Овог
СИЭ өөрийн түүх, хэл, архелогийн судалгааг ухагч та бүхэндээ хүргэж буй.
1300 0

1-р хэсэг

Манай ухагч нараас асууж буй зарим коментуудыг задлан дүгнэхэд тэд мал аж ахуйтны нийгэм байгууламжийн ул ухагдахуун болох овог, овогтон, аймаг, улс, их улс буюу илийн талаар үлүү тодруулга өгөхгүй бол тэд түүх соёлоо сайн билэрч эс чадах нь тодорхой байна. Билэрч чадахгүй байгаа нь эдгээр ул ухагдахуунуудыг анхнаасаа мурий заалгасанд оршино. Яагаад таван сая хүнтэй эдийн засгийг мал аж ахуйтан овгууд нуруун дээрээ тээж чадаж байв. Овог гэж юуг хэлэх үү? овог нь орчин үеийн компанитай юугээрэй төстөй гэх мэт олон асуултанд нүд нээсэн хариултыг ухагч та авах болно.

Овгын тухай энэ өдгөө зөв байтугай дөхүү тодорхойлолт Монгол улсад байхгүй байна. Энэ талаар эх сурвалж судалсан нэгэн нь Монгол улсад алга.

Википедиад ийм тодорхойлолт байна: Овог -Ургийн холбогдлоос овог бий болдог. Овог нь гарал үүсэл, хэл яриа, зан заншил, соёл, аж байдлын нийтлэг шинжтэй цусан төрлийн холбоо бүхий бүлэг юм.

Монгол хэлний их тайлбар тольд ингэж бичжээ: Ясан төрлийн холбоотой хүмүүсийн өвөг дээдсээс уламжлагдсан нэр: овгийн байгуулал (н‎эг удам угсаанаас үүсвэртэй, ясан төрлийн холбоо бүхий бүлэг хүмүүсийн н‎эгдэл, хүй н‎эгдлийн байгууллын эх үүсвэр).

Дээрх тодорхойлтуудыг эх сурвалж судлаач СИЭ-ний хамт олон харамсмаар, өр өвдмөөр гэж хэлхээс өөр үг алга.

Овог гэдэг ухагдахууныг харь хэл рүү хөрвүүлж бичиж,үл болно. Мөн харь хэлнээс дээрх хоёр тодорхойлт шиг хөрвүүлэн овог гэдэг ухагдахуунд нааж үл болно.

Оросоор племя, ангилаар tribe гэж хөрвүүлж огт болохгүй. Ингэж болохгүй гэдгийг та бүхэнд билэрүүлнэ. Ингэж хөрвүүлсний улмаас манай мал аж ахуйтны улс төр, эдийн засгийн хөгжлийг 50 дахин багасгаж байна. Дунд зууны Европын улсад овог гэж байсангүй, тэд тэр үеийг аль эрт даван гарсан учир мал ахуйтны улс төр эдийн засгийн хөгжлөөс тэд хол илүү давсан хөгжилтэй байжээ гэх мэт ташаа дүгнэлтэнд хүргэж байна. Дэлхий даяр племя, tribe гэдэг үгийг хэрхэн дүрсэлдгийг доорхи хэдэн зургаар харцгаая.


Овог 2

Овгын тухай мэдлэггүй бол та мал аж ахуйтны түүх соёлыг судлаад, цагийн гарз
С.Сэргэлэн

Овог нь мал аж ахуйтны нийгэм байгууламжийн үндсэн нэгж. Тариалан аж ахуйтны нийгмийн байгууламжинд ийм нэгж байхгүй. Хүй нэгдэл буюу хамтралын хэвшилд овог орших үндэсгүй нь тэдний эдийн засгийн өгөөж овгын зохион байгуулалтыг даахгүйд оршино.

Эх сурвалжаар мал аж ахуйтан таван сая хүн амтай, дөчин түм буюу 400 000 цэрэг Дунд орон руу илгээсэн түүхэн баримтыг (ийм баримт олон) хараад өөрийн эрхгүй ямар эдийн засагтай манай дээдэс байсан бол, эдийн засгийн гол хөдөлгүүр хүчин нь юу байсан бол гэх мэт олон асуулт мануусд үүсдэг. Энэ бүхний хариулт нь овог.

Овгын тухай НТ V зуунд Фань Э өөрийн бичсэн Хожуу хан улсын бичиг дэх Ухуань Сяньбийн шастирт ингэж тодорхойлжээ: “Овог нь байнгын биш, их хүнийх нь нэрээр овоглоно. Их хүнээс доош тус тусдаа малаа адуулж аж төрнө. Хоорондоо албан татвар өгдөггүй”.

Энэ тодорхойлтонд Фань Э “малаа адуулж аж төрнө” гэдэг нь овог зөвхөн мал аж ахуйтанд байдаг гэдгийг тэр анзааржээ. Бид Фань Э-гийн тодорхойлолтыг дахин хожим дэлгэрэнгү тайлбарлана.

Овог нь ясту хүмүүс болон иргэд хоёроос бүрдэнэ. Аль нэгэн нь байхгүй бол овог байхгүй. Энэ өдгөө мануус ястан гэдэг нь ясту хүмүүсийг өгүүлж буй. Овгын ясту болгон нь өөрт ногдох өмч болон иргэдийг хариуцна. Иргэдэд нь өмч гэж үгүй. Иргэд татвар төлөхгүй. Овгын ясту хүмүүс хоорондоо татвар өгдөггүй. Овгын ястан татвараа аймгаар дамжуулан төрдөө төлнө.

Овгыг мал аж ахуй эдийн засаг дахь компани гэж билэрч болно.

Компани VS Овог

  1. Өнөөгийн компани нь эзэд мөн хөлсний ажилтанаас бүрдэнэ. Овог нь ястан мөн тэдэнд ногдох иргэдээс бүрдэнэ.
  2. Компани эзэд ашгаасаа ажилтандаа цалин өгнө. Овгын ястан иргэдээ оромж, хувцас, хүнсээр хангана. 11 сард идэш хийж гэр мах буюу өвөл, хавар хэрэглэх махыг нь иргэддээ өгнө.
  3. Компани жил болгон татварынхаа тайланг татварын байгууллагад өгнө. Овог жил болгон хүн ам, малынхаа тоог тоотонд (тоо хариуцсан төрийн түшмэл) өгнө.
  4. Компани төрдөө татвар төлнө. Ажилчид нь нийгмийн даатгал төлөхөөс, татвар төлөхгүй. Овгын ястан татвар төлнө, иргэд татвар төлөхгүй.
  5. Компани дампуурна. Овог үлтиг (мөхнө) болно. Энэ тухай хожим өгүүлнэ.

Өнөөгийн компанитай овог төстөй тал их байна. Эдийн засгийн өгөөж нь ямар байсныг харцгаая.

Хүй нэгдэл буюу хамтрал эдийн засагт хүмүүс хамтран өөрийн өрхийг хангах хэмжээний баялаг бий болгоно. Тэдний хөдөлмөрийн бүтэмж доогуур. Мал аж ахуйн эдийн засагт нэг иргэн хэдэн хүний хэрэгцээг хангах бүтээмжтэй вэ? Энэ асуултын хариуг олцгооё.

Эхэлж нэг иргэний жилийн дундаж хүнсний хэрэгцээг гаргая.

Гурван хүүхэдтэй буюу таван амтай өрх жилд 14 толгой бог хоёр бод, 300 кг гурил, сүү цагаан идээ гэх мэт үндсэн хэрэглээтэй. Таван хүнтэй өрхөөр баримжаалцгая. Энэ тоог нутгынхаа малчидтай холбогдож гаргав.

Өнөөдөр Өтүгэнд манай сумын мянгат малчин Жанаа авгай бага хүүгийн хамтаар мал дээр байна. Тэдний малыг бид тооцоо хийхэд хялбар гээд 1000 бог 300 бод болгов. Бодит малых нь тоог бага зэрэг өөрчлөв. Жилд Жанаа богоосоо 350 төл, бодоосоо 100 төл авна. Нийт төлийнхөө 50 хувийг хэрэглэнэ гэх юм бол тэр 175 хонь ямаа, 50 бод хэргэлэнэ. Ясту Ж таван ам бүлтэй 10 өрхийг буюу нийт 50 иргэнтэй байхын тулд жилд 140 бог 20 бод тэдэнд зарцуулна. Өөрийх нь хэрэглээнд 25 бог, 30 бод үлдэж байна. Нийт төлийнхөө арван хувьтай тэнцэх толгой малыг төрд тушаана гэвэл тэр хонь ямаа 35, адуу 10 тушаана. Түүнд жил болгон 140 хонь 40 бод цэврээр үлдэж байна. Тэр цэрэг дайны үед онцгой хувиар албан татвар төрдөө өгнө.

50 иргэдтэй Жанаа ясту нэгэн нь байсан бол тэр ийм ажил амжуулах үүрэгтэй:

Жанаа өнөөдөр зуны 90 хоногт өдрийн хоёр удаа 50 үнээ саахын оронд өөрийн хэрэгцээндээ 6 үнээг өдөрт ганц удаа сааж байна. 50 үнээнээс 3 литр сүү үнээ бүрээс 90 хоног гэхээр 13500 литр сүү болж байна. Тэдэнд саалийн үеэр 11 880 литр сүү саахгүй гэгдэж байна.

Хонио огт саахгүй байна. Хэрэв иргэдтэй байсан бол 1000 богноос 350 хонь ямааг өдөрт хоёр удаа, зундаа 60 хоног саахад 8400 литр сүү саана. Нийт 21 900 литр сүү зундаа тэд саах нь.

Жанаагийх 150 хоногийн хугацаанд өдөрт хоёр цаг дутамн 50 гүү саана. Нэг гүүнээс өдөрт 5 литр сүү авна гэхээр 37 000 литр айраг болж байна. Айраг нь зуны шингэн хоол.

Нийт сааль сүүнийхээ 30 хувийг Өтүгэний ойр хавийн овог төрдөө татвар болгон хүргэнэ. Холын овгууд өвлийн цагаар цагаан тос, шар тос, бяслаг, ааруул, ээзгий болгож зохих губчуурыг төрдөө өгнө. Губчур гэдэг нь губ (хувь)+ч үйл (үг болгогч)+р (нэр үг болгогч) бөгөөд уг үгний утга хувь тооцож байх гэсэн эх утгатай.

21900 литр сүүнээс хэдэн кг шар тос, цагаан тос, архи, ааруул, бяслаг, ээзгий гарахыг бүдүүвчээр тооцоход 50 иргэдтэй Жанаагийн хэрэгцээнээс хол давж байна. Нэг иргэн багаар бодоход өөрөөсөө гадна 3 хүний жилийн цагаан идээ болон махны хэрэгцээг үйлдвэрлэж байна. Хүн нэмэхээр хүнс нэмнэ гэдэг нь ийм учиртай юм байна.

Ноос, арьс, хадлан, түлээ

Ноосоор эсгий, нарийн эсгий буюу дарап хийнэ. Ноосыг угааж самнаад утас ээрч ноосон хувцас хийнэ. XI зууны Диван Лугат толинд цэвэр ноолууран малгайны тухай өгүүлнэ. Ноолуураар утас ээрч хувцас хийнэ. Төрөл бүрийн ширдэг үйлдвэрлэнэ.

Арьсаар нь сур болон цэргийн буюу өдөр дутмын хувцас хийнэ. Хөдсөн дээл хийнэ гэх мэт

Хадлан түлээ бэлтгэл мэтийн маний мэдэх, мэдэхгүй олон төрлийн ажил байх болов уу.

Өнөөдөр Монгол улс ойролцоогоор 65 сая малын тоотой байгаа. Төллөлт 35 хувь гэж бодоход жилдээ 21 сая төл авна. Нийт төлийн арваар нь губчуурдавал 2.1 сая толгой мал төрийн мэдэлд очиж байна. Төлөөр тооцоо хийхгүй, төлөөр тооцоо хийх малын тоо гарна. Төлбөр, төлөх гэдэг үгний эх утга ийм болой. Төл гэдэг үг Диван Лугат толинд байна.

Жил болгон 2.1 сая мал татаж буй төр байнгын сутай (цэрэгтэй) байхаас өөр замгүй. Ийм том эдийн засагтай байсны учир овогт оршино. 5 сая хүнтэй гэж түүхэн эх сурвалжид гардаг нь бас ийм учиртай.

Дүгнэлт:

Өнөөдөр нутагтаа цөөн амтай Жанагын (нийтлэг дүр) өрхөд 1300 толгой мал ногдож байна. Ажиллах хүч үгүй тул тэр зөвхөн өөрсдийн хэрэглээний хэмжээнд малынхаа үр шимийг авч байна. Жанаа эрт цагийн овог дахь ясту хүн байсан бол малынхаа тооноос болж 50 иргэнтэй байх байсан. Тэр өөрийн өрхөө тансаг амьдруулаад зогсохгүй, 50 иргэнээ хангахаас гадна төрдөө 7330 литр сүүгээр цагаан идээ бэлдэж өгнө. Жил болгон чанар хангасан 35 хонь ямаа, 10 адууг төрдөө губчуурдана. Нутгын тариачдаас гурил худаж авна. Өнөөдөр хотонд сумын хүн ам 4 300 бол овгын үед 25 000-30 000 хүн амтай байсан гэж тооцоологдож байна. Эндээс эх сурвалж дахь хүн ам 5 сая гэдэг нь нотлогдож байна. Нэг иргэн багаар бодоход өөрөөсөө гадна 3 хүний хэрэгцээг үйлдвэрлэж байна. Овог нь өнөөгийн компаний үүргийг эрт цагт гүйцэтгэж байжээ.


Овог 3

Хүчирхэг улс төр эдийн засгийн үндэс нь овог болохыг манай ухагч нар билэрсэн болов уу. Дараагийн өгүүллээр мал аж ахуйтны хүчтэй төр овог хоорондын харилцааг гаргана. Энэ удаа овог нь ястан, иргэд, өмч гурваас бүрдэдгийг түүхэн эх сурвалжаар тайлбарлана.

Энэ өдгөө мануус өөлд ястан, торгууд ястан гэж өгүүлж байгаа нь овгын ясту хүнээс гаралтай. Иргэдгүй ястан гэж байхгүй. Ястан иргэд өмчгүй овог гэж байхгүй.

Ястан буюу ясту хүн гэж одоогийн бидэнд мэдэгдэж байгаа эх сурвалжуудаас Монголын нууц товчоонд анх гарав.

Ясуту хүн.

МНТ 112-р хэсэгт Бэлгүтэй ноён мэркитэй элэ ясуту хүнни “эхий минү авчира!” гээжү…

МНТ 148-р хэсэгт тайжиутай ясуту хүн Агужу баатар ... гэж оржээ. Ясуту гэж тэмдэг нэрээр оржээ. Йасуту гэдэг үг яс мах гэсэн үгтэй холбоогүй. Йасу Засу нэг учир овог засдаг, овгоо засгалдаг хүнийг хэлнэ. Засгалан гэдэг үгийг МНТ 81 Тэмүжин Бэгтирийг (Бэгтир нь Бэг бол гэсэн утга, овгын ахлагчиийг бэх буюу баг гэнэ) алсныхан төлөө Таргудай Гэрэлтүг “улс иргэн түрижен засаглажу” гэжээ. Энэ мөчөөс эхлээд Өөлэн эх хүүдтэйгээ иргэн болжээ.

Ястан гэдэг нь ийм утгатай.

Овог нь ястан, өмч, иргэд гурваас бүрдэнэ

2.Иргэн

Бодончир ахан дүүстэйгээ бүлэг иргэдийг ахлаагүйсэн (хураагүйсэн) бол Боржигон овог эс үүснэ.

Зүрхэн овгын ястангууд Тэмүүжинтэй гурав дахь үеийн үеэлүүд. Зүрхэн овог гэдэг нь Хутугту Зүрхэний хүү Сэжэ бэг, Тайчу ястангаас мөн тэдний адуу мал өмчөөс нь, ногдол иргэнээс нь бүрдэнэ. Зүрхэн овгын үүсэл нь Хутугту Зүрхэнээс эхлэлтэй бөгөөд түүний нэрээр нэрлэгджээ.

Чингис хаан Зүрхэн овгыг мөхөөсөн тухай баримтыг МНТ-ноос дурдая:

“Чингис хаан доройтуулжу зүркин обогтуй үлиткэбэй”. Энэ өгүүлбэр нь [доройтолд оруулж байгаад Зүрхин овогтыг Чингис хаан үлитгэв буюу үгүй хийв] гэсэн утгатай. Дараа нь “Улуси инү Чингис хаан өөрийн өмч, иргэн болгобай”. Энэ өгүүлбэрт буй чухал зүйл бол улс нь өмч иргэн хоёроос бүрдэж байна. Чингис хааны өөрийн болгосон хоёр нь үгүй болсон Зүрхэн овогтны өмч болон иргэд болж байна. Улс гэдэг нь ногдол гэж Диван Лугатад бичсэнтэй энд таарч байна. Сэжэ бэг, Тайчу хоёрт ногдсон өмч иргэдийг улс гэж байна.

Иргэн гэдэг үг VIII зууны Гол тигэний бичээсэнд “үлүг бараг иргэд айглав” гэж бичигджээ. Их олон иргэд бараг ястангийнхаа өмнөөс бослого гаргасан нь Түрэг төрд аюул буюу айдас төрүүлж буй тул Можо хаан цэрэг илгээжээ.

Ингээд сүхээр цохисон ч сөхрөхгүй, балтаар балбасан ч бөхийхгүй гэдэг шиг овгын бүтцийг эх сурвалжаар тайлбарлав.

Ястанг овгоор нь дууддаг байжээ. Тэд татар танижу “Есүхэй киан ирээ” гэж түүнийг дууджээ. Энд Түрэг хаан гэдэг шиг киан Есүхэй гэж дуудаж байна. Кианы Есүхэй, Түргийн хаан гэж харъяалуулахгүй шууд тодотголоор өгүүлж байна.

Харин Бодончирт олзлогдсон эм өөрийгөө “Жаржиут атангкан уриангкачин би” гэжээ. Урианхай би гэж тэр эм эс өгүүлжээ. Урианхачин гэж тэр өгүүлжээ. Малчин, тариачин, үсчин гэж үндсэн ажил мэргэжлийг хэлнэ. Урианхачин гэж үндсэн ажил мэргэжил шиг тэр эм өгүүлж байна. Ясту хүн өөрийгөө овгынхоо нэрээр тодотгож байна. Иргэн нь овгынхоо нэрийг үндсэн ажил үйлээ болгож байна.


Мал аж ахуйтны хүчирхэг төр ба овог 4

Энэ өдгөө дэлхий даяр мануусыг нүүдэлчид гээн буруу тодорхойлж байна. Мал ахуйтны төр нь X зуунаас урьд улс төр, эдийн засгаараа тариачдийн төрөөс илүү боловсронгүй, илүү хөгжилтэй байсныг мэдэхгүй өнөөг хүрэв. Мал ахуйтны төр гэхээсээ илүү хэдэн овгууд нийлээд энд тэнд очиж тонуул, дээрэм хийдэг гэсэн ухагдахуун дэлхий нийтэд түгэв. Энэ бүхнийг байранд нь тавьж цэгцлэх цаг ирэв.

Хүчирхэг төр улстай байхын тулд хүчирхэг эдийн засгийн ул суурьтай байх ёстой. Ийм ул суур нь овог. Энэ удаа хэдий хэмжээний татвар Мал аж ахуйтны төр цуглуулдаг байсан тухай өгүүлнэ.

Мал аж ахуйтны төр манай баримтад түүхээр жил болгоны 11 сард (өнөөгийн тооллоор) хүн ам болон малынхаа тоог нэгтгэн авдаг байжээ. Энэ тухай Сыма Цяны “Түүхэн тэмдэглэл”-ээс хүргэсэн.

Манай дээдсийн хүн амын тоо 5 сая гэж хоёр ч эх сурвалж дээр гарсныг өгүүлсэн. “Овог З” нэртэй өгүүлэлд өнөөгийн 4 300 хүн амтай Хотонт сумын хүн ам нь овогтой байх үед 25 000 орчим буюу 5 дахин илүү байжээ гэдгийг тогтоосон. Сүүлийн мал тооллогоор Монгол Улсад 65 сая толгой мал тоологджээ. Маллагаа овгын үед өнөөгөөс оронгоор илүү байсан учир нь хүн хүчний дутагдал бага байсных болно.

Мал махны татвар: Малын татварыг хэмжээг ногдуулахын тулд тухайн овгын малыг тооноос ирэх онд авах төлийн тоог нь гаргана. Дараа нь уг тоог чанар хангасан маланд шилжүүлж татварын хэмжээг ногдуулна. Нийт авах төлийн 10 хувиар губчуурдана. Хол байрлах овгууд өвлийн цагаар цэргийн хүнсэнд мах, борцоор тооцоо нийлүүлдэг байсан болов уу. VI зуунд Баруун түрэг татвар өндөр ногдуулснаас болж Тэлэ аймаг тэднээс урвасан мэдээллийг уншигч таньд хүргэсэн болно. Дайны цагт нэмэлт татвар овогт ногдуулдаг байжээ. Губчуур гэдэг нь хувь тогтож татварыг ногдуулж буй. Төлийх нь тооноос биш нийт малынхан тооноос губчуудвал оновчгүй, удаан хугацаанд мал иргэдийн тоо хорогдох магадалтай. Зөв татварын цаана овгын иргэдийн оновчтой тоо давхар явна. Иргэдийн тооноос тухайн мал аж ахуйтны цэргийн хүч буюу төрийн хүч хамаарна. Хэрэв нийт малын тоо өнөөгийх шиг 65 сая байсан бол 2,3 сая мал жил болгон татвараар цугларна. Ийм татвартай улс мэргэжлийн армитай байна.

Арьс ширний татвар: “Ухуань нь Модунд эзлэгдсний дараа, хүн бага хүч сул, үргэлжид Хүннүг бөхийн дагадаг. Жил болгон үхэр, адуу, хонины арьс барьдаг. Цагтаа өгөөгүй бол авгай хүүхдийг нь бариад явна” гэж Хожуу Хан төрийн бичиг дэхь Ухуань Сяньбигийн шастирт бичжээ. Энд нэг чухал зүйл бол арьс ширний худалдааг төр өөрийн монопольдоо авч гадаад худалдаандаа ханшаа тулгадаг байжээ гэсэн дүгнэлтэйнд хүрч байна. Хүннүгийн үед, Түргийн үед Дунд оронтой хамтарч хилийн орчим зах байгуулж байсан баримт байна. Тэгэхээр аль 2300 жилийн тэртээ гадаад худалдааны нэгдсэн бодлогыг төрөөс зангидаж байжээ.

Сүү цагаан идээ: Сүү цагаан идээний татвар нь гурван хоног болгоны нэг хоног дахь үйлдвэрлэж буй сүү цагаан идээтэй дүйцүүлэн тооцно. Холын овгууд өвлийн цагт тос, хурууд, бяслаг, архиар тооцоо нийлнэ. Энэ нь мэргэжлийн армитай байхын үндэс.

Газар тариалан: Амуй, арвай тариалж байв. Газар тариалан нь төрийн онцгой хамааралд байсны илэрхийлсэн нэг ийм баримт байна: “Бас тариалангийн хэрэгсэл, тарих үр өгөх болов уу гэжээ. Зэ тяан анх зөвшөөрөөгүй. Мочо [хаан] их хилэгнэж, асар бардам үг хэлсэн байлаа. Манай [Дунд орны] элч Сы бин Чин түшмэл Тяан гуй даог хорьж хороов. Тэр цагт түүний цэргийн сүрээс төр [Дунд орны] зүрхшээж байв. На яан түшмэл Яао су, Луан тай чи лан түшмэл Ян зай сыгээс энх ургийн зөвшөөрөх зөв гэв, тэгээд зургаан жоугийн хэдэн мянган дагсан өрхийг хөөж хүргэв. Дөрвөн түмэн со үр, гурван мянган ли-д тариалахад шаардагдах хэрэгсэл өгөв. Мо чо түүнээс шалтгаалан бардамнадаг бөлгөө”. Төрөөс үр тариа, шаардагдах хэрэгсэлийн бэлддэг байжээ.

Төмөр хайлах: Энэ талаар эх сурвалжаас доторхой мэдээлэл байхгүй ч Орд балга хотын туйранд төмрийн зууханаас үлдсэн төмрийн баас их байна. Төмрийг хэрхэн хайлуулж байсныг өөр тодорхой хэлэх зүйл алга. Алтан ууландаа байхдаа Түрэг аймаг Ро Ранг төрийн төмөр хайлуулж байжээ.

Хот байгуулалт: Орд балга-Уйгурын нийслэл нэртэй 48-р нийтлэлээр Орд балгын тухай дэлгэрэнгү өгүүлсэн. Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис тул Өтүгэнд Хүннүгийн хотын суурь Орд балгын доор байгаа болов уу. Орд балгын хойд хэсэг нь Түрэг төрийн үед хамаарна.

Төмөр, газар тариалан, мах, сүү цагаан идээ, хот балга байгуулалттай тухайн үедээ Хүн, Сяньби, Түрэг, Уйгур маш том төр байжээ. Хүн амын нягтрал Өтүгэний ойролцоо 1км 10 хүн ногдож байжээ.

Бид эх сурвалжинд бичигдсэн түүхийнхээ гүнийг билэрч чадахгүй өнөөг хүрэв. Мануус мал аж ахуйтны нийгэм байгууламжийг билэрч чадахгүй байсан тул өөрсдийнхөө дээдсийг цыган шиг нүүдэлчин гээн өнөөг хүрэв. Мал ахуйтны төр нь X зуунаас урьд улс төр, эдийн засгаараа тариачдийн төрөөс илүү боловсронгүй, илүү хөгжилтэй байсныг мэдэхгүй өнөөг хүрэв.


Ажиллах хүчний төлөө тэмцэл. Овог 5

Овог оршиж байх үедээ мал аж ахуйгаасаа хамгийн өндөр үр өгөөжийг манай дээдэс хүртдэг байжээ. Энэ өдгөө гурван мал аж ахуйн хэвшлийг мануус мэднэ: Өнөөгийн 65 сая мал өмчлөгч (мянгат малчин гэх мэт), 25 сая толгой малтай байсан нэгдэл,, 65 саяас дээш малтай байсан ястан иргэдээс бүрдсэн овог. Нэгдэл хэвшлийн үед БНМАУ-ын төлөвлөгөөт эдийн засаг 25 сая толгой малнаасаа сүү, сүүн бүтээгдхүүнийг 65 сая малтай хувийн малтан хэвшлээс илүү хурааж боловсруулж байв. Арьс ширийг өөрсдөө боловсруулж эцсийн бүтээгдхүүн гутал, цамц хийдэг байжээ. Ноос ноолуураар эцсийн бүтээгдхүүнийг үйлдвэрлэдэг байжээ. Нийтээрэй ажиллах нь өрхөөр ажилласнаас бүтээмж дээгүүр гэдгийг харуулав. Хувийн малтан буюу мал өмчлөгч нь иргэдгүй ястан гэвэл дээдэс билэрэх байсан болов уу. Харин нэгдэл нь бүх ястангуудаа иргэд болгосон хаан буюу бүх өмч хааных бусад нь иргэд гэвэл дээдэс билэрэх байсан болов уу. Овог нь нэгдэл хэвшлээс хол илүү бүтээмжтэй байжээ. Малынхаа дэргэд ястан иргэд хоёул байсан учир.

Өнөө хүртэл олон улсын судлаачид мануусын дээдсийг яах гэж Дунд орон руу дайн хийдэг учрыг нь билэрэхгүй байсаар л байна. Тариалан аж ахуйт Дунд орны гол баялаг нь ургац болно. Манай дээдэс Дунд орноос тутрага, ногоо дээрэмдэж, түүнийгээ ачиж нутаг буцаж байсан баримтад түүх байхгүй юм байна. Торго дурдан нь худалдан авдаг эд. Дунд орны зүгээс Хүн үндэстэнтэй худалдаа наймаа хийхдээ төмөр давсанд хориг тавьдаг. Хүн үндэстэн нь хан үндэстэнд адуу худалдахыг хоргилдог байжээ. Аль аль нь стратегийн ач холбогдолтой бүтээгдхүүн.

Энэ өдгөө мануус овог гэдэг ухагдахуунаа сэрээсэн учир овогт юу хамгийн ихээр, хэзээ дутагдаж болохыг мэдэцгээе.

“Харин Хүннүд он дараалан ган, царцааны аюул нүүрлэж, хэдэн мянган ли хувхайрчээ. Өвс мод бүгд хатаж, хүн мал өлсөж, өвчилж, их хагас нь үхэж дуусжээ” гэж НТ 46 онд болсон үйлийг Хожуу Хан төрийн бичиг Өмнөд хүннүгийн шастирт бичжээ. Байгалын гамшгаас болж Өмнөд Хүннү Хан төрийг түших болжээ.

“Олон жил их цас оров. Зургаан хошуу малын ихэнх нь үхэж дуусав. Улсад нь өлсгөлөн нүүрэлжээ. Хүн ардынхаа хүссэнийг Жели [хаан] өгч чадахгүй байв. Олон овгуудыг шавхаж, шавхаснаас дээр дооргүй үймж гадна дотногүй ихэнх нь урвав” гэж 629 оны Түрэг төрд нүүрэлсэн үйлийг “Хуучин Тан төрийн бичиг дэх Түргийн шастир дээд”-эд бичжээ.

Дээр бичсэн зүйлийн утгыг сайн билэрхийн тулд “Овог 2” нэртэй нийтлэлд 1300 толгой малтай Жанаагаар хувийн малтанг төлөөлүүлсэн. Хэрэв нийт малныхаа 80 хувийг Жанаа шиг нөхөр алдах юм бол түүнд 260 толгой мал үлдэнэ. Жанаа шиг нэг нь зуд зулагтай гээн 12 жилийн дотор малынхаа тоог 1300 толгойд хүргэнэ.

Харин 50 иргэнтэй ясту Жанаа 260 толгой малтай хоцорвол үймээн самуун гарна. Иргэд нь Жанаагийн үлдсэн малыг булааж, хүн ам ихээр үймэн самуурч, үхэж үрэгдэнэ. Үр дүнд нь хаан солигдоно. Ийм үйл хүчирхэг Түрэг Же ли хаанд тохиов.

Овгын ясту хүний нийгмийн хариуцлага өнөөгийн мал өмчлөгчөөс харьцуулашгүй том байжээ.

Ингээд мал ахуйтны төр тариаланч Дунд орныг дайлж Дунд орноос юу авдаг байсан тухайг нягталхаар түүхэн эх сурвалж сөхөцгөөе.

НТӨ 177 онд “Гуравдугаар оны тав дахь сард Хүннүгийн Баруун сайн Ван Шар мөрний өмнүүр хүрэн Шанцюнь хамгаалалтыг эвдэжү хүн ардыг нь олзлов”.

НТӨ 162 онд “хилийн орчим байнга довтолж их хэмжээний хүн, мал өмчийг авав”.

НТӨ 159 онд “Цүнчин жангур энх ургын гэрээг зөрчин Шанцюнь Юньжүн рүү гучин мянга, гучин мянган морьт цэргээр зэрэг довтлов. Тэд алж хятаж олон хүнийг олзлон буцав” гэж Түүхэн тэмдэглэлд бичжээ.

Эх сурвалж судлахад Хүн гүрний аян дайны гол зорилго нь хүн олзлоход оршиж байна. Овог нь ястан болон иргэнээс бүрддэг тул хүчтэй төрийн үндэс хүчтэй овог тул ажиллах хүчний хомсдлоос эдийн засгаа гаргахын тулд өмнөх хөршөөсөө ажиллах хүч булаажу байжээ. Мал аж ахуйн нийгэмд нэг иргэн 3-5 хүний хэрэгцээг үйлдвэрлэдэг тул нэг хүнийг олзлоно гэдэг нь 3-5 хүнийг олзолсонтой тэнцүү. Ийм үйл Түрэг төрийн үед мөн адил байжээ.

“Ван сүй тун даян анхдагч он (696 он), Киданы ахлагч Ли жин зун сүн ван рун урваж Ин фугийн захиргааг эзлэв. Мо чо элч явуулан айлтгасан нь: “Хэ шийн дагасан өрхүүдийг буцааж өгвөөс аймгуудын цэрэг агтсыг аван улсын төлөө [Тан төрийн төлөө] Киданыг дайрч цохие” гэв. Зөвшөөрөв. Мо чо Киданыг дайлж, аймаг олныг нь их ялав. Тэдний айл өрх бүхийг нь олзлов. Мочогийн цэрэг үүнээс эхлэн хүчирхэгжив” гэж Хуучин Тан төрийн бичигт бичжээ.

“Мочо, Хэн юуй даогаар гарч, Вэй жоуг дээрэмдэн, Фэй ху сүтийг бүслэв. Давшиж Дин жоуг байран, Ци ши түшмэл Сун яан гао-г алав. Байр байшинг галдан шатаав. Эр эмсийг дээрэмдэн булаав. Хөгшин нялх гэж ялгахгүйгээр бүгдийг алав” гэж Хуучин Тан төрийн бичигт бичжээ. Энд Мочо буюу Ачим хаан эдийн засгийн нүдээр харж байна. Гэртээ буцаж оргуулахгүйн тулд тэр гэр орныг нь шатаалгажээ. Хөгшин нялхийг тэр ажиллах хүч биш гээд алжээ. Цэвэр ажиллах хүчний төлөө тэр ийм хатуу үйлийг хийжээ.

“Есөн оны (721 он) намар, Басмал нь үнэхээр Түргийн цацарт ирэв. ... Түрэгүүд бүгдийг нь амьдаар барьж эр эмсийг нь олзлон одов” гэж Хуучин Тан төрийн бичигт бичжээ. Энд Билгэ хаан заагч Тонуйкукын уран ухааны дагуу Басмалыг буцаж байхад урдуур нь гүйцэжү тэднийг эвдэж, эр эмсийг нь олзолсон тухай өгүүлж байна.

“Овог нь ястан, иргэд, өмчөөс бүрддэг мал аж ахуйн нийгэм байгууламжийн үндэс. Овог нь үүсгэгч их хүнийхээ нэрээр нэрлэгдэнэ. Овог нь тогтворгүй, дахин хуваарилтаар овгын нэр байнга солигдоно. Овгын эзэн нь ястан, ажиллах хүчин нь иргэд. Овог дотроо татвар өгч авахгүй. Овог нь губчур төлөгч”. Одоогийн байдлаар овгын тухай ийм тодорхойлт бид өгнө. Цаашид уг тодорхойлт улам нарийсах болно.

Овгын тодорхойлолт буруу байсан тул бид дээдсийнхээ зорилгыг танихгүй өдий хүрэв.

Их улсых нь улс төр, эдийн засаг дэлхийд тэргүүлж байхад ажиллах хүчийг гаднаас авчирдаг жамтай юм байна. Ийм үйлийг Хүн төрөөс Монгол төрийн Өгөөдэй хаан хүртэл хийжээ. Улсых нь улс төр, эдийн засаг дэлхийд сүүлдэж байхад ажиллах хүчээ гадаадад алддаг жамтай юм байна. Өнөөгийн мануусын байдал. Бид өөрсдийнхөө мөн чанарыг мэдэхгүйгээр дэвжинэ гэж үгүй юм байна.


Овог нь байнгын биш. Овог 6

“Овог нь байнгын биш, их хүнийх нь нэрээр овоглоно. Их хүнээс доош тус тусдаа малаа адуулж аж төрнө. Хоорондоо албан татвар өгдөггүй” гэж НТ V зуунд Фан Э бичжээ. Тэр манай нийгэм байгууламжийн үндэс овгыг маш сайн билэржээ. Ингээд овог яагаад байнгын биш гэдгийг ухагч та бүхэндээ тайлбарлая.

Овог нь ястан, иргэд өмчөөс бүрдэнэ. Ястан нь овог байгуулсан их хүний үр хойч, иргэд нь тэдний хураасан өмчгүй хүмүүс болно. Овог байнгын биш гэдэг нь ястан хүний нөхөн үржихүйд оршино. Монголын нууц товчоогоор жишээ авъя. Хэрэв Тэмүүжин Хасар хоёр Бэгтирийг алсангүй бол ийм байх байсан. Киан овгын ястан нь Есүхэй баатрын ууган (ууган гэдэг нь эрх мэдэлтэй) хүү Бэгтир (Бэгтир гэдэг нь бэг буюу овгын ахлагч болно гэсэн утгатай) Бэлгүүдэй хоёр. Тэр хоёр өөр өөрийн хоёр ууган хүүтэй болно гэвэл Киан Есүхэй багатурын овог дөрвөн ясту хүнд хуваагдана гэсэн утга. Цаашид найм хуваагдана гэсэн утга. Энэ нөхцөлд Тэмүүжин өөрийн гурав дахь үеийн үеэлийнхээ Зүрчин овгыг хураасан шиг дахин хуваарилт явагддаг жамтай. Дахин хуваарилтаар хуучин нэрийг хориглоно. Учир нь хуучин нөхдөд бэг буюу баг болох замыг нь хааж буй.

Ингээд овгын тодорхойлолтоо эргэн нэг харцгаая.

“Овог нь ястан, иргэд, өмчөөс бүрддэг мал аж ахуйн нийгэм байгууламжийн үндэс. Овог нь үүсгэгч их хүнийхээ нэрээр нэрлэгдэнэ. Овог нь байнгын биш, дахин хуваарилт болгоноор овгын нэр байнга солигдоно. Овгын эзэн нь ястан, ажиллах хүчин нь иргэд. Овог дотроо татвар өгч авахгүй. Овог нь губчур төлөгч” гэж СИЭ тодорхойлов. Өнөөдөр Хурган овогт Сэргэлэнгийн Хурган овог нь овог мөн үү?

Асуултыг тодорхойлттой харьцуулахад үгүй гэсэн хариу гарна. Өнөөгийн овог гэдэг үгний утга гээгджээ. Энэ өдгөө ястан, иргэд үгүй тул овог үгүй. Өнөөгийн манай Хурган гэдэг овог Дунд орны Ли, Ван гэх мэт эрхэм нэртэй ижил болжээ. Үүнийгээ хэзээ ийм болсныг мэдэж үндэсний ой санамжиндаа тээх үүрэгтэй бид.

1978 оны “Халх товчоон” номоодоо Д. Гонгор мал ахуйтны түүхийг Марксизм Ленинизмийн формацийн онолоор бичив. Харь хүн Б.Я.Владимирцовын (1884-1931) “Монголын нийгмийн байгуулал” буюу “Общественный строй Монголов (монгольский кочевой феодализм)” номыг Д.Гонгор ул судалгаа гэж үзэв. Владимирцов уг номондоо овгыг ингэж тодорхойлжээ: “своеобразный союз кровных родственников” буюу үгчлэн хөрвүүлэхээр “цусан төрлүүдийн өвөрмөц холбоо”.

Д.Гонгор овгыг Владимирцовын тодорхойлтыг ингэж хуулав: “Эртний монголд нэг нь дээдсээс угсаалсаны учир элгэн садны холбоогоор гагнагдан шүтэлцсэн бөлөг цөлөг хүмүүсийн нэгдлийг овог гэдэг байжээ”. Владимирцовын овгын тодорхойлолт энэ өдгөө Монгол хэлний их тайлбар толинд ингэж хөрвүүлэгджээ: Ясан төрлийн холбоотой хүмүүсийн өвөг дээдсээс уламжлагдсан нэр: овгийн байгуулал (н‎эг удам угсаанаас үүсвэртэй, ясан төрлийн холбоо бүхий бүлэг хүмүүсийн н‎эгдэл, хүй н‎эгдлийн байгууллын эх үүсвэр).

Владимирцоваас Д.Гонгорын хуулсан тодорхойлт нь манай Хурганыханд таарч байна. Хурган гэдэг нэг дээдсээс гаралтай, элгэн садны холбоотой, бөлөг хүмүүс бол яах ч аргагүй Хурганыхан. Хурган овог нь иргэдгүй, ястангүй. Энэ тухай Д.Гонгор болон түүний багш Владимирцовт мэдлэг байсангүй.

Д.Гонгор эх сурвалж судлахын оронд Владимирцовын конспект судалжээ. Д.Гонгорт өөрийн бодол ухаан байсангүй. Владимирцовын тодорхойлтоор зэвсгэлсэн орчин цагийн түүхийн докторууд X зуунаас урьдах мал аж ахуйтны улс төр, эдийн засаг ертөнцийн тэргүүлэх улс төр, эдийн засаг байсан гэдгийг олж харж эс чадна. Тэд манай дээдсийг ажиллах хүчний төлөө аян дайн хийж байсан биш дээрэмдэн тонохын тулд аян дайх хийж байсан гэж дүгнэнэ. Овгын тодорхойлолт нь ул (суурь) тодорхойлолт. Үүнийг мэдэхгүйгээр мал аж ахуйтны түүхийг билэрэх боломжгүй.

Владимирцовын сул тал нь эх сурвалжийн хомстолд оршино. Тэр “Судрын чуулган”, “Нууц товчоо”, “Юань улсын түүх”, Марко Поло, Рубрук, Плано Карпины, Алтан товчийг судалжээ. Түүнд Дунд орны эх сурвалж огт байсангүй. Дээр нь тариаланч гарал үүсэлтэй академич Владимирцов мал аж ахуйтны түүх соёлыг судлахад түүнд билгэ ухаан нь дутжээ. Энэ нь өөр сэдэв болох тул үүгээр зогсъё.

Манай ахмад түүхчид ЗХУ-ын түүхчдээс “будаа идэж” доктор цол авдаг байжээ. Өнөөдөр бүх зүйл хэвээр байна. Д.Гонгор асан шиг өнөөгийн зуу зуун докторууд ул судалгаа хийхийн оронд харийхны конспектыг ашиглаж доктор болсоор л байна. Энэ нь манай үндэсний түүх соёлын дархлааг үгүй хийж байна. Мэдлэггүй докторууд ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгээр дүүрлээ. СИЭ гол зорилго нь үндэсний эх сурвалж судлалыг бүрэн эрхт, ангид Монгол улсдаа бий болгох. Бид ШУА-ын докторуудтай эх сурвалж судлал дээр хамтрахад бэлэн. Үндэсний эх сурвалж судлал бий болгоход хамтрахад бэлэн. Конспект оо хаяж эх сурвалж судлахад нь туслахад бэлэн. Бид зөвхөн эх сурвалж судлал дээр л хамтран. Энэ тухайгаа БСШУС Яаманд мэдэгдсэн. Бодит байдал ийм эмгэнэлтэй байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...