Монгол конспекточ нарын 71 жилийн түүхийн 41 жилийнх нь тойм
СИЭ ТББ "Монгол улсад 1949 оноос хойш анх удаа Үндэсний эх сурвалж судлал бий болов" гэж нийтлэлдээ оруулав.
706 0

СИЭ ТББ "Монгол улсад 1949 оноос хойш анх удаа Үндэсний эх сурвалж судлал бий болов" гэж нийтлэлдээ оруулав. Chimgee Baatar аккаунт эзэмшигч Sergelen international expedition “яагаад 1949 оноос гэдгээ тайлбарлаж өгнө үү?” гэсэн коммент бичжээ. Chimgee Baatar аккаунт эзэмшигч маш голч асуулт тавьжээ. Уг асуултын хариултаар манай ухагчид яагаад БНМАУ - ын Төр засагт судлаач хэрэггүй, конспекточид хэрэгтэй болов гэдгийг билэрнэ.

Бүх зүйл МАХН – ын ТХ Улс төрийн товчооны 1949-10-27-ны өдрийн “БНМАУ-ын Түүх ба Утга зохиолыг сургуулиудад зааж байгаа байдлын тухай” нэртэй 56/104 дүгээр хурлын тогтоолоос эхэлжээ. Уг тогтоолын гол агуулгыг ухагч та бүхэндээ СИЭ тайлбарлаж өгье. Уг тогтоол нь дараах хоёр хэсгээс иж бүрджээ: дутагдлыг тодорхойлох хэсэг, дутагдлыг арилгах хэсэг.

Chimgee Baatar! Уг тогтоолын гол агуулгыг “Эх орны түүх, утга зохиолыг марксис-ленинис (марксист-ленинист гэж ороогүй) онолын үндсэн дээр судлах явдал бол манай орны соёлыг цаашид хөгжүүлэх, хөдөлмөрчдийг пролетарийн интернационализмын зарчим дээр үндэслэсэн хувьсгалт эх оронч үзлээр хүмүүжүүлэх, хөрөнгөтний национализмын аливаа илрэлийг илчлэн гаргах хэрэгт онц их ач холбогдолтой юм” гэж бичжээ.

Үндэсний ой санамжийг сэрээгч СИЭ-ны үйл ажиллагаа 1949 оны уг тогтоолын ангиллаар “хөрөнгөтний национализмын илрэл” болох байсан тул СИЭ-нд 1949-1990 оны хооронд орших орон зай үгүй байжээ.

Манай дээдэс 1949 онд “цаашдын хөгжлийнхөө төлөө марксис-ленинис онолыг авъя” гэж ухаан гаргасан нь манд ихээр таалагдав. Өөр сонголт тэр үед БНМАУ болон ЗХУ-ын иж бүрэлдэхүүнд орсон бүх үндэстэнд байсангүй. Марксис-ленинис онолыг авна гэдэг нь түүхийг дарлагч хөдөлмөрчин анги гэж хоёр хувааж харахыг хэлнэ, хөдөлмөрчин ангийн түүх нь хүн төрлөхтний хөгжлийн түүх болно. Ийм түүхийг судлаачид биш, ийм түүхийг марксис-ленинис онолтон бичнэ. Уг тогтоолоор үндэсний судлаачид БНМАУ-д үгүй болж, бэлдцийг түгээх конспекточдын үе иржээ.

Chimgee Baatar! Уг тогтоолд “Манай эх орны түүх, утга зохиолыг бага, дунд, дээд сургуулиудын программд оруусан байна. Одоо БНМАУ-ын ШУ Хүрээлэн, СССР-ийн ШУА-ийн хамт эрт дээр цагаас эхлэн манай үеийг хүртэлх “БНМАУ-ын түүх”-ийг зохиох талаар ажиллаж байна” гэж оржээ. Энэ нь Кремль манай түүхийг бичих болжээ гэдгийг хоёр үгүй санаагаар өгүүлж байна.

Chimgee Baatar! Уг тогтоолд түүх, утга зохиолд тулгарч буй таван дутагдлыг дурджээ.

Дутагдал 1. Марксис-ленинис шинжлэх ухааны үндсэн дээр боловсруулсан монголын түүх, утга зохиолын тогтвортой сурах бичиггүй байна. Үүний улмаас БНМАУ ШУ Хүрээлэнгийн гишүүн Пэрэнлэйн “...монголын феодализм ба түүний зарим төлөөлөгчдийг магтан, Чингэс хааны ролийн тухай огт шинжлэх ухаанч бус дүгнэлтийг гаргаж, Чингэс хаан бол бусад улс түмнийг сөнөөн хэрцгийлж, байлдан дагуулагч бөгөөд бас ч монголын ард түмнийг эзэрхэн сөнөөгч хүн байсан байхад...” гэж түүнийг буруутгажээ.

Кремльд бичиж буй ном ирээгүй (сурах бичиггүй) улмаас ийм байдалд Пэрэнлэй оржээ гэж МАХН дүгнэж байна.

Дутагдал 2. “Монголын түүх, утга зохиолыг зааж байгаа олонхи багш нар онол мэрэгжлийн зохих бэлтгэлгүй байгаа ба үүний улмаас багш нарын үзэл суртал, улс төрийн хэмжээ доорд шатанд оршиж байна”.

“Улсын их сургуулийн хэл бичиг, утга зохиолын багш Рэнчин, оюутан нарын өмнө батлан үгүүлэхдээ (ө-ү орон нутгын аялга, өгүүлэхдээ гэж ороогүй), Бүддийн шашны үед монголын соёл хамгийн дээд хөгжилдөө хүрсэн бөгөөд Чингэс хаан, үлэмж соёлт суурин улс үндэстнийг довтолсон аян дайн бол монголын ард түмний баатарлаг тэмцэл юм гэх зэргээр үгүүсэн байна” гэж доорд шатанд байгааг түүний үзэл суртал, улс төрийн хэмжээг буруутгажээ.

Дутагдал 3. “Түүх утга зохиолыг заахдаа монгол орны хувьсгалт хөгжлийн үеийн түүх, утга зохиолыг гүнзгий судлуулахад анхаарлыг багаар тавьж байна. “...улсын их сургуулийн программын 2/3 нь хувьсгалын өмнөх үе ба 1/3 нь хувсгалын дараах үед зориулагдсан байна” гэж анхааруулжээ. Түүхийн дийлэнхи хэсэг хувьсгалын дараах үед зориулагдах ёстой гэдгийг Улс төрийн товчоо анхааруулжээ.

Дутагдал 4. “Монголын түүхийг заахдаа феодалын нийгэмлэгийн нийгэм, эдийн засаг, ангийн харьцааны чухал асуудлууд ба үйлдвэрлэх хүчний байдал, түүний хөгжилтийн асуудлыг орхигдуулж, хамаг асуудлыг феодалуудын хоорондын хямрал тэмцэлд аваачиж үздэг байна”.

“(Багш нь нөхөр Цэдэн) феодализмын үе дэх монголын түүхийг зарим нэг багш нар, хүн амын бүх давхаргуудын тэмцлийн түүх болгон үзүүлдэг нь буруу бөгөөд шинжлэх ухааны эсрэг дүгнэлт юм” гэж шүүмжилжээ. Марксис-ленинис нь өөрөө шинжлэх ухаан учир түүх нь шинжлэх ухаанд захирагдахгүй байна гэж МАХН Төв Хорооны Улс төрийн товчоо нөхөр Цэдэнг шүүмжилжээ.

Дутагдал 5. “Олонхи сургуулиудад монголын түүх ба утга зохиолыг үзэх явдлыг муу зохион байгуулж, багш нар нь өөрсдийн мэдлэг ба онолын бэлтгэлийг дээшлүүлэх талаар зохих арга хэмжээг авдаггүй, тэдний ажилд байнгын шалгалт ба хяналтыг тавьдаггүй байна”. Марксис-ленинис онолгүй багш нар жинхэн түүх заах бэлтгэлгүй байна гэж МАХН ТХ Улс төрийн товчоо үзжээ.

Эдгээр таван дутагдлыг арилгахын тулд Гэгээрлийн Яамны сайд нөхөр Намсрай, Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга нөхөр Жаргалсайхан, Улсын их сургуулийн ректор Ширэндэв нарт 11 даалгавар уг тогтоолоор ноогдуулжээ.

БНМАУ түүх (1955 он)

1955 онд Улаанбаатар хотноо БНМАУ ШУХ, СССР-ийн ШУА бичсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Түүх хэвлэгджээ. Уг номонд Их Монгол улс хүртэлх бичигдсэн эртний түүхэнд дэвшил оржээ. Уг номыг бичсэн Кремлийн судлаачид өнөө мануусын дэргэд эх сурвалжийн хомсдолтой байсан нь уг номноос манууст илт харагдаж байна. Гэвч 1955 оны “БНМАУ Түүх” нь Базарын Ишдоржийн 1924 онд хэвлэгдсэн “Монгол улсын хураангүй түүх”, Агданбуугийн Амарын 1934 оны “Монголын товч түүх” номуудтай харьцуулахаар манай эртний түүхийг энгийн боловч системтэй болгосон нь уг номын дэвшилтэд тал нь болжээ. Базарын Ишдорж, Агданбуугийн Амар хоёрт эвдрээгүй үндэсний ой санамж оршиж байсан тул хожмын түүхчдийн дэргэд тэд түүхэндээ илүү голч хандаж байжээ. Гэвч тэр хоёрт судалсан эх сурвалж хомс байсан тул түүхийнхээ гол чигийг баримжаалж бичихээс өөр зам байсангүй. 1955 оны БНМАУ-ын Түүх номын давуу тал нь Чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, Төмөр зэвсгийн үе гэж оруулж өгжээ. Манай эртний түүх хэсэгт марксис-ленинис онол уг номонд ороогүй байна.

1955 оноос 1990 он хүртэл БНМАУ-ын Нам төрийн удирдагч нар Кремлийн бичиж өгсөн түүхийг үргэлжлүүлэх нь зөв гэж үзжээ. Социализмын үеийн манай дээдэс ЗХУ манай түүхийг устгаагүй, унтуулж байна гэдгийг маш сайн билэржээ. Тийм учир “цаашдын хөгжлийнхөө төлөө марксис-ленинис онолыг авъя” гэж уг тогтоолд бичжээ. ЗХУ нь олон Республикаас бүрдсэн. Хамгийн том республик нь РСФСР буюу Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс байсан. ЗХУ-ын дангаар эрх баригч Коммунист нам нь “үндэстнүүдийнхээ түүхийг унтуул, урагш коммунизмыг хамтаар байгуулая” гэсэн бодлоготой байжээ. ЗХУ-ын Коммунист нам өөрсдийнхөө үндэстнүүдийн эртний түүхийг охор болгож, хувьсгалын дараах үеийн түүхийг үлэмж болгож их дээд сургуулиудад зааснаар эртний үүх түүхийг нь унтуулжээ. ЗХУ-ын хүн амын дийлэнх Орос үндэстний түүхийг Коммунист нам мөн унтуулжээ. Нэг үгээр хэлэхэд эртний ялгааг нь багасгаж, өнөөгийн ижил нийгмийн байдал, маргаашийн эрмэлзлийг нь үлэмжлэх бодлого явуулжээ. Үүнийг манай өвөг дээдэс мэдэхийн дээдээр мэдэж байсан тул, түүхээ устгаагүй, унтуулж буй тул уг бодлогод нэгджээ. МАХН удирдлагын шаардлагыг марксис-ленинис БНМАУ-ын түүх хангаж байсан тул Их дээд сургуулийн хичээлийн программыг бичиж Кремлээс бичиж өгсөн түүхийн дагуу боловсруулжээ. Үр дүнд маш уйтгартай, логик цэгцгүй түүхийг судлан заах болжээ. Марксист-ленинист түүхийг өөрчлөх, жинхэн түүхээ сэрээх судлаач МАХН-ын удирдлагад хэрэггүй байсан тул уг салбарт судлаач гэхээсээ илүү үнэнч, дуулгавартай хүмүүс хэрэгтэй болжээ. Ийм хүн хүчний бодлогыг МАХН түүх, утга зохиолынхоо салбарт 1949-1990 онд явуулжээ.

Chimgee Baatar! 1949 оноос 1990 оны хооронд докторын десертациндаа ЗХУ-ын судлаачдын ажлыг голчлоогүй, ЗХУ-ын түүхчдийн нэрийг дурдаагүй ганц ч монгол доктор байсангүй. Ийм монгол доктор байвал десертацаа үзүүлнэ үү! Тухайн үеийн бүх докторууд конспекточид болохоос өөр зам үгүй байсан нь ийм учиртай.

Их дээд сургуулиудад шинжлэх ухаан нэрийн доор ЗХУ-ын судлаачдын ажлыг цээжлүүлж байжээ. ЗХУ-ын Коммунист намын түүх буюу КПСС-ийн түүх, БНМАУ-ын МАХН түүхийг мэдэхгүй боловсон хүчин өндөр албан тушаалд очно гэж үгүй байжээ. Нэг үгээр хэлэхэд 1949-1990 он хүртэл буюу 41 жилийн турш судлаачийн хэрэгцээ Монголд үгүй байжээ. Коммунизм байгуулах үзэл суртал үгүй болсон 1990 онд монголчууд унтуулсан түүхтэй, конспекточдоор дүүрсэн түүх, хэлний салбартай улс болон үлджээ. Монгол конспекточ нарын 71 жилийн түүхийн 41 жилийнх нь тойм иймээ.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...