Үндсэн хууль зөрчсөн үйлийг зогсоох тухай
Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд СИЭ ТББ-аас "Үндсэн хууль зөрчсөн үйлийг зогсоох тухай" илгээсэн ил албан бичиг
682 0

2020 оны 02-р сарын 14 өдөр Улаанбаатар хот Дугаар 04

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ТАНАА

Үндсэн хууль зөрчсөн үйлийг зогсоох тухай

“2019 оны 12-р сарын 5-9-ны хооронд БНТУ-д айлчлал хийх үедээ БОАЖ сайд Н.Цэрэнбат Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойг 2020 онд Монгол Улсад айлчлахыг уриад, Орхоны хөндийд Туркийн түүхийг харуулсан байгалийн цогцолбор байгуулах, аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болгоход хөрөнгө оруулалт оруулахыг хүсэв” гэж Монцамэ агентлаг мэдээлжээ.

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх танд Монгол улсын Үндсэн хуулийн тунхаг хэсэг буюу Монгол улсын оршин тогтнох утга учрыг хүргэе:

Монголын ард түмэн бид: Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

Монгол улсын ерөнхий сайд аа! Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөхийг эрхэм зорилго болгож буйгаа даяар олноороо Үндсэн хуулиараа зарлан тунхаглаж байхад танай Засгийн газрын гишүүн, БОАЖ сайд Н.Цэрэнбат төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах халхавчийн доор Бүгд Найрамдах Турк Улсад өргөн барьж байна. Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх та энэхүү балмад үйлийг зогсооно уу.

Монгол улсын ерөнхий сайд аа! Монгол улсын Үндсэн хуулийн долоо дугаар зүйлийн нэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг байхад танай Засгийн газрын гишүүн, БОАЖ сайд Н.Цэрэнбат өвөг дээдсийн гал голомт нутагт аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах халхавчийн доор төрийн хамгаалтанд байх зүйлийг Бүгд Найрамдах Турк Улсын хамгаалтанд өгч байна. Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх та энэхүү Монгол улсын Үндсэн хуулийг зөрчиж буй балмад үйлийг нь нам зогсооно уу.

Монгол улсын ерөнхий сайд аа! “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж оржээ. Танай Засгийн газрын гишүүн, БОАЖ сайд Н.Цэрэнбат дээрх хууль бус үйлдлээр монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлааг үгүй хийж байна. Н.Цэрэнбат сайдын энэхүү хорт үйл ажиллагааг Ерөнхий сайд та тасалж өгнө үү.

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх та Монгол улсын Засгийн гишүүн, БОАЖ сайд Н.Цэрэнбатын ухаарлыг олон нийтийн хэрэгслээр илэрхийлүүлэхэд дээрх асуудал бүрэн шийдэгдэнэ гэдэгт Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ судлаачид эргэлзэхгүй байна.

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх танд саар мэдээллийн хажуугаар сайхан мэдээлэл хүргэе. Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ судлаачид VI-VIII зуунд өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан Түрэг төр нь 1923 онд өөрсдийгөө Бүгд Найрамдах Түрэг Улс гээн тунхагласан Османы гүрний хойчис болох өнөөгийн туркуудтай огт хамаагүй болохыг түүхэн эх сурвалжаар хөдлөшгүй, эргэж буцалтгүйгээр тогтоов. Манай Түрэг төрийн хүн амын дийлэнх олонх буюу 95 хувь нь өнөөгийн Халх, Ойрд, Буриадын дээдэс Тэлэчүүд байсныг танд дуулгахад маш таатай байна. Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голынхоо сав талд өнөөгийн халхын дээдэс үеийн үеэд оршисоор иржээ. Манай дээдэс малгайгаа сольж байсан болохоос толгойгоо солиогүй байна. Төр нь солигдож байсан болохоос хүн ам нь солигдоогүй байна.

Монгол улсын ерөнхий сайд таны Төрийн ордонд залсан брахми үсэгтэй Хүйс толгой бичээс нь манай Түрэг төрийн шашны зан үйлийг агуулж буй бичээс болно. Орхоны савд орших хүн үсэгтэй Билгэ хаан, Гол тигэн бичээс нь манай Түрэг төрийн төрийн хэрэг агуулж буй бичээс болно. Эдгээр бичээс нь халх ойрд аялгаар бичигджээ. Үүнийг Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ сэрээгээд зогсохгүй уг бичээсийг ард олонд хүргэх сургалтыг амжилттай зохион байгуулж байна.

Билгэ хаан, Гол тигэн, Тонуйкук хадан бичээсийн өнөөгийн буруу хөрвүүлэг, тайлбарыг засах, Хүйс толгой бичээсийг бүрэн сэрээх цаг нэгэнт болжээ. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх та дээсийн бичээсийг эх хэлээр сэрээн ард олондоо таниулах түүхэн үйлсэд Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-тай хамтран ажиллана гэдэгт эргэзэхгүй байна.

Энэхүү ил албан бичгийн хариуг журмын дагуу бид хүлээнэ.

Таныг гүн хүндэтгэсэн

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн /…………………………./ Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ тэргүүн.


Монгол улсын Ерөнхий сайдад Үндсэн хууль зөрчсөн тухай СИЭ ТББ-аас ил албан бичиг хүргэв.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...