Бид түүхэндээ хэрхэн хандаж ирэв ээ?
Бид түүхэндээ хэрхэн хандаж ирэв ээ?
638 0

Өнөөгийн Монголчууд бид өнө эртний баялаг түүх-соёлтой, Төрт ёсны 4000-3500 жилийн түүхтэй, дэлхий дахины түүхэнд өөрийн өвөрмөц түүхээрээ нэн алдартай, олон улсад өнөөдөр “Монгол судлал” хэмээх манай түүх-соёл, хэлийг судлан шинжилдэг олон улсын байгууллагатай ийм улс орон дэлхий ертөнцөд хир олон билээ?

Бидэнд бахархан гайхуулах түүх-соёл байгаа шигээ, аугаа их түүх-соёлдоо эзний ёсоор бус хандсан зүйл бас багагүй байна. Өнөөгийн Монгол нутаг оршин байсан эртний төрт улсууд өөрийн түүхээ, соёлынхоо ул мөрийг археологийн дурсгалаар, бичиг үсгээр батлан тамгалж үлдээсэн нь бидний гол барих эх сурвалж болсоор байна. Евроазийн их хуурай газар дээр өөрийн суу алдар, төрт ёсны хүчээ гайхуулан захирч байсан Хүн улс \Хүннү ч гэдэг\, Монголын хэмээх тодотголтой Их Юань улс бутран сарниж, эзэмшиж байсан газар нутгаа, төрөө алдаж, онож 1911 онтой золгон Олноо Өргөдсөн Монгол улс хэмээн сэргэн мандахдаа “Зарлигаар тогтоосон Монгол улсын шастир”-ыг 10 орчим дэвтэрээр зохиох ажлыг Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх яамнаа эрхлэн хариуцуулж хийсэн байна. Энэ үеийн бичгийн мэргэд Эх түүхээ зохион бичихдээ жинхэн түүхэн эх сурвалжийг дотоод, гадаад эртний бичиг судраас сурвалжлан бичсэн нь тодорхой байдаг.

Манай нэрт түүхч А.Амар “Монголын товч түүх” бүтээлийнхээ “Оршил”-доо “...Монгол үндэстэн бол эрт хэдэн мянган жилийн үеэс эхлэн Ази тивийн дотор нэр сүрийг бадруулан явсан ба ялангуяа чингис хааны үед Ази, Европ хоёр тивийн хүнийг байлдан дийлж, гайхамшигт гавъяа түүхтэй явсан бөгөөд монгол угсаатан эрт дээр үед энэ мэт идэрхэг, хүчирхэгээр мандан явсан атал хожимын үед дорой буурай байдалд орж, аль хүчирхэг этгээдийн эрх мэдлийн доор ороход хүрч, бидний дээд өвгөдөд эзлэгдэн захирагдаж байсан бусад аймгууд нь харин биднийг эзлэн захирахад хүрээд, бидний өвгөдөөр удирдуулан явсан бусад үндэстэн нь харин бидний багш болоход хүрчээ...” хэмээн ямар ч онол, “зм-ийн” хүлээсгүйгээр түүхэн үнэнийг өгүүлсэн байдаг.

Монголчууд бид түүхээ өөрсдөө гуйвуулж эхэлсэн нь 1930-1980-аад оны үе болж таараад байна. Учир нь “улаан Оросын” нөлөөгөөр улс орноо удирдах, нийгэм журмыг байгуулах, түүх шастираа бичихдээ өөрсдөө биш гадны хүний хүсэл санаагаар гүйцэтгэх болсон нь бидний Монголчуудын түүх “гуйвах”, “худлаа” бичигдэх гол үндсэн нөхцөл болжээ. Энэ үед ноёлох үзэл суртал, шинжлэх ухааны судалгааны арга зүй нь “Марксист-Ленинст онол арга зүй” болж байсан учраас хүссэн ч эс хүссэн ч бид энэ “онолоор” зэвсэглэхээс өөр аргагүй болсон байна. Гэвч манай ахмад түүхчид энэхүү “Марксист-Ленинст онол арга зүй”-д захирагдан бичих ёстой түүхэндээ бас ч үгүй өөрийнхээрээ хандан, “анги-нийгмийн тухай болон марксист- ленинст формацын” тухай онолд нь таарауулж “феодалын түрүү үеийн улсууд” гэдэг томъёололын дор Хүн, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Киданы төрт улсуудынхаа түүхийг онолдуулан бичсэн байдаг.

1966 онд хэвлүүлсэн “БНМАУ-ын түүх” гурван боть зохиолын Оршилд “...Хуучин цагийн монгол түүхчид...их төлөв ноёлогч ангийн эрх ашгийг илэрхийлэгчид байсан тул хаад, ноёд хутагт хувилгаадын төр шашины түүх цадиг голчлон бичиж...” байсан хэмээн буруушааж, “...Монголын ард түмний түүхиг жинхэнэ шинжлэх ухааны ёсоор судлан боловсруулах 1921 оны хувьсгалын дараа эхэлсэн... тус улсад марксист түүхийн ухаан үүсэн хөгжихөд зөвлөлтийн түүхийн шинжлэх ухаан сайхан нөлөө үзүүлсэн...” гэх мэтээр тунхагласан байдаг. Чухам л энэ үеэс бид өөрийн түүхэндээ эзний ёсоор бус “хүний ёсоор хандаад эхэлсэн байна. Ганц түүх ч биш, монгол хэл бичиг, газар зүй гээд Монголын ард түмний хийгээд Төрт ёсныхоо түүхийг судлан шинжлэх гол тулгуур шинжлэх ухаанаа тус тусад хүрээлэн болгон салгаж “гурван тийшээ” харсан судалгааг хийх болсон байна.

2003 онд туурвисан “Монгол улсын түүх” 5 боть аливаа “изм-д” баригдаагүй мэт хийсэн харагдавч хар дээр цагаанаар бичигдсэн энэ таван боть түүх маань 1966 оны “БНМАУ-ын түүх” 3 боть зохиолоос дэлгэрэнгүй болсон боловч “социализмын үед” бичсэн үзэл санаа, утгаас нэг ч их холдсонгүй жаахан дэлгэрэнгүй бүтээл л болсон юм.

Шинжлэх ухаан гэдэг нь уг нь “шинжил, ухааныг нь ол” гэсэн үйлдэлийн нэр. Одоо харин “шинжлэх ухааны” нэр бариад уймарахын нэр болчихсон бололтой.

Монголын Түүхийн болоод Хэлний судалгаа хийж буй “шинжлэх ухаанч” биднийг бүр 2013 онд судлаач Д.Ганхуяг “... Монголын түүх болон хэл шиг хөгийн болчихсон, утга учраа алдчихсан асуудал гэж алга. Монголын түүхчдээс “шинэ юм” бараг юу ч гарахгүй байна. Монголын түүхчид өөрсдөө ажлаа хийж чадахгүй бол би хажуунаас нь оролцох л болно. Надад түүхэн үнэн хэрэгтэй болохоос түүхчдийн цол хэргэм, өмнөх гавъяа, алдар нэр ёстой пад байхгүй. Би монголынхоо түүхийг танин мэдэх эрхтэйгээ ирэх жилээс нотлон харуулж, шинжлэх ухааны системийн шинжилгээ гэж юу байдгийг харуулах л болно3...” гээд сэхээ орвол орохоор маш тодорхой сануулга өгөөд алдаагаа ухамсарлан түүх-соёл, эх хэлнийхээ судалгаанд эзний ёсоор хандахыг сануулаад өгчихсөн байна. “Цаас чичихээс нааш цоорохгүй, хүн хэлэхээс нааш ухаарахгүй” гээд Монголчууд бидний гүн ухаан энэ сануулгаар илэрсэн юм. Даанч бид тоохгүй явсаар өдий хүрчээ.

1990-ээд оноос хойш бид аливаа “онол”, “-змуудэд” автагдахгүйгээр түүхээ бичих, судлах боломж нээгдсэн боловч “сурсан юмыг сураар боож болдоггүй”-н үлгэрээр нөгөө л “Орос ах” нараасаа “сурсан эрдэмээ” тавьсангүй ээ. Тиймээс Монголчууд бидний эртний хүрэл зэвсэгийн эрин үеийн түүх нь “скифийн соёлын нөлөөтэй”, Хүннү, Түрэг, Уйгурын төрт улсын түүх нь “бидний биш нүүдэлчдийн түүх” болоод, одоо болохоор бидний аугаа их өвөг дээдэс Хүннү, Түрэг, Уйгурын түүх нь орчин цагийн Турк, Хасаг \Казакстан\, Хиргис \Киргисстан\ улсуудын өвөг дээдэс ч болчих гээд байх шиг байна.

Үгүй ээ Монголчууд бидэнд аугаа түүхээ судлах үндсэн эх сурвалж, археологийн буюу эртний судлалын маш их өв эртний булш хиригсүүр, хот суурингийн үлдэгдэл, хадны зураг, бичээс гээд дотоодын түүхэн эх сурвалжаас гадна бидний өвөг дээдэсийн байгуулсан эртний төрт улсуудтай хөрш зэргэлдээ оршин байсан эртний Хятадын Хан, Тан, Сүн улсын түүхчидийн бичсэн монголчууд бидний тухай тэмдэглэл, Арабын ертөнц хүчирхэг Хүн улс- монголчуудтай харилцах ухаанд сурахын тулд бүтээсэн Махмуд ал-Кашгари Диван Лугат ат-Турк хэмээх Хүн хэл-Араб хэлний толь, Рашид Ад-Дины “Шаштирын чуулган”, Жувейны “Ертөнцийг байлдан дагуулагчын түүх” гээд сураад, хайгаад, судлаад байвал далай шиг их түүхэн эх сурвалжууд байна.

Түүхчид, хэл шинжлэлийн “эрдэмтэдийн” хүртсэн эрдмийн зэрэг цол багадаагүй ээ, харин бичсэн судалсан ажил нь эрдмийнхээ зэрэг цолтой харьцуулбал ямар болоод байгааг нэг ухаарах цаг болжээ. ШУА-ийн харъяа хүрээлэнд ажиллаж, Их дээд сургуульд багшлан эрдэм шинжилгээний ажил хийх нь бусдаас илүү гэсэн үг биш, харин ч бусдаас илүү ихийг мэдэхийн төлөө боломж гэдгээ ухаарах цаг болжээ.

Монгол нутаг дээр байгаа гэрэлт хөшөө, хаданд мөнхлөн сийлж үлдээсэн бичгийн эх сурвалжаа төрөлх хэлээр уншиж, тайлахгүйгээр түүхээ судлаж бичих боломжгүй. Өөрийнхээ нутаг дэвсгэр дээр байгаа Орхоны сав нутаг дахь Бильге хаан, Куль-Тегины гэрэлт хөшөө, Туул голын сав орших Мэргэн сайд Тонь-Кукын гэрэлт хөшөө, бусад хадны бичгүүдээ “харь хүний хэл бичгээр” тайлж уншиж байна хэмээн өөрсдийгээ хуурахаа болъё. Бидний түүх-хэл шинжлэлдээ ингэж “хүний сэтгэлээр” хандаж буйг далимдуулан хаа хамаагүй Турк улс “бидний эх хэл, бидний эх нутаг” манай түүх-соёл, хэл бичиг рүү өнгөлзөөд, санаархаад байгааг, Монголын төр засгийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнууд улам өөгшүүлэн “ Уугуул нутагтаа тавтай морил” ч гэх шиг, “угсаа гарал нэгтэй ах дүү нар минь хөрөнгө оруулалт хий” ч гэж байх шиг...

Ингэж эх нутаг, түүх-соёлоо бусдад найр тавьж өгч болохгүй. Хүн л болсон хойно төөрч будилж, алдаж эндэж болно. Түүнийг засаад, залруулаад явж болдог. Төрөлх газар нутгаа, түүх-соёлоо бусдад алдчихав харин хэзээ ч буцааж авч чадахгүй. Ийм жишээ Миний Монголын газар нутгийг тойроод хангалттай байна.

Зөвлөлтийн шинжлэх ухаан гайхамшигтай хэмээн “сохроор итгэж” явсан үе ард үлдсэн. Улс үндэснийхээ түүх-соёл, эх хэлээ Монгол хүнийхээ нүд сэтгэлээр харах цаг нь болж. Бидний түүх бол “нүүдэлчдийн түүх биш харин бэлчээрийн мал аж ахуй эрхлэх соёлыг бүтээсэн улс үндэстний түүх. Нүүдэлчин гэдэг бол “өнөөдөр энд хоноод маргааш өөр газар очоод, нөгөөдөр бас дахиад өөр газар очиж хоноглоод явдаг цыганууд, Арабын элсэн цөлийн тэмээтэй нүүдэлчид.

Монголчууд бид өнөөгийн Монгол улсынхаа нутаг дэвсгэр дээр мал аж ахуйн эдийн засаг дээр суурилсан хүчирхэг улс гүрнүүдийг байгуулж ирсэн. “Хаанаас ч нүүж ирээгүй, хашаа ч яваагүй энэ л нутгийнхаа эзэд байсаар лавтайяа 800 000 жилийг ардаа орхиж. Энэ хугацаандаа мандан бадарч, доройтон сөхөрч үзсэн болохоос хаа нэгтэй зайлан алга болоод, хаа нэгтэйгээс гэнэт гарч ирээгүйг Монгол нутаг дахь эртний чулуун зэвсгийн үеийн бууц суурин, хадны зураг, хүрэл-төмрийн эрин түүхэнд холбогдох эртний булш хиригсүүр, Буган чулуун хөшөө, хадны зураг, бусад бүх төрлийн булшнууд, Монгол нутагт Төрт улсаа байгуулсан Хүн, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Монголын төрт улсууд, тэдгээрийн үлдээсэн булш, хот суурин, бичиг үсгийн дурсгалууд, Монголчууд бид өөрсөө түүх-соёлынхоо үндсэн эх сурвалж болоод бэлээхэн аж төрж байна.

“Сэргэлэн интернашинал экспедишин” ТТБ түүний гишүүд дэмжигчид Хүн-Монгол улсынхаа түүхэн бичгийн эх сурвалжуудыг нэхэн сэргээж уншин, тухайн цагт өмнө зүгт хөрш зэргэлдээ оршин байсан эртний Хятадын төрт улсууд, баруун зүгт оршин байсан эртний Арабын улсуудын түүхэн бичгийн эх сурвалжуудыг харьцуулан эх түүхээ “сургаар биш түүхэн эх сурвалжаа сэрэн сэргээж” Монгол нутаг дахь археологийн дурсгалуудаар давхар баталгаажуулан судалж, бидний эхлүүлсэн Хүн бичгийн сургалт өнөөдөр хоёр удаагийн төгсөлтөө хийгээд, гурав дахь элсэлтээ вах гэж байна. Монголынхоо түүх-соёлд элэгтэй, чин зүтгэлтэй хүн болгонд бидний үүд хаалга нээлттэй байна.

Бидний Монголчуудад байгалиас заяасан тансаг бэлчээр бүхий баян нутаг, түүн дээр тулгуурлан тогтнон оршдог мал аж ахуй, түүнийг түшиглэсэн хамгийн тогтвортой аж ахуй өнөөг хүртэл уламжлагдан ирсэн бөгөөд бусад хүн төрлөхтөний нэгэн адил эртний Хятадын соёл, Энэтхэгийн соёл, Грекийн соёл, Ромын соёл гэдэг шиг “Бэлчээрийн мал аж ахуйн соёл” хэмээх дэлхийд гайхагдсан соёлыг бүтээсэн байна. Түүнээс “нүүдлийн соёл иргэншил” биш. Байгаль дэлхийгээ маш сайн мэддэг байсан учраас бидний эрхлэн байсан мал аж ахуйн соёл нь байгальтайгаа хүйн холбоотой, бусад хүн төрлөхтөний нэгэн адил өнгөт төмөрлөг алт, мөнгө, зэс, тугалага, цайр зэргийг өргөн ашиглан хэрэглэхдээ байгалиа огтхон ч сүйтгэсэнгүй. Монголчуудын түүхийн бүхий л үеийн турш байгалийн ган гачиг, зуд турхан болж байсан ч “хүн өлсөж өлбөрч үхсэн” нэг ч түүх, баримт байхгүй. Гэтэл газар тариалангийн соёл эрхлэн амьдарч байсан Ази, Европын олон улс орнууд, ард түмний түүхэнд ган гачиг болох, зуд турхан болоход л хүмүүс нь үй олноороо өлбөрөн үхээд байсан түүх цөөнгүй байдаг.

Бидний Монголчуудын эрт эдүгээгийн түүхэнд ган гачиг, зуд турхан болоход нутаг сэлгэн аж ахуйгаа авран хамгаалаад өнгөрч байсан болохоос хүн амаа үй олноор нь алдаж байсан түүх үгүй. Дэлхийд гайхагдсан ийм арвин баялаг аж ахуйн түүхтэй, соёлтой улс орон тийм ч олон биш байхаа. Харин нь Улс төрийн түүх нь нэгдэж нягтарсан цагтаа хүчирхэг байж, эв нэгдлээ алдсан үедээ “бусдын идэш” болсон гашуун түүх үе үе гарч байсан. Өнөөгийн бид түүхээсээ сургамж авахгүй байгаа учраас л өнөөдрийн Монголын минь дүр төрх “бараан” болчихоод байна. Түүхийг бид шүүдэггүй, аугаа их сайн сайхан түүхээрээ бахархдаг, алдсан, будилсан, эвдэрсэн түүхээсээ гашуун сургамж л авдаг. Түүхэн сургамжаа мартах эрх үгүй, байгаа түүхэн эх сурвалжаа судлахгүй орхих эрх бүүр ч байхгүй.

Битигч Хатиган овогт Димаажавын Эрдэнэбаатар
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...