Уйгурын гэрлэх ёс
Энэ удаа өнөөгийн Монгол улсын иргэд хүн үндэстэн бидний гэрлэх ёслол мянга гаруй жилийн өмнөх Уйгур дээдсийнхээ гэрлэх ёслолтой ижил байна гэдгийг уншигч таньд хүргэнэ.
Уйгурын түүхийг Есөн угс-Хүннүгийн хойчис, Уйгур 740-759 онууд, Орд балаг-Уйгур нийслэл, Уйгур 759-822 онууд, Уйгур IX–XIII зуун гэсэн нэртэй нийтлэлүүдээр хүргэсэн. Эдгээр нийтлэлүүдийн эх сурвалж нь “Умард төрийн түүх Түрэг, Тэлэ”, “Хуучин Тан төрийн түүх”, “Шинэ Тан төрийн түүх”, “Уйгур Муянч хааны бичээс”, “Гол Тигэний бичээс”, Жүвейнийгийн “Ертөнцийг эзлэгч”, Рашидын “Судрын чуулган”, “Монголын нууц товчоо” болно. Эдгээр нийтлэлүүдэд эхэлж эх сурвалжийг нь бичээд араас нь тайлбарласан.
Энэ удаа дөхөм хэлбэрээр буюу эх түүхээ танихад ухагч (уншигч) таньд туслах хэлбэрээр өгүүллийг мануус бичив. Сэдвийг он дарааллаар нь гүнзгий судалъя гэвэл уншигч та нийтлэлүүдийг дахин ухаарай.
Уйгур.
“Уйгурын, дээдэс нь Хүннүгийн Хойчис бөлгөө. Вэй улсын үед Те лэ аймаг гэсэн нэртэй байв” гэж Хуучин Тан төрийн бичээс дэх Уйгурын шастирт бичжээ.
Уйгурын дээдэс Тэлэ нь Ро ран төрийн хур байжээ. Дараа нь тэд Түрэг төрийн хур болжээ. Түрэг төрийн хүн амын дийлэнх нь Уйгур болно. Манай хүн хэл өөрчлөгддөггүй нь Төв овогтны үр сад Өтүгэнээс явдаггүйд оршино. Төр баригч Ашна овгынхон дотроо бужигнах үеэр тэдний хур Басмал аймаг 742 онд Өтүгэнд ирж төрийг нь булаав. Төр улсаа бужигнуулсан Ашна овгын цөөн эрх баригчид харъяат олноо дагуулан Дунд оронд очиж Тан төрийг дагав. 744 онд Уйгур аймаг Басмалыг цохиж ахлагчаа Го дэ лү Билгэ чө (Готлог билгэч?) хаан гэж өргөмжилснөөр Хүннүчүүд VI зууны дараа Өтүгэнд төр улсаа дахин байгуулав. Тэр үед Дунд орон үймээн самуунтай байсан тул Готлог билгэч хаан Тан төрийн хүсэлтээр цэрэг илгээн үймээн самууныг нь даралцав. Дунд орны Тан төрийн Зүүн, Баруун нийслэлийг нь чөлөөлцөв. Үүнийхээ шанд маш их торго дурдан авав. Адуу торгоны ханшийг Уйгур төр өөртөө ашигтайгаар тогтоов.
Уйгур төр 758 оны Харагчин могой өдөр хүлэг (алдар нэр нь цурайтсан) Готлог билгэ хааныхаа гавъяаг өргөмжлөв. Тэр жил Тан төрийн Су цонг хуанди өөрийн бага охин Нин чө гүнжийг өөрийн ач (эр дүүгийх нь буюу инийх нь хүү) Үй Ванаар дагуулан Уйгур руу хүргүүлэв. Нин чө гүнжийн амнаас “Улс гүрнийхээ төлөө үхсэн ч яахав” гэсэн үг аялахад охиноо үдэж буй Су цонг хуанди нулимс асгаруулан буцжээ.
Үй Ван Өтүгэнд Уйгур хааны өргөөнд ирэхэд шар дээлтэй, ху-гийн (үндэстнийхээ малгайтай) өргөөнийхөө дунд орон дээр сууж байв. Ёслолын Уйгур шадар цэрэг сүртэй байв. Тэр Үй-г өргөөний гадаа зогсоов. Хаан Үй-гээс “Ван та Тэнгэрийн хөвгүүний ямар садан бэ” гэж асуув. Тэр ач нь гэж хариулав. Таны дээд талд зогсож буй нэгэн нь хэн бэ гэж асуув. Үй Тан төрийн Жун ши түшмэл гэж хариулав. Хаан “Жун ши түшмэл чи боол болно. Яагаад эзнийхээ дээд талд зогсож байна” гэхэд Жун ши цочирдон байраа солив. Үй ван хаанд ёсолсонгүй. Хаан Үй-гээс “Хоёр төрд эзэн түшмэлийн ёс гэж бий. Яагаад ёслохгүй байна?” гэв. Үй: “Тан улсын Тэнгэрийн хөвүүн хаантан таныг гавъяатай гэж охиноо гэрлүүлж байна. Энэ Нин чө гүнж нь Тэнгэрийн хөвүүний төрсөн охин. Ухаан ч бий, өнгө ч бий. Түмэн газрын алсаас хаантай гэрлүүлэв. Хаан та Тэнгэрийн хөвүүний хүргэн болно. Хуримд ёс бий. Яагаад та орноосоо босохгүй байна” гэв. Хаан босон зарлигыг тосон авав. Дараа өдөр гүнжийг хатанд өргөмжлөв. Уйгур төрийн ахлагч нар “Тан улсын Тэнгэрийн хөвүүн үнэхээр эрхэмсэг. Төрсөн охиноо гэрлүүлэв” гэж баярлалцгаав. Үй улсынхаа бэлэг торго, торгомсог өнгөт дурдан хувцас, алт мөнгөн хэрэгсэл Хаанд барив. Хаан бэлгийг ахлагч нартаа хуваав. Үй-г буцахад хаан таван зуун адуу, булган дах, цагаан нэхий бэлэглэв.
Билгэч хааныг өөд болоход Нин чө хатныг хойлголсонгүй. Тэр нутаг буцжээ.
Тайлбар: Хуримын дэг ёсыг Тан төрийн бичигт сайн бичжээ. Билгэч хааны дээл Тан улсын дээлтэй ижил учир зөвхөн хааны малгайг Тан төрийн дагаж буй хүмүүс анзаарчээ. Чоу улсын үеэс манай дээлийг тэд авсан. Мөн Тан төрийн гарал үүслийг бид мэднэ. Аливаа хурим найранд ямар ч өндөр тушаалтай түшмэл төрөл садангаас доогуур зэргэлтэй байдаг юм байна. Хаан өөрөө хүргэн болж буй учир босож зарлиг тосон авжээ. Өгч бүй бэрээ магтдаг ёс энэ өдгөө байна. Хоёр тал бэлэг солилцов.
822 оны бас нэг ураглал ба Тан төрийн Тан хэ гүнж
Жэн жанжин тэргүүтэй, хурмын ёслолын Вэй вэй чин түшмэл болон бусад бараа бологчид Тан хэ гүнжийг Уйгурт хүргэв. Уйгурын өргөөнд хүртэл хоёр гурван өдрийн зайтай газараас зуу гаруй морьтон тосож гүнжийг өөр замаар авч явах гэв. Гүнжийн талаас Жэн: “болохгүй” гэв. Уйгур тал: “Урьд Шиан ан гүнж ирэх үе Хуй мэн хаалганаас хэдэн зуун ли зайтай байхад аваад явсан. Одоо яагаад болохгүй” гэв. Жэн жанжин: “Манай Тэнгэрийн хөвүүн гүнжийгээ хаанд өгч буй. Өдгөө хүртэл хааныг хараагүй байтал яагаад урьдаар явуулах юм” гэв. Уйгур элч тэгээд болив.
Уйгур өргөө хүрээд сайн өдрийг сонгож байгаад гүнжийг хааны хатанд өргөмжлөв. Хаан урьдаар асарт гарч Зүүн тийш хандан суув. Асарын доор эсгий гэр барьж гүнжийг оруулав. Олон Ху нарын эзэд гүнжид Хугийн ёсыг заацгаана. Гүнж эхлээд Тан улсын хувцсаа тайлж, Хугийн хувцас өмсөв. Нэгэн настай зарцаар үйлчлүүлэн асраас гараад баруун тийш ёслов. Хаан сууж байгаад харна. Гүнж ахиад бөхийж ёсолж дуусаад эсгий гэрт оров. Урд өмссөн хувцсыг тайлаад хатны хувцас өмсөв. Задгай хормойтой том хүрэм байв. Чян сэ гэдэг байв. Алтан чимэгт титэм нь эвэр шиг, урд нь зам зааж асраас гарч, хаанд сөгдөн мөргүүлсэн нь анхны золголт шиг байна. Хулгай нар их цэнгэлдэх дээрээ тэрэг байршуулав, урд нь жижиг суудалтай. Дагагсад нь гүнжийг удирдан тэргэнд суулгав. Уйгарын Есөн угсаат Шяан түшмэлүүд тэргийг дагацгаана. Өргөөгөө нар даган баруун тийш есөн удаа тойрно. Гүнж тэргэнээс бууж асарт гаргаад, хаантай хамт Зүүн тийш хандан суув. Тэгээд түшмэд нь төрийн ёслол хийж, хатанд бас мөргөв. Хатан өөрийн өргөөтэй. Өргөөнд нь хоёр Шиян түшмэл ажилладаг байна. Жэн нар буцахад хатан өргөөндөө найр хийж дайлав. Хоцорсон хүмүүс өдөржин цухиран уйлав. Хаанаас Хятадын элчид ихээхэн бэлэг өгөв.
Төрд ирсэн Уйгар нар, Тай хэ гүнжид морин дээрээс харвах долоон эмэгтэй, Ша тогийн хоёр бага хүүхэд өргөв.
Өнөөгийн хурим
Мани энэ найман сарын билгэ сайхан өдөр нутагтаа гэрлэх ёслолд бэрийн талаас оролцов. Хурим найр Архангай аймгийн Хотонд суманд, Уйгур төрийн орд балагаас арав гаруй километрийн зайнд болов. Дээр дурьдсан Уйгур төрийн хурим найрны ёс өдгөө хүртэл Өтүгэнд хадгалагдсан байна.
Бэр залах үйл. Хүргэний тал ирэхэд манай тал бэрээ нуув. Бэр нуух учир нь Бэр залж буй элч нарт өөрсдийгөө мэдрүүлэх гэсэн гол утгатай юм байна. Нин чө гүнжийг “Тэнгэрийн хөвүүний төрсөн охин. Ухаан ч бий, өнгө ч бий” гэдэг шиг манай тал бэрээ магтах. Сонирхолтой нь манай хурим найрын гол хүн хүргэн маань тээр доор сууж байв. Нутгыхнаасаа асуухад тэгдэг юм гээд огт тоосонгүй. Хүргэн тодорхой хугацаанд бараг хэн ч биш байдаг юм байна. Мэдээж Тан төрийн гүнжийн талтай сөн нийлэх ёслол хийхгүй. Тэдэнд айраг цэгээ байхгүй. Манайх уг ёслолыг хийв. Бэрийг хүргэний тал олж, гол танхимд залж аав ээжийх нь дэргэд суулгав. Энэ үед хүргэн дээш суув. Хэсэг хугацааны дараа хүргэний тал бэрийн хувцасыг өөрсдийн авчирсан хувцасаар солин өмсүүлэв. Өмсүүлсний дараа хүргэний тал маш түрэмгий зан гаргав. “Чи манай дээлийг өмссөн бол Чи манай хүн” гэж байгаа юм шиг бэрээ суг таатаад аваад явав. Бэрийн талыг огт сонссонгүй. Бид нэг нутгынхан, бие бие сайн мэднэ. Ийм л ёстой байсан, одоо ч байгаа юм байна. Энэ чухал ёс юм байна. Хэрэв буриад басган халх эртэй гэрлэвэл буриад дээлээ халх дээлээр сольдог юм байна. Ийм үйлийг 1200 жилийн өмнө Тан төрийн хуандигийн охин Тан хэ гүнж гүйцэтгэжээ. Түүний Тан улсын хувцасыг Хүн (Уйгур) хувцасаар сольжээ.
Бэрийг дагагчид бэрээ Хүргэнийдээ хүргэлцэв. Тэд гэрээ ес тойрсон эсэхийг асууж амжсангүй. Гэрийх нь өмнө цагаан эсгий дэвсэж, цагаан эсгийгээр бэрийг гэрт оруулсан гэсэн. “Голивудын улаан хивсний ёслолыг” мануус эрт дээр үеэсээ өнөөг хүртэл хийж байна. Дараа нь гэрлэгчид гэрийнхээ жавар үргээв (гал асаав).
Алтан чимэгт эвэр шиг титэм Тан хэ гүнжид өмсүүлэн урд нь зам зааж асраас гарч, хаанд сөгдөн мөргүүлсэн гэдэг нь тодорхой замаар явсныг өгүүлж байна. Ямар замаар явсныг эх сурвалжинд бичсэнгүй. Цагаан ширдэг болов уу.
Дараа нь бид араас нь хүргэнийдээ очин найрлав. Судлаачийн маань чадамж суларч, найрлагчийн маань чадамж чангарав.
Маргааш нь манай хөгшчүүд манай нутагт бэрийг хулгайлдаг байсан, хулгайлагдаж байсан тухайгаа өгүүлэв. Би үүнийг зөвхөн хасгууд үйлддэг гэж боддог маань ташаа болов. Өтүгэнд үеэс үед бас ийм ёс байжээ.
Энэ удаагийн өгүүлэл маань мануусын дээдэс Өтүгэнээс хашаа ч яваагүй Өтүгэндээ хаанаас ч ирээгүй гэдгийн бас нэг баталгаа юм. Өнөөгийн халхууд Уйгур дээдсийнхээ гэрлэх ёсыг өнөөг хүртэл хэвээр нь мөрдөж байна.
Эх сурвалж судлаачийн хувьд гэрлэнэ гэдэг нь гэр гэдэг нэр үгэнд +л дагавар залгаж үйл үг болгож буй. Гэр барина гэсэн утга. Хурим гэдэг нь хур (цуглаан) гэдэг нэр үгээс үүдэлтэй. Энд гол үг нь ураглах. Энэ үгийг бид гээгээд байна.
Уйгур төр, Юань гүрний хатад болон дээдсийн зүс царай нь ижил, бүрх нь ижил, бас дээл нь ижил байжээ. Дээдсүүд "фитнеcс" хийдэггүй учир мяраалаг байcан болов уу". Тэр үед гоа сайхан нь мяраанд оршжээ. Нүд дүүрэн тос даасан гэж сайхныг өгүүлнэ. Уйгур гүрэн, Юань гүрэн хоёрын хооронд дөрвөн зуун жилийн зөрүү байна. Энэ хугацаанд хувцас, гоо сайхан өөрчлөгдсөнгүй байна.
Уйгурын тухай дөхөм өгүүлэл 2
Уйгур IX-XI зуун
Уйгурын тухай Уйгур IX-XIII зуун нэртэй 50-р нийтлэлээс та ухаарай. Энэ удаа Уйгур аймгууд сарнин бутарсан ч Өтүгэндээ үлдсэн тухай дөхөм хэлбэрээр өгүүлэх болно.
836 оны Уйгур Са тэлэ хааны орыг булаах хуйвалдаан болжээ. Са тэ лэ хаан мэдээд Цай цао болон Ан цун хэгийг алав. Жун лу мо хэ гэдэг уйгур жанжин Ша га сыгийн (Киргизын) арван түмэн (100 000) морьт цэргийг дагуулан ирээд Уйгар хотыг эвдэж Са тэлэ-г алав. Шатааж түймэрдээд юу ч үлдсэнгүй. Уйгур нар сарниж бутраад олон харьд оров. Уйгурын Шиян Са тушаалд байсан хүн өөрийн зээ Пан тэ лэ-г хаанд өргөв. Арван таван аймаг баруун тийш Харлагад очив. Нэг нь Турпанд очив. Нэг нь Ан шид очив. Хааны өргөөний ойролцоо байсан арван гурван аймаг, Тэ лэ У жегийг хаан болгож өмнө зүгт Хятадыг дагажээ дараа нь зүүн хойш Шивэйтэй нэгдэж хожим Өтүгэндээ буцан иржээ.
Уйгур 836 оноос 850 он хүртэл их үймжээ.
Уйгурууд сарниж бутарсан ч Өтүгэндээ үлджээ. Арван таван аймаг баруун урагш нүүжээ. Хааны өргөөний ойролцоо байсан арван гурван аймаг, Тэ лэ У жегийг хаан бологжээ. Өмнө зүгт Хятадыг дагсан арван гурван аймаг нь түүний дүү Э няных болон буцан иржээ. Хүний тоогоор аймгууд өөр өөр байсан болов уу. Киргизууд Шивэйтэй нийлсэн уйгуруудыг буцаан Өтүгэнд авчиржээ.
Уйгурын түүхийг 850 он хүртэл Хуучин Тан төрийн бичиг Уйгурын шастир, “The Uigur Empire” by Colin Mackerras-д он дараалан дэлгэр тэмдэглэжээ. Харин 850 оноос хойших Уйгурын түүхийн тухай эх сурвалж мануусд хомс байна.
850 оноос хойшхи Уйгурын тухай мэдээллийг И Лүн Ли-гийн 1180 онд Өмнөд Сүн төрийн Ся зун хуандид өргөн барьсан “Кидан төрийн түүх” История государства Киданей В.С.Таскины орос хөрвүүлэгээс судлахад Өтүгэнд болсон үйлтэй холбоотой мэдээлэл ховор байна. Кидан нь Өтүгэнд хэзээ ч баруун нийслэлээ байгуулж байгаагүй юм байна.
Харин Юань гүрний бүлэг түүхчдийн 1343 онд бичсэн Ляо төрийн түүх бидэнд олдохгүй байна. Энэ үеийн тухай мануус эх сурвалжийн хомсдолтой байна. Ляо төрийн түүхэнд Киданы хаан барууншаа Кашгар хүртэлх газар нутгыг байлдан эзэлсэн тухай өдрийн тэмдэглэл байна. Уг эх сурвалжийг хүн хэлнээ мануус хөрвүүлж буй. Уг тэмдэглэлд нэг ийм өгүүлбэр байна “Лео улсын түүх 68-р боть д гурван (924 он) он Дахиад Уйгур хотноо харив. Эду гуан (Өтүгэн) ууланд гөрөөлж уйгур хотноо харив”. Тэгэхээр уг эх сурвалжаар 924 он хүртэл уйгурын хот байжээ.
Уйгуртай холбоотой манууст байгаа дараагийн эх сурвалж бол XI зуунд бичигдсэн, 1077? бичиж дуусгасан Диван Лугатад ат Түрэг толь. Уг эх сурвалжид: “Төвд нь түргийн газар усанд орших том овогтон. Тэдэнд “заартай гөрөөс” байдаг түүний хүйс, эсвэл зааран хүйсийг нь огтолдог. Тэд (төвдүүд) Йемэнээс гаралтай Сабитын удам бөгөөд гэмт хэрэг хийснээсээ айгаад далайгаар Син (Чин-Дунд орон) рүү очжээ. Тэндэхийн газар ус түүнд таалагдсан учир тэндээ суурьшив. Тэд өсөн үржээд мянга таван зуун фарса газрыг эзлэн дорно талдаа Син, баруун талдаа Кашмир, умард талдаа Уйгур өмнө талдаа Энэтхэгийн далайтай түргийн нутагт амьдарна. Тэдний үгэнд ээжийг ума, эцгийг аба гэсэн араб үгс үлдэжээ”. Тэгэхээр Бодончир мунхаг төрөөд 100 гаруй жил болсоны дараа, Тэмүүжин төрөхөөс 85 жилийн өмнө манай нутаг усыг Уйгурын орон гэдэг байжээ. Хамгийн сонин нь Пан тэ лэгийн цөлийн баруун хотыг эзэлсэн 15 аймгийн хойчсийг тухайн үед Уйгурын газар ус гэж уг эх сурвалжид эс өгүүлжээ.
Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис тул тэдний түүхийг НТӨ III зуунаас НТ XI зуун хүртэл тогтоов. Тэд манай баримтад түүхээр 1400 жилийн турш мал аж ахуйн голомт газар ус Өтүгэнээсээ хашаа ч яваагүй Өтүгэндээ хаанаас ч ирээгүй оршжээ.