ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин шинэ Орос улсын төрийн ёсыг сэрээж Ялалтын баярыг Орос төрийн зан үйлийн баяр болгосоор, эртний түүх соёлт Хүн үндэстэн монголчууд бид төрийнхөө ёсыг сэрээж чадаагүйн улмаас Үндэсний их баяр наадмаа төрийн зан үйлгүй үндэсний наадгай хэмжээнд тэмдгэлсээр байгаа тухай нэгэн ухаарлыг энэхүү нийтлэлээр ухагч та бүхэндээ хүргэнэ.
Юуны өмнө зарим ухагдахуун, тодорхойлолтыг тайлбарлахыг хичээе. Төрийн ёс нь хүмүүсийн харилцааг зохицуулна, төрийн зан үйл нь ард түмнийг нэгтгэнэ. Энэ тухай нийтлэл хүргэсэн билээ.
Ёс гэдэг үг манай Хүн үсэгт Гол тигэн хадан бичээст төр ёс гэж хоршин нэг өгүүлбэрт оржээ. МНТ-нд “ёсон тиймээ” гэж дангаар оржээ. Тэгэхлээр төрт ёс буюу төрийн ёс, иргэдийн ёс гэж байх нь. Өнөө монголчууд “төр төмбөгөр ёс ёмбогор” гэж өгүүлнэ. Төмбөгөр, ёмбогор хоёр үгний дагавар “бөгөр”, “богор” хоёрын жийргэвч Г-г авахаар бөр, бор болно. Энэ нь бир буюу кидан нэг гэсэн тоо юм бол төм, ём нь үйл үг байх ёстой. Одоогийн байдлаар СИЭ-ээс өгөх тайлбар ийм л байна.
Төр улс байгуулсан нэгэн нь ёс оо тогтооно. Ёсгүй төр насгүй төр.
Ёс нь төр иргэд, мөн иргэд хоорондын харилцааг тогтооно зохицуулна. Үүнээс ёс суртхуун буюу ёсонд суралцах гэсэн ухагдхуун үүсчээ. Төр солигдохоор ёс шинэчлэгдэнэ.
Төрийн ёс нь удирдлага болон хүмүүсийн нийгмийн ялгааг харуулж буй дээд хэлбэр, улсын хүч болон бат бөхийн үндэс.
Зан үйл.
Диван Лугат толинд “Зан-дахин давтагдах” гээн тайлбарлажээ. Зан үйл гэж дахин давтагтах үйлийг хэлнэ. Төрөөс хийж буй тахилга, баяр нь тодорхой цаг хугацаанд давтагддаг үйл тул зан үйл болно. Оросын улсын Ялалтын баяр нь, манай Наадам нь зан үйл юм.
Зан үйлээ гүцэтгэснээр төр эрх мэдлээ зузаатгаж, ард олныхоо хүчин зүтгэл болон алдар гавъяаг мандуулна.
Путин ба Орос орон
Владимир Владимирович Путин 1999 оноос өнөөг хүртэл дундаа дөрвөн жилийн завсартай ОХУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж буй нэгэн нь.
Дотоодын дайн дажинтай, ОХУ-аас ангид болох үндсэрхэг зэвсэгт хөдөлгөөнийхөн дураар дургисан, төвийн удирдлага нь суларсан, эдийн засгийн гүн хямарлалтай, аж үйлдвэрлэл болон машин үйлдвэрлэл нь сүйдсэн, арми болон цэргийн аж үйлдвэр нь гүн уналтанд орсон, иргэдийн хуучин ёс үнэгүйдэж тэд хэнд, юунд итгэж үнэмшихээ мэдэхгүй болсон ийм Орос улсын ерөнхийлөгчөөр 1999 онд В.В.Путин болжээ. В.В.Путин юуны түрүүнд төвийн удирдлагын системийг бэхжүүлэх эрх зүйн орчинг бий болгож орон нутгын захирагчдын зарим эрхийг хасжээ. Тэр татвар, банк, газар, хөдөлмөрийн харилцаанд шинэчлэл хийж Кавказад энхийг тогтоожээ.
Ёсон үгүй болж, үндэсний итгэл үнэмшлээ гээсэн хүн амын дийлэнх орос болон хүн амаар цөөн бусад үндэстнүүдийг В.В.Путин өөртөө болон Орос төрийнхөө замналд итгүүлэн, үнэмшүүлэхийн тулд ёсоо тогтоох амаргүй ажлыг эхлүүлжээ.
Ёс тогтоохын тулд эхэлж төр нь Үндэснийнхээ ой санамжийг сэрээнэ. Энэ бол жам.
“Үндэсний ой санамж гэдэг нь бүлэг хүмүүсийн ой санамжинд орших дундын хэл, түүх, соёл болон дундын ёс заншил, зорилго тэмүүлэлээс иж бүрдэх цогц ухагдахуун. Дундын ой санамжтай хүмүүсийг үндэстэн гэнэ. Үндэстнийнхээ ой санамжийн онцлогыг бусад үндэстний ой санамжаас ямагт ангид байлгах нь тухайн үндэстний оршихуйн дархлаа” гэж СИЭ ТББ тодорхойлж байна.
Үндэснийн ой санамжийг орос хэлээр Национальное самосознание, англи хэлээр National identity гэнэ. Үндэсний ой санамжийг улс болгон өөрийн түүх, соёлын онцлогоос хамааран өөр өөрөөр тодорхойлдог боловч бүх улс Үндэснийнхээ ой санамжинд дундын түүх соёл, өнөө цагийн дундын ёс, дундын ирээдүй гэх гурван иж бүрдлийг заавал оруулна.
“ЗХУ-ын үед хүмүүс өөрсдийгөө болон улс орноо хаанаас хашаа явж байгааг, муу болон сайны хэм хэмжээг нийгмээрээ маш тод мэдэж байжээ. Өнөө бидэнд ийм юм дутагдаж байна” гэж В.В.Путин арван хэдэн жилийн өмнө зурагтаар өгүүлсэн нь тухайн үеийн Орос оронд үндэсний ой санамж, төрийн ёс, зан үйл өгүүлэгдэж буйг мэдэрсний учир.
Үндэсний ой санамжны эхний бүрдэл хэсэг нь дундын хэл, түүх, соёл. Коммунизм байгуулж байсан ЗХУ-ын хүн амыг иж бүрдүүлэгч үндэстнүүд дундын түүхгүй, хэл соёл нь өөр байсан тул Зөвлөлт үндэстэний (советскийн народ-зөвлөлт ард түмэн боловч цаад утга нь зөвлөлт үндэстэн) ой санамжийн эхний хэсгийг бүрдүүлэх тун хүнд байжээ. Үндэсний ой санамжийн эхний салшгүй хэсэг болох дундын түүх соёлыг Коммунист нам мөлжигч ангийн эсрэг тэмцэж байснаар нь, ядуу байснаар нь буюу зовлонгоор нь ижилсүүлэн орлуулжээ. Шинэ нийгэм байгуулахад саад болж байсан Үндэстэн болгоны түүхийг тэд унтуулжээ. Өөр зам тэдэнд байсангүй.
Өнөөгийн ОХУ-ын хүн амыг иж бүрдүүлэгч үндэстнүүд нь хэл, соёл өөр боловч дэлхийн хоёрдугаар дайны түүх тэдний дундын түүх болов. Дэлхийн хоёрдугаар дайны зовлонг хамт амссан үндэстнүүд, ялалтанд хамт хүрсэн үндэстнүүдийн түүх нь ОХУ-ын үндэстэн дундын түүх болж чадна гэдгийг Путин түрүүлж билэрчээ. Орос үндэстний ой санамж биш Орослог үндэстний ой санамжийн тухай энд өгүүлж байна. Орос гэдэг нь дорно славянчууд бөгөөд тэднийг орос буюу “русские” гэнэ. Орослог гэхээр Орос улсын бүх иргэдийг нэрлэх бөгөөд энэ нь хүн амын дийлэнх орос үндэстэн болон бусад олон үндэстнүүдээс иж бүрдэнэ. Тэднийг русские буюу орос гэхгүй “россияне” буюу орослог гэнэ. Ингээд Орослог гэдэг шинэ үгийг морфологийн задаргаагаар тайлбарлая. Орос-нэр үг;+лог нэр үгийг тэмдэг нэр болгогч бөгөөд өөрт байгаа гэсэн утгыг агуулна. Жишээ нь нуруулаг гэдэг нь өөрт нуруу байгаа, царайлаг гэдэг нь өөрт царай байгаа. Энэ үг 1400 жилийн өмнөх эх сурвалжаар мөн ийм утгыг агуулна. Орослог гэдэг нь өөрт орос байгаа гэсэн утга бөгөөд Орос соёлыг үндэстнийнхээ соёлтой нийлүүлж бүй хүмүүсийг хэлнэ. СИЭ ТББ орослог гэдэг үгнээс өөр оновчтой үг олж чадсангүй.
Орослог үндэстний ой санамжийг бий болгох нь зөвлөлт үндэсний ой санамжийг бий болгохтой ижил амаргүй ажил боловч төр оршихын тулд заавал хийх ёстой ажил. Үндэсний ой санамжгүй төр богино настай.
2014 онд Их Новгород хотын ойролцоо Валдай нуурны хөвөөнд болдог Олон улсын мэтгэлцээний клуб “Үндэсний ой санамж ба Орос улсын ирээдүй” нэртэй илтгэл тавьжээ. Уг илтгэлд орослог үндэстний өнөөгийн ёс, зорилго тэмүүлэлийг тод тусгажээ.
Зорилго тэмүүлэлийн хувьд ОХУ-ын Аюулгүй Байдлын Үндэсний Стратегийн Урт хугацааны Үндэсний зорилго хэсэгт ОХУ-ыг дэлхийн их гүрэн болгоно гэж оржээ. Орос орон Үндэснийн хэмжээний 12 төслийг хэрэгжүүлснээр Дэлхийн 5-р эдийн засаг болно гэж оруулжээ. Валдай Олон улсын мэтгэлцээний клуб дээр орослог үндэстний ёсыг нилээд тод оруулжээ.
Оросын Холбооны Улсын Үндэсний ой санамжинд хуучин ЗХУ-ын хэрэгжүүлж байсан бодлогууд орсон нь мэдэгдэж байна. Өөр зам байхгүй.
Ингээд Ялалтын баяр 75
Ялалтын баяр нь В.В. Путины нүдээр Нацист Германаас газар усаа хамгаалсны, Нацист Германыг ялсны баяр төдийгүй Орослог үндэстний ой санамжинд мөнхөд суух дундын түүх. Энэ утгаар Ялалтын баяр нь өөрөө ОХУ-ын бэх батын үндэс болж байна. Ялалтын баярт оруулсан шинэ зан үйл нь “Бессмертный полк” буюу “Мөнх хороо” болно. Олон арван сая хүн Дэлхийн хоёрдугаар дайнд амиа өгсөн, оролцсон баатар дээдэс, элэнц хуланц, буурай аав ээж, ээж аав, ах эгч нэрийнхээ зурагтай жагсана. Энэ шинэ зан үйлээр Орос төр эрх мэдлээ зузаатгаж, ард олныхоо хүчин зүтгэл болон алдар гавъяагаа мандуулж байна.
“Ард олноо өвөг дээдсийнхээ зан үйлээр удирддаг үндэстэн хөгжлийн дардан зам дээр гарна. Өөр буюу доод хэлбэрийн удирдлагыг сонгосон үндэстний ард үндэстэн мөнхийн зовлонд оршино” гэдэг санааг Сыма Цяни гаргасан байдагчлан В.В.Путин өвөг дээдсийн зан үйлд шинэ утга оруулан үндэстнээ удирдаж байна.
Энэ удаагийн нийтлэлээр Ялалтын баярын тухай биш Ялалтын баяр нь Орос болон Орослог үндэстний ой санамжинд ямар чухал гэдгийг харуулахыг зорив.
Наадам 2229
Энэ жил Тулгар төрийнхөө 2229 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойг Монгол улс Үндэсний Баяр Наадмаараа тэмдэглэнэ. Хүн үндэстэн өнөөгийн монголчууд бид Үндэсний баяр Наадмаа Ерөнхийлөгчийн нээлт, нээлтийг арга хэмжээ, хуушуур, бөх, морь, сур гэх наадгайтай төдий өнгөц төсөөлөхөөс Төрт ёсныхоо зан үйлийг дээдлэн, үндэстний ой санамжийг бадраах гол баяр гэж хараагүй өнөөг хүрэв. Түүхэн эх сурвалжаар Хүн үндэстэн эхэлж төрийнхөө ёс заншлыг гүйцэтгэнэ, дараа нь наадна.
Эрт дээр үеэс Лүнгийн тахилганд орон нутгын удирдлагууд маш холоос ирж оролцдог байжээ (Энэ тухай өгүүсэн). Өнөө Архангай, Баян-Өлгий, Булган гэх орон нутгын засаг дарга нар Төрийн баяраар нийслэлдээ ирж төрийн зан үйлийг хамтаар билэгдэн үйлдэх ёстой. Ийм үйл хийж байж л манай өвөг дээдэс газар усныхаа бүрэн бүтэн байдлыг илүү сайн хангаж байжээ. Ийм мэтээр төрийн зан үйлээ сэрээх үүрэгтэй бид.
Зан үйл гээгддэг боловч түүнийг сэрээж болно. Төрийн зан үйлийг сэрээхдээ хүмүүний сэтгэл мэдрэмжээс эхэлнэ. Зөвхөн хүний чанар дээр тулгуурлан төрийн зан үйл болон түүнд орох ёсыг боловсруулан сэрээнэ. Нэн эртнээс ингэж л зан үйлийг бий болгож байжээ. Эрт дээр үед байдал ийм байжээ, өдгөө Монгол улс зан үйлийнхээ мөн чанарыг сэрээж үр хойчисдоо өвлүүлэх үүрэгтэй.
Хүн үндэстэн монголчууд аа! Наадахын төлөө наададгүй юм байна. Ёс дагаж зан үйлээ хийчээд ёсчлон нааддаг юм байна.
Хоёр үндэстний ой санамжийг товчхон харьцуулая.
- Орослог үндэстний хувьд олон үндэстнийнхээ түүх соёлоос дундын түүх соёл үүсгэх нь бэрх ажил. Хүн үндэстэн бидний хувьд ийм бэрхшээл байхгүй.
- Орослог үндэстэн зорилго тэмүүллээ иргэн болгондоо билэрэгдэхээр нарийн тодорхойлж чаджээ. Хүн үндэстэн бидний зорилго тэмүүлэл туйлын тодорхойгүй. Дөрвөн жилийн настай сонгуулийн мөрийн хөтөлбөрт зах зух төдий харагдана.
- Орослог үндэстэн төрийнхөө ёсыг шинэчлэн тогтоож, зан үйлээр ард түмнээ нэгтгэн удирдаж байна. Хүн үндэстэн бид төрийнхөө ёсыг шинэчлэн тогтоох ажил хийх ёстой гэдгийг ухаараагүй явна. Төрийн зан үйлээр ард түмнээ нэгтгэнэ гэдэг ухагдахуунаа бид билээргүй явна.
В.В.Путины хийж бүй үйлээс монголчуудад ухаарах зүйл байна гэж энэхүү нийтлэлийг бичиж байна. Үндэсний ой санамж сэргээгч, эх сурвалж судлаач СИЭ ТББ нь ОХУ-д болж буй Орослог үндэстний ой санамжийг бий болгох үйлийг нягт ажиглаж байна. СИЭ бүх юмыг судалж эс чадах учир үндэстэндээ хэрэгтэй болгоныг сорчилж байгаа.
Ингээд энэхүү нийтлэлээ Сыма Цяни үгээр өндөрлөё “Зан үйлийн мөн чанарыг тунгааж чаддаг нэгнийг сэхээрэх чадвартай гэнэ. Сэрээх чадвартай нэгэн нь зан үйлийг өөрчлөхгүй мөрдөж чадаж байвал түүнийг тууштай нэгэн гэнэ. Зан заншлынхаа мөн чанарыг ухааран сэхээрч, түүнийгээ өөрчлөхгүй тууштай мөрддөг нэгэн нь энэ зан үйлийнхээ ёсонд хайртай бол түүнийг билгэ нэгэн гэнэ гэж билгүүн дээдэс өгүүлдэг байжээ”.