“Хүйс толгойн бичээс нь хэдийгээр монгол брахми бичгээр эртний монгол хэлээр эртний Түрэгийн тахилгын тухай бичсэн” гэж Л.Хурцбаатарын 2021.03.30- нд Өдрийн сонинд өгсөн ярилцлагад оржээ. Энэ өгүүлбэр итгэмтгий зарим монголчуудын цөсийг шууд хөөрөгдөнө. Л.Хурцбаатарын энэ өгүүлбэрт харь орны далд бодлого оршиж буйг СИЭ ТББ та бүхэндээ энэхүү нийтлэлээр тайлбарлана.
Л.Хурцбаатарын судалгаанд орших үг зүй, өгүүлбэр зүй, утга зүйн алдааг тайлбарлаж, Хүйс толгой бичээс нь хүн хэлтэй манай Түрэг төрийн шашны зан үйл агуулах хадан бичээс болохыг СИЭ ТББ түүхэн баримтаар тайлбарлана.
Л.Хурцбаатар аа! Эх сурвалж сэрээгч нь өвөг дээдсийн өгүүлбэрийн бүтцийг эвдэхийг цээрлэхээс гадна нэг ч үг нэмж хасахгүйгээр, нэг ч үгний төгсгөлийг засахгүйгээр сэрээнэ. Энэ нь эх сурвалж судлаачийн хатуу мөрдлөгө.
Морьдохын хазгай гэдэг шиг Л.Хурцбаатар та Хүйс толгой бичээс дэх эхний өгүүлбэрийг дураар эвдэж, дураар тайлбарлажээ.
Брахми үсэг юникодод ороогүй тул латин галигнаас нь эхэлье.
Латын галиг: biti-nar kagan digin sinin bodi-satva torox kagan buda kaganu ukax ukaju ...hugbu
Үсэг шилжилт: Бити нэр каган тигэн син нь боди сатва төрөх каган Буда кагану укаг укажу ...хугбу
Л.Хурцбаатарын бүтээл: “Бид нар хаан дигиний сүнснээс нэгэн бодисадвагийн шиг шинэ хаан төрөх ба Бода хааны уг угсааг ухааран санаж ...нэгдэв.
Л.Хурцбаатар та эхний өгүүлбэрт “нэгэн”, “шиг”, “шинэ”, “ба”, “уг”, “санаж”, “нэгдэв” гэх долоон үгийг нэмжээ. Ийм үгс уг өгүүлбэрт байхгүй гэдэг нь лантин галигнаас харагдана.
Л.Хурцбаатар та эхний өгүүлбэрийн дигин гэх үгийг дигиний, син нь гэх үгийг сүнснээс, Боди сатва гэх үгийг Бодисадвагийн, укаг гэх үгийг угсааг, укажу гэх үгийг ухааран, хугбу гэх үгийг нэгтгэн гэж бичжээ. Та гурван үгний төгсгөлийг дураар засаж, гурван үгийг өөр үгээр орлуулжээ. Өгүүлбэр доторх арван дөрвөн үгтэй хэсэгт та арван гурван засвар хийжээ.
Энэ тохиолдолд таны судалж буй бичээс нь Хүйс толгой бичээс биш Хурцбаатарын Хүйс толгой бичээс болно. Та Хүйс толгой бичээсийг тайлахын оронд Хурц толгой бичээсийг бүтээжээ. Арван гурван засвартай Хурц толгой бичээсийн энэ хэсэгт утга зүйн алдаа заавал гарах ёстой.
Хурцбаатар толгой бичээст орших утга зүйн алдаа.
- “сүнснээс... шинэ хаан төрөх” гэж та бичжээ. Сүнснээс шинэ, хуучин хаан төрөх үү? Сүнснээс төрөх гэх ухагдахуун, тэр дундаа сүнснээс хаан төрөх гэх ухагдахуун байхгүй. Хүнийг эх нь төрүүлнэ. Хүн эцэг эхээсээ төрнө. Сүнс нь өөр ухагдахуун.
- “хаан дигиний сүнснээс...шинэ хаан төрөх” гэж бичсэн нь бүр сонин. Диван Лугат толинд 2346 д тикин – урдаа тодотголтой бичигддэг хааны хүүдийн цол. Түрэг төрийн хадан бичээст 𐰚𐰈𐰠𐱅𐰃𐰏𐰤 - Гол тигэн, Алтан дэвтэрт Отчигин, Т Ч заримлах тул тигин чигин нэг утга. Тэгэхээр хаан, тигэн гэх хоёр хүний сүнс нийлэн нэг хүний сүнс болж байна уу? Буддын шашинт хоёр сүнс нийлэх, нэг сүнс хоёр гурав болох ойлголт байна уу?
- “Бода хааны уг угсааг ухааран санаж” гэх хэсэгт Будда хааны (их хүн) угсааг буюу үр хойчсийг Будда их хүнээс илүү үйл хийсэн тохиолдолд л ухааран санана. Хүнийг дурсан санана гэж хэлнэ.
Харин Будда Шакьямуни номыг уншиж түүний гүн ухааныг нь хүмүүс ухааран түүнд нь суралцана. Өөд болсон хааны хойдохыг унших үйлд Будда их хүний үр хойчис, биет хүмүүсийн нэрийг ухааран санах нь эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй гэдэгтэй дүүцнэ.
Л.Хурцбаатар та утга зүйн ийм их алдаа гаргаж байна.
Үг зүйн алдаа.
Бид нэр гэж бичихгүй. Хүн хэлэнд “нар”, “нэр” дагавар зөвхөн ганц тооны араас дагана. Ах нар, дүү нэр гэх мэт. Бид нэр гэж эх сурвалжинд байхгүй, энэ бичлэг нь хүн хэлний зүй тогтолтой нийцэхгүй байна.
Хурц толгой дахь эхний өгүүлбэрийн хэсэгт ийм их алдаа оршино.
Хүйс толгой бичээсийн сэрээлт эхэн шатандаа явагдаж байгаа гэдгийг хэлье. Мөн тайлагдаагүй маш олон зүйл уг бичээст одоо хүртэл байна. Та бүхэндээ уг өгүүлбэрээс ганц ч үг хасаж нэмэхгүйгээр, ганц ч үгний төгсгөлийг засахгүйгээр уг өгүүлбэрийн сэрээлтийг хүргэе!
Бити нэр, каган, тигэн, синин Боди сатва төрөх каган Буда кагану укаг укажү ...хугбу.
Эхлээд уг өгүүлбэрийн энэ хэсэгт орших бүх үгийг та бүхэндээ тайлбарлая.
- Бити нэр дэх бити нь нэр үг байх ёстой. Диван Лугат толины 5695-д битии – ном гэж оржээ. Тэгэхээр битии нь ном хүмүүс буюу анхны лам (лам нь төвөд үг) нар гэх ухагдахуун юм байна. Буддын шашны өлгийн нутаг Энэтхэгт өнөө хүртэл шашны хүмүүс дээд гаралд (кастад) тооцогддог тул бити нэр буюу лам нар хаан, тигэний урьд бичигджээ. Нэр, нар гэх дагавар зөвхөн хүнийг, түүний ажил үүргийг олон тоонд заана.
- Каган нь хаан, Ухань Сяньби-гийн шастирт “их хүн” буюу ах хүн гэж тайлбарлагджээ.
- Тигэн нь хааны хүү, дүүгийн цол.
- Синин – син нь. Энэ үед төрийн бичиг Хүн үсгээр явагдаж байсан тул син нь гэх бичлэгийг синин гэж бичнэ. Син – сүнс. Алтан дэвтэрт сүн, Диван Лугат толины 1793-т тин гэж оржээ. Хүн хэлэнд Т С заримлах тул “тин” “син” нь нэг утга болно.
- Боди сатва буддын шашны “энэрэнгүй сэтгэл” гэх ухагдахуун.
- Төрөх үйл үгийн явц, төр үндэс үйл үг, Диван Лугат толины 5924-д түрү – төр - бүтээгдэх гэж оржээ. Алтан дэвтэрт төрэгсэн, төрэүлби, төрэбэ, төрэжүүй, төрэжү гэж орсон нь уг үгний эх утга нь “бүтээгдэх” гэх утгатай таарч байна.
- Буда – будда.
- Кагану харьяалах тийн ялгал, Алтан дэвтэрт Кабул каганну долоон көүдүн, Амбагай каганну хатуд гэж оржээ.
- Укажу – үйл үг үргэлжлэх явц; уки Диван Лугат толины 5895-д уки – читать, унш гэж оржээ. XIII зууны Алтан дэвтэрт унш гэх үйл нь уншичу, уншилалдужу - чанга дуу гарга гэх утгаар оржээ.
- Укажу – үйл үг, үргэлжлэх явц, Диван Лугат толины 952-т ук-ойлгох, ухах, Алтан дэвтэрт Алан гоа укажуқоа укажу, укатжэ, үги ину ухан гэх мэтээр оржээ. Алтан дэвтэр дэх укажу Диван Лугат толины ука утга нийлж байна.
- укаг - нэр үг; ука үйл үг, үндэс; Диван Лугат толины 5895-д уки – унш; +г нэр үг үүсгэгч. Зур +г = зураг гэх мэт. Укаг нь бичигтэй ном буюу өнөөгийн судар болно.
- Хугбу холбох хуучин цаг; хуг үйл үг; +бу холбох хуучин цаг. Хуг гэх үйл үгийн утгыг хайгаад өдгөө олоогүй байна.
Ингээд өгүүлбэрээ тайлбарлая.
Бити (өнөө лам) нэр, каган, тигэн гэх гурван этгээд Будда кагану (их хүний) укаг (судар) укажу (уншижу). Ямар утгатай укаг укажу? гэх асуултанд син нь Боди сатва төрөх каган. Син нь гэж синийгээ каганд харьяалуулж байна. Тэгэхээр укагын буюу судрын нэр нь “син нь Боди сатва төрөх”, хэний сүнс гэвэл өөд болсон хааны сүнс.
Одоо ямарч монгол хүн “Бити нэр, каган, тигэн, синин Боди сатва төрөх каган Буда кагану укаг укажү ...хугбу” гэх өгүүлбэрийг билэрнэ.
Уг өгүүлбэрийн энэ хэсэгт Үтүгэн төвийн аялга, дорнын аялга холилдон оржээ.
- Син нь гэхийн “нь” (төлөөлөл үг, III бие, харьяалах) хадан бичээст 𐰽𐰉𐰃𐰤 сабин - саб нь гэж оржээ. Өнөө халх хүн “сүнс нь” гэж өгүүлнэ. Алтан дэвтэрт ину гэж оржээ. “Ину” нь дорнын аялга, “Нь” нь төвийн аялга юм.
- Төрөх болж буй, болох явц; хадан бичээст 𐰋𐰃𐰼𐰚𐰃 бирхи, барих гэж оржээ. Өнөө халх хүн “үлдэх” хүнээр ачлаг бүү татуул гэнэ. Дорнын аялгаар төрөкү гэж бичигдэнэ. Алтан дэвтэрт отқу, тэбэрикү гэж бичигджээ.
- Укажу үргэлжлэх явц. Дорно умарын аялгат Алтан дэвтэрт “укажу” гэж оржээ. Хадан бичээст 𐰖𐰺𐰞𐰴𐰔𐰆 зарлиг ажу гэж оржээ.Тэгэхээр укажу, ажу нь төвийн аялганд мөн дорнын аялганд байна. Өнөө халх хүн ухаж гэж өгүүлнэ.
- Кагану нь цэвэр дорнын аялга. Хадан бичээст 𐰴𐰍𐰣𐰴𐰀⁚𐱅𐰏𐰃 каганыха таг. Өнөө халх хүн “хаану үгийг дагана” гээн өгүүлэхгүй, “хааныхаа үгийг дагана” гэх мэтээр өгүүлнэ.
Дээрх өгүүлбэрт кагану гэх ганц дорнын аялга оржээ. Бусад нь төвийн аялга байна.
Одоо түүхэн талаас нь тайлбар хүргэе. Уг бичээст Түрэг Нири хаан гэж гарна. Түрэг Нири хаан нь Тэлэ-ээд алагдсан нэгэн нь. Уг бичээсээс Нири хаан өөд болсон аавынхаа хойдохыг уншуулж байна уу? Нири хааны хойдохыг ухаж байна уу гэдэг өнөө асуудалтай байгаа.
Вэй төрийн бичигт Жужаан төрийн түүх баримтжуулагдажээ.
Уг бичигт Чоуну 511 онд сувдаар чимсэн Буддын дүрсийг лам Хүнсюанийгээр (Вэй улс руу) илгээв гэж бичигджээ. Гэвч сүүлийн хаан Анагуайгийн ах Чоуну хаан өөрөө тэнгэр итдэг тухай уг бичигт гарна. Тэгэхээр Жужаан төр нь Буддын шашин залаагүй, тэнгэр итдэг байжээ.
573 онд Түрэг Та бэн хаан сүм (samgharama) бариулж Чи улсаас Vimaiakirti судар, Не пан судар, maha vaipulya buddh судар, Арван сахил буюу Sarvastivada судар залжээ. Тэгэхээр 600 оны үе буюу брахми үсэгт судар Чи улсаас залснаас хорь гаруй жилийн дараа Хүйс толгой бичээс хадан дээр сийлэгджээ.
Хүйс толгой бичээс нь манай Түрэг төрийн бичээс. Түрэг төр нь өнөөгийн та бид шиг хүн хэлтэй байжээ.
Одоо Л.Хурцбаатар “Хүйс толгойн бичээс нь хэдийгээр монгол брахми бичгээр эртний монгол хэлээр эртний Түрэгийн тахилгын тухай бичсэн” гэж мэдэгдсэнд тайлбар хийцгээе. 600 оны үеэр Бөртэчино ч төрөөгүй, Шивэй монгу аймаг ч үүсээгүй үе болно.
Мехмед Өлмез, Александр Вовин, Этьен дө ла Вэйссьер, Л.Хурцбаатар тан Орхон, Туулын савд газар авах Турк улсын санааг дэмжих зорилгоор Хүн хэлийг түрэг хэл, өвөг монгол хэл гэх зохиомол ухагдахуунд хуваахын тулд ийм дутуу дульмаг судалгаагаа монголчуудын дунд сурталчилж байна. Тэд манай баримтат 2339 жилийн түүхийг XIII зуунаар огтолж, монголчууд Чингис хааныгаа дагаж Үтүгэнд XIII зуунд ирсэн гэх төөрөгдлийг үүсгэх ул суурийг тавьж байна. Өөд болсон хааны хойдохыг уншиж буй шашны зан үйл агуулах Хүйс толгой бичээсийг өвөг монгол хэлний хамгийн эртний дурсгал гээн ерөнхий сайд У.Хүрэлсүхэд үнэмшүүлж Монгол улсын төрийн ордонд тэд залуулж чаджээ.
Энэ үйлийн заад зорилго нь VI-VIII зуунд түрэг, өвөг монгол гэх хоёр өөр үсэг бичигтэй, хоёр өөр хэлтэй, хоёр өөр үндэстэн зэрэгцэн оршсон гэх төөрөгдлийг бий болгоход оршино. СИЭ ТББ-ын судалгаагаар Хүннү, Түрэг, Уйгур, Их монгол төр нь хүн хэлээр өгүүлж байсан, хүн үндэстний төр болох нь тогтоогдов. Мөн Түрэг, Уйгур төр нь төрийн үйлээ хүн үсгээр явуулдаг, шашны үйлээ брахми үсгээр явуулдаг нь эх сурвалжаар мөн тогтоогдов.
Л.Хурцбаатар аа! Монгол улсад үндэстний эх сурвалж судлал эд эрч хүчээ авч байна.
Л.Хурцбаатар аа! Жинхэн эх сурвалж судлаачид эртний бичээс дэх өгүүлбэрийн бүтцийг эвдэхийг цээрлэнэ. Эртний өгүүлбэрт орших үг бүрийн тийн ялгал, үйлийн цаг, үйлийн явцыг судлах судлаачдыг эх сурвалж судлаач гэнэ. Та юу хийснээ ухаарахгүй байж болно. Харин хүн үндэстэн монголчууддаа эх сурвалж судлаачид бид таны буруу үйлийг хялбар тайлбарлаж чадна.
Л.Хурцбаатар аа! Брахми үсэг мэдэх нэг хэрэг, хүн хэлээ мэдэх нь өөр хэрэг шүү.
Монголчууд аа! Л.Хурцбаатар шиг тайлж чадахгүй бичээсээ эвдэж, өөрийн болгож тайлна гэх ухагдахуун эх сурвалж судлалд үгүй.
Л.Хурцбаатар та судлаач биш ээ. Та Хүйс толгой бичээсийг сэрээхийн оронд утга зүй, өгүүлбэр зүй, үг зүйн алдаа ихтэй Хурц толгой шинэ бичээсийг бүтээжээ.
“Хурцбаатар аа, Ар монголчуудыгаа хүндлээрэй” гэж танд зөвлөж байна.
Энэ нийтлэл хөл хорионы дараа сонинд нийтлэгдэнэ.