Хүн үсэг битиг судлалын гуравдугаар ангийг төгсөгчид
Хүн үсэг битиг судлалын гуравдугаар ангийг төгсөгчид
719 0

Хүн үсэг битиг судлалын гуравдугаар ангийг төгсөгч Ордогын буурлууд овогт Баасай Цолмон. Мэргэжлийн хөтөч. Герман хэлтэй.

"Хүн битиг, ёвропыхноор тайлагдашгүй хэмээх утга агуулах Рун битиг сурч, энгэр дэнж дэх Күлтигэн хөшөөний бага битиг хир чинээгээр судалж монгол хэлний яруу хэллэг, гүн утгыг биширэв. Билгэ хаан, Күлтигэн, Тонникук-ийн хөшөөний битигийг судлахад Турк хэлтэй байх шаардлаггүй, мөн тэдэнтэй огт хамаагүй. Өнөөгийн бидний мэдэх монгол хэлээр эртний үг хэллэгийн язгуурыг сурвалжлахад болно"

Тэнгэр, орчлон хорвоо , амьд бүхэн хэрхэн буй болсон бол хэмээн сониучирхан бодох бага насны үлдэх арга үгүй сэтгэлийн чанд дахь бодол алсрах нь үгүй. Түүхэн үйл явц ч бас хэрхсэн бол яагаад гэх асуултаар арвин. Бид хэн бэ, хаанаас ирсэн гэв, яагаад ийм агуу түүхийг бичиж чадсан байх агаад хэрхэн бид энэ олон төр сольсон агуу гүрэн нийхэмийг байгуулсан байхав. Энэ бүхэнд хариу болох түүхэн бичиг ном судар хадны бичээс байх агаад тайлж уншсан нь хэдий. Өнөө бидний хэлж ярьж бичиж байгаа монгол үгсийн сан эрт болон эдүгээг харьцуулахуй үлэмж зөрүүтэй байх бөгөөд нэгэн үгээр хэлэхийг утга дүйж тайлбар маягтай хэлж бичсээр, энэ цагт ядмагхан болсныг эртний болон нэн эртний түүхийг бичиж үлдээсэн өвөгдийн ухаан сэтгэлээс үзэхүй, бид одоо хэн болоод байгаа вэ гэмээр аж. Хүннү төрт гүрэнийг байгуулсаны 2228 жил, Их Монгол улс байгуулсаны 813 жилийн ойн баярыг өнөө жил зарлан даатгав. Хүннү гүрэн, Их Монгол улсын тухай аманд дээр гарах үг, ярих яриа, бодлын үзүүрт нэн түрүүнээ, энэ чинь бид, бидний өвөг дээдэс хэмээн бодол ацлалгүйгээр сэтгэлд ургах авч Түрүгийн төрт улсын тухай хэлэлцэх бүхийд монголчууд гэдгээс тэс өмнөө тайлбар бодол уралдуулах нь элбэг. Гадны жуулчид, гийчдэд нутаг ус, үүх түүхээ тайлбарлан явахад, өмнөө нүүр тахлах түүхийн Музейгээс аваад олны ам, Түрэг гэдэг нь одоо цагын Турк хэмээн холбон хэлэлцэнэ. Харин миний зүрх сэтгэл, бодол оюун минь үүнийг огтоос хүлээн авахгүй, яав ч бидний өвөг бидний соёл мөн, гүехэн хуумгай хандаж болохгүй гэж дотроо бачимдаж тэрхэн зуурт үгний солионд санаагаа дайхаас үл хэтрэнэ. Мэддэгт мэргэн цоохор мэддэггүйд эрээн цоохор хэмээн энгийн агаад утга гүн зүйр үг юутай үнэн. Тайлагдашгүй нууц хэмээн европынхоны нэрийдсэн Рун бичгийн монгол дахь дурсгал, түүх хэл шинжлэлийнхэний судлалд орсноос хойш даруй нэгэн зуун дамнажээ. Өөрийн биш өрөөлийн мэт сэтгэж хүний хүнээр, сэтгэхүйгээр тайлж байсан битиг, бидний хэлээр бичигдсэнийг олж мэдсэний дээр, үгийн шид элэхүй санааг, баатар цэцэн мэргэд минь юутай урнаар өнөд оршоосныг бахдан сүсэглэнэм. Монгол газар шороон дээр хаднаа сийлэгдэн, нэгэн мянга гурван зууны нар салхи, халуун хүйтэн, бороо хур, хүмүүний хатуу гарыг илээж энэ цагт бидэнд өвлөгдөн үлдсэн Хүн битиг бидний оюунд өнө мартагдахгүйгээр сийлэгдэн үлдэх хувьтай,золтой санж. Билгэ хаан, Күлтэгин ноён, мэргэн сайдТоннукук-ийн хөшөөний битиг нь Монголын нууц товчооноос өөрц үгүй түүхэн ач холбогдолтой дурсгал юм.Бидний гэж сэтгэж үүх түүх соёлоо гэх ард, олон аж. Тэд хэн нэгнийг хүлээж байсан нь Сэргэлэн Интернашионал экспидишний Хурган овогт Сэрээнэндавгын Сэргэлэн багш байжээ.

Тэнгэрийн цаг ирж.

Сууж идвээс уул ч хоосрох гэж. Ийн суусаар бидний өвөг дээдсийн Түрүг төрийн түүхийг харь Турк, дэргэд Хасагууд яс булаалдах ноход мэт хэмлэлдэхэд өөрийн үндэс угсаа түүхийг өнөө бид засмал зам, музейн барилгаар худалдах аваас хэдэн зуун хэдэн мянганаа гэмшил боловч барагдах үгүй биз. Уруу доройхон явах цагт бүр түүх ч үгүй няц дайрагдах биш үү. Харин түүхийн уг сурвалж биднийг бид байсныг сануулж түмнээ таниулан батлах аж. Түүнийг бас сэхээрэгсэд олны сонорт хүргэж , мэлмийд үзүүлж оюунд таниулан мэдтүгэй хэмээнэ.


Хүн үсэг битиг судлалын гуравдугаар ангийг төгсөгч, эдийн засагч, румын, англи, орос хэл эзэмшигч Жамсран овогт Хаянхярваагийн Буд.

"Монгол хэлний тайлбар толинд гарал үүслийг нь бичдэггүй болохоор үгийн эх үндсийг нь мэдэхгүй хүн чинь “нөх+өр=нөхөр“ гэх мэт тайлбарлах хүмүүсийн үгэнд итгэх эсэхээ мэдэхгүй төөрч явлаа. Энэ сургалтад сууснаар хүн бичиг гэхээсээ илүү эх хэлнийхээ үгсийн язгуурыг ойлгов. Өнөөгийн бид хоорондоо увс, өвөрмонгол, буриад гээд мөчөөрхөх шаардлагагүйг бас эндээс мэдэв. Хов гэж юу болох, эх сурвалж гэж юу болохыг ойлгох нь өөрсдийн түүхээ ухаж ойлгохын үндэс ажээ."


Хүн үсэг битиг судлалын гуравдугаар ангийг төгсөгч, сэтгүүлч Сүлд овогт Баярбатын Хандмаа /сэтгүүлч/

Хүннү бичиг тайлагч “Сэргэлэн интернэйшнл экспедишн”-ий гурав дахь сургалтад 12 -уулаа суралцаж төгслөө. Юуны өмнө, сэрж сэтгүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл “уртаашилсан” багш нартаа талархал дэвшүүлье.

Төрөл бүрийн ажил мэргэжилтэй, янз бүрийн насны манай ангийнхан хадны бичээс хэл, соёлын маань ямар чухаг дурсгал, гэрч баримт болдгийг ханатал билэрч, үг бүрийг нь ухах урам зоригтойгоор сургалтаа дүүргэцгээв.

Чулуун битигийг хараад түүн дээр чухам юуг тэгтэл хичээнгүй сийлдсэнийг мэдэхийг үл хүсэх хэн байх билээ. Гэхдээ сургалтад суухын өмнө миний хувьд, хадны бичиг унших нь хоосон мөрөөдөл, хүчрэхгүй зүйл мэт санаж, гагцхүү эрдэмтэд л магад үнэнээр тайлна гэдэгт бат итгэчихсэн байснаа нуух юун. Тэгээд ч Түргийн өв гэсэн эрдэмтдийн тодорхойлолтоор хүнийрхдэг болчихсон байлаа. Харин улс Монголд минь байгаа 60 гаруй гэрэлт хөшөө яаж хүнийх байх вэ, хөшөөний битгийн 90 хувь нь өнөөгийн монголчуудын хэрэглэдэг үгийн санд байна шүү дээ гэдэг үг сониуч занг минь дахин хөгжөөсөн билээ.

С.Сэргэлэн багш сургалтын үеэр хадан бичээсийн үгийг орчин цагийн монгол хэлний үгийн сан, нутаг нутгийн хэллэгээс “онгичиж” байгаад яруу тодоор дүйлгэн тайлбарлана. Тэгээд утга нь түүхийн эх сурвалжид өгүүлсэнтэй таарч байгааг дурдана. Бичээсийн угш гэдэг үгийг тайлбарлаж байхдаа угсаа гэдэг байнгу хойч үедээ хэрэглэдэг үг шүү гэх мэтээр орчин цагийн буруу хэрэглэгээг сэхээрүүлнэ. Ямар сайндаа л заримын маань амнаас бид чинь монгол хэлээ огт заалгаагүй, эх хэлээ мэддэггүй юм байна шүү дээ гэх үг унаж байхав.

Хөшөө цайдамын бага бичээс хэмээн алдаршсан Гол тэгиний бага бичээсийн эхний үг өгүүлбэрийг л хэлэлцэхэд мянган санаа өндөлзөөд ирнэ. Мэдээж мянган мянган оныг элээх чулуун дээр сийлсэн үгсэд мөн л мянга мянган билинг ухааныг этсэн байж таарна. Түрэг төрийн нэрт зүтгэлтэн Билгэ хаан “Тэнгэрцаг тэнгэрт болмогц...” гээд омог бардам сийлүүлэхдээ тухайн үеийн хамгийн хүчтэй, гүн сэтгэгдэл төрүүлэх мөртөө өргөн утгыг агуулах тэр л үгсийг урлуулсан байж таарна.

Аугаа их хүч,үлэмж их нөлөөт тэнгэрээс л ер бусын дохиолол түгдэг гэж үздэг өвөг дээдэс маань нээрэн “тэнгэр шиг тэнгэр” гэж дээд тэнгэрт яахан тэрсэлж, бүр гэрэлт хөшөөнөө тийм басамж үгийг сийлэх билээ. Эзэн богд Чингис хаан ч мөнх тэнгэрийн хүчин дор суу алдраа дуурьсгасан.

Манай ангийнхан Гол тэгиний бага бичээсийн шад нэг бүрт бие даан задаргаа хийж үзсэн. Ингэхдээ Л. Болд академичийнхтай харьцуулсан юм. Тухайлбал, надад хуваарилагдсан 11 дүгээр шадад нийт 27 үг байна. Гэтэл Л.Болд академич түүнийг 60-аад үгтэй болгожээ. Эхлээд нүдэндээ ч итгээгүй. “Ангилчихсан минь, энгэр хориг, ингэ ингэ, орсоор” гэх зэрэг олон үгийг огт тайлаагүй мөртөө бичээст байхгүй үг өгүүлбэрүүд дурайж байхыг хараад ёстой мэл гайхсан. Түүхийн эх сурвалжийг засаж, найруулж үг нэмэх нь байж болохгүй гэж сэтгэснийх л дээ. Бараг бичээсийн 80-90 хувь нь өдгөө цагийн монголчуудын хэрэглэж буй үгсийн үндэс язгууртай тохирч байгааг яагаад таньсангүй вэ гэж халаглах ч зэрэгцсэн.

/САНУУЛАН/ энд сийлүүлэн бичив БИ. /ТА НАРТАА ЗАХИЖ/ ХЭЛЭХ /ГЭСЭН/ бүхий л үгээ мөнх/-ӨД ОРШИХ/ чулуунаа цохин сийлүүлэв би. /ТА НАР /ҮҮНИЙГ /үгч. ТҮҮНИЙГ/ ҮЗЭЖ /БҮР САЙТАР/ МЭДЭГТҮН. Түрэгийн ОДООГИЙН ХАРЬЯАТ иргэд, бэгүүд эдүгээ ХААН ШИРЭЭ МИНЬ ШИРТЭН ХАРЖ /ШИЙДВЭРИЙГ СОНСОГЧ/ НОЁД /ТА БҮХЭНн/ МИНЬ /ДАХИН/ ТӨӨРЧ БУДИЛУУЗАЙ /ГЭЖ/ БИ МӨНХӨД БАЙХ/ ЧУЛУУНД ЦОХИН СИЙЛҮҮЛЭВ БИ. Табгачийн хаанаас сийлбэрчин ирүүлж, /ГЭРЭЛТ ХӨШӨӨГ/ ЧИМЭГЛҮҮЛЭВ БИ. Миний /хэлсэн/ үгийг минь /ТЭД/ ГУЙВУУЛСАНГҮЙ сийлэв.

Томоор бичсэн үгс эх сурвалжид онхи байхгүй.

Сэтгүүлч нар хүний хэлээгүй үгийг хэлсэн болгож бичвэл хэрэгт татагдах гэм нүгэлтэй. Миний үгийг өөрчилсөн, нэр төрд маань халдлаа гээд хариуцлага нэхдэг байхад, өвөг дээдсийн гэрээс, үнэт өв хадан бичгийг бүр ч ингэ/н/ ингэн өөрчлөх нь зохисгүй санагдав .

Дэлхий даяар эх түүхээ эргэн харах хандлага эрчимжиж байна. Үүнтэй зэрэгцээд монголчуудын түүхийг үгүйсгэх, гуйвуулах хандлага гарч байна. Саяхан Оросын “Звезда” сувгийн “Далд аюул” нэвтрүүлгээр монгол татарын талхинд оросууд огт байгаагүй, европынхон оросуудыг зэрлэг бүдүүлэг нүүдэлчдийн талхинд байсан учир хөгжил дорой гэж доромжлох санаагаар түүхийг зохиосон, тархай бутархай байсан нүүдэлчин аймгууд хэрхэн хүчирхэгжиж дэлхийг байлдан дагуулж чадах, тэгээд ч орос хэлд монгол хэлнээс орсон ганц ч үг байдаггүй гэж улайм цайм ярилаа. Уг нь “богатир”, “гуталин” зэрэг олон монгол үг орос хэлд буй шүү дээ.

Ийм үед эрдэмтэн мэргэд маань ч “Сэргэлэн интернэйшнл экспедишн”-ий үйл ажиллагаатай эелэлдэн нэгдэж алдаа ташаарлаа залруулан, эх түүхээ сэрээх “ТЭНГЭР ЦАГ” удахгүй гэж найдана.


Хүн үсэг битиг судлалын гуравдугаар ангийг төгсөгч, магистр /Химийн инженеринг. Нүүрснээс шингэн, нийлэг материал үйлдвэрлэх судалгаа/ орос, англи хэл эзэмшигч Бөөчүүд овогт Жаргалсайханы Золжаргал

Орчин цагийн монголчууд бол энэ нутагт оршиж байсан Хүн, Түрэг, Их Монгол гэх мэт улс үндэстний удам, тэдний хэл, соёлыг тээгч үндэстэн. Эртний чулуун дээрх бичээсийг бид монгол хэл дээрээ тайлж уншиж чадаж байгаа нь үүний баталгаа юм. Хүн бичгийн сургалтын үеэр өвөг дээдсийн санаа сэдэлд нэвтрэх мэт гайхалтай мэдрэмж төрж, өнөөгийн монгол хүнтэй хэл, сэтгэлгээний хувьд төстэй болох нь анзаарагдаж байлаа. Монгол орны өнцөг булан бүрт байгаа эртний бичээсүүдийг нэг бүрчлэн тайлах нь маш чухал гэж боддог. Хүн бичгийн Гуравантай сурагч Жаргалсайханы Золжаргал.


Хүн үсэг битиг судлалын гуравдугаар ангийг төгсөгч, мэргэжлийн хөтөч, испан хэл эзэмшигч Боржгон овогт Данзанжамц Болд:

Дэлхийд Руни буюу Түрэг битиг гэж нэрлэгдсэн Хүн битгийн 3 дахь сургалтанд суулаа. Хичээлээр бид, Хархориноос зүүн тийш 45 км т байх Хөшөө Цайдамын ГолТэгин буюу Культэгин жанжны бага бичээсийг, Монгол хэлээр бичигдсэн гээд Монгол хэлээрээ эртний араб түрэг Диван Лугат толь бичиг ашиглан тайлж уншлаа. Сэтгэгдэл 1: 1. Битгийн эхний өгүүлбэр: 'ТНРИ ТГ ТНРИДЭ БОЛМШ ТҮРГ БИЛГЭ КГН БУ ӨДГЭ УЛ УРТМ' буюу 'Тэнгэр цаг Тэнгэрт болмогц Түрэг Билгэ Хаан ул урсым' буюу улсынхаа ул суурийг бий болгосон гэж эхэлдэг. Аливаа зүйлийн бүх утга санаа эхэндээ байдаг, цагаан толгой А үсгээр эхэлдэгийн адилаар энэ эхний өгүүлбэр их утга учрыг агуулж байна. Үүнээс 'Тэнгэр цаг Тэнгэрт болмогц' гэдгийг анхаарвал: 1.1. Тэнгэр итэж, Тэнгэр шүтлэгтэй байжээ. 1.2. Билгэ Хаан болоод түүний ойрын тойрон хүрээлэгч нар Билиг талын (ухамсрын) буюу Сүнсний өндөр чадамжтай байжээ. Учир нь: Тэнгэрт ямар цаг тохиохыг болоод Тэнгэрийн таалал хүсэл санаа зоригийг урьдчилан мэдэж, тэр цаг ирэх хүртэл бүх бэлтгээ хангажээ. 1.3 Билгээс Арга руу шилжүүлэх буюу Билгээс Арга руу бодьжуулах үйлийг маш сайн хийжээ. 1.4 Цаг нь ирж, боломж тохионгуут боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, улсаа харийн нөлөөнөөс ангижруулж, биеэ даасан анги Түрэг Улсынхаа ул суурийг бий болгожээ. 1.5 Тэнгэрийн хүсэл, санаа зориг, таалал, зарлигийн дагуу өөрийн бодол санаа, зүрх сэтгэл, хэл яриа, биеэр үйлдэж буй үйлдэл бүхнээ, үйл бүхнээ бусдын сайн сайхны төлөө өөрийгөө Тэнгэрт зориулсан хүн байжээ. Ө.х. өндөр ухамсартай, өндөр ёс суртахуунтай, үнэнийг эрэлхийлж шударга ёсыг маш сайн баримталдаг хүн байжээ. 1.6. Ойрын тойрон хүрээлэлд нь Билгэ Хаанаас дутуугүй өндөр ухамсартай, сүнсний өндөр чадамжтай, маш сайн зөвлөгч байсан нь түүний дүү Голтэгин жанжин байжээ. Тийм учир энэхүү түүхийг Голтэгин жанжинд зориулсан гэрэлт хөшөөн дээр сийлж үлдээжээ. 1.7. Ямар ард түмэн байна тийм төр засаг тогтдог гэдэг эртний үг байдаг. Тиймээс яг энэ үеийн хүмүүсийн дийлэнх олонх нь, Тэнгэр итэж, шударга ёсыг ёс суртахууны өндөр түвшинд баримталж өөрсдөө биеэр хором мөч бүхэнд хэрэгжүүлдэг ард түмэн Тэлэ нар байжээ. Энэ ул суурин дээр Билгэ хаан, харийн нөлөөнөөс улсаа ангижруулж, биеэ даасан анги Түрэг улсаа бий болгожээ. 1.8. Мөн бага бичээсэнд, 'Өмч хуваарилж, ядуу хүмүүсийг малтай болгож, улс даяараа ядуу хүнгүй, зүдсэн хүнгүй, бүгд ашиг тусыг хүртсэн' гэсэн өгүүлбэр бий. Энэ нь ямар мундаг хаан бэ, ямар мундаг төрийн түшээдтэй байсныг илтгэнэ. Үүнийг зөвхөн, маш өндөр шударга ёс баримтлагч өндөр ёс суртахуунтай удирдагч л Дээд Тэнгэрийн таалал хүсэл зоригийн дагуу, зарлигын дагуу түүнд үйлээрээ өргөл болгон, бусдын сайн сайхны тусын тулд хийнэ. Зарим нутгийн дуунд сайн сайхан үйлсийнхээ өгөөжтэй бүхнийг хайрхандаа зориулъя гээд дуу байдаг шиг (Хатанбулаг сумын сүлд дуу) , энд Тэнгэр итэж, сайн сайхан үйлсээ Тэнгэрийн таалал хүсэл зарлигийн дагуу зориулсан хүмүүсийн талаар өгүүлжээ. 1.9. Хүн гэдэг үгийг Диван Лугат тольноос утгын хайвал хэдэн хувилбар байх ч, КҮН буюу НАР гэсэн тайлал их анхаарал татна. Бидний дээдсүүд ярьдаг, наран адил гэрэлтэж; оюунаараа, ухаанаараа, эрдэм мэдлэгээрээ, үг хэл яриа, үйлдэл, үйлээрээ нарны гэрэл лугаа адил бусдыг тэтгэж, ухаарал гэгээрэл хайрлаж зөв зүйтэйг үйлдэж бай гэдэг. Мөн Монгол маань жилийн ихэнхдээ нартай байдаг Нарлаг нутаг билээ. Хүн гүрний сүлдэнд ч мөн Нар байдаг, Тэнгэр Нар Сар шүтлэгтэй билээ. Хүн-нү гэдэг нь Нар болгох гэсэн утгыг ч илэрхийлж байж мэдэх юм. Сэтгэгдэл 2. Хэрэв бид Голтэгин жанжны хөшөөг харвал, тэр дүр төрх, хэлбэр, өндөр зэрэг нь эгэл жирийн Монгол хүнтэй ижил байна. Сэтгэгдэл 3. Энэ Хүн битиг нь галаас үүссэн байж болох юм. Сэтгэгдэл 4. Түрэг нь Хүн гүрэний 1н аймаг байжээ. Учир нь ижилхэн Хүн хэлээр ярьдаг, Хүн гүрэнтэй ижил бичигтэй. Хэрэв өөр байсан бол өөр хэлээр бичих ёстой. Харин Хүн төрийн шууд хойчис бол биш. Түрэг нь МААтай, Хүн нартай ижил хэлээр ярина, мөн ижилхэн бичигтэй гэж хятадын түүхэнд тэмдэглээстэй байгаа нь Түрэг нь бидний дээдэс мөн болохыг давхар батална. Сэтгэгдэл 5. Бүхий л түүхийн турш бидний үе үеийн дээдсүүд, Алтай Хангай Хянганыг бүхлээр нь оруулаад Шивэр ойгоос Цагаан хэрэм хүртэлх нутагт МААн соёлтой эсгий туургатныг нэгтгэсэн Төв Азийн эзэнт улсыг бий болгож байсан билээ. ЗХУ энэ битгийг Хүн хэлээр бичигдсэн гэж хүлээн зөвшөөрөх нь тэдэнд ашиггүй тул зориуд түүхийг мушгин гуйвуулж мартуулахыг оролдсон байж болох талтай. Эсвэл хүн хэлээр бичигдсэн гэж огт мэдээгүй байж болох юм. Сэтгэгдэл 6. Хэрэв хүн өөрөө өөрөөсөө санаагаа олж, сэтгэж, өөрийнхөө оюун ухаанаараа юмыг бодож боловсруулан, өөрөө хийж бүтээх аваас, мөн тухайн нутгийн ард олны амьдралыг үзэх үзэл, шашин шүтлэг нь хүртэл өөрсдийх нь байх аваас тэр ард түмэн мандан бадардгийг бид түүхийн үе үеийн туршид бидний дээдсүүдийн бий болгосон эзэнт улсуудын түүхээс мэдэж болох нээ. Эсрэгээрээ өөрсдийн бий болгосон оюун санаа биш, гадны шашин шүтсэн үедээ уруудаж доройтон харийн нөлөөнд орж байсныг бас мэдэж болохнээ. Сэтгэгдэл 7: Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Үүний зөвхөн 'Хүн' хэлээрээ гэдгийг авбал 'Хүн' хэлээрээ ярьж ойлголцохыг, хүн хэлээ үеэс үедээ өвлүүлж явахыг сануулсан, хүн хэлээ хамгаалж явахыг захисан утга байж болох талтай. Сэтгэгдэл 8: Зүг чиг: Нар мандахаас өмнөхөн мөн нар ургахад хамгийн биед ээлтэй нарны туяа гардаг гэж үздэг. Бид энэ туяанд нараа тосож хийморио дээшлүүлэх буюу аура гэрлэн бүрхүүлээ бүтэн болгож энэ туяаг өөртөө шингээдэг. Эртний гүн ухаанд айл гэрийн үүд хаалгыг ургах наран зүгт харуулж сайн сайхан үүдээр орж ирнэ гэдэг. Бид МААн соёлтой тул жилдээ ядаж 4 нүүнэ. Нүүх бүртээ өөдлөн дэвжихийн билэгдэл наран ургах зүгтээ үүдээ харуулж байжээ. Үүдээр сайн сайхан энерги орж ирнэ гэж үздэг. Энэ Хүн битгийг нарны битиг гэдэг. Ө.х. нар ургах үед уншиж болно. Мөн зүүнээс баруун тийш эсвэл дээрээс доош бичдэг. Ө.х. нар ургахаас нар жаргах руу, эсвэл Тэнгэрээс газар гэсэн чиглэлд бичсэн байна. Түргийн хөшөө дурсгал мөн эртний олон дурсгалууд наран ургах зүг рүүгээ харсан байдаг. Бид нар голлох үед биеэ шарж болохгүй хортой туяа ялгаруулдаг, наршина, түлэгдэнэ гэдэг. Мөнх хааны үед тэмдэглэгдсэнээр гэрийн үүд нар голлох зүгтээ харж байжээ. Дэлхийн явж буй зүг нар ургах буюу зүүн зүг. Хаашаа харж байгаагаасаа шалтгаалж урд зүг гэдэг. Сүйтгэгдээгүй Үлдсэн сүм хийд нар голлох зүгийн хаалганыхаа урд хана босгосон байдаг. Энэ нь урд зүгээс орж ирэх саар мууг эрчмийг хааж байгаа гэсэн билэгдэлтэй. Түрэгийн үед болон түүнээс өмнө мөн, магадгүй Өгөөдэй хааны үе хүртэл, нар ургах зүгээс, нар ургахтай зэрэгцээд сайн сайхан эрчим энерги гэрт орж ирдэг гэдэгт итгэж, нарны сайхан эрчмийг гэрийн үүдээр оруулахын тулд зүүн зүгт буюу нар ургах зүг рүү үүдээ харуулж барьдаг байжээ. Яг хүн мандах нар хардаг шиг, гэрийн үүд нар ургах зүгтээ байна. Түрэгийн үед 2 гол чухал билэгдлийн ээлтэй зүг байдаг нь нар ургах зүүн болоод шөнө уртаашлах хойд зүг байгаа нь эртний ведийн газар шинжих (зүг чигийн эрчимийн) гүн ухаантай тохирч байна

Сэтгэгдэл 9: Хэлний зүй тогтол & Эсийн ой санамжийн талаар: Бид хэл яриагаар ойлголцоно. Хэл яриа үгээс бүтнэ. Үг бол Авиа буюу үеээс бүтнэ. Бид авиаг ухамсраараа хүлээж авч, тэр авиа эд эсэнд орно. Сонссон дуу авиаг таламусаар дамжуулан холбогдох эд эс рүү дамжуулна. Ингэж эд эсэнд холбогдох мэдээлэл хадгалагдана. Буцаад эсээс ДНКаас холбогдох мэдээлэл тархинд таламусд очиж тэндээс хэл аманд хүрч бид авиа болгон гаргана. Олон олон үеийн мэдээлэл эд эсэнд хадгалагдаж дараах үедээ махаараа цусаараа ясаараа дамжуулна. Бид авиа буюу үеэр сэтгэнэ. Авиа өөрөөр хэлэгдэхэд тэр авианы мөн чанар болох сэтгэхүйгээр сэтгэж чадахгүй. Авиа дангаараа эсвэл гийгүүлэгчтэй нийлж байж авиа буюу язгуур ул үг болно. Авиа буюу язгуур ул үгээр, үгийн утга тэр чигтээ илэрхийлэгдэнэ. Язгуур үг буюу авиа тэр үгийг бүхлээр нь тайлбарлана. Дээр үед богино язгуур үгээр ярьж байжээ. Энэ нь Сэтгэлгээтэй холбоотой. Одоо үед ул үндэсгүй үгээр ярьж байна. Авиа буюу язгуур үг бидний сэтгэхүйтэй холбоотой. Одоо үед Сайн болгоныг муу үгээр, мууг сайн үгээр илэрхийлж байгаа нь бидний сэтгэхүй ямар замбараагүй ажиллаж байна вэ гэдгийн илрэл болов уу. Үүний учир шалтгаан юу вэ? Бид славиян ард түмнүүдийн крилл үсэгийг хэрэглэснээс болж байна. Үүнийг бид өөрснөө бий болгоогүй, хүний юм. Энэ бидний хэлний бүтэц зүй тогтолд таарахгүй байна. Бидний эд эсэнд буюу ДНК, РНКд мэдээлэл хадгалагддаг. Эртний тэр үг, эртний хэлний тэр зүй тогтолоор хэлэгдвэл бидний генэн дэх ой санамж сэргэдэг. Ө.х. өнө эртнээс ярьж байсан хэрэглэж байсан энэ зүй тогтол бүтэц язгуур ул үгсийг оруулан яривал бидний генэн дэх ой санамж сэргэж, түүний мэдээллийг илүү амархан хүртдэг болно. Ө.х. эд эсийн буюу генийн код тайлагдана гэсэн үг. Бид амны билгээс ашдын билэг гэдэг. Таталцлын хууль хаана ч үйлчилнэ. Амнаас гаргасан авиа бүр эрчимтэй хэмтэй байна. Энэ авиаг зөв язгуур ул үгээр гаргаваас тэр эд эс сэрэх хариу үйлдэл үзүүлэх нь. Харин буруу ярьж зөв ойлгоно гэвэл биш юм. Буруу утгатай өөр язгуур үгээр илэрхийлэхэд зөв үгээр хэлснээс өөр байна. Энд сэтгэхүйн алдаа гарч эхэлнэ. Зөв оновчтой язгуур ул үгсээр бид яривал хэлснийг хүн ухаж, ухаарахад хялбар. Мөн сайн сайханыг татна.

Дүгнэлт: 1. Түрэг бол бидний дээдэс. Түрэг хэл бол хүн хэл. Бид одоо ч хүн хэлээрээ ярьсаар байна. Бид Хүн гүрэн, Түрэг гүрний хойчис. Харин Түрэг бол Хүн гүрний хойчис биш. (Ясаа дагадаг уламжлалаар бол). Хүн битиг, Түрэг битиг бол бидний Монгол хэлээр бичигдсэн бидний дээдсийн битиг. Яг мэссэжээ латин үсгээр бичдэг шиг, мөн эр эмийг ялгах 1 эгшиг тавиад үлдсэнийг нь дан гийгүүлэгчээр нийлүүлэн бичдэг шиг. 2. Хадны битгүүдийг Монгол хэлээр бичигдсэн байгаа тул Хэл, Түүх, Өв соёлоо судалж мэдэн, үнэн зөвөөр нь засч залруулахад чухал ач холбогдолтой сайхан боломж билээ. Төв азийн улс орнууд, мөн ард түмнүүд нь Хүн, Сүмбэ, Ру ран буюу Жужаан, Түрэг, Уйгар, Их Монгол улсын үеэс улбаатай Хүн хэл, бичиг, Өв соёл, Түүхээрээ нэгдэн ойртох, хамтран ажиллах сайхан боломж байна. Мэдээж үүнд гал голомт болсон Монголоосоо үнэн мөнийг түүчээлэх үүрэгтэй. 3. Та Бид бүхний өвөг дээдэс өндөр дээд сэтгэхүйтэй, өндөр ухамсартай, үнэн мөнийг эрэлхийлэгч шударга ёсыг өөрөөрөө үлгэрлэн хэрэгжүүлэгч, өндөр ёс суртахуунтай, үйлээ Тэнгэрийн таалалд нийцүүлсэн, мэргэн, цэцэн их ухаантай хүмүүс байжээ. Үг буюу авиа бол програмчлал, сэтгэхүй ингэж ажилдаг. Тиймээс 1000 гаруй жил хэрэглэсэн Хүн битиг, Уйгарын эзэнт гүрнээс саяхныг болтол 1924 он хүртэл хэрэглэсэн босоо Монгол бичгээ хүн бүр сурч, яс цус махан дахь эд эсийнхээ кодыг тайлж, түүний мэдээллийг хүртэх сайхан боломж байнаа. Одоо крилл үсэгнээс болж сэтгэхүйн гажуудалтай байна. Үүнийг Хүн битгээ сурч, Хүн хэлнийхээ зүй тогтол бүтэцийг ухаж мэдэн, мөн Хүн битиг & босоо Монгол бичгээрээ одоогийн орчин цагийн Хүн хэл буюу Монгол хэлнийхээ зүй тогтол бүтэцийн гажуудлыг засаж, Монгол хэлээ дархлаажуулж авах нь их чухал байна. Энэ бүх оюуны өвийг хүн бүр өвлөн өвлүүлэх хэрэгтэй.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...