Монголын археологийн шинжлэх ухаанд өөрийн мэдлэг чадвараа зориулж эхэлсэн 1988 оноос эхлэн 1996 он хүртэл археологийн хээрийн шинжилгээний ангиудад ажиллан судалж, цуглуулсан судалгааныхаа эх сурвалжуудаар ““Сэлэнгийн сав нутаг дахь хүрэл-төмрийн түрүү үеийн археологийн дурсгалууд” сэдвээр түүхийн ухааны доктор зэргийг горилон тухайн үеийн ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн дэргэдэх Түүхийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хамгаалж, энэ судалгааны ажлыг маань Түүхийн шинжлэх ухааны доктор Д.Цэвээндорж удирдан, албан ёсны шүүмжлэгчээр доктор, профессор С.Бадамхатан багш маань ажилласан юм. Нөгөө нэг албан ёсны шүүмлэгч маань ОХУ-ын Новосибирскийн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн археологич В.Т.Петрин байлаа.
Энэ судалгааны ажлын маань гол сэдэв нь Монгол нутаг дахь “Дөрвөлжин булшны соёл”-ын тухай байсан юм. Хүрэл зэвсгийн эрин үеийн энэхүү археологийн дурсгалыг миний багш доктор, профессор Д.Наваан 40 гаруй жил судалсан, уг судалгааныхаа ажлаар нэгэн сэдэвт “Дорнод Монголын хүрлийн үе” хэмээх алдарт номоо гаргачихсан байсан учраас би огт шинэ юм хийгээгүй, харин багшийнхаа хийсэн судалгааны ажлыг үргэлжлүүлэн, судалгааны шинэ шинэ эх сурвалжуудыг бий болгон, бас шинэ санаа дэвшүүлснийг Эрдмийн зөвлөл дэмжин, миний горилсон эрдмийн зэргийг олгосон юм.
1997 оноос хойш би энэхүү өөрийн дэвшүүлсэн “шинэ санаагаа” цаашид үргэлжлүүлэн хүрэл зэвсгийн эрин үеийн археологийн дурсгалуудыг судалсаар Монголын нэн эртний хүрэл зэвсгийн эрин үеийн өөр бусад археологийн дурсгалуудыг нэмэн судалж, нэн эртний түүхийн судалгааны шинээр нэмж илрүүлэн олсон археологийн эх сурвалжуудаа хооронд харьцуулан, Монгол нутагт чухам энэ л үед анхны Төр улсын шинж чанар бүрэлдэн, өнөөгийн манай Монгол улсын нутаг дэвсгэр нэг нь нөгөөгөөсөө соёлын хувьд, зан үйлийн хувьд эрс ялгаатай хэд хэдэн археологийн бие даасан соёлууд бий болон өөр өөр он цагт ээлж дараалан буюу зэрэгцэн оршиж байсан болохыг ойлгож мэдрэх болсон юм. Ийм итгэл үнэмшилийг 1997-2010 он хүртэл Монгол нутагтаа явуулсан археологийн хээрийн шинжилгээ судалгааныхаа ажлуудын судалгааны эх сурвалжуудаар баталгаажуулан олж авсан юм. Ингээд тухайн үед ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр ОХУ-ын Уулын Алтайн БНУ-ын Барналын Улсын Их Сургуулийн Археологи-Этнографийн тэнхэмд түүхийн ухааны докторантурт суралцахаар очсон юм.
Миний судалгааны ажлыг удирдахаар Барнаулын УИС-ийн Археологи-Этнографийн тэнхэмийн эрхлэгч, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор А.А.Тишкин томилогдож, би ч хуучин танил дотно нөхөр миний эрдэм шинжилгээний ажил удирдах болсонд баяртай байлаа. Удирдагч багш маань миний судалгааны эх сурвалжуудыг үзээд “Чиний энэ ажил түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахад хангалттай судалгааны эх хэрэглэгдэхүүн цугларсан байна, ажилдаа шууд оръё” хэмээн ажлын төлөвлөгөө гарган нэг жилдээ багтаан энэ ажлыг дуусгая гэж төлөвлөөд ажиллаж эхэлсэн юм.
Харамсалтай нь Докторын зэргээ хамгаалах дөхөөд диссертацийн хэлэлцүүлэгийн явцад удирдагч багштайгаа би санал нийлэхээ байлаа. Учир нь Монгол нутаг дахь хүрэл зэвсгийн хожуу үеийн археологийн дурсгал болох “Буган чулуун хөшөөт хиригсүүрийн соёл, Хүннүгийн археологийн соёлын дурсгалууд бол Монголчуудын өвөг дээдэсийн биш харин нүүдэлчин “Скифүүдийн соёл-ыг хүлээн авч, хөгжсөн соёлууд байх ёстой” хэрэв “Чи ингэж л бичихгүй бол хамгаалж чадахгүй Эрдмийн зөвлөлийн гишүүд чамайг дэмжихгүй гэлээ”
Мэдээж Оросын археологийн шинжлэх ухаан, түүний судалгааны арга зүй дэлхийн шилдэг үүнд би эргэлзээгүй, одоо ч дэлхийд хамгийн хүчирхэг байгаа шинжлэх ухааны салбар. Гэхдээ би манай Монгол улсад оршин байгаа хүрэл зэвсгийн эрин үеийн археологийн соёлууд хийгээд Хүннүгийн археологийн соёлын дурсгалууд нь “хаа нэгтэйгээс нүүж ирсэн харийн нүүдэлчдийн соёлыг хүлээж авч баяжуулсан соёлууд” гэдэг Оросын шинжлэх ухааны хуучирсан “онолыг” би хүлээн авч, даган дууриайж чадахгүй ээ гэдгээ баримт нотолгоотой огтхон ч эргэлзэж тээнэглэзэхгүйгээр удирдагч багшдаа тайлбарлан хэллээ. Би энд өөрийнхээ зөв гэдгийг “муйхарлаж” хамгаалаагүй юм. Өнөөдөрийн манай Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа хүрэл зэвсгийн эрин үеийн болон Хүннүгийн археологийн дурсгалууд хаанаас ч, хэн нэгэн нь зөөж авчраагүй, өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт анхнаасаа л байсан, хожим үеийн үед тасралтгүй дараагийн Төрт улсуудадаа уламжлагдсаар улам баяжсан Монголчууд бидний өвөг дээдэсийн үлдээсэн түүхийн эх сурвалжууд буюу умард Азийн бүс нутгийн хэнээс хамааралгүй, археологийн бие даасан соёлууд юм. Түүнээс хэн нэг нь бидэнд энэ их түүхийн эх сурвалжуудыг бий болгож өгөөгүй. Өрнө дахинд эртний Герегийн түүхч Геродот МЭӨ 400-аад онд бичсэн “Түүх” хэмээх алдарт түүхэн эх сурвалждаа “скиф” хэмээн бидний өвөг дээдсийн тухай дурьдсан байхад өмнөд хөрш эртний Хятадын үе үеийн төрт улсуудын түүхэнд бидний өвөг дээдсийн тухай “буга, цагаан чоно сүлдтэй улс”, “ху нар, дунху нар” хэмээн янз бүрээр бичиж тэмдэглэсэн нь Монголчууд бидний нэн эртний түүхийн тухай гадаад түүхэн эх сурвалж болж байгаа бол бидний судалж илрүүлэн олоод байгаа хүрэл зэвсгийн эрин үеийн археологийн дурсгалууд хийгээд Хүннүгийн археологийн дурсгалууд нь бидний нэн эртний түүхийн дотоод эх сурвалж болж байна. Үүнийгээ бид бусдынх хэлж, бичиж хэрхэн болох билээ.
Би ч багшийгаа буруутгаагүй, миний эрдэм шинжилгээний ажлын удирдагч бол ОХУ-ын төрд ажиллаж байгаа, Оросын шинжлэх ухааны зүтгэлтэн, тэр өөрийн байр суурь, онол арга зүй, археологийн эх сурвалжийг хэрхэн яаж тайлбарлаж байсан өөрсдийн байр сууриа бас хамгаалах нь зөв. Тэд манай Монголын улсын төр, түүх-соёлд зүтгээгүй. Харин би бол миний археологийн судалгаагаар илэрч олдсон аугаа их өвөг дээдэсийн түүх-соёлын болон археологийн эх сурвалжуудаа бидний өвөг дээдсийнх биш, хүнийх гэж бичээд “докторын диплом” авахыг хүсээгүй юм. Манай Монгол улсын нутаг дэвсгэр дээрээ байгаа бүхий л үеийн археологийн дурсгалууд бол Монголчуудын үе үеийн түүхийн эх сурвалжууд учраас энэ их түүхэн эх сурвалжаа бусдад найр тавьж өгөх, бусадтай хуваалцах эрх надад л лав байхгүй. Миний Монгол улсын төрт ч гэсэн ийм бодлого байхгүй.
Надад түүхээ гуйвуулж шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах зүрх сэтгэл байхгүй. Аугаа түүхийнхээ бодит эх сурвалжаа өөрийн Монгол улсдаа авч үлдэх хэрэгтэй гэдэг л сонголт байсан юм. Миний докторын зэргээс манай түүхийн ариг байдал эрхэм.