Монголын нууц товчоо ба Хүн хэл
Түрэг, Уйгур төрийнхөө Хүн, Брахми үсэгтэй хадан бичээсийг амжилттай сэрээсээр, эх сурвалж судлаач СИЭ ТББ-ын хамт олон Хүн хэлнийхээ мэдлэгийг 1400 жилээр урагшлуулав.
772 0

Түрэг, Уйгур төрийнхөө Хүн, Брахми үсэгтэй хадан бичээсийг амжилттай сэрээсээр, эх сурвалж судлаач СИЭ ТББ-ын хамт олон Хүн хэлнийхээ мэдлэгийг 1400 жилээр урагшлуулав. Энэ үйлээр эвдэрхий хэлтэй Хүн үндэстэн монголчуудад эх хэлээ сэрээх замыг нээв. Өнөө манай малчдын хэл Түрэг, Уйгур төрийн хадан бичээсийн, Их Монгол төрийн Нууц товчоо-ойн, Монгол Улсын 1924 оны Үндсэн хуулийн хэлтэй ижил болохыг СИЭ хөдөлшгүйгээр, эргэж буцалтгүйгээр тогтоов. Хүн хэлний мөн чанар, зүй тогтлыг эс билрэгч Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа нар “Монголын Нууц Товчоо”/МНТ/-г хэрхэн буруу сэрээснийг ганцхан 52-р хэсгээр л та бүхэнд танилцуулая.

МНТ-ны 52-р хэсэгт буй хоёр өгүүлбэрийг Ё.Баатарбилэгт зориулсан “Эрх мэдэл ба сайд” нэртэй нийтлэл дотор задлан тайлбарласан тул уг тайлбарыг дээрх хоёр хүний тайлбартай харьцуулахад манай ухагч нар нэгийг билрэх байх аа. Энэхүү нийтлэлийн үр дүнд манай ухагч нар эх сурвалжийг яаж сэрээдэггүй, яаж сэрээдэг тухай мэдлэгтэй болохоос гадна Ц.Дамдинсүрэнгийн Хүн хэлний мэдлэг ямар дорд түвшинд байсныг билэрнэ.

52-р хэсэгт:

Латин галиг. 52. Qamuq moꞑqoli qapul qahan meten apa. Qapul qahannu qojina, qapul gahannu ukeber toloan koutijen poetele seꞑkun pilkejin koun ampagaj gahan gamug moꞑqoli meten apa.

Кирил галиг. 52. Камук Монголи Капул кахан мэтэн апа. Капул каханну койна, Капул каханну өкэбэр толоан коутийн пөэтэлэ сэнгкүн пилкэийн коун ампакай кахан камуг Монголи мэтэн апа.

Орос галиг (угийн дуудлагагүй). 52. Хамуг Монголы Хамбул хаан мэдэн аваа. Хабул хааны хойно, Хабул хааны өгөбэр долоон хүүдийн бө этэлэ Сэнгүн Билгэийн хүү нь Амбагай хаан Хамуг Монголыг мэдэн аваа.

Эхэлж Ц.Даминсүрэнгийн“Монголын нууц товчоо”-нд дүгнэлт хийе.

52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хөвүүнээ байтал, Сэнгүн билгийн хөвүүн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ.

Дээдсийнхээ бичээсийг хатуу баримтлалын дагуу сэрээнэ.

Баримтлал 1. Өгүүлбэр дэх үгийг хасаж, өөр үг нэмж үл болно.

Ц. Дамдинсүрэн “захирч”, “байв”, “болгохоор”, “хэлсэн”, “ажээ” гэх галиганд ороогүй таван үгийг нэмжээ. Мөн “Хабул”,“хааны”,“хойно” гэх эх сурвалжид байгаа гурван үгийг хасжээ. Эх сурвалж судлаач хүний хувьд Ц.Дамдинсүрэн Хүн хэлнийхээ мөн чанар, зүй тогтлыг мэдэхгүй учир, уг сурвалжийг сэрээх мэдлэггүй учир 52-р хэсгийг өөрийнхөө ширгэмэл мэдлэгийн хүрээнд тааруулан засжээ. “Нууц товчоог би ойлгохгүй бол Нууц товчоо намайг ойлгоно” гэсэн шинжлэх ухаанч биш баримтлалыг Ц.Дамдинсүрэн хэрэгжүүлжээ.

Баримтлал 2. Синтаксис буюу өгүүлбэр зүйг эх сурвалж судлаач сайн мэдэх ёстой. Ц.Дамдинсүрэнгийн зохиосон өгүүлбэрт Хүн хэлний өгүүлбэр зүй байгаа эсэхийг шалгая. “Хамаг Монголыг Хабул хаан захирч байв”. Энэ өгүүлбэрийн +в төгсгөлтэй үйл үг өнгөрснөөс өнөөг холбоно. Тэгэхээр уг өгүүлбэрээр тухайн үед Хабул хаан амьд сэрүүн байжээ. Ц.Дамдинсүрэн “Хамаг Монголыг Хабул хаан захирав” гэж бичсэн бол илүү Хүн хэлний зүй тогтолтой нийцэх байжээ.

Дараагийн өгүүлбэр: “Хабул хаан долоон хөвүүнээ байтал, Сэнгүн Билгэ-ийн хөвүүн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ”. Энэ өгүүлбэрт Ц.Дамдинсүрэн утга зүйн, өгүүлбэр зүйн, үйл үгийн цагийн алдаа олныг хийжээ. Хүн хэлний зүй тогтолд Ц.Дамдинсүрэнгийн энэ өгүүлбэр таарахгүй байна.

Утга зүйн алдаа

  1. Хаан зарлиг буулгана, хаан хэлэхгүй.
  2. “болгохоор” гэдэг үг ирээдүй цагийн үргэлжлэх хэлбэр тул арын үйл үг нь тохиролцов, тогтов гэх мэтийн үйл үг орохоос хэлсэн гэж орохгүй.
  3. “хэл” гэх үйл үг нь олон давтагтах утгатай тул +сэн дагавар залгахаар олон давталтаас нэг удаа өгүүлснийг нь заана. Дараагийн цагт хамаагүй гэсэн үгүйсгэлийг агуулна. “Хэлсэн” гэвэл өнө цагт хамаагүй, эрт болж өнгөрсөн үйлийг хэлнэ. “Хэлэв” гэвэл тухай цагт хамаатай. Төрнө, үхнэ гэдэг нь ганц удаагийн үйл учир +сэн дагавар үйлийн төгс хэлбэрийг заана. Ц.Дамдинсүрэн үйл үгийн цагийг мэдэхгүй байна. “Хабул хаан Амбагайг Хамаг Монголын хаан болго гэж хэлсэн” гэвэл өгүүлбэр зүйн хувьд зөв боловч утга зүйн хувьд тухайн үед хэлсэн одоо больсон гэх үгүйсгэл агуулна. “Хабул хаан Амбагайг Хамаг Монголын хаан болго гэж хэлэв” гэвэл энэ нь тухайн үедээ хүчинтэй утга болно.
  4. Ц.Дамдинсүрэнгийхээр Хабул хаан амьд байх үедээ Амбагайг Хамаг Монголын хаан болгожээ. МНТ-нд Хабул хаан өөд болсны дараа Амбагай Хамаг Монголыг мэдэн авчээ.

Баримтлал 3.Үгийг засаж, сольж болохгүй.

Долоон хүүдийн (хүү ганц тоо,+д хэсгийн тоо үүсэгч, +ийн харьяалах) гэж орсныг долоон хөвүүн (хөвүүн төрлийн тоо) сольжээ. МНТ-д хоёр болон түүнээс дээш тооны араас орох нэр үг хэсгийн тооны дагавартай байна.

Ц.Дамдинсүрэн манай хэлийг судлах чадваргүй хүн байжээ.

Ш.Чоймаагийн “Монголын Нууц Товчоо”-нд дүгнэлт хийе.

52. Хамаг Монголыг Хабул хаан мэдэн ав. Хабул хааны хойно, Хабул хааны үгээр долоон хөвүүдээн бөгөтөл, Сэнгүм Билгэ-ийн хөвүүн Амбагай хаан Хамаг Монголыг мэдэн ав.

Баримтлал 1. Өгүүлбэр дэх үгийг хасаж, өөр үг нэмж үл болно. Ш.Чоймаа ийм зөрчил гаргасангүй.

Баримтлал З. Үгийг засаж, сольж болохгүй.

Ш.Чоймаа “өгөбэр” гэх үгийг “үгээр”, “хүүдийн” гэхийг “хөвүүдээн” гэж сольжээ.

Цагийн алдаа: Ш.Чоймаа “ав” гэдэг үгийг “байв” гэж тайлбарлажээ. Тэгэхээр эхний өгүүлбэр “Хамаг Монголыг Хабул хаан мэдэн байв” болно. +в төгсгөлтэй үйл үг өнгөрснөөс өнөөг холбоно. Хабул хаан амьд сэрүүн гэсэн утгаар дараах өгүүлбэртэйгээ холбогдоно. Гэвч дараагийн өгүүлбэр “Хабул хааны хойно” гэж эхэлнэ. Ш.Чоймаа “аваа” гэх үгний утгыг мэдэх, мэдэхгүй байх нь бага асуудал, Монгол хэлний ардын багш үйл үг хоорондын цагийн холбоог огт мэдэхгүй байгаа нь гамшиг.

Утга зүйн алдаа: Үг нь амнаас гарах утга бүхий авиаг хэлнэ. Өгүүл, Үгүл (үгэл) нь амнаасаа үг гарга гэсэн утга бүхий үйл үг болно. Хабул хааны хойно гэдэг нь Хабул хаан өөд болсны дараа Хабул хааны үгээр гэж манай дээдэс хэлэхгүй. Энэ нөхцөлд Хабул хаан заавал амьд байх ёстой. Өөд болсон хүний үгээр үг хийхгүй.

МНТ-д биш Ш.Чоймаагийн “Монголын Нууц Товчоо”-нд синтаксис буюу өгүүлбэр зүйн шинжилгээ хийе: Хамаг Монголыг Хабул хаан мэдэн ав (байв), Хабул хааны хойно, Хабул хааны үгээр… Сэнгүм Билгэ-ийн хөвүүн Амбагай хаан Хамаг Монголыг мэдэн ав (байв). Хабул хаан өөд болсны дараа, Хабул хааны үгээр Амбагай хаан Хамаг Монголыг мэдэн байв? Ш.Чоймаа эх сурвалж судлах чадваргүй хүн байна.

Эх сурвалж судлаач СИЭ ба “Монголын нууц товчоо”.

52. Хамаг Монголыг Хабул хаан мэдэн аваа (авжээ). Хабул хааны хойно, Хабул хааны өгөбэр долоон хүүдийн бө этэлэ Сэнгүн Билгэийн хүү нь Амбагай хаан Хамаг Монголын мэдэн аваа (авжээ).

“Хамаг Монголыг Хабул хаан мэдэн аваа” гэдгийн “аваа” нь өнгөрсөн цагаар умрын буриад ард өнөө хүртэл өгүүлнэ. “Бөртө чино тэнгис гэтэлжү (хэтэрч) ирэп” гэдэг нь өнөөгийн Эрхүү мужийн газар уснаас Бай голыг гэтэлж Эргүүнээд очсон болох нь хэл зүйн талаас батлагдаж байна. Буриад аялгаар буюу Чингис хааны төрөлх аялгаар МНТ-ны эхний хэсэг бичигджээ. Хамаг Монгол нь маш жижиг аймаг тул Өтүгэнд төр барихдаа хүн амын дийлэнх Хэрэйд, Найман нарын төв аялгад өөрийнхөө аялгыг уусгажээ.

“Мэдэн аваа” нь халх аялгаар “мэдэн авжээ” болно. Тэгэхээр Хамаг Монгол гэх аймгийн хаанаар овгуудын өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа хамгийн сайн мэдэх Хабул сонгогджээ.

“Хабул хааны хойно, Хабул хааны өгөбэр долоон хүүдийн бө этэлэ Сэнгүн Билгэийн хүү нь Амбагай хаан Хамаг Монголы мэдэн авжээ”. Энэ өгүүлбэрт өгүүлбэр зүйн задаргааг хийе: Өгүүлэгдэхүүн нь Амбагай каган; өгүүлэхүүн нь мэдэн авжээ; тусагдахуун нь Хамаг Монголы (г); хэний хөвүүн Хамаг Монголы (г) мэдэн авжээ? Хариулт Сэнгүн Билгэийн хөвүүн; хэзээ мэдэн авжээ? Хариулт нь Хабул хааны хойно, мөн Хабул хааны долоон хүүдийн бүэтэлэ; Диван Лугат толиор бү-энэ, энэ нь гэсэн утга; этэлэ үзийн дуудлага, атала угийн дуудлага, МНТ бү этэлэ, төдий атала, тийн атала, атал гэж оржээ; этэлэ-атала нь хугацаа гэсэн утга агуулна (тайлбар урт учир хожим тайлбарлая); Хабул хааны ямар долоон хүүд? Хариулт нь Хабул хааны өгөбэр долоон хүүд; өгөбэр үгний үндэс нь “өг”, “үг” үйл үг бөгөөд уг үг Диван Лугат тольд нэр үгээр “өг-доля, наследия” буюу “хувь, залгамж” гэж заажээ, +бэр нь Хүн хэлээр үйл үг үүсгэгч, мөн “нэг” гэх кидан тооны утга агуулна; өгбэр гэхээр өгөх нэг гэсэн утга агуулах нэр үг болно, өнөө үз+вэр, өгүүл+бэр, тайл+бар гэх олон үгийн үүсэл ийм.

Ингээд уг хоёр өгүүлбэрийг өнө цагийн аялгаар, өгүүлбэрийн бүтцийг хөндөхгүйгээр хүргэе.

Хамаг Монголыг Хабул хаан мэдэн аваа (авжээ). Хабул хааны хойно, Хабул хааны өгөбэр (залгамж) долоон хүүдийн бө (энэ) этэлэ (хугацаанд) Сэнгүн Билгэийн хүү нь Амбагай хаан Хамаг Монголыг мэдэн аваа (авчээ).

Аваа-авжээ буриад халх аялгууны зөрүү. Харин өгөбэр гэдэг үгийг өнө цагийн монголчууд гээжээ. Залгамж гэдэг үг өгөбэр гэдэг үгийг орлохгүй. Залгамж гэдэг үгний үндэс “зал” гэдэг нь зааж, залахын зал. Үүнээс байнга заалгадаг нэгнийг залху хүн гэнэ. Хожим утга нь өнөөгийн залхуу. Энэ үг Диван Лугат тольд байна. Бү гэдэг үг нь энэ гэдэг үгнээс өөр. Аав нь (энэ), хүү нь (энэ) бу гэдгээс өөр. Гол тигэн хадан бичээст “бү өдгөө” гэж орсон нь “энэ өдгөө” гэсэн утга агуулна. Ц.Дамдинсүрэн байтал гэж бичсэн нь зөв бөгөөд уг үгний эх дуудлага нь бу “атала” болно. Хожим байтал болжээ. Энэ бүгдээс харахад дээдсийн бичээс дэх өгүүлбэр болгоныг нандигнан судлах үүргийг эх сурвалж судлаач бид гүйцэтгэж байна.

Дүгнэлт:

Ц.Дамдинсүрэнгийн “Монголын нууц товчоо” нь Ц.Дамдинсүрэн товчоо болно. Ганц өгүүлбэрт л зөрчил, алдаа ийм олон байна. Хамгийн аюултай нь Ц.Дамдинсүрэн Хүн хэлээ мэдэхгүй байна. Хүн хэлний мөн чанар, зүй тогтлыг эс билрэгч, ийм чадваргүй хүний ширгээмэл тархины чадварын хэмжээнд орчин цагийн гэх тодотголтой зохиомол хэл үүсчээ. Үүнийг даруй засах ёстой. Энэ нь Хүн үндэстэн өнөөгийн монголчуудын гамшиг. Ардын багш Ш.Чоймаа манай Хүн хэлний мөн чанар, зүй тогтлын талаар мэдлэг муутай нэгэн нь байна.

Гарц бол өвөг дээдсийнхээ үлдээсэн эх сурвалжаар Хүн хэлээ сэрээх явдал юм. “Монголын нууц товчоо”-ны 52-р хэсгийн өгүүлбэр дэх ганц ч үг, ганц ч тийн ялгалыг өөрчлөхгүйгээр өнө цагийн та бид билэрч байна. Хамаг Монгол аймгийнхан XIII зуунд Өтүгэнд ирж төр барих үедээ төвийн аялгад орон нутгийнхаа аялгыг уусгасан нь VI зуунд манай Түрэг аймгийнхан Өтүгэнд ирж төр барих үедээ төвийн аялгад орон нутгийнхаа аялгыг уусгасантай ижил үйл болно. Өтүгэнд тооны нэр өөрчлөгдөхөөс төв аялга өөрчлөгдөөгүй юм байна.

Монголчууд аа, эх сурвалжаа судлан Хүн хэлээ сэрээхийн оронд эх хэлнийхээ мөн чанар, зүй тогтлыг огт мэдэхгүй Ц.Дамдинсүрэнг “бурхан” болгосны гор өнө цагт орос дүрэмтэй, орчин цагийн гэх тодотголтой монгол хэлийг бий болгосоор манай ард түмэн өөрсдийнхөө оюун санааны чадамжийг ихээр чөдөрлөж байна. Хэл нь зөвхөн санаж бодсоныг хүргэдэг хэрэгсэл төдийгүй, санаж бодох хэрэгсэл юм. Санаж бодох хэрэгсэл нь гацаатай учир та бидний билгэ оюун чөдөртэй байна. “СИЭ” ТББ-ын хамт олон өвөг дээдсийнхээ хадан бичээс дэх болон “Монголын нууц товчоо” дахь өгүүлбэрийн бүтцийг өөрчлөхгүйгээр нандигнан судалж, та бүхэндээ хүргэж байна.

Битигч Хурган овог Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...