Наадам ба Лүнгийн чуулган
Наадам хэзээ үүссэн бэ гэхээр 1921 оны Ардын хувьсгалд зориулж хийдэг учир 1921 онд үүссэн гэж зарим нь хэлнэ.
490 1

Ахмадууд нь Даншиг наадам гэж байдаг тул Манж Чингийн хур байхдаа хийж байсан гэж өгүүлнэ. Долоон хушуу даншиг гэж Занбазарт зориулсан наадам гэх ч хүмүүс байна. Тэгэхээр байгаа орчин цагийн мэдээллээ эргэж цэгнэхээр: Нэгт мануус наадам хийхийн тулд наадам хийдэггүй юм байна. Энэ том баяр наадам заавал зориулж буй эзэнтэй байдаг юм байна.

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулан Үндэсний их баяр наадмыг өнөөгийн Монгол төр хийж байна. Тэгэхээр 2228 жилийн өмнөх Модон шанью, 98 жилийн өмнөх Ардын хувьгал хийгчдэд уг наадмыг зориулж байна. Эзэд нь тэд буюу Наадмыг өвөг дээдэсдээ зориулж хийдэг юм байна. Өвөг дээдсийн тодорхой алдар гавьяаг сэрээж буй үйл юм байна. Үүнийгээ төрийн тэргүүн нь наадмыг нээхдээ өгүүлнэ.

Ингээд түүх сөхөцгөөе. Манай он тоолол огт солигдоогүй, мөн арван хоёр жил амьтан Хүн үндэстний дээдсийнх болох тухай, Луу нь хүн үндэстний дээдсийнх болох тухай СИЭ эх сурвалж, нотолгоо баримтаар өгүүлсэн болно. Хүн гүрний гурван том баярын хоёрыг нь энэ өдгөө Монгол улс тэмдэглэж байна.

Сым Цяни (НТӨ I зуун) “Түүхэн Тэмдэглэл” номны Хүннүгийн шастирт: “Цаг оны анхдугаар сард ахлагч нар Шаньюгийн ордонд бага чуулганд ирж өвөг дээдэсдээ тахилга өргөнө. Цаг оны тавдугаар сард Лүн хотод их чуулганд ирж Тэнгэр газарынхаа навдаг савдагт тахил өргөнө. Намар адуу таргалахаар дахин их чуулганд Далинд ирж хүн малынхаа тоог өгнө”.

Энд гарч буй гурван баяр нь мал ахуйтны ахуй амьдралын мөчлөөгөөс үүсэлтэй.

Үүнийг Григориан он тооллоор хэлэх юм бол нэг сарын сүүлч хоёр сарын дундаас Цаг он сарын баяр хийнэ. Хоёр сар дээр таван сарыг нэмэхээр Григориан он тооллын долоон сар Сыма Цяни бичиснээр 5-р сар болно. Намар адуу таргалахар гэдэг нь Намрын сүүл сарыг өгүүлж байна. Энэ нь хүн малын тоог төвдөө хүргэдэг том баяр байжээ. Энэ нь Григориан он тооллоор 11 сарын эх болно. Тэгэхээр Цаг оны 5-р сарын баяр нь өнөөгийн 7-р сартай таарч байна. Уг бичигт өвөг дээдэсдээ тахилга өргөнө гэдэг Наадмыг хэнд зориулж хийж байна гэдэгтэй таарч байна. Харин уул усны тахилга, наадмыг Хүн гүрэн хамтад нь хийдэг байжээ.

Фан Э (НТ 389-445 он) Хожуу Хан улсын бичиг Өмнөд Хүннүгийн шастирт: “Хүннүгийн заншилд жилд гурван тахилга бий. Үргэлжид цагаан сар, таван сар, есөн сарын (есөн сар гэдэг нь цагаан сарын дараахи есдүгээр сар гэдэг нь өнөөгийн 11 сарын орчим) нохой өдөр тэнгэр сахиусаа тахина. Өмнөд шанью дотогшоо дагаснаас хойш, хятадын Ди-г хамтатган тахих болов. Олон аймгууд хурж, төрийн хэргийг зөвлөлдөн, морь болон тэмээ уралдуулна цэнгэлдэнэ”. Энд Хүннү нар гурван үндсэн тахилгатай тухай, Өмнөд Хүннү нар морь, тэмээ уралдуулж цэнгэлдэнэ нааддаг тухай маш тодорхой өгүүлжээ. Манай тэмдэглэгдсэн түүх сүүлийн 2200 гаруй жилийн хугацаанд өөрчлөгдсөнгүй. Гэр махны баяр буюу 11 сарын баярын тухай СИЭ хожим өгүүлэх болно. Харийн төрийг дагажу харийн төрийн баяр Ди-г хамтатган тахих болжээ тэд.

Ли Янь-Шоу (VII зуун) Умард төрийн түүх Түрэг Тэлэд: “Бас таван сарын дундуур бусад хүмүүсийг цуглуулан тэнгэр сахиусаа тахина”. Тэгэхээр манай Ойрдын дээдэс Түрэг төр 700 жилийн урьдах хүн төртэйгээ ижил, өнөөгийн үр хойчис Монгол улсад төрийн баяраа залгамжлуулжээ. Энэ бүхнээс харахад өнөөгийн Монголчууд бидний Үндэсний Их Баяр Наадам гэдэг нь бичигдсэн 2200 жилийн түүхэнд ангит төртэй байх үедээ хийж байсан чуулган юм байна. Уламлагдаж ирсэн баяр юм байна. Уг баярыг Тулгар төр байгуулагдсаны гэж эхэлдэг нь түүхэн баримтаар гарцаагүй батлагдсан зөв шийдвэр болжээ. Уг баяр наадам нь хүн үндэстэн хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч яваагүй, түүх соёл газар усныхаа эзэн гэдгийгээ тунхаглаж буй Үндэсний баяр болно. Монгол төрийн Үндэсний Их Баяр Наадам нь түүх соёл түрэмгийлж буй Стамбулын туркууд шиг этгээдэд манай түүх соёлоос хол яв гэж монголчууд нэгтсэн дуугаар хэлж буй баяр болно. Уг Үндэсний Их Баяр Наадмын үндсэн гурван агуулгын эхнийх нь өвөг дээдэсдээ үзүүлж буй хүндлэл юм. Хоёр дахь нь Өвөг дээдсийнхээ газар усыг тахиж буй үйл юм. Гурав дахь нь Өвөг дээдсийнхээ арвин түүх соёл, газар усыг үр хойчисдоо өвлүүлнэ гэдгээ бүх Монголчууд андгайлж буй үйл юм. Манай Үндэсний Их Баяр Наадмын зорилго нь цэнгэлдэхээсээ илүү утга учрыг тээж буйд оршино.

Сайхан Наадарай!

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Зоригоо
2020-07-07 · 202.126.88.163
Наадам шинэ үзэл санаа агуулгаар баяжиж байгаа нь тун чухал юм. Баярлалаа