Сибирийн түүхч Наталия Польсмак, генетикч Александр Пилипенко манай Хүннү нь төрийг өндөр зохион байгуулалт бүхий төр улс биш тал нутгийн айгуудын холбоо, нэгдэн нийлсэн олон аймгийн холбоо гэж тодорхойлжээ. Үүнээс маш том түүхийн төөрөгдөл үүсжээ.
Сибирийн судлаач түүхч Наталия Польсмак өөрийн судалгаандаа Хүннү төрийг “Тал нутгийн аймгуудын энэхүү холбооны тухай баримт Дунд орны бичгэн эх сурвалжид л байна” гэж бичжээ.
Генетикч Александр Пилипенко “Хүннүгийн генийн сангийн орон нутгийн чанартай хувьсал тус бүрт өөрийн гэсэн түүхэн тайлбар бий аж. Дорно Байгаль болон Монголын нутагт (түрүү тооллын II зуун хүртэл) Хүннү бий болж байх тухайн цагтаа Хүннү нь захирагдагч, байлдан эзлэгдсэн, нэгдэн нийлсэн олон аймгийн холбоо байжээ” гэж бичжээ.
Ингээд үндэсний эх сурвалж судлаач СИЭ ТББ Сибирийн судлаачдын буруу дүгнэлтийг эх сурвалжаар няцаана.
Үүний тулд бичгэн эх сурвалжуудад Хүннү төрийн тухай хэрхэн өгүүлсэнийг сөхөн харъя!
Хүн төрийн бүтэц зохион байгуулалтын талаар Сыма Цянь Түүхэн тэмдэглэл дэх Хүннүгийн шастирт:
“Хорин дөрвөн ахлагч нь түмэн цэрэгтэй, бага нь хэдэн мянган цэрэгтэй хэмээн нэр алдаршуулна. Их түшмэд нь үе дамжин ноёд болой. Ху янь, Хөх, Шюйбү гурван цагаан ястны овог болой. Зүүн ван ноёд нь дорнод буй. Шанг гү-гээс цаашлан дорно зүгт Хуй хэ, Солонгос хүрнэ. Баруун ван ноёд нь өрнөд буй. Шан Жюньгээс өрнө зүгт Роу Зы, Ди, Чянд (өнөөгийн Дунд Азийг өгүүлж байна) хүрнэ. Шанью-гийн ордон нь Дай, Юньжунд буй. Хорин дөрвөн ахлагч өөрсдийн гар доороо мянгат, зуут, аравт, бисяо-ван түшмэл, фэн Дү вэй түшмэл, өрх мэдэгч, чэ-чү зэрэг бага ноёдтой” гэж бичжээ.
Хэрвээ хуучны Роу Зы, Ди, Чян зэрэг баруун зүгийн улс Хүннү төрийн захиргаан дор улсынхаа нэр, удирдагч, бүтцээ хадгалан оршвоос Хүннү төр нь нэгдэн нийлсэн олон аймгийн холбоонд тооцогдоно. Эх сурвалжид Хүннүгийн амжилт ололтыг тоочин өгүүлж дэлгэр тайлбар хийгээгүй ч энд дурьдсан бүтэц нь тухайн үед дээрх улсыг Хүннүчүүд задалж, Баруун ванд хамаарах засаг захиргааны нэгжид хуваажээ гэдгийг нотлон өгүүлж байна. Ингэхээр Хүннү төрийн засаг захиргааны бүтэц нь хуучин аймгууд нийлсэн холбоо огт биш, дахин хувиарлалтаар бий болсон шинэ засаг захиргааны бүтэцтэй, шинэ удирдлагатай, нэгдмэл их улс байжээ.
Сыма Цянь Хүннү төрийн үйлийг: “Цагаан сард олон ноёд нь шаньюйн /жангарын/ ордонд хуран бага найр хийж, тахилаа үйлдэнэ. Таван сар Лүн хотод их найр хийж дээдэс, тэнгэр, газар, навдаг, савдгийг тахина. Намар адуу таргалваас Дай линь-д их найр хийж хүн ам, мал агуурсаа бүртгэнэ” гэж бичжээ.
Аливаа төр улс хүн амаа, мал агуурсаа бүртгэж байж цэргийнхээ тоог, татвараа тооцож гаргана. Үүнийг жил болгон Хүннү төр хийдэг байжээ. Орчин үед төрийн энэ үйлийг жил болгон хийдэг улс байхгүй болов уу.
Хүннү төр хуультай байсныг Сыма Цянь: “Тэдний хуулиар илдээ тохой урт сугалваас цаацлагдана. Хулгай зэлгий хийвээс байсныг нь татна. Бага ял болвоос үе мөчийг нь даруулна. Их ял болвоос ална. Гянданд ихдээ арваад хононо. Улсын дотор хэрэгтэн хэдхэн буй” гэж номдоо бичжээ. Сыма Цянь тэдний хуулиар гэж өгүүлсэн болохоос тэдний заншилаар гэж эс өгүүлжээ.
Аливаа төр хуультай бол үсэг бичигтэй байх ёстой.
Хань төрийн алдарт “Давс төмрийн өгүүлэл”-д “Хүннү нэр хэдийгээр ёс журамын бичиг үгүй боловч, яс сийлж мод эвхэнэ, ёслолын хувцас өмсөж олон түшмэл нь харилцан тэмдэглэнэ” гэж бичигджээ.
Хүннүчүүд ханз үсэг хэрэглэдэггүй, харин өөрийн бичиг үсэгтэй байсныг Хань төрийн энэхүү баримт баталж байна.
Хожим Умард төрийн түүх, Түрэг Тэлэ-гийн шастирт Түрэг төрийн үсэг бичиг Хүннүтэйгээ адил гэж бичжээ. Энэ нь Хүннү үсэг бичигтэй байсныг давхар баталж буй хэрэг.
Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа.
Хүннү төр 400 000 морьт цэрэг жагсаасан тухай баримтыг Сыма Цянь: “Моду шилдэг шадар дөчин түмэн (400 000) морьт цэргээр Гао ди-г (Хань төрийг үүсгэн байгуулагч, 320 000 цэрэгтэй ) Бай дэн-д бүслэв. Долоо хоног Хан улсын цэрэг гадна дотноосоо хүч хүнсгүй байв. Хүннүгийн морьт цэрэг нь баруун талдаа бүгд саарал морьд, зүүн талдаа бүгд хээр морьтой, хойд талдаа бүгд хар морьтой, өмнө талдаа бүгд зээрд морьтой цэрэг байрлуулжээ” гэж бичжээ. Гао ди Модуйн хатанд хүнд бэлэг барьж, хатан Моду-г ухуулсны үр дүнд тэр бүслэлтийг нээж Гао ди цэрэгтэйгээ бүслэлтээс гаржээ.
40 түмэн цэрэг буюу 400 000 цэрэг гэх их тоог Сыма Цяни Түүхэн тэмдэглэл номдоо тэмдэглэжээ. Хүннүгийг дөчин түмэн морьт цэрэгтэй дүүцэх хэмжээний цэрэг нэг улс нэг удаагын тулаанд хөдлөгсөн баримт тухайн үеийн Дунд орны баримтжуулагдсан түүхэнд эс бүртгэгдэжээ.
Дэлхийн түүхэнд их цэрэг хөдлөгдсөн тухай ийм баримт байна.
Ахеменидины их эзэн Дарий I (түрүү тооллын 522-486 он) скиф рүү 700 000 цэрэг хөдөлгөсөн тухай Геродот “Түүх” хэмээх есөн номноос иж бүрдэх бүтээлийнхээ Молпомена нэртэй 4-р номдоо бичжээ. Дарий I хаан манай Моду жангараас их цэрэг хөдөлгөжээ.
Хуучин Тан төрийн бичиг дэх Түргийн шастир дээдэд Лиу Шү “Ши ви хаан До жи хэмээгч Чи мин хааны хөвгүүн болно. Зуу илүү түмэн нум агсагчтай, хойт бүдүүлгүүдийн мандал ерөөсөө ийм байгаагүй” гэж бичжээ. Зуу илүү түмэн нум агсагчтай гэдэг нь Түрэг төр сая илүү цэрэгтэй гэсэн утга.
Их монгол улсын баримтжуулсан түүхэнд дөчин түмэн цэрэг жагсаасан баримт үгүй.
Ийм нэгэн баримт байна.
XIII зуунд Цончин Бумбыг залах Чингис хааны зарлигаас “Chuo geng lu” буюу “Тариалах зуурын тэмдэглэл” номдоо Тао Жонг Уй: “Тэнгэр илбэрлээр эрхэм хүндийг олов.
Өмнөөшөө Чао Сун улс хүрнэ, барууншаа Хуй хэ-тай хиллэнэ. Зүүншээ Ша Ши И бүгдийг харьяат болгов. Бодохоор манай шаньюйгийн (жангарын) төрд мянган жил зуун үеэс нааш ийм юм болоогүй ажээ” гэж ишилжээ. Чингис хаан Моду жангарыг “манай шаньюйгийн төрд” гээн дээдлэх нь Чингис хаан өөрийнхөө Их Монгол төрийг Моду жангарын дараах залгамж төрийн нэг гэдгийг билэрч байсны учир юм.
Их Монгол улсын газар ус нь Хүннү гүрний газар устай дөхүү байжээ.
Хүннү гүрний тухай Түүхэн тэмдэглэлд:
- Хүннү гэх үг Дунд орны бичгэн эх сурвалжид түрүү тооллын 318 оны үйлийг бичихэд гаржээ.
- Түрүү тооллын 209 оноос Хүннү нь их гүрэн болжээ.
- Түрүү тооллын 60-53 онд дотоодын задрал явагджээ.
- Нийтийн тооллын эхэн үед Өмнөд, Умард гээн хуваагджээ.
Мал аж ахуйтны баримтат түүхэнд Хүннү төр нь Өтүгэнд хамгийн удаан оршсон төр болно.
Түрүү тооллын I зуунд Хүннү төр тулааны талбайд жагсаасан 400 000 цэргийн тоо нь 1812 онд Бородиногийн талд Франц, Орос хоёр эзэнт гүрний дунд болсон агуу тулаанд Наполеон удирдсан 134,299 цэрэг, Кутузовын удирдсан 130,000 цэргийн нийлбэрээс хоёр дахин их байна.
Ийм хэмжээний цэргийг хүчирхэг улс төр, хүчирхэг эдийн засагтай төр хөдөлгөнө. Ийм их хэмжээний цэргийн логистикийг зөвхөн өндөр цэрэг дайны зохион байгуулалт, удидлагатай төр бий болгоно.
Хүннү төрөөс мянган жилийн дараа төр улс нь анх бүрдсэн, мянган жилийн дараа анх үсэг бичгээ Кирил үсгээр эхлүүлсэн русь-орос үндэстний төлөөлөл түүхч Наталия Польсмак, генетикч Александр Пилипенко бусад Оросын ШУА-ын судлаачдын адилаар манай агуу Хүннү төрийг тал нутгийн аймгийн холбоо -“союз племён” хэмжээнд тодорхойлон үгүйсгэж байна. Тариалан ахуй угшлын судлаачид мал аж ахуйтны нийгэм байгууламжийг буруу тайлбарлаж байна. Оросын ШУ Академийнхан түүхэн бичгэн эх сурвалж судлаад, судалсан зүйлээ билэрч дийлэхгүй байна уу, билэрэхийг хүсэхгүй байна уу. Уг асуултанд өнөө СИЭ ТББ хариулж чадахгүй байна.
Аливаа үндэстэн өөрсдийнхөө үсэг бичиг, түүх соёлыг өөрсдөө судлан үндэстнийхээ ой санамжийг бий болгодог. Бурууг Сибирийн судлаачдад тохож болохгүй. Буруу нь манайханд оршино.
Өнөө манай түүхчид Оросын ШУА-аас юу хэлнэ тэр бүгдийг нь дагаж байна. Монгол улс нь түүхээ судалдаггүй, харийн түүхчдийн ам аясыг дагадаг, харийн түүхчдийн бэлдэцээр зэрэг дэв хамгаалдаг түүхчдийн орон болжээ.
Үндэстний судар бичгийн хүрээлэнг байгуулах цаг нь боллоо.
Үндэстний эх сурвалж судлаачид эх түүхээ өөрсдөө судалж, өөрсдөө бичиж төрт ёс, түүх соёлынхоо дархлааг сэрээж байна.
Сибирийн судлаачдын “Archaeological and Anthropological Sciences” сэтгүүлд гаргасан нийтлэлд эх сурвалжийг буруу тайлбарласан олон зүйл байна. Энэ бүгдийг СИЭ ТББ эх сурвалжтай нь харьцуулан тайлбар хийнэ.
Үргэлжлэл бий...