Үтүгэн нь мал аж ахуйтны төр, түүх, үсэг бичгийн төв нутаг ажээ. Үтүгэнээс дорно өмнө орших Улаан хад, Үтүгэнээс өрнө өмнө орших Үсүнь нь мал аж ахуйтны төр, түүх, үсэг бичгийн харьцангүй ангид, зах нутаг ажээ. Эдгээр нутаг дахь соёлын харилцан уялдааг Үсүнь нутаг дахь соёлыг үгүүлсний дараа та бүхэндээ хүргэнэ.
Үтүгэн соёл ба халх хүн
Үтүгэн нутаг
Орхон гол нь Үтүгэн уулсаас ундраглана. Нарийн утгаар Өндөр сант уулын эртний нэр нь Үтүгэн ажээ. Энэ тухай https://sergelen.org/post/11e6f2bd линкээс ухаарай. Үтүгэн нь өргөн утгаар Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав нутга болно. Хиргисүүр соёлт төр, дөрвөлжин булш соёлт төр, Галбирт (шоргоолжин) буюу Тэвшийн соёлт төрөөс үлдээсэн тэдний зан үйл, аж ахуйг үгүүлэх онгод, Хүннү төрөөс үлдээсэн Гол мод 1, Гол мод 2 бунхант онгод цаг үеийг илээсээр Үтүгэнд өнөө оршино. Орхон голын савын дээд бие болох Үтүгэн нь тулгар төр үүссэнээс хойш сүүлийн 2300 орчим жилийн хугацаанд Хүннү төрийн Лүн балга, Түрэг төрийн Орд өргөө (нийслэл), Уйгур төрийн Орд балга, Их монгол төрийн Хар хорин балга баригдсан мал аж ахуйтны төр улс, эдийн засаг, түүх, үсэг бичгийн төв ажээ.
Үтүгэн нэрийн тухай баримт
Үтүгэн гэх нэр Түрэг төрийн Гол тигэн бичээст ⁚𐰈𐱅𐰜𐰤⁚𐰘𐰃𐱁-Үтүгэн ойс; 𐰈𐱅𐰈𐰚𐰤⁚𐰘𐰃𐰼 -Үтүгэн йир (газар); Уйгур төрийн Шинэ могой усны хадан бичээст 𐰈𐱅𐰜𐰔 – Үтүгэн гээн тэмдэглэгджээ. Үтүгэн нь Хүннү төр, Жужан төр, Түрэг төр, Уйгур төр, Их монгол төр үүсгэгч хаад болон тэдний үр хойчсийн төр барьдаг нутаг ажээ. Үтүгэн нэр нь ийнхүү хадан дээр хүн үсгээр сийлэгджээ.
Үтүгэн гэх үг Дунд орны баримтат 24 түүхэн эх сурвалжид арвин тэмдэглэгджээ. ӨМӨЗО-ны профессор Учралт Хүннү хэлний судлал номдоо “Хойд Хан улсын бичиг-т Дөрөвдүгээр оны хаврын цагаан сард умард Хүннүгийн баруун гарын хүрээ ван Үтүкан 於除鞬 (ud i ok i an) өөрөө шанью болж, хилийн боомтод ирээд орж өгөх хэмээн гуйв” гэж бичжээ. Хамгийн анх Хойд Хан улсын бичигт гарах энэхүү Үтүкан 於除鞬 нь бидний үгүүлэх Үтүгэн уул огт биш, Үтүгэнтэй ойролцоо дуудлагатай, өөр үг байх магадал тун их. Үүнийг судлаач Учралт эс анзааржээ.
Харин судлаач Учралт Үтүгэнийг Умард төрийн түүх ном дахь Үтүгэн - 於都斤, Жоу улсын бичигт Үтүгэн - 於都斤, Сүй улсын бичигт Үтүгэн 都斤 гэж галиглагдсаныг зөв олж тэмдэглэжээ. СИЭ-ий хүн хэлнээ буулгасан Умар төрийн түүх, Түрэг Тэлэ шастирт Түрэг төрийн хааны тухай хэсэгт “Нүүж суух нь тогтворгүй боловч өөр өөрийн хуваарьт газартай, Их хаан нь Юйдүжин (Үтүгэн) 都斤山 ууланд байнга байна” гэх тэмдэглэгээ оржээ.
Ляо улсын түүх номд “дараа нь Уйгарын хот хүрэв. Үтүгэн уулын хээр авлав. Уйгур хотонд хонов” гээн Ляо төрийн хааны үйлийг ингэж тэмдэглэжээ.
Үтүгэний тухай Махмуд ал Кашгари Диван Лугат толины 758 Үтүкэн – Уйгурт ойрхон, Татарын хээр тал дахь газар усны нэр гэж тэмдэглэжээ. Ляо улсын түүх, Диван Лугат толь гэх хоёр эх сурвалж Үтүгэн нь тодорхой газар усны нэр гэдгийг мөн баталж буй.
Үтүгэн нь уул болохыг анх хүн үсэгт Тариатын бичээст, дараа нь Умард төрийн түүх Түрэг Тэлэ шастирт, мөн Ляо улсын түүх номд тэмдэглэгджээ.
XIII зууны Алтан дэвтэр эх сурвалжид “Тоорил қан Жамуқа қойари Тэмүжин бүширэн үгүлэрүн: “Қан эчигэ мину Жамуқа анда қойара нөкөчэкдэжү, тэңгири қажара хүчү нэмэгдэжү, эркэтү тэңгирдэ нэрэйитчү, экэ Этүгэнэ хүргэжү эрэ һачиту мэркит иргэни эбүр ба ану һоқторқүй болқапай…” кээлтүпэй.” гээн орсныг шинжилцгээе.
Үтүгэн нь уулын нэр төв аялгаар Үтүгэн, Эргүнэ аялгаар Этүгэн болно.
Дээрх үгүүлбэрт Этүгэн нь үйл чиглэх тийн ялгалаар ангилагдаж Этүгэнэ гээн бичигджээ. Үйл чиглэх тийн ялгалыг их зохиолч Д. Нацагдорж мөн хэрэглэж ажээ. Этүгэн нь тодорхой газар усны нэр учир “Этүгэнэ хүргэж” гээн бичигджээ. Этүгэнийг анх удаа экэ Этүгэн буюу эх Үтүгэн гээн тодорхойлсон баримт Алтан дэвтэрт оржээ. Тэгэхээр Үтүгэн нь эх гэх тодотголтой болваас Үтүгэн гэдэг нь умай гэх үг буй зэ. Үтүгэн нь “өтгөн” гэх дуудлагаар, эм хүний бэлгэ эрхтэн гэх утгаар Баруун монгол ахан дүүсийн үгийн санд өнөө хүртэл оршиж буй.
Эрхт Тэнгэр, эх Үтүгэн гэх мал аж ахуйтны хоёр дээд үг хамт Тэмүүжингийн амнаас гарсныг Алтан дэвтэрт ийнхүү тэмдэглэжээ.
Мөн Алтан дэвтэрт “өндөр Этүгэн дор”, “Дайр Этүгэни тангласуну тэдийн бүкүйэчэ”, “Корисүтэй Үтүгэн көрбэжү бүлээ” гээн дөрвөн удаа тодорхой газар усны нэрээр оржээ.
Үтүгэн нь Отгонтэнгэр биш, Отгонтэнгэр нь Малакха нэртэй уул болохыг харна уу.
Зураг бүтнээрээ эндээс үзээрэй. https://commons.wikimedia.org/wiki/File:Letts-Popular-Atlas-1883-Russia-in-Asia-Chinese-Empire-etc.jpg
Үтүгэн уул нь Хүн үндэстний үе үеийн төрийн тахилгат төв уул болохыг бид VII-VIII зууны хүн үсэгт Түрэг төр, Уйгур төрийн хадан бичээс, ханз үсгээр галиглагдсан XIII зууны Алтан дэвтэр дэх баримтаас, мөн Дунд орны баримтат 24 түүхэн номд орох Умард төрийн түүх, Жоу улсын, бичиг, Сүй улсын бичиг, Хуучин Тан төрийн түүх эх сурвалж дахь баримтаас, мөн Юань төрийн бичсэн Ляо улсын бичиг дэх баримтаас мэдэв. Вэй улсын бичгээс “Жужанаас өрнө умаршаа орших Хүннүгийн үлдэгсэдийн байгуулсан нутаг бий. Хамгийн баян, хамгийн хүчтэй нутгын ахлагч нь Жибайжи ажээ. Тэр цэрэглэн Шэлүнийг цохижээ. Шэлүн Орхон голын савд тэдэнтэй дахин тулалдан тэднийг буулган авжээ.” гэх тэмдэглэлийг ухваас Хүннүгийн өлгий нутаг нь Орхон голын сав мөн ажээ.
Хүн үндэстний Хүннү төрийг Хуянь овогтон, Түрэг төрийг Ашна овогтон мөн түүний салбар сир овогтон, Уйгур төрийг Хүннүгийн хойчис Бух хааны овог (овог нь тэмдэглэгдээгүй), Их монгол төрийг боржгон овгын салбар хиан овогтон барьж байжээ. Төр нь солигдох боловч хүн ам нь үл солигдох учир төрийн зан үйл нь эс солигддог ажээ.
Бурхан Халдуны тухай төөрөгдөл
Аливаа төөрөгдөл эх сурвалж судлал үгүйгээс үүснэ. Бурхан Халдуны тухай дараах төөрөгдөл сүүлийн гучин жилд хүн үндэстэн монголчуудын дунд үүсжээ. Монгол улсын V дахь ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны Сар шинийн мэндчилгээнд https://president.mn/17488/ “Мөнх тэнгэрийн хүчин дор эцэг дээдсийн минь бүтээн босгосон Их Монгол гүрний сүлд их уул Өндөр дээд Бурхан Халдун хайрханыхаа өгөөмөр сайхан нөмөр нөөлгөнд Монгол түмний минь Цагаан сар амар амгалан, тэгш дүүрэн оршиж, хүн зон минь энх сайхан цагтай учран золгох болтугай!” гэх хүн үндэстний төрт ёсоос ангид, зохиомол мэдээлэл орсныг СИЭ-ий судлаачид эх сурвалж дээр та бүхэндээ тайлбарлая.
Төрт ёсны ганц уул бас тухайн овгын ач холбогдол бүхий орон нутгын уул гэх ухагдахуун бий. Дээрх хоёр ухагдахууныг заавал ялгаж, салгах үүрэгтэй бид.
Түрэг төрийн Үтүгэн уул ба Алтан уул.
Түрэг аймаг Үтүгэнд ирж, бүх мал аж ахуйтныг хураасны дараа урьдах аливаа төрийн адил Үтүгэнийг төрийн тахилгат уулаа болгон тахих болжээ. Алтан уул нь Ашна овог анх аймгаа хураасан газар ус болно. Умард төрийн түүх номд “ Чи чү овогтныг мөхөөхөд Эсянь гэгч хүн Ашина таван зуун өрх дагуулан Ру ру-д одов. Алтан уулын өвөрт суурьшин Ру ру-гийн төмөрчин болов. Алтан уул нь дуулга “түрүү буюу малгай” адил байдаг тул аймагтаа тэд түрүү буюу түрүг гэсэн нэр өгжээ.” гэх баримт тэмдэглэгджээ. Алтан уул нь Ашна овогтны хувьд орон нутгын чанартай чухал уул, харин Үтүгэн уул нь тэнгэрээ тахидаг төрийн уул ажээ.
Уйгур төр ба Үтүгэн
Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис гээн Хуучин Тан төрийн бичигт тэмдэглэгджээ. Уйгур төрийн төрт ёсны зан үйл үйлддэг уул нь Үтүгэн болно.
Их монгол төр ба Үтүгэн
Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид Тэмүжин нь Ван хан эцэг, анд Жамух хоёртоо “эрхт тэнгэрдээ нэрийтэж (хэлж), эх Этүгэнэ хүргэж...” гэж хэлснийг дахин нэг анзаарцгаая. Хэрэв Тэмүжин “эрхт тэнгэрдээ нэрийтэж, их Бурхан Халдуна хүргэж” гээн үгүүлэвээс Жамух, Ван хан хоёр түүнийг үл ойлгоно. Бурхан Халдун нь Боржгон овгын тахилт уул биш, Боржгон овгоос салбарласан тайчууд овогтны тахилт уул биш, мал аж ахуйтан хүн амын дийлэнх хэрэйд, найман ард түмний хувьд тэдний тахилт уул нь огт биш, зөвхөн Тэмүжиний амь насанд ээлтэй уул ажээ. Зөвхөн Этүгэн (Үтүгэн) нь Хүн үндэстний төрийн тахилт уул учир, үүнийг мэдэх Тэмүжин, мөн үүнийг мэдэх Ван хаан, Жамух хоёрт эрхт Тэнгэр, эх Этүгэн гээн үгүүлжээ. Бурхан Халдун нь хэзээ ч Их Монгол төрийн тахилга үйлддэг уул эс ажээ. Бурхан Халдун нь хиад овогтны орон нутгын шүтээн ажээ.
Тэмүжин хувь хүний хувьд Бурхан Халдуныг тахин шүтэж байжээ. Их Монгол төрийн эзэн Чингис хаан үе үеийн төрт ёсны тахилгат Үтүгэн уулын зан үйлийг зогсоосон баримт үгүй, төрт ёсны дагуу аливаа хаанд ийм боломж үгүй ажээ. Чингис хаан үр хойчисдоо Бурхан Халдуныг юу гэж учирласныг Алтан дэвтэр түүхэн эх сурвалжаас ухаарцгаая.
Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “Бурқан қалдуни манақар (өглөө) бүри малийасуқай (мялаасугай). Үдүр бүри өчисүкэй (учирласугай). Уруқун уруқ минү уқатуқай” гээн бичсэнийг ухацгаая.
Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай гэдэг нь өглөө бүр цай сүүнийхээ дээж, идээнийхээ дээжийг өргөсүгэй гэх ухагдахуун ажээ. Үдүр бүр өчсүгэй гэдэг нь өдөр бүр учирласугай гэх ухагдахуун болно. Харин энэ үгийг хэнд захисан нь “Уруқун уруқ минү уқатуқай” гэх үгүүлбэрт заагджээ.
Уруг гэх үгийг Я.Цэвэл эхийн умайд бий болох үр хээл гээн тэмдгэлжээ. Чингис хааны урагт түүний дөрвөн хүүдийн хүүгээс гарсан хүүд, хүүдийн хүүд орно. Бурхан Халдун нь Тэмүжингийн амийг аварсан уул учир Чингис хаан зөвхөн өөрийн үрийн үрдээ Бурхан Халдуныг өглөө бүр мялаа, үр хойчисдоо учирлан тайлбарла, үр хойчис минь үүнийг ухан билэр гээн захижээ. Бурхан Халдун нь Их Монгол төрийн тахилгат уул биш, зөвхөн Чингис хааны үр хойчсийн шүтээн уул болох нь харагдаж буй.
Өгөөдэй хаан Чингис хааны сүнсэнд ясту гаралтай 40 охиноор тахил өргөсөн төрийн зан үйлийн тухай Жүвэйний Ертөнцийг эзлэгч номдоо, Рашид Судрын чуулган номдоо бичжээ. Энэ зан үйл нь Бурхан Халдунд биш Үтүгэнд болжээ. Их Монгол төрийн зан үйл нь Бурхан Халдунд биш Үтүгэнд хийгддэг болохыг Өгөөдэй хааны энэхүү үйл мөн гэрчилж буй.
Сүүлийн гучин жил манай түүхийн салбарт эх сурвалж судлал үгүйн улмаас цол, зэрэгтэнгүүд өөрийн дураар төрт ёсны зан үйлийг тайлбарлах болов. Монгол улсын тав дахь ерөнхийлөгч Х.Баттулга “Их Монгол гүрний сүлд их уул Өндөр дээд Бурхан Халдун” гэж утга зүйн алдаатай мэндчилгээ дэвшүүлжээ. “Сүлд” гэх ухагдахуун уул, усанд эс хэрэглэгдэнэ. Сүлд гэх ухагдахуун амьтанд хэрэглэгдэнэ. Алтан дэвтэр-т цагаан шонхор шувууг киад иргэний сүлд гээн заажээ. Аливаа иргэд овгынхоо сүлд (Эргүнэ аялгаар) буюу онгонд (Үтүгэн аялгаар) сүжрэх бөгөөд тэдний сүлд нь буга, шувуу, янгир гэх мэт амьтан байхаас уул ус нь байх учир үгүй.
Мөн Х.Баттулга ерөнхийлөгчийн мэндчилгээнд гарах “Их Монгол гүрний сүлд их уул Өндөр дээд Бурхан Халдун” гэх түүхэн баримт үгүй. Төр солигдох боловч Үтүгэн дэх ард түмний зан үйл үл өөрчлөгдөнө.
Үтүгэн ба Бурхан Халдун
Үтүгэн гэх нэр VIII зууны Түрэг төрийн хүн үсэгт хадан бичээст тэмдэглэгдсэн нь өнөөгийн бидэнд байгаа Үтүгэний тухай хамгийн эртний бичгэн эх сурвалж болно. Түрэг төр анх Үтүгэнийг төрийн тахилгат уул болгосон гэвэл энэ нь үнэнд нийцэхгүй. Аливаа уулыг бэлээс нь, эсвэл харалдаа овооноос тахидаг баримтыг Сыма Цяни Түүхэн тэмдэглэл номдоо оруулжээ. Үтүгэн, Лүн толгой (баш), Орд балгын тухай https://sergelen.org/post/11e6f2bd энэ линкээс ухаарай. Лүн балгын Лүн толгойгоос Үтүгэний орой харагдана. Мөн Сыма Цяни Түүхэн тэмдэглэл номдоо “Цаг оны тавдугаар (өнөөгийн тооллоор долоон сар орчим) сард Лүн хотод их чуулганд ирж Тэнгэр газарынхаа навдаг савдагт тахил өргөнө.” гэж Хүннү төрийн тухай бичжээ. Лүнгийн тахилганд Байгаль тэнгэсийн умраас Шар мөрний өмнө нутгын хооронд, Шар тэнгэсээс Каспийн тэнгэс хооронд орших Хүннү төрийн ард иргэдийн ахлагч нэр ирж оролцдог ажээ.
Бурхан Халдун нь анх удаа XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид тэмдэглэгджээ.
Үтүгэн нь мал аж ахуйтны төв нутаг ажээ. Үтүгэн уулыг өнөө Хотонт, Өгий-нуур, Хархорин, Хужирт, Бат Өлзий, Цэнхэр гэх хамгийн олон малтай, хамгийн их хүн амтай сумд тойрон буй. Хүн ам, малын төвлөрөл үеийн үед Үтүгэнд ажээ. Үтүгэн нь Хүннү төрийн Лүн балга, Жужан төрийн өргөө, Түрэг төрийн өргөө, Уйгур төрийн Орд балга өргөө, Их монгол төрийн Хар хорин өргөө оршсон мал аж ахуйтны төрийн голомт нутаг ажээ.
Бурхан Халдун нь өнөө хүртэл хээр (Я.Цэвэлийн тольд хээр - айл хүнгүй алс, хөдөө газар; Алтан дэвтэрт мөн энэ утгаар оржээ) газар ус буй. Тэмүжин тайчуудаас зугтах, мэргэдээс зугтах үедээ очиж орогносон уул ажээ.
Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “эрхт Тэнгэр, эх Этүгэн” гээн бичигджээ. Харин Бурхан Халдуныг өглөө бүр мялаа, өдөр бүр учирла, урагын ураг минь үүнийг ухсугай гээж бичигджээ.
Дүгнэлт:
Чингис хаан өөрөө хоёргүй сэтгэлээр Бурхан Халдуныг зөвхөн үр ач нартаа өглөө бүр мялаа гээн захин үлдээсэн баримт байхад өнөөгийн монголчууд Бурхан Халдуныг Их монгол төрийн ганц тахилгат уул, төрт ёс үүссэн цагаас хойш төрөөс тахил өргөдөг уул мэтээр сурталчилах болов. Эрт дээр үеэс газар усаа мялаах, тахих зан үйл өнөөг хүртэл бидэнд өвлөгдөн ирэв. Нутаг бүрт нутгын шүтээн уул усаа тахих орон нутгын зан үйл бий. Тэнгэр тахих төрийн зан үйлийг зөвхөн эх Үтүгэнээс үйлдэнэ. XIII зуунд Чингис хаан Хүн үндэстний мянган жилийн төрт ёсны зан үйлийг урьд урьдын хаадын адил даган ажээ. Төрт ёсны зан үйл гэх ойлголтгүй орчин цагын монголчууд ерөнхийлөгчийнхөө мэндчилгээнд төрт ёсны уламжлалыг эвдсэн агуулга бүхий үгүүлбэр оруулж өгвөй.
Төрийн тахилгат ганц уул нь Үтүгэн. Орон нутгын шүтээн уулсыг орон нутгын удирдлага, ард түмэн тахих ёстой. Тэнгэртэй ганц уул, орон нутгын чанартай олон уулс бий. Мянган жил, түмэн хоногтоо Хүн үндэстний төрт ёс ийм ажээ.
Үргэлжлэл бий...