Хүн хэлний тухай дөхөм өгүүлэл
Монгол хэл гэж байхгүй зөвхөн хүн хэл гэж байна.
679 0

Энэ өдгөө манай Түрэг төр нь Стамбулын туркуудтай огт хамаагүй гэдгийг СИЭ батлахаас гадна Ашна овгыхны Өтүгэнд төр барьсан завсартай 190 жилийн хугацааг баримтжуулан оруулж уншигч та бүхэнд хүргэв. Үр дүн нь манай Түрэг төрийн түүх нь Стамбул дахь туркуудын түүх огт биш болов. Үүнийг сүхээр цохисон ч сөхрөхгүй, балтаар балбасан ч бөхийхгүйгээр батлав.

Энэ удаа Хүн хэл, Түрэг хэл, Монгол хэл гэж өгүүлж буй мануус өгүүлж буй үгнийхээ нэр томъёонд хэрхэн төөрч буй тухай өгүүлнэ.. Зарим нь “Монгол хэлт аймгууд зүүн хойноос, Сибирээс орж ирсэн , түрэг монгол хэл хоёр өөр хэл” гэж тунхаглана. Үүнд Сэргэлэн Интернашионал Экспедишион энгийн дөхөм өгүүллээр тайлбар өгнө.

СИЭ нь НТ 601 оноос өмнө брахми үсгээр бичигдсэн Хүйс толгой хадан бичээсийг сэрээж буй хамт олон. Хүйс толгой хадан бичээсийг Түрэг төрийн эрх баригч манай дээдэс хүн хэлээр бичжээ гэдгийг мануус тунхаглаж буй. СИЭ нь НТ 732 онд босгосон хүн үсгээр бичигдсэн Гол тигэн хадан бичээсийг бүрэн сэрээж, үүгээрээ хоёр удаагийн сургалт хийж уг бичгээр тайлбар толь, гарын авлага хийж буй хамт олон. Гол тигэн, Билгэ хаан, Тонуйкук хадан бичээс нь Сир Түрэг төрийн эрх баригч манай дээдэс хүн хэлээр бичжээ гэдгийг мануус тунхаглаж буй. СИЭ нь XI зуунд бичигдсэн Диван Лугат ат Турк толийг өнөөгийн Монгол улсын хүн үндэстэн бидний толь гэдгийг батлан нотолж буй хамт олон. Монголын нууц товчоог зөвхөн Диван Лугат толиор сэргээнэ гэдгийг СИЭ бодитоор үзүүлнэ. Бид ямар хэлтэй, манай хэл хэзээ хаанаас үүсэлтэй гэх мэт олон асуултанд эх сурвалжаар хариулан эх хэлнийхээ нэр томъёог нэг мөр болгох үүрэгтэй. Манай хэлний түүхийг гадна дотныхон дэндүү ихээр будлиулж байна.

Хэл түүх хоёр салшгүй холбоотой. Өнөөгийн халхуудын өвөг дээдэс Хэрэйд Найман, тэдний өвөг дээдэс Уйгур, Уйгурын өвөг дээдэс Тэлэ, Тэлэгийн өвөг дээдэс Хүннү буюу Хүн. Үүнийг СИЭ түүхэн эх сурвалжаар нотолсон. Мал аж ахуйтны мянга мянган жилийн манай баримтат түүхийн хугацаанд хамгийн их хүн амтай төв овогтон нь Өтүгэнээс хаашаа ч нүүгээгүй, Өтүгэндээ хаанаас ч нүүж ирээгүй учир Өтүгэн дэхь хэл өөрчлөгдсөнгүй. Үүнийг бас мануус батлана. Энэ удаа VI зуунаас нааш биш XIII зуунаас цааш эх хэлнийхээ түүхийг хөөцгөөе.

Ингээд манай улсын хойд хунш ОХУ-ын ШУА-хан манай хэлийг хэрхэн тодорхойлсныг харцгаая.

И.В.Зайцев Оросын шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгийн захирал өгүлэрүн: “Өнөөгийн Монгол гээн мануусын нэрлэдэг нутаг дэвсгэрийн автохтон буюу үндсэн оршигч нь орчин үеийн Монголчууд биш гэдгийг хэлье. Анх энэ овогууд Амар мөрний савд оршиж байв. Мөн тэд нүүдэлчин биш байсан нь их чухал. Мал тэжээдэг, тариалан эрхэлдэг, гахай нохой тэндээ тэжээж байжээ. Үр тарьж байв.

Дараа нь уг бүсэд [өнөөгийн Монгол газар] нэлээн удаан хугацааны турш олон ард түмний хөдөлгөөн хийгдэсний үр дүнд, ялангуяа хэдэн төр цохигдосны, тэр дундаа Уйгур ил (каганат) цохигдосны дараа тэд баруун өмнөшөө очин [Эргүнэ гүнээс өнөөгийн Монгол газар руу] хэд хэдэн түрг ил байгуулсан түргийн нутаг дэвсгэрийг эзлэв.

Тал нутагт ирсээр нүүдэлчин болж адуу, ямаа, бага хэмжээгээр тэмээ, их хэмжээгээр хонь үржүүлж эхлэв.

Энд түргийн ул мөрийг харагдаж байна. Юу гэвэл өнөөгийн монголчуудад хамаарах бүх толь, үгс, тэр дундаа мал ахуйн салбарын [толь, үгс] монгол гарал үүсэлтэй биш, туркийх.

Энэ юуг хэлж байна гэхээр орчин цагийн Монгол нутаг дэвсгэрт зүүн хойноос ирсэн суурин монголуудад (түрэг хэл) өвлөгдөн үлдэжээ. Өнөөгийн монгол яг монгол биш (өөр болсон монгол гэсэн санаа). Мөн өнөөгийн татар яг татар биш бараг ижил мөрний булгар болно”.

Энд Зайцев нийтэд ойлгомжтой мэдээлэл өгөх үүднээс эх сурвалжуудаа дурдсангүй. Зайцев Дунд орны Вэй улсын бичиг, Сүй улсын бичиг, Хуучин Тан төрийн бичгийг ашиглаж байгаа нь эх сурвалж судлаач маньд тодорхой байна. Мөн манай уншигчид Шивэй Хамаг Монголын дээдэс нэртэй 52-р нийтлэлээс эдгээр эх сурвалжуудтай танилцсан болно.

Зайцевын логикоор Тэмүүжингийн дээдэс хамтрал хэвшлийн Шивэ Монгу нар Уйгур төр IX зуунд цохигдсоны дараа Амар мөрнөөс баруун урагшаа мал аж ахуйн нутагт (Зайцевынхаар нүүдэлчдийн) очиж адуу, үхэр, хонь тэжээх зуур түрэг хэлийг Өтүгэн дэхь түрэг аймгуудаас сурсан байна. Энэ логик зөв үү гэхээр зөв. Гэхдээ өгөгдөл дутуу логик. Өнөөгийн халхуудын дээдэс христийн шашинт Хэрэйд, Найман нар Уйгурын хойчис гэдгийг Зайцев тооцсонгүй.

Их монгол улс байгуулагдахаас урьд Монгол аймаг нь Киданы хур байсан учир Кидан “бага толгой” бичигтэй Өтүгэнд ирж болох байсан. Гэвч тэд төрийн бичгээ Уйгур, төрийн хэлээ Уйгур (төв аялага) гэж Хэрэйд, Найман нарын хэлийг сонгов.

Энэ тухай ийм эх сурвалж байна: “Татар (нийт монголчуудыг Жүвейни хэлж байна) хүмүүс өөрийн бичиг үсэггүй байсан тул тэр (Чингис хаан) монгол хүүхдэд Уйгур бичиг сургах зарлиг буулгажээ; бүх ёс (ёсууд), зарлигуудыг [цаасан дээр] бичин хуульдаг байв” Ертөнцийг эзлэгч-Жүвейни. Эзэлсэн газар усандаа Уйгур бичгээр бичдэг болгонд тэд албан тушаал өгдөг байжээ.

“Тэд уйгур хэл, уйгур бичгийг эрдэм мэдэхийн оргил гээн өргөмжлөв” “Ертөнцийг эзлэгч” Жүвэйний.

Энд анхаарах чухал зүйл бол Чингис хааны дээдэс Өтүгэнд эзэн сууж байсангүй. Энэ бол факт. Тэмүүжингийн дээдэс Шивэй Монгу Эргүнээ хунгаас ирсэн нь үнэн. Энэ бол факт. Зайцев өнөөгийн Монголын газар усанд оршиж буй Монголчууд уг газар усны үндсэн эзэд биш гэж тунхаглаж байна.Энэ нь үнэнд нийцэхгүй.

Стамбул дахь туркууд үүн дээр нь ийм тоглолт хийж байна: Та нар Амар мөрнөөс ирсэн Чингис хааныхаа дээдсийн түүхийг ав. Бид өвөг дээдсийнхээ түүхийг авъя. Та нар зөвхөн Чингис хаандаа зориулж түүхэн аялал жуулчлал хөгжүүл. Бид санхүүжүүлье. Харин Стамбулын туркууд бид Өтүгэнд түүхэн аялал жуулчлалаа хөгжүүлье. Та нар зөвхөн Чингис хаандаа зориулсан түүхийн музейтэй болооч, бид тусалъя гэх мэтээр манай XIII зууны зүүн овогтонг манай түүхийн ноён нуруу болгож байна. Үүнд эх сурвалж судлалын ойлголт байхгүй С.Чулууны цэргүүд хариу өгөх чадваргүй байна. Чингис хаан бол манай том таван хааны нэгэн нь. Энэ таван хааны дээр Модун шанью зогсоно. Ийм л үлэг том түүхтэй Өтүгэн дэхь мануусын түүхийг тийм охор болгох санааг Турк улс өвөрлөж байна.

Монгол хэл гэж байх ёсгүй. Монгол төр гэж байна. Манай баримтад түүх Тэмүүжингээс эхлээгүй. Манай баримтад түүх Модун шаньюгаас эхэлсэм. Тийм ч учир бид Тулгар төр байгуулагдсаныхаа 2228 жилийг энэ зун тэмдэглэсэм.


Хүн хэлний тухай дөхөм өгүүлэл 2

Таван жилийн өмнө хэн нэгэн нь монгол хэл гэж байх ёсгүй, хүн хэл гэж байх ёстой гэж өнөөдрийн миний өгүүлж буйг надад хэлвэл мань нилээн цочиру хүлээн авах байсан болов уу. Яагаад гэвэл монгол хэл гэж Дунд сургуульд заасан, дэлхий дахинд Монгол хэл гэж байна, Турк хэл гэж байна, энэ хоёр хэл ойролцоо боловч зөрүүтэй гэдгийг бага наснаасаа сонсожу өнөөг хүрэв. Өнөөгийн Монгол улсын ихэнхи иргэд ийм бодолтой болов уу.

СИЭ-ний судалгаагаар манай төрийн нэр монгол болохоос манай хэлний нэр монгол биш болж байна. 1400 жилийн өмнөх брахми үсэгт Хүйс толгойн хадан бичээс, 1300 жилийн өмнөх хүн үсэгтэй Гол тигэн, Билгэ хааны хадан бичээс, 1000 жилийн өмнө араб үсгээр бичигдсэн Диван Лугат ат Түрэг толь өнөөгийн мануусын хэлээр бичигджээ. Тэгэхээр бид хожуу төр барьсан овгынхоо үүсгэсэн төрийн нэрээр хэлээ нэрэлсэн нь буруу болж байна.

Буруу нь юунд байна, ямар хор хохирол учируулж буйг энэ удаа уншигч таньд дэлгэх болно.

Алива улсын хэл эх үндэстнийхээ нэрээр нэрлэгдэнэ. Хэрэв Хамаг монгол аймгаас өнөөгийн бид үндсээ авсан буюу үндэслэсэн гэвэл энэ нь үнэнд огт нийцэхгүй. Хамаг монгол нь XII зууны эхэнд Өтүгэнээс зүүншээ 1100 км агаарын зайнд үүссэн аймаг. Баргу буюу өнөөгийн барга, ойн урианхай, хакас, ойрдууд Хамаг монголоос буюу XII зуунаас өмнө үүссэн захын овог аймгууд. Халхын дээдэс мал аж ахуйтан хүн амын дийлэнх Хүн угсаатан Хэрэйд, Найман нь Хамаг монголоос үндэс эс авав.

Монгол нь төрийн нэр болохоос үндэсний маань нэр огт биш. Тийм учир монгол хэл гэж байх ёсгүй.

ЗХУ-аас БНМАУ-д бичиж үлдээсэн түүхийн гипнозонд ороогүй 1930 оны манай сэхээтнүүд өнөөгийн монголчуудыг Чингисийн Хамаг Монголоос биш Хүннүгээс гарал үүсэлтэй гэсэн ой санамжаа тээж байв. Үүний төлөөлөл нь Анандын Амар, Дашдоржийн Нацагдорж, Ч.Бат-Очир нар болно.

Манай төрт улсын түүх 5000 жил болов уу. Үүнийг нотлох түүхэн олдворууд буган хөшөө, хэрэгсүүрс манай нутагт байна. Гэвч манай баримтад түүх нь Дунд орны баримтад түүхтэй ижил он цагаас эхлэлтэй буюу манай хувьд Хүн гүрнээс эхлэлтэй. Иймд мануус өөрсдийгөө Хүн гүрнээс үндэслэсэн гэдгийг түүхэн баримтаар мэдэх тул Хүн үндэстэн гэж тунхаглана. Хүн үндэстэн нь хүн хэлтэн болно. Дунд орны тариалан аж ахуйтнууд өөрсдийгөө Хан төрөөсөө үндэслэсэн гээд Хан хэлтэн, Хан үндэстэн гэж тунхаглав. Төр солигдоно, үндэстэн ба түүний хэл үл солигдоно. Малгай солигдоно толгойгоо эс солино.

Өнөөдөр бид өөрсдийгөө зохиомол монгол хэлтэн болгосны хар гайг тоочин уншигч таньд хүргэе:

1. Монгол хэлийг үндэсний хэл гэж өргөмжилснөөр бид өөрсдийгөө Хамаг монголоос гарал үүсэлтэй, монгол үндэстэн гэж тунхаглав.

2. Монгол хэлийг үндэсний хэл гэж өргөмжилснөөр 800 жилийн түүхтэй үндэстэн болж 2228 жилийн баримтад түүхээ бид өөрсдөө өөрсдөөсөө үгүйсгэв. Хэрэйд, Найман, Уйгур, Түрэг, Ро ранг, Сяньби, Хүний баримтат түүхийг бид өөрсдөө өөрсдөөсөө үгүйсгэв.

3. Монгол хэлийг үндэсний хэл гэж өргөмжилснөөр өөрийн гал голомт Өтүгэн газар усаа бид өөрсдөө өөрсдөөсөө үгүйсгэв. Зайцевын хэлснээр мануус Амар мөрнөөс ирэгчид болов. Зайцевын гаргалгаа зөв болж хувирав.

4. Монгол хэлийг үндэсний хэл гэж өргөмжилснөөр уртаашаа 6000 км, өргөөшөө 2500 км 5000 жилийн хугацаанд ижилссэн Мал аж ахуйтны цөм хэлийг олон хэсэглэж, сэрээж чадаагүй Монголын нууц товчооноос өөр хэлний эх сурвалжгүй үндэстэн бид өөрсдөө болцгоов. Бугут, Хүйс толгой, Тонуйкук, Гол тигэн, Билгэ хаан, Муянч, Тариат, Тэс гэх манай улсын нутаг усанд орших хадан бичээсийг бид өөрсдөө өөрсдөөсөө үгүйсгэв. Тийм учир уг бичээсүүдийг судлах зорилго Монгол улсад байхгүй байна. Судалж чадах судлаач Монгол улсад алга. Диван Лугат ат Турк толь араб үсгээр бичигдсэн учир бидэнд хамаагүй толь болов.

5. Монгол хэлийг үндэсний хэл гэж өргөмжилснөөр эх хэлнийнхээ түүхэн эх сурвалжуудыг харийх болгов. Үр дүн нь хэт мэдэгч ардын багш, докторууд манай Их сургуулиар дүүрэв. Эх хэлнийхээ хос суваг, зүй тогтлыг мэддэг ганц ч хүн үгүй болов. Хэлнийхээ үйл үгийн цагийг болон биеийг эвдэв. Үгийн утга гажив. Өгүүлбэрийн бүтэц хоноггүй болов. Орос дүрэм импортолсноор төрлөх хэл албан хэл хоёр зөрчилдөв. Оюун санаа боогдов. Хэлийг өвөг дээдсээсээ сурч, өвөг дээдсийнхээ эх сурвалжийг судлалж шинээр үүсэх хэлнийнхээ шарилжаа түүдэг байхад өнөөгийн ардын багш докторууд гудамжнаас хэлээ судлах болов. Энэ нь муу ёр.

6. Монгол хэлийг үндэсний хэл гэж өргөмжилснөөр өөрсдийн эх сурвалж судлалгүй болов. Монгол хүнд монгол гэгч зохиомол нэртэй хэлийг нь харийх нь заах болов. Та нар Алтай хэлний салбар гэж биднийг тэд оношлов. Эх сурвалжгүй манай докторууд “За” гээн нэгэн дуугаар хүлээн авав.

Хамгийн сүүлийн Их хааныхаа төрийн нэрээр нэрэлсэн "Монгол хэл" гэгч зохиомол нэрний хор уршиг ийм их байна.

Эх хэлнийхээ судгааны материалуудыг СИЭ Хүн-Монгол хэлний мөн чанар нэртэй 8-р нийтлэлээр, Үндсэн хэлээ сэргээе нэртэй 9-р нийтлэлээр, Монгол тоо ба Кидан тоо нэртэй 19-р нийтлэлээр, Эх хэл ба үр хойчис нэртэй 20-р нийтлэлээр, Диван Лугат Хүннү-Монгол хэлний эх толь нэртэй 32-р нийтлэлээр, Хүн хэл нэртэй 66-р нийтлэлээр, Хүн хэлний үндэс нэртэй 67-р нийтлэлээр, Хүн битиг, Уйгур битиг манай үндсэн хоёр битиг нэртэй 70-р нийтлэлээр, Эх бичгээ таниагүй Хэл зохиолын хүрээлэнгийхэн нэртэй 73-р нийтлэлээр уншигч та бүхэнд хүргэсэн болно. Эдгээр нийтлэлүүдийг СИЭ-ний хуудаснаас та бүхэн дахин сэрээж болно.

Энэ удаа Хасаг хүнийг монгол хүн шууд ойлгохгүй яагаад? Түрэг хэл Монгол хэл төстөй болов ч өөр хэл гэсэн асуулт маньд тавих хүн олон байх. Эдгээр асуултанд удахгүй хариулна.


Хүн хэлний тухай дөхөм өгүүлэл 3

Турк хэл нь бохирдсон хэл

Энэ өдгөө Турк хэл, Монгол хэл, эртний Түрэг хэл гэж дэлхий нийтээр нэршижү өгүүлж буй. Үүнд СИЭ тайлбар өгнө. Эх сурвалж судалдаггүй манай хэл, түүхийн мэргэжилтэнгүүд эдгээр нэршлийн ухааныг ангилж билэрэхгүйгээс болж өвөг дээдсээс үлдээсэн түүх соёлын өвөө хашиж (хамгаалж) чадахгүй байна.

Манай газар усанд өвөг дээдсээс үлдээсэн Тонуйкук, Билгэ хаан, Гол тигэн, Тариат, Тэс, Уйгур Муянч хааны гэх зэрэг хадан бичээсүүдийг өнөөгийн Стамбул дахь турк, Туркмэн, Узбек, Казакууд ухаж (уншиж) эс дийлнэ. Өнөөгийн Монгол улсын хүн үндэстэн иргэд нийт 16 цагийн сургалтаар бүрэн ухаж байна. Эдгээр бичээс дэх толь буюу нийт үгнийх нь 85 хувийг өнөөгийн Монгол улсын иргэд тээж явна, хэрэглэж явна. Өнөөгийн монгол хэлтэн гэх мануус билэрээд байхад, өнөөгийн турк хэлтэн эс билэрнэ. Энэ юу гэсэн үг вэ? Тэгэхээр эртний түрэг, одоогын турк хэлний ялгаа хэзээ үүсэв гэсэн асуултанд хариулах цаг болжээ.

Хэл түүхтэйгээ холбоотой. Эртний түрэг гэдэг хэл нь хүн хэл буюу Өтүгэнээс хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй өнөөгийн халх, тэдний дээдэс Хүннүчүүдийн хойчсийн хэл болно. Өтүгэн дэх дээдсийг маань манай өмнөд хунш Дунд орныхны дээдэс үсэг бичигдээ Ху гэж тэмдэглэжээ. Перс, арабын дээдэс Өтүгэн дэхь манай мал аж ахуйтан дээдсийг VII зууны эхнээс түрэг гэж нэршиж байв. XIII зуунд Өтүгэн дэх мал аж ахуйтан манай дээдсийг Орос, Персүүд Татар гэж ерөнхий нэрээр нэршиж байсантай ижил. Тэгэхээр Хүн хэл, Түрэг хэл, Татар хэл нь өнөөгийн Монгол улсын иргэд Хүн үндэстэн мануусын хэл болно.

Энэ ээдрээтэй тодорхойлолтын ээдрээг гаргахын тулд Эртний Түрэг хэл өнөөгийн Турк хэлний ялга юунд байна гэдэг асуултанд хариулах шаардлагатай.

Хариулт хялбар.

Хүн хэл буюу Эртний түрэг хэлэнд ганц ч араб, перс үг байхгүй. Үүнийг манай хадан бичээс баталж байна. Турк хэлний үгсийн санд дийлэнх үгс нь араб, перс толь бөгөөд цөөхөн хүн үгс оршино. Ийм л ялгаатай.

Хэзээ Үсүнь дэх овог аймгууд хэлээ ингэж их араб, перс үгээр бохирдуулав? Энэ асуултанд хариулахын тулд түүх сөхнө.

IX-XII зуун буюу нийт дөрвөн зууны турш Үсүнь гаралтай Сэлджүк аймаг өнөөгийн Афганистан, Перс, Арабын газар усанд эзэн суужээ. Сэлджүкээс арай өмнө Газан аймаг өнөөгийн Афганистаны газар усанд эзэн сууж байв. Хамгийн сонин нь (үүнийг дэлхий даяр өгүүлдэг) ялсан эзэн Сэлджүкүүдын соёл хураасан газар усанд нь ноёлоогүй, ялагдсан тариалан аж ахуйтан перс, арабуудын хэл соёл ноёлж байв. Персид төр барьж буй Сэлджүкууд төрийн ажил хэргээ өөрийн хүн хэл дээр биш перс, араб хэл дээр явуулж байв. Энэ бол факт.

Яагаад тэд хүн хэлээр биш араб, перс хэлээр төрийн үйлээ явуулж байв?

Сэлджүкүүд бол Түрэг биш. Үсүнээс Дунд орон руу Түргүүд нүүгээд гурван зуун жил болсны дараа Сэлджүк аймаг Үсүнээс Перс орсон. Түрэг Сэлджүк гэдэг нь хоёул аймгийн нэр. Дараа нь их улсын буюу илийн нэр болсон. Сэлджүкүүд өөрсдийгөө хэзээ ч түрэг гэж дуудаж байсангүй. Харин перс арабууд VII зууны эхнээс мал аж ахуйтан бүгдийг түрэг гэж дуудаж заншисан учир тэр үед Сэлджүкүүдийг тэд түрэг гэж дуудаж байв. Энэ тухай өгүүлсэн болно.

Мал аж ахуйтан аймаг тариалан аж ахуйн газар усанд төрөө байгуулахаар хоёр замаас нэгийг нь сонгоно. Өөрсдийн хэл заншлыг тариаланч перс, арабуудад тулган сургах, эсвэл өөрсдөө тэдний хэл соёлыг сурах. Энд нэг чухал зүйл бол аж ахуй. X зуунд Перс, Араб дахь тариалан аж ахуй Үсүнь дэх мал аж ахуйгаас хол түрүүлсэн байв. Сэлджүкүүд хоёр дахь замыг сонгожээ.

Ийм жишээ: XVII зуунд тариалан аж ахуйтан Дунд оронд төрөө байгуулсан Манж чин улсын төрийн хэл нь хүн хэл биш хан хэл байв. Манжууд тариаланч Хан үндэстэнд хожим уусжээ.

Дөрвөн зуун жилийн турш Сэлджүкүүд Перс, Арабуудтай урагласан учир тэдний гадаад төрх тариаланч Перс, Арабуудаас ялгагдахаа больжээ. Энэ тухай XIII зуунд Рашид өөрийн Судрын чуулган номондоо маш тодорхой бичив.

Тэдний хэл нь эвдэрч толинд дахь дийлэнх үгс нь араб, перс үгс болов.

Яагаад манай Түрэг, Уйгур төрийн хадан бичээсийг өнөөгийн Туркууд, Узбекууд, Хасгууд ухаж дийлэхгүй байна гэвэл тэдний толь араб, перс үгсээр солигдон бохирдсны учир. Тэд манай дээдсийн хадан бичээсийг ухаж (уншиж) дийлэхгүй учир “эртний түрэг” хэл гэж нэрэлжээ. Эртний түрэг хэл гэдэг нь Хүн хэл буюу өнөөгийн мануусын өдөр дутамд хэргэлдэг хэл.

Өтүгэний мануус өөрсдийн түүх соёлын өвөө ариг (цэвэр) байлгахын тулд Турк, Узбек, Хасгуудыг хэн бэ гэдгийг үүх түүхээр нь тодорхойлж өгөх үүрэгтэй. Ингэж чадах хүмүүс нь Өтүгэнээс хаашаа ч яваагүй, Өтүгээндээ хаанаас ч ирээгүй мануус болно.


Хүн хэлний тухай дөхөм өгүүлэл 4

Эртний түрэг хэл нь хүн хэл

Ямар ч байсан бид эртний түрэг хэл нь хүн хэл, орчин цагийн турк хэл нь араб, перс үгсийн сан давамгайлсан хэл болохыг тогтоов.

Өтүгэн дэх мал аж ахуйтан Үсүнь дэх мал аж ахуйтан ижил хэлтэй байжээ. Үсүнь дэх Сэлджүк аймаг XI зуунд Перс, Арабын газар усанд төрөө тогтоохоос өмнө хүн хэлээр ярьдаг байжээ. Сэлджүк аймгийн дээд овог Кыныг гэж Судрын чуулган номондоо Рашид бичжээ.

Манай баримтад түүхээр НТӨ II зуунд Үсүнь дэх улс аймгууд Хүн гүрний хур байжээ.

“Үсүнь улс, их күнь-ми нь Үй-гү-чэн хотыг захирна. Түүнээс Чан-ань хүрэхэд найман мянга есөн зуун ли газар. Арван хоёр түмэн (12000) өрхтэй, жаран гурван түмэн (630 000) хүн амтай. Цэрэгт морьдох арван түм найман мянга найман зуун (108 800) хүн бий. ...Газар нь тэв тэгш. Хур ихтэй, хүйтэн. Ууландаа хар мод ихтэй. Газар тариалж мод тарихгүй. Мал харж өвс усыг дагана. Хүннүтэй заншил адил. Улс нь адуу ихтэй. Баян хүн нь дөрөв таван мянган адуутай. Ард нь зоримог догшин, өлөн бөгөөд итгэлгүй, хулгай дээрэм их хийнэ. Анхнаасаа Хүннүг хүлээн дагадаг байжээ” гэж Хан төрийн түүх дэх Баруу орны шастирт бичжээ. Үсүнь нь өнөөгийн Дунд азийн газар усанд байсан 50 улсаас хамгийн том нь гэж уг эх сурвалжид бичжээ.

Бас нэг сонин мэдээлэл уг эх сурвалжинд байна. “Их Роу жи улс нь анх нүүдэл улс байжээ. Малаа дагаад нүүж сууна. Хүннүтэй адил заншилтай. Арван хэдэн түмэн (100 000) нум агсагчидтай. Модун жангураас Их Роу жи-г дайран дайлна. Лао шан жангур Роу жи-г алж тэргүүнээр нь уух сав хийв. Роу жи холдон одвой” гэж Баруун орны шастиртаа НТ I зуунд Бангу бичжээ.

Үсүнь болон Их Роу жи-гийн зан заншил нь Хүннүтэй адил гэдэг нь тэдний хэл соёл их дээр үеэс ижилссэн гэсэн ухагдахуун. Хүн гүрнээс өмнө хэдэн удаа хэн нь хэнийгээ хурааж байсан тухай баримтат түүх бидэнд байхгүй.

Тэгвэл X зуунд бичигдсэн Хуучин Тан төрийн бичигт хэл соёлтой холбоотой ийм мэдээлэл байна: “Баруун түрэгийн хойд Түрэгтэй дээдэс нэгтэй. Анх Му гань болон Ша бэн ло хаан завсартай учир хуваагдаж хоёр болов. Түүний улс нь даруй Үсүнийн хуучин газар нутаг болно. Тэдэнд Ду лу болон Гун ши ви, Гэ ло лу, Чу юуй, Чу ми, И у зэрэг олон овог холбогджээ. Зан заншил нь ихэнхдээ түрэгтэй адил. Гагцхүү үг хэл нь жаахан зөрөөтэй”. Энд Баруун Түрэг, Хойд Түрэг гэдэг нь Тан төрийн нийслэл Чанганаас зүг чиг зааж байна.

Тэгэхээр Өтүгэн дэх Түрэг төрийн хүн амын дийлэнх нь Тэлэ нар. Үсүнь дэх Түрэг төрийн хүн ам Ду лу, Гун шиви, Гэ ло лу, Чу юуй, Чу ми И у зэрэг овгоос бүрдэнэ. Тэдний зан заншил нь ихэнхдээ ижил. Гагцхүү үг хэл нь жаахан зөрөөтэй гэжээ. Түүх битигч Бангу, Лиу Шү хоёрын хооронд есөн зуун жилийн зөрүү байна. Энэ хугацаанд Өтүгэн дэх мал аж ахуйтан, Үсүнь дэх мал аж ахуйтны зан заншил нь адил хэвээр байжээ.

Өөр нэг жишээ бол Тан төрийн Тайзун хуанди, Түрэг төрийн Же ли хаантай хоёулахнаа гол алслан ярилцдаг. Тайзун хуанди Сяньби аялагатай, Жели хаан Алтан уулын аялагатай ч тэд шууд нэвтрэлцэж байна.

Манай хэл маш эртний хэл. Энэ үед Монгол гэдэг нэр сураггүй байжээ. Энэ үед монгол хэл гэж байсангүй. Одоо ч монгол хэл гэж байх ёсгүй. Монгол гэдэг маань манай төрийн нэр болохоос хэлний нэр биш.

Уйгур

Уйгурын хэл бичиг үсэг нь Ашна овгынхонтой нэг. Шинэ могой усан дахь Муянч (Буянч) хааны бичээс “...Тэн(гридэ) болмос Ил итмэс..” гэж эхэлнэ.

Гурван жилийн өмнө ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн доктор дүү хүү “Түргийн бичгийг Уйгур гарч ирээд жаахан өөрчилж авсан” гэж өгүүлснийг гэнэт санав. Энэ нь хувь хүнийх гэхээсээ ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн байр суурь гэж хэлж болно. Эд нар эх сурвалжаас ямар их ангид байна. Эх сурвалжаас тэд маш хол байна. Уйгур нь Түрэг төрийн хүн амын дийлэнх хэсэг буюу Гол тигэн, Билгэ хааны хадан бичээсийг үйлдэж байхад хамт байсан хүмүүс.

“Уйгурын, дээдэс нь Хүннүгийн Хойчис бөлгөө. Вэй улсын үед Те лэ аймаг гэсэн нэртэй байв” гэж Хуучин Тан төрийн бичигт бичжээ. Үүнийг бид байнга санаж явах ёстой.

XIII зуунд Их монгол улсын албан хэл Уйгур, албан бичиг Уйгур болсон. Энэ тухай өгүүлсэн.

XI зууны эхэнд Диван Лугат ат Түрэг толийг Махмуд ал Кашгари бичин дуусгав. Уг толийг араб бичгээр бичжээ. Араб бичигт Ө, Ү, Э байхгүй. Манай хэлний мөн чанар болох хос сувгыг мэдэхгүй нэгэнд хүн хэл гэж танигдахгүй. Уг толинд давхардаагүй байдлаар нийт 2000 орчим үгс байна. Нийт үгсийн 85 хувийг бид таниж байна. Ийм өндөр үзүүлэлт бохирдсон хэлтэй өнөөгийн Стамбулын турк, Узбек, Хасгуудад байхгүй. Бохирдсон хэл гэдэг нь араб, перс үгсээр үгсийн сангаа дүүргэсэн гэсэн утга. Мянган жилийн урьд бүтээсэн Диван Лугат толь дахь хүн хэлний үгсийн сангийн дийлэнхи хэсгийг тэд араб, перс үгсээр сольжээ гэж та ойлгож болно. Диван Лугат ат Түрэг гэдэг нь эртний түрэг буюу хүн хэлний толь болно. Энэ тухай өгүүлсэн болно. Бид түрэг хэл гэхээр хүн хэл гэж билэрэх ёстой. Тэд Түрэг гэдэг нэрийг хараад Диван Лугат толийг өлгийдэж авав. Бид Түрэг гэдэг нэрнийхээ үүх түүхийг мэддэггүй байсан учир манайх биш гэж бодож байв. Диван Лугат тольгүйгээр Монголын нууц товчоог сэрээхгүй. Диван Лугат тольноос бодит жишээ олон дурьдсан тул энэ удаа үүгээр зогсъё.

Өтүгэн дэх Монгол улсын иргэд хүн үндэстэн бидний ёс заншлыг Үсүнь дэх Киргиз, Түркмэн, Узбек улсуудын ёс заншилтай, Бага Ази дахь Турк улсын ёс заншилтай ижил гэж хэлэх цаг аль эрт XIV зуунд өнгөржээ. Энэ дотроос Стамбулын турк, Туркмен, Узбек улсуудын дээдэс урагшаа очиж Перс, Арабуудтай дөрвөн зуун жилийн турш ураглаагүйсэн бол, хэлээ бохирдуулаагүйсэн бол, Исламын шашин аваагүйсэн бол зүс царай, хэл ярианы хувьд буюу зан заншил нь мануустай ижил байх байжээ. Киргиз, нэн шинэ Казах ард түмэн Перс, Арабуудтай ураглаагүй ч Исламын шашин авснаас болж үгсийн сангийн дийлэнхи хэсэг нь араб, перс үгсээр солигджээ.

Одоо бид Стамбулын туркуудын нүүр царай хэзээ, хэнтэй урагласнаар араб, перстэй ижил болов гэдгийг мөн .яагаад тэдний хэл манай хэлээс өөр болов гэдгийг мэддэг болов. Яагаад тэд манай Билгэ хаан, Тонуйкукк, Гол тигэны хадан бичээсийг уншиж дийлэхгүй байгаагын цаад учрыг ойлгодог болов.

Бид ийм их агуу түүхтэй хүн үндэстэн гэдгээ мэдэх үүрэгтэй.

Алдсан адуугаа сургаар олж болно. Алдсан түүхээ сургаар үл олно. Зөвхөн эх сурвалжийг сэрээсээр түүх сэрнэ.
<Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн/footer>
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...