Билсээр - билэмж - дүйнэ
Цуврал 7.
1078 1

VIII зууны хүн үсэгт Түрэг төрийн бичээс нь хүн үндэстэн та бидний төв аялгатай анхны бичгэн эх сурвалж болохыг, хүн үсэгт доорх өгүүлбэр дэх үйлийн цаг, үйлийн явц, үгийн санг XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалж дахь үйлийн цаг, үйлийн явц, үгийн сан, мөн өнөө халх аялгад орших үйлийн цаг, үйлийн явц, үгийн сантай харьцуулан шинжилж батална.

Доорх өгүүлбэр нь Тоонукукын шууд өгүүлэмж тул “дүйнэ” гэх ирэх цаг оржээ. “Туранхайг бух болго, сэмжийг бух болго алсад билсээр (ухаарсаар) сэмж бух, тураг бух дүйнэ. Билэмж эрмс дүйнэ” гэх ухааныг тэр хэлжээ. Одоо VIII зууны өгүүлбэрээр нь билэрцгээе!

𐱃‏𐰆‏𐰺‏𐰸‏𐰉‏𐰆‏𐰸‏𐰞‏𐰃‏⁚‏𐰾‏𐰢‏𐰔‏𐰉‏𐰆‏𐰸‏𐰞‏𐰃‏⁚‏𐰃‏𐰺‏𐰴‏𐰑‏𐰀‏⁚‏𐰋‏𐰃‏𐰠‏𐰾‏𐰼‏⁚‏𐰾‏𐰢‏𐰔‏𐰉‏𐰆‏𐰸‏𐰀‏⁚‏𐱃‏𐰆‏𐰺‏𐰸‏𐰉‏𐰸‏𐰀‏𐱅‏𐰘‏𐰤‏⁚‏𐰋‏𐰃‏𐰠‏𐰢‏𐰔‏𐰼‏𐰢‏𐰾‏𐱅‏𐰘‏𐰤‏

Хүн үсэг нь гийгүүлэгч ултай үсэг тул кирил үсэгт ингэж шилжинэ:

Үсэг шилжилт: туруқбуқли : смжбуқли : ирқда : билср : смжбуқа : туруқбуқатэйн : билмжэрмстэйн

Үсэг шилжилтээс өнөөгийн бичигт шилжүүлэхийн тулд гийгүүлэгч дотор нуугдсан зарим эгшгийг нь ингэж ил гаргана:

Бичиг шилжилт: “туруг бухли, сэмж бухли, алсад билсэр сэмж бух туруг бух дүйнэ. Билэмж эрэмс дүйнэ”

Өгүүлбэрт орших нийт 14 үгсээс давхардаагүй тоогоор 9 үгсийг тайлбарлаж, тайлбарласан үг бүрийг Үтүгэн дэх монгол, Үсүни дэх казак, Анатоли дэх турк ард түмний үгийн санд байгаа эсэхийг тодруулна.

Үг зүй:

1. 𐱃‏𐰆‏𐰺‏𐰸 туруг нэр үг; тур үйл үг, үндэс, эцэнхий болох үйл; +ук нэр үг үүсгэгч, туранхай эдгээд. Энэ үг Үтүгэн дэх монгол ард түмний үгийн санд байна. Үсүни дэх казак ард түмний үгийн санд “арық”, Анатоли дэх турк ард түмний үгийн санд “sıska” гэж өөр үгээр оржээ.

2. 𐰉‏𐰆‏𐰸‏𐰞‏𐰃 бухли үйл үг; бух нэр үг, үндэс, агтлаагүй эр үхэр; +ли үйл үүсгэгч, бух тавих. Бухли гэх үйл үг бух гэх нэр үгээс үүссэн тул энэ үгийг орон нутаг болгонд өөр өөрөөр тайлбарлах магадлал их. Бух болгох, үнээндээ бух тавих гэх мэт. Энэ өгүүлбэрт бух болго гэх утгаар оржээ. Бух гэх үг монгол, казак, турк ард түмний үгийн санд бух, бұқа, boğa гэж оржээ.

3. 𐰾‏𐰢‏𐰔 сэмж нэр үг, үндэс, дотор өөх, Цэвэлийн тольд сэмж амьтны гэдэс, ходоод зэргийг бүрж байх нимгэн өөх. Сэмжлэх-сэмж сайтай болох гэж бичжээ. Сэмж бухли гэдэг нь сэмжтэйг бух болгоё гэх үтга. “Тарган бух” гэж онд орох хүчээ авсан нэгнийг тодорхойлно. Энэ үг зөвхөн Үтүгэн дэх монголчуудын үгийн санд бий.

4. 𐰃‏𐰺‏𐰴‏𐰑‏𐰀 иракда орон зай тийн ялгал; ирак нэр үг, Диван Лугат толийн 4738-д йирак – алс, алслагдмал; +да орон зай тийн ялгал. Энэ үг Үтүгэн дэх монгол ард түмнийн үгийн санд “алс”, “хол”, “алслагдмал”, Үсүнь дэх казак ард түмний үгийн санд “шалғай”, “алыс”, Анатолий дах турк ард түмний үгийн санд “Irak” гэж оржээ. Ирак гэх үгийг СИЭ ТББ одоогоор Үтүгэний хэлнээс олоогүй байна.

5. 𐰋‏𐰃‏𐰠‏𐰾‏𐰼 билсээр үйл давхцуулах явц; бил үйл үг, үндэс, Диван Лугат толийн 3330-д бил – мэд, ойлго, ухаар; +сээр үйл давхцуулах явц. Бил гэх үйл үгийн үндэс монгол, казак, турк ард түмний үгийн санд бий.

6. 𐰉‏𐰆‏𐰸‏𐰀 бука –бух нэр үг, үндэс, агтлаагүй эр үхэр. Энэ үгийг тайлбарлав.

7. 𐱅‏𐰘‏𐰤 тэйн үйл үг; тэй нь төв аялгаар дүй, аль нэг үзүүлэлт, чанараар хоорондоо тэнцүү болох үйл; +нэ ирэх цаг, үйлийн эзэн нь III бие, ганц тоо. Тэйн өнөөгийн төв аялгаар дүйнэ. Хүн хэлэнд харьцангүй ховор тохиолдолд “э”, “ү” эгшиг заримлана. Ийм тохиолдол Алтан дэвтэрт ч бий. Энэ үг зөвхөн Үтүгэн дэх монголчуудын үгийн санд оршино.

8. 𐰋‏𐰃‏𐰠‏𐰢‏𐰔 билэмж биет бус, хийсвэр зүйлийг заах нэр үг, бил үйл үг, үндэс, Диван Лугат толийн 3330-д бил – мэд, ойлго, ухаар; +мж нэр үг үүсгэгч. Батламж, ойлгомж, өргөмж гэх мэт. Билэмж гэдэг нь ухаарамж гэх утга. Бил үйл үгийн үндэс монгол, казак, турк ард түмний үгийн санд бий.

9. 𐰼‏𐰢‏𐰾 эрэмс биет бус, хийсвэр зүйлийг заах нэр үг; эр үйл үг, үндэс, Диван Лугат толийн 937-д ар-байх; +мж нэр үг үүсгэгч, эрэмж, баймж. Үзэмж, боломж, тусламж, санамж, эрэмж, оромж, оршимж гэх үгийн эх утга нь биет зүйлийг үл заана, зөвхөн хийсвэр зүйлийг заана. Эр үйл үндэс зөвхөн Үтүгэн дэх монголчуудын үгийн санд оршино.

Уг өгүүлбэрт “бухла”, “бух” гэх хоёр үг “бух” гэх нэг үндэстэй, билсээр билэмж гэх үгс “бил” гэх нэг үндэстэй тул нэг үгэнд тооцохоор давхардаагүй тоогоор 8 үгийн үндэс оржээ.

Хүн үндэстэн монголчуудын үгийн санд нийт 8 үгээс 7 нь буюу 87 хувь нь, Анатолийн турк хэлэнд 8 үгээс 4 үг буюу 50 хувь нь, Үсүний казах хэлэнд 8 үгээс 3 үг буюу 37 хувь нь байна.

Өгүүлбэрийг та бүхэндээ тайлбарлая.

“Туруг бухли, сэмж бухли, алсад билсээр сэмж бух туруг бух дүйнэ. Билэмж эрэмс дүйнэ”.

Энэ өгүүлбэрт буй “билсээр” гэх үйл давхцуулах явцыг та бүхэндээ эхэлж тайлбарлаад дараа нь өгүүлбэрээ тайлбарлая.

Үйл давхцуулах явц

+саар, +сээр залгавартай үйл давхцуулах явц нь хойноос дагах үйл үгтэй орон зай, цаг хугацаагаар давхцах бөгөөд үйлийн эзний үйл, эсвэл үйлийн эзний үйлийн үр дүнг илэрхийлнэ.

Үйл үгийн үндэс болон үүсмэл үйл үгийн хойноос +саар, +сээр залгавар залгаж үйл давхцах явц үүснэ. Үйл давхцах явц нь нэг үйлийн эзэнтэй байх бөгөөд үйлийн эзэн нь ганц, олон тоонд оршино.

Үйл давхцуулах явцыг Ц.Өнөрбаян “Орчин цагийн монгол хэлний үг зүй” номдоо “үргэлжлэн холбох” –саар (-сээр, -соор, -сөөр) нөхцөл гэж нэрэлжээ.

Ц.Өнөрбаян үргэлжлэн холбох нөхцөлөө “үйл хөдлөл удаан үргэлжлэн болох болц байдлын утгыг заана” гэж тодорхойлжээ.

Ц.Өнөрбаяны авсан жишээ 1: Хэдэн морьтой хүн Бураатын голын айлуудыг чиглэн хатируулсаар хамгийн хойт талын том цагаан гэрийн гадаа хүрч очив (Ч.А).

Үүнийг СИЭ ингэж тайлбарлана: Үйлийн эзэн нь хэдэн морьтой хүн ... хатируулсаар /үйл давхцуулах явц/... хүрч/давхцаж буй үйл үг/...

“Хатируулсаар” үйл давхцуулах явц, “хүрч” давхцаж буй үйл, хоёул нэг эзэнтэй бөгөөд тэр нь хэдэн морьтой хүн (олон тоо). Хатируулсаар үйл үргэлжлэх хугацаанд “хүрч” үргэлжлэх үйл үг, орон зай цаг хугацаагаар давхцана.

Ц.Өнөрбаяны авсан жишээ 2: Муу бор гэртээ суусаар байж, гадна юу болж байгааг ч огт анзаарсангүй (М. Г).

Үүнийг СИЭ ингэж тайлбарлана: Үйл давхцуулагч явц нь “суусаар”, дахцаж буй үйл нь анзаарсангүй. Уг хоёр үйл нэг эзэнтэй. Нэг эзэнтэй бөгөөд үйлийн эзэн нь тодорхой тул үйл давхцуулах явцын үйлийн эзнийг гээдэг. Өгүүлбэрийн бүтцээс үйлийн эзэн нь нэг хүн болох нь тодорхой харагдана. Уг өгүүлбэрт үйлийн эзнийг нь оруулж болно. Муу бор гэртээ “би”, “тэр” суусаар байж, гадна юу болж байгааг ч огт анзаарсангүй (М. Г).

Ц.Өнөрбаяны авсан жишээ 3: Шувуун саарал үдэш болтол өглөөний хэвээр хатируулсаар, нарийн дөрвөн хөл нь уул ухаагийн тоосыг бутруулсаар...(Д.Н) гэх мэт.

Үүнийг СИЭ ингэж тайлбарлана: хатируулсаар, бутруулсаар гэх үйл давхцуулах явцын хойноос орох давхцах үйлийг нь Ц.Өнөрбаян гээжээ. Энэ өгүүлбэрт Ц.Өнөрбаян юуг яаж тайлбарлахаа мэдэхгүй байна гэж харагдаж байна.

Одоо өгүүлбэрээ тайлбарлая.

“Туруг бухли, сэмж бухли, алсад билсээр сэмж бух туруг бух дүйнэ. Билэмж эрэмс дүйнэ”.

Билсээр гэх үйл давхцуулах явцын үйлийн эзнийг уг өгүүлбэрт зориуд эс дурджээ. Хүн хэлэнд үйл давхцуулах явц ганц эзэнтэй тул үйлийн эзэн нь гуравдагч этгээд буюу III бие, олон тоонд орших “эд”, “тэд” болох нь тодорхой юм аа.

Туруг бухли, сэмж бухли, алсад “эд” билсээр сэмж бух, туруг бух дүйнэ.

Үйлийн эзэн нь “эд”, үйл давхцуулах явц нь билсээр, үйлийн эзний үйлийн үр дүнг илэрхийлэх үйл үг нь ирэх цагт орших “дүйнэ”.

Хэрэв билсээр (ухаарсаар) гэх үйл давхцуулах үйл байгаагүй бол “дүйнэ” гэх үйл байх учир үгүй, учир нь дүйнэ гэх үйл нь билсээр үйлийн үр дүнг илэрхийлж байна.

Тэгэхээр “туруг бярууг (зарим орон нутагт шүдлэн насанд нь агтлана, манайд бяруунд нь) бух тавь, сэмж бярууг бух тавь, алсад эд (Тан төр, Кидан төр, Угс аймгийн хүмүүсийг хэлж байна) билсээр туруг бух, сэмж бух дүйнэ. Билэмж эрэмж дүйнэ” энэ өгүүлбэрт хаангүй байсан бэлчээрийн мал аж ахуйтан Хүн үндэстэн овог аймгууд өөрийн хаантай байх нь чухал гэх төрийн ухааныг Тооныукук Буйла багатар ханд тайлбарлаж, түүнийг хаан болгосон тухай өгүүлжээ.

5000 хүнтэй нэгнийг (туруг бухли) хаан болгоё, 500 000 хүнтэй нэгнийг (сэмж бухли) хаан болгоё, бух бол бух, хаан бол хаан, тэд хаантай болжээ гэж л ухаарна гэх санааг Тооныукук ард түмэндээ барьжээ.

Өнөө халх аялгад +саар, +сээр үйл давхцуулах явц байна. VIII зууны хадан бичээст үйл давхцуулах явц маш олноор оржээ. Харин XIII зууны дорно умарын аялгаар бичигдсэн “Алтан дэвтэр түүхэн” эх сурвалжид “...илэксээр...қуражу...”, “көмүлтүркэлэксээр олаңлақсаар мүлтүрэчү”, “ирэксээр қақажачу”, “нөкөчэксээр нөкөчэкүй” гэж оржээ.

Үйл үндсийн хойноос эхэлж +к залгаж, араас нь + саар, +сээр залгаж байна. Энэ тухай хожим дэлгэр тайлбар хүргье.

Билэмж эрэмж дүйнэ. Энэ өгүүлбэрт үйл давхцуулах явц үгүй, хоёр хийсвэр нэр үгийг дүйлгэж байна. Сэтгэмж ойлгомж дүйнэ гэх мэт.

Бил гэх үйл үндсийн хойноос +мж дагавар залгаж хийсвэр нэр үг заагч нэр үг үүсгэнэ.

Ц.Өнөрбаян “Орчин цагийн монгол хэлний үг зүй” номдоо “Үйл язгуур үндсээс нэр үг бүтээх” хэсэгт –мж үзэмж, боломж, тусламж, санамж гэж бичжээ.

СИЭ ТББ-ын судалгаагаар үйл үгийн үндэс, үүсмэл үйл үгийн хойноос +мж залгавар залгаж биет бус, хийсвэр нэр үг үүсгэнэ. Батламж гэх үгийн эх утга нь дөрвөлжин цаас биш гэдгийг санаарай.

Хийсвэр утга тээх +мж залгавартай үйл үндэстэй хийсвэр нэр үг дорно умарын аялгаар XIII зуунд бичигдсэн “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид алга, VIII зууны хадан бичээст байна. Өнөө зарим судлаачид батламж, санамж гэх үгсийг сүүлд үүссэн гэж үздэг нь ор үндэсгүй болохыг СИЭ ТББ ийнхүү баталлаа.

Дээрх өгүүлбэрт орох “дүйнэ” гэх үйл үг ирэх цагт, үйлийн эзэн нь III биед оршино. Өнөө халх аялгад: Аав ирнэ. Ээж явна гэж өгүүлнэ. Үйлийн эзэн буюу энэ тохиолдолд өгүүлэгдэхүүн нь III биед, цаг тээгч үйл буюу энэ тохиолдолд өгүүлэхүүн нь ирэх цагт оршино. VIII зууны хүн үсэгт хадан бичээс дэх III биеийн ирэх цаг, өнөөгийн халх аялгад мөн байна.

Харин XIII зууны дорно умарын аялгаар бичигдсэн “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид үйл үгийн энэ цагыг ингэж илэрхийлэхгүй байна.

СИЭ VIII зууны хүн үсэгт бичээсийг төв аялгаар бичсэн тухай хөдөлшгүй, эргэж буцашгүй гурван баримтыг ганц өгүүлбэрийн тайлбараас та бүхэндээ хүргэв.

Одоо дээрх гурван баримтыг Анатолийн турк хэлтэй, мөн манай казак ахан дүүсийн хэлтэй харьцуулцгаая.

“Билсээр” гэх үйл давхцуулагч явц Анатолийн турк хэлэнд, Үсүнь дэх казак ард түмний хэлэнд байхгүй. Зөвхөн Үтүгэн дэх халх түмний аялгад байна.

Билэмж гэх хийсвэр нэр үг, мөн үйл үгийн үндсийн хойноос +мж залгах ёсон Анатоли дахь турк ард түмний хэлэнд, Үсүнь дэх казак ард түмний хэлэнд байхгүй.

Дүйнэ гэх үйл үгэнд орох III биенд орших үйлийн эзний үйлийн ирэх цагийг үүсгэгч +нэ, +на залгавар зөвхөн Үтүгэн дэх халх аялганд оршино. Анатолийн турк ард түмний хэлэнд +acak, +ecek залгавар авч ирэх цагийг үүсгэж байна. Аав явна - babam gidecek (гидэжэк), ээж ирнэ - annem gelecek (гэлэжэк), Үсүнь дэх казак ард түмний хэлэнд аав ирнэ Әкем келеді, ээж явна - Анам кетеді.

Хүн хэлний үндэс мэдлэг дээр суурилж судалгаагаа хийгээгүй С.Е.Малов дээрх өгүүлбэрийг хэрхэн сэрээснийг харцгаая.

С.Е.Малов: Если (будущий хан) вообще (букв. сзади, вдали) знает, (что у него есть) и тощие быки, и жирные быки, но он не может (не способен, не знает) назвать (в отдельности, который) жирный бык (и который) тощий бык.

С.Е.Малов: Хэрэв (ирэх [ирэдүйн] хаан) түүнд туруг бухууд, сэмж бухууд (түүний ард, алсад) байгаа гэдгийг ерөнхийдөө мэдэж байсан ч, тэрээр бухуудаа (нэг бүрчлэн) сэмж бух, туруг бух гэж нэрэлж үл чадна.

Малов хүн хэлний үйл давхцуулах явцыг мэдэхгүйн улмаас өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн дээр будилжээ. Мөн С.Е.Маловын энэхүү утга төгөлдөр бус “ятгалгаар” 5000 хүнтэй Буйла багатар хан их хаан болж зүрхлэхгүй бизээ. С.Е.Малов уг өгүүлбэрт орших үг бүрийг нийлүүлж утга бие болгохыг тэмүүлжээ. Үүний уршигаар түүний өгүүлбэрт үг зүй, өгүүлбэр зүй, утга зүй алдагджээ.

Л.Болд: “туранхай бухтай, тарган бухтай үхэр сүрэг алсад бэлчиж байвал [хүмүүс] (энэ нь) тарган бух, (тэр нь) туранхай бух гэж ялгаж мэдэхгүй”.

Азрага адуу гэж байна. Бухтай үхэр сүрэг гэж байх уу? Бухыг тодорхой хугацаанд ачирч үнээгээ хөөлгөнө. Тарган бухтай, туранхай бухтай үхэр сүрэг гэх ухагдахуун мал аж ахуйд байхгүй.

Хүн үндэстэн монголчууд аа! В.В.Бартольдын (1869-1930 он) алдарт үгийг дахин нэг ухацгаая!

“Данийн эрдэмтэн Томсон бичээсийг унших түлхүүрийг олоод гуч гаруй жил болж байгаа ч бичээс бүрэн тайлагдаагүй, зарим хэсгийн тайлал маргаантай хэвээрээ байна. Одоогийн байгаа орчуулга нь уг хэлний үндэс мэдлэг дээр суурилаагүй болбоос аливаа түүхийн дүгнэлт хийхдээ маш хянамгай байх нь зүйтэй”.
В.В. Бартольд.

Анатоли дахь Турк үндэстэн Хүн үсэгт хадан бичээсийн хэл өнөө үгүй болсон эртний түрэг хэл гэж тунхаглаж өнөөг хүрэв. Гэвч СИЭ ТББ-ын судалгаагаар VIII зууны хүн үсэгт Түрэг, Уйгур төрийн бичээс нь Хүн хэлээр, халх аялгаар бичигдсэн нь улам тодорч байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Цогбадрах.
2021-06-09 · 192.82.90.3
"Иракди" гэж харин ч ойлгомтой үг атал Үтүгэний хэлэнд олдоогүй гэдэг нь юу гэсэн үг вэ. "Ирэхдээ", "Ирээдүйд", "Цаг нь ирэхээр" гэсэн үг л. б.на шүү дээ. Баруун аймгуудын хөгшчүүл одоо ч ингэж ярина.