ХҮННҮ ЭНХИЙН ГЭРЭЭ
Култегиний хадны бичигт дээрх бичвэр бий. Энд “Илийн”, “Түрү исийн” гэх хоёр үг гарна. Эхний [ил] гэх үгийг Сэргэлэн багш тодорхой тайлбарласан.
1094 0

Култегиний хадны бичигт дээрх бичвэр бий. Энд “Илийн”, “Түрү исийн” гэх хоёр үг гарна. Эхний [ил] гэх үгийг Сэргэлэн багш тодорхой тайлбарласан. Удаах үгийг Томсон болон Малов бүгд л “турусын” хэмээн транскрипци хийсэн байдаг. Биш юм, “Төрү ёсу” юм. Ийм холбоо хэллэг “Монголын нууц товчоо”-ны 216-д: “...Бас Чингис хаан өгүлрүн: ...Монголын төр ёсонд бэхи ноёдыг өргөмжлөх заншил бий” гэб” хэмээгдсэн буй.

Өдгөө “ёс” гэх үгийг тэгэх ёстой, ингэх ёстой эсвээс ёс заншил гэж мануус ухна. Гэвч хадны битиг үйлдэгчдийн хувьд “хууль” гэж ойлгож байсан. Төр хууль хоёр минь гэж! Түүхийн эх сурвалж дор дурдсан болно:

Ал-Кашгарийн Махмуд “Диван Лугат” толийнхоо 1905-дугаарт: “ТАМУР”-төмөр гэдэг үгийг зүйр цэцэн үгээр тайлбарласан: “кук тамур кару турмас”

“Хөх төмөрийн хариу нь хар (утгачилбал). Илдээр цавчвал шархтана гээд давхар утга нь: Киркиз, Йабаку, Кипчакууд болон бусад (обогтон) хэн нэгэнтэй холбоо, эсвэл гэрээ байгуулахад (тухайн) хүний өмнө илд бариад: “-Хэрэв би тангараг няцваас энэ [төмөр] орохдоо хөх, гарахдаа улаан (ө.х. цусанд будагдсан) байг! гэж хэлдэг” хэмээн бичсэн байна.

Эндээс обогтон (будун)-ууд хоорондоо цэргийн холбоо, эвсэл, гэрээ байгуулахад илд барьж тангарагладаг байсныг харна. Н.Бичурины “Эрт үед төв Азид амьдарч байсан ард түмнүүдийн тухай мэдээллийн эмхтгэл” бүтээлд үүнийг мөн л тодорхой бичсэн байдаг. Хуханье (Хүүхэн) шанью, түүний төрсөн ах, өөрийгөө шаньюд өргөмжлөгч дорнод Чжуки ноён Хутуус нар ор суух тэмцэл эхлэв. НТӨ 47 онд Хуханье Шанью, Хань (дундад улс) -ийн Ордоны элч Жанжин Чан болон Сайд Мын нартай “тангарагийн гэрээ” байгуулжээ. Н.Бичурин бичихдээ: “...дараах тангараг өргөв: “Өдгөөгөөс хойш Хань болон Хүннү нэг Гүрэн; үеээс үед биесээ хуурахгүй, биедээ халдахгүй. Хэрэв хулгайлбал харилцан мэдэгдэж ял тулгана, шагнахыг шийд; харь дайсан халдбаас дайчиддаа харилцан эд зүйлсээр тусла. Хэн эхэлж гэрээг зөрчинө Тэнгэрийн хатуу цээрлэл хүртсү, үр удам нь үеийн үед энэ тангарагийн дор нэрвэгдсү. Чан, Мын болон Шанью, түүний обгийн тэргүүлэгч нар Но-Шуй (Но-чжень-шуй) голын зүүнтээ Хүннүгийн ууланд гарч цагаан морь бүлэв (хутгаар нугас руу нь бүлж алах буюу тахил өргөх гэж ойлгогдож байна! Ж.А). Шанью биедээ авч ирсэн аяны илдийг архиар умдаалав!; энэ тангарагийн архинаас Лаошан Шаньюд алуулсан Юечжи улсын хааны гавлын яс (гавлын ясаар хийсэн аяга)-аар уув... [Цяньханьшу, 94б бүлэг] гэжээ.

Анх Хань (Дундад улс), Хүннүгийн хооронд НТӨ 198 онд “Энхийг тогтоож, ураг барилдах гэрээ”-г байгуулж нэг талаас Хань улс хааны охиноо Шаньюд гэргий болгон, жил бүр тодорхой тооны торго, даавуу, архи, цагаан будаа зэргээр губчуур төлөх, нөгөө тал Хүннү нар халдан довтлохгүй үүргийг харилцан хүлээж энхийг тогтоон ураг барилдаж ах дүү бололцов хэмээдэг байж. Н.Бичурин бичихдээ: “...Энэ үйл явдал Модэг хэсэг хугацаанд зогсоов” гэжээ. [Шицзи 110; Цяньханьшу, 94а бүлэг]

Дээрх гэрээ үүнээс хойш тасарч, сэргэж 200-аад жил үйлчилж. Гэрээлэх нь Хань улсаар зогсохгүй байжээ.

Өдгөөгийн Олон улсын гэрээний зарчмуудтай харьцуулан дүгнэлт гаргах боломжгүй ч дээрх гэрээг байгуулагч хоёр төрийн гадаад бодлого, эдийн засаг, аюулгүй байдлын зарчмуудыг тусгасан эрх зүйн баримт бичиг гарцаагүй мөн юм.

Эрх зүйн онолд манай эриний өмнө (НТӨ) гэрээний тухай ойлголт байсангүй гэж заагаад байдаг. Эргэж харах болох нь!“Континентальное право”, “Прецедентное право”-ийг зохиогчид сураг ч үгүй цагт Хүннү дээдэс өв залгамжлуулж, төр, обогтон, улс төр, цэргийн бүлэглэл, “иргэн”-ий хооронд гэрээ байгуулж, эрүүгийн ял шүүж явж. Н.Бичурины дурдсанаар Дундад улс энэ тал дээр нилээдгүй гүнзгий байсан бололтой.

Н.Бичурины дээрх бүтээлд Хүннү төрийн үе дэх “хөлсний холбоотон”, “цэрэг дайны холбоо”, “тангарагтны холбоо”, “холбооны улс” зэрэг гэрээний үндсэн дээр байгуулагдсан цэрэг дайны бүлэглэл, нэгдмэл сонирхолтой улс, обогтоны тухай бичигдсэн бий.

Ал-Кашгарийн Махмуд “Диван лугат” толийнхоо 111 дэх тайлбартаан: ...[йл] - “энх тайван (хоёр эрх баригчийн хооронд)”. йкй бак бйрла йл булдй “хоёр эрх баригч (бекүүд) энхийг тогтоов” хэмээж. Энхийн гэрээ байгуулав буюу харилцан үл довтлолцох гэрээ хэмээн ойлгогдож байна.

Мөн 4012 тайлбартаан: [куклаш-] –[“ураг барилдах гэрээ байгуулах” ], ул аник бирла куклашдй “тэр тэдэнтэй ураг барилдах гэрээ байгуулав” гэж тайлбар бичжээ.

Ал-Кашгарийн Махмуд өөрөө Хүннү хүний дунд амьдарч нутагт нь хөндлөн гулд аялснаа Диван лугатад тодорхой бичсэн байдаг. Тэд ураг барилдахаа гэрээжүүлдэг ёс буюу хуулийг тэрбээр сайн мэддэг нэгэн байж. Тэр нь ураглаж буй хоёр улсад ч, харъяат обогтонд ч, хадамд өгч авагч хоёр бүлд ч, хоёр аавд ч бүгдэд хамаатай байсан нь илт.

Энэ бол Хүннү хүн тодорхой хууль, ёсыг дагадаг, түүнийг хатуу баримталдаг, зөрчвөөс шийтгэгддэг байсны эх сурвалжийн баталгаа юм.

“Эх газрын эрх зүй”-д гипотез, диспозиц, санкц гэж эрх зүйн онолд заадаг. Эдгээр эрх зүйн хэм хэмжээнүүдээс хууль бүрддэг гэсэн онол юм. Харин дээдсүүд маань 2220-оод жилийн өмнө аль хэдийн энийг хэрэглэж байжээ. Жишээ өгүүлрүүн: Диван Лугатын 2720 дугаар тайлбарт: [тилдаг] – “гүтгэх, шударга бусаар яллах”. Ул анар тилдаг килур “тэр түүнийг гүтгэв” гэжээ. “Тил”-Сэргэлэн багшийн тайллаар толь буюу “хэл”. Шударга бусаар хэлсэн үг. Ингэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл гүтгэх гэдэг ойлголт тэр үед байсан нь өнөөгийнхөөр худал мэдүүлэг өгөх, хүнийг хүнд гэмт хэрэгт гүтгэх гэдэг зүйл анги Эрүүгийн хуульд заасан ойлголт мөн юм.

Хүннү дээдсийн минь хууль, шүүхийн талаар Н.Бичурин бичихдээ: ...Тэдний хуулиас нь дурдвал: хурц зэвсэг, фут (байлдааны жад)гаргасан (ө.х. егүүтхэгийг завдсан, айлган сүрдүүлэхийг хэлсэн болтой. Ж.А) бол – цаазын ял тулгана; хулгайн хэрэг үйлдсэн бол - гэр бүл хураагдана; хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бол - нүүрийг нь хэрчинэ, харин хүнд гэмт хэрэг үйлдсэн бол – цаазын ял онооно. Шүүн таслах ажиллагаа 10 өдрөөс илүү үргэлжлэхгүй. Нийт улсад хэдэн арван хоригдлууд байдаг...” хэмээжээ. [Шицзи 110; Цяньханьшу, 94а бүлэг]. Үүнээс дүгнэж үзвэл хоригдол байгаа бол Шорон байж л байсан болж таарч байна.

Энд өдгөөн хуулийн хэм хэмжээний гипотез, диспозиц, санкц бүгд байгааг бид харж байна. Энэ бүгдийг агуулсан бичмэл хууль буюу “ёс” байж хэмээх дүгнэлтэд хүрч байна. Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хууль!

Харин Иргэний хууль яав? Байнаа! Ал-Кашгарийн Махмуд “Диван Лугат” тольдоон 1994-д тайлбарласан нь: ...бажиг [бижиг] — “гэрээ, амлалт”. ул маник бирла бижиг кйлдй “тэр надтай гэрээ байгуулав”. (Ж.А: Энд ж-г, ч-гээр дуудан уншугтун!), цааш нь 2691-дэх тайлбарт: [бижгас] — “хүмүүс болон (ө.х. ноёд, обогтон, төр, бүлэглэл г.мэт Ж.А)-ийн хооронд байгуулсан гэрээ, хэлцэл”, бижгас битик килурлар - гэрээ битиг үйлдэв” гэжээ.

[бижгас битиг] гэх нь “гэрээ-бичиг” гэж ойлгогдож байна. [бижгас] гэх нь [бижиг] буюу “бичиг”-ийн олон тоо. Эндээс “бичиг” гэх нь гэрээ, хэлцэл гэдгийг ухаарав. Өдгөөгийн бичдэг бичиг биш юм байна.

Өв залгамжлалын талаар Диван Лугатад маш тодорхой нэр томъёо байна. Махмуд бичихдээ: ...Тайлбар 2584-т: “[хумару] – “өв залгамжлал”, бунй атамдан хумару булдум “би үүнийг эцгээсээ өв залгамжлалаар авсан" хэмээж. Бунй-үүнийг, атамдан: ата-аав, хумару-өв залгамжлал, булдум-болсийм. “Хумару” энэ үг өдгөө мануусын “хөмрөг” гэдэг үгний өвөг болтой. Мөн Диван Лугатын 4969 тайлбарт: [Йариш-] — [“ямар нэг зүйлийг тэнцүү хуваах”]. ул аник бирла тавар йаришди „тэр, тэдэнтэй барааг тэнцүү хуваалаа”. Энэ хэллэгийг өв залгамжлалын оногдох хувь хэсгийн тухайд хэрэглэнэ” гээд, цааш нь: 102 тайлбарт: [ук] –“өв залгамжлах хувь хэмжээ”. анар бйр ук такдй “тэрбээр өв залгамжлалын хувь хэсгээ хүртлээ” гэж.

Эндээс Иргэний эрх зүйн нэг том институци болох өв залгамжлалын харилцаа Хүннүд үйлчилж байсны тод баримт болж байна. Өв залгамжлалын хувь хэсгээ хүртлээ гэдэг нь өдгөө Иргэний хуульд заасан хууль ёсны өв залгамжлагчдийн хувь хэмжээ, мөн түүнчлэн гэрээслэлээр өв залгамжлах гэдэг ойлголтууд бүгд байна.

Эрүү, иргэний, төрийн тогтолцооны бичмэл хууль (йаса буюу ёс)-иуд байгаагүй бол дээрх эх сурвалжуудад битигдсэн хууль зүйн ойлголтууд байх боломжгүй юм.

Тэхээр ис=ёс=йаса=засаг болж байна.

Гэх Хүннү хадны битигд: ИЛийн: ТҮРҮИСийн гэдэг нь “улсыг нь төр ис буюу ёсыг нь” гэж бичсэн байх юм. Их засаг=Их йаса!

Харьцуулсан эрх зүй гээд өдгөө оршин буй улсуудын эрх зүйг харьцуулаад байдаг шинжлэх ухаан бий, харин Хүннүгийн хууль ёсыг өдгөөгийн хуультай харьцуулбал маш том салбар үүснэ. Өөрөөр хэлбэл Хүннү төрийн хууль ёс бол эрх зүйн ухааны маш том судлагдахуун мөн болно.

Хүннү төрд дээрх хууль зүйн нэр томъёонуудыг бичсэн бичмэл хууль үйлчилж байсан гэдэг нь шууд ойлгогдож байгаа ч эх баримт сурвалж байна уу?

“Их Засаг”, “Халх журам”-ын эцэг хууль байх нь мадаггүйм. Хүннү дээдсийн мань битмэл хууль ёс. Хаана байна? Перс, араб хэл дээр хөрвүүлсэн хувийг нь эдгээр хэлэнд нэвтэрхий нэгэн аль нэг архиваас илрүүлэх магад ирээдүйд.

Хуульч мэргэжилтэй гэх мань алдарт Ал Кашгарын Махмудын туурвисан Диван Лугат толийн тайлбараас хуулийн үгнүүд, нэр томъёо олж хараад дуугуй байж боломгүй тул ийнхүү зах зухаас нь сийрүүлбэй. Хүннү Энхийн гэрээ гэдэг ийм ажгуу. Кутлуг болзун!

Отогт Боржгин Жамбалдоржийн Амарсайхан (Гахай жилийн 6 сарын 8, 02.30 цаг гэб.)
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...