Өтүгэн дэх халхын эхсийг зүүн овогтон Хамаг Монгол болгосоны гор (хор)
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №65
913 0

“Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гээн өгүүлсээр мал ахуйтан өнөөг хүрэв. Хүн эцэг эхтэйгээ адил, эцэг эхийнх нь зарим араншин хүнд очдог, эцэг эхээсээ чадвар, сурцыг өвөлдөг гэдэг үнэнийг уг зүйр үгээр Өтүгэнийхэн үеэс үед илэрхийлж ирэв. Араншин, чадварыг, сурцыг (сурсан, буюу сурч буй чадвар, мэдлэг, ухаан) амьд эцэг эхийнхээ дэргэд байсан нэг нь өвлөнө. Өнчин нэгэнд ийм боломж үгүй. Улс үндэстний хувьд мөн ижил. Түүхээ гээсэн улс үндэстэнд эхсээсээ (ихсээсээ-буруу бичилт) үндэснийхээ ой санамжийг авч эс чадна. Ийм үндэстэнд ирээдүй үгүй.

Энэхүү нийтлэлээр зүүн хойд захын Хамаг монгол овогтон болон тэдний эхсээр үлүг түүхийнхээ төв (голомт) болгосон мануусд ямар гор нүүрлэж байна, болгох манай хойчисд ямар гор нүүрлэх тухай уншигч та бүхэндээ учирлъя. Энэ горны үндэсийн үндэс нь Өтүгэнээс хашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй өнөөгийн халх болон тэдний эхсийг Хамаг монголын түүхтэй хольсноос үүдэв. Саяны нуруунаас өмнөш Хөх нуур хүртэл орших баруун овогтон ахан дүүсийнхээ түүхийг Хамаг монголоос анги болгоогүйд уг горны үндэс оршино.

Тэмүүжин нь Хамаг монгол овогтон болон тэдний эхсийн түүхэнд Өтүгэнд ирж анх их хаан болсон нэгэн. Тэмүүжин Чингис хаан болсон цагаас дээш тэдний түүхийг ухраан харцгаая.

Хамаг монгол ба тэдний эхсийн оршлыг зуун зуунаар нь тэмдэглэв.

Газар усны гор

Юуны өмнө уншигч таньд гор гэдэг үгний утга учрыг тайлбарлая.

Диван Лугатаар гээлт, алдагдал гэсэн утга. Энэ өдгөө мануус гор нь гарчээ гэдэг нь алдагдал нь, гарз нь гарчээ, гээгджээ гэсэн утга. “Горьгүй дээ” гэдэг нь ойролцоо дуудлагтай өөр үг, авах юм үгүй дээ, хураах зүйл үгүй гэсэн утга. Тэгэхээр газар усны гор гэдэг нь газар усаа гээж байна, алдаж байна гэсэн санаа. Хамаг монгол овогтон XIII зуунаас өмнө Өтүгэнд байсангүй. Энэ тухай хөдлөшгүй эх сурвалж дэлхийн архивт байна, үүнийг дэлхий нийтээр мэднэ, энэ тухай мануус өгүүлсэн болно. Харийхны бичсэн түүхээр өнөөгийн халх Хамаг монголоос үүссэн. Иймд өнөөгийн халхын эхэс харийхны гаргалгаагаар Өтүгэнд байсангүй болж байна. Үүнээс болж Стамбулын турк болон зарим хари төр түүх, соёлыг маань түрэмгийлж байна. Тэд өөрсдийнхөө эхсийг Өтүгээнд байсан учир уг газар ус манай эхсийх гээн том даргаасаа эхлээд элчин сайд хүртлээ өгүүлэх болов. Түүх соёлоос газар усны эзэн тодордог гэдгийг загалмайтны аян дайн загалмайтан болон лалын ертөнцөд харуулав. Цус дуусашгүй урт хугацаанд, дуусашгүй олон удаа урсдаг юм байна.

“Свято место пусто не бывает” манайхаар “Гэгээн ор эзэнгүй байна гэж үгүй” Орос ардын цэцэн үг. Ийм гэгээн газар чөлөө цоорхой гарахад дараагийн эзэд нь бэлэн байдаг. Ийм үйл өнөө болж байна. Уг орос ардын цэцэн үгтэй ижил утгатай манай үг нь “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ”. Гэгээн орыг эзэнгүй болгосон нь, овоо босгосон нь манай төрийн буруу. Төр эзэнгүй тул түүхээ анхаарахгүй байна. Төр хар дээр цагаанаар бичсэн дэлхийн архивт буй түүхээ сэрээж чадахгүй байна, ийм бодол төрд алга. Үлүг түүх нь жижгэрхээр хүн амынх нь сэтгэхүй жижгэрнэ, улс орных нь хөгжил дагаад суларна.

Заримдаа мануус гайхах юм. 50-90 настай ардын багш, төрийн шагналтан, доктор, профессорууд “энэ газар усанд эхлээд Стамбулын туркийн эхэс амьдарч байв, дараа нь уйгурууд оршиж байв, өдгөө мануус байна” гээн сэтгэл ханамжтайгаар өгүүлэх юм. Тэд “бид ахмадын амралт сувилалд турк, уйгурын араас гурав дахь ээлжинд ирээд байна” гээн сэтгэл хангалуун өгүүлж буй гээс ямар ялгаа байна. Өвөг дээдэс, үр хойчис, газар усныхаа түүхэнд хайргүй, эрүүл ухаангүй түүх, хэлний салбарынхан ингэж амныхаа зоргоор өгүүлж байна. Манай бүрэн эрхт, анги тогтнолт Монгол улсаас өөр ямар бүрэн эрхт, анги тогтнолт улсад түүх, хэлний судлаачид нь төрийнхөө эсрэг, өвөг дээдсийнхээ эсрэг, үр хойчсийнхоо эсрэг, газар усныхаа эсрэг ингэж өгүүлж байна вэ? Ийм ухаан муу хүмүүсийг өөхшүүлэн, тааламжтайгаар баярлан, дотроо юу ч бодохгүйгээр хүлээн авдаг ард түмэн монголчуудаас өөр хаана ямар ард түмэн байна вэ?

Манай түүхийн ул Өтүгэн. Өтүгэний түүх бол манай түүх. Түүх газар усаа дагана. Овог, овогтны түүх нь тухайн овог, овогтны охор түүх. Өтүгэн их айл нутгын түүх бол мануусын төв түүх. Түүх хаан дагахгүй, Өтүгэнийг дагана. Их хаан Өтүгэнд ор суудаг.

Түүхийн гор

Өөдлөх үндэстэн түүхээрээ бахархана. Мануус түүхээрээ бахархаж чадахгүй байна. Манай түүх манууст бахархагдахгүй байна. Мануусыг юун тухай өгүүлж байгааг уншигч та сайн ойлгож (билирч) чадахгүй байгаа болов уу. Асуудал бахархал гэдэг үгний гээгдсэн утганд оршино. Бахархах гэдэг үгний үндэс “бах” гэсэн үйл үг бөгөөд Диван лугатаар - “хараагаа ямар нэгэн зүйл дээр тусгах”. Энэ өдгөө бах чинь ханав уу? гээн асуухын утга хараа чинь ханав уу? буюу харж ханав уу? гэсэн санаа. Уг үгийн эх утгыг гээсэн тул энэ өдгөө монголчууд “би чамаар бахархаж байна” гээн өгүүлж байна. Зүй нь “би чиний амжилтаар, билгэ ухаанаар бахархаж байна” болно. Харагдаж буй зүйлээр бахархаж чадна. Харагдахгүй зүйлээр бахархаж чадахгүй.

Энэ өдгөө мануус үлүг том түүхтэй ард түмэн гээн мэдэрдэг боловч манай түүх манууст харагдахгүй байна. Түүхээ өөрсдийнхээ нүдэнд харагддаг болгох ёстой. Үүнийг хийж байж түүхтэй үндэстэн болно. Дунд орны түүх яг ийм байна. Манай түүхэн эх сурвалжийг Дунд орны Мин төр Хархоринийг шатаахдаа устгасан тухай баримт мануус дуулсан. Уг баримтыг хайж байна. Манай үе үеийн эхсийн төр Дунд орны үе үеийн төрд хамгийн их нөлөөтэй байсан тул, ийм нөлөөтэй харийн төр Дунд орны түүхэнд байсангүй тул, тэд өөрийн түүхээ үр хойчисдоо бүтэн үлдээхийн тулд мануусын эхсийн түүхийг хамтад нь бичин үлдээжээ. Мануусын эхсийн тухай дунд орны түүхчдийн бичсэн түүх нь мэдээж өөрсдийн эхсийн бичсэн түүх шиг дотоод нарийн мэдээлэл агуулаагүй ч мануус болон мануусын эхэс Өтүгэнээсээ хашаа ч яваагүй, Өтүгэндээ ханаас ч ирээгүй гэдгийг бүрэн баталж байна. Түүх агуулсан үе үеийн хадан бичээс, Монголын нууц товчоо, Персид бичигдсэн түүхэн эх сурвалжуудыг нарийн судалсны үр дүнд манай түүх цогц бүтэн болж байна. Эх сурвалж сэрээж байгаа тул түүх сэрж байна. Манай түүхийн гор дэндүү үлүг байна. Түрэг овогтны бүх түүх, Уйгур овогтны бүх түүх, Хэрэйд, Найман, Мэргэд овогтны түүх нь манай алдагдсан, гээгдсэн түүх болно. Өтүгэний XIII-р зуунаас өмнөх түүхээ мануус алдсан. Түүхийн гор гээн үүнийг хэлээд байгаа юм. Энэ өдгөө дэлхийд Хүн гүрэн өнөөгийн халхын шууд өвөг дээдэс гээн харийханд баталж байгаа, батлах түвшинд хүрсэн, харийхантай нэг түвшинд маргаж чадах ганц ч түүх судлаач монголд байхгүй. Энэ бол үнэн. Эх сурвалж судалдаггүй судлаачийг мэдлэггүй судлаач гэнэ. Мэдлэггүй монгол түүхчийг харийнхан үл тооно. Түүхийн гор, судлаачын гор манайд хамтдаа байна.

Соёлын гор:

Түүхийнхээ хэсгийг гээхээр тухайн түүхэн үеийн соёл мануусаас гээгдэнэ. Үүнийг соёлын гор гэнэ. Түрэг төрийн Билгэ хаан, Гол тегин, Тонуйкукын хөшөө хадан бичгийг 90 оны эхээр мануус Туркийн засгийн газарт худалдахаа дөхөв. Монголчууд зөн совингоороо худалдсангүй. Арван түм хол давсан хүн амтай Уйгур төрийн орд балга хотыг өнөө хүртэл монголчууд өөрийн соёл гээн хүлээн авахгүй байна. Уйгур овогтон нь Хүн овогтны хойчис, халх овогтны дээдэс болно. Өнөөдөр уран зохиол, кино, ардын урлаг, жуулчлал болон бүхэл хэрэгсэлээр өөрсдийнхөө соёлыг дэлхийд таниулахгүй бол “Гэгээн ор эзгүйрэхгүй” гэдгийг бүү мартаарай. Энд өгүүлэх зүйлс дэндүү олон байна, үүгээр зогсооё.

Хэлний гор:

Өнөөгийн монголчуудын түүх буруу учир XIII зуунаас өмнөх бүх төрийн түүхийг гээв. Төр гээгдэхээр хэл гээгдэнэ. Гэгээн ор эзгүйрэхгүй гэдэг шиг манай эхсийн хэлийг өөрийн болгох эзэд гарч ирэв. Тэд Түрэг, Уйгур овогтон эхсийн маань манууст зориулсан хадан бичээсүүдийг уншиж дийлэхгүйгээ эртний хэлний учир гээн аргацайлав.

Хэлний гор хойч үед минь бүү нүүрлэ гээн Түрэг, Уйгур овогтон эхэс маань манууст хөшөө хадан дээр өөрсдийнхөө толь (үгсийн сан), өгүүлбэр зүй, хэлнийхээ мөн чанар, зүй тогтолыг (зөв цогцолыг) үлдээв. Түрэг, Уйгур эхсийнхээ бичээсийг зөвхөн Өтүгэнчүүд сэрээж чадаж байна. Энэ нь зүй ёс. Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-аас хүн бичиг, хэлний тухай анхны сургалтаа энэ өдгөө явуулж байна. Манай судалгаагаар Өтүгэн нь үеэс үед мал ахуйтны хэл бичгийн төв байжээ. Баруун түрэг овогтон Өтүгэнд ирж төр байгуулахдаа төрийн хэлээ төв Те ле аялгыг болгожээ. Зүүн Хамаг монгол овогтон Өтүгэнд ирж төр байгуулахдаа төрийн хэлээ төв Уйгур аялгыг болгож, уйгур бичгийг төрийн бичиг болгожээ. Оксфорд, Кэмбридж нь дэлхийн англи хэлний төв гэдэгтэй ижил Өтүгэн нь хүн хэлний буюу мал ахуйтны хэлний төв мөнөөс мөн байна. Энэ өдгөө Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл гээн ажиллаж байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөл Ц.Дамдинсүрэнгийн импортлосон орос үсгээр яаж улам сайхан бичих тухай анхаарч байна. Яаж зөөлний тэмдэг Ь-ийг И болгох, яаж И-г буцаагаад зөөлний тэмдэг болгох гэх мэт та нарын хийж байгаа ул үгүй ажил эх сурвалж судлаач надад тодхон харагдаж байна.Түрэг, Уйгур эхсийн үлдээсэн хадан бичиг, Хамаг монгол эхсийн үлдээсэн Монголын нууц товчоон дээр ажиллаж чадах хүн уг зөвлөлд ганц ч алга. Энэ өдгөө уг зөвлөлийн даргаар ардын багш Ш.Дулам ажиллаж байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн та бүхэн Түрэг, Уйгур эхсийн бичигт анхаарлаа хандуулаачээ. Хүн хэлний мөн чанар, зүй тогтол өнөөгийн хэлнийхэн та бүхнийг мухардалаас гаргана. Уг эх сурвалжуудаас гаргасан манай хэлний мөн чанар болох хос суваг болон зүй тогтолууд нь манай хэлний үндэс мөнөөс мөн.

“Өөрийн нутаг дээр байгаа чулуун бичээсүүдийг харийнх гэдэг улс манайхаас өөр хаана байна. Өөрийн нутаг дээр байгаа чулуун бичээсүүдийг харийн багшаар судлуулчихаад, судалсан багшийнхаа хамгийн үнэнч шавь болохын тулд хоорондоо уралддаг судлаачид манайхаас өөр хаана байна”.
Асуултын хариуг Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс сураглаж буй С.Сэргэлэн

Түүх үлүг (том) болохоор ухагдахуун үлүг (том) болно

Сүүлийн далан жил ЗХУ-ын судлаачдын нөлөөгөөр Хамаг монголоос манай түүхийг тоолдог болсноор манай түүх охор болов. Охор түүхэндээ таарсан охор ухагдахуун хэрэглэж эхлэв. Энэ өдгөө Монгол судлалын төв, Олон улсын монгол судлалын холбоо гэх мэтийн байгууллагууд бий болоод ойгоо тэмдэглэсээр өнөөг хүрэв. Монгол судлал гэхээр Их монгол улсаас урагшаа Хамаг монгол, Шивэй монгол, Ду ло улсыг судлах уу? Таван мянган түүхтэй халхуудын эхэс Хэрэйд, Найман, Мэргэд тэдний эхэс Уйгур, Уйгурын эхэс Тэлэ, Тэлэгийн эхэс Хүн (Хүннү) гүрнийн түүх соёлыг хэн Хүн судлалын төв судлах уу? Монгол судлал уу? Хүн судлал уу? Манай түүх таван мянган жил (мал ахуйтны таван мянган жил) болж тэлэхээр хуучин ухагдахуун дагаж тэлэгдэх ёстой. Эс тэгвээс үүргээ биелүүлж чадахгүй. Монгол хэл үү, хүн хэл үү? Монгол үндэстэн гэх нь зөв үү? Хүн үндэстэн гэх нь зөв үү?

Уг асуултанд хариулахын урьд манай өмнө хөрш уг асуудлыг хэрхэн шийдсэнийг судлая. Нийтийн он тооллын өмнөх III зуунаас өнөөг хүртэл Дунд оронд 24 төр үүсжээ. Дунд орон 24 төрийнхөө түүхийг албан ёсны түүх гээн тооцдог байна. 24 төр солигдоход Дунд орны үндэстэний нэр, хэлний нэр солигдсонгүй энэ өдийг хүрэв. Тэд өөрсдийгөө хан үндэстэн хан хэлээр ярьдаг гэнэ. Тэд хан үндэстэнийхээ нэрийг Хан төрийн (НТӨ 206 НТ 220) нэрээр нэрэлсэн гэнэ. Яагаад Дунд орныхон өөрсдийгөө Цинь төрийн (НТӨ 221—206) нэрээр нэрэлсэнгүй гэвэл Цинь төр нь мал ахуйтны төр байсны учир болно. Дунд орны хувьд хамгийн өндөр давтамжтай солигддог нь төр болж байна. Үндэстнийх нь нэр, хэлнийх нь огт солигдсонгүй. Төр барих ухааныг Дунд оронд мануусын мал ахуйтан эхэс сургажээ.

Энэ өдгөө монголчууд төрийнхээ нэрийг монгол, үндэстнийнхээ нэрийг монгол, хэлнийнхээ нэрийг монгол гээн нэрлэж байна. Өтүгэний үндсэн төрүүд нь Хүн төр, Сяньби төр, Ру ру төр, Түрэг төр, Уйгур төр, Их монгол төр, Монгол төр болно. Төр солигддог. Үндэстний нэр, хэлний нэр солигдох ёсгүй. Тэгэхээр Хүн гүрнийнхээ хүн нэрээр үндэстнийхээ нэрийг, хэлнийхээ нэрийг нэршвэл зөв болно.

Монгол гэдэг нэр XII зууны эхэнд үүссэн нэр. Хамгийн анх монгол гэдэг нэр түүхэн эх сурвалжуудаас И Лүн Ли 1180 онд Өмнөд Сүн төрийн Ся зун хуандид өргөн барьсан “Кидан төрийн түүх” бичигтээ тэмдэглэв. Хамаг монголын хаан Кабул гээн Монголын нууц товчоонд бичигдэв. Кидан төрийг зүрчин Агуда (1068-1123) сулраах үер Кабул хаан Киданы хур байсан Монгу Шивэйг хурааж Хамаг монгол овогтонг үүсгэв (энэ тухай өгүүлсэн). Судрын чуулганд Кабул хаан Алтан улсын хаантай хэрхэн уулзсан тухай тэмдэглэгдэжээ. Монгол гэдэг нэр XII зуунаас өмнө байсангүй.

Цэгцгүй толгойноос цэгцгүй үг гарна

Оросууд хэзээ ч Анх (анхдугаар) Петрийг (1672-1725) зөвлөлт хүн байсан, Кутузов (1745-1813) жанжныг зөвлөлт хүн байсан гээн өгүүлдэггүй. Зөвлөлт хүн, Зөвлөлт холбоот улсын түүх нь 1922-1991 онуудад хамаарна. Оросууд цэгцтэй бодож, цэгцтэй өгүүлдэг тул он тоолол сольдоггүй.

Манайхан түүхээ харж (бахархаж) эс чадах учир мануус монгол гэдэг нэрийг цэгцгүй өгүүлдэг. Ийм цэгцгүй өгүүлэх нь XIX зууны сүүлд байжээ. Ч.Бат-Очир өөрийн “Монгол улсын эртнээс уламжлан ирснийг товчлон тэмдэглэсэн бичиг” номондоо ингэж бичжээ:

XII зуунд үүссэн Монгол нэрийг яаж НТӨ III зуунд хамааруулж чадав. Энэ бол цэгцгүй бодлоос гарсан цэгцгүй өгүүлэл.

Энэ өдгөө захын нэгэн нь Уйгур монгол байсан, Түрэг монгол байсан, Апар монгол байсан, Уйгур монголоор ярьдаг байжээ, Түрэг монголоор ярьдаг, Хүннүчүүд цэвэр монголчууд юм гээн өгүүлэх нь цэгцгүй бодлоос гарч буй цэгцгүй өгүүлэл. Энэ нь Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн биш Сэргэлэн овогт Сэрээнэндагвын Хурган гэсэнтэй агаар нэг болж байна. Энэ бүхнийг бүрэн эрхт, анги тогтнолт төртэй мануус цэгцлэх үүрэгтэй.

Дунд орон ийм нөхцөл байдлаас яаж гарав? Тэд Юань төрийг мал ахуйтны төр гээн хүлээн зөвшөөрнө. Юань нь төрийн нэр болохоос хан үндэстэн тэр үед байдгаарай л байсан, хан хэл байснаарай байжээ гээн тэд ханддаг. Манж Чин төрд тэд мөн ийм хандлагатай.

Манай ШУА-хан академик судалгаа хийж сураагүй учир, Түрэг, Уйгур овогтны бичээсийг үгүйсгэсэн учир Түрэг овогтон түрэг хэлээр ярьдаг байжээ, Уйгур овогтон уйгур хэлээр ярьдаг байжээ, Хамаг монгол овогтон монгол хэлээр ярих ёстой гээн өөрсдийгөө өөрсдийнхөө түүх хэлнээс тасалж байна. Өөрсдийгөө эх хэлнээсээ таслах нэг учир, үр хойчсоо эх хэлнээсээ таслах нь байж болшгүй үйл.

XII зуунд үүссэн, зүүн хойд Хамаг монгол овогтоноо өөрсдийн гал голомт болгосноор, монгол үндэстэн гэдэг ухагдахуун бий болгосноор өөрсдийгөө өөрийнхөө зүрхэн газар ус, үлүг түүх соёл, эх хэлнээсээ салгав. Өвөг дээдсээсээ үр хойчсоо салгах нь байж болшгүй үйл. Ийм бодлого үгүй байдлыг зогсоох цаг болжээ.

Үндэстэн гэдэг үг эртний эх сурвалжуудаас олдоогүй ч, энэ үгийг орчин цагт заавал хэрэглэх шаардлага байна.

Эрт урьд мануус Хүн төртэй хүн үндэстэн, хүн хэлтэн байжээ. Хожим Түрэг төртэй хүн үндэстэн, хүн хэлтэн байжээ. Мануус энэ өдгөө Монгол төртэй хүн үндэстэн, хүн хэлтэн болно.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...