Хүн хэлээрээ зөв өгүүлцгээе!
Цуврал 1-4
1478 0

Цуврал 1

“Цагаан будаа” гэх үг маш хожмын үг бөгөөд уг тарианы оногдмол нэр нь биш, нэг төрлийн будааг нөгөө төрлийн будаанаас зүсээр нь ялгахын тулд цагаан гэх үгийг энд хэрэглэж байна. Диван Лугат тольны 3196-д тутурган – цагаан будаа, Цэвлийн толинд тутрага – цагаан будаа, өнөө өвөр монгол ахан дүүс тутрага гээн өгүүлж байна.

Олон төрлийн будаа нэг доор, нэг айлын хэрэглээ болсон нь түүхэн талаасаа хожмын явдал болно. Нэг өрх олон төрлийн будаа хэрэглэх болсон цагаас гэр бүлийн түвшинд хүн үндэстэн монголчууд цагаан, шар, улаанаар нь, зүсээр нь будаагаа ангилах болжээ. Эдгээр будааг тарьж эхэлсэн нутаг, цаг агаар, чийглэг орчин, тариалж эхэлсэн түүхэн цаг хугацаа нь хоорондоо өөр бөгөөд будаа болгон эрт үед бүс нутагтаа гол нүүрс усны хэрэглээ нь байжээ.

Өнөөгийн археологийн олдвороор тутрага будааг 7000 жилийн тэртээд Дунд орны өмнөд чийглэг, дулаан нутагт тариалж байсан нь тогтоогджээ. 7000 жилийн урьд тутрага тариалагчид, өөр будаа үл тариалах учир, өрх бүл нь өөр будааг хэрэглэж байгаагүй учир будаагаа цагаан гээн эс дуудаж байжээ.

Казах хэлэнд тутрагыг күріш, Истамбулын туркууд pirinç гэдэг юм байна. Диван Лугат толинд ийм үгс байхгүй. Цагаан будаа биш тутрага гэж занших нь үндэстнийнхээ ой санамжийг сэрээхэд таны оруулах жижиг биш хувь нэмэр болно. Тутрага тутурган хоёрын үг зүйн ялгаа. Хүн хэлэнд нэр үгний араас +н оруулан бүтэн үг үүсгэнэ.


Цуврал 2

Амуу

“Шар будаа” гэх үг маш хожмын үг бөгөөд уг тарианы оногдмол нэр биш, нэг төрлийн будааг нөгөө төрлийн будаанаас зүсээр нь ялгахын тулд шар өнгийг энд хэрэглэж байна.

Амуу нь Төв азиас гаралтай, неолитын үед хүмүүс тариалж байсан ургац юм. 8000 жилийн тэртээд Си Ляо голын саваас буюу Улаан хадны нутгаас амуу тарианы үрийг археологчид илрүүлжээ. Уг газраас амууны гурилаар хийсэн гоймонг археологчид илрүүлэн цаг хугацааг нь өдгөөгөөс 5000 жилийн тэртээд гэж тогтоожээ.

Амуу тариа нь хүйтэн, уулархаг газар ургаж, хөрс голохгүй, хурдан боловсорно.

Амууг хүрэл бий болохоос, бэлчээрийн мал аж ахуй үүсэхээс, төр улс бий болохоос урьд Ази тивд хүмүүс тариалсан учир амуу тарианы нэр газар ус болгонд өөр байх ёстой. Харин тутрага нь төр улс үүссэн цагаас хойш өмнийн халуун орноос худалдаагаар умар нутагт ирэх болсон тул мал аж ахуйтны дунд “тутрага” гэх ганц нэрлэгдэн заншигдав. Амууг Диван Лугат толины 156 -д “үгүр”, 2107-д “кунак” гэж XI зуунд Махмуд ал Кашгари бичжээ. Үсүнь буюу өнөөгийн Дунд Азид ингэж нэрлэх улс орон үгүй байна.

Амууг казакууд тары, истамбулын туркууд darı гэж нэрлэж байна.

Амууг шар будаа гээн дуудах нь дээдсээс өвлөгдөн ирсэн хүн хэлнийнхээ үгсийн санг дундалж, үндэстнийнхээ ой санамжийг ядууруулж буй үйл болно. Цагаан зүсний амуу мөн байна. Шар будаа биш амуу гэж занших нь үндэстнийнхээ ой санамжийг сэрээхэд таны оруулах жижиг биш хувь нэмэр болно.


Цуврал 3

Арвайг неолитын үед анх Дунд Азид тариалсан гэж археологчид үздэг юм байна. Зэрлэг арвайг Палестинд хүмүүс 16 000 жилийн тэртээд хэрэглэж байжээ.

XI зууны Диван Лугат толины 637 –д арба-арвай гэж оржээ. Дунд азийн улсуудаас казахууд арпа, киргизууд арпа, узбекууд arpa, таджикууд ҷав, Анатолийн туркууд arpa гэдэг юм байна. Арвайн гурил зуурхыг хүн үндэстэн монголчууд мэднэ.

Диван Лугат толины 1650-д арбала – арвайл гэх үйл үгийг бичжээ. Агт арвайлах гэдэг нь агтанд арвай өгөх гэх утга юм байна.

Хүн үндэстэн монголчууд олон төрлийн тариаг хэрхэн нэрэлж байгаа нь тухайн тариа хаана анх үүссэн, хаанаас манайд орж ирснээс шууд хамаарч байна.


Цуврал 4

Будаа - буудай утга нэг.

Энэхүү цувралаар будаа буудай хоёр нь нэг үг болох тухай, мөн ямар төрлийн ургамлыг нэрлэж буйг та бүхэндээ хүргэнэ.

Будаа (буудай) нь латинаар Tríticum, ангилаар wheat, оросоор пщеница, хань хэлээр 小麦 (Xiǎomài) гэнэ.

Буудайн түүх

Археологчид хамгийн эртний (түрүү тооллын 9600 он) буудайг Левант буюу Газар дундын тэнгисийн дорно хэсгээс олжээ. Энэ нь өнөөгийн Сири, Ливан, Йордан, Израиль, Палестин, Турк улсын нутаг дэвсгэр болно. Хожим Иран, Ирак, Дунд азиар дамжин өнөөгийн Шинжаанд 3000 жилийн тэртээд уг тариа иржээ.

Бан Гу –гийн Баруун орны шастирт Хүннүчүүд Чэ ши улс руу цэрэг явуулж буудай тариулдаг, мөн Хань төр цэрэг явуулж буудай тариулдаг байжээ. Шинжаанд Тэнгэр уулын өвөр, зүүн талаар буудай тариалдаг юм байна. Тэгэхээр Хань төр Шар мөрнөөс умаршаа амуу, өмнөшөө тутурга тариалдаг байжээ.

Буудайг түрүү тооллын I зуунаас Хараа, Бороогын саваар тариалж эхэлсэн болов уу.

Буудай нь Дунд Ази буюу Үсүнээр дамжиж бидэнд ирсэн тул тэд буудайг өнөө яаж нэрэлдэгийг мэдэж авцгаая.

Стамбулын туркууд buğday (буудай), казакууд бидай, узбекууд Bug'doy, киргизууд буудай гэдэг юм байна. Харин таджикаар гандум, арабаар قمح (qamah) гэж нэрэлж байна. Өнөө тутарга, тутурга, тутурган гэх аялгын зөрүү шиг Үтүгэнд буудай, будаа гээн хоёр аялга оршиж байна.

Хэрэв түрүү тооллын III-II зууны Моду жангарт, XIII зууны Чингис хаанд шар будаа, улаан будаа, цагаан будаа, хөх будаа гээн өгүүлбээс тэд будаа гэх тарианы дотор орших төрөл гэж билэрэх болов уу. Өнөө дэлхий дээр хар, цагаан, шар, улаан, хөх зүсний тутургыг хүмүүс хүнсэндээ хэрэглэж байна. Тэд яг ингэж л билэрнэ.

Амуу, тутурга, арвай, будаа нь өөр өөр ургамал тул тэднийг шар, цагаан, улаан, хөх гэж нэрлэх нь буруу. Үүнийг оюун санааны доройтол гэхгүй бол юуг оюун санааны доройтол гэх вэ?

Үүнийг засаж үр хойчисдоо зөв нэршлийг өвлүүлэх үүрэг та бидэнд оногдож байна.

XI зууны Диван Лугат толины 5833 бугдай – буудай гэж оржээ.

Цэвэлийн толинд “будаа – үр тариа”; “буудай – цагаан гурил хийдэг тариа” гэж бичжээ. Цэвэлийн тодорхойлт тун хангалтгүй байна. Будаа нь үр биш.

Дараагын цувралаар тариа, үр, ургац гэх үгсийн тайлбарыг та бүхэндээ хүргэнэ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...