Хүн төрөөс даруй 1000 жилийн урьд, ТТ (түрүү тооллын) 15-р зуунаас ТТ (түрүү тооллын) 7-р зуунд манай нутагт оршин тогтнож байсан Дөрвөлжин булшины соёлт төр, Буган сүлдэт төр гэх зэргээр нэрлэсэн төр улсуудыг гэрчилэх гэрч, тэдний үлдээсэн биет өв дурсгал, өнөө археологин биет эх сурвалж болох олон төрлийн булш, бунханууд мөн буган чулуун хөшөөнүүд манайд олноороо бий.
Тэдгээр төр улсуудыг харийн буюу дэлхийн түүхч, эрдэмтэн мэргэд төр улсын хэмжээнд авч үздэггүй, аль нэг овог аймаг хаа нэгтээгээс энд ирж соёлоо үлдээгээд хаашаа ч юм яваад өгсөн мэтээр авч үздэг. Тэднээс 1000 жилийн хойно эртний түүхэнд анх тэмдэглэгдэж, баримтжуулагдсан Хүн төрийг мөн адил төр улсын хэмжээнд авч үздэггүй, мөн л нэг үлгэр домгийн хэмжээнд үздэг байсан бол археологийн биет олдвор, бусад эх сурвалжаар батлагдаж нотлогдоод ирэхээр харийнхан манай Хүн төрийг боловсронгуй хөгжилтэй, нарийн бүтэц зохион байгуулалттай төр улс бус зөвхөн хэдэн аймгийн бөөгнөрөл холбоо төдий бүдүүлэг, энгийн бүтэц байсан гэсэн таамаг дэвшүүлж, төр улсыг нь үгүйсгэж буй.
Хүн төрөөс хойш 1000 жилийн дараа Монгол төр тогтож, урьдны төрийн хэмжээнд хүрчээ.
Энэ үйл явдлыг дэлхийн эрдэмтэд зэрлэг бүдүүлэг нүүдэлчид ямар нэгэн далдын хүчний тусламжтайгаар гэнэт хүчийг олж дэлхийн соёлт ертөнцийг уулгалан, хүн төрөлхтөнийг хядаж, түйвээсэн мэтээр тайлбарладаг.
Энэ бүгдийг няцаах баримт, тайлбар нь ТТ 15-р зуун гэхэд төр улс байгуулж байсан манай өвөг дээдэс саань 1000 жилийн дараа ТТ 4 -р зуунаас НТ (нийтийн тооллын) 1-р зуунд 26 аймаг -улсын нэгдэл бүхий хүчирхэг Хүн төрийг байгуулж байж. Үүнээс хойш төр улс доройтон буурсаар НТ 6-8-р зууны Түрэг төрийн үед хэсэг зуур сэргэн мандаж газар нутгийн хувьд Хүн төрийн хэмжээнд очсон ч төр улсын нэгдмэл байдал бусад талаараа түүнд хүрээгүй байна. Иймээс ч төд удалгүй хуваагдан тарж дахин буурчээ.
Хүн төрөөс 1000 жилийн хойно НТ 13-р зуунд Монгол төрийн үед дахин сэргэн мандаж, төр нь Хүн гүрний хэмжээнд дөхөж очсон ч бие даасан холбооны улсууд үүсгэж мөн л урьдын адил хуваагдан тарж бутарчээ.
Манай өвөг дээдсийн төр улсуудын түүх, тэдний мандан бадарч тарж сарниж байсан түүхийг бүтнээр нь мэдсэнээр харийн эрдэмтэн мэргэд, түүхчидийн үзэл, сургаалийн дагуу:
- Монгол төр оргүй хоосноос бий болж, зэрлэгүүд 13-р зуунд анх төр улстай болсон гэж сохроор итгэхээ болино.
Хууль цааз, төрийн ёс, хэл соёл, зан заншил, цэрэг дайны болон бусад бүх салбарын дэвшилтэт технологи бүхэн Чингис хаан буюу Чингисийн монголчууд анх бодож олж санаачилсан, анх зохиож хэрэгжүүлсэн, тэр бүгдийг 13-р зуунд л анх үүсгэн байгуулсан гэж төөрөлдөхөө болино.
13-р зууны Монгол төр тогтохоос өмнөх үеийн монголчууд гэж хэн байв, яагаад Монголчууд биш Тайчууд, Хиад, Боржигон, Татар овогтнууд гэгдэж байв, Хүн үндэстэний хойчсын дунд тэд хэр жижиг, цөөнх байв, төр яагаад Монгол гэдэг нэртэй төр болов, төр тогтсоны дараах үеийн Хүн үндэстэн олон олон өөр овог аймгийн хүн ам бүгд Монголчууд гэгдэх болов гэдгийн үндсэн учир шалтгаан нь мал ахуйт нийгмийн төр ёсонд байна гэдгийг ойлгоно.
Төр задрахад нийт монголчууд уул, ус, газар нутагаараа аймаглан бие даан салж, шууд захирах ясту хүнийхээ харьяаны аймаг, овогоор овоглодог төр ёсны дагуу монгол биш аль нэг овогтон, ястан болдог, шинэ овог аймгууд бий болж, овог аймгууд биенээ хурааж, хураагдаж, нэрс нь байнга солигддог болохоос бус домогт гардагчилан уул хайлуулан гарч ирсэн Монгол гэх нэг угсаа байлаа гэхэд тэр нь үргэлжид мөнх оршин байх ёс үгүй гэдгийг, төр хэр хүчирхэг, он удаан тогтоно тэр хугацаанд иргэд харьяалж буй төрөөрөө, аймгаараа, овгоороо овоглож байгаад төр нь дараагийн төрөөр солигдоход овог нь дагаж солигдож байдаг болохоос бус төр солигдоход нэг овог аймаг бүтнээрээ нүүж ирээд улсаа байгуулж, өмнөх улсын хүн ам иргэдийг хядаад юмуу хөөж явуулж хүн ам улс гүрэнээрээ солигдоно гэсэн ойлголт огт биш юм гэдгийг ойлгоно.
ТТ 15-р зууны үеэс нааш энэ газар нутагт оршин байсан дөрвөлжин булшны соёлт, буган сүлдэт, Хүн, Сянби, Роуранг, Түрэг, Уйгур, Монгол гэх улсууд нь энэ нутагт өөр өөр улс , ард түмэнүүд ээлжилэн ирж оршин байж байгаад явсан хэрэг бус, харин энэ газар усны ард түмэн, тэдний хойч үеүүд буюу нэг л ард түмэн хэдэн мянганы туршид эндээ л оршин байж, эрин зуун бүрт тэдний дотроос аль нэг нь хүч чадлаараа толгойлон гарч ирж бусдыгаа хураан төрөө байгуулдаг жамтай, нэгэн үндэстэн - нэг ард түмэн түүхийн өөр өөр цаг хугацаанд төрөөрөө буюу төр барьж буй аймгаараа овоглон өөр өөр нэртэй болж байсан, төр улс, төрт ёсны уламжилалыг аль тэртээх ТТ 15-р зуунаас нааш бий болгон хөгжүүлж, уламжилаж ирсэн арт түмэн юм байна.