Хамаг Монгол нь Хүннүгийн хойчис биш. Чингис хаан Моду жангарын удам биш
Хамаг Монгол нь Хүннүгийн хойчис, Чингис хаан Моду жангарын үр удам гэж нэг хэсэг бид төөрч явав.
10 0

Төөрч явсан нэгний дотор Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие орно. Эх сурвалж 10 жил судалж буй миний бие төөрөгдлөө залруулан хасаж, та бүхэнд үүнийгээ тайлбарлая.

Монголын нууц тоочоон номын тухай

Хамаг Монгол нь Хүннүгийн хойчис мөн, Чингис хаан нь Хүннү их улсыг байгуулагч Моду жангарын үр удам мөн гэх баримт Монголын нууц тоочоон номонд үгүй.

XIV-нд Юань төрийн ордноос хураан авсан нэгэн чухал номыг Мин төрийг үүсгэгч Чжу Юаньчжан хуанди зарлиг буулган, Судар бичгийн хүрээлэнд монгол хэл заагч 火原洁 Хуо Юань Жи, 马懿赤黑 Ма Уи Жи Хэй гэх хоёр хүнээр ханз үсгээр дуудлагын галиглууж, баруун хэсэгт ханз үсгээр хань хэлээр үгийн орчуулга хадаж, хэсэг агуулга бүрийн хойноос хураангуй орчуулга хаджээ. Шинээр бий болгосон номоо “Юань төрийн далд түүх” (元朝秘史) гэж нэрлээд эхний хуудсан дээр нь 忙豁仑 纽察 脱卜察安 гэж бичсэн бөгөөд энэ нь “Манголун ниуча туочаан” буюу халх хэлээр “Монголын нууц тоочоон” үгүүлбэр болно.

Монголын нууц тоочоон ном нь “Činggis qaγan-nu hujaur deer-e tenggeri-eče jayaatu töregsen Börte čino ajuu, gergey inu Qoay maral ajiay, tenggis ketüljü irebe᠌” гэж эхэлдгийг хүн бүр мэднэ. Уг номд Тэмүжинээс дээших түүний 22 үеийг заасан бөгөөд Бөртөчино ачуу (киданаар дээд өвөг) нь НОТ-ын 630 –р онд (нэмэх, хасах 20 жил) аж төрж байжээ. Моду жангар Бөртө чино хоёрын хооронд 830 өнгөрүү жилийн зөрүү байна. Энэхүү чухал номд "Хамаг Монгол нь Хүннүгийн хойчис мөн, Чингис хаан нь Хүннү их улсыг байгуулагч Моду жангарын үр удам мөн” гэх үгүүлбэр байхгүй. Мөн энэ тухай хоёрдмол утга тээсэн үгүүлбэр үгүй.

Дунд орны Ли Янь Шоу-гийн Умард төрийн түүх дэх Түрэг, Тэлэ шастир (659-р он), Вэн Жэний бичсэн Сүй улсын бичиг дэх Бэйди шастир (639-р он), Лиу Шү-гийн Хуучин Тан улсын бичиг дэх Түрэг дээд, Түрэг доод, Уйгур, Баруун Рун, Бэйди шастирууд (965-р он), Оуян Сү-гийн бичсэн Шинэ Тан улсын бичиг дэх Түрэг, Уйгурын шастир (1060-р он) гэх номуудад Хамаг монголын дээдэс нь Шивэй, Шивэй нь Кидантай төрөл, Дунхугийн хойчис гэдэг нь маш тодорхой бичигджээ.

Харин Хүннүгийн хойчис нь Тэлэ, Тэлэгийн хойчис нь Уйгур гэж бичжээ. Уйгурын хойчис нь Найман, Хэрээд мэргэд болох тухай Рашид “Судрын чуулган” номондоо бичжээ. Хэрэйд, Найман, Мэргэд нь Халх түмний дээдэс болохыг СИЭ ТББ-ын судлаачид бид баталж байна.

Хамаг Монгол нь Хүннүгийн хойчис, Чингис хаан Моду жангарын үр удам гэх гаргалгаа Чингис хаанаас Чанчун Бумбад бичсэн захидал дах “манай жангар (шанью)” гэх хоёр үгээс үүсэлтэй ажээ. Юань улсын үед Тао зон Уй “Chuo geng lu” буюу “Тариалах зуурын тэмдэглэл” номондоо Чанчун Бумбад Чингис хаанаас бичсэн захиаг буулгажээ (Уг захиаг тээгч хамгийн эртний баримт нь одоогоор энэ ном). Уг захидалд ийм ханз бий:

是以受之天佑,获承至尊。南连蛮宋,北接回纥,东夏西夷,悉称臣佐。念我单于国千载百世以来,未之有也。

Тэнгэрийн ивээл хүртэж, эрхэм хүндийг олов. Өмнөшөө бүдүүлэг Сун, умаршаа хураагдсан Уйгур, зүүншээ Ша, барууншаа Ий бүгд түшмэд болон дагав. Манай Жангарын төрөөс нааш мянган жил, зуун үед ийм юм болоогүй ажээ.

Яагаад Чингис хаан “манай жангар” гэж Моду-г хэлэв гэх асуултанд хоёр хариу байна.

1-р хариу нь Чингис хааны Бөртөчино ачуу-гаас (дээд өвгөөс) дээш 800 жилийн тэртээх бүх умарын ард түмэн (Хань улсаас умаршаа ард түмэн) Моду-гийн албад байсан учир ингэж бичив. Түүхийн он жилүүдэд сураг нь ардчигдсан өөрийнхөө дээдсийг Моду-гийн хур буюу албад байсан гэдгийн Чингис хаан үүх түүхээр мэдэж байв. Түүх бичлэгт үүнийг батлах ийм баримт байна. Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл ном”-д “自然至冒顿,而匈奴最强大,尽服从北夷,而南与诸夏为敌国 буюу “Моду-гийн үед Хүннү хамгаас хүчтэй болов. Умарын бүх И-г (бүдүүлгүүдийг) эрхшээж өмнө зүг Дунд оронтой (夏 Ся-тай) дайсагнаж улс гүрний тодорхой тэмдэгтэй болов” гэж бичжээ.

2-р хариу нь Өтүгүн нутгийн Хэрэйд, Найман, Мэргэд ард түмэн нь Их Монгол улсын үнэмлэхүй олонх ард түмэн байсан учир, тэд Хүннүгийн хойчис учир тэдний сэтгэл зүрхийг татахын тулд ингэж хэлж байсан болов уу.

ОХУ-ын ШУА, БНХАУ-ын ШУА Хамаг Монголыг Хүннүгийн хойчис биш гэдгий хатуу баримталж байна. “Чингис хаан Моду жангарын үр удам” гэх үгүүлбэрийг тэд сонсохгүй.

“Хамаг Монгол нь Хүннүгийн хойчис, Чингис хаан Моду жангарын үр удам” гэдэг нь үнэнд нийцэхгүй, богино настай тунхаглал байжээ.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...