Хүрэл зэвсгийн эрин үе
Эх сурвалжид тулгуурласан археологийн нийтлэл №3
4226 0

Өнөөгийн манай Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүрэл зэвсгийн эрин хэзээ эхэлсэн бэ? гэдэг асуудал нэг мөр шийгдэгдээгүй боловч одоогийн археологийн судалгааны үр дүнгээр нэг нь нөгөөгөөсөө соёлын хувьд, он цагийн хувьд ялгаатай бие даасан гурваас дөрвөн археологийн соёл байсан болох нь нэгэнтээ тодорхой боллоо. Бид энэ удаа зөвхөн Этүгэнээ тойрсон хүрэл зэвсгийн эрин үеийн археологийн гурав дөрвөн соёлынхоо тухай товч өгүүлье. Хангайн нуруу бол Монгол улсын төв хэсгээс гадна өнөөг хүртэл мал аж ахуй хөгжсөн хамгийн таатай бүс нутаг байсан нь өнгөрсөн үеийн бүхий л түүхээс маш тодорхой харагдаж байна. Өнөөдрийг хүртэл Архангай, Өвөрхангай, Булган, Завхан аймгууд нь манай улсын хамгийн их малтай бүс нутгууд болно.

5000 жилийн тэртээгээс Монгол нутагт бэлчээрийн мал аж ахуй хүмүүсийн аж ахуйн үндэс болсон учраас бэлчээрийн мал аж ахуйгаа дагасан, түүнээс үүдэлтэй эдийн засгийн төлөв байдал тогтворжин үүссэн хөгжжээ. Ихэнхи хүмүүсийн хувьд бэлчээрийн мал аж ахуйг “бүдүүлэг, хоцрогдсон аж ахуй” хэмээн ад үздэг боловч өнөөгийн дэлхий ертөнц тэр чигээр байгаль-экологийн хамгийн тогтвортой хөгжил бол бэлчээрийн мал аж ахуй байна гэдгийг ухаарч ойлгоод байна. Монголчуудын өвөг дээдэс хүрэл зэсгийн эрин үеэс Эх нутагтаа бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлэн амьдрахдаа бусад хүн төрлөхтөний нэгэн адил үнэт төмөрлөг алт, мөнгө, зэс, гууль, тугалага, цайр зэргийг хүссэнээрээ олборлон ашиглаж, үйлдвэрлэлийн хэрэгсэлээ ч хийдэг, гоёл чимэглэлээ ч хийдэг байж. Тэр ч бүү хэл “амьтаны загварт урлаг” гэдэг сонгодог урлагийн төрөл зүйлийг бий болгосон гайхамшигтай ард түмэн юм. Дээр нь биднийг Монголчууд болон бидний өвөг дээдэсийг “нүүдэлчид” хэмээн буруу нэрлэсээр ирсэн энэхүү буруу томъёололыг бид халах цаг аль хэдийн болсон. Учир нь бид нүүдэлчид биш тодорхой нутагтаа жилийн дөрвөн улирал, бэлчээртээ захирагдан шилжилт хийдэг ард түмэн болохоос хэзээ ч нутагаа хаяж нүүгээгүй, энэ нутагт хаа нэгтэйгээс нүүж ч ирээгүй үеийн үед энэ л нутагтаа үүрд байсан ард түмэн гэдгээ санаж бодож явах ёстой.

1. Мөнхайрханы соёл

“Мөнхайрханы соёл” энэхүү археологийн соёлыг бүтээгчид өнөөгийн Завхан, Булган, Говь-Алтай, Ховд аймгуудын нутгаар 3800 жилийн тэртээд аж төрж байжээ. Энэхүү соёлыг үлдээгчид мал аж ахуй эрхлэн амьдарч байхдаа, хүрэл зэвсгийн өргөн хэрэглэж байжээ. Археологичид анх энэ соёлыг нээхдээ Ховд аймгийн Мөнхайрхан сумын нутгаас нээж, “Мөнххайрханы соёл” хэмээн нэрлэсэн хэдий ч Хангай нурууны бүс нутгийг тойрон аж төрж байжээ

Хүнээ дугуй болон тэгш дөрвөлжин хэлбэрийн булшны чулуун дор жижиг нүхэнд толгойг нь зүүн тийш хандуулан зүүн хажуугаар тавьж оршуулдаг бөгөөд энэхүү оршуулгын хэлбэр нь “эхийн умайд” байх анхны хэлбэрийг бэлгэдсэн шинжтэй байдаг. Модон иштэй хүрэл хутга, ясан зүүлт, хоолны ясан халбага зэрэг зүйл дагалдуулан тавьдаг байжээ. Хүрэл хутга гурав, хоолны ясан халбага өнөөгийн байдлаар гурав, ясан хүзүүн зүүлт нэг иж бүрдэл илэрч олджээ.

2. Буган чулуун хөшөөт хиригсүүрийн соёл

“Буган чулуун хөшөөт хиригсүүрийн соёл” 4000-3500 жилийн тэртээ өнөөгийн Хангай нурууны бүс нутгаар хамгийн хүчирхэг байсан хүрэл зэвсгийн эрин үеийн нэг томоохон улс бол энэхүү “Буган чулуун хөшөөт хиригсүүрийн соёл”-ыг үлдээгч нар юм. Энэхүү соёлыг бүтээгч нар нь Хангай нурууны томоохон голуудын ай сав Тамир, Хааны гол \Хануй\, Хүний гол, Орхон, Идэр, Дэлгэрмөрөн голуудын сав дагасан нутагт төвлөрөн нутаглаж баруун тийш Алтайн нуруу хүртэл өргөжин тэлсэн хүрэл зэвсгийн эрин үеийн хүчирхэг улсын нэг байжээ. Эртний Хятадын түүхэн бичгийн эх сурвалжид “Буга сүлдтэй улс” хэмээн энэхүү соёлыг үлдээгч нарыг нэрлэсэн байна. Хүнээ дугуй болон дөрвөлжин хүрээтэй булш, хиригсүүрт толгойг нь баруун тийш хандуулан тэнэгэр байдлаар оршуулан, хиригсүүрийн гадна талаар адууны зүлдний тахилга хийж тавьдаг.

Мөн оршуулсан хиригсүүрийн дэргэд болон түүнээсээ зайтай газар буган чулуун хөшөө босгож тавин нас барагч нартаа хндэтгэл үзүүлдэг юм. Нэг ёсондоо оршуулгын, тахилгын зан үйлээ тусад хийдэг байжээ. Буган чулуун хөшөөн дээр буга тургийн дүрсийг үлгэр домгийн байдлаар тэнгэр лүү цоройж буй маягтай дүрслэн үзүүлдэг ба буган чулуун хөшөөндөө зэр зэвсэг, тэдгээрийг агссан бүс,хүзүүний зүүлт, ээмэг зэргийг дүрслэн үзүүлдэг. Нөлөө бүхий том хаан язгуууртны хөшөө нь хүний нүүрний дүрстэй байна. Оршуулга болон буган чулуун хөшөөнд дагалдуулан тавьсан адууны зүлдний тахилга нь тухайн хүний зэрэг зиндаа зэргээс хамаарч Доод тал нь 20 ширхэг, дээд талд 200 гаран адууны зүлдний тахилга хийсэн байдаг. Адууны зүлд гэдэг нь толгой, аман хүзүү, хатан хүзүүний хамт дөрвөн богино хавирга, дөрвөн туурай, арьстайгаа таван цул эрхтэн зүрх, уушиг, элэг, бөөр, дэлүү хамт байхыг хэлдэг бөгөөд мэдээж арьс, таван цул эрхтэн үгүй болж дээр дрьдсан яснууд үлдсэн байдаг.

3. Тэвшийн соёл

“Тэвшийн соёл” Монгголын археологийн судалгаанд “шоргоолжин булш” хэмээн алдаршиж байсан энэхүү археологийн соёлыг нэг хэсэг “дөрвөлжин булшны соёлын” нэг хэлбэр гэж үздэг байсан боловч энэ нь он цагийн хувьд ч, соёлын хувьд бие даасан өөр соёл болох археологийн судалгаагаар нотлогдсон болно. “Тэвшийн соёл”-д галбирт булш, дөрөө хэлбэрийн булш, тэгш дөрвөлжин гэсэн гурван хэлбэр байгаа нь мэдэгдэж байна. Булгшны гадаад хэлбэр хэдийгээр ийм гурван өөр хэлбэр буй боловч хүнээ түрүүлгэ харуулан, толгойг нь зүүн тийш хандуулан тавьдаг оршуулгын зан үйлийн нэг онцлог байна. Энэхүү “Тэвийн соёл нь 3800-3300 жилийн тэртээд холбогдох эртний археологийн дурсгал юм.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...