"Алтан дэвтэр" үндэстнийнхээ түүхэн эх сурвалжийг сэрээх цаг хугацаагаа нийтэд амлаж СИЭ ТББ ажилдаа ороод сар хүрээгүй хугацаанд маш шахуу ажиллаж байна. Бид төлөвлөгөөнөөсөө хоцорч байгаа ч ажлын хурд өсөж байна. Бид өгүүлбэр бүрээр синтаксис задаргаа хийн, өгүүлбэр бүрийн утгыг гаргаж, өгүүлбэр бүрийг бүтцээр нь ангилан кодолж байна. Мөн үг бүрээр морфологын задаргаа хийн, үгний эх бичвэрийг хадан бичээс, Диван Лугат толиноос сэрээж, эх утгыг нь тогтоож байна.
Манай Алтан дэвтэр эх сурвалж нь эхнээсээ дуусталаа утга төгөлдөр болж байна. Ийм эхлэл манууст харагдаж байна. Манай судалгааны үр дүн С.А.Козины судалгааны үр дүнгээс үг зүй, өгүүлбэр зүй, утга зүйгээр зэрэг дээгүүр болно. Үүнийг ухагч та удахгүй билэрнэ.
Бид судалгааныхаа өчүүхэн хэсгээс дэмжигч, дагагч нарынхаа хүсэлтээр цаг зав гарган өөрийн сайт, хуудас, бүлгээр хүргэж байгаа. Ихэнхи дэмжигч, дагагч нар зөв сэргээлтийг баяртай хүлээн авч буй.
Харин Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа нарын “Монголын нууц товчоо” номыг судлан зэрэг хамгаалсан, уг номыг туйлын үнэн гэх итгэл үнэмшилтэн нөхөд бухимдалтай байгааг бид мэдэрч байна, тэднийг ойлгож байна.
Тэд иймэрхүү коммент бичжээ:
- “Хэт өөрийгөө дөвийлгөх юм. Өмнөх үеийн алдаа оноо дээр суурилан хөгжих нь жам. Бичсэн зүйлсийг нь харахад өмнө үеэ үргэлж нулимах юм”.
- “Дамдинсүрэнгийн бичгээр бичих мөртлөө Дамдинсүрэнг муулах нь хөгжилтэй. Хүн муулахгүйгээр бичиж чадахгүй юу. Бичвэрээс чинь өмхий үнэртэж байна”.
- “Энэ нэг мэдрэл муутай сэргэлэн гээчийг яах вэ. Эрдэмтэн судлаачид нь арга хэмжээ аваачээ. Нууц товчоог анхлан нийтэд танилцуулсан гавьяатай хүнийг ингээд байх юм. Юу хийсэн үзсэн гэж энэ их хүнийг ингэж хэлж чадаж байна аа”.
Энэ бүхэнд байр сууриа илэрхийлье. Ц.Дамдинсүрэн эх сурвалж дээр үл ажиллан С.А.Козины 1941 онд гаргасан “Нууц товчоо” номыг өөрийн орос хэлнийнхээ мэдлэгээр, зохиомол “шинэ монгол” хэл рүү 1947 онд хөрвүүлэн “Монголын нууц товчоо” нэрээр ном гаргажээ. Ш.Чоймаа эх сурвалжаас үг оруулан С.А.Козиныг хуулжээ. Энэ бүхэн эх сурвалж судлаач манууст тодоос тод харагдаж байна. Нэг үгээр хэлвээс ийм чухал үндэстнийнхээ түүхэн эх сурвалжийг бид 79 жилийн турш зөвлөлт хүн С.А.Козины нүдээр цээжилж эрэв (байв).
СИЭ ТББ судлаачид С.А.Козинг эх хэлнээ Ц.Дамдинсүрэн шиг хөрвүүлэх ажил хийж байгаа бол Ц.Дамдинсүрэнгийн алдаа онооноос суралцана. Бид ийм ажил үл хийн буй тул Ц.Дамдинсүрэнгийн алдаа онооноос суралцах ямар ч учир шалтгаан бидэнд байхгүй.
Бид С.А.Козины хийсэн ажлын мөн чанартай ижил ажлыг 79 жилийн дараа хийж сууна. Нэг үгээр хэлэхэд эх сурвалж сэрээж сууна. Бид ажлынхаа үр дүнг юун түрүүнд С.А.Козинтой харьцуулж буй. Дараа нь Ц.Дамдинсүрэн С.А.Козинг хэрхэн хөрвүүлсэн тухай, Ш.Чоймаа С.А.Козинг хэрхэн хуулсан тухай өгүүлж бүй.
Бид Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа нарыг огтхон ч нулимаагүй. Бид өдгөө үеийн монголчууддаа, хожмын монголчууддаа харь хүнээр үндэстнийнхээ эх сурвалжийг судлуулж, харь судлаачийн шавь болж болохгүй гэдгийг анхааруулах ялдам Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа нар шиг хүний ажил орчуулах нь явцгүй гэдгийг тайлбарлан сууна.
Гарах “Алтан дэвтэр”-ийн агууламж С.А.Козины “Сокровенное сказание” номны нилээн олон хэсэгт орших агууламжаас зөрнө. Харь судлаач С.А.Козины хүн хэлний мэдлэгээс СИЭ ТББ-ын судлаачдын хүн хэлний мэдлэг дээгүүр байна. Иймээс Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа нарын “Монголын нууц товчоо” номонд орших утга буруу хэсгийг бид та бүхэндээ таниулж байгаа.
“Алтан дэвтэр” эх сурвалж сэрээгдсээр манай түүх хэлнийхны дунд орших харийн судлаачдыг бурхан мэт үздэг “боол сэтгэхүй” үгүй болно. Өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа чулуун бичээсийг харийнх гэдэг судлаачид үгүй болно. Өөрийн нутаг дээр байгаа чулуун бичээсийг харийн хүнээр судлуулна гэх ухагдахуун үгүй болно. Харийн багшийн үнэнч шавь болох гэж хоорондоо уралдах явдал үгүй болно.
Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа багш нарынхаа номыг зөв гээн биширч яваа шавь нар нь багшийгаа хамгаалах үүрэгтэй. Үүний тулд манай судалгааг үгүйсгэх хэмжээний шинжилгээ судалгаатай нийтлэл бичих ёстой. Үүнийг бид баяртай хүлээж байна. Үүнд нь бид хариулт өгнө. Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа нар эх сурвалж судлах хэмжээний шавь бэлдэж чадсан болов уу?
Асуудал СИЭ ТББ-ын судлаач нар болон Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа нарын зарим шавь нарын хооронд байгаа юм биш. Асуудал үндэстний эх сурвалж судлал бий болгон үндэстний түүх, хэл, соёлынхоо дархлааг хамгаалахад оршино.