялгаар хаан, төрийн тэргүүн, энэ үг Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид каган гэж оржээ. Казак хэлээр Қаған, энэ үг Истамбулын турк ард түмний үгийн санд алга.

10. Болайн - бодит хугацаат явц; бол үйл үг, үндэс; нэг зүйлээс нөгөө зүйл болж хувирах, нэг шинжээс нөгөө шинж рүү хувирах үйл; +айн бодит хугацаат явц. Болайн гэх үг Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид дорно умарын аялгаар “болун”гэж оржээ. Энэ үг казак хэлний үгийн санд байна, турк хэлний үгийн санд үгүй.

11. Бэрэй - нэр үг; харьяалах тя; бэр нэр үг, “өмнө” зүг; +эй харьяалах тийн ялгал, өмнийн гэх утга; +эй нь Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “Би Тэмүжинүэй буй” гэж оржээ. “Бэр” нь монгол хэлэнд “өмнө”, казак хэлэнд “оңтүстік”, истамбулын турк хэлэнд “Güney”. Бэрэй гэх үгний “бэр” үндэс өнөө баруун гэх үгийн үндэс болон хүн хэлэндээ үлджээ.

12. Табгачиг – оногдмол нэр, Табгач, Тан төрийг хэлнэ; +г заах тя.

13. Өнгрэ – нэр үг, “дорно” зүг. “Өнгрэ” нь монгол хэлэнд дорно, казак хэлэнд “шығыс”, истамбулын турк хэлэнд “Doğu” гэж оржээ. Энэ үг Үтүгэн дэх монгол, Үсүни дэх казак, Анатоли дэх турк хүмүүсийн үгийн санд өнөө үгүй байна.

14. Китаныг – оногдмол нэр, заах тя, Китан нь төрийн нэр; +г заах тийн ялгал.

15. Йирай – нэр үг; йир “умар” зүг; +ай харьяалах тийн ялгал . Йирай энэ үг Үтүгэн дэх монгол, Үсүни дэх казак, Анатоли дэх турк хүмүүсийн үгийн санд өнөө үгүй байна.

16. Угзыг – оногдмол нэр, заах тя, Угз нь төв аялгаар Угс, аймгийн нэр; +г заах тя.

17. Үгсиг – нэр үг, заах тя; үгс, үзийн дуудлага, уксаа угын дуудлага, Диван Лугат толины 186-д угуш-угсаа; +г заах тя. Энэ үг Үтүгэн дэх монгол хэлэнд байна.

18. Үл - үгүйсгэл үг, үйл үгийн урд орно. Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “үлү болқу”, “үлү үжэкү” гээн үгүйсгэлээр оржээ.

19. Эрти үйл үг, хуучин цаг, III бие; эр үйл үг, үндэс, угын дуудлага нь ар, бай, байх, Диван Лугат толины 937-д ар – бай, байх; +ти хуучин цаг. Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “Идэкүй идээн үгэй арун” гэх хэсэгт “арун” гэж бодит хугацаат явцаар оржээ. Эрти гэх үйл үгийг хүн үндэстэн монголчууд үлгэр эхлүүлэхдээ “эрти урьдын цагт” гээн III биед орших үйлийг өгүүлнэ. Эр, ар үйл үндэс казак, турк ард түмний үгийн санд алга.

Монгол, казак, истамбулын турк ард түмний үгийн санд дээрх 19 үгсийн хэдэн хувь нь оршиж буйг тогтооё.

Уг өгүүлбэрт орших зүг заах бэрэй, өнгрэ, йирай гурван үгс Үтүгэн дэх монгол, Үсүни дэх казак, Анатоли дэх турк ард түмний үгийн санд өнөө үгүй тул, мөн Буйла, Илтэрс, Табгач, Китан, Угз гэх таван оногдмол нэр нь аль ч хэлээр ижил дуудагдах тул эдгээр 8 үгсийг тооллого хялбарчлах үүднээс 19 үгсээсээ хасах нь зөв болов уу. Ингээд уг өгүүлбэрт орших 11 үгийг 100 хувь гээн тооцон хэл бүрээр нь ангилъя.

  1. билгэ - монгол, казак, турк.
  2. Тооны - монгол.
  3. Укук - монгол
  4. Багатар - монгол, казак.
  5. Хан - монгол
  6. Бирлэ - казак, турк, (Үтүгэнийхэн XIII зуунаас төрөө дагаад кидан тоо хэрэглэх болжээ)
  7. Каган - монгол, казак.
  8. болайн - монгол, казак.
  9. үгсиг – монгол.
  10. үл - монгол.
  11. Эрти – монгол.

Нийт 11 үгсээс Үтүгэн дэх монголчуудын үгийн санд 10 үг буюу 90 хувь нь, Үсүни дэх казак хэлэнд 5 үг буюу 45 хувь нь, Анатоли дэх турк хэлэнд 2 үг буюу 18 хувь нь оршиж байна. Яг ингэж СИЭ-ны судлаачид хүн үсэгт хадан бичээсийг үг бүрээр нь задлан ангилж байна.

Тайлбар: “Үл” үйл үндсээс бүтэх казак хэлний “өлтіру”, турк хэлний “ölen” гэх үгс манай Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид гарах “үлүткэжү”, “үлүтгэпэй”, “үлүтгэн”, “үлүтгүн”, “үлүтэлэ”, “үлитгэпэ” үгийн “үл” үйл үндэстэй ижил “үгүй хийх” гэх утга тээнэ. Харин үйл үгийн түрүүнд орох “үл”, “эс” гэх үгүйсгэл үгс зөвхөн Үтүгэн аялганд оршино. Иймээс монгол ард түмний үгийн санд тооцон оруулав. Хүн үсэгт хадан бичээст орох үгүйсгэл үгийн судалгаагаа СИЭ та бүхэндээ хүргэнэ.

Одоо Буйла багатар хан, Билгэ Тооныукук хоёрын бие болгосон Илтэрс (Ил хураагч) хаан нь Буйла багатар хан байсныг хүн хэлний үйлийн явц, цаг тээгч үйл үгээр СИЭ та бүхэндээ батална.

Эхэлж хүн хэлний цаг тээгч үйл үгийн тухай хэдэн үг хэлье.

Хүн хэлэнд цаг тээх үйл үг нь тухайн үйлийн эзэн хэддүгээр биед, мөн ганц олон тоонд оршихоос хамаарч хувирна. Үүнийг төв аялгаар сийлэгдсэн хүн үсэгт хадан бичээс, дорно умарын аялгаар бичигдсэн Алтан дэвтэр түүхэн эх сурвалж, 1924 оны Анхдугаар Үндсэн хууль болон 1947 оноос урьдах эх сурвалжууд баталж байна. Өндөр түвшинд хүрсэн хэл ийм байдаг. Харин Ц.Дамдинсүрэн тан 1947 оноос үүнийг үгүй хийж, хүн хэлийг эрэмдэг зэрэмдэг болгов. Сэдвээсээ хазайхгүйн тулд энэ удаа энэ сэдвийг орхиё.

Ингээд өгүүлбэрээ харцгаая. Өгүүлбэрийн бүтцийг үл эвдэх зарчмыг баримтлан, уг өгүүлбэрийг ажиллахад хялбар болгон эдүгээчлэв.

Билгэ Тооны укук, Буйла багатар хан нэгдэж Илтэрс каган болун өмнийн Таныг, дорнын Киданыг, Умарын Угсыг, угсааг үл эрти (үл байлгажээ).

Өгүүлбэрийн тайлбар: Өгүүлэгдэхүүн 1 нь Билгэ Тооны укук, 2 нь Буйла багатар хан, өгүүлэхүүн нь “үл эрти”, дорно умарын аялгаар “үл эржүү”, халх аялгаар “үл эржээ” бүгд хуучин цаг заах бөгөөд бүгдийх нь үйлийн эзэн III биед оршино. Энэ бол хүн хэлний зүй тогтол.

Үл эрти буюу үл байлгажээ гэх үйл үгийн бай нь “угсаа”-г.

Угсаа гэх үгийг тайлбарлая.

Илтэрс хаан нь хадан дээр Сир овогтон гэж сийлэгджээ. Хуучин Тан төрийн бичигт түүнийг Ашна овогтон гэж бичжээ. Илтэрс хаан болсон Сир овогтон Буйла багатарын угсаа нь Ашна болно. Амжилттай овог заавал салбарлана, амжилтгүй овог үгүй болно. Овог болгон өөрсдийн эзэмшил иргэдтэй байна.

Бодончарын үүсгэсэн Боржигон овгоос Атаркин, Урууд, Манггуд, Таййичиуд гэх мэт олон овгууд үүсжээ. Эдгээр овгуудын ястан хүмүүсийн угсаа нь Боржигон. Угсаа үл байлгах гэдэг нь овгын ястан хүмүүсийг иргэн болох үйл.

Буйла багатар хан Илтэрс хаан гэдгийг батлах түлхүүр үг нь “болун” гэх бодит хугацаат явцаар илэрнэ. “Илтэрс хаан болун” буюу Илтэрс хаан болж, Илтэрсийг хаан байх бодит хугацаанд тэр хоёр Тан ил (их улс), Кидан улс, Угс аймгуудаас дээр заагдсан зүгт ястан хүмүүсийх нь угсааг үл эрти буюу үл байлгаж (үгүй хийжээ).

Хүн хэлэнд үйлийн явц нь үйлийн эзнийнхээ бие, тоог дагаж хувирахгүй.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид бодит хугацаат явц ингэж оржээ: “Қоақчин эмэгэн бөэрэ алақ һүкэрийэн дэлэдүэт өтэрлэн нэвүкү болун тэркэнү тэңхэли қуқус отпа”. “Нүүх болун” буюу нүүх бодит хугацаанд тэнхэл хугус оджээ гэх утга. Бол гэх үйл үндэстэй болун гэх үг Алтан дэвтэрт 54 удаа оров.

Тэгэхээр уг хадан бичээст Илтэрс хаан, Тооныукук хоёр аян дайн олноор бичигдсэн ч гол зорилго нь Тан төр, Кидан улс, Угз аймаг дахь овгын системийг эвдэж дахин хувиарлалт хийж Их улсаа хураажээ. Хэн нэгнийг алж талах биш Их улсаа эргүүлэн хураах зорилгодоо Сир Түрэг обогтон хүржээ.

Хүн хэлний зүй тогтлыг үл мэдэх судлаачдын судалгааг түрэг хэлний мэргэжилтэн, Дорно дахины судлаач, ЗХУ-ын ШУА-ын сурвалжлагч гишүүн С.Е.Маловын (1880-1957 он) ажлаар төлөөлүүлж та бүхэнд хүргэн тайлбарлая.

С.Е.Малов: “С мудрым Тоньюуком, в качестве бойла бага таркана, я, Илтерес да буду каганом!”. Он много поразил на юге табгачей, на востоке (впереди)-киданей, на севере – огузов.

С.Е.Малов: “билгэ Тооныукуктай Бойла багатаркан Илтэрэс би каган болно доо!”. Тэр өмнөшөө табгачийг, дорношоо киданыг, умаршаа угузыг олны үгүй хийжээ.

С.Е.Маловын алдаа 1.

Илтэрс хаан 691 онд оочжээ. 721 онд онд босгогдсон Билгэ Тооныукук бичээст “Би каган болно!” гэж нэгдүгээр биес эрт дээр үгүй болсон хүн бичих ёсон үгүй. Ийм боломж байхгүй. Эрхэм С.Е.Малов түүхэн баримт муу судалжээ.

С.Е.Маловын алдаа 2.

Бидний судалж буй Хүн үсэгт хадан бичээст I биеэс ирэх цагт өгүүлсэн ганц ч баримт одоогоор алга. I биеэс хуучин цагт +тм төгсгөлтэй өгүүлсэн баримт байна. С.Е.Маловт бидний үл мэдэх эх сурвалж байсан байх тун ховор.

С.Е.Маловын алдаа 3.

С.Е.Малов “болайн” буюу дорно умарын аялгаар “болун”, төв ялгаар “болон” гэх бодит хугацаат явцын мөн чанарыг мэдэхгүйн улмаас нэг өгүүлбэрийг хоёр тасалж, уг өгүүлбэрийн утгыг замхруулжээ.

С.Е.Маловын алдаа 4.

Угсаа гэх үгийг Диван Лугат толины 189-д укуш-олон тооны зүйл гэх үгэнд баригдаж “олныг үгүй хийжээ” гэх бичээст байхгүй ухагдахууныг санаачилжээ.

С.Е.Маловын алдаа 5.

Үл эрти буюу үл байлгах гэх үгүйсгэл үгтэй үгийг тэр үл таниж, үгүй хийх гэх үгээр орлуулжээ. Үсүнь буюу Дунд азийн перс, араб үгийн сантай хэлээр Үтүгэн дэх хүн үсэгт хадан бичээсийг тайлж эс чадна.

С.Е.Маловын алдаа 6.

“Тэр”, “Би” гэх үг уг өгүүлбэрт байхгүй үгсийг С.Е.Малов нэмжээ.

С.Е.Маловын алдаа 7.

Илтэрс нь хувь хүний нэр биш, их хааны өргөмжлөл гэдгийг тэр эс мэджээ.

МУ-ын ШУА-ын академич, хэлний ухааны доктор Л.Болдын хуулбар орчуулгыг харцгаая.

Л.Болд: Цэцэн Тоньюкук (би) Бойла бага тархантай хамт Илтерсийг хаан болгоод өмнө зүгт Табгачийг, зүүн (дорно) зүгт орших Киданыг, умар зүгт орших Огузыг үй олноор нь даран сөнөөв.

Хүн үндэстэн бидний дээдэс хэн нэгнийг үйл олноор даран сөнөөхийн төлөө биш Их улсаа хураахын төлөө зүтгэдэг гэдгийг огт зүйдлээгүй Л.Болдод юу ч нэмж хэлэх билээ.

Л.Болд хадан бичээсийн үг зүй, өгүүлбэр зүй, утга зүй дээр огт ажиллагүй, нэг үгээр эх сурвалж дээр биш хүн хэлний зүй тогтлыг үл мэдэх харь хүний ажлыг хуулан орчуулсан нэгэн гэдэг нь та бүхэнд тод харагдаж байгаа болов уу.

Л.Болдын хар мөр ингэж хар цагаанаараа тодорч байна.

Хүн үндэстэн монголчууд аа! В.В.Бартольдын (1869-1930 он) алдарт үгийг дахин нэг санацгаая!

“Данийн эрдэмтэн Томсон бичээсийг унших түлхүүрийг олоод гуч гаруй жил болж байгаа ч бичээс бүрэн тайлагдаагүй, зарим хэсгийн тайлал маргаантай хэвээрээ байна. Одоогийн байгаа орчуулга нь уг хэлний үндэс мэдлэг дээр суурилаагүй болбоос аливаа түүхийн дүгнэлт хийхдээ маш хянамгай байх нь зүйтэй”.
В.В. Бартольд.

Хүн хэлийг мэдэхийн тулд заавал хүн хэлний өгүүлбэр зүйг мэдэх ёстой. Хэлний систем өгүүлбэр зүйдээ оршино. Аливаа хэлний өгүүлбэр зүйг мэдэхгүй, зөвхөн үг таних нэгэн тухайн хэлний суурь мэдлэггүй нэгэнд тооцогдоно. Ийм хүмүүс эртний бичиг тайлж үл чадна.

СИЭ ТББ Түрэг, Уйгур төрийнхөө хүн үсэгт хадан бичээсүүдийн уг хэлний үндэс мэдлэг дээр суурилж сэрээж байна. Яг ингэж СИЭ ТББ өгүүлбэр бүрийг сэрээж байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...