Би Монголын түүх, археологийн судалгаанд 30 жил ажиллажээ. Өнгөрсөн он жилүүдэд би Монголынхоо эх түүхийн судалгааны эх сурвалжийг илрүүлэн олохын төлөө тууштай ажиллаж ирлээ. Яагаад өнөөдөр Монголчууд бидний түүхэнд, өмнөх үеийн бүх түүхийн бичгийн болон археологийн эх сурвалж ус агаар шиг хэрэгтэй болоод байгааг би тайлбарлахыг хичээе.
Миний ид суралцаж археологич мэргэжил эзэмшиж байсан цаг үе бол түүх-археологийн шинжлэх ухаанд алдарт “марксист-ленинст онол арга зүй” ид ноёлож байсан үе. Би ч энэ онол арга зүйд итгэж байсан үе бий. Гэвч ямар ч судалгаа шинжилгээний ажил хийдэг хүн “Яагаад?” гэдэг асуултыг байнга өөртөө тавьж байх хэрэгтэй гэж зааж сургаж байсан ухаант багш нарынхаа сургаалийг үргэлж санаж явсаны хэрэг, “марксизм-ленинизмын онол арга зүй” манай Монгол улсын түүхийг судлахад таарахгүй байсныг олон жишээ баримтаар мэдэрч ойлгож ирсэн юм.
Бидний Монголчуудын түүхийг тэр дундаа монгол хүн яаж бий болсон үүх түүхийн тухай асуудлыг түүхийн шинжлэх ухаанаар авч үзэхээр “Манай эрины 10-р зууны үеэс түрэг хүмүүс баруун талаас нүүж ирээд, тунгус хүмүүс зүүн талаас нүүж ирээд өнөөгийн Монгол нутагт энэ хоёр угсаатан уулзаад дундаас гарсан шинэ угсаатан бол Монгол юм” Оросын эрдэмтэдийн гаргасан энэ шинжлэх ухааны онол арга зүйг залхталаа сонсож, уншиж байлаа. Гэвч надад “Яагаад?” гэдэг асуулт байнга тавигдаж байсан юм. Бүр энэ тухай барин тавин бичсэн, хэлсэн эх сурвалж нь хаа байгаа юм бол? гэж асуудаг, хайдаг байлаа. Гэтэл Монгол нутагт Орхон голын савд орших эртний алдартай хадны бичээсүүдийг яагаад монгол хэлээр уншигдахгүй, яагаад Монголын түүхийн бичгийн үндсэн эх сурвалж болохгүй байгааг, гайхан өөрөө өөрөөсөө асуусаар байсан юм.
Харин бидний Монголчууд өнөөдөр хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээд явчихаагүй ард түмэн болохыг өөрийн 30 жилийн турш судалсан судалгааныхаа ажлын үр дүн, туршлага, мэдлэгээр баттай ойлгож авлаа. Яагаад хамаа хамаагүй улс орон, ард түмэн бидний түүх-соёлыг булаалдаад байгаа юм бэ? Яагаад бид өөрсдийнхээ түүх-соёлд эзэн болохгүй байгаа юм бэ? гээд олон асуулт, “яагаадууд” намайг ээрсээр л байна. Монголчууд бидэнд “эзэн нь хичээвэл заяа нь хичээнэ” гэгчээр эдгээр асуултанд хариу өгч чадахаар бичгийн болон археологийн судалгааны эх сурвалжууд хангалттай байна. Бид хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээд “алга” болчихоогүйг өнөөдөр манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр оршин байгаа эртний археологийн дурсгалууд болох, гэрэлт хөшөөнүүд, булш, хиригсүүрүүд, хот суурингийн үлдэгдэл, тэдгээрээс олдсон археологийн эдийн болон оюуны соёлын үлэмж хэмжээний эх сурвалжууд гэрчлэн харуулж байна.
Хүн улс хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч яваагүй “Буган чулуун хөшөөт хиригсүүрийн соёл”, “Дөрвөлжин булшны соёл”-ыг үлдээгч нарын ул суурин дээр 2200 жилийн тэртээ өөрийн алдарт Төрт улсаа байгуулан 500-600 гаруй жил оршин тогтножээ.
Бидний Монголчуудын түүхэнд Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур нэртэй олон улс ээлж дараалан оршиж, нэг нь нүүж ирээд, нөгөөгөө ээлж дараалан хөөж явуулаад байсан юм шиг, “нүүдэлчид” гэдэг худлаа нэр томъёо зохиож өгөөд нутаг оронгүй, хүмүүс нүүж ирээд бидний түүхийг “бүтээгээд” байсан юм шиг буруу бичиж байсан цаг одоо ард хоцрох болсон.
Хангай нурууны орчим, Орхон-Тамирын бэлчир, Хануй \Хааны\ гол, Хүнүй \Хүний\ голын сав нутагт Өтүгэнээр төвлөрсөн бидний өвөг дээдэс үеийн үед энэ л нутагтаа бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлэн, дэлхийн хүн төрлөхтөний соёл иргэншилд “бэлчээрийн мал аж ахуйн соёл иргэншил” гэдэг хамгийн тогтвортой хөгжлийн замыг туулсаар иржээ. Бидний Монголчуудын бүхий л үеийн түүхэнд зунд нь ган гачиг, өвөлд нь цас зуд болж байсан түүх олон бий гэхдээ хүн үй олноороо үхэж үрэгдсэн түүх байхгүй. Учир нь байгаль дэлхийдээ ойрхон, байгаль дэлхийнхээ ааш араншинг маш сайн мэддэг байсан учраас байгалийн аливаа гамшиг болоход нутаг сэлгэж хүн, мал аль алин нь мэнд амар өнгөрдөг байсан юм.
Аугаа их Хүн улсын үеэс үүсгэн хэрэглэж эхэлсэн хадны бичиг энэ л Орхон голын сав нутагт, Хангай хаандаа “хүн-монгол хэлээр, хүн-монгол бичгээрээ” бичээд тамгалаад үлдээчихсэн байна. Бильгэ хаан, Куль-Тегин, Тонью-Кукын бичээс, Могойн Шинэ усны гэрэлт хөшөө, Элтэрэс хааны гэрэлт хөшөө, Тэрхийн гэрэлт хөшөө зэрэг олон бичгийн сурвалжуудаа бид “хүний хэлээр” “түрэг-турк-казак” хэлээр унших гэж мунгинаж төөрсөөр өдий хүрчихсэн байна. Яагаад уугуул нутагтаа байгаа “түүхэн бичгийн эх сурвалжаа бид яагаад төрөлх хэлээр уншиж, эх түүхэндээ сурвалж болгож ашиглахгүй байгаа юм бол?”, “Яагаад бидний Монгол нутаг дахь хадны бичээс хүний хэлээр уншигдаад байгааг” гайхсаар өдий хүрсэн юм. Гэтэл Бидний өвөг дээдэсийн бичиж үлдээсэн хадны бичгийн дурсгал өнөөдөр дахин зөв голдрилоороо сэргэн “Сэргэлэн интернашинал” ТББ-ынхан хүн-монгол хэлээр сэргээн уншиж Монголын түүхийн бичгийн эх сурвалжийг сэрээж эхэллээ. Түүхэн бичгийн эх сурвал болгох боломжийг бүрдүүлж эхэллээ. Монголчууд бидний түүх, хэл бичиг соёлыг өөртөө нааж эртний түүхтэй, соёлтой болохыг эрмэлзэн санаархагч орчин цагийн Турк, Хасаг \Казакстан\ зэрэг улсын төрийн бодлогод бид эх түүхээ, эх сурвалжаа зөв сэрээн судлах ажлаар хамгаалалт, дархлаагаа бий болгоно. Үндэсний түүхийн үндсэн эх сурвалжаа бид олж гаргах, судлах үүрэг, зорилго, бодлого Монгол улсын маань Төрд байх ёстой.
Хүн-Монгол хэлний хадны бичээс зөвхөн бидний мэдэж байгаа цорын ганц түүхэн бичгийн эх сурвалж биш, бидний оршин байсан эрт үед, тухайн цагт Хүн-Монгол улсуудыг тойрон хүрээлэж байсан эртний Хятадын Хан улс, Тан улс, Арабын ертөнцийн улсууд бидний түүхийг өөр өөрийн түүхийн бичгийн эх сурвалжиндаа бичиж тэмдэглэж үлдээсэн нь Бидний Монголчуудын бичгийн эх сурвалжуудыг давхар баталгаажуулсан, хамгийн үнэ цэнэтэй бичгийн эх сурвалжууд болоод байна.
Бүүр 1000 жилийн өмнө бидэнтэй харьцах гэж бидний хэл, бичгийг сураад толь хийсэн нь өдгөө бидний Хүн-Монгол хэлээ зөв сэргээн хэрэглэх хамгийн сайн бичгийн эх сурвалж болоод байгаа Махмуд ал-Кашгари Диван Лугат ат-Турк хэмээх толь бичигт аль манай эрины 11-р зуунд хэвлэгдэн гарчээ. Гэтэл өнөөдөр МУИС-ийн дэргэд Турк улсаас 100 хувь санхүүгийн дэмжлэг авдаг, Түрэг судлалын хүрээлэн гэдэг байгууллага, Монгол улсын үндэснийхээ түүхэн бичгийн эх сурвалж хадны бичгийг өөртөө хүчээр нааж авах гэж оролдож буй харийн Төрийн бодлогыг МУИС-ийн эрдэм судлалын, монголын түүх-хэл шинжлэлийн судалгааны гол бодлого болгоод явж байна. Бидэнд өнөөдөр цалин хангамжаас илүү ирээдүйн Монгол улсын өнгөрсөн түүхийг хүнийх байлгах уу? өөрийнх байлгах уу? гэдэг Монгол Төрийн бодлого үгүйлэгдэж байхад, улс үндэсээ гэж бодох ёстой түүхч, эх сурвалж судлаач нар Турк улсын төрийн бодлогод хөтлөгдөн, тэдэнд үйлчилээд байгаа нь нэн харамсалтай.
Бид хэн юм бэ? Аль нэг өөр үндэстэн, угсаатан, Төрийн хавсарга, эрхшээл дор байсан улс үндэстэн юм уу? Өөрөө бие даан оршин байсан улс үндэстэн юм уу? гэдэг асуултыг өөртөө, улсынхаа түүхэнд тавиад үзээч эрхэм хүндэт судлаач нараа???
Бидний Монголчуудыг үеийн үед хаашаа ч яваагүй, хаанаас ч нүүж ирээгүй давхар давхар батлаад байгаа бичгийн болоод археологийн дурсгалууд бидний эх нутгаар хангалттай байхад бид одоо хүний “сэтгэлээр” түүх- хэл соёлдоо хандаж, “хүний онолоор”, “хүний заавраар” түүхээ судлах шаардлагагүй юм.
Бид үндэснийхээ түүхэн бичгийн эх сурвалжаа зөв сэргээн унших, түүх-археологи, угсаатны соёлын өвөө зөвөөр, өөрийн гэсэн сэтгэлээр хандаж, үзэж судалсан цагт Монголчууд бидний үнэн түүх балрашгүй үлдэх боломжтой. Бидний аугаа их түүх, хэл, бичиг соёл өөрчлөгдөөгүй, гагцхүү эзэн хүний сэтгэл л дутаад байгааг эргэж харах цаг болсон. Түүхэн эх сурвалжид объектив, субъектив чиг хандлага бий, тэр нь Төрийн бодлого, шийдвэр гаргачид, түүх тэрлэгчдийн санал, нөлөөнөөс хамаарах хэдий ч өнөөгийн бидний судалгаанд ашиглаж буй хадны бичгийн болон археологийн эх сурвалжууд нь хангалттай объектив шинжтэй бодит түүхэн эх сурвалжууд гэдэгт эргэлзэх юмгүй. Тийм ч учраас түүхийн эх сурвалжийн үнэ цэнэ гэдэг юугаар ч солихын аргагүй үнэ цэнэ юм. Нэгэн ухаант хүн “Тагнуулч, түүхч хоёр адилхан юм, учир нь харьцангуй үнэнд хүрэхийн тулд эх сурвалжаа зөв олох, сонгох ёстой байдаг” юм гэж билээ. Тэр ухаант хүнтэй би судлаач хүний хувьд санал нэг байна. Улс орны эрх ашиг өөрийн өчүүхэн нэр ашгаас ямагт илүү байх ёстой. Эх нутгаа хайрлах хүн Эх түүхээ адилхан хайрлана. Хүний мөнгөөр өөрийн түүхээ буруу бичсэн, тайлбарласан тэр гэм нүгэл хойч үедээ үргэлж хараагдах болно. Өнө эртний түүхтэй Миний Монголын түүх, хэл, бичиг соёл мандан бадрах болтугай.