Уйгур 740-759 онууд
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №47
1161 0

Энэ нийтлэлээр уншигч та бүхэнд 740-759 онуудыг хамрах Уйгур төр үүсэх үе, Уйгар төрийн эхэн үеийн гол хоёр Уйгур хааны түүхэн үйлийг хүргэнэ. Энэ удаа Шинэ могой усны уйгур бичиг, Тэсийн уйгур бичиг, Тариатын Өтүгэн бичиг, “Хуучин Тан төрийн түүх, Уйгур” болон “The Uigur Empire” by Colin Mackerras -ыг ( “Шинэ Тан төрийн бичиг, Уйгур”-ын англи хэлнээ хөрвүүлэг. Уг шастир Монгол хэлнээ үл хөрвүүлэгджээ) эх сурвалж болгон ашиглав. Шинэ могой усны уйгур бичигтэй Хуучин Тан, Шинэ Тан төрийн бичгүүдийн Уйгурын шастир адил нэгэн цаг онд болсон түүхэн үйлийг өгүүлж буй учир эдгээр хадан болон цаасан эх сурвалжуудад дундын түүхэн өгүүлэл байвал, үүнийг сэргээж чадвал Уйгур төр үүсэх үе болон түүний эхэн үеийн түүхийг бүтэн цогц болгоход их тустай. Нэг түүхэн хугацааг гурван талаас нь харж бичсэн гурван эх сурвалжийн үйлийг нэг болгон цогцлоход хамгийн түрүүний бэрхшээл нь цаг он (хуанли-шар зурхай гэсэн хан үг) хөтлөлтийн системийн зөрүү. Тан төрийн бичгүүд тухайн хааны ор суусан жилээс эхлэн шинэ цаг он (хуанли) нэршигдэн хөтлөгддөг ч нэг хуандигийн ор суусан хугацаа дотроо хэд хэдэн нэршилтэй цаг оноор (цаг он-өдгөө эгшиг зохицох ёсоор “цагаан” болжээ. Цагаан сарын шинийн нэгэн гэдэг нь цаг он сарын шиний нэгэн гэсэн утга. Тувачууд уг өдрийг Чага байрам буюу цаг баярам гэнэ ) бичигдэж байжээ. Дунд улсын судлаачид хуанли болгоныг нийтийн тоололд хөрвүүлсэн учир энэ өдгөө судлаачдад бэрхшээл үгүй болжээ. Харин Шинэ могой усны уйгур бичиг хадны бичгүүдтэйгээ адил арван хоёр жилийн цаг оноор (хуанлигээр) хөтлөгджээ. Арван хоёр жил давтагддаг учир аль жаранд бичсэн бэ, тэр жаран нь хэзээний жаран бэ гэх мэт шийдэх бэрх хүчин зүйлүүдтэй судлаачид тулгардаг. Нийтийн тоололд манай цаг оныг хөрвүүлэх түүхэн боломж нь Гол тэгины хадны бичиг Хуучин Тан төрийн бичигт нэгэн үйл цаг он, өгүүлэгдэж буй хүний хувьд ингэж таарчээ.

Гол тэгины хадны бичиг:

𐰚‏𐰇‏𐰠‏𐱅‏𐰃‏𐰏‏𐰤‏⁚‏𐰸‏𐰆‏𐰪‏⁚‏𐰘‏𐰃‏𐰞‏𐰴‏𐰀‏⁚‏𐰘‏𐰃‏𐱅‏𐰃‏⁚‏𐰘‏𐰏‏𐰼‏𐰢‏𐰚‏𐰀‏⁚‏𐰆‏𐰲‏𐰑‏𐰃‏⁚‏𐱃‏𐰆‏𐰴‏𐰔‏𐰨‏𐰖‏⁚‏𐰘‏𐱅‏𐰃‏𐰆‏𐱃‏𐰔‏𐰴‏𐰀‏⁚‏𐰖‏𐰆‏𐰍‏⁚‏𐰼‏𐱅‏𐰇‏𐰼‏𐱅‏𐰢‏𐰔‏⁚‏𐰉‏𐰺‏𐰴‏𐰃‏𐰤‏⁚‏𐰋‏𐰃‏𐱅‏𐰏‏𐱃‏𐱂‏...𐰋‏𐰃‏𐰲‏𐰃‏𐰤‏⁚‏𐰘‏𐰃‏𐰞‏𐰴‏𐰀‏⁚‏𐰘‏𐰃‏𐱅‏𐰨‏𐰖‏⁚‏𐰘‏𐰃‏𐱅‏𐰃‏𐰆‏𐱃‏𐰔‏𐰴‏𐰀‏⁚‏𐰸‏𐰆‏𐰯‏𐰞‏𐰑‏𐰢‏

“Гол тэгин хонио жилийхээ арван долооноо оочжээ. Есөн сар, хорин найманаа уйг (уй гашуудлын “уй”) хийсэн. Барилгын бичээсэн битиг чулуу ... бичин жилээ долоон сарын хорин долоонд бүгдийг дуусгасым (Орчин цагийн дүрмээр хөрвүүлэв. Хэлний тухай нийтлэлээрээ нарийн задаргааг хийж монголчууддаа билрүүлнэ)”.

Тэгэхээр гол үйл явдал бариг-ын (барилгын) нээлт нь бичин жилийн долоон сар буюу цаг оны долоо дахь сард (нийтийн он тоололоор ес, арван сарын дундуур) болжээ.

𐱃‏𐰉‏𐰍‏𐰲‏𐰴‏𐰍‏𐰦‏𐰀‏⁚‏𐰃‏𐰾‏𐰘‏𐰃‏⁚‏𐰠‏𐰃‏𐰚‏𐰭‏⁚‏𐰚‏𐰠‏𐱅‏𐰃‏⁚‏

Табхач хаантай Исий, Лих иржээ (Энэ өгүүлбэр Шарга азаргатай манлай уяач Эрдэнэчулуун иржээ гэдэгтэй ижил. Шарга азаргатай гэдэг нь тодотгол болохоос унаж ирсэн хэрэгсэл биш. Шарга азаргаар иржээ гэвэл хэрэгсэл болно).

“Хуучин Тан төрийн бичиг Түргийн шастир дээд”:

“Хорин (732 он, бичин жил) он. Чуе тэ лэ (Гол тэгин) үхэв. Жин у жанжин Жан чуй Ии, Ду гуан лан жун түшмэл Луй шиян-д тамгат бичиг бариулан очуулав. Гашуудалд оролцож хөшөө босгов. Дээдсээс хөшөөний бичээсийг бичиж, сүм босгов. Чулуун дээр дүрс сийлэн дөрвөн талд нь түүний байлдаж байгааг дүрсэлжээ”.

Энд хамгийн чухал он бол 732 оны бичин жил болж байна. Мөн ирсэн хүмүүсийн нэрс Исий, Лий дуудлага дөхүү байна. Дээдсийн хөшөөний бичээсийг бичиж, сүм босгов. Хадан бичигт сүмийг “бариг” гээн сийлжээ. (бариг-энэ хүннү үгний тухай: 𐰉‏𐰺‏𐰴‏𐰃‏𐰤‏ баргин, бариг гээн оржээ. Барь гэдэг нь үйл үг, бариг болхоор нэр үг. Үүнтэй адил зур үйл үг, зураг нэр үг. Харин “зурлаг”, “барилаг”-ын орчин цагийн утгаас эх утга нь жоохон ондоо. Энэ тухай хожим өгүүлнэ). Шинэ Могой усны уйгур бичгийг Нийтийн тоололын 732 оны бичин жилээс нааш хөөсөөр Тан төрийн бичгүүдтэй харьцуулан үйл явдалуудыг сэргээх боломжтой болов.

Шинэ могой усны уйгур бичиг балархай ихтэй тул өгүүлбэр бүрээр нь зөв сэргээх боломж бага. Уг бичигний N9-д хонь жил гээн ингэж бичигджээ: 𐰆‏𐰕‏𐰢‏𐰾‏⁚‏𐱅‏𐰃‏𐰏‏𐰤‏⁚‏𐰴‏𐰣‏𐰉‏𐰆‏𐰞‏𐰢‏𐰾‏⁚‏𐰴‏𐰆‏𐰪‏𐰖‏𐰃‏𐰴‏𐰀‏⁚‏𐰖‏𐰆‏𐰺‏𐰃‏𐰑‏𐰢‏

“Ушу миси тэгин хан болсон. Хонио жилээ зорисым” (бүх хөрвүүлэгийг халх аялагаар хүргэж байна). Хонь жил нь 743 он болж байна. Хаан Уш мусу тэгин хонь жилээс өмнө хан болжээ. Тонуйкукын бичиг мөн уг бичигт их хааныг “каган”, бага хааныг “хан” гээн ялгаж тэмдэглэжээ.

“Хуучин Тан төрийн бичиг Түргийн шастир дээд”-ээс ишилж нийтлэл 43-ын төгсгөлийн багц өгүүлбэрт ингэж оруулсаныг уншигч та дахин нэг хараарай:

“Харин зүүн Ша аюул ирхээс имээж цэрэг аван Дэн лийг дайрч алав. Өөрийгөө өргөмжлөв. У су ми ши хаан гэдэг”. Энэ өгүүлбэрт гарах У су ми ши хаан нь хадны бичигт гарч буй өөрийгөө хаанд өргөмжилсөн Ушу миси тэгин болж байна (усу ушу хоёр хэлний биш аялгын зөрүү). Харин алагдсан Дэн ли хаанаар өргөмжлөгдсөн тухай “Хорин найман он (НТ 740 оны луу жил) дээдсээс Ю жин у жанжин Ли жи-д тамгат бичиг бариулан явуулжээ. Дэн лиг хаан өргөмжлөв” гээн эх сурвалжид оржээ. Дэн ли 740 оны луу жил хаан болжээ. Дэн ли хааныг алагдсаны дараа түрг Үсү миси-д эрхээ алдсан түрг ясту нарын тухай эх сурвалжид: “Баруун шагийн эхнэр болон Мо чогийн ач Бо дэ зи тэ лэ, Би га хааны охин Да ло гүнж, А бо сы Же ли фа нар харъяат аймаг олноо дагуулан хойно хойноосоо ирж дагав. Таян баогийн анхдагч оны (742 он) найман сар. Дагсан Ху нар нийслэл хотод ирэв. Дээдсээс урьдаар Тай сүмд бараалхаж, дараа нь ордог харшид уулзаж, ахиад Хуа э асарт дайлна гэв. Дээдэс шүлэг уянгалаж тэр хэргийг тэмдэглэв” ингэж тэмдэглэджээ. 742 оны морь жил Билгэ хааны хойчис Тан илд очжээ.

Тэгэхээр Усу ми си НТ 741-743 оны хооронд Өтүгэнд ирж өөрийгөө хаанаар өргөмжилжээ.

Хан төрийн бичигт “Зүүн ша-г улсын хүмүүс нь хүлээн дагахгүй байв. Ба ши ми (Басмал) аймаг бослого гарган дайрав. Зүүн ша их ялагдаж зугтан одов. Улс нь үймэв” гээн бичжээ. Хадан Уйгур бичигт энэ тухай

“ Усу миси хан болсон. Хонин жилдээ зорьсым, хоёронтой сөнгөс (өнөөгийг сөнөөх, сөнөгч гэдэг үгний эх)... тотсым (жийргэвч г-тэй өнөөгийн тогтоосым буюу эх утга нь цэгцэлсым), хатангын энд ээ олом. Түрг овогтон эндээ ингру (ин нь өмнө булан, өнгрө нь дорно булан болно. Энд зүгээр биш булангаар өгүүлж байна. Энэ өдгөө мануус зөвхөн зүг хэрэглэж байна тухайн үед давхар булан хэрэглэж байжээ. Булан зүгийн тухай өгүүлсэн бичлэгийг Youtube-с харж болно) үгүй болжээ. Тэгэхээр Уйгур овогтон 743 оны хонин жил Усу мисийг цохиж, хатаныг нь олзолж, Түрг овогтон урагш нүүн үгүй болсон тухай энд өгүүлж байна.

“Да баогийн эхээр тэдний ахлагч нь Е ху түшмэл Же ли ту фа элч явуулан төрд ирэв. Фэн и ван болгов. Гурван жил болоод (Тянь бао-744 оны бичин жил) Ба сы мийг (Басмалыг) дайран ялаж өөрийгөө Гу дө ло би га чө хаан гэв. Элч явуулан төрд ирж энэрэнгүй хаан хэмээн өргөмжлөгдөв”. Хуучин Тан төрийн бичиг Уйгурын шастир.

Го дө лу Билгэ чө хаан гэж хэн бэ? Хадан уйгур бичигт Го дө лу хааны тухай маш чухал өгүүлбэрүүд байх ч балархай ихтэй тул өгүүлбэрийн бүтэн утга гарахгүй байна. N5-д “Есөн овогтон маань тэргу (нийлж) бүгдийг барьж олсым”. Акангм (Анхам-Анхны минь өнөөгийн аялгаар) Гү ...б-г....( Гу дө лу Билгэ чө хаан)” гэжээ. Балархайтай хэсгийн утга нэр зөрөхгүй байна. N4-д “Түрг илингэ гучин зургаан наснаа...” Уг бичигт Түрг их улсынхаа гучин зургаан наснаа тэрээр хэн байсан, яасан тухай хэсэг балархай байна. Уг бичгийн анхны өгүүлэрт N1-д “…Тэнг(ридэ) болмогц Ил (Их улс) итсэн (цэгцэлсэн) Билгэ каган б..” гэжээ. Их улсыг цэгцэлсэн хаан бол Го до лу Билгэ чө хаан болно. Дараагийн өгүүлбэрт “Өтүгэн Ил Угурс или хоёр (дунд) ул (ул сууриа) бий болгосон. Гол нь Сэлэнгэ байсан” гэжээ. Уг өгүүлбэрийг Тариатын Өтүгэн их улсын хадны бичигт “ Өтүгэн Ил Угурс Или хоёрын ороо (дунд) Орхон угсда (усдаа-жийргэвч г-гүйгээр)... ...(балархай ихтэй хэсэг) ” гээн бичигджээ. Хуучин хан төрийн бичигт Өтүгэн болон Огурс илийн тухай баримт байхгүй. Түрг Билгэ хааны дараа Түрг улс задаржээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Энэ тухай Хуучин Тан төрийн бичигт “Удалгүй И ран өвчилж үхэв. Түүний дүүг өргөмжлөв. Дэн ли хаан гэдэг. Дэн ли хэмээгч хятадын хэлээр “үйлийн үр” хэмээсэн үг. Дэн ли нас балчир байв. Түүний эх нь Тунойкукын охин болно. Бага түшмэл Ин сы да гантай далдуур явалдаж төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцдог. Харьчууд таагүй байв” гэдэг нь задрал явагдсаныг өгүүлж байна. Тариатын Өтүгэн бичгийн судалгаа хэн хэзээ, юун тухай, юу гэж өгүүлсэн тухай уншигч та бүхэнд хүннү бичгийн тухай цуврал нийтлэлүүдээр дэлгэр хүргэнэ.

Дүгнэлт: Шинэ могой усны (газрын нэр) уйгур бичгийн N-умард талын бичээс бүхэлдээ Аканг хаан Го до лү билгэ чэ хааны үйлсийг өгүүлжээ.

“Гурван жил болоод (Тянь бао-744 оны бичин жил) Ба сы мийг дайран ялж өөрийгөө Гу дө ло би га чө хаан гэв. Элч явуулан төрд ирж энэрэнгүй хаан хэмээн өргөмжлөгдөв””. Хуучин Тан төрийн бичиг Уйгурын шастир. Басмалыг дарсан тухай Шинэ могой усны бичгийн W-баруун хэсэгт бичигджээ. Уг хэсэг балархай ихтэй тул бүтэн өгүүлбэрийг сэргээхэд бэрх боловч “Басмал Карлаг үгүй б(ол)жээ хонио жилээ” гэжээ. Тэгэхээр энд эх сурвалжийг нягтлан дахин орчуулах шаардлага гарч байна. Хаан Басмалыг хонь жилийн сүүлээр үгүй болгож өөрийгөө хонь жилдээ Го дө ло би га чө хаан гээн өргөмжилжээ. Харин 744 оны бич жилдээ Тан төрөөс “Энэрэнгүй хаан” хэмээн өргөмжлөгджээ гэдэг нь эх сурвалжаар батлагдаж байна.

Басмалуудын талаар бид юу мэдэх вэ?

“Есөн оны (721 он) намар, Би ши ми (Басмал) нь үнэхээр Түргийн цацарт ирэв. ...Тунойкук цэргээ хуваан дөт замаар урьдаар хойт ордоныг дайрав. Ялсан цэргээр Би ши ми-н (Басмалын) буцаж яваа олныг дайрав. Сарнисан олон хойт ордныг тэмцэн одоход харин хотыг дараад оруулсангүй. Түрэгүүд бүгдийг нь амьдаар барьж эр эмсийг нь олзлон одов”. Хуучин Тан төрийн бичиг Түргийн шастир дээд.

“Харин зүүн Ша аюул ирхээс имээж цэрэг аван Дэн лийг дайрч алав. Өөрийгөө өргөмжлөв. У су ми ши хаан гэдэг. Зүүн ша-г улсын хүмүүс нь хүлээн дагахгүй байв. Ба ши ми (Басмал) аймаг бослого гарган дайрав. Зүүн ша их ялагдаж зугтан одов. Улс нь үймэв”. Хуучин Тан төрийн бичиг Түргийн шастир дээд. Басмалууд 742-743 онуудад Өтүгэнд ирсэн байжээ.

Түрг овогтны Билгэ хааны хадан бичигт

𐰉‏𐰽‏𐰢‏𐰞‏⁚‏𐰃‏𐰑‏𐰸‏𐱃‏⁚‏𐰆‏𐰍‏𐱂‏𐰢‏⁚‏𐰉‏𐰆‏𐰑‏𐰣‏⁚‏𐰼‏𐱅‏𐰃‏ басмал идикот (ахлагч –уг хүннү үгний морфологийн задаргааг хожим хүргэнэ) угшм (угсаа минь) обогтон оржээ (байжээ). Билгэ хаан, басмалын ахлагч Ашина угсааных байжээ. Басмалууд Түрг төрийн баруун Ша-д ордог байжээ.

Басмалуудыг үгүй хийснээр Уйгур Го дө лү билгэ чө хаан Өтүгэнд уйгур төрийг дахин үүсгэжээ.

“Дараа жил (745 тахиа жил) Гол Билгэ (Уйгур хаан) түргийн хаан Бо-мейг цохин алж төрд Тун Чулу тэгиныг явуулж энэ тухайгаа мэдүүлэв. Хуанди Билгэ хааныг Зүүн эрэлхэг цэргийн дээд жанжин болгон түүний газар нутгыг нүд цавчих зуур өргөтгөв. Зүүн зах Шивэй, Баруун зах нь Алтан уулс, урд зах нь Говийн цаана эртний Хүннүгий бүх газар усыг авав”. “The Uigur Empire” by Colin Mackerras. Түрг овогтны Бо-мей гэдэг нь Зүүн Ша-гийн хаан (Усу миси эсвэл түүний оронд болсон нэг нь байж болох. Энэ тухай эх сурвалж дутаж байна).

“Билгэ оочжээ. Түүний хүү Моуенчу Кол хаан өргөмжлөлтэй ор суув. Тэр зальтай цэрэг дайнд сайн нэгэн байсан бөгөөд жил болгон төрд илч илгээдэг байжээ”. “The Uigur Empire” by Colin Mackerras.

Моуен-нэрний тухай. Диван Лугатаар буян. М-б зармин (болор-молор гэх мэт). - “Ертөнцийг эзэгнэгч” Ата-Малик Жувейни. XIII зуунд монголчууд буяныг “муян” гээн өгүүлдэг байжээ. Тэгэхээр түүний нэр буян муянгийн “муян” буюу муянчу байжээ. Гол-энэ үг хос сувгаар тайлбарлагдана. Тэгин гэдэг үзийн дуудлагатай үгтэй изгүрхээр Гүлтэгин болно. Хаан гэдэг угын дуудлагатай үгтэй изгүрхээр Голхаан болно. Гол тэгин гэдэг нь салгасан үгээр буюу өнөө цагийн дуудлага. Тэсийн уйгур хадан бичигт

“Өнгрө их айл нутагдаа уйгур хаан ор суув. 𐰲‏𐰶‏𐰆‏𐰞‏𐰍‏𐰴‏𐰍‏𐰣‏

Ач Колгу каган” гэжээ. Ач-гэдэг нь бүх төрлийн биет билэг. Кол-дамдинсүрэнгийн дуудлагаар “гол” болно. Жийргэвч Г-тэй Ач Гологхаан, жийргэвч Г-гүй Ач Голохаан болно. Тэсийн бичигт Буянч буюу Муянч хааны тухай өгүүлж байна.

Ан Лу шаны урвалга

Дунд улсын сурах бичиг, бага дунд сургуулийн түүхийн ангийн хичээл. Ан Лу шангийн урвалга ба Тан гүрний бууралт.

Материал 1. Кайюаны (713-741 онууд) үеэр нийгмийн эдийн засаг урьд өмнө байгаагүй хөгжил цэцэглэлтэнд хүрч байсан ч (ястучууд-язгууртнууд) их хэмжээний газар эзэмшдэг байдлийг бий болсон. Газраа алдсан хүмүүс арга үгүй гадаагшаа тэнүүчилыж байв.Түүнээс гадна Тан улсын эрх баригчид авлигад автаж, ард түмэнд дарамт учруулж , хүмүүсийг хүнд байдалд хүргэж байв.

Материал 2: Ан лу шан ганцаараа 150,000 цэрэг хүч чадалтай байв. Тэр Хил орчмын газрын хүч чадлыг эзэмшиж байсан, түүний дайчид дайнд зоригтой байдаг, тэр Танг гүрний эзэн хаан Шуан зун- ны хэт их итгэлийг хүлээсэн, гэхдээ зай шиан түшмэл (ерөнхий сайд) Ян Гуо Жянь түүнийг үзэн ядаж байв. Энэ хоёр хүн муу харилцаатай байсан бөгөөд Тан Xuanzong тэдний зөрчилдөөнийг эвлэрүүлсэнгүй байв. Ан лу шан урьд өмнө нь урвах санаатэй байсан ,үүнээс гадна тэр маш их цэргүүдтэй байсан, ийм учраас Ерөнхий сайд Ян Гуожонгыг алах нэрээр. Тангын эсрэг бососон болно.

Тайлбар: Ан Лу шангийн урвалга (бослого)-ын талаар олон бэлдэц (судалгаа, материал) байна. Хэрэв монгол судлаач Хуучин Тан төрийн бичгийн Ан Лу шангийн хэсгийн монгол хэлнээ хөрвүүлээд үүн дээрээ судалгаа дүгнэлт гаргавал үүнийг үндэсний эх сурвалж судалгаа гэнэ. Хэрэв нэг монгол доктор харийн бэлдэц олж аваад түүнийгээ эх сурвалж мэт оюутнуудад хичээл зааж байвал түүнийг үндэсний ой санаа эвдэгч гэнэ. Дунд улсын сурах бичиг бэлдэц болохоос эх сурвалж биш. Сэргэлэн Интернашионал Экспедишион Хуучин Тан төрийн бичгийн 200 бүлгээс дөнгөж тавхан шастирыг монгол хэлнээ хөрвүүлжээ. Ан Лу шангийн урвалгын тухай эх сурвалж мануусд үгүй тул бэлдэц хүргэлээ.

“Уйгураас хааны хөвгүүн Е хугий, өөрийн жанжин Ди дэ нарыг удирдуулан дөрвөн мянган илүү цэрэг, агт аван урвагсадтай байлдажулсад туслав. Су зунаас асар ихээр соёрхов. Бас зарлигдан ерөнхий захирагч Гуан пин ваныг Хуй хутой уулзуулав. ах дүү барилдав. Байнга ачилж байдаг учир, Е ху маш баярлаж ваныг ах гэдэг”.

Тайлбар: Тан Су зун хуандигийн хүсэлтээр Уйгур хаан дөрвөн мянга илүү цэргийг агт туулган хүргүүлжээ. 150 000 босогчдын цэргийн эсрэг дөрвөн мянган уйгур цэрэг бага үүрэгтэй. Гэвч тууж очсон агт Су зуны явган цэргийг морин цэрэг болгосноор тэрээр босогчдын эсрэг байлдах стратегийн давуу талыг авав. Тухайн үеийн Уйгурчууд бүтэн ой санамжтай байсан тул мянган жилийн өмнөх Хүннү илээс гаргасан Дунд оронд агт үл нийлүүлэх хоргийг (энэ тухай эх сурвалж бий) тэд мэдэж байжээ. Харин уг хоргийг зөрчихгүй байх гаргалгаа нь түрээс (түрээс уг үгний үндэс нь “түр” буюу түр хэрэглүүлэх) байжээ.

“Шар хулгана өдөр. Уйгурын их ахлагч Да ган түшмэл зэрэг арван хоёр хүмүүн, урьдаар фу фэн хүрч шө фанийн цэрэг байлдагчидтай хамт пу шэ түшмэл Гө зи итэй уулзав. Үлдээгээд гурван өдөр найрлав. Е хугийн хөвгүүн: “хотол улс мань зовж байгаа үед холоос туслах гэж ирээд хоол ундаар яана вэ!” гэв. Зи и албадан үлдэв. Найр дуусмагц мордов. Тэдний цэрэгт өдөр болгон хоёр зуун хонь, хорин үхэр, дөчин шө тутрага өгдөг. Ерөнхийлөн захирагч Гуан пин ванаас Гө зи и нарыг удирдан, шиан жи хийдээс зүүн тийш хорин ли-д хүрэв. Баруун тийш ли шүй гол ойртжээ. Хулгай нар их хуарны зүүнд шилдэг морьт цэргээ нууж манай чэйгийн араас дайрах гэв. Шө фанийн зүүн шияны цэрэг агт хамаарсан түшмэлээс пу гугийн энэрэл ачийг бодож, Хуй хэ руу довтолгон тусламж гуйв. Ганц морь ч буцаж ирсэнгүй. Тэрээр баруун нийслэлийг эргүүлэн авав. Арван Сар, Гуан пин ван, дэд ерөнхий захирагч Гө зи игээс Хуй хэгийн цэрэг агтыг буцаан авч Шан шид хулгай нартай байлдав”.

“Анх, Чө вогоос хоцорч, Е ху өөрийн жанжин Чэ би Ши ту ба Пэй ло нарыг явуулав. Нан шаныг дагаж зүүн тийш явав. Хулгай нарын цэрэг хавцал дотор бүгсэнтэй учирч бүгдээрээ алагдав. Шин дяанд Зи хүрээд, хулгай нартай учран байлдав. Цэрэг хэдэн ли ухрав. Уйгур үзээд уулын баруун дах давааг давж цагаан далбаа өргөн дайран оров. Шууд шувталан гарахад хулгай нар их ялагдав. Цэрэг хойшоо дайлж хойшоо хорь илүү ли хөөв. Хүн адуу хөндлөн гулд унаж нэг нэгээ гишгэж алсан нь тоогүй олон байв. Арван түм илүү тэргүүнийг цавчиж цогцос гучин ли үргэлжилжээ. Хулгайн хамсаатан Яан жуан довтолсоор очиж Ан чин шуд очиж мэдүүлэв. Хамсаатнаа дагуулан зүүн нийслэлийн хойгуур яван гол гатлав. Гуан пин ван, Пу ш тэ түшмэл Гө зи ийг Е ху дагаж зүүн нийслэл оров”.

Тайлбар: Ли,里lǐ Хятадын эртний уртын нэгж хан улсын үед 1 Ли нь 500 метртэй тэнцэнэ.

“Анх баруун нийслэлийг буцааж авах үед Уйгур нар хотыг дээрэмдэх гэв. Гуан пин ванаас тэднийг хориглон зогсоов. Зүүн нийслэлийг буцаан авах үе. Уйгур нь фугийн ууланд гүйн хүрч эд хөрөнгө торгыг авав. Гудамж зах тосгон айлуудаар хоёр өдөр талж тоноод зогсов. Тоолохын аргагүй их эд хогшлыг авчээ. Гуан пин ван торго ноосон нэхмэлийн эд юм өгөв. Е ху их баярлав. Су зун баруун нийслэлд буцав. Арван нэгэн сарын харагчин тахиа өдөр, Е ху зүүн нийслэлд хүрэв. Чан лэ өртөөнөөс олон ноёдоор угтуулав. Шуан жэн харшид найр хийж дээдэс зочилж тохинуулав. Е хуг харшид гаргаж бусад ахлагч нарыг шатын доор жагсаав. Торго дурдан өнгөт бараа алт мөнгө эдлэл соёрхов. Нутагруугаа буцацгаав. Дээдсээс: “улс гүрний төлөө их үйлийг бүтээгч бол зоригтон хэргэмтэн нарын хүч болой” гэв, Е хугаас : “Хуй хэгийн дайнч цэрэг, Шун юанд үлдэв, өнөөдөр заавал Лин шад буцаж мордь аваад, фан яаныг буцаан аван, үлдсэн хулгайг устгах хэрэгтэй” гэв. Шарагчин үхэр өдөр, зарлиг буулган “гачигдалтай үед гавьяа байгуулж туслав. Хөрш улс минь журамтай байна. Газар дэлхий уудам ч ганцхан санаанд нэгдсэн билээ. Эртнээс өдгөө хүртэл ийм юм болж байгаагүй. Уйгурын Е хугийн хосгүй жавхаатай байна, түмнийг туслах төгс бодлоготой, Хэлсэн үг нь хэзээд үнэн. Хийсэн үйл нь Хичээнгүй даруу, Түмэн хүн атаархам төгс билгээрээ тэр, олныг толгойлж суухна. Самуун байнга үргэлжилж дундад орон ороо бусгай байв. Хаантай ах дүүгийн андгай өргөв. Хотол гүрний төлөө эцэг хөвгүүн цэрэг аван байлдав. Арга ухаанаа эрчлэн, атаатан дайсантай байлдав. Амьсгаа даран хүчлэж алдарч, сулдахгүй зүтгэв. Хорин хоногийн дотор хоёр нийслэлийг түвшитгэв. Уул нурааж, ус эргүүлэм сүр жавхлантай байна. Алжааж ядарсанч ариун үйлсээ умартаагүй, адгаж тэвдэвч алдаа эндэгдэл гаргаагүй дурсах нэрийг нар саранд өргөе, дуудах цолыг үр ачдаа өвлүүлье. Нэр хүндийг алдаршуулан мандуулж, үүрдийн алдарыг өргөж шагнья. Эр хүний эрхэм Сы күн шэ болдог. Эрхэм цолын дээд нь ван болдог. Сы күнийг жюнь ван өргөмжлөе, ахиж жил болгон Шө фангийн цэрэгт хоёр түмэн адуу шагная, алба ёсоор хүлээж авах нь зүйтэй”.

Тайлбар: Ша юань沙苑Shā yuan, газрын нэр, одоогийн Шанши мужийн Да че сумаас өмнө зүгт бий.

“Чян юаны анхдагч оны таван сарын хар бич өдөр. Уйгураас Дө хай а бө зэрэг наян хүнийг элчлүүлэв. Хар хувцастай Да шигийн ахлагч Гэ зи зэрэг зургаан хүн, төрд хамт бараалхав, асарын хаалганы өмнө ирээд хэн ахлах тухай хэл ам болов. Түн ши шэ рэн түшмэлээс тэднийг зүүн баруун хэмээн хувааж зүүн, баруун хаалгаар зэрэг нь оруулав. Зургаан сарын шар нохой өдөр. Уйгурын элчийг Зи чэн дяан харшид зочлов”.

Тайлбар: Чян юаны анхдагч он гэж нийтийн он тооллын 758 он болно. Түн ши шэ рэн通事舍人Tōnɡ shì shě ren, түшмэлийн тушаал, гадаад харилцааны хэрэг учрыг хамаарна.

“Намрын долоон сарын улаагчин гахай өдөр. Бага охиныг Нин гө гүнж хэмээн өргөмжлөөд гэрлүүлэв. Гэрлэсэн өдөр, ач болох Хан жүнгийн жюнь ван Үйг Тэ жэн болгож, Ши тай Чан чин түшмэл, Шэ и ши да фу түшмэлд зарлиг бичиг бариулав. Баатар нэр нь бүхэнд дуурссан Би га хааныг өргөмжлөх элч болгон явуулав. Ач хөвгүүн Зө Сы лан жүн түшмэл Шунийг цэргийн журганы Лан жүн түшмэл, Шэ и ши жүн чэн түшмэл болгов. Хун лу чин түшмэл болгов. Дэд түшмэл болгов. Нин гө гүнжийн ёслолын элчийн тушаалыг хавсарган гүйцэтгэв. Их түшмэл болох Кай фэн фу захиргааны И тун сан сы түшмэл, Шин шан шу зуурганы Ю Пү шэ түшмэл. И гө гун түшмэл Пэй мян нараар хил хүртэл хүргүүлэв. Харагчин могой өдөр, Уйгурын баатар нэр нь бүхэнд дуурссан Би га хааныг өргөмжлөв. Дээдсээс Шуан жэн дяан харшид морилов, Хан жунгийн жюнь ван үй өргөмжлөлийг дуудав. Хөх морин өдөр. Сузунаас Нин гө гүнжийг Шиан янгийн Ци мэн өртөө хүртэл үдэв. Гүнж уйлаад: “Улс гүрнийхээ төлөө Үхсэн ч яахав” гэж хэлэв. Дээдэс уйлсаар буцав. Тэдний өргөөнд Үй хүрэхэд Би га чуай хаан шар дээл, хугийн малгай өмсөж, өргөөний дундах ор дээр сууж байв. Ёслолын шадар цэрэг сүртэй байв. Үйг дагуулан өргөөний гадна зогсоож, Үйд: “ван та тэнгэрийн хөвгүүний ямар садан бэ?” гэж хэлэв. Үй: “Тэнгэрийн хөвгүүний ач болно” гэж хариулав, ахиад асуув, “вангийн дээд талд зогсож байгаа нь хэн бэ?” гэв. Үй: “Жүн ши түшмэл Лэ лу жюнь болно” гэв. Хаан ахиад: “Жүн ши түшмэл болбоос боол болно. Яагаад эзнийхээ дээр талд зогсож байгаа вэ?” гэв. Лэ лу жюнь сонсоод хирдхийн цочиж, үсэрч буугаад хөдлөлгүй зогсов. Үй ёсолсонгүй зогсож байв. Хаанаас: “Хоёр улсад эзэн түшмэдийн ёс гэж бий, яагаад ёслохгүй байна?” гэв. Үй: “Тан улсын тэнгэрийн хөвгүүнээс хаантныг гавъяатай гэж хүүхнийгээ хаантай гэрлүүлж байна. Гэрлэж байгаа дундад улсын хүүхэн мань хуан дигийн хамаатан болно. Тэрээр гүнж хэмээн нэрлэдэг, энэ Нин чэн гүнж нь тэнгэрийн хөвгүүний төрсөн хүүхэн. Ухаан ч бий, өнгө ч бий, түмэн газрын алсаас хаантай гэрлүүлэв. Хаан та болбоос Тан улсын тэнгэрийн хөвгүүний хүргэн болно. Хуримд ёс бий. Яагаад ор дээр суугаад зарлигийг хүлээн авахгүй байна?” гэв. Хаан босоод зарлигийг тосож өргөмжлөлийг хүлээн авав. Дараа өдөр нь гүнжийг хатан болгон өргөмжлөв. Харийн ахлагчид баярлалцгааж: “Тан улсын тэнгэрийн хөвгүүн үнэхүү эрхэмсэг ажээ. Төрсөн охиноо гэрлүүлсэн байна” хэмээн шивнэлдэв. Үйгээс улсын бэлэг болгож торго торгомсог өнгөт дурдан хувцас, алтан мөнгөн эд хэрэгсэл хүргэв. Хаан ноёд түшмэд, ахлагч нартайгаа хувааж авав. Үйгийн харих цаг болов. Хаанаас таван зуун адуу булган дах, цагаан нэхий өргөв. Найман сар, Уйгураас хан хөвгүүн Гу чө те лэ болон заяшан түшмэл Ди дэ нарыг тэдэнтэй ууж, толгой ороох өнгөт дурданаас гурван мянган ширхэгийг өгөв. Зи и, Хуй хэгийн их жанжин хааны дүү Хэ ху лу ду ду түшмэл Яао лө гэ нарын гарыг атгаж“ манай улс танай Уйгурын гавъяаг мэднэ. Хариуд нь таануусыг маш ихээр шагнасан билээ.Таануус яагаад болзсоноос огоорч итгэлээ алдаад манай вангийн хязгаарын хотод халдана вэ? Би заавал таануустай байлдах юм бол, бууж өгөхийг хүлээж суух шаардлага байна уу? Хэрвээ би ганцаараа танай хуаранд очвоос, та дураараа намайг яасан ч болно. Миний гар доорх цэрэг байлдагчид лавтай Тантай байлдах болно” гэж зэмлэв. Хуй Хэ хэлмэрчилж: “Ачийг санаад сэтгэл зовж байна. Хаанд ирж зүтгэе гэсэн юм. Тан улсын тэнгэрийн хөвгүүнийг нэгэнт Жан хуай газар ирсэн тул та цэргийг удирдах мэдэлгүй болсон гэж сонслоо. Тэгээд бид ирсэн. Өдгөө тэнгэр хааныг Шан гогийн газар бий. Таныг жанжин болгов. Хуай энийг тэнгэр ниргэсэн гэж сонслоо. Өдгөө Ту фаныг (Турпаныг) хөөн хяргаж, хонь, адууг нь хураан авч улс гүрний ачийг хариулахыг мань зөвшөөрнө үү, Хуай эний хөвгүүн хатных нь ах дү нарыг алахгүй байхыг гуйя” гэв. Хэ ху лу ду ду түшмэл нар, заяшан түшмэл Мө до мө да ган, заяшан түшмэлтэй уулзав, Тун мө хэ да ган, заяшан түшмэл Ху ду би га жанжин, заяшан түшмэл Хэ ла пэй лө да ган, заяшан түшмэл Мэй лу их жанжин Лө да ган, Пин жан ши түшмэл Хай ин чуе да ган нартай уулзав. Зи и урьдаар хундага барив. Хэ ху лу ду ду түшмэл ерөөтүгэй гэв. Зи и: “Их Тан улсын тэнгэрийн хөвгүүн түм насалтугай! Уйгурын хаан бас түмэн насалтугай! Хоёр улсын жанжин түшмэд түмэн насалтугай! Болохгүй санаа өвөрлөж болзсоноос урвагч байваас дайны талбайд үхэх болтугай, голомт нь харлах болтугай” гэв. Хэ ху лу ду ду түшмэдийн царай хувхай цайв. Хундага ээлжлэн ирэхэд: “Өдгөө бүгдээр андгайлъя” гэв. Бүгдээр баярлаж: “Анх нутгаасаа гарахад хоёр бөө уулзаад хэлсэн билээ: Энэ удаа их энх тунх болно. Харин Тан улсын цэрэгтэй байлдаж болох үгүй. Нэгэн их хүмүүнтэй учраад буцах болно гэсэн. Өнөөдөр цэрэг дагуулж яваад тантай учрав. Та хардаж сэжиглэсэнгүй. Хуяг дуулгаа тайлаад гагц морьтой бидэнтэй ирээд уулзав. Өөр хэнд ийм үнэнч сэтгэл байгаа юм бий! Байлдалгүйгээр нэгэн их хүнтэй учрав. Бөөгийн хэлсэн үг үнэн гүйцэлдэж байна” гээд уухайлан их л удаан хөгжилдөв. Зи и түүний нурууг илэв, ахлагч нар өнгөт дурдныг хувааж бөөг шагнана гэв. Олон жанжин хамтаар Ту фаныг цохино гэв, Зи и тэдэнтэй болзоо тогтов. Дараа өдөр нь Уйгурын ахлагч Кай фу го е на нарыг дагуулан нийслэл оржтөрд бараалхав”.

Тайлбар: Тэнгэр хаан(天可汗Tiān Kèhan), тэнгэр адил хүндтэй 天至尊, Дэн ли хаан 登里 可汗, Дэн ли хаан登利可汗, тэнгэр хаан 腾格里汗, гэдэг нь хааны хүндэтгэл нэрийдэл болно. Тан улсын эхний үеэр Сүнгэнэт даваанаас зүүн тийш улс оронтой харилцахад зүүн, баруун Түрэгүүдын хэрэглэж байсан хүндэтгэлийн нэр гэж Хятад түүхчид үздэг.

“Ахиад таван өдрийн дараа. Шо фанийн хошууч Бин ма түшмэл, Кай фү түшмэл, Нан жюнь ван Бай юань гуан, Жин жоугийн Лин тай сумаас баруун тийш тавин ли зайд байх Улаан уулын даваанд Уйгурын цэрэгтэй нийлэв. Тэдэн Ту фаны арваад илүү түмэн хүмүүнийг ялав. Таван түмэн илүү тэргүүнийг цавчиж нэг түмэн хүмүүнийг амьдаар олзлов. Тэмээ адуу үхэр хонь хэдэн зуун ли газар үргэлжилж тоолохын аргагүй байв. Фаны аймгаас таван мянган хүмүүнийг олзлов. Анх Бай юань гуан нар Лин тай сумын баруунд хүрээд хулгайн байдлыг дагнан мэдэв. Сарны гэрэлтэй шөнөөр байлдаж болохгүй байв. Хуй Хэ бөө бөөлүүлж салхи шуурга татуулав. Дараа өдөр нь гэгээ орсны хойно байлдав. Ту фан бүгдээрээ даарч бээрээд нумаа татах чадваргүй болов. Эсгий хөтөрч аажмаар давшив. Юань гуан болон Уйгур дагаж оров. Үхсэн хүний хүүр хөдөөг бүрхэв. Пү гугийн их түшмэл, Хуай эний зээ, Ю вэй шяо жан түшмэл, мянган илүү морьтныг дагуулан бууж өгөв. Зи и удалгүй Уйгурын заяшан түшмэл Ху ди ви га жанжин, заяшан Мэй лу Их жанжин, Кай фу захиргааны И тун сан сы түшмэл, Ши гурван мянган хүнтэй явуулж, урвагсдыг дайлж манай улсад туслав. Тэднийг холоос ирэв хэмээн Су зун сайшаан найр хийж зочлов. Шө фанийн нүүдэл ордны түшмэл Пу гу хуай эн харьцуулав. Есөн сарын хөх бич өдөр. Уйгураас их ахлагч Гай жан нарыг явуулав. Гүнжээ гэрлүүлсэнд талархав, мөн Жян куны таван түмэн хүнийг ялсан гэв. Зи чэн дяан ордонд зочлов. Хүн бүрт эд юм соёрхов. Арван хоёр сарын хөх морин өдөр. Гурван эмэгтэй хүн явуулж Нин гө гүнжийн хуримын бэлэгт талархав. Зи чэн дяан ордонд зочлов”.

“Чян юаны хоёр он. Уйгурын Гу чө те лэ нар харъяат олонтойгоо Гө зи ийг дагаж есөн Же ду түшмэлтай хамт Шиян жоу хотын доор байлдав. Ялсангүй. Гурван сарын хар хулгана өдөр. Уйгурын хааны хөвгүүн Гу чө те лэ болон заяшан түшмэл Ди дэ зэрэг арван таван хүн. Шиян жоугоос баруун нийслэл руу давхив. Су жунаас Зи чэн дяан ордонд зочлов. Хүн бүрд эд юм соёрхов. Тэр сарын цагаан бар өдөр. Уйгурын Те лэ нь нүүдэл ордноос салж явахад дээдсээс Зи чэн дяан ордонд зочлов. Хүн бүрд эд юм соёрхов. Хөхөгчин хонь өдөр. Уйгурын хааны хөвгүүн Шин цүд Зө үй лин цэргийн их жанжин, Юань вайн цол олгов, Гу чө те лэд Ин чин гуан лу да фу түшмэл, Хун лу чин түшмэл, юаньвайн цол олгов”.

Тайлбар: Чин юаны хоёр он гэж нийтийн он тооллын 759 он болно.

“Зуны дөрвөн сар. Уйгурын Би га хаан нас барав. Ууган хөвгүүн Е ху түшмэл Шиан алагдав. Отгон хөвгүүнийг нь Дэн ли хаан болгов. Түүний эхнэрийг хатан болгов. Зургаан сарын улаан морин өдөр, Зө жин у вэй жанжин Ли тунийг Хун лу чин түшмэл, И ши да фу түшмэл болгож, гашуудалд оролцуулахаар явуулав. Би га хаан сая нас барахад түүний өргөөний ноёд, ду ду түшмэл зэрэг нь Нин чэн гүнжийг хойлоглох (хамт оршуулах) хийх гэв. Гүнж: “Би дундад улсын ёсоор болно. Нөхөр маань үхэвээс, гашуудах ёс хийнэ. Өглөө үдэш уйлж, хоёр жил гашуудлын хувцастай байна. Уйгурын гэрлэсэн эмэгтэйчүүд дунд орны ёсыг барих хэрэгтэй. Хэрвээ энэ нутгийн хууль ёсыг мөрдөнө гэсэн бол, юу гээд түмэн газрын холоос ирэх билээ?” гэв. Тэгэвч гүнж бас л хуй хэгийн ёсыг мөрдөж, нүүрээ зүсэн их уйлав, тэнгэрийн хөвгүүн намайг аваад харьсангүй гэв. Намрын найман сар, Нин гө гүнж Уйгураас харьж ирэв. Олон түшмэдийг цуглуулж Мин фэн хаалганы гадна угтуулав”.

Дүгнэлт:

Манай Шинэ могой усны уйгур хадан бичиг, Тариатын Өтүгэн хадан бичиг, Тэсийн уйгур хадан бичиг Хуучин Тан төрийн бичиг Уйгурын шастирт Уйгур Го де ло билгэ чө хаан, Уйгур Гол (Муюнчу) хааны талаар өөр өөрийн хэлээр, өөр өөрийн өнцөгөөс бичжээ. Хуучин Тан төрийн бичиг Уйгур төрийн тухай он дараалуулан түүхэн үйлийг бичсэн нь Рентгенд харуулж байгаа юм шиг нэвт бичжээ. Манай хадан бичгүүд Дунд орны цаасан эх сурвалжтай түүхэн үйлсийг өгүүлж буй сэдэв, цаг он нийлсээр тухайн түүхэн үйлсийг бүтэн цогц болгохоос манай хадан бичгүүд амилж байна. Тариатын Өтүгэн бичгийн өгүүлж буй түүхэн үйл, цаг он маш тодорхой болж, Шинэ могой усны хадан бичгийн агуулга бүр тодров. Энэ удаагийн нийтлэлийн гол зорилго нь түүх сэргээх болохоос хадан бичгийг дэлгэх зорилго үгүй байсан тул аль болох хадан бичгийн тайлбарыг бага хийх баримтлалыг барив. Хадан бичгийн тухай судалж буй нээлт ихтэй нийтлэлүүд хожим таньд хүргэх болно.

Шинэ могой усны уйгур хадны бичгийн гунигт байдлын тухай хэдэн үг.

Уг хадан бичиг халх, барга, буриад болон бусад овогтны дээдсээс үлдээсэн, маш нандин түүхэн мэдээлэл агуулж буй бичиг болно. Түрг овогтны хадан бичгүүдийг Турк засгийн газар өөрийн гээн эндүүрэн барилга барин хадгалалтыг сайн хийж өглөө. Харин нийтлэл 10 аар Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэмийн эрхлэгч,Түүхийн ухааны дэд доктор, профессор, Хатагины Д.Эрдэнэбаатар “Архангай аймгийн Хайрхан сум, Булган аймгийн Баян-Агт сумын хилийн зааг дээр орших Шивээт улааны Түрэгийн үеийн дурсгалт зүйлийн цогцолбор дахь тамгатай хөшөөг Хасаг улсад “хулгайн замаар” аваачиж залсан бичлэг хүртэл YOUTUBE сайт дээр гарсан. Булган аймгийн Сайхан сумын нутаг дахь Могойн Шинэ усны Түрэгийн үеийн гэрэлт хөшөөг эх орноо “сольчихсон” С.Харжаубай хулгайгаар ачих гэж байж нутгийнханд баригдаж байлаа” гэжээ. Булган аймгийн цагдаагийн газар уг үйлдэлийн үнэн мөнийг тогтоож, хэрэв үнэн бол уг С.Харжаубайд хар тамга тавиулах нь ёсонд нийцнэ. Булган аймгийн цагдаагийн газар үндсэн ажлаа хийх ёстой. Уг түүхэн хадан бичиг Бугу хааны хадны бичиг шиг алга болвол яах вэ?

Дүгнэлт: Ан Лу шаны урвалгыг дархад Тан төрийн Су зун хуандийгийн хүсэлтээр Уйгур Го дө лу билгэ че хаан “өөрийн хөвгүүн Е хуг, жанжин Ди дэ нарыг удирдуулан дөрвөн мянган илүү цэрэг, агт аван урвагсадтай байлдаж (Тан) улсад туслав” гэжээ. Дөрвөн мянган цэрэг уг 150 000 босогчдын цэргийн өмнө бага хүч. Хамгийн гол нь дөрвөн мянган цэрэг их хэмжээний агт тууж очин Тангийн Су зун хуандийгий явган цэргүүдийг морин цэрэг болгожээ. Ингэснээр Су зун хуандигийн (хуанди=хуан шар+ди эзэн, уг үг мал ахуйтнаас үүсэлтэй) цэргүүд хоёр нийслэлээ чөлөөлхөд, босогчдыг дархад стратегийн давуу талыг авав. Энэ бол маш том түүхэн үйл буюу энэ өдгөө Монгол улс Дунд улс хоорондын дипломат харилцаанд эргээр хэрэглэгдэх зүй ёсны хүчин зүйл. Эх орны хоёрдугаар дайны үеэр Америкууд ЗХУ-д ланд лизээр (түрээсээр) цэргийн зэвсэг, тоног төхөөрөмж маш ихээр нийлүүлж байсантай адил үйл. Дээдсийн хийсэн муян (буян) хоёр улсын найрсаг харилцаанд мартагдах ёсгүй.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...