Үсэг бичиг ба Үндэстний оршихуй
Нийтлэл
654 0

Өнөөгийн Хүн үндэстэн монгол ард түмэн бидний дээдэс мэдэгдэж буйгаар, НТӨ III – НТ III зуунд Хүн Төр байгуулан мандсанаас нааш НТ IҮ зуунд Сяньби Төр, IҮ – ҮI зуунд РуРу (Жужан) Төр, ҮI - ҮIII зуунд Түрэг Төр, ҮIII зуунд Уйгур Төр, ХIII зуунд Их Монгол Төр, ХХ зуунд Богд хаант болон Социалист Төр байгуулан анги тогтнож, Байгалийн болон Хүмүүнлэгийн ухааны олон талыг хамарсан эрдэм мэдлэгийн нэгдмэл цул, гайхамшигт caнг бүтээсний дотор үндсэн бичиг үсэг ууган салбарын нэгд тооцогдон багтана.

Улс орон оршин тогтноход эдийн засаг, бичгийн засаг аль аль нь нэн чухал учраас Хүн Төрөөс Уйгур Төрийн сүүлийн жилүүд хүртэлх бүх Төрийн үед хүн үсгийг Улсын үсгийн хувиар хэрэглээд, дараа нь уйгур үсэгт шилжиж, түүнийгээ Социалист Төрийн дунд хагаст халсан түүх өдгөө билрэгдэж буй агаад тэр зуур 1269 онд шинэ буюу дөрвөлжин үсэг, 1587 онд али гали үсэг, 1648 онд тод үсэг, 1686 онд соёмбо үсэг, 1905 онд вагиндра үсэг тус тус зохион хэрэглэсэн нь цөм уйгур үсэг суурьтай хувилбар мөний дээр Үндэсний эрх ашиг, ангид тогтнолын төлөөх үсэг байжээ.

Харин,

  1. Манжийн Төрөөс, эзний хувиар боолдоо тулган хэрэглүүлсэн манж үсэг,
  2. “. . . халуун удирдлага ба тулгуур түшиг болох Коминтерн ба Холбоот Улс лугаа холбоо хэлхээг бататган зузаатгах явдлуудыг туйлын чухал болгох. . .”(МАХН-ын YII их хурлын товч тогтоол. УБ. 1928.х.26) зорилгод нийцүүлсэн латин үсэг,
  3. Буяны мөр дагуулан орж ирсэн ч сүүлдээ“. . . үндэсний утга бичгийг боловсрол хэрэглүүрийн хувиар ямарваа нөлөө холбогдолгүй болгон хохируулж, . . . төвд бичиг зохиолыг боловсрол хийгээд боди хутгийг олохын цорын гагц зам . . . ” (“Монгол хэл, уран зохиолын зарим асуудал”. УБ. 1966 8-117) болгосон төвд үсэг,
  4. . . . нийгэм журмын агуу их орон болох Зөвлөлт Холбоот Улсын туршлагаар удирдлага болгож . . .” (Улсын их хурал дээр Х. Чойбалсангийн тавьсан илтгэл. УБ. 1940. х-28) , “Тус орны соёл боловсролын цаашдын хөгжилт нь гагцхүү . . . Зөвлөлтийн баялаг соёлыг эзэмших замаар явах жамтай. . .”(БНМАУ-ын Бага хурал, засгийн газраас гаргасан хууль дүрэм, тогтоолуудын эмхтгэл. УБ.1941.I дэвтэр.х-237) учраас авсан бөгөөд өдгөө кирилл бичиг нэртэй болоод буй “Орос үсэг дээр үндэслэсэн Монголын шинэ үсэг” (БНМАУ-ын Бага хурал, засгийн газраас гаргасан хууль дүрэм, тогтоолуудын эмхтгэл. УБ.1941.I дэвтэр.х-237) бол Үндэсний эрх ашиг, ангид тогтнолын эсрэг буюу оршихуйд харш үсэг юм. Үүнд, аливаа үндэстний нийгмийн амьдралын тухайд, хүрээлэн буй орчин, цаг хугацаа, үйлийн холбоо барилдлага буюу нөхцөл шалтгаан, арга - билгийн нэгдлээр бусдаас ялгаран, орон зайг эзэгнэн тогтнох чадварыг оршихуй гэх ба оршихуйн эзэн нь хүн, арга нь бусдаас ялгаран ондооших чадвар, билиг нь бусдаас ялгаран ондооших ухаан (мэдлэг) болно.

Оршихуйн аргын амь нь мэдрэмж буюу зөн, амилал нь хөдөлгөөн (хөдөлмөр,тэмцэл), оршихуйн билиг ухааны амь(гол цөм) нь сэтгэлгээ (англиар: mentality, оросоор : менталитет), амилал(бодбие) нь хэл(хэлээр xарилцах үйл) юм.

Дээр дурдсан буруу мөрийн хэдэн үсэг дотроос Хүн үндэстэн монголчууд бидний оршихуйг туйлын их сүйтгэсэн нь төвд үсэг, мөн орос үсэгт үндэслэсэн шинэ үсэг байна.

Төвд үсэг, түүгээр тэмдэглэсэн төвд хэлийг хэтэрхий дээдэлснээс болоод, үндэсний бичиг соёлын хөгжлийн эрч хүч эрс саарсны дээр толь буюу үгийнсан өдий төдий төвд үгээр дүүрч, үндсэн үг мартагдсан билээ. Өнөөдөр Хүн үндэстэн монголчууд бидний дийлэнх олонх долоо хоногийн долоон өдрийн нэр ямар утгатай юун нэр болохыг эс мэдэхээс эхлээд, өөрийн нэрийг ч юу гэсэн үг болохыг үл ухах хэмжээнд хүрч, тэдгээр нэр болон бусад үг, хуулбар орчуулгын үгийг харь хэлний үг гэж огт мэдрэхгүй болжээ. Гэвч, түүхийн янз бүрийн үед нэвтэрсэн бүх төвд үгийг орчуулахад таарах үг одоохондоо бэлэн байгаа бөгөөд өнөө үед үндсэн толь руу (үгийнсан руу) үерлэн цутгаж буй төвд гэлтгүй олон харь үг, харь хэлний загвартай хэрэггүй хэллэгийг нэгд нэгэнгүй орчуулахыг албан харилцаанд Үндсэн хэл хэрэглэж буй хүн бүр байнгын зорилго болгох ёстой.

Төвд үсгийнхээс ч даацтай хохирол сүйрэл бол “Орос үсэг дээр үндэслэсэн Монголын шинэ үсэг”(БНМАУ-ын Бага хурал, засгийн газраас гаргасан хууль дүрэм, тогтоолуудын эмхтгэл. УБ.1941.I дэвтэр.х-237) гэдэгт үндсэн хэлээ албадан шахаж оруулсан явдал мөнийг өнөөгийн Хүн үндэстэн монголчууд бид байнга мэдэрч, будилж буруудан, гутарч гундаж байгаа билээ. Хэрэв, өнөөгийнхөн үндсэн түүх, хэл – сэтгэлгээгээ даруй сэрээж эс чадан, гадаадыг шүтэж, харийнхны бодлогод дөрлүүлээд байвал, “Аав ээжийн хийсэн үр хүүхдэд ирдэг” жамаар, хожмын үр ач нар түмэн зовлон гаслан туулахаас үл зайлах буй заа гэхийг түр орхин өгүүлэхэд,

Орос үсэг дээр үндэслэсэн Монголын шинэ үсэг хэрэглүүлэхийн аюул хөнөөлийг анхнаас нь нэвт харсан, Улс үндэстнээ гэх халуун сэтгэл, хатан зориг төгөлдөр манай ухаан билигт баатар дээдэс эрдэмтэн сэхээтэн, Төрийн түшээ нэр эсэргүүцэн эсэргүүцсээр, арга буюу цагийн эрхэнд хүч мөхөстжээ.

Тэдний дотроос, 1939 онд хилс хэргээр баривчлагдан, 1941 онд тухайн үеийн ЗХУ – д цаазлуулсан эмгэнэлт тавилантай А.Амар сайд, “Японы тагнуул” гэгдэн, цаазын ял сонссон ч азаар амь хэлтэрч, 1937 - 1942 онд хилсээр ял эдэлсэн харуусалт түүх бүхий Б.Ринчен их эрдэмтнийг онцлон дурсаж гашуудаж, бас бахдан бишрэлтэй.

Б.Ринчен их эрдэмтэн “Хувьсгалын эсэргүү, феодалын хэлийг магтагч, ангийн хэлийг хамгаалагч, Японы тагнуул, Монгол – Зөвлөлтийн найрамдлыг хялайн үзэгч, Социалист Монголын соёлыг үгүйсгэгч үндсэрхэх үзэлтэн . . .” гэх зэрэг сонсошгүй хараал зүхлийг үргэлж дуулж, “Бидэнд бүү саад бол ! Бидний замаас зайл!” гэж хөөгдөн, насан туршаа адлагдан гадуурхагдсан билээ.

Гэвч, тэрээр үл шантран, 1977 онд насан хутгийг олон олтлоо үндсэн хэл, бичиг, соёлынхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр тууштай тэмцэж, хэдий завандаа амжуулав аа ? ! гэж гайхан гайхаад барамгүй их бүтээл туурвин үлдээж, Хүн үндэстэн монголчуудынхаа үүрдийн бахархал, Улс орон, ард түмнийхээ төлөө тэмцлийн жинхэнэ үлгэр дуурайл болон мөнхөрчээ.

Битигч Г.Буянтогтох СИЭ ТББ
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...