Хүн хэлний түүх цуврал 2
Хүн хэл хэлний гарал үүсэл.
Хүн хэлний гарал үүсэл нь Хүн үндэстэн монголчуудын хувьд хамгийн их будлиантай, үндэстний судлаачид огт судлаагүй, өнөө хүртэл гадаадын судлаачдын амыг дагадаг сэдэв тул СИЭ-ий судлаачид өөрсдийн судалгааны үрд дүнг Б.Я.Владимирцовын судалгааны үр дүнтэй харьцуулж, будлианыг залруулан хэлнийнхээ үнэн зөв түүхийг та бүхэндээ хүргэнэ.
Сүүлийн зуун жилд үүссэн Алтай хэл гэх цоо шинэ ухагдахууныг Б.Я.Владимирцов үүсгэн дэлхийн нийтэд тарааж, Монгол улсад Д.Төмөртогоо уг ухагдахууныг хамгийн сайн мэдэгч нь болж, түүнээс монголчууд суралцах болов.
Домийн Төмөртогоо нь “Монгол хэлний түүхэн хэлзүй” номдоо:
“Хамгийн анх академич Б.Я.Владимирцов “Монгол бичгийн хэлийг халхын аман аялгуутай харьцуулсан хэл зүй” хэмээх зохиолдоо монгол хэлний хөгжлийн түүхийг дөрвөн үндсэн үе шат болгон хуваажээ. Үүнд:
- Нийт монгол хэл
- Эртний монгол хэл
- Дундад үеийн монгол хэл
- Шинэ монгол хэл аялгуу
Тэрвээр энд өвөг алтайн хэлнээс Түрэг, Түнгүс хэлнүүд салбарлан гарч, бие даан хөгжиж эхэлсэн тэр цагт “нийт монгол хэл”-ийг...хамаатуулан үечилжээ.” гээн бичжээ.
Эх сурвалж судлаач Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие Д.Төмөртогоогын логик муу дээрх бичвэрийг ухаад Б.Я.Владимирцов алтайн хэлнээс Түрэг, Түнгүс хэл салбарлах үеийн гэрч этгээд биш учир, тэр үеийн бичгэн эх сурвалж түүнд үгүй учир мөн орос-зөвлөлт судлаач ийм логикгүй зүйл бичих ёсгүйг мэдэх учир түүний “Сравнительная грамматика монгольского письменного языка и халхаского наречия” номоос эхийг нь олж Д.Төмөртогоогын тайлбар буруу болохыг тогтоов.
Б.Я.Владимирцовын номны эхийг Сравнительная грамматика монгольского письменного языка и халхаского наречия энэ линкээс ухаарай.
Б.Я.Владимирцов уг номдоо “Монгол хэл нь түрэг хэл ба түүний бүх аялга, түнгүс хэл ба түүний бүх аялга орох алтай бүлгийн хэлэнд орно. Монгол хэл нь түрэг, түнгүс хэлтэй төрөл бөгөөд нэг хэлний эволюцийн үр дүнд эдгээр гурван хэл үүсжээ; монгол, түрэг, түнгүс хэл нь нэг эхтэй бөгөөд эхийг нь таамаг алтай хэлээр төлөөлүүлэн нэрэлж болно. Алтай хэлний мэдээлэл өнөө үгүй ч, “алтай хэлэнд” хамрагдах монгол, түрэг, түнгүс хэл нь алтай хэлний хөгжлийн үр дүн” гэж бичжээ.
Владимирцов номдоо Өвөг Алтай хэлээс Ерөнхий монгол - түрэг хэл, Ерөнхий түнгүс хэл салбарлаж, Ерөнхий монгол - түрэг хэлнээс Ерөнхий монгол хэл, Ерөнхий түрэг хэл салбарлаж, Ерөнхий монгол хэлээс Эртний монгол бичгийн суурь болох эртний монгол аялга үүсэж, уг аялгаас Дунд монгол аялга (XII-XIV зуун) үүсэж, уг аялгаас Шинэ монгол халх аялга үүсжээ гээн бичжээ.
Монгол улсын академич Д.Төмөртогоо! Та конспектоо буюу Б.Я.Владимирцовын чухал тодорхойлолтыг буруу хөрвүүлж, утга санааг нь сольжээ. Судлаач биш хүн ийм мэргэжлийн бус үйлийг хийнэ. Та ийм үйл хийжээ.
Д.Төмөртогоо та Б.Я.Владимирцовын ажлыг сайн ойлгоогүй конспектолсон тул, танд өөрийн гэх дорвитой судалгаа үгүй тул СИЭ өөрсдийн судалгаагаа Б.Я.Владимирцовын судалгаатай харьцуулан Хүн хэлний үүх түүхийг монголчууддаа хүргэнэ. Таны олон шавь орос хэл сайн мэдэхгүйн улмаас таны номыг дагах тул Д.Төмөртогоо таны номд орших алдаа бүрийг энэхүү цувралын явцад тэдэнд болон монголчууддаа илчиж, тэдний төөрөгдлийг арилгана.
Ингээд чухал гэх сэдэв бүрийг дүгээрлэн (дугаарлан) та бүхэндээ хүргэе.
Сэдэв 1: Өвөг Алтай хэл нь бодит хэл биш таамаг хэл
Алтай хэлийг “этот алтайский язык неизвестен” - “энэхүү Алтай хэл нь баримтжуулагдаагүй хэл” буюу Алтай хэлний тухай түүхэн баримт, нотолгоо өнөө үгүй гэдгийг тэр номдоо бичжээ. Мөн Б.Я.Владимирцов “условно можно называть алтайским языком” – “Алтай хэл гэж таамаглан нэрэлж болно” гэж бичжээ. Орос хэлэнд “условно” гэдэг нь “бодит байдалд байхгүй боловч оюун санаагаар заавал байх (орших) ёстой” гэх утга бөгөөд магаачлахаар (махчлахаар) “хийсвэр” буюу хийсвэрлэх үед үүссэн, “нөхцөлт” буюу нөхцөл байдлаас гарсан гэх үтга болно. Хүн хэлээр хэлийг хийсвэр, нөхцөлт гээн үгүүлэхгүй, таамаг гээн үгүүлнэ. Алтай хэл нь таамаг хэл нь болно. Б.Я. Владимирцов Хүн хэлний тархацыг газар усаар нь баримжаалан, голчийг нь Алтайн уулсаар сонгож, Алтай хэл гэх таамаг ухагдахууныг дэлхий нийтэд цацжээ.
Хүн үндэстэн монголчууд аа! Алтай хэл нь зохиомол ухагдахуун болохыг та Б.Я.Владимирцовын линкээс “Алтайская семья языков и монгольский язык” гэх хэсгээс ухан давхар баталгаажуулаарай.
Сэдэв 2: Ганц эх хэлнээс олон аялга салбарласан гэх таамгыг Б.Я.Владимирцов зөвхөн хэл зүй талаас нь дэвшүүлжээ.
Монгол, түрэг, түнгүс хэлний зүй тогтлыг хооронд нь харьцуулахаар үнэхээр ижил тал нь ангид талаасаа давамгайлна. Үүнийг мэдэх Б.Я.Владимирцов эдгээр гурван хэл эрт үедээ илүү ижил агсан (хэл нь биет бус учир "агсан" гэж бичнэ. "байсан" гээн бичиж үл болно) тул өвөг үедээ ганц эх хэлнээс салбарлах ёстой, тэр эх нь Өвөг Алтай хэл гэх таамгыг судлаачдын дунд дэвшүүлжээ. Үүнийг нь тухайн үеийн олон улсын хэл судлаачид хүлээн авч, Алтайн бүлэг хэлний онол үүсжээ.
Б.Я.Владимирцов археологын судалгаа, дунд орны түүхэн баримт, дорнын судлаачдын нээлт, VII-VIII зууны хүн үсэгт хадан бичээс, Диван Лугат толь, Алтан дэвтэр түүхэн эх сурвалжийг СИЭ ТББ-ий түвшинд судлаагүй учир, мөн тэр хүн хэл тээгч биш учир СИЭ-ий судлаачид түүний таамаг бүтээлд шинжлэх ухааны залруулга хийв.
СИЭ-ий судлаачид Б.Я.Владимирцовын бүтээлийг олзуурхан хүлээн авав. Тэр үнэхээр мундаг (шалгуур давдаг) лингвист буюу хэл судлаач гэдгийг түүний хэл зүйн судалгаагаар бид мэдэв. Б.Я.Владимирцовын судалгаа нь СИЭ-ий судалгааны нилээд хэсгийг олон улсын судлаачдад таниулах үйлд баталгаа, нотолгоо болж, СИЭ-ий судалгаа Б.Я.Владимирцовын судалгааны дутууг нөхнө. Энэ бүх үйлийн гэрч нь ухагч та болно.
Сэдэв 3: Неолитын үе ба Б.Я.Владимицовын ганц хэлний таамаг
Неолитын үе буюу Шинэ чулуун зэвсгийн үе нь Нийтийн тооллоос 9500 орчим жилийн тэртээгээс нийтийн тооллоос 4500 жилийн урьд үеийг хамаарна. Шинэ чулуун зэвсгийн үед хүмүүс загас барьж, ан гөрөө хийхээс гадна тариалал эрхэлж байжээ. Шинэ чулуун зэвсгийн үед тариалалж байсны нотолгоо нь Тамсаг булагаас гарсан үр тариа цайруулах хавтгай самбар чулуу, нухуур, нүдүүр болно.
Мөн Хамгийн анхны буюу 7000 жилийн тэртээх Амуй тарианы олдвор Улаан хаднаас гаржээ. Улаан хаданд Силяо (Баруун Ляо) гол урсана. Энэ нь хожмын мал ахуйтны нутаг.
Өнөөгийн Казахстаны нутаг Караунгур агуй, Саксауль, Акеспе, Куланд дахь неолитын үеийн хүмүүсийн оромжоос тариа цайруулах багаж, чулуу, нухуур гэх зэвсэг олджээ.
Неолитын үед амуй тариалал нь нүүрс ус агуулах хамгийн найдвартай хүнсний үйлдвэрлэл ажээ.
Неолитын үеийн хөдөлмөрийн бүтээмж нь төр улс үүсгэх хэмжээнд хүрээгүй, хүмүүс нойтон газар модон анжисаар тариалдаг, ан гөрөө хийдэг, хаших цөөхөн малаа тарианаасаа илүүчилж тэжээдэг хамтралын үе ажээ. Төр улс үгүйн улмаас татвар гэх ухагдахуун үгүй, хамтралуудыг нэгтгэх, хамтралууд бутрах гэх өнөөгийн “даярших” ухагдахуун тухайн үед үгүй байжээ.
Неолитын үеийн буюу Шинэ чулуун зэвсгийн үеийн төвлөрөл Алтайгаас олдоогүй, мөн Алтайгаас хүмүүс Улаан хад, Тамсаг булан, Саксауль гэх мэт дээр дурьдсан газар очиж суурьшсан баримт үгүй бөгөөд ийм таамаг нь ор үндэсгүй.
Шинэ чулуун зэвсгийн үед маш олон жижиг хамтрал өөр өөрийн хэлтэй байжээ гэх таамаг бодит байдалд нийцнэ. Тэгэхээр Б.Я.Владимирцовын ерөнхий ганц хэлээс олон хэл салбарласан гэх таамаг орших үндэслэлгүй бөгөөд археологын олдвороор үргэлж няцаагдах амой.
Сэдэв 4: Төр улс үүссэнээр хэл ижилcжээ.
Хүрэл зэвсгийн үе нь нийтийн тооллоос урьдах 4-р мянганаас нийтийн тооллоос урьдах 1-р мянганыг хамрана.
Хүрэл зэвсэг үүссээр хүмүүс хөрс муу нойтон газраас илүү хуурай, хөрс сайтай газар тариалах болов. Зарим хуурай нутагт мал нь бэлчээрээс тарга аван онд ордог болж, бэлчээрийн мал аж ахуй нь тариалан аж ахуйгаас салжээ. Нэг үгээр мал маллах нь малаа маллаж, тариа тариалах нь тариагаа тариалж эхэлжээ. Хүн төрлөхтний түүхэнд анх удаа хүмүүс урьд огт байгаагүй их хэмжээний уураг үйлдвэрлэх болов. Овог үүсэж, ястан, иргэн өмч гэх ухагдахуун бий болов. Овог томрон бусдыгаа аймаглах болж, үр дүнд нь мал аж ахуйтны анхны төрүүд үүсжээ.
Бэлчээрийн мал аж ахуйн газар усанд Улаан хад (Дунху буюу Дорно ху-гын нутаг), Үтүгэн (Орхон, Туул, Сэлэнгэ, Хануй, Хүнүй), Үсүнь (киргиз, казакын нутаг), Шар мөрний өмнө хэсэг орно.
Шар мөрний өмнө хэсэг нь бэлчээр багатай учир тэд тариаланч олон хамтралыг удирдан гол усыг номхотгох болжээ. Шар мөрний өмнө хэсэгт хэл ижилсэх үйл болоогүй. Энэ тухай манай судалгаагааг ухагч та ухсан байхаа.
Хэл ижилсэх үйл нь хүний хөдөлмөрийн бүтээмж өссөнтэй шууд холбоотой. Неолитын үед хүн өөрийгөө болон ойрынхныхоо хүнс болон бусад хэрэгцээг хангах хэмжээний хөдөлмөрийн бүтээмжтэй байсан бол бэлчээрийн мал аж ахуйн үед нэг хүн 10 хүнийг тэжээх хөдөлмөрийн бүтээмжтэй болжээ. Хүчтэй овог хөдөлмөрийн бүтээмж өндөр хүн буюу иргэнийг ангуучлах болов. Төр улс нь мөн ийм үйл хийх болов. Хэл ижилсэх үйл Улаан хад, Үтүгэн, Үсүнь гэх гурван газар усанд болжээ. Нэг хамтрал нь бусад хамтралаа хурааж анхны төр улс үүснэ. Төр улс үүсэхээр дундын хэл бүрдэнэ. Энэ үйл хүрэл зэвсгийн эхэн үед хамаарна.
Хэл ижилсэх үйл нийт бэлчээрийн мал аж ахуйтны нутаг дэвсгэрт хүрэл зэвсгийн дунд үеэс эхэлжээ. Энэхүү үйлийн тод гэрч нь хиргисүүр оршуулгын зан үйлтэй төр, дөрвөлжин булш оршуулгын зан үйлтэй төр, галбирт (шоргоолжин) булш оршуулгын зан үйлтэй төрийн оршуулга, мөн оршуулгын хугацаа болно. Дээрх гурван төрийн оршуулга Үтүгэнд зэрэгцэн бий. Мөн эдгээр гурван төрийн оршуулгын эд зүйлд хийсэн радиокарбон шинжилгээ нь дээрх гурван төрийн цаг хугацааг үгүүлнэ. Монгол улсын нутаг дэвсгэр дээр дээрх оршуулгын зан үйлтэй төрүүд ээлжлэн төр барьж байсныг археологын баримт ингэж нотолно. Эдгээр төрийн нэршил Дунд орны эртний жадан дээрх бичээс, эртний хүрэл эдлэл дээрх бичээс, И судар, Чун чиу Зүо жуан бичиг, “Их яруу” дурдан дээрх шүлэг гэх мэт олон бүтээлд бий тул, эдгээр бүтээлийг судалсан судлаачдын бүтээлийг бид хөрвүүлсэн тул СИЭ-ий судлаачид археологын баримттай нь тулган нэршлийг оноох ажлыг хийж буй.
Хэл ижилсэх явц Хүннү төрийн үед дээд цэгтээ хүржээ. Дунд орны түүхийн эцэг гэгдэх Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл” номдоо “Чүнь вэй-гээс Түмэн хүртэл мянга илүү оныг өнгөрөөжээ. Хааяа багасч, хааяа ихэсч тарнаж бурниж явсаар анх эхийг гаргаж болохгүй болжээ. Моду хүрээд Хүннү хамгаас хүчтэй болов.” гэж тэмдэглэжээ. Хүннү төрөөс манай баримтат түүх эхэлнэ.
Хүннүчүүдийн 200 орчим үг Хань төрийн үеийн судар бичигт ханз үсгээр галиглагджээ. Хүн хэлний ундрага нь өнөөгийн бидний хувьд эдгээр үгс болно.
Эдгээр үгсээс япон, судлаач Ширатори Куракичи 白鳥庫吉 (1865-1942) арван долоон үгийг, хятад, судлаач Фанг Жуанг Юү 方壮猷 (1902--1970) хорин нэгэн үгийг, Өвөр Монгол, судлаач, профессор Учралт тавин долоон үгийг, докторант Б.Батжаргал 190 гаруй үгийг ханз галигаас тайлжээ.
- Шанью 单于 (djan ɢʷa) – Жангар;
- 屠耆 (daː ɡri、da ɡri) – төрч;
- 胡邪 ɡaː ljaː/laː- гал;
- 休兰 qʰu ɡ·raːn – хуурай;
- 匈奴- hung nou-хүннү
- 万氏 mans /mɯːɡ/ - мөнх;
- 去特若 kʰaʔ/kʰas/ - хатант;
- 伊陵 qlil rɯŋ – их, ил; гэх мэт 190 гаруй үгс дээр Батжаргал ажиллаж байна.
Өнөө Дунд орны нэн эртний дуудлага судлагдан зохих түвшинд хүрсэн тул ханз үсгээс эртний дуудлага сэрээх ажил харьцангуй хялбар болов.
СИЭ удахгүй эдгээр хүн хэлний ундраг үгсийг ном болгож гаргана.
Б.Я.Владимирцов ба СИЭ-ий судалгаа.
Б.Я.Владимирцовын баримтлал: Монгол, түрэг, түнгүс хэл нь ижил грамматиктай төрөл хэл учир, нэг гарал үүсэлтэй, нэг ерөнхий хэлнээс салбарлав.
СИЭ-ий баримтлал: СИЭ-ий судлаачид Б.Я.Владимирцовын монгол, түрэг, түнгүс хэл гэх тодорхойлолттой санал нийлэхгүй бөгөөд уг тодорхойлолт буруу болохыг дараа дараагын цувралдаа батлана. Энэ удаа түүний монгол, түрэг, түнгүс гэх ухагдахууны бид түр хэрэглэж буй.
Дээрх гурван хэл нь нэг эх хэлнээс салбарлаад ижил грамматиктай буюу ижил хэл зүйтэй болоогүй. Улаан хад, Үтүгэн, Үсүнь гэх гурван нутагт төр үүсэж, ойр хавийнхаа хамтралыг хурааж, ижилссэн гурван төрлийн хэл бэлчээрийн мал аж ахуйтны нутагт зонхилох болжээ.
Дээрх гурван төр Үтүгэнд ээлжлэн ирж төр барих хоёр мянга орчим жилийн турш нийт бэлчээрийн мал аж ахуйтны хэл дундын грамматиктай буюу хэл зүйтэй болжээ. Энэхүү хэл ижилсэх үйлийн ноён оргил нь Хүннү төрийн үе болно.
Б.Я.Владимирцовын баримтлал: Алтай гэх таамаг хэл заавал байх ёстой.
СИЭ-ий нотолгоо: Баримт, нотолгоо нь аливаа таамгыг оргүй болгоно. Хань гүрний бичгэн эх сурвалжид орших ханз үсгээр галиглагдсан 200 орчим үг нь Хүн хэлний ундрага болохоос Б.Я.Владимирцовын таамаг Алтай хэл нь Хүн хэлний ундрага болохгүй.
Дүгнэлт:
Хүн хэлний гарал үүсэл нь Хүн үндэстэн монголчуудын хувьд хамгийн их будлиантай, өнөө хүртэл гадаадын судлаачдын амыг дагадаг сэдэв ав (А үйл үндсийн холбох хуучин цаг нь “ав”; ажээ нь эрт хуучин цаг; сэдэв нь биет бус тул байв гэх үгийг үл хэрэглэнэ). СИЭ-ий судлаачид өөрсдийн судалгааны үрд дүнг Б.Я.Владимирцовын судалгааны үр дүнтэй харьцуулж, будлианыг залруулж, хүн хэлнийнхээ үнэн зөв түүхийг ийнхүү та бүхэндээ хүргэв. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг Б.Я.Владимирцовын онолын эх нь буруу учир түүний бичвэрт орших хэлний ангилал болон ухагдахууны бурууг бид залруулна.
СИЭ-ий судалгааг үгүйсгэх судлаач өнөө олон улсад үгүй болов уу.
Хэл судлаач Б.Я.Владимицовын Өвөг Алтай хэлний таамаг нь зөвхөн хэл зүйгээс үүдэлтэй ажээ. Тэр эрт үедээ монгол, түрэг, түнгүс хэлний зүй тогтол нь илүү ижил агсан (“хэл тогтол” нь биет биш тул “байсан” гэж бичих ёсгүй) бол өвөг үедээ ганц хэл орших ёстой гээн таамаглажээ. Б.Я.Владимирцов нь үнэхээр мундаг лингвист болов ч тэр археологын баримт, Дунд орны түүхэн эх сурвалж, Дорнын судлаачдын судалгаа гэх мэт олон баримт нотолгооноос холуур байжээ. Судалгааг олон талаас нь цогц хийх ёстой гэдгийг дараа дараагын судлаачдад СИЭ-ээс ингэж сануулж буй.
Үргэлжлэл бий