Өтүгүн, Савдаг, Тэнгри умай, Тэнгри цаг, Будда (Бурхан), Сүнс
“СИЭ” ТББ-ын судлаачид VIII зууны Түрэг, Уйгур төрөөс үлдээсэн хадан бичгээс Өтүгүн уул (Үтүгэн уул), Тэнгри умай, Тэнгри цаг гэх ухагдахуунуудыг...
11907 3
Хүн үндэстний түүх, хэл судлаач хүнд Монгол Улсынхаа Хүн үндэстэн ард түмний ой санамжийг сэрээхээс чухал үйл үгүй.
С.Сэргэлэн

“СИЭ” ТББ-ын судлаачид VIII зууны Түрэг, Уйгур төрөөс үлдээсэн хадан бичгээс Өтүгүн уул (Үтүгэн уул), Тэнгри умай, Тэнгри цаг гэх ухагдахуунуудыг, Дунд орны эртний сурвалжаас газрын савдаг (эзэн) 勃登凝梨 buət təŋ ŋǐəŋ li уул гэх ухагдахууныг судлан гаргаж, эдгээр дөрвөн ухагдахуун хоорондоо холбогдох утга бэлгэдлийг тогтоож, VIII зуунд манай дээдэс тэнгэр, газар хоёртоо ямар гүн ухаанаар хандаж байсныг та бүхэндээ тайлбарлана. Мөн Өтүгүн уулын нэрийг бас авиалбарыг (фонемыг) таниулна. Өтүгүн, Савдаг, Тэнгри умай, Тэнгри цаг, Будда багшийн Бурхан нэрийн эх утга, сүн, шин нь яагаад олон тоонд сүнс болж хувирав гэдэг нь Монгол Улсын Хүн үндэстэн ард түмний ой санамжийн чухал хэсэг тул бүгдийг нь нэг доор үгүүлэхийг зорив. Мөн уг бичлэгийг сэдэв бүрээр нь жижиглэж фэйсбүүкээр та бүхэндээ хожим хүргэнэ.

Өнөө тэнгэризм буюу тэнгэр гүн ухаан (философ) нь дэлхийн нийт хүн амаас цөөнгүй хэсгийнх нь сонирхлыг татдаг тул олон улсын олон судлаач энэ сэдвийг судалж, эрдэм шинжилгээний хурал дээр судалгаагаа танилцуулсаар байна. Хүн үсгээ, хүн хэлээ сэрээсэн “СИЭ” ТББ-ын судлаачид өвөг дээдсээсээ үлдээсэн хадан бичгийг халх түмний хэл зүйгээр бичигдэж гэдгийг анх тогтоосон учир, уг хадан бичгийнхээ буянаар Орхон, Туул, Сэлэнгэ, Хануй, Хүнүй голын сав нутагт үеэс үед аж төрсөөр буй Монгол Улсын Хүн үндэстэн та бид Тэнгэр, газрын холбоог ямар гүн ухаанаар ухаж байсныг бусад судлаачаас өөр өнцгөөр та бүхэндээ хүргэнэ.

Өтүгүн (Үтүгэн) уул

“СИЭ” ТББ-ын судлаачид бид урьд Үтүгэн гэж үсэглэсэн уулаа цаашид Өтүгүн гэж үсэглэн бичих болно.

Өтүгүн нь уул болохыг Могой шинэ ус газарт Уйгур төрөөс VIII зуунд бичиж үлдээсэн чулуун хөшөөнд Идук таг Өтүгүн буюу Тахидаг уул Өтүгүн 𐰃‏𐰑‏𐰸‏𐱃‏𐰍‏:‏𐰇‏𐱅‏𐰝‏𐰤 гэж тодорхойлж бичжээ. Таг нь өнөө халх хэлэнд уулын таг буюу орой хэсгийг хэлнэ. Үүнээс Өтүгүн нь уул болох нь тодорхой байна.

Өтүгүн уулын байршил

Өтүгүн уулын байршлыг Уйгур төрөөс VIII зуунд үлдээсэн Тариат дахь бичээсэнд

“Луу жилдээ Өтүгүн уулын оройг чанг чиглүүлж (харуулж), Шунгш овогтны тахидаг толгойндоо цагайлсым (сар айлсым). Өргөө мөн эндээ...” (утгачилсан орчуулга буюу үг бүрийн тайлбарыг эс бичив).

Энд Хотонт сумын нутагт орших Өтүгүн уулын орой, Өтүгүн уулын оройг харахын тулд хүний гараар жоохон өндөрлөсөн Хашаат сумын нутагт орших Лүн толгой, Өтүгэн уулын оройг чанх чиглүүлж барьсан Хотонт сумын нутагт орших Уйгур төрийн Орд балгыг (хотыг) үгүүлжээ. Энэ тухай нарийн судалгааг урьд хүргэсэн билээ.

Дээрх гурван байршлын координат

Өтүгүн уулын нэр

Тахидаг Өтүгүн уулын нэр нь хүн хэлээр эм хүний бэлгэ эрхтний нэр болох Өтүгүн үгтэй дуудлага нэг болно. Өнөө Өтүгүн үгийг эм бэлгэ эрхтэн гэх утгаар манай улсын хүн амын зарим хэсэг нь хэрэглэсээр байна.

Шинжлэх ухаанд Өтүгүн уулын нэр нь эм бэлгэ эрхтнийг нэрлэдэг үгтэй дуудлага адил учир Өтүгүн уулын нэр нь эм бэлгэ эрхтэн гэх утгатай гэж тунхаглаж үл болно. Ингэхийн тулд баталгаа, нотолгоо шаардагдана. Ийм баталгаа нотолгоо бидэнд урьд байгаагүй учир Өтүгүн уулын нэр нь эм бэлгэ эрхтэн гэх гаргалгааны түвшинд бид ойлгож байв. Гаргалгаа нь англи хэлээр version, орос хэлээр версия болно. Гаргалгаа нь гаргаж болох олон хувилбараас гаргасан ганц хувилбар нь болно. Шинжлэх ухаанд гаргалгааг биш баталгаа нотолгоог шаардана. Гаргалгаа нь тухайн судлаачийн ноорог гэж ойлгож болно.

Суврага хайрхан нь Газар усны Савдаг (Эзэн) уул мөн

Дунд орны Умард төрийн түүх дэх Түрэг Тэлэ шастирт нэгэн чухал баримтыг бичжээ.于都斤西五百里有高山迥出,上无草树、谓为勃登凝梨,夏言 地神也。

Өтүгүнээс барууншаа таван зуун ли-д орших өвс модгүй товгор оройтой өндөр уулыг buət təŋ ŋǐəŋ li гэнэ. Шя хэлээр (Дунд оронд оршсон эртний төрийн хэлээр) энэ нь газрын савдаг болно.

Газар усны савдаг нь эр ухагдахуун учир Өтүгүн уулын нэрийг зөв тодорхойлоход жоохон ч гэсэн нэмэр болов. Юу юуны түрүүнд, Савдаг уулынхаа байршлыг бид тодорхойлов.

Эрт үедээ 300-360 алхам уртыг нэг ли гэнэ. Хүний нэг алхам нь 70 см. Тэгэхээр 300 алхам нь 210 метр, 360 алхам нь 252 метр болно. 500 ли нь 105 –аас 126 км газар болно.

Өтүгүн уулаас (47.07672’N 102.50939’E) барууншаа Суварга хайрхан ( 47.05637’N 101.36571’E) уул сүндэрлэнэ. Агаарын зам нь 86,55 км, газраар (мориор) 110 км болно. VII зуунд орон зайг ингэж сайн хэмждэг байжээ. Суварга хайрхан нь савдаг уул буюу газар усны эзэн уул болно. Суварга хайрхан нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт сүндэрлэх бөгөөд өнөө Төрийн тахилгат 10 уулын нэг нь юм.

Бид урьд Өтүгүн уулын нэр нь эм бэлгэ эрхтэн Өтүгүн үгтэй ижил дуудлагатай учир эм бэлгэ эрхтний нэрээр нэрлэгдсэн уул гэх ганц гаргалгаатай, түүнийгээ нийтэд бичдэггүй байсан бол Суварга хайрхан нь газар усны эзэн уул болох нь тов тодорхой болсны учир, Суварга хайрхан нь эр ухагдахуун, Өтүгүн нь эм ухагдахуун гэж шинжлэх ухааны таамгийн (гипотезийн) түвшинд үгүүлэх эрхтэй болбай.

Шинжлэх ухааны таамаг нь аливаа үзэгдлийг бүрэн төгс биш ч нэгэн өнцгөөс тайлбарлах мэдээллийг (савыг) хэлнэ. Үгүйсгэгдэх боломжгүй ч бүрэн төгс биш тайлбарыг шинжлэх ухааны таамаг гэж нэрлэнэ. Шинжлэх ухааны таамаг нь цаашид судлагдах ёстой.

Тэнгэр умай

Түрэг төрөөс тоологдож болох бүх төрийн тоог бүртгэдэг (албан тушаал нь өнөөгийн сангийн сайдтай дүйнэ), хүн үндэстэн (Хүннүгийн хойчис, Үтүгэн нутгийн хүү) Тоонай укак-аас (𐱃‏𐰆‏𐰪‏𐰸‏𐰸) хойч үе та бидэндээ хадан дээр бичүүлж, Туул голын сав талд босгосон бичгэн хөшөөнд Тэнгри умай 𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐰆‏𐰢‏𐰖 гэх ижгүр (холбоо) хоёр үгс оржээ. Умай ухагдахууныг Я.Цэвэл: Умай – эмэгчин амьтны үр хээл торниж биелэх дотоод эрхтэн, сав; эхийн умай гэж тайлбарлажээ. Хүн хэлний “умай” ухагдахуун нь XIII зууны Хамаг монгол хэлний “хээл” ухагдахуун болно. Харин Диван Лугат толийн 636-д умай –ихэс гэж тайлбарлажээ. “Ихэс” ухагдахууныг Я.Цэвэл: Ихэс – жирэмсэн хүнд түр байх бөгөөд хэвэл доторх үрийн тэжээлд нөлөөлөх бүрхэвч; ихэс цөглөх (хүн амьтан төрөөд ихэс нь гарах) гэж тайлбарлажээ.

Яагаад умай гэх үг Үтүгэнд сав, Кошгарт ихэс гэх өөр ухагдахууныг тээж байна вэ?

Махмуд аль Кошгари XI зуунд умай үгийг ихэс гэж алдаж бичсэн болов уу. Тэр Үсүнь (өнөөгийн Казак, Киргиз) нутгаар үг судалж явсан нэгэн билээ. Умай гэх үг зөвхөн халх ард түмний үгийн санд оршихоос казак, киргиз, узбек, Шинжааны уйгур, Анатолий дахь турк болон татар, башкир хэлэнд аль ч утгаар огт алга. Умай (сав) үгийг казак хэлээр qursaq, киргиз хэлээр курсак, турк хэлээр rahim, Шинжааны уйгур хэлээр qorsaq, башкир хэлээр ҡорһағы, татар хэлээр карын гэдэг ажээ. Өнөө умай гэх үгийг хэрэглэдэг ард түмэн нь халхууд бас зарим цөөнх ястнууд юм.

“Умай” гэдэг нь Үтүгэнд буюу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй нутагт эмэгчин амьтны сав гэх утгатай.

Хадан бичээст орших Тэнгри умай гэх хоршоо үгийг ЗХУ-ын судлаач С.Е.Малов Тэнгри богиня буюу Тэнгри эм бурхан гэж хөрвүүлжээ. Энэ бол эмгэнэл юм. Эмгэнэл нь С.Е.Малов болон бусад гадаад судлаач буруу хөрвүүлсний учирт биш, “СИЭ” ТББ-ын судлаачдаас урьд үндэстний эх сурвалж судлаачгүй байсанд оршино.

Тэнгэр гүн ухаан буюу Тэнгэр философи

Тэнгри умай (𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐰆‏𐰢‏𐰖) энэ хоршоо хоёр үгийн дараалал ихийг үгүүлнэ. Умай тэнгэр гэж бичээгүй Тэнгэр умай гэж бичжээ. Үүний тайлбарлая.

Хадан бичээст Уза тэнгри (𐰇‏𐰕‏𐰀‏𐱅‏𐰭‏𐰼‏𐰃) (өнө эртний тэнгэр), XIII зууны Алтан дэвтэрт möngke tenggeri (мөнх тэнгэр), Хадан бичээст Хөх тэнгри (𐰚‏𐰇‏𐰚‏𐱅‏𐰭‏𐰼‏𐰃) (хөх тэнгэр) гэж урьдах уза, мөнх, хөх гэх үг нь арын тэнгри (тэнгэр) үгээ тодотгожээ. Мөн чанар нь тэнгри, тодотгол буюу шинж нь уза, мөнх, хөх болно.

Хадан бичээст мөн Тэнгри умай (𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐰆‏𐰢‏𐰖), Тэнгри цаг (𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐱅‏𐰏) гэж тэнгэрээр умайг, тэнгэрээр цагийг тодотгожээ. Энэ тохиолдолд мөн чанар нь умай болон цаг, тэдгээрийн тодотгол буюу шинж нь тэнгри болно.

Тэнгэр тодотголтой УМАЙ

VIII зуунд Билгэ Тоонай укакаас бичиж үлдээсэн хадан бичээст Тэнгэр Умай, Тахидаг газар ус (𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐰆‏𐰢‏𐰖‏ ‏:‏ ‏𐰃‏𐰑‏𐰸‏𐰘‏𐰼‏𐰾‏𐰆‏𐰉) гэж Тэнгэр Умай нь газар усныхаа урьд бичигдсэн нь газар уснаас үнэлэмж өндөр ухагдахуун болох нь тов тодорхой байна. Манай судалж буй үндсэн таван бичээст Тэнгэр газар болгохын учир (𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏ ‏:‏ ‏𐰘‏𐰃‏𐰼‏ ‏:‏ ‏𐰉‏𐰆‏𐰞‏𐰍‏𐰴‏𐰃‏𐰤‏ ‏:‏ ‏𐰇‏𐰲‏𐰇‏𐰤‏), уза (нэн эртний) тэнгэр, тахих газар ус (𐰕‏𐰀‏ ‏:‏ ‏𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏ ‏:‏ ‏𐰃‏𐰑‏𐰸‏ ‏:‏ ‏𐰘‏𐰼‏𐰽‏𐰆‏𐰉) гэх мэтчилэн тэнгэр болон тэнгэр умай ухагдахуунууд нь үнэлэмжээр хүмүүсийн аж төрөх газар уснаас дээгүүр байна. Ийм үнэлэмжийг тэнгэр ухаант хүмүүс өгдөг байна. Тэнгэр Умайн ам нээгдвээс газар дээр нэг нь мэндэлнэ.

Тэнгэр Умай гүн ухаан

Аливаа хүн, амьтан эхэлж умайдаа олдож, дараа нь төрдөг нь ертөнцийн жам. Тэнгэр умай гэх ухагдахуун доор хүмүүс эхэлж тэнгэр умайндаа олдож, дараа нь газарт буудаг /төрдөг/ гэх гүн ухаан болно. Тэнгэр умай ухаанаар XIII зууны Алтан дэвтэр номд орших “Чингис кагану уза ор дээрээ тэнгэрээсээ зайаатай ( ʧajaat'u ) төрсөн Бөртө чино ачу” гэх үгүүлбэрийг бид гүн утгаар нь тайлж чадна.

Энд зайаатай гэх үгэнд үг зүйн задаргаа хийвээс бүх зүйл тодорхой болно. Зайаатай – шинж тодотгол; зайа – үндэс, үйл үг; Мукаддимат ал- адаб толинд зайа – үүсгэх, бүтээх; +а нэр үг үүсгэгч; +тай шинж тодотгол үүсгэгч. Орчин цагийн зөв бичих дүрмээр “заяа” бичлэгээр нэр үг, үйл үг хоёрыг адил бичжээ. Зөв нь “зая”-үүсгэх, бүтээх; заяа – үүсэл, бүтээл болох ёстой. Ийм учир Алтан дэвтэр ном дахь галигийг ашиглав.

Бөртө чино нь эхэлж тэнгэрээсээ үүсэлтэй, бүтээлтэй, дараа нь төрсөн гэж уг номыг зохиогч Тэнгэр Умай ухаанаар бичжээ. Үүнийг Бөртө чино эхэлж Тэнгэр умайдаа олдож, дараа нь төржээ гэж тайлбарлана.

Одоо Уза тэнгри (𐰇‏𐰕‏𐰀‏ ‏:‏ ‏𐱅‏𐰭‏𐰼‏𐰃) гэх ухагдахууны учрыг Тэнгэр умай гүн ухаанаар бид тайлбарлая.

Диван Лугат толийн 391-д уза – эртний цаг, эртний үе гэж оржээ.

Яагаад тэнгри-ийг уза гэж нэрлэсэн нь цаг хугацааны хувьд хүмүүс болон бусад амьтад эхэлж тэнгэр умайндаа бүтээгдэж дараа нь газар төрдгийн учир болно. Ийм учир хүн болон амьтдад цаг хугацааны хувьд эхэлж тэнгри, дараа нь газар ус болно.

Энэ ухаанаар эхэлж Уза тэнгри, дараа нь асар (том) газар ус гэж хадан бичээсэнд бичжээ.

Яагаад Бөртөчино-ийг Чингис хааны уза ор буюу эрт үеийн ор гэв? Энэ асуултын хариуг Тэнгэр умай ухаанаар бид тайлбарлаж дийлнэ. Энд уза буюу нэн эртний гэх үгийг та бүхэн мэдэх тул ор гэх үгийг тайлбарлая. Ор үгийг +л үг нэмж орло буюу орлох гэх үйл үгийг үүсгэнэ. Өнөө бид “ор залгамжлагч” гэж мөн үгүүлнэ.

Тэнгри умай ухаанаар “Хүн өөд болоод буцаад тэнгридээ гардаг” байна.

Алтан дэвтэр номд “…гахай жил Чингис каган тэнгридүр гарба.” гэж бичжээ.

Бид та бүхний анхаарлыг гол сэдвээсээ сарниулахгүй тулд цөөн жишээн дээр тайлбарлаж байна.

Өтүгүн нь Өтүгүн мөн

Тэнгэр Умай ухаанаар Тэнгэр Умайндаа олдсон хүмүүс дэлхийд юугаар мэндлэх вэ? Энэ асуултын хариу Өтүгүн уулын нэрний мөн чанарыг тодорхойлох ёстой.

Ингээд...

Байгалийн жамаар эхийнхээ умайн ам нээгдэхээр эхийнхээ бэлгэ эрхтнээр дамжин газар усандаа (хорвоод, дэлхийд) нэгэн нь мэндэлдэг жамтай билээ.

Хүмүүс эхийнхээ умайнаас өтүгүнээр нь дамжин мэндэлнэ. Тийм учир Тэнгэр Умай ухаанаар Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав талд тухайн үедээ олон мянган жилийн хугацаанд аж төрсөн манай үе үеийн дээдсийн үе үеийн төр нь Өтүгүн уулаа Тэнгэр умайныхаа үүд буюу Тэнгэр Умайн аманд хүрэх зам гэж бэлгэдэн тахидаг байжээ. Өтүгүн уулаа Лүн толгой дээрээс тахина. Өтүгүн ууландаа, Өтүгүн уулынхаа Хөх тэнгэрт (Умайд) төрөөс саваа (үгээ) хүргэх, идээ будаагаа өргөх үйлийг тахилга гэнэ. Тахилга хийх үйлийг тахилгын газартаа гал өрдөж, галдаа мах, гурил, будаа өргөн үнэр гаргаж, үнэрээр нь (утаагаар нь) Өтүгүн ууландаа, Өтүгүн уулынхаа Тэнгэр Умайндаа тахилаа хүргэнэ. Ингэж Өтүгүн уулаа, Тэнгэр Умайгаа аргадаж, төрөөс үгээ хүргэнэ. Энэ үйлийг жил бүрийн 5-р сарын дундуур хийдэг ажээ.

Дахиад Өтүгүн нэрний тухай

Бид Өтүгүн нь эм бэлгэ эрхтэн Өтүгүн үгтэй адил дуудлагатай учир Өтүгүн нь эм бэлгэ эрхтний Өтүгүн нэр байж болно гэх гаргалгааг тээж явсан бол Суварга Хайрхан нь газар усны савдаг болохыг мэдсэнээр Өтүгүн нь эм ухагдахуун, Савдаг нь эр ухагдахуун болно гэж гаргалгаанаас таамаг буюу гипотезийн түвшинд манай мэдлэг ахив. Тэнгэр умай ухагдахууныг мэдсэний үр дүнд Өтүгүн нь эм бэлгэ эрхтэн болох нь тодорхой болов. Тэмүжин Өтүгүн уулыг “эх Этүгэн” гэж тодорхойлсноор Өтүгүн нь ээж уул болох нь мөн батлагдав.

Өтүгүн буюу эм бэлгэ эрхтэн нь хаана нь байна вэ?

Одоо өтүгүн буюу эм бэлгэ эрхтэн нь уулынхаа хаана нь байна вэ? Энэхүү зүй ёсны асуултад бид хариулах ёстой.

Өтүгүн уул нь хуучны Хангай хайрхан уул болно.

1883-р оны Letts popoular atlac газрын зурагт Хангай уул, Хангай хамар гэж зурагджээ. Уг зургаар Хангай уул нь өнөөгийн Хангай нуруу гэх утгаар биш Суварга хайрханы зүүн бэлээс Хархорин сумын Баянзүрх уулын хооронд, урдуураа Орхон гол, хойгуураа Жарантай голын дунд орших уулс болно. Эдгээр залгаа уулс нь ганц оройтой бөгөөд уг уулын оройг өнөө Өндөрсант гэж нэрлэнэ. Хангай хамар нь Орхон голын урд орших уулс болно.

Өтүгүн уулын баруун урд талд орших Төвхөн ширээт уул гэж бий. Уг уулын орой хэсэгт алдар цуутай Төвхөн хийд гэж бий. Төвхөн хийдийг буюу бясалгалын хийдийг Өндөр гэгээн Занбазар XVII зууны дунд үеэр бариулж, хожим уг хийд үгүй болжээ. Уг хийдийн хойно нэгэн шүтээн агуй бий. Уг агуй нь эм бэлгэ эрхтэнтэй адил, хүмүүс өнөө хүртэл олноор очиж эхийн умайндаа дахин орж гардаг, үүнийгээ дахин мэндэллээ гэж үгүүлнэ.

Уг агуйнаас олдсон ваарны хэлтэрхийг радио карбоны шинжилгээнд оруулаад Уйгур төрийн үед уг агуйд үлдсэн хэлтэрхий болох нь тогтоогтжээ. Энэ мэдээллийн ШУА-ийн тухайн үеийн Түүх, археологийн хүрээлэнгийн ажилтан А.Энхтөр надад хэлж байлаа. (Уг шинжилгээний дүгнэлтийг үзэх шаардлагатай).

Яагаад Өндөр гэгээн Занабазар бясалгалын хийдээ Хүн үндэстэн ард түмний шүтээний өмнө бариулав?

Өнөөгийн тайлбар: “Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ”.

Үнэн тайлбар: 1651-р он буюу XVII зуунд Өтүгүн нутагт Бурхны шашин эрчтэй дэлгэрэн, Тэнгэр умай ухаант хүмүүс цөөрсөөр байжээ. Уг агуйг тухайн үеийн хүмүүс өвөг дээдсийнхээ мянган жилээр итэж (дээдэлж) ирсэн онгон шүтээн гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг, мөн үүнийг Түшээт ханы хүү Гэгээн (Занабазар) мэддэг байжээ. Өтүгүн нутгийн (өргөн утгаар Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав талын) Хүн үндэстэн ард түмний дийлэнх нь Буддын шашинд орсноор хуучны зан үйл үгүй болж, төрөөс Өтүгүн уулынхаа Хөх тэнгэрийг тахих үйл зогсож, “Сүүн тахилга” гэх шинэ ухагдахуун бий болох үеэр Өндөр гэгээн Занбазар Бурхны шашныхаа хүрээнээс даван сэтгэж, үндэстнийнхээ ой санамжаа, түүхэн өвөө хадгалахын тулд, хойч үедээ өвлүүлэхийн тулд Өтүгүн шүтээнийнхээ дэргэд Төвхөн хийдийг бариулж, уза Өтүгүн шүтээнээ аливаа халдлагаас дархалжээ. Төвхөн нэрийн эх дуудлага нь “дубхан” буюу “бүтээх байр” гэх утгыг тээх бөгөөд өтүгүн ухагдахуунтай утга таарна. Тэнгэр умай ухаанаар Хүн амьтныг бүтээдэг газар нь Тэнгэр умай, төрүүлдэг нь Өтүгэн болно.

Өтүгүн агуйны тухай дахин нэг баримт

Умард төрийн түүх номынхоо Түрэг Тэлэ шастирт Ли Янь Шоу: “Хаан [Түрэг төрийн хаан] ихсээ [их хүмүүсээ буюу ноёдоо] дагуулан одож дээдсийнхээ агуйг тахина. Бас таван сарын дундуур бусад хүмүүсийг цуглуулан тэнгэр сахиусаа тахина” гэж бичжээ. Өтүгүн агуйг тахих үйлийг олуул хийж үл болно. Шахалдаж, осол гарах аюултай. Харин таван сард Лүнгийн тахилгыг буюу Лүн толгойгоос Өтүгүн уулынхаа оройг тахих үйлийг ард түмнээрээ хийдэг ажээ.

Өтүгүн агуйтай Өтүгүн уул нь Тэнгэр умайтай хүйн холбоотой уул болно.
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Тэнгэр умай ухаант ард түмний оршуулгын зан үйл

Тэнгэр умай ухаант ард түмний оршуулгын зан үйлийг НОТ-оос урьдах I зуунд Сыма Цянь Түүхэн тэмдэглэл номынхоо Хүннүгийн шастирт: “Жангар (шанью) үхвээс түүнтэй хамт ойр дотны албат, хатдаас нь оршуулах бөгөөд тэдний тоо нь хэдэн мянгаас хэдэн зуу хүрнэ” гэж бичсэн бол НОТ-ын I зуунд Бан Гу Хан улсын бичиг номынхоо Хүннүгийн шастир хэсэгт: “Жангар (шанью) үхвээс түүнтэй хамт ойр дотны албат, хатдаас нь оршуулах бөгөөд тэдний тоо нь хэд зуугаас хэдэн арав хүрнэ” гэж бичжээ.

Сыма Цянь НОТ-оос урьдах 145-р онд (зарим нь 135-р он гэнэ) буюу НОТ-оос урьдах II зуунд мэндэлсэн нэгэн нь бол Бан Гу нь НОТ-ын 32-р онд мэндэлсэн нэгэн нь болно. Энэ хоёрын хооронд 200 жилийн зөрүү бий. Сыма Цяний үед жангарыг үхэхэд хэдэн мянгаас хэдэн зуу хүн хойлоглодог (хамтаар оршуулдаг) бол Бан Гу-ийн үед хэдэн зуугаас хэдэн арав гэх тоо гарч байна. Сыма Цянь нь Хүннү төр хүчирхэг байх үеийн хүн бол Бан Гу Хүннү төр эзэлсэн олон газар нутгаа алдаж доройтон буй үеийн хүн болохын учир болно.

Ямар учраас Сыма Цянь “…тоо нь хэдэн мянгаас хэдэн зуу хүрнэ” гэж бичсэн бэ? Яагаад тэр “... тоо нь хэдэн зуугаас хэдэн мянга хүрнэ” гэж эс бичив?

Хүннү төрийн ид хүчирхэг үе нь Моду (НОТУ 209-174), Лаошан (НОТУ …-161-р он) жангарын (шаньюгийн) үе бөгөөд Сыма Цянийг төрөхөөс урьд үе учир эрт үедээ хэдэн мянгаар нь хойлоглодог тухай баримт түүнд байсан учир, Сыма Цяний үед хэдэн зуугаар нь хойлоглодог учир тэр “…тоо нь хэдэн мянгаас хэдэн зуу хүрнэ” гэж бичжээ.

Бан Гу-гийн үе нь НОТ-ын I зуун буюу Ноён уул, Гол мод I, Гол мод II оршуулгын үе бөгөөд археологийн баримттай түүний бичлэг таарч байна.

“Тэнгэр умай” ухаанаар жангар тэнгэрт гарч умайндаа очих учир ойрын албат, хатдаас нь хамт тэнгэрт явуулж байна. Хойлоглох ёс зөвхөн Тэнгэр умай ухаант (философт) ард түмэнд байна.

Оршуулгын хэмжээ нь улс орны чадлын хэмжээтэй шууд холбоотой ажээ.

Хойноос нь хойлоглох үйл

Хойлоглох зан үйлийг эзэнтэй нь хамтаар оршуулах зан үйл гэж ойлгож байсан бол бас хойноос нь буюу эзэн өнгөрснөөс хойш хэдэн жил болоод хойлоглох үйлийг хийдэг ажээ.

Жүвейни “Ертөнцийг эзлэгчийн түүх” номдоо, мөн Рашид Судрын чуулган номдоо “Өгөөдэй хаан болох ёслолоо эхэлж гурав хоног найр хийж, Чингис хааны сүнсэнд энэ гурав хоногт тахилга хийж, идээ будааныхаа өргөл барьсны дараа ихсээсээ (ноёдоосоо) дөчин царайлаг, бие хаа сайтай, онгон охидыг сонгож, тэдгээрийг эрдэнэсээр чимж, гоёлын хувцас өмсгөж, хүлгийн сайныг унуулж сүнсэнд өргөжээ” гэж бичжээ.

Түрэг Табэн хаан Буддын шашин залснаар хойлоглох ёс Өтүгүн нутагт түр үгүй больжээ.

Түрэг Табэн хаан 573 онд Чи улсаас (эртний Дунхучуудын хойчсоос) Буддын шашин анх залахдаа “Жя лань” (samgharama – санскрит нэр нь) “Жин Мин” (Vimaiakiti), “Не Пан” (nirva), “Хуа Ян” (maha vaipuya buddh), “Арван сахил” (Sarvstivada vinaya) судруудыг Өтүгүн нутагт залжээ.

Түрэг төрийн Нэрэ хаанаас Хүйс толгойд брахми үсгээр Буддын шашны битэгч нэрээр (лам нараар; лам нь төвд үг бөгөөд XVII зуунд Өтүгүн дэх ард түмэнд төвд хэлнээс уг үгийг зээлэн хэрэглэсээр буй), брахми үсгээр бичүүлэн үлдээсэн хадан бичээст Буддын шашны дагуу хааны оршуулах үйлийг бичжээ.

Цогцыг чандарлах зан үйлийг НОТ-ын VII зуунд Ли Янь-Шоу Умард төрийн түүх номдоо: “Үхвэл эсгий гэрт цогцсыг нь байлгана. Үр хүүхэд болон төрөл төрөгсөд нь хонь, адуу гаргаж эсгий гэрийн өмнө дэлгэж тахилга үйлдэнэ. Эсгий гэрийг тойрон долоон удаа давхина. Эсгий гэрийн хаалганы өмнө уйлж, нүүрээ хутгаар зүсэн цус нулимсаа зэрэг урсгана. Ингэж долоон удаа үйлдээд зогсоно. Өдөр сонгон талийгаачийн унаа морь, эдэлж байсан эд юмсыг цогцостой хамт шатаана. Чандрыг нь хурааж аван цагийг хүлээж байгаад булна. Хавар зун нас барсныг нь өвс модны навч шарлан унахыг хүлээгээд газарт нүх ухан булна. Намар өвөл нас барсныг өвс мод урган хөхрөн дэлгэрэхийг хүлээгээд газарт булна. Оршуулгын тэр өдөр төрөл төрөгсөд тахилга үйлдэх бөгөөд морь уралдуулан нүүрээ зүсэх нь урьдах уй гашуудал хийхтэйгээ адил” гэж бичжээ.

Көл тигэнд зориулан босгосон хадан бичээст Көл тигэнийг оршуулах зан үйл дэх хугацаа дээрх баримттай мөн таарна. Хадан бичээст: “Көл тигэн хонин жилийн арван долоонд ойчоод (𐰆‏𐰲‏𐰑‏𐰃) есөн сарын хорин долоонд уйг ( 𐰖‏𐰆‏𐰍 ) болоод (‏𐰉‏𐰆‏𐰞‏𐰃‏𐱃)…” гэж бичжээ. Көл тигэн шинэ сарын 17-нд буюу хаврын эхэн сард ойчсон бол мал таргалсан үед буюу есдүгээр сард (Григорян он тооллоор арван сарын сүүль, арван нэгэн сарын эхээр) уй тайлах үйл болжээ. Көл тигэн төрийн зүтгэлтэн учир уй тайлах ёсыг зун биш мал таргалсан, идэшний үед хийжээ.

Уй (𐰖‏𐰆) үг хүн хэлэнд:

Я.Цэвэлийн толь бичигт уй - үхэгсдийн хойноос гашуудах, эмгэнэл; уй хийх (уйн ёслол хийх); уй тайлах (уй хийхийг зогсоох).

Ойчоод (𐰆‏𐰲‏𐰑‏𐰃) :

Тэр ойчжээ (нас баржээ)

Гүн ухаан нь солигдохоор оршуулах зан үйл нь солигдоно

Яагаад Хүннү, Их монгол төрийнхөө үед Хүн үндэстэн ард түмэн ойчсон эзнийгээ газарт оршуулж, албат, хатдаас нь хойлоглож байсан бэ?

Яагаад Түрэг төрийнхөө үед Хүн үндэстэн ард түмэн ойчсон эзнийнхээ цогцсыг чандарлаж, албат, хатдыг нь эс хойлоглож байсан бэ?

Асуултын хариу Хүннү, Түрэг, Их монгол төрдөө биш ертөнцийг ухах гүн ухаанд оршино. Аль төрийнхөө үед Өтүгүн дэх Хүн үндэстэн ард түмэн “Тэнгэр умай” гүн ухаанаар орчлон ертөнц дэх байгаль (a natural phenomenon), нийгмийн үзэгдлийн (a social phenomenon) зүй тогтлыг ухаарч, тайлбарлаж байсан тэр төрийнхөө үед “Тэнгэр умай” ухаанаар оршуулах зан үйлээ хийдэг ажээ. Аль төрийнхөө үед Буддын гүн ухаанаар, түүний гүн ухаанаас гарах сургаалаар орчлон ертөнц дэх байгаль, нийгмийн үзэгдлийн зүй тогтлыг ухаарч, тайлбарлаж байсан тэр төрийнхөө үед Буддын гүн ухаанаар оршуулах зан үйлээ хийдэг ажээ.

“Тэнгэр умай” гүн ухаанаар оршуулах зан үйл

“Тэнгэр умай” ухаанаар хүн амьтад эхэлж, Тэнгэр умайндаа олдон торниод өтүгүнээр дамжин газар усандаа мэндэлж, газар усандаа аж төрөөд өөд болдог жамтай. Өөд болсон нэгнийг газарт оршуулах боловч түүний сүн (Буддын шашин авахаар “сүн” үг ганц тооноос заавал олон тоонд “сүнс” гэж хувирна) Тэнгэрт гараад Тэнгэр умайндаа буцдаг байна. Тэнгэр умай ухаанаар Тэнгэрт таалагдаж, ивээгдсэн нэгэн нь олон албаттай, хатадтай болж, Тэнгэрээр ивээгдсэн албат, хатдаасаа Тэнгэртээ дагуулж явах нь зүй ёсны үйлд тооцогдож байжээ.

Товчоор: “Тэнгэр умай” ухаанаар хаанаас хаана ирсэн нь тод, Тэнгэрт ивээгдэж юу бүтээж хураасан нь тод (мөн эсэргээр), буцаад хаана очих нь тод, бүтээж хурааснаасаа Тэнгэр умайдаа авч очих нь тодорхой ажээ.

Буддын гүн ухаанаар оршуулах зан үйл

Буддын шашинт Кидан (Ляо) төрийн тухай битигч Е Лун Ли НОТ-ын 1180-р онд бичиж дуусгасан Чжидан го жи буюу Кидан улсын түүх номдоо хоёр сонирхолтой жишээ татжээ.

1-р жишээ:

Бэлэвсэн их хатан Ли: “Намайг үхмэгц миний ясыг шатааж, үнсийг минь Фаньян дахь буддын сүмд хүргэ. Эс тэгвээс Ляогийн нутагт миний сүнс гэр оронгүй, тэнүүлч нэгэн болно” гэж Цзин-хоу-д захиад тэр сардаа өөд болжээ.

2-р жишээ

Аян замдаа ахлах татвар эм Ань өөд болжээ. Тэр Цзинь-хоу-д: “Миний ясыг чандарлаад үнсийг нь өмнө зүг хийсгээрэй. Магад миний сүнс Дунд оронд дахин очих байх” гэж өөд болохоосоо урьд захижээ.

Дээрх жишээнд гарах Ли их хатан сүнс нь гэр оронгүй, тэнэмэл сүнс болно гэдэгт санаагаа чилээж байхад, ахлах татвар эм Ань сүнсээ Дунд оронд (нутагтаа) очуулахыг хүсжээ. Үүний тулд энэ хоёр эм ясаа чандарлахыг (шатаагаад үнс болгохыг) Цзинь-хоу эрхмээс хүсжээ. Буддын ухаанаар цогцсыг шатаахгүй (чандарлахгүй) бол сүнс нь биенээсээ салж дахин төрөх үйл зогсох тул дээрх хоёр эм Цзинь-хоу эрхмээс яс шатаах үйлийг хийхийг хичээнгүйлэн хүсжээ. Буддын шашин шүтлэгтэй дээрх хоёр эмд “сүнс минь Тэнгэрт гарна” гэх гүн ухаан огт үгүй ажээ.

Буддын ухаанаар хойлоглох үйл үнэ цэнгүй, утга учиргүй үйл ажээ

Хүн бүр энэ амьдралынхаа үйлийн үрийг эдлэх тул, хүн бүр хийсэн буян нүглээсээ хамааран хойд насандаа өөр өөр дүрд хувирах тул хойлоглох үйл Буддын ухаанаар үнэ цэнгүй, утга учиргүй үйл болно.

Тухайн ард түмний оршуулах зан үйлийг аль нэгэн төрийн хүчирхэг хаан өөрчилж үл чадна. Зөвхөн гүн ухаан нь солигдохоор оршуулах зан үйл нь дагаж солигдоно.

Будда ба Бурхан

Будда нь санскрит хэлээр “Гэгээрсэн” гэх утга бөгөөд Буддын шашинг үндэслэгч их багш Сиддхартха Гаутамагийн өргөмжлөл болно.

Мал аж ахуйтны бичгэн сурвалжид Будда гэх үг анх Түрэг Нэрэ хаанаас брахми үсгээр битэ нэрээр (лам нараар) бичүүлж, Хүйс толгойн бэлд босгосон хөшөөнд “Бода (Будда) кагану”, “Нэрэ каган”, “Туруг (Түрүг)” каган гэж бичигджээ.

Каган буюу хаан нь Сяньби үг бөгөөд этимолог буюу эх утга нь “их хүн” гэх ухагдахуун болно.

НОТ-ын III зуунд Жин улсын битигч Чэн шоу “Гурван улсын ойллого” номдоо “Сяньби нь Эртний Дунху ажээ”, “大人 - Их хүн” гэх ухагдахууныг бичжээ. Хүннү нэр төрийнхөө тэргүүнийг жангар (шанью) гэж дууддаг байсан бол Сяньби нэр төрийнхөө тэргүүнийг Их хүн буюу каган гэж дуудаж байжээ.

V зуунд Фань Э Хожуу Хань улсын бичиг номдоо: “Хэди-гийн Юн юаны (НОТ-ын 89-р оноос 105-р он хүртэл) дунд үеэр... Хүннүг цохиулав. Хойд зүгт шанью зугтан одов. Сяньби түүний газарт орж суув.

Хүннүгийн үлдсэн арав илүү түмэн өрх байв. Бүгд өөрсдийгөө Сяньби хэмээцгээж, Сяньби түүнээс эхлээд аажим хүчирхэгжив” гэж бичжээ. Хэди – гийн Юа юауны үеэр Өтүгүнд каган буюу их хүн гэх нэрийг хэрэглэж эхэлсэн байх ёстой. Гэвч “СИЭ” ТББ-д үүнийг батлах бичгэн их сурвалж үгүй. Жужан төрийн үед төрийн тэргүүнээ хаан гэж нэрлэж байсан нь Вэй улсын бичигт баримтжуулагджээ.

Түрэг Нэрэ хаанаас үлдээсэн Хүйс толгой бичээсэнд “Будда каган” гэж бичсэн нь төрийн тэргүүн гэх утгаар биш, “хаан” гэх үгийн эх утга буюу этимологоор “Будда их хүн” гэх утгаар бичжээ.

“Бурхан” гэх үгийн этимолог буюу их утга

Одоогоор бидэнд байгаа баримтаар “Бурхан” гэх үг бичигдсэн хамгийн эртний эх сурвалжуудад XI зууны Диван Лугат тольд, Бурхан – идол (idol) бичжээ. Идол нь тахин шүтээний биет дүр гэх утга болно.

XIII зууны Алтан дэвтэр буюу хожим Нууц товчоо гэж нэрлэгдсэн номд “Бурхан босгосон”, “Бурхан халдун” (Бурхан босгож үлдээсэн) гэх утгаар Бурхан нэрийг хэрэглэжээ.

Бурхан үг нь санскрит хэлэнд үгүй. Өтүгүн нутагт өнөө Бурхан багш, Бурхны сургаал гэх утгаар өргөн хэрэглэгдсээр байна. Бурхан багш, Бурхны сургаал нь Будда багш, Будда-гийн сургаал гэдгийг бүгд мэдэх бөгөөд үүнд эргэлзэх хүн үгүй биз ээ. Харин “Бурхан” гэх үг хэзээ, ямар нөхцөлд бий болов? Бурхан үгийн этимолог буюу эх утга нь юу вэ? гэх асуултад хариулцгаая.

Бурхан нь Бур+хан гэх хоёр үгийн ижгүр болно. Бурхан ижгүрийн “хан” нь “Будда каган” гэдгийн каган буюу их хүн гэх утга болно. Каган үгийг зарим нутагт хан гэж дуудна. Харин “бур” гэх үг ямар утга агуулна вэ? гэх асуултад хариулахын урьд “Тэнгэр умай” ухаан, Бурхны шашин хоёр юугаараа ялгаатай вэ? гэх асуултад заавал хариулах ёстой.

“Тэнгэр умай” ухаан нь олон мянган жилийн турш ард түмний дотроос үүссэн ардын ухаан болно. “Тэнгэр умай” ухааныг хэн нэгэн ганц хүн зохиогоогүй болно. “Тэнгэр умай” ухаан нь НОТ-оос урьд 2000 жилийн тэртээд байсныг Сыма Цянь “Таван их эзний тухай үндсэн бичвэр” номдоо тэднийг Тэнгэр шүтдэг тухай бичжээ.

Буддын буюу Бурхны шашинг НОТ-оос урьдах 563-р оноос 483-р онуудад аж төрсөн Будда Шакьямуни зохиожээ. Түүний санскрит нэр нь Сиддхартха Гаутама бөгөөд хожим Будда буюу санскрит хэлээр “Гэгээрсэн нь”, “Сэргэсэн нь” гэж өргөмжлөгджээ. Буддын шашин нь НОТ-оос урьдах V-р зуунд үүсжээ.

Өтүгүн нутгийн ард түмэнд НОТ 573-р онд Түрэг Табэн хаан Чи улсаас ганц хүний сургаалыг залснаар “Тэнгэр умай” ухаанаас “Будда” буюу “Гэгээрсэн” их хүний сургаалыг дагах болжээ. Олон мянган жилээр Тэнгэр ухаантай Өтүгүн нутгийн ард түмэн ганц хүний сургаалыг дагажээ. Энэ нь оюун санааны маш том өөрчлөлт бөгөөд “паридигм шифт” буюу “оюун дахь тогтолцоог” 100 хувь солих үйл болжээ. Энэ нь хүмүүс дэлхий хавтгай гэж оюундаа тогтоож, энэхүү тогтцоосоо сэтгэж, дүгнэлт хийдэг байсан бол дэлхий бөмбөрцөг болохыг мэдсэнээр оюун дахь хуучин тогтцоо сольсонтой ижил хэмжээний том өөрчлөлт ажээ. Тэнгэр ухаант буюу Тэнгэрээ шүтдэг Өтүгүн дэх ард түмэнд Сиддхартха Гаутама гэх санскрит нэр, Будда гэх түүний санскрит өргөмжлөл анхандаа маш хол сонсогдож байсан тул тэд ганц их хүн буюу Бурхан гэж түүнийг нэрлэжээ.

Хүн хэлэнд “Бүр” нь ганц, нэг гэх үг бөгөөд өнөө “хүн бүр”, “айл бүр” гэж үгүүлнэ. Хамаг монгол хэлэнд “ганц хүн”, “нэг айл” гэж үгүүлэх бөгөөд “хүн”, “айл” гэх үгс нь гол утга тээгч, харин “нэг”, “ганц” үгс нь тэдгээрийн тодотгол болно. Хүн хэлэнд “бүр” (нэг, ганц) тоо заах үг нь гол утга тээгч бөгөөд “хүн”, “айл” нь тодотгол нь болно. Хүн хэлний бүтэц Хамаг монгол хэлний бүтцээс өөр болно. Өнөө 1-р дасгал гэж Хамаг монгол хэлээр үгүүлэх боловч “Дасгал 1” гэж хүн хэлээр үгүүлж болно.

Бүр нь нэг гэх үг бөгөөд бүртгэх буюу нэг нэгээр нь нийлүүлэх гэх утга бөгөөд энэ нь нэгтгэх буюу нэг нэгээр нь нийлүүлэх гэх утга болно.

Бурхан нь Бүр + хан гэх үгийн ижгүр учир “хан” угийн дуудлага учир үзийн дуудлагатай бүр нь “бур” гээн угийн дуудлагаар дуудагдана. Ийм зүй тогтолтой. Бурхан нь нэг их хүн буюу ганц их хүн гэх утга болно.

Зарим хүн Бурхан нь төвөд үг байх гэх таамаг илэрхийлнэ. Төвөд хэлээр Бурхан нь Санжай болно.

“Бурхан” ухагдахууны буруу хэрэглээ

Христ шүтлэгт GOD, Ислам шүтлэгт АЛЛАХ, Христ шүтлэгийн Үнэн алдартан урсгал дотор БОГ гэх ухагдахуун бий. GOD, АЛЛАХ, БОГ гэх ухагдахуунууд нь “эхлэн бүтээгч”, “бүгдийг үүсгэгч” утгыг тээх бөгөөд дээрх шашинт шүтлэгүүд үүсэхээс урьд бий болжээ.

Өнөө Бурхан буюу “Ганц их хүн” гэх ухагдахуунаар GOD, АЛЛАХ, БОГ гэх ухагдахууныг орлуулж буй нь утга зүйн алдаа болно. Учир нь GOD, АЛЛАХ, БОГ ухагдахуунууд нь хүн биш, бүгдийг бүтээгч, бүгдийг үүсгэгч (бүгдэд дотор мөн хүмүүнийг) гэх ухагдахуун болно. Христ шүтлэгт Их хүн нь Христос, Ислам шүтлэгт их хүн нь Муха́ммед ажээ. GOD, АЛЛАХ, БОГ эдгээр ухагдахууныг шууд өөрсдийнх нь нэрээр эсвэл “бүгдийг үүсгэгч”, “бүгдийг бүтээгч” гэх мэтээр Хүн үндэстэн бид дуудах ёстой. Энд хамгийн чухал нь үндэстнийнхээ ой санамжийг цэвэр байлгах үүргийг бид хүлээх тул Бурхан гэх үгийг хаана хэрэглэж болох, хаана эс хэрэглэхийг бид мэдэх үүрэгтэй.

Бурхны сургаал мөн бүгдийг үүсгэгч, бүгдийг бүтээгч буюу GOD, АЛЛАХ, БОГ гэх ухагдахуунууд ороогүй ажээ.

Кошгар, Үсүнь дэх зарим ард түмэн XI зуунд Исламын шашинд орохдоо Аллах-ыг Тэнгэр гэж дуудаж байжээ. Ийм түүхэн баримт Диван Лугат тольд олон буй.

Бурхан, Тэнгэр гэдэг нь ангид ухагдахуунууд

XIX зуунд кидан угсааны хүн Инжаннаши “Хөх судар”-т: “Бурхан тэнгэр есөн өрлөгийн бэлгэ ерөөлийг есөн зүйлээр хайрлав” гэж бичжээ. Бурхан нь ганц их хүн гэх ухагдахуун, Тэнгэр нь амьд амьтан бүрийг бүтээгч гэх ухагдахуун бөгөөд үүнийг Инжаннаши мэдэхийн дээдээр мэдэж байжээ.

Түүний уг бүтээлд: “Манай уг нутаг Энэтхэг бүлгээ. Тэр газар тэнгэрийн дундад газар буюу. Эртний Шагимүни хэмээх бурхан ба эл ихэс хаад цөм тэр газар төрөн, сууринд сууж үйлсийг бүтээжүхүй”, “Манай энэ газраа Шагимуни бурхны зургаан зүйлийн гэтэлгэх сургаал бүрнээ буй. Товчилбоос, гурван санаваар буй. Энэ гурван санаваарыг “Нинмава, Сажава, Гармава” ийм гурван сургаал буй” гэж бичжээ.

Шагимуни нь Будда Шакьямуни буюу Шакья-гийн ургаас гэгээрсэн нь гэх утга бөгөөд түүний нэр нь Сиддхартха Гаутама ажээ. Инжаннаши Шагимуни хэмээх бурхан (ганц их хүн), Шагимуни бурхан (ганц их хүний) гэх утгаар Бурхан үгийг хэрэглэжээ.

Монгол Улсын Хүн үндэстэн ард түмэн Тэнгэр багш, Тэнгэрийн сургаал, Тэнгэр босгосон гэж үгүүлэхгүй бөгөөд харин “Бурхан багш”, “Бурхны сургаал”, “Бурхан босгосон” гэж үгүүлнэ. Тэгэхээр “Бурхан” нь хүн буюу “Ганц их хүн” гэх утга, харин “Тэнгэр” нь амьд амьтан бүхнийг бүтээгч гэсэн утга болно.

Ганц их хүний сургаал хурдтай түгсэн нь ШАШНЫ БУЯН.

Шашны буянаар Ганц их хүний буюу Бурхны сургаал хурдтай түгжээ. Шашин гэх үгийн этимолог буюу их утгыг та бүхэндээ хүргэхийн урьд шашин үгийг Я.Цэвэл хэрхэн тайлбарласныг та бүхэндээ хүргэе.

Я.Цэвэл: Шашин-бурхан сүнс гэх мэтийн ер бусын хий хоосон зүйлд шүтэх бишрэх тэргүүтний цогц болох үзэл суртлын нэг зүйл давхарга. Шашин шүтлэг; бөөгийн шашин, лалын шашин, бурханы шашин, христос шашин гэж тайлбарлажээ.

Я.Цэвэл нь их сурвалж судлаач нэгэн нь биш бөгөөд тэр XX зууны Монгол улсын иргэдийн ой санамжинд дээрх үгийг ийм утгаар хэрэглэгддэг гэдгээ бичжээ.

Диван Лугат толийн 4929-д “йаз” – бичих гэж оржээ. Й нь шуугих гийгүүлэгч Ш, Ц, З, Ж –тэй заримлах учир шаш нь “йаз” буюу бичих гэх утга болно.

Одоо шашин гэх үгийг задалъя. Шашин нэр үг; шаш - үйл үг, үндэс, бич гэх утга; +н нэр үг үүсгэгч. Шашин нь бичмэл, бичвэр гэх ухагдахуун болно.

Өнөө Үсүнь нутагт аж төрөх казак түмэн шаш үйл үгийг жазу, киргиз түмэн жазуу, узбек түмэн yozish гэж хэрэглэнэ. Энэ үг Үсүний ард түмнээс Өтүгүн нутагт ирсэн байх магадал өндөр боловч үүнийг заавал судалж батлах эсвэл эсэргээр батлах ёстой.

Яагаад Буддын сургаал олон мянган жилийн настай “Тэнгэр умай” ухааныг богино хугацаанд ардаа орхиж, ард түмний дийлэнх хэсэгт түгсэн бэ?

Хариулт нь шашинд буюу бичвэрт оршино. “Тэнгэр умай” ухаан нь ам дамжиж түгж байсан бол, Буддын сургаал шашинаар буюу бараар хэвлэгдсэн олон бичвэрээр хурдан түгжээ.

Христ шүтлэгийн шашин нь Библи, Ислам шүтлэгийн шашин нь Коран билээ. Буддын шашин нь олон судруудаас иж бүрдэнэ.

Харин бөөд шашин буюу бичвэр үгүй тул Я.Цэвэлийн бөөгийн шашин гэж бичсэн нь семантик алдаа буюу утга зүйн алдаа болно. Үүнийг “СИЭ” ТББ-ын судлаачид залруулж байна.

Тун удахгүй шашин, шастир санскрит хэлэнд юу гэж тайлбарлагдав? Санскрит нь нэг үндэстний хэл биш нэг соёлт хүмүүсийн хэл болох тухай мэдээлэл хүргэнэ.


Шашин, шастир, цадиг нь хүн хэлний үг

Шашин үгний “шаш” үндэс, шастир үгний “шас” үндэс, цадиг үгний “цад” үндэс нь бүгд нэг үг юм. XI зууны Диван Лугат толийн 4929-д “йаз” – бичих гэж оржээ. Й нь шуугих гийгүүлэгч Ш, Ц, З, Ж –тэй заримлах учир шаш нь “йаз” буюу бичих гэх утга болно.

Одоо шашин гэх үгийг задалъя. Шашин нэр үг; шаш - үйл үг, үндэс, бич гэх утга; +н нэр үг үүсгэгч. Шашин нь бичиг, бичвэр гэх ухагдахуун болно.

Цадиг – нэр үг; цад – үйл үг үндэс, бич гэх утга; +г нэр үг үүсгэгч. Цадиг нь бичвэр, бичиг гэх ухагдахуун болно.

Шастир – ижгүр; шас – үйл үг, үндэс, бич гэх утга (Диван Лугат 4329); тир – үйл үг, чуул гэх утга (Диван Лугат 5540). Тэгэхээр “шастир” нь бич, цуглуул гэх эх утгатай бөгөөд нэр үг нь бичээс цуглуулга, судрын цуглуулга болно. Өнөө бид шастир ижгүрийг (иж-үндэс, гүр – нийл буюу үндсээр нийлсэн гэх утга) үйл үгээр биш нэр үгээр хэрэглэж байна.

Үгнийхээ эх утга буюу этимологийг мэдэхгүй хүмүүс үгээ буруу тайлбарлаж байна.

“Шашин” гэх үгний логик үгүй тодорхойлолт

Шашин үгнийхээ эх утгыг буюу этимологийг үл мэдэх Я.Цэвэл шашин үгэнд логик үгүй, үгүүлбэр зүйн (синтаксин) алдаатай тодорхойлолт өгчээ. Уг тодорхойлолтыг задалж дүгнэцгээе.

Я.Цэвэл: Шашин - бурхан сүнс гэх мэтийн ер бусын хий хоосон зүйлд шүтэх бишрэх тэргүүтний цогц болох үзэл суртлын нэг зүйл давхарга гэж бичжээ.

Шашин нь тэргүүтний үзэл суртлын нэг зүйл давхарга гэж тэр тодорхойлжээ.

Тэгвэл, “Давхарга” гэдэг үгийг хэрхэн тодорхойлсныг нь харцгаая.

Я.Цэвэл: Давхарга – нийгэмлэгийн улс, төр, хууль цааз, шашин шүтлэг, урлаг, гүн ухааны үзэл санаа ба мөн түүнд зохицох улс төр, хууль цаазын зэрэг байгууллагууд; давхарга бол сууриас төрөн гарах бөгөөд мөнхүү суурийн бүрэлдэн тогтох, батжихад өөрөө нөлөөлдөг.

ЗХУ-д дээд боловсрол эзэмшсэн надад давхарга нь надстройка, суурь нь базис гэх түүхэн материалзмаас гарсан нийгмийн ухагдахуунууд болохнь тов тодорхой байна. Я.Цэвэл түүхэн материализмын ангиллаар шашин гэх ухагдахууны үүргийг давхарга гэж зүйлчилсэн боловч шашин гэх ухагдахууны мөн чанарыг эс тодорхойлжээ.

Шашин нь утга буюу сав (цогц утга) агуулах бичвэр. Бичвэрийг хэн нэгэн битигч үйлдэнэ. Буддын шашин нь Буддагийн сургаалыг бичиг болгосон бүтээл болно. Шашин шүтлэг гэдэг нь ном шүтлэг гэх одоогийн ухагдахуун болно. Шашин гэх ухагдахууныг ингэж тодорхойлсныхоо дараа Я.Цэвэл социалист нийгмийнхээ хэрэгцээний дагуу, нам төрийнхөө бодлогын дагуу “шашин нь ...нэгэн зүйл давхарга” гэж зүйлчлэх ёстой байжээ. Я.Цэвэл мөн чанарыг нь олж мэдээгүй үгээ шууд зүйлчилсэн учир бид түүний тодорхойлолтыг ойлгомжгүй, логикгүй гэж дүгнэв.

“Ном” гэх үг

XI зууны Диван Лугат номын 5286-д ном – итгэл, [бичигдсэн] журам гэж тайлбарлажээ. Ном гэх үгний эх утга нь бичигдсэн журам гэх ухагдахуун байжээ.

Үгүүлбэр зүйн (синтаксин), утга зүйн (семантик) алдаатай тодорхойлолт

Шашин - бурхан сүнс гэх мэтийн ер бусын хий хоосон зүйлд шүтэх бишрэх тэргүүтний цогц... гэх Я.Цэвэлийн тодорхойлолтоос үгүүлбэр зүйг нь хадгалан гол утга санааг нь шүүвээс “шашин - тэргүүтний цогц” гэж гарна.

Тэгвэл, тэргүүтэн гэж хэн бэ? Цогц гэж юу вэ?

Эдгээрийг Я.Цэвэл өөрөө хэрхэн тайлбарласныг харцгаая.

Тэргүүтэн – нэрлэсэн юм тэргүүтэй; Сүхбаатар тэргүүтэн Ардын намын нөхөд; нэгдлийн дарга тэргүүтэн хэд хэдэн гишүүн; алт тэргүүтэн бусад үнэт зүйлс гэж тодорхойлжээ.

Я.Цэвэлийн тодорхойлолтоор тэргүүтэн гэх ухагдахуун дор Сүхбаатар, нэгдлийн дарга, алт буюу амьтай, амьгүй юмс орж байна. Тэгэхээр Я.Цэвэлийн тайлбараар “Тэргүүтэн гэж юу вэ?”, “Тэргүүтэн гэж хэн бэ?” гэж асуух шаардлагатай болно.

Дээрх үгүүлбэр дэх “ер бусын хий хоосон зүйлд шүтэх бишрэх тэргүүтний…” гэх хэсгээс шүтэх, бишрэх үйлийг зөвхөн хүн хийж чадах тул Я.Цэвэл “тэрүүтний” ухагдахуун дор “алт”-ыг буюу амьгүй зүйлийг биш хүнийг үгүүлж буй нь тодорхой байна.

Цогц – амьтны бие ба хүний биеийн таван эрхтэн; эрхтэн цогц; биеийн цогц (биеийн галбир, хэлбэр; бие цогц сайтай хүн). Цогц – давхцуулан хураасан буюу давхцаж тогтсон юм; галын цогц, өвсний цогц, үүлний цогц, элсний цогц гэж тодорхойлжээ.

Тэргүүтний гэх үг нь хүнийг үгүүлж буй учир гал, өвс, үүл, элсний цогц нь амьд нэгэнд хамаагүй учир шашин нь тэргүүтний юу нь вэ гэдгийг олохыг хичээе.

Тэргүүтний цогц нь тэргүүтний таван эрхтэн мөн үү? Шашин нь таван эрхтэн мөн үү? Тэргүүтний цогц нь тэргүүтний биеийн галбир мөн үү? Шашин нь тэргүүтний биеийн галбир мөн үү? Энэ бүхнийг мухардал гэнэ.

“Шашин нь ...тэргүүтний цогц (таван эрхтэн) болох үзэл суртлын нэг зүйл давхарга” энэ хэсэгт үгүүлбэр зүйн алдаа бас бүдүүлэг утга зүйн (семантик) алдааг хийжээ.

Я.Цэвэл шашин гэх ухагдахууныхаа мөн чанарыг олоогүй учир дээрх алдааг хийжээ. Тэр шашин гэх үгийг тодорхойлж чадаагүй боловч уг ухагдахуунд их ойрхон эргэлджээ.

Я.Цэвэлийн үгүүлбэр дэх үгүүлбэр зүйн алдаа утга зүйн алдааг засацгаая. Үүний тулд тэргүүтэн үг ямар ухагдахуун илэрхийлдэг болохыг бид мэдэх ёстой.

Тэргүүтэн үгийн тухай “СИЭ” ТББ-аас өгөх тодорхойлолт

Тэргүүтэн үгийн үндэс нь тэргүүн бөгөөд энэ үг XIII зууны “Алтан дэвтэр” номд тэриү гэж бичигдсэн бөгөөд хоёр ухагдахууныг илэрхийлжээ. “Тэриү” гэх үгийн 1-р ухагдахуун нь хүн хэлний “толгой” гэх ухагдахуун бөгөөд “хохимай тэриүн” (хохьмой толгой) “хара тэриү” (хар толгой -харц, ард), тэриү ину огтолж (толгойг нь огтолж) гэж XIII зуунд уг номд бичжээ.

Тэриү үгийн 2-р ухагдахуун нь “эхэн” гэх ухагдахуун илэрхийлэх бөгөөд “Онан мүрэннү тэриүнэ” (Онон мөрөний эхэнд, тархинд), жун-у тэриүн сара-йин hарбан жирв'аан-а (зуны эхэн сарын арван зургаанд) гэж “Алтан дэвтэр” номд бичигджээ.

XIX зуун В.Инжаннаш “Хөх судар” бүтээлдээ “Хөхөгчин үхэр жилийн хаврын тэргүүн сард” гэж бичсэн нь XIII зууны “зуны тэриүн сар” гэх үгүүлбэрийн хэсэгт орсон тэриүн үгтэй нэг ухагдахуун болох нь тод болбай. XIII зуунд “Алтан дэвтэр” номд орсон тэриүн, XIX зуунд Хөх судар номд орсон тэргүүн нэг үгний орон нутгийн дуудлагууд мөн.

XIII зууны “Алтан дэвтэр” номд 19 удаа гарах тэриүтэн гэх ухагдахуун нь хүн хэлний толгойлогчтой (ахлагчтай) ухагдахууныг илэрхийлэх бөгөөд “хори бух-а тэриүтэн татар-и дагулижу” (Хори Бух толгойлогчтой татарыг дагуулж), “мэг'үжин сэүлтү тэриүтэн татари” (Мэгүжин сүүлтү толгойлогчтой татарыг) гэх мэт амьгүй зүйлийг биш зөвхөн хүнд хэрэглэгджээ.

“СИЭ” ТББ-ын судалгаагаар тэргүүтэн – хамаг монгол үг; хүн хэлээр толгойлогчтой гэх утга. Зөвхөн хүнд хэрэглэнэ.

Одоо тэргүүтэн үгийг бид мэдэх тул Я.Цэвэлийн үгүүлбэр дэх үг зүйн алдааг засацгаая.

Я.Цэвэлийн “Шашин - бурхан сүнс гэх мэтийн ер бусын хий хоосон зүйлд шүтэх бишрэх тэргүүтний цогц болох үзэл суртлын нэг зүйл давхарга” гэх тодорхойлолтод тэргүүтний биш тэргүүний гэж орох ёстой. Тэргүүтэн гэх үг орсон бол хойноос нь түүнийг дагагчдыг нь ингэж “Сүхбаатар тэргүүтэн Ардын намын нөхөд”, “нэгдлийн дарга тэргүүтэн хэд хэдэн гишүүн” гэж л бичих ёстой. Энэ хоёр үгүүлбэрт дагагчдад “нөхөд”, “хэдэн гишүүн” гэх үгс оржээ. Ийм дагагч үгүй байваас тэргүүтэн биш тэргүүн гэж бичнэ. Я.Цэвэлийн энэ тодорхойлолт муу болоогүй, муугаас муу нь болжээ.

Санскрит нь нэг үндэстний хэл гэх эндүү ойлголт

Ихэнх хүмүүс Санскрит нь Энэтхэгийн умар хэсэгт эрт үед үүссэн хэл гэж хэлнэ. Санскрит нь нэг үндэстний хэл биш эрт дээр үеэс (НОТ-оос урьдах VII-I зууны) олон үндэстний дээдсийн хүрээнд тодорхой соёлыг (шүтлэгийг) тархах үед үүссэн дундын хэл гэж үздэг юм байна. Санскрит нь европ, иран, үсүнь, индо голын ард түмний холимог хэл болно. Санскрит хэлний үгийн сан мөн холимог хэл болохыг мөн батална.

Санскрит хэлэнд сургаал гэх ухагдахууныг

  1. Dharma धर्म
  2. jJApaka
  3. pratipAdaka
  4. Nidarzana
  5. zAsana
  6. Bodhaka
  7. zAsin
  8. Darzana
  9. Darzin
  10. zikSaka
  11. bhAvana
  12. Avabodhaka
  13. Pradarzaka
  14. zAstra

гэх мэт 40 орчим үгээр буюу 40 үндэстний үгээр илэрхийлнэ.

“Сургаал” гэх үгийг тодорхойлох 40 үг дотор шасана (zAsana शासन), шашин (zazin शशिन), шастра (zAstra शास्त्र) гэх гурван үг оржээ.

Санскрит хэлэнд энэ гурван үг аль үндэстний төлөөлөл болохыг өнөө хүртэл хэлэх нэгэн үгүй байв.

Санскрит хэлэнд бичиг, бичвэр гэх ухагдахууныг 19 үгээр илэрхийлэх бөгөөд эдгээрийн дотор “шасана (zAsana शासन)” гэх үг оржээ.

Санскрит хэлэнд шүтлэг (religion) ухагдахууныг mata मत; dharma धर्म үндсэн хоёр үгээр илэрхийлэх бөгөөд шашин гэх үг шүтлэг гэх ухагдахууныг үл илэрхийлнэ.

Я.Цэвэл шашин үгийг Бурхан сүнс гэх ухагдахуунтай холбож тайлбарласан нь ор үндэсгүй болох нь “СИЭ” ТББ-ын судалгаагаар батлагдвай.

Яагаад төр шашинт шүтлэгийг, шашингүй шүтлэгээс илүүд тооцдог бэ?

“СИЭ” ТББ нь аливаа улс төр, шашин шүтлэгээс ангид байж үндэстнийнхээ ой санамжийг сэрээх үүрэгтэй. Энэхүү жанжин шугамаа бид баримталсаар буй. Энд бид аль нэг шүтлэгийг муулах, сайлах бодол өвөрлөөгүй бөгөөд зөвхөн баримт дэлгэх болно.

Шашинт шүтлэг нь төрийн тогтвортой байдлыг хангадаг тул шашинт шүтлэг бий болсноор төр (энд бүх улсын төрийг үгүүлнэ) шашингүй шүтлэгээс шашинт шүтлэг рүү ард түмнээ оруулжээ.

Баримт нэг:

Умард төрийн түүх дэх Түрэг Тэлэ шастирт: Чи улсад Хуй Лин гэгч хувраг байжээ. Олзлогдоод Түрэгт иржээ. Тэгээд Та Буо-д (Та бэн хаанд) “Чи улс баян хүчирхэг байгаа нь бурхны сургаалтайгаас болжээ” гэжээ. Тэгээд хойд төрлийн ёсыг хэлэв. Та Буо итгэв. Нэгэн сүм байгуулан элч явуулж Чи-гээс “Жя лань” (samgharama – санскрит нэр нь) “Жин Мин” (Vimaiakiti), “Не Пан” (nirva), “Хуа Ян” (maha vaipuya buddh), “Арван сахил” (Sarvstivada vinaya) судруудыг залжээ.

Хуй Лин хуврага Чи улс баян, хүчирхэг байгаа нь бурхны сургаалтайгаас болжээ гэдэг нь нийтэд түгсэн шашинтай (бичгэн сургаалтай) болохыг тайлбарлажээ.

Баримт хоёр:

Вэй улсын бичигт: НОТ-ын 485-р онд Жужан төрийн хаан болсон Доулунь НОТ-ын 492-р онд авга ах Нагайтай цэргээ хоёр хувааж, зугтсан Афучжилогийн хойноос хоёр замаар хөдөлжээ. Доулунь хаан замдаа Афучжилод хэд хэдэн тулаанд ялагдаж, Нагай ах нь хэд хэдэн тулаанд Афучжилог ялжээ. Жужаны ноёд тэнгэр Нагайг ивээж байна гэж үзээд, түүнд “хаан болооч” гэж хэлэв. Нагай зөвшөөрсөнгүй. Жужаны ноёд Доулунь хаан болон түүний ээжийг алаад цогцсыг нь Нагайд харуулав. Нагай хаан болжээ.

Шашингүй шүтлэгтэй үед Доулунь хааны урсгал ялагдлыг нөлөө бүхий нэгэн нь өөрийн субьектив үзлээр Тэнгэрийн нэрийг барьж, “Тэнгэрт эс таалагдав” гэж зэмлэн хааныгаа алж, авга ахыг нь хаан болгожээ. Эх сурвалжуудад ийм жишээ олон бий. Түрэг Та бэн хаан төрөө тогтвортой байлгахын тулд шашинт шүтлэгийг сонгожээ.

Religion буюу шүтлэг

Англи хэл дэх religion (релижион) үг нь латин religio үгээс гаралтай бөгөөд “холбогдох”, “нэгдэх” гэх эх утгыг агуулна. Хожим дээд хүчтэй нэгдэх, холбогдох гэх ухагдахуун болон хувирчээ.

Релижион (religion) гэх үг нь Европчуудад тэдний антик соёл буюу эртний грек, ромын соёлоос иржээ. Релижион гэх нэр үгний эх утга нь холбоос, харилцаа гэх утга ажээ.

Монгол Улсын Хүн үндэстэн ард түмэн шүтлэг гэх үгийнхээ этимолог буюу эх утгыг нь тодорхойлохоос урьд XX зуунд Я.Цэвэл шүтлэг, шүтэх, шүтээн үгсийг хэрхэн тайлбарласныг та бүгддээ хүргэе.

  • Я.Цэвэл: Шүтлэг - шүтэх үйлийн нэр; шашин шүтлэг
  • Шүтэх – гүнээ итгэх, бишрэх; шүтэх бишрэх, шүтэх итгэх. Нэг хүнийг тахин шүтэх.
  • Шүтээн - шүтэх юм; бурхан шүтээн

Я.Цэвэл шүтлэг, шүт (шүтэх), шүтээн үгсэд маш тод, оновчтой тодорхойлолтыг бичжээ.

“СИЭ” ТББ-ын судлаачид дараах үг зүйн задаргааг хийж үзүүлье.

Шүтээн – нэр үг; шүт үйл үг, үндэс, гүн итгэх, гүн ойлгох, дээдлэх; +н нэр үг үүсгэгч. Шүтээн нь гүн итгэдэг, гүн ойлгодог, дээдэлдэг биет, болон биет бус зүйл орно. Бурхан шүтээн.

Шүтлэг – нэр үг; шүт үйл үг, үндэс, гүн итгэх, гүн ойлгох, дээдлэх; +лэг нэр үг үүсгэгч. Шүтэх үйлийн нэр. Шашин шүтлэг (номыг дээдлэх ухаан).

В.Инжанаш “Хөх судар” бүтээлдээ:

“Тийнхүү бурхны буян нь сүр, бурхны язгуур нь хишиг, сүр үгүй болбоос хишиг байвч хүн шүтэхгүй...” гэж бичжээ. В.Инжанаш шүтэх гэх үйл үгийг Бурханд хэрэглэжээ.

Мөн “Хөх судар” бүтээлд:

“Тийнхүү бурхны буян нь сүр, бурхны язгуур нь хишиг, сүр үгүй болбоос хишиг байвч хүн шүтэхгүй...” гэж бичжээ. В.Инжанаш шүтэх гэх үйл үгийг Бурханд хэрэглэжээ.

Бас “Хөх судар”-т:

“Тийнхүү эдүгээ би эцгээ алсан улсад дагах нь нэгэн насанд нэгэн тэнгэрийг үл шүтмүй!” гэж бичжээ. В.Инжанаш шүтмүй (+ мүй одоо цаг; I биеэс үгүүлнэ; үйлийн эзэн II, III бие, олон тоо) үйл үгийг Тэнгэрт хэрэглэжээ.

Я.Цэвэл “шүт (шүтэх)” үйл үгний эх утгыг буюу этимологийг сайн мэддэг тул түүний тайлбар маш чамбай болжээ.


Сүн-ээс (шин-ээс) нь Сүнс болжээ

Тэнгэр умай ухаанд хэрэглэгддэг “сүн”, “шин” гэх ухагдахуунаар Бурхан багшийн сургаалийн нэгэн урсгал болох Төвдөөс Өтүгүнд залсан шашны (номын) мөн чанарыг бүрэн илэрхийлэхийн тулд ганц тооноос нь олон тоонд хувиргаж “сүнс” гэх ухагдахуунаар хэрэглэх болжээ.

Сүн нь хамаг монгол хэлний үг, шин нь хүн үгний үг ажээ.

XIV зуунд Мин төрийг байгуулагч Чжу Юаньчжан хуандигын зарлигаар Мин төрийн Судар бичгийн хүрээлэнгийн Хуо Юань Жи 火原洁, Ма Уи Жи Хэй马 懿赤黑 гэх хоёр битигч Юань төрийн ордноос хураасан төрийнх нь чухал номыг (Рашидын Алтан давтар гэж тодорхойлсон номыг, XX зуунд ЗХУ-ын эрдэмтэд нууц түүх, нууц домог гэж нэрлэсэн номыг) ханз үсэг рүү галиглажээ. Мин төрийн хоёр эрдэмтэд “Сэүтэрэчэ бусу нөкөр үгэй, сэүнэчэ бусу жижуа үгэй” буюу (Сүүдрээсээ бус (өөр) нөхөр үгүй, сүнэсээ бус (өөр) цочоо үгүй) гэж үгүүлбэрийг хамгийн эхний удаад ханз галиг руу шууд буулгасан боловч дараагын гурван удаад уг үгүүлбэрийг “Сэүтэрэчэ бусу нөкөр үгэй, сэүлэчэ бусу жижуа үгэй...” буюу (Сүүдрээсээ бус нөхөр үгүй, сүүлэсээ (сүүлнээсээ) бус цочоо үгүй) гэж ханз үсэгт галиглан буулгажээ. Хуо Юань Жи, Ма Уи Жи Хэй хоёр “сүн” нь “сүнс” үгний ганц тоо гэдгийг таниагүй учир “сүнэсээ” гэж ханз үсэг рүү галигласан үгийнхээ доор “сүүл гадаа буюу гадна сүүл” 尾外, сүлэсээ гэж хадмал тайлбар орчуулгыг бичжээ. Сүн, Сүл (хожим сүүл гэж бичих болсон) нь хоёр өөр ухагдахуун болохоос гадна “сүүлэсээ” гэж дараагын гурван үгүүлбэрийг бичиж, семантик алдаа буюу утга зүйн алдааг тэр хоёр эрхэм хийжээ. Утга зүйн алдаа нь хүнд нөхөр байвч, сүүл үгүй.

Сүүлнээсээ цочдог амьд амьтан гэж үгүй. Зөвхөн сүнээсээ буюу сүнснээсээ хүмүүс айдаг, сүнсээ гартал айлаа буюу цочлоо гэж тэд үгүүлнэ.

Хүн хэлний шин үгний тухай

Шин хүн хэлээр буюу Өтүгүн нутгын эх хэлээр сүнс гэх үг болно.

Түрэг Нэрэ хаанаас бичиж үлдээсэн Брахми үсгэн бичигт “…шэн (шин) нь Боди сатва төрөх каган..” буюу “сүнс нь Бодь сатва (энэрэнгүй сэтгэл) төрөх хаан” агуулга бүхий Будда эх хүний номыг ухаж (уншиж) буй тухай энэ үгүүлбэрт бичжээ. Энд өөд болсон хааны хойдохыг унших үйл бичигджээ.

Шин үг нь Хамаг монголуудыг Өтүгүн нутагт ирж төрөө байгуулахаас урьд Хүннү нэрийн хойчист хэрэглэгдэж байжээ.

СИЭ ТББ-ын тодорхойлолт: шин – 1. нэр үг, биет бус, тухайн хүний мөн чанарыг агуулах, тухайн хүний биеийг орхиж, биех нь мөнх бусыг харуулдаг мөнхөд орших ухагдахуун гэж олон шүтлэг, гүн ухаанд тодорхойлно. Зарим шүтлэг, гүн ухаанд хүнийн шин, бусад амьд амьтадын шин гэж үгүүлнэ. – 2. Нэр үг, аливаа хэрэг явдлын гол утга, оньс, аливаа биетийн мөн чанар, дүр, байдал.

Өнөө Халх түмэн шин үндсээс үүсмэл шинлэ, шинж үйл үгийг , шинж нэр үгийг хэрэглэсээр байна. Эдгээр үгсэд үг зүйн задаргаа хийе.

Шинлэ - үйл үг, захирах өнгө; шин – тайлбарласан; +л үйл үг үүсгэгч, шин-д тахил өргө гэх ухагдахуун болно. Шинлэ гэдэг нь мөн дээдсийнхээ шин-д (сүнсэнд) тахилга өргө гэх ухагдахуун мөн. Өнөө цагаан сарын шинийн нэгэнд сайхан шинэлж байна уу гээн асууж золгодог нь өвөг дээдсийнхээ сүнсэнд тахил өргөх үйл сайхан болж байна уу гэх асуулт мэндчилгээ болно.

Өнөө баримтлах зөв бичих дүрмээр шинэл, шинэлэх гэж бичдэг нь үгийнхээ үндсийг “шинэ” буюу хуучин гэдгийн эсрэг утга болгож тооцдогийн учир болно.

Шинлэх тухай

Шин үндэстэй “шинж” үйл үг болон “шинж” нэр үгийг тайлбарлая.

Шинж – үйл үг, үндэс, мөн чанарыг нь олж тогтоох үйл, гол утгыг нь олж, оньсыг нь тайлж, дүрийг нь тодорхойлж, зан байдлыг тодорхойлж тогтоох үйл; шин – нэр үг, гол утга, оньс, мөн чанар; +ж үйл үг үүсгэгч, шинж - мөн чанарыг нь олж тогтоох үйл; үүнийг шинж, битүү адууг шинж, шинж байдал, шинж тэмдэг...

Шинж – нэр үг, олон тоо, мөн чанар, илрэх байдал гэх мэт; шин – нэр үг, гол утга, оньс, мөн чанар; +ж шинэ утга үүсгэгч; адууны шинж, сайн хүний шинж гэх мэт.

Я.Цэвэл шинж, шинжих үгсийг хэрхэн тайлбарласныг харцгаая.

Шинж – чанар, байдал, дүр, төлөв; шинж чанар, шинж байдал, овор шинж, шинж төлөв, дүр шинж, шинж тэмдэг.

Шинжих - 1. Шинжлэх; рашаан ус шинжих; -2. Сүсэг бишрэлийн үүднээс хүний хувь учралын зөгнөх.

НОТ-ын 573-р онд Чи улсаас залсан Бурхан багшийн сургаальд сүнсийг “шин” гэж ганц тоонд хэрэглэсэн (Хүйс толгой бичээс) боловч XVI зуунд Төвдөөс залсан урсгалд сүн үгийг сүнс гэж олон тоонд хэрэглэх болжээ.

Инжаннаши XIX зуунд бичсэн Хөх судар номондоо: “…хорсолт сүнсдийг тохруулав”, “Би хаан хөвгүүнийхээ сайн буянд хэдий эдүгээ эхнэр бие боловч, эргэх сүнс лав эр болж төрмүй” гэж олон тоонд орших сүнс үгийг давхар олон тоонд сүнсэд болгон хувиргаж, олон тоонд орших сүнс үгийг мөн ганц тооны утгаар хэрэглэжээ.

Яагаад XVI зуунд Төвдөөс залсан шарын шашинд сүн үг олон тоонд сүнс, VI зуунд Чи улсаас залсан Буддын сургаалд шин үг ганц тоогоор хэрэглэгдсэн бэ?

Төвдөөс залсан Буддын сургаалын урсгалд reincarnation (реинкаранац) буюу дүр тодруулах гэх ухагдахуун бий. Далай лам болон зарим гэгээнтнийг өөд болсных нь дараа хүмүүсээс тэдний дараагын дүрийг тодруулах үйлийг transmigration буюу reincarnation гэнээ. Гэгээнтэн хүн өөд болох үед түүний сүнс биенээс сарниж амьд хүний биенд орохыг трансмиграшион буюу дүр тодруулах үйл гэнээ.

Энэ тохиолдолд сүн олон хувирч буй тул, үүнийг Тэнгэр умай ухаант ард түмэнд тайлбарлахын тулд заавал сүн үгийг олон тоонд хувиргана. Буддын шашны Төвд урсгалд сүн үг ганц тоонд орших нөхцөл үгүй.

Я.Цэвэл: Сүнс – 1. аливаа хэрэг явдлын гол утга, оньс; хэргийн сүнс; сүнсийг олох. 2. Шашин ёсонд амьтныг амьдруулах хувийн эрхэн болох сэтгэл тийн мэдэл ч гэдэг; сүнс сүлд; сүнс зайлах, сүнс халих (ихэд айх)


Тэнгэр цаг

“Тэнгэр умай” ухаанаар хүмүүс эхэлж тэнгэр умайндаа олдож, дараа нь газарт бууж, буцаж Тэнгэртээ гардаг бол, “Тэнгэр цаг” ухаанаар газарт буусан хүмүүсийн үйлийг Тэнгэрээс таалж, эс таалж, мөн Тэнгэрээс хэн нэгэнд их улс барьж (өгч), ухаанаа хүргэж, мөн хүмүүсийг сайшааж, шийтгэж байна.

Тэнгэр цаг ухааныг та бүхэндээ илүү тод хүргэхийн тулд эх сурвалж дахь баримтуудыг он дарааллаар биш логик дарааллаар хүргэнэ.

VIII зуунд Түрэг төрөөс Көл тигин, Билгэ хаанд зориулж босгосон хадан бичээсэнд: Тэнгрицаг тэнгридээ болмоц (𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐱅‏𐰏‏ ‏:‏ ‏𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐰓‏𐰀‏ ‏:‏ ‏𐰉‏𐰆‏𐰞‏𐰢‏𐱁‏), Тэнгрицаг тэнгридээ зартамац (зарламац; +т, +л үйл үг үүсгэгч учир зарт, зарла нэг утга болно) (𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐱅‏𐰏‏ ‏:‏ ‏𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏ ‏:‏ ‏𐰖‏𐰺‏𐱃‏𐰢‏𐱁‏) гэж оржээ. Энд “цаг” гэх ухагдахууныг “тэг” (𐱅‏𐰏) гэж бичсэн нь Т Ц заримлах учир бөгөөд цэг нь үзийн дуудлага, цаг нь угын дуудлага болохын учир болно.

“Тэнгэр цаг тэнгридээ болмогц” үед, мөн “Тэнгэр цаг тэнгэрдээ зарламагц” үед буюу Тэнгэрийн цагаар (шинэ) хаан тохиож байна.

Тариат дахь бичээсэнд: Тэнгэр цаг ухагдахууныг бичихгүй шууд “тэнгридэ болмогц их улсаа авсан Билгэ хаан, их улсын билгэ хатун”

𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐰓‏𐰀‏ ‏:‏ ‏𐰉‏𐰆‏𐰞‏𐰢‏𐱁‏ ‏:‏ ‏𐰠‏𐱅‏𐰢‏𐰾 ‏𐰋‏𐰠‏𐰏‏𐰀‏ ‏:‏ ‏𐰴‏𐰍‏𐰣‏ ‏:‏ ‏𐰠‏𐰋‏𐰠‏𐰏‏𐰀‏ ‏:‏ ‏𐰴‏𐱃‏𐰆‏𐰣‏

Могой шинэ усан дахь бичээсэнд: “тэнгридэ болмогц их улсаа авсан Билгэ хаан” (𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏𐰓‏𐰀⁚‏𐰉‏𐰆‏𐰞‏𐰢‏𐰾‏:‏𐰠‏𐱅‏𐰢‏𐰾‏:‏𐰋‏𐰠‏𐰏‏𐰀‏𐰴‏𐰍‏𐰣 ) гэж товчилж бичжээ.

Тэнгэрдээ болмогц хааны үйл бүтэж байна.

Үүнийг батлах эх сурвалжид НОТ-оос урьдах I зуунд бичигдсэн Түүхэн тэмдэглэл ном бөгөөд уг номд “Дараа жил нь (НОТ-оос урьдах 176-р онд) жангар (шанью) Хань төрийн их хаанд илгээсэн захидалд: “Тэнгэрээс тохиосон Хүннүгийн жангар, шанью их хааны мэндийг асуун амар амгалан хүсье...” гэж бичжээ. Жангар (хаан) болох, эс болох нь Тэнгэрээс шууд хамааралтай нь уг захидлаас тов тодорхой байна.

Тэнгэрээс хийх үйл

Тэнгэрээс зарлигдах үйл:

Хадан бичээсэнд “Тэнгри зарлигдахын учир (𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏ ‏:‏ ‏𐰖‏𐰺‏𐰞‏𐰴‏𐰑‏𐰸‏𐰃‏𐰤‏ ‏:‏ ‏𐰇‏𐰲‏𐰇‏𐰤) ... мань хаан болов” гэж бичжээ. Тэнгэрийн зарлигаар хэн нэгэн нь хаан болж байна.

Тэнгэр хүч барих (өгөх) үйл:

Хадан бичээсэнд: Тэнгэр хүч барьдаг учир Аканг хааны цэрэг чоно шиг, дайснууд хонь шиг байлаа.

𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏ ‏:‏ ‏𐰜‏𐰇‏𐰲‏ ‏:‏ ‏𐰋‏𐰃‏𐰼‏𐱅‏𐰜‏ ‏:‏ ‏𐰇‏𐰲‏𐰤‏ ‏:‏ ‏𐰴‏𐰭‏𐰢‏𐰴‏𐰍‏𐰣‏ ‏:‏ ‏𐰾‏𐰇‏𐰾‏𐰃‏ ‏:‏ ‏𐰋‏𐰇‏𐰼‏𐰃‏𐱅‏𐰏‏ ‏:‏ ‏𐰼‏𐰢‏𐰾‏ ‏:‏ ‏𐰖‏𐰍‏𐰃‏𐰾‏𐰃‏ ‏:‏ ‏𐰸‏𐰆‏𐰪‏𐱅‏𐰏‏𐰼‏𐰢‏𐰾‏

Тэнгэр элбэрэх (ил барих буюу ил өгөх, Их улс өгөх) үйл Тэнгри ил баригмээ (гэрч хуучин цаг) (𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏ ‏:‏ ‏𐰃‏𐰠‏𐰋‏𐰃‏𐰼‏𐰏‏𐰢‏𐰀) буюу Тэнгэр хэн нэгэнд их улс барьж буюу өгч байна.

“Элбэрэх” гэх үйл үгний этимолог буюу их утга нь эл (ил) барих буюу улс барих гэх утга ажээ. Төр нь Буддын сургаалыг дагасаар Тэнгэр ил барих ухагдахууны эх утга нь үгүй болж, XX зууны Я.Цэвэлийн тайлбараар “Элбэрэх - эцэг, эх, төрөл ургаа зохистойгоор хүндэтгэн үйлчлэх” ухагдахуун болжээ. Барь гэх үйл үгийг өнөө зөөлний тэмдэгтэй бичдэг учир эх дуудлага нь “бэр” гэж зоригтой хэлж болно.

XIX зуунд В.Инжаннаш “Хөх судар” номдоо: “Хэдийгээр дайсны цэргийн шалтгаан боловч бас ч хотын эзний тэнгэрийн цагийг хэтэрхий еэ зөрчүүлэхэд олны сүнс хилсдэх буюу” гэж бичжээ.

Тэнгэр үгээ хэлэх үйл:

Тэнгри ингэж хэлсэн орон зай: “хан бартм (+тм хуучин цаг, ганц тоо, I бие)” (𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏⁚‏𐰪‏𐰀‏𐱅‏𐰢‏𐰾‏𐰼𐰨‏⁚‏𐰴‏𐰣‏𐰋‏𐰼‏𐱅‏𐰢) гэж Тэнгэр үгүүлжээ. Тэнгэр “Би танууст хан өгсим” гэж хэлжээ. Тэнгэрийн энэхүү үгийг Тоонай укак дамжуулж байна. Тэнгэрийн үг бөөгөөр дамжин хүмүүст очиж байна.

V зуунд бичигдсэн Хожуу Хан улсын бичигт: Тай хоу-гаас Гэн Бин-ийг үг хэл гэв. Бин хэлсэн нь: “Урьд У ди (武帝 Хань төрийн хаан НОТ-оос урьдах 140-р оноос – 87-р он ) гагцаар тэнгэр доор Хүннүг дагуулъя хэмээн санасан билээ. Тэнгэр цагтай таараагүй. Хэрэг нь бүтсэнгүй”.

“Тэнгэр умай” ухаанаар хэн нэгний чухал хэрэг “Тэнгэр цаг”-тай эс таарваас хэрэг нь бүтдэггүй болж байна.

X зуунд бичигдсэн Хуучин Тан төрийн бичигт: “Таван цэрэг дайнд мордоход дээшээ тэнгэрийн цагтай тохионо. Доошоо хүмүүний явдалд таарна” гэж бичсэн нь “Тэнгэр умай” ухаанаар хийх чухал үйл нь “Тэнгэрийн цаг”-тай тохиосон бол хүмүүний явдалтай таардаг байна.

Мөн уг номд “Газрын байц, тэнгэрийн цагийг ажиглаж, тариалж ургуулахыг бодно” гэж оржээ.

XIII зуунд бичигдсэн “Алтан дэвтэр” номд “Тэнгэр газрын заяыан цаг” гэж бичигдсэн нь Тэнгэрийн цаг, газрын цаг байх бөгөөд цаг гэх ухагдахууныг Тэнгэр, газар заяадаг, үүсгэдэг гэх утгатай болно.

НОТ-оос урьдах 162-р онд Хань төрийн Шяо Вэнь Ди Хүннүд явуулсан бичигт: “...Ухаант мэргэд өдөр хоногоор шинэчлэгддэг, хийснээ засан залруулдаг, хийх үйлээ эхлүүлдэг, хөгшин буурлууд нь амарч, хөвгүүд багачууд нь өсөн хүн болох бөгөөд хүн бүр дор дороо хичээж, Тэнгэрээс оноосон насыг наслах болтугай...” гэж бичжээ. Тэнгэр цаг ухаанаар хүмүүсийн газар дээр наслах насны тоо нь Тэнгэрээс тогтоогдсон байдаг бөгөөд уг тоондоо хүрэхийн тулд хүмүүс хичээх хэрэгтэй гэдгийг Вэнь Ди (Хуанди) бичжээ. Энд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэх ухаан оршино.

“Тэнгэр цаг” ухаанаар газар дээрх хүмүүсийн үйлийг тэнгэрээс хянадаг учир, хүмүүсийн зөв үйлийг тэнгэрээс таалж, муу үйлийг нь эс таалж байна. Тэнгэрийн үг Тэнгэрийн үгийг тайлж чадах нэгнээр дамжин хүмүүст хүрч байна. Хүмүүс ялалтаа Тэнгэрт таалагдсаны учир, ялагдлаа Тэнгэрт эс таалагдсаны учир болгон тайлбарлаж байна. Мөн хүмүүсийн газарт аж төрөх цагийг Тэнгэр өгч буй баримт байна.

Тэнгэр үзэл үү, Тэнгэр ухаан уу?

Монгол улсын хүн үндэстэн ард түмэн бид үндэстнийнхээ ой санамжийг аль болох бага бохирдуулж, гажуудлыг нь аль болох засаж залруулан, үндэстнийнхээ ой санамжийг ариг байлгах үүрэгтэй.

Профессор Л.Дашням

Профессор Л.Дашням гуай “Тэнгэр үзэл” гэх ухагдахууныг гаргаж, уг сэдвээрээ уншсан лекцийг нь зурагтаар гаргасан билээ. Үзэл гэх ухагдахууныг Тэнгэр үгтэй хоршуулж Л.Дашням гуай зөв хэрэглэсэн үү? Үзэл гэх нэр үг ямар ухагдахууныг тээх вэ? Үзэл нэр үгний үндэс үйл үг “үз” ямар ухагдахууныг тээх вэ? Энэхүү бүлэг асуултын хариуг та бүхэндээ цэгцтэй хүргэхийн тулд “үз” үйл үндсээс эхлэн тайлбарлана.

XX зуунд “үз” буюу үзэх үйл үгийг хүмүүс ямар тохиолдолд хэрэглэдгийг Я.Цэвэлийн тайлбар толиос үзэцгээе.

Я.Цэвэл тайлбар толиндоо: үзэх- 1. харах; үзэх харах хорш; зураг үзэх; кино харах; толинд үзэх; нүдээрээ үзэх (өөрөө дэргэд нь байж харах); 2. сурах; судлах; гадаад хэл үзэх; ном үзэх (ном сурах); 3. өвчин бий үгүйг шинжлэх; өвчтөний биеийг үзэх; 4. Бодох, бодлого агуулах, тооцох; Би энэ явдлыг зөв гэж үзэж байна; 5. эдлэх, амсах; зовлон үзэх; 6. мэрийх, чармайх..

Я.Цэвэл тайлбар тольдоо, XX зууны хүмүүс “үзэх” үгийг хэрхэн хэрэглэдэг тухай бичсэн боловч үзэх гэх үйл үгээ эс тодорхойлжээ. Тэр харах, үзэх гэх хоёр өөр ухагдахуун тээх үйл үгийг үзэх, харах гэж хоршоо үгээр бичжээ.

Я.Цэвэл тайлбар тольдоо: харах – нүдээр үзэх; өөдөө харах; бараа харах гэж тайлбарлажээ. Я.Цэвэл харах, үзэх хоёр үгийн ялгааг гаргаагүйгээс гадна харах, үзэх хоёр үгсээ нэгээр нь нөгөөгийн тайлбарлажээ. Я.Цэвэл харах, үзэх хоёр үйл үгийг эс тодорхойлжээ.

“СИЭ” ТББ-ын судлаачид “хар”, “үз” үйл үндсийг эх сурвалж дахь баримтаар тодорхойлж, тайлбарлана.

Хар - үйл үндэс, хоёр үйлийг илэрхийлнэ; 1-р үйл нь хүн нүдээрээ байг (обьектийг) хайх үйл; 2-р үйл нь Хүн нүдээрээ байг (обьектийг) олж тогтоох үйл.

Үз – үйл үндэс, харж илрүүлсэн байг нүдээр ажих үйл.

Жишээ:

“Хар” үйл үндсээр илэрхийлэгдэх 1-р үйл буюу хүн нүдээр байг хайх үйлийн жишээ: Дува Сохор Бурхан Халдун дээрээс харажу (харж); нүдээрээ байг хайх үйл;

“Хар” үйл үндсээр илэрхийлэгдэх 2-р үйл буюу хүн нүдээр байг олж тогтоох үйлийн жишээ: Дува Сохор...Түнгкэлиг горохан уруу нигэн бүлүг иргэн нүүж, орж айисуку-йи харж...; байг олж тогтоох буюу бүлэг иргэн нүүж, орж байхыг харжээ.

“Үз” үйл үндсээр илэрхийлэгдэх харж илрүүлсэн байг ажих (нүдээр) үйлийн жишээ: Дува Сохор Бурхан Халдун дээрээс харж, Түнхэлиг горьхон уруу нигэн бүлэг иргэн нүүж, орж айисухуйиг харж, үзэж үгүлэрүн: “Тэдэ нүүж айисухун (байгаа) иргэний дотор нэгэн гараутай тэргэний өлжигэдэ нэгэн охин сайн буюу...” гээжү... Энэ хэсэгт Дува Сохорын дөрвөн үйлийг тайлбарлая. Эхний Бурхан Халдун дээрээс харж үйл нь байг хайх, аливаа зүйлийг илрүүлэх үйл; хоёрдугаар харж үйл нь бүлэг иргэнийг харж тогтоосон үйл, гуравдугаар үзэж үйл нь харж тогтоосон байг ажиглах үйл; дөрөвдүгээр үгүүлэрүн үйл нь үзэж буюу ажиж авсан зүйлээ амаар илтгэх үйл болно.

“Харж, үзэж” гэх хоршоо үг нь эхэлж нүдээрээ обьектоо хайж, обьектоо тогтоож, обьектоо ажиж гэх утгыг агуулна. Харах үйл үгүй бол үзэх үйл үгүй.

Үзэж харж болох уу?

Энэ асуултын хариу нь эхэлж харах, дараа нь үзэх, дараа нь дахин харах утгыг илэрхийлнэ.

Ийм нэг жишээ хүргэе.

Хүн хананд өлгөөстэй зургийг харна. Энэ нь хананд өлгөөстэй зураг байна гэж харна. Дараа нь уг зургаа үзнэ (ажиглана). Ажиглах явцад шинэ дүрс харж болно. Доорх зургийг хүн харна. Зураг болохыг тогтоосон учир үзнэ. Үзэх явцад залуу хүүхэн, эмгэн хоёрыг харж болно.

Я.Цэвэл “СИЭ” ТББ-ын судлаач нар шиг “үз”, “хар” үйл үгэнд тодорхойлолт өгөөгүй учир тэр үгнийхээ утгыг мэдэхгүйн улмаас түүний авсан оновчгүй жишээг залруулцгаая.

Я.Цэвэлийн авсан зураг үзэх; кино харах; нүдээрээ үзэх гэх гурван жишээг тайлбарлая. Зураг үзэх гэдэг нь тухайн зургийг нүдээрээ ажих гэх утга. Зураг харах гэдэг нь олон обьект дотроос энэ нь зураг гэдгийг олж тогтоох үйл. Кино харах – энд семантик буюу утга зүйн алдаа оршино. Кино үзэх буюу киноны үйл явдлыг нүдээр ажих гэх утгаар илэрхийлнэ. Киноны гарчиг, киноны зарлалыг харж болно. Нүдээрээ үзэх нь нүдээрээ ажих гэх утга, Нүдээрээ харах нь олж тогтоох гэх утга болно.

Одоо “Тэнгэр үзэл” гэх үгэнд орох үзэл үгийг Я.Цэвэл хэрхэн тайлбарласныг харцгаая.

Я.Цэвэл: үзэл – санааны шийдвэр, санал, бодол; зөв үзэл, буруу үзэл; үзэл суртал; үндэсний үзэл (үндэстнийг хооронд нь турхиран дайсагнуулах, үндэстнийг дарлан мөлжигч буржуй нарын ашиг сонирхлыг дэмжиж өөрийн үндэстнийг бусдаас илүүд үзэх буржуйлаг харгис үзэл болон улс төрийн бодлого).

“СИЭ” ТББ-ын тайлбар: үзэл – нэр үг; үз үйл үндэс, нүдээр юмыг ажих үйл; +л нэр үг үүсгэгч. Үзэл нь нүдээр ажсан бүхнийгээ базсан тайлбар. Үзэл нэр үгний эх утга буюу этимолог нь нүдээр ажсан зүйлийн тайлбар болно. Зөв үзэл, буруу үзэл гэдэг нь зөв тайлбар, буруу тайлбар гэх утга болно. Үзэл суртал гэдэг нь тайлбараа сурталчлах гэх эх утга болно. Социалист үзэл суртал гэдэг нь социалист тайлбараа сурталчлах гэх утга болно. Үндэсний үзэл нь үндэсний тайлбар гэх эх утга болно.

“Тэнгэр” үзэл гэхээр “Тэнгэр тайлбар” гэх утга болно. Энэ тохиолдолд Тэнгэр үзэлтэн гэдэг нь Тэнгэрийг хөндлөнгөөс ажиж тайлбарладаг нэгэн бөгөөд “Тэнгэр умай” ухаанаар үүссэн зан үйлийг огт дагадаггүй нэгэн нь болно. “Тэнгэр умай” ухаант хүн гэдэг нь “Тэнгэр Умай” ухаанаар үүссэн бүх зан үйлийг дагадаг нэгэн нь болно.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Үргэлжлэл бий...

Энэхүү цогц судалгаа нийт 100 гаруй хуудас болох тул анхны хэсгийг нь та бүхэндээ хүргэв. Бүтэн судалгаа удахгүй та бүхний хүртээл болно.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Маш сонирхолтой
2024-02-01 · 91.186.77.117
Энэ судалгаа хийсэн эрхэм судлаач танд баярлаад ханашгүй. Онгод дээдсийн хэлсэн, ярьсан зүйлстэй олон зүйлс нийлж байна. Маш их баярлав. Энэ судалгаанаас нэр дурдаад Бөө мөргөлийн тухай бичиж байгаа номдоо ашиглахыг зөвшөөрнө үү?
Зочин
2024-02-02 · 66.181.185.188
Өгөөдэй хааны үед үүссэн ёс нь маш буруу бөгөөд Монгол бөөгийн ёсыг уландаа гишгэсэн нэгэн. Хатан туркины муу хараалаар бүх үйл буруудсан.Туркин бол Фатима гэх Лаллын муу хараал сурсан Эмд бүрэн ховсдуулсан эм байсан. 40 онгон охин бүү хэл, 4000 ойрд охиныг нэг газар цуглуулж, өөрийн цэргүүдээр хүчирхийлж алсан хүн бол Өгөөдэй. Монгол улсын доройтолыг Өгөөдэй бий болгосон. Гүн ухаан мэддэг бол ийм.
Эх сурвалж
2024-05-02 · 66.181.160.77
судалгааг ингэж цогцоор нь хийх ёстой Энд хятад эх сурвалж, хадны бичиг, Хөх дэвтэр, диван лугат толь ер нь бол бидний мэдэх бүх эх сурвалжтай сайтар ажиллажээ. Эх сурвалжууд ч хоорондоо нэг нэгнээ нөхсөн байна. Үүнийг үнэн түүх гэхгүй бол юуг хэлэх билээ. Бидэнд бичиж өгсөн ЗХУ-ын түүхчдийн бүтээлээр Монголын түүхээ түүчээлж яваа эрдэмтдээс ичиж байнаа